Сумын Алдарт уяач Ц.Болд: Наадамд морь сайн, муу давхисан ч хамаагүй би сэтгэл өндөр ирдэг

Сэтгүүлч
2021 оны 2-р сарын 16 -нд

Төв аймгийн Зуунмод сумын уяачдын цуврал ярилцлагын ээлжит дугаар хүрч байна. Энэ удаа бид та бүхэнд сумын Алдарт уяач Ц.Болдыг уулзуулахаар бэлтгэлээ.  

-Таны хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон үеэс ярилцлагаа эхэлье?
-Би чинь цэргийн офицер хүн. Эрт тэтгэвэрт гараад дүү дээрээ байсан хэдэн адуугаа цуглуулаад 2000 оноос хойш морь уяж эхэлсэн хүн байгаа юм. Манай аав ээж хоёр Дарханы Дарханмандал нэгдэлд малчин байлаа. Манай нэг ах морь уядаг, би зургаан настайгаасаа 16 хүртлээ морийг нь унасан. Дунд сургуулиа төгсөөд цэргийн дээд сургуульд орж төгссөн. Офицер болж нэг хэсэг мал хуйгаас нэлээд хөндийрсөн. 
-Чөлөөндөө гараад хоббигоо хөөж эхэлсэн байх нь. Мэдээж албан хаагч хүнд тийм олон адуу байгаагүй байх. Хаана хаанаас адуу цуглуулав?

-Манай хүргэний дүү Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Ганхүү гэж байдаг юм. Улсын наадамд бор азарга нь хоёр ч удаа орсон. Тэр дүү хүү л намайг морь уяач гэж уруу татсан гэх үү дээ. Тэгээд Төв аймгийн Сэргэлэнгээс хурдан хүрэн соёолон үрээ, Ганхүүгээс хар морь авсан юм. Тэр хоёрыгоо Дарханд уяж байгаад, 2002 оноос Төв аймагт адуугаа авчирсан. Сүхбаатар, Дорнод, Хэнтий гээд зүүн аймгуудаас адуу авсан, хойно Дархан, Сэлэнгийн адуу ч бий. Ер нь газар газрын л адуу байна. Адуугаа хоёр жилийн өмнө Дорнод руу явуулсан. Энд тэжээлийн хэдэн адуу л байдаг юм. 
-Авсан адуунууд хэр давхисан бэ?
-Сайн давхисаан. Гэхдээ хурдан морь санаан зоргоор болох биш дөнгөж уяж эхэлсэн жилээ айрагддаггүй л юм билээ. Би 10-аад жил морь уяж байж айрагдуулсан хүн байгаа юм. Өөрөө дуртай болохоор шантрахгүй юм даа. 
-10-аад жилийн дараа хүртсэн анхны айраг их үнэ цэнэтэй байсан байх даа. Ямар адуу эзнээ баярлуулж айраг авчрав?
-Төв аймагт Автозамын газрын 80 жил гэж болоход хар соёолон морь маань түрүүлсэн юм. Улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн 80 жилийн ойд хар морь дахиад түрүүлсэн. Тэр хар морь их хурдан байсаан, манай аймгийнхан андахгүй. 2011 онд АХ-ын 90 жилийн ойгоор Төв аймгийн наадамд саарал морь маань айрагдаж байлаа. 
-Энэ уралдаанууд аймгийн статустай болсон уу?

-Мэдэхгүй ээ. Яаж тооцдогийг мэдэхгүй юм. 


-Хар морь ямар удам угшилтай адуу вэ?
-Дорнодын Чойбалсангийн Амгаланбаатар гэж залуугаас авсан юм. Саарал морь ч тэдний адуу. Тэднийхээс нэлээд хэдэн адуу авсан шүү. Манай эгчийн хүү надтай цуг морь уядаг, бид хоёр хамт явж авчирсан. Мөн тэндхийн өөр нэг хүнээс халзан морь авчирсан нь гурав дөрөв айрагдсан.
-Хар морь хэдтэй танд ирж байсан юм бэ?
-2009 оны хавар соёолон морь ирснээс хойш зургаа орсон адуу. Өнжүүлд болсон жижиг наадамд түрүүлж, Баянжаргалангийн өвлийн уралдаанд аман хүзүүдэж, Зүүндэлгэрийн урд болсон уралдаанд түрүүлсэн. Надад ирэхээс өмнө хязааландаа Дорноддоо аман хүзүүлчихээд, Алтан овооны тахилгад 11-ээр орсон байсан. 
-Саарал морины тухайд?
-Саарал морь 2011 онд Баяндэлгэрийн тахилгын наадам, Хэнтийн Дэлгэрхаан сумын Тооно хайрхны тахилгад тус тус түрүүлсэн. Зун нь Төв аймгийн баяр наадамд айрагдсан. Мөн тэр  жилээ болсон Дарханы 50 жилийн ойн баяр наадамд 50 хэдээр давхисан. Тэгээд хөл нь муудаад уяагүй.  
-Дорнодоос авчирсан халзан адуу хаана хаана айрагдсан юм бэ?
-Халзан морь Шарын голын уурхайн Хайрхны хурд гэж уралдаанд аман хүзүүлж, Өнжүүлд болсон жижиг наадамд дөрөвлөсөн. Бас Аржанчивлангийн 40 жилийн ойд дөрөвт давхисан юм байна.
-Өөр ямар адуу уяж сойж байна вэ?
-Бас л Амгаланбаатараас авсан өөр нэг хар адуу байсан юм. Надад ирсэн жилээ АХ-ын 90 жилээр улсын наадамд уралдаж 550 адуунаас 99-д ирсэн. Говьшанхад яваад туранхайдуу адуу олигтой давхиагүй. Нийслэлийн хурдад наймлачихаад, Архуст, Мөнгөнморьт, Багануурт нийт гурав айрагдсан. Тэгэхэд Багануурын нэг дүү хүү уяж өгсөн юм. Би ч бас морь сайн уядаггүй, ер нь морь уяж сурах ч үгүй шиг байна. Мөн зургаа орсон хурдан буурал адуу бий. Дорнодын Наранбаяр гэж дүү хүүгээс авсан юм. 2010 онд соёолон морь Баян сумын сургуулийн ойд айрагдаад, Дашинчилэнгийн сургуулийн ойд тавд давхисан. Ямартай ч зургаа орсон, би мартчихаад байна аа. Манайд өргөмжлөл медалиуд нь бий. Одоо 13 настай адуу. Ноднин авчраад оролдсон чинь болохооргүй байхаар нь адуунд нь аваачаад тавьчихсан. 
-Аймагтаа хэр нааддаг вэ?
-Би чинь суманд наадаагүй, аймагтаа л нааддаг юм. Аймгийн бүсэд нэлээд уралдана аа, гэхдээ айраг авч чадаагүй л байна. Ноднин Алтанбулаг сумын наадамд очиж азарга долоо, хязаалан үрээ 15-аар ирсэн. Уг нь соёолон үрээ маань хурдан байсан чинь хазаараа таслаад алга болчихдог юм. Тэгээд сар гаруйн дараа олж авлаа.  
-Улс болоод улсын чанартай уралдаануудад очиж байна уу?

-Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдаанд очоод морио сайхан давхиулаад л ирсэн. Ер нь монгол хүн чинь морь, хүүхэд сайхан давхиад ирэхэд баярлаад сууж байдаг шүү дээ. Би ч хөгшрөөд хор шар гарсан юм уу нэг их тоохгүй сууж байдаг хүн. Ерөнхийдөө миний хобби гэх юм уу, өөрийгөө зовоогоод морь уяж байна даа. 


-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон билээ?

-Сумын Алдартыг дээр үед л авчих байсан юм билээ. Би нэг тоодог ч үгүй байгаад гурван жилийн өмнө холбооны нарийн бичиг Өнөрөө “Болд ах таны амжилт болчихжээ, өргөдлөө өгөөч” гээд. Тэгээд 2016 оны цагаан сарын өмнө авсан. 
-Та сумын цолоо авчихсан. Тэгэхээр таны дараагийн зорилго томоохон наадмуудад амжилттай наадаж цолоо ахиулах байх. Амжилт гаргах ямар хурдан морьд байна вэ?

-Адуу ч байх нь байна. Хурдална л гэж бодож уях юм байна шүү дээ. Адуу чинь бас санаан зоргоор давхихгүй. Сүүлийн 3-4 жил морь айрагдахгүй байна, яахаараа тэгдэг юм. Энэ жил би хашаандаа 24 адуутай өвөлжлөө. Сая талыг нь ногоо идүүлэх гээд Шарын гол руу гаргачихлаа. Одоо тав зургаан адуу, ганц азарга үлдсэн. Хар азарга маань даагандаа Хонхорын сургуулийн ойд айргийн дөрөвт давхисан юм. Одоо тэр азаргандаа Дорнодоос ганц нэг гүү авчирч тавиад уяаны ажлыг нь хийнэ. 
2000 оноос морь уяж эхэлсэн гэхээр 20-иод жил уяа оролджээ.  Алдаа оноо хэр гаргасан байх юм бэ? Төрийн алба хашиж байсан хүн гэнэт уяаны ажил хийхэд мэдэхгүй чадахгүй юм их л байсан байх?
-Зөндөө зөндөө. Морь уяад алдаа хийхгүй байна гэж бараг байхгүй юм билээ. Морь болгон ондоо уяатай, бүгдэд нь адилхан ажил хийнэ гэж байхгүй. Морь болгонд тааруулж уяна гэдэг хэцүү ажил. Төв аймгийн морины уяа Дархан, Сэлэнгийн морины уяанаас шал ондоо юм байна лээ. Намайг хүүхэд байхад хойшоо өвс ногоо сайтай болохоор өнөөдөр хөлс аваад, маргааш нь тарлаад, нөгөөдөр нь хөлс аваад, нөгөөдрийн маргааш нь тарладаг. Гэтэл энд их ондоо. Адууг шинжлэх ухааны үндэслэлтэй гэхэд хаашаа юм, ер нь эртнээсээ уяаны арга барил нь тогтчихсон газар. Ханагар давхил хийнэ, барагтай бол хөлс авахгүй, зуны наадамд хоёр гурав л хөлс авдаг шиг байгаа юм. Гэхдээ юу ч сурахгүй байна гэж юу байх вэ, оролдож л байна. Би чинь 60 гарчихсан хүн, дахиад ганц нэг жил уяна л гэж бодож байгаа. Ерөнхийдөө өөрөө уяна, ганц нэг чадахгүй юм байвал хүнээс асууж лавлана. 
-Ханагар давхил гэдэг нь ямар ажлыг хэлж байгаа юм бэ?
-Нэг их хурдан давхиулах биш, цогиулах биш нэг тийм задгай хөлс маягтай юм хийгээд байна.  
Бүтэн жил хөдөлмөрлөж уясан адуу айрагт багтахгүй байхаар шантрах үе гардаг уу? 
-Морь уясан хүнд наадам болгон сайхан даа. Наадамд очоод морь сайн давхина уу, муу давхина уу хамаагүй би сэтгэл өндөр л ирдэг. Морь давхисангүй хэрэг алга, дахиж морь уяхгүй гэх маягийн юм хэзээ ч бодож байгаагүй. 
-Ямар азаргануудтай хичнээн тооны адуