Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы минь сүнс шиг санагддаг болохоор их хайртай

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 01 -нд

Гавилууд хоёрдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Дэлгэржавын Буянтогтох 1955 оны 12-р сарын 25-нд Номгон багийн нутаг Галбын говийн Өндөр заг хэмээх газар айлын ууган хүүхэд болон мэндэлсэн. Нутаг орныхоо удирдлагад 32 жил ажилласан түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон,  Хөдөлмөрийн хүндэт медаль, Төр захиргааны Тэргүүний ажилтан цол тэмдэг, АХ-ын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Цэргийн алдар алтан медалиар шагнасан бол сум орон нутагтаа морин спортыг хөгжүүлэх үйлсийг нь үнэлж, ММСУХ-ны Эрдэнийн Очир одон, Уяачийн алдар одон, 20 жилийн ойн  медалиар энгэрээ  мялаажээ.

-Сум орон нутаа удирдан зохион байгуулахын зэрэгцээ морин спортын хөгжилд анхаарлаа хандуулан уяачдын холбоог үүсгэн байгуулж байжээ. Таны галыг нь асаасан тэр байгууллага улсын шилдгээр нэг удаа, аймгийн шилдгээр гурван шалгарсан байна. Тиймээс ярилцлагаа холбоо байгуулагдаж байх үеийн дурсамжаас эхэлье.

-Нэгдлийн үед наадамд ач холбогдол өгч, уяачдынхаа хөдөлмөрийг тэгтлээ үнэлж байсангүй. Нам төрийн бодлого нь  социалист өмчөө арвижуулах, нэгдлийнхээ мал сүргийг өсгөж үржүүлэх байсан тул цагаан сарыг ч гэсэн ёс төдий хийдэг байв. Тэрийгээ дагаад говь нутгийн сумын баяр наадамд цөөхөн морь уралддаг. Малын тоо толгойг өсгөх бодлогын хүрээнд нэгдлийн адуучид үрээ морь хасдаггүй, адуу бутраадаггүй л бол  ямар ч хамаагүй үрээгээр  азарга тавьж, нөгөө удам угшил, бие хаа, төлөрхөг чадвар, хурдан хурц гэсэн гол үзүүлэлтүүдийг орхигдуулсан. Гэтэл монголчууд эрт дээр үеэс азарга тавихдаа үрээнүүдээс аль сайныг шилэн сонгож бие  тавиун уужим,  дөрвөн тулгуур бэх бат, сагалдрага шанаа, аман хүзүү сайтай, нүд  төвгөр бөгөөд сэргэлэн, салтаа уужим, хавирга сүвэргэ гадуур, хондлой бөгтрөгтэй, хамар монхор, өвдөг борви сайтай гээд  олон  шинжүүдийг хардаг байлаа шүү дээ. Нэгдлийн  адууны тоо толгой өссөн ч чанарын хувьд  сайнгүй болсон нь 1990 оноос хойш уламжлалт ёс сэргэж, найр наадам элбэг  болсон үед л  онцгой мэдрэгдэж эхэлсэн. Миний бие 1993 онд сумын Засаг даргаар сонгогдож  сумынхаа наадмыг зохион байгуулах, бас гадны сумдтай өрсөлдөх тэр  үед  Галбын адуугаа ямар болсныг ойлгосон доо.

Тэр  үед сумын наадам  500.000 төгрөгний төсөвтэй бөгөөд  өөрийн уяачид, адуучдын хувьд тэр мөнгөнөөс бараг хүртдэггүй байлаа. Өөрөөр хэлбэл наадмынхаа  айраг, түрүүг гадны уяачдад  алдаж  ганц нэг уяачийн морь л цулбууртай давхих төдий л байх...

Харин  бөхчүүд нь тэр үед аймагтаа “Ханбогдын арван хар” гэж  гайхагдсан сайхан барилддаг залуус байсан нь  нутгийн наадмын чимэг болдог байсныг  хэн бүхэн мэднэ дээ.1994 онд сумынхаа  70 жилийн ойн наадмыг  хөдөлмөр, хөгжил, бүтээлийн нилээд амжилттайгаар тэмдэглэж тухайн үедээ хамгийн том наадмыг Ханбогдчууд эрвийх дэрвийхээрээ зохион байгуулж мөн л   мориныхоо уралдааны дийлэнхийг нь алдаж  энэ наадмаас Галбын уяачид нилээд сэрж, дүгнэлт хийж  “Адууныхаа үүлдэр угсааг сайжруулъя, Уяачдын холбоо  байгуулъя, та өөрөө  удирдаад энэ ажлыг өөд нь татъя” гэсэн саналууд гарч нилээд ул суурьтай ярилцацгаасан юм.


 Тэр үед би “Явдаггүй адуутай байж холбоогоор яах юм” хэмээн гоморхож ч байсан удаатай. Харин уяачид маань “бид таныг моринд дуртай болгоно, адуугаа  сайжруулах  тодорхой бодлого боловсруулаач, бас та өөрөө ч морь уяж үз”  гэх зэргээр урмын үгээр шахаж  эцэст нь  одоогийн энэ Галбын хүлэг морин спорт уяачдын холбоо  үүссэн түүхтэй. Энэ Холбоог би биш Ханбогдын тэр үеийн ахмад, хашир уяачид   санаачлан  байгуулж харин  миний саналаар   уяач Р.Энхжаргалыг  тэргүүнээр сонгон би өөрөө дэд тэргүүн болж  ажлаа эхэлсэн билээ. Миний хувьд тэр үед хурдан морины талаар мэдлэг бага, цэрэгт явахаас өмнө Галбын хөгжил нэгдлийн тэмээчин залуу байлаа. Уулын зэрлэг адуу хөөж ганц нэгийг барьж унаж тэмээ хариулж байснаас өөр морины уяа, заслын талаар мэдэх юм хомс учраас  сайн уяач  залуу Р.Энхжаргалынхаа нэрийг тэргүүнд  дэвшүүлж  Ханбогд сумын МСУХ 1997 онд үүсгэл санаачлага нь гараад 1998 онд албан ёсоор байгуулагдаж, идэвхижсэн юм.

-Холбоо байгуулах санаачлага гаргасан жилээ хангайн аймгуудаас  үрээ байдас авахаар анх удаа холыг зорьж байсан гэсэн. Тэр үеийн түүхээсээ ярьж өгнө үү?

-1997 оны намар чиргүүлтэй  ЗИЛ-130 машин дүүрэн илүү нугаламт нутгийн үүлдрийн хурган төлөг  ачаад  Монгол Улсын  Аварга малчин Жамбал тэргүүтэй арваад уяачаа авч  Төв аймгийн Баянцагаан, Баянбараат, Баян-Өнжүүл, Сэргэлэн сумдын зааг нутагт  очсон. Тэр цаг үед  цэгээн адуу хурдлуулж байсан МУ-ын Манлай уяач Сэрээтэрийн Гийнаа, мөн нутгийн уяачид Сэрвээ Бадам, Сэнгэдорж, сайран гарт Чулуунбат нарын олон адуучидтай  уулзаж, бэлэг хадаг бариад үрээ, байдас нийлсэн 18 тооны адуутай ирж байсан юм. Тэр үеийн уяачид малчид яасан сайхан дэлгэр сэтгэлтэй байсан юм. Үзсэнээ ав л гэж байсан. Ингэж л Ханбогдын адууны цус сэлбэгдэж, хурдан хурц адуу төрөх үүсэл шалтгаан тавигдсан юм даа.

-Тэр жил ирсэн адуунууд хурдалсан уу?

-Тэр адуунууд өөрсдөө айхтар хурдлаагүй ч цус сэлбэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Үрээнүүд нь цөм азарга болж, энэ нутгийн адууны чанарыг сүлсэн.Нарийн яривал Жаргалант угшилтай адуу ч байсан. Тэндээс Сангийн хээр, Дунгарын хонгор, Амбаагийн цэгээн зэрэг сайн азарганууд төрсөн.

Сангийн хээр гэгч сайхан хурдан азарга гарсан ч хавар эртний ширүүн борооноор эндчихсэн юм.

Хамгийн гол нь 1997 оны энэ явдал бол уяачдад адуугаа сайжруулж, сайн адуу гарган авах боломжтой юм байна гэсэн итгэл төрүүлсэн. Үүний дараа 1999 онд мөн л нутгийн сайхан хонио ачаад  уяачдынхаа хамтаар Хэнтий аймгийн Баянхутаг, Галшар сумыг зорьж, хурд залж ирсэн. Тэгэхэд явсан уяачдын дийлэнх нь аймгийн Алдарт уяач цол хүртээд байна.

-Хэнтийгээс залж ирсэн үрээнүүдийнхээ удам угшлыг дэлгэрүүлж яриач. Сонирхолтой байна.

-Олон сайхан үрээ авчирсан. Уяачдын холбооны тэргүүн Энхжаргал Баянхутаг сумын мянгат малчин Лувсанбаярынхаас  алдарт Толин хулын төл  хавчиг насны загал үрээ авч байлаа. Түүний үр төлүүд  одоо ч сайхан давхиж  байна. Би өөрөө  Баянхутаг сумын Занх  Далхаагийн Мөнхбаяр гэж  сайн адуутай залуугаас саарал соёолон авчирч азарга тавьсан нь  Ханбогдчуудыг  олонтаа баярлуулж  “Засаг ноёны саарал” гэдэг дууг бүттэл хурдалж  өнөөдөр тэр сайхан буяны минь  гэрэлт хөшөө сүндэрлэж төл  Орги халтар азарга нь энэ цаг үед  сайхан хурдалж байна. Орги халтар гэдэг нь миний зээ хүү М.Оргил-Эрдэнийн азарга бөгөөд 9-р ангид байхдаа уяж  аймгийн бүсийн уралдаанд түрүүлгэсэн сайхан түүхтэй хурдан буян юм. Уяач Г.Төмөрмөнх  Баянхутаг сумын Уртын Дамдинжав гуайгаас том  засаатай улаан шарга азарган үрээ авчирч  байлаа.  Энэ мэтчилэн 18 сайхан адуу авчирсан. Ер нь чиргүүлтэй 30 машин дээр 18 адуу л ордог юм билээ. Энэ цагаас хойш уяачид маань дор бүрнээ адуугаа сайжруулах зорилго тавьж, олон газрын хурд цуглуулж, тэр хэрээр нутгийн адуу чанаржсан. Түүний нэг жишээ нь төрийн наадамд энэ нутагт тэнцсэн унага түрүүллээ шүү дээ.


-Аливаа зүйлийг зөв зүйтэй эхлүүлэх нь чухал юм. 

-Тэгэлгүй яахав. 1940-1960-аад оны үед манай нутгийн адуу хурдан байсан юм гэнэ билээ. Одоогийн Номгон баг буюу сумын хойд тал, Шанхайн хэц хавийн адуу хурданд тооцогддог байж. Энэ нутагт төрсөн эр унага хурдалж, охин нь хурдан хүлэг төрүүлдэг байсан гэдэг юм.

-Нутаг бүрт тийм адис жанлавтай газар олон байдаг.

-Гавилуудын хэц бол уужим тавиу хоолой, хойшоо урагшаа хатгасан нуруутай их сайхан газар л даа. Их Шанхайн хэцтэй залгаа учир  адуу сүлэлдэж  хурдан адуу төрдөг байсан юм билээ.

-Энэ нутгийн эрдэмт буурал уяачдын талаар асууж лавлахад Буяа дарга мэднээ л гэх юм. Та бидэнд нутгийн буурал уяачдын талаар сайхан хууч дэлгээч.

-Нутгийн буурлуудын тухай мэдэхээ хуваалцалгүй яахав. Номгон багийн харъяат, хурдан хар морьтой  Уртнасангийн Хүүхэнхүү гэж сайн уяач байсан гэдэг. Нутгийнхан Дарваан Хүүхэнхүү гэдэг  нэрээр нь андахгүй дээ. Морь сайн шинждэг, хурдан мориныхоо буянаар эх орондоо тусгай үүрэг гүйцэтгэж явсан хүн. Хүүхэнхүү гуайн хурдан хар морь энэ сумандаа олон түрүүлж, аймагт ч хурдалж байсан.

Түүний найз Дулдай Ёндон буюу Удайдын Ёндон гэж уяач байлаа. “Эх бүрдийн домог” киноны гол дүр Догшин харын унасан  бор азарганы эзэн шүү дээ. Тэр бор азаргыг Гашуун сухайтад алба хааж байсан цэрэг уулын зэрлэг адуунаас барьсан юм билээ. Түүнийг нь Ёндон гуай номхон, тарган, унааны мориор сольж аваад уясан. Гайхалтай хурдан төлтэй, өөрөө ч  хурдан азарга байсан гэдэг юм. Ёндон гуай Цэций рүү арилжсан. Нэг жил аймгийн наадмаар бор азарганы төл таван адуу түрүүлж, айрагдсан  сураг байдаг.

Ёндон гуай бас нэг сайн хээрлэг  морьтой. Тэр нь энэ сумын наадамд олон түрүүлсэн. Ёндон гуай, Хүүхэнхүү гуай хоёул нэгдлийн мал малладаг, морь уях зав муутай учраас  ээлжилж морьдоо уядаг байжээ.Хүүхэнхүү гуай уясан жил өөрийнх нь хар түрүүлж, Ёндон гуайн хээрлэг аман хүзүүддэг. Ёндон гуай уясан жил хээрлэг  нь түрүүлж, хар нь аман хүзүүддэг байсан гэнэ лээ. /инээв/

Энэ хоёроос гадна Номгон багийн уяач Далантайн Түнтэг гэж сайхан өвгөн байлаа.Түүнээс дээшээ яривал  Хар гуя Охин хэмээх мундаг наадамч байж. Би бараа зүсийг нь хараагүй ээ. 1940-50-аад оны үед Ханбогд сумын наадмыг зохицуулдаг байсан хүн гэнэ лээ. Наадмаа төдийд завсарлуулна, тэр бөх тэрэнтэй барилдана, морьдыг тэдэн цагт гаргана, тэр тэр морь гарч  гадны тэр морийг  барьж уралдана  гэдгийг бүгдийг зохион байгуулж  наадмаа алддаггүй гайхалтай хүн байсан гэх... 


Хэдэн онд юм бэ дээ. Ханбогдын наадамд гадны мундаг бөх ирж, шөвгийн дөрөвт үлдчихэж. Тэгсэн Хар гуя Охин гуай “Пагамын Тогоочоор бариулж байгаад бор Бадамжаваар гүйлгэчихнэ дээ” гээд инээж байсан гэдэг. Бор Бадамжав гэдэг нь их барилдаанч, гүйх мэхтэй, хурдан шалмаг хөдөлгөөнтэй хүн байж. Харин Пагамын Тогооч гэдэг нь сайхан том биетэй, тэнхээтэй,   барилдааны ур дүй муутай хүн юмсанж. Пагмын Тогооч  тэр  бөхийг амлаж аваад  гарах гэхэд Хар гуя Охин  “Чи дийлэхгүй байх, гэхдээ нар шингэтэл ямарч байсан унахгүй л барилдаарай, нар шингэх алдад  мэх хийгээд үзээрэй”  гэж. Тогооч гуай хэлсэн ёсоор нь нар далд ортол нам бариад зогсчихож. Нөгөө бөх нь ч их чилж, хөшиж.

Тогооч гуай хэлснээр нь  шийдсэн мэхээ хийх гээд үзтэл  нөгөө бөх нь  амархаан унагачихаж. Тэр үед шөнө наадам хийдэггүй байсан учраас наадмаа тавьж хоноод маргааш өглөө нь үзүүр түрүүний бөхийн барилдаан болоход  хамаг бие нь хөшөөд, хөндүүр суучихсан бөхийг  бор Бадамжав гуай ухасхийж ороод унагачихсан гэдэг. Энэ мэтчилэн нутгийн дэвжээг хамгаалахад арга ухаанаа уралдуулж, “Галбын наадмыг гадагш нь гаргахгүй ээ хө” хэмээн  ярьдаг байсан гэнэ лээ.

-Олны үг ортой байжээ. Амттай сайхан хууч сонсоод цайгаа хөрөхийг анзаарсангүй. /инээв/

-Гавилууд баг олон сайн уяачидтай. Түүний нэг нь Гүмдийн Равдансүрэн гэж аз хиймортой эр байсан гэдэг. Түүний нэртэй бол байнд ирсэн нь  ч давхиж л байдаг. Өөрөө сайн уяхаас гадна үр хүүхдээ морь уяхад сургасан хүн. Түүний хүү Таванжин, Таванжингийн хүү Буян-Өлзий, Буян-Өлзийгийн хүү Содоо гээд хэдэн үеэрээ энэ нутагт морь уяж, хурдлуулж байгаа удамт уяачид байна. Мөн улсын Аварга малчин, аймгийн Алдарт уяач Жамбал гэж хурдан хар, бор азаргатай хүн байлаа. Бүсрэнгийн Үлмэдэх гэж наадамд  уяж базаахгүй ч  маш  сайн морьдтой хүн байлаа. Үлмэдэх гуай нэгдлийн тэмээний ноосоо тракторт ачуулж явуулчихаад өөрөө хурдан хар морьтойгоо суман дээр давхиад ирдэг. Албаны ноосоо тушаачихаад, амины ноосоо үнэлүүлж тав гурван төгрөг авдаг. Тэгсэн нэг жил Үлмэдэх гуай амины ноосоо нэгдлийн тэмээний ноосноос  салгаж тушаахдаа квитанцаа  буруу  бодуулж мөнгөө дутуу аваад ирж. Гэртээ ирсэн хойно эхнэр нь мэдээд хэлсэнд буцаж давхиад зөв болгуулаад өдөртөө давхиад ирж байсныг одоо ч ахмадууд ярьдаг.

-Хоёр удаа ирж очихдоо хэдэн км зам туулсан байхав?

-Өдөртөө  300 орчим км газар давхисан байдаг.

-Шанхайн холч адууны нэг байж. Энэ адууны талаар та юу хэлэх вэ?

-Гэсэр Гэлэнгийн хурдан хулаас эхлээд Шанхайн адууны “холч”  чанарыг таниулсан хүлгүүд олон шүү. Гавилууд баг Шанхайн хэцтэй хил залгаа  оршдог учраас Халхын энэ том угшлын  сүрэг манайханд ч  байдаг байх. Жишээлбэл Ханбогд сумын сургуулийн анхны захирал Мядагийн Дармаа гэж хүний бүүдэн морь байна. Холчоороо энэ  морь Үлмэдэх гуайн харын өмнө орох байх. Дармаа гуай цэрэгт мордох болоод  бүүдэн мориороо Ухаазаг гэж  сумаас зүүн тийш 25 км-т байгаа газраас өглөө аймаг руу цэргийн нөхдөө гүйцэхээр  морджээ. Замын Шавагтайн тэнд У.Гончигдорж хамт явахаар хүлээж байсантай очиж ханиараа давхисан гэдэг. Сумын захиргааны нарийн бичгийн дарга Ц.Дашдорж гуай  цэргүүдээ аваад  хоёр хоногийн өмнө Ханбогд сумаас  аймаг руу гарсан байсан бөгөөд Дармаа гуай тэр хоёр  давхисаар  Хан-Уулын орчим гүйцэж очиж. Тэр хүртэл 250 км  газар. Тэгээд цааш 30-аад км яваад аймаг ордог. Аймгийн наахна ирээд  залуучууд: “Уралдацгаах уу“ гээд давхилдахад  Дармаа гуай: “Суудал сэлгээд суухад солиод унах шиг болно”  гэж энийг хэлдэг юм гээд  ухасхийхэд  цэргүүдийн морьдноос суга үсрээд гарч ганцаараа түрүүлээд давхиж  байсан гэдэг. Цэргийн комисст ороод буцаж ирэхдээ мөн л бүүдэн морио унаад Ойров гэдэг хүнтэй хамт гарч Цогтцэций  сумаар дайран хүнээс нэг морь өрөнд авч хөтлөөд  Нураач орчимд  Ойров нь гэртээ үлдэж Дармаа гуай Ханбогд руугаа давхисаар сумын ард Сухайн усны тэнд хөтөлгөө морь нь цуцчихаар чөдөрлөж орхиод дээр нартай байхад   бороотой зэрэгцэж Ухаа загт давхиж ирээд эмээлээ аваад гэртээ орж байсан гэдэг. Тэр өдөр замаараа айлд орж зам мурийсан гэхээр 280-аас илүү км туулсан болж таарна.   Ийм шандаст хүлгүүд Галбын говьд нилээд байсан бололтой. 


-Тэгэлгүй яахав. Таны ярианд уулын зэрлэг адуу гэх үгс цөөнгүй дурдагдлаа. Тэр ямар учиртай мал вэ?

-Нэгдэлжих хөдөлгөөн орон даяар өрнөж, амины аж ахуйтныг нэгдэлд оруулах  үүднээс малын хөлийн татварыг ихээр оногдуулж  үүнээс болоод малчид татвараа дийлэхээ больж, адуугаа азарга  азаргаар нь авчирч уулын булаг, задгай ус  бараадуулж орхиод  гадагшаа явдаг болсон юм байна л даа. “Уулын зэрлэг”  буюу зэрлэг адуу ингэж үүссэн гэсээн. Намайг нэгдлийн тэмээчин байхад Галбын уул тэр чигээрээ, Номгоны урд хэц, хэцийн уулууд бүгд  зэрлэг адуутай,  өнгө зүс нь алаглаад, азарга азаргаараа давхилдаж байдаг үнэхээр гайхам сайхан буянгууд хэдэн зуугаараа байсан даа.  Барьж унахсан гэсэн бодол байвч тэр бүр чадахгүй. Хааяа  амьтан ах дүүстэй нийлж ганц нэгийг бариад  70 төгрөг сумын “Орон нутгийн орлого” гэсэн дансанд тушаагаад  өөрийн өмч болгодог байсан. Зарим хүмүүс төлөвлөгөө биелүүлэхийн тулд зэрлэг адуунаас барьж аваад уналга эдэлгээнд сургах, дэл, сүүлийг нь авах зэргээр ашигладаг байсан. Өмнөговийн өөр бусад сумдаас ч ирж хэдэн зуугаар нь авч байсан. Энэ мэтчилэн нэгдсэн бодлого байгаагүйгээс цөөрсөөр одоо бол бүрэн  дууссан.

-Уулын адуунаас уяж байсан удаа бий юу?

-Хүмүүс уяж хурдлуулж байсан сураг байдаг. Ямар ч байсан их сайхан адуунууд байдаг байсан. Д.Нооногой гуай Бав гэдэг хүний зэрлэгээс барьсан хурдан бор үрээг Манлай сумын  наадамд түрүүлгэж байсан гэх яриа сонсоон.

-Ахмад уяачдын тухай амтат хууч дууссан уу. Аль эсвэл би тасалдуулчихав уу?

-Гавлиуд багийн Ээзгий Рэгзэн гэж хурдан ухаа морьтой хүн байлаа. Энэ хүний морь уях эрдэм энгүүн. Эрүүл саруул байвал түүний уясан морины өмнө гишгэх  морь цөөн,  өөрөөр хэлбэл уясан морь нь түрүүлж л байдаг. Харин урьд өдөр нь жаахан балгачаад алдаж байсан тохиолдол цөөнгүй...

 Мөн Увшийн Гончигдорж гэж адуунд эрэмгий, сайн уургалдаг, уяач хүн байлаа. Аварга Жамбал, Мядагмаагийн Пүрэв, Тугалдайн Очир, багийн дарга Ц.Мижид гээд яриад байвал сайн уяачид олон доо. Гавлиудаас  Буучийн Хүүдэг, өндөр Шаравдорж гээд Ханбогдын хамгийн сайхан морьдыг унадаг улс байлаа. Баян багт гэвэл Гончигданзангийн Найдан гэж сайн уяач байсан.1970-1980 оны үед тэр хүний уясан хүлгүүд  хурдалж байлаа.  Манай морьд тааруухан байх үед   Найдангийн хонгор азарга,  Ц.Чулуунбатын  ухаа морь  хоёр л бидний  найдвар байлаа шүү дээ.

-Равжаа гэж хүний талаар дуулж байв уу?

-Алаг адуут Чимэдийн Равжаа гэж сайхан буурал 93 хүрээд бурханд  одсон. Адууны талаар их мэдлэгтэй, сайн уядаг энэ нутгийн өмнөө барих уяачдын нэг. Гэм нь зан ааш жаахан ширүүвтэр. Аль ч газрын наадамд очсон  айрагдах морьдыг алдалгүй хэлдэг гайхамшигтай өндөр мэдрэмжтэй нэгэн. Равжаа гуайн талаар олон  сайхан дурсамжууд үлдсэн байдаг. Энэ талаар ном бичиж  байгаа. Ганцханыг  дурьдахад: Сөнөд цагаан Овоонд бэлтгэлийн адуу тууж яваад замдаа Сулинхээр сумын  наадамд эхлэх гэж байхад таарч очоод  шилдэг морьдтой шонгийнх нь  морьдыг маргаашийнх нь наадамд хэрхэн давхих талаар хэлчихээд явсан нь бүгд таарч давхисан гэдэг. Ингээд тэндхийн уяачид Равжаа гуайг буцаж ирэхийг амдан  хүлээж байгаад  олон азарга адуу үзүүлж, зөвлөгөө авч шагналд нь энэ адуунаас нүд тогтсон нэг үрээ авахыг зөвшөөрсөн байдаг. Равжаа гуай   авах үрээгээ зааж, тэд ч ганц ухас гээд өлгөөд өгч. Тэр үрээгээ авч ирээд эхийнхээ 85 насны найранд түрүүлгээд тавьсан нь буцаад гүйчихэж. Сулинхээрээс  “Үрээ чинь гүйгээд ирлээ,  та ирж авах уу? Бид хүргэж өгөх үү?”  гэсэн хэл ирэхэд “Тэндээ ижилдээ миний нэртэй байж байг ээ, сайхан  буян нутагтаа  өтлөг” гэж хэлүүлсэн байдаг. Иймэрхүү л мундаг уяач байсан гэсэн шүү. Ханбогд сум үе үеийн сайн уяачид олонтой доо.  Р.Хад, Г.Төмөрмөнх, Ц.Батболд,  А.Суурь, Л.Батцэнгэл,  Ц.Чулуунбат, Г.Боёув, Д.Оюунбат, Р.Энхжаргал, Ц.Гантулга, Д.Чимэд, Х.Бадамсэрээжид, Д.Эрхэмбаатар,  Б.Дэндэвсамба,  Р.Оюунаа, Ц.Баттогтох, Т.Буян-Өлзий, О.Баттулга, Т.Баясгалан,  Т.Түвшин, Б.Охинхүү, Б.Хангарьд, О.Батчулуун, М.Хашхүү, С.Эрдэнэбаатар, Х.Адъяажаргал, Х.Бадамгарав, Г.Бум-Эрдэнэ, Б.Мөнхбаяр,  Б.Чойжилсүрэн, З.Баяр, Б.Шагдар, Б.Отгонбаяр гээд олон залуу уяачид  ахмадуудынхаа халааг авч байсан бол У.Гантөмөр, Н.Амарбаясгалан, Х.Нэхийт, Х.Бадрах, М.Хашбаатар, Б.Баярцэнгэл, О.Хоролсүрэн, А.Дамбацэрэн, У.Цэнд-Аюуш, Б.Сайхандэлгэр, Р.Балдансамба, Ц.Сувданшагай, Т.Насанбуян, Т.Насандэмбэрэл, Б.Хуяг, М.Оргил-Эрдэнэ, Б.Мөнгөн, Б.Очирчулуун, А.Зоригоо, Б.Энхдалай, Б.Тайвнаа гээд олон сайхан залуу уяачид  түрэн гарч ирж байна.


-Нутаг нугынхаа уяачдын талаар энгүй сайхан хуучилсанд талархлаа. Одоо хурдан саарлын эзэн Буянтогтох уяачийг уншигчиддаа танилцуулъя аа. Нутгийн адуугаа сайжруулахаар яваад сайн хүлэгтэйгээ учирсан гэдэг. Сайн санааны үзүүрт тос гээч болсон тэр үйл явдлаар сэдвээ эхлүүлье гэж бодож байна.

-1999 онд саарал азаргаа авч ирж  анх л морь уяж эхэлсэн дээ. Гэхдээ өөрийн баз хүргэн Ц.Гантулгаараа уяулж, заалгаж, сүүлдээ өөрөө уяж нутаг  нугадаа олон жил сайхан уралдаж, том бага наадмаас 50 орчим айраг түрүүний  медаль хүртсэн байдаг юм. Миний уяж байсан сор хүлгүүдийн нэг  нь саарал азарга минь юм. Хэнтий аймгийн Галшар удмын адуу юм даа. Саарал азарга маань гурван жил дарааллан Ханбогд сумын хаврын уралдаанд түрүүлсэн. Айраг, түрүү өдрийн од шиг байх  үед  миний саарал азарга тийнхүү  гурван жил завсаргүй түрүүлж,  сумын наадамд хэд хэдэн удаа айрагдсан.

                Мөн   олон хурдан төл гаргасан. Ер нь өөрөө хурдан, төл нь хурдан байна гэдэг  сайн азарганы шинж  байхаа. Харамсалтай нь тэр үед  ажил төрлийн боломж болоод бусад зүйлээс шалтгаалаад аймаг, бүсийн уралдаанд уралдуулж чадаагүй, сумаасаа хэтрээгүйдээ одоо харамсдаг.  

-2013 онд тантай уулзаж ярицлага авахдаа саарал азарганы тань талаар сонсоод мэлмий чийгтэж сууснаа санаж байна. Тэр цагаас хойш танай сумын нэрийг сонсох бүрт саарал азарганы түүх санаанд ордогсон.

-Миний саарал азарга  муухан хүнээс илүү ухаантай адуу байсан. Одоо цагт үр хүүхдээ хайхардаггүй эцэг эхчүүд олширч. Гэтэл саарал азарга минь өнчин унагаа омруундаа хийгээд давхиж ирсэн ухаант буян. Одоо ч гэсэн би энэ тухай ярихдаа сэтгэл эмтэрдэг. Энэ бол монгол адууны ухааныг харуулж буй хэрэг юм. Нөгөөтэйгүүр саарал азарга маань туйлын зоримог адуу. Хурдан адууны шинж байдалд арслан язгууртай хүлэг хэмээн дурдсан байдаг шүү дээ. Саарал азарга арслан язгуурын хүлэг. Дээр нь улаан хүрэн нүдтэй. Энэ нь маш их зүрх зоригтойг илтгэнэ.

Саарал азарганы зориг зүрхийн талаар ганцхан жишээг танд яръя л даа. Миний саарал азарга бол Хэнтий аймгийн Хэрлэн голын зүлгэн дээр  өссөн далбин туурайтай адуу. Хад чулуу, хайргатай халуун говь нутагт ирээд хэцүүднэ биз дээ. Хатуу хайрганд ул туурай нь хагараад цус нь садарч байхад эдхэнтачигнатал давхиад  ирсэн. Өөр адуу бол эмзэглээд уралдах нь байтугай явж ч чадахгүй шүү дээ. Гэтэл урд хоёр хөлийн таваг нь  цоорч  давхих тоолонд нь цус нь хойш цацагдсаар гэдэс, цавь, умдагийг нь дагаад урсчихсан. Зогссон газар нь цус тогтож байхад ер яагаа ч үгүй мэт зогсож байж билээ. Тэгээд хэдхэн хоногийн дараа туурайнууд нь эмтэрч ойчоод цомбон болж дахиж нэг ч удаа улдаж байгаагүй ган шиг тавагтай адуу болсон юм. Би тэр уралдааныг санах бүртээ хичнээн их өвдөө бол гээд муу азаргаа өрөвдөж өмөрч байдаг юм.Саарал азарга маань уржнангийн цаад жил  24 насандаа бурхны оронд явсан. Азарганыхаа дурсгалд зориулаад би сумынхаа Морины сүлд  овоон хөшөөг нь босгож, гэртээ   арслан хэлбэртэй хайлаасны ур модон дээр  сийлүүлж   хадгалсан даа. Амьд сэрүүн байхад нь Засаг дарга Эрдэнэжаргал “Засаг ноёны саарал” хэмээх сайхан дуу бүтээж, Дундговийн Төрмандах, морины Батбаяр нар дуулж олны хүртээл болгосон. Бүх Хятадын ардын дуучин  Өвөрмонгол  хүн  дууллаа. Онгироод хөөрөөд сүйд болохгүй ч монгол эр хүн морин эрдэнээрээ бахархдаг ёсоор  бахархаж явдаг.

-Би клипийг нь үзэж байсан юм байна.

-Саарал азаргатай салшгүй холбоотой хоёр зүйл бий. Энэ бол уяж хурдлууулж байсан аймгийн Алдарт уяач Ц.Гантулга, унаж хурдлуулж байсан унаач хүү Содоо нар юм. Би албан ажилтай байсан тул ойр зуурын ажилд нь тусалж, ганц нэг шөнө манаж хонодог байсан байх. Бусдыг бүгдийг нь Гантулга хийдэг. Гантулга маань  энэ нутгийн эрдэмтэй сайн уяач төдийгүй, морь шинжээч, ханаж эмчилж засдаг, ер нь адууны талаар бусдаас илүү онцгой мэдлэг чадвартай  хүн байсан даа. Харамсалтай нь  саяхан бурхны орондоо явчихлаа.


Унаж хурдлуулж байсан Содоо хүү намрын хүйтэн шөнө дан майханд хөвөнтэй дээл нөмөрч хоносоор наадам дуусгадаг. Харьж хоно гэхээр үгүй  гээд шон, морио орхиж  ганц ч удаа  явдаггүй, моринд жигтэйхэн хайртай авхаалжтай хүү. Би дотроо айлын танхи хүүхэд  уяачийн  майханд өлсөж, цангаж, даарч хөрч байгаа даа гэж санаа зовнино. Эцэг, эх нь ирээд гэртээ аваачиж хоол идүүлчихээд ирье гэхэд ч явдаггүй.  Тийм сэтгэлтэй болохоор нь унасан морь нь ч гэсэн сайн давхидаг байсан байх. Би Содоогоо өөрийн хэдэн хүүхэд шигээ л үргэлж  хайр төрж явдаг. Одоо ханхар сайхан эр болоод Оюу толгойд ажиллаж байна.

-Саарал азарга хэд хүртлээ уралдсан бэ?

-Би шинэ таван настай азарга авсан. Энэ нутагт ирээд 19 жил сүргийн манлай, наадмын чимэг болж амьдарлаа. Хамгийн сүүлд Говьшанхын хурдад хөгшин азаргаа  оруулж зодог тайлахаар  морины хүүхэд нь захин  татаатай явсаар 17-д орсон. Би “өвгөн азарга хамаагүй битгий явуулаарай. Хаагуур ирэх нь хамаагүй. Мордож байгаа нь чухал” гэж хэлээд мордуулсан. Хүүхэд “явах гээд хүчрэгдэхгүй байна.Толгойтой нь ноцолдсоор байгаад ирлээ” гэж байсан. Тэгэхэд татаатай явсан хэрнээ Өмнөговийнхоо азарга дотроо хоёрт орж  өмнө нь Цогт-Овоогийн Батчулууны хүрэн азарга  ирсэн байсан. Түүнээс хойш  саарал азаргаа ахин уралдуулаагүй. Үр төлийг нь авахад анхаарсан. 

-Үр төл элбэгтэй бололтой. Төлүүд нь хэр давхиж байна вэ?

-Саарал азарга өндөр хэрнээ богинохон адуу. Харахад жижигхэн, цүүцгэр. Хүрэн нүдтэй, догшин авиртай. Тэгсэн хэрнээ Содоог мордохоор хонь шиг номхон болчихдог. Саарал азарганы төлүүд эцгийнхээ хэв шинжийг хадгалж төрдөг.  Ер нь  эр төл болгон нь  том жижиг наадамд айрагдаж түрүүлж байсаан. Охин төлөөс нь гарсан хязаалан саарал үрээ  байлаа. Саарал азарганы минь сүнс шиг санагддаг тийм адилхан  үрээг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач залуу Жавхаа  аваад явсан хурдлана гэж найдаж байна.

                Нэг өвлийн наадмаар өөрөө азарганд, соёолонд төл нь түрүүлж байлаа. Өөр нэг төл нь болох Түвшингийн Чонон саарал гэж  Баян-Овоогийн наадамд түрүүлчихээд, Ханбогдодоо ирээд дахиад түрүүлж байсан. Р.Энхжаргалд өгсөн  саарал үрээ  хэд хэд айрагдаж, Сэврэй суманд сүүлд очсон байсан. Надад байсан төлүүд нь бага насандаа буюу даага, шүдлэндээ сайн давхисан. Одоо төл Орги халтар нь Ханбогд сумын шилдэг хурдан азарганы нэгд тооцогддог.

-Саарал азарга, түүний үр төлүүд хурдан байж. Өөр ямар хурдан хүлгээр наадаж байсан бэ?

-Тод манлай уяач Даваахүү  гуайн  надад бэлэглэсэн “Тод хар” гэж  сайхан азарга  Ханбогдын наадамд түрүүлээгүй ч олон удаа айрагдаж байлаа. Энэ азарга өөрөө  ханагар, элбэг сайхнаас гадна  бас л олон хурдан төл гаргасан. Одоо ч  хүү Хашбаатарынд  ижил сүргээ манлайлан том, товир сайхан олон унагатай  нүд сэтгэл баясгаад явж байна. Энэ азарга үсэргээ, сунгаанд ер олигтой давхихгүй. Наадмын өглөө мултарчихсан юмуу гэмээр янзтай зогсож байдаг. Тэгээд уралдахад  нилээд  араас гараад л ямар ч адуутай ханилахгүй явсаар голдуу аман хүзүүнд  давхидаг онцлогтой. Долоон удаа айрагдсан. Ид сайхан байхад нь  миний  алдаанаас болоод  давхилгүй болгочихсондоо  харамсдаг. Соёолон байхад нь Дундговийн Одхүүгийн хул гэж 11 алтан медальтай хурдан үрээ ирж уралдахад түрүүлэн алдаад аман хүзүүдэж байсан. Үнэнийг хэлэхэд  надаас арай дөмөг уяачтай учирсан бол миний  Тод хар  хурдан  ажнай байсан даа. Учир нь энэ бол 20-р зууны Манлай уяачийн унаган,  Жаргалант удмын адуу. Удам угшлын тухайд агуу. Дээр нь тэр том уяачийн сэтгэлийн бэлэг. Тэр утгаар нь “Тод харын төлийг авчих юмсан” гэдэг хүсэл Ханбогдын уяач бүрт бий. Би гурван хүргэнээ  морин эрдэнээ дээдэлдэг эрхэм их уяачид байгаасай хэмээн хүсч өөрийн  гайгүй гэсэн болгоноо  бэлэглэдэг. Ингэж Тод хар маань аймгийн Алдарт уяач М.Хашбаатар хүүгийн  азарга болсон.

-Даваахүү Тод манлай хар дааганыхаа удмыг хэлсэн үү?

-Мэлхий язгуурт хүлэг аавынх нь Ажнай хүрэнгийн угшилтай гэж хэлсэн. Тод хар азарга маань их эрх, номхон. Хөдөө  тал дээр ижил сүрэгтэйгээ  явахад нь  очоод  барьж  эрхлүүлж маажиж байгаад тавьдаг  тийм л  буян. Энэ жил 16 настай.

-Сайн их насны морьдынхоо тухай яриач?

-Миний Алтан ухаа гэж сайхан хурдан хүлэг байлаа. Эцэг нь Төв аймгийн Их цэгээн халзан гэж  азарга учраас  хангай газрын угшилтай. Эх нь  Ханбогдын адуу. Миний баз хүргэн Ц.Гантулга дааганд нь надад бэлэглэсэн юм. Хязааландаа хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан суварганы наадамд  анх удаа айрагдаад Алтан ухаа хэмээн алдаршсан. Таван толгой трансын анхны наадам болоход хойд сумынхан “Ханбогдын Засгийн  ухаа ирвэл урд нь гишгэх морь байхгүй” гэж ярилцаж байсныг сонссон. Би  мөн л  ажил  төрлөө зохицуулж явж чадаагүй учраас  Алтан ухаагаа уралдуулж чадаагүй.  Аймаг, бүсийн уралдаанд ч мордуулаагүй. Харин Ханбогдодоо дөрвөн удаа түрүүлсэн. Нэг жил Баян-Овоо, Ханбогд, Манлай гурван сумын наадамд  давхар уяагаар түрүүлж байлаа. Ер нь жилд 4-5 давхар уяагаар уралддаг байсан. Надад дөрвөн алт, 20 гаруй  мөнгө, хүрэл медаль авчирсан морь.


-Өгье гэсэн чин сэтгэлээс үүдэлтэй  байх л даа. Таны бэлэгний адуу хурдалсан түүхүүд олон юм байна. Түүний нэг нь таны  Алтан ухаа морины түүх аж.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын экс гишүүн Ажнай Бат-Эрдэнэ  Ажнай хонгор гэж сайхан хурдан үрээг 2006 онд бэлэглэж тэр маань бас сайхан хурдалж байсан. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын уугуул МУ-ын Алдарт уяач, Жинст хонгорын эзэн  У.Буяндэлгэр найз  маань 2014 онд манай сумын 90 жилийн ойг тохиолдуулан  удамтай  бор даага бэлэглэсэн. Тэр бор үрээ өдгөө зээ хүү М.Оргил-Эрдэнийн  маань  хурдан  сайхан азарга болсон. Сая  УИХ-ын гишүүн,Тод манлай уяач Д Бат-Эрдэнэ  маань “Улс халзан” гэдэг алдарт  ажнайнхаа төл шүдлэн үрээг бэлэглэж  манай ам бүлийнхэнд их баяр тохиолоо. Одоо хүүхдүүдтэйгээ нийлж  морьдоо уяна даа. Сайхан цаг ирнээ...           

-Хүлэг сайн морьдын тухай энэчлэн хөөрөөд байвал урт яриа өрнөнө. Тиймээс энд хүргэж  дараагийн сэдэвтээ оръё. Та Галбын гурван хийдийг сэргээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн. Ярилцаж суухдаа энэ ажлыг өөрийн итгэл үнэмшил, дотоод сэтгэлийн дуудлагаар хийсэн байх хэмээн бодлоо. Танай дээдчүүл бурхан ном, хуврагын чуулганд даган баясч, бодь мөрийн сэтгэл агуулан, нинж асралаар бялхаж байсан уу?

-Ханбогд сумын “Галбын цогцол” хийдийн таван лам миний ээжийн дээдчүүл. Цагийн хатууд эсэргүүний гал голомт гэгдэж, дөрөв нь шоронд яваад, гурав нь тэндээ өөд болсон юм гэнэ лээ. Хамгийн бага нь болох “Цогцолын хийдийн их унзад”  Пүлжин гэдэг хүн 1970 онд намайг 15 настай байхад жанч халсан. Эцгийн талаас гэвэл Сагларын хийдийн лам Агваандаш гэж  сайн лам, сайн наймаачин хүн  байсан  гэдэг. Өөрөөр хэлбэл миний дээдчүүл бурхан номонд сүсэглэж, буян хишиг түгээж явсан улс. Энэ утгаараа, мөн цагийн саалтаар энэ нутгийн ахмад хүний тоонд орж байгаагийн хувьд эцэг өвгөдийн шүтэж ирсэн бурхны шашин, түүнтэй холбоотой зан заншлыг  хэвээр үлдээхсэн гэсэн бодолтой явдаг. Энэ бодол хэдий үеэс төрсөн бэ гэхээр 1990 онд сумын орлогч даргаар ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Мандах суманд байсан 1000 лам, 10 дацан, 4 хувилгаантай Жанчивдэчинлин (Өлгийн хийд) хэмээх хийдийг сэргээхэд өөрийн санаачлагаараа очиж  оролцож байхдаа бид ч сумынхаа Галбын гурван хийдийг сэргээмээр юм байна даа гэх бодол  төрж байлаа. Өлгийн хийд 1745 онд анх байгуулагдаж 1937 онд Домын хурлаа хийж тарсан  байсан юм билээ.

Түүний дараа 1994 онд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа иргэдийнхээ шашин соёлыг хүндэтгэн Бадамдэмчогнай гэдэг  анхны дуганг сумын төвдөө  бариулж “Галбын улаан сахиус”  бурханаа бүтээлгэн  залсан. Миний хувьд  сумын засаг даргаар 16, орлогч болон тамгын газрын даргаар 16 жил  ажиллаж  нийтдээ 32 жил монголын төрөөр тэжээлгэсэн хүн. Тэгээд үлдсэн насаа хувийн секторт ажиллаж өнгөрөөе гээд 53 насандаа төрийн ажлыг хүлээлгэж өгсөн. Тэр үед “Ажнай” корпорацийн захирал одоогийн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ   “Дэмчог” төслийг  өөрөөсөө санхүүжүүлэхээр болж надад туслан 2019 оныг дуустал    Галбын гурван хийдээ сэргээх талаар  бүх цаг хугацаагаа  буянтнуудын буянаар зарцуулж  өөрийн санасандаа хүрсээн.  Хамгийн анхны суваргыг Оюутолгойн хайгуулын төслийг удирдаж байсан Роберт гэх  Канад эр 108 мянган канад доллар өгч, түүгээр нь Пүрэвбат гуайгаар 30 метр өндөр суварга бүтээлгэсэн. Бусдыг нь Ханбогдын залуус, “Ажнай” корпораци хамтран хийсэн. 2014 онд 4 метр өндөр Дэмчиг бурхныг алтаар бүрүүлж бүтээлгээд хааш хаашаа 10 метр өндөртэй гурван давхар дуганыг бариуллаа. 500 гаруй жилийн өмнө төрсөн Цаст түвдийн орны оройн чимэг гэж нэрлэгдсэн монгол эцгийн хүү Богд зонхова Лувсандагва гэж хүний  бурхан дүр  Эрээтийн хийдийн дэргэд хаднаас  өөрөө бүтэж ургасан бурханы  дуганыг шинээр барьж, Цагаан толгойн хийд дээр нь 1919 онд анх барьсан “Намтар дуулах дацан” гэж Равжаа хутагтын найруулсан саран хөхөө намтар тоглож байсан театрыг 100 жилийнх нь ойгоор 2019 онд байгуулж нээлтийг нь хийлээ.


-Бодож байснаас ч ихийг хийсэн юм байна. Та ер нь гарын дүй сайтай байхаа. Арьсан урлал, сийлбэрүүдийг тань хараад тэгж бодлоо. 

-Хүмүүс:  “Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод  юмаар яах юм” гэцгээдэг. Миний хувьд бол  чадаж л байвал  үхэн үхтлээ хөдөлмөрлөе, хөл гар, нүд ам хөдөлж л байвал  өөрийнхөө хэмжээнд, чадах юмаа  хийе гэж  боддог бас хийдэг. Магадгүй би сийлбэрчин, зураач, инженер биш ч гэсэн хүнд хэрэгтэй юм бүтээж чадах авъяас заяасан ч юм билүү оролдоод үзье гэсэн мөрөөдөмтгий сэтгэлээр  хандаж багаж цуглуулан  Мод, чулуу, төмөр, шир, одоо шингэн шил зэргээр  гар урлалын зүйл хийж оролдож байна.  Миний гол хобби бол багаж цуглуулах, 44 жил дархан, мужааны багаж цуглууллаа даа.  Нутгийн залууст  хүн хэн ч  хичээвэл,хүсвэл  үр дүнд хүрч  болдог гэдгийг мэдэрч  үлгэр дуурайлал аваг, мөн үр хүүхдүүддээ  “Миний аавын хийсэн юм” гэж харагдах  юмс үлдэг гэж бодож  хөдөлмөрлөдөг. 

-Тантай ярилцах таатай сайхан байлаа. Зорьж тэмүүлсэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай.

-Тэр ерөөл бат сайхан оршиг ээ.

А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.116

    Манай Буянтогтох дарга бол ямар ч сэдвээр ёстой л хүүрнэн өгүүлнэ дээ.Бараг баримтат кино үзчих шиг боллоо шүү.Ухаан далай номоос биш танаас эхтэй юм шиг санагдаж байна.Баярлалаа.

    Reply
  • 66.181.161.102

    Сайхан хүн шүү Буянаа ах минь.

    Reply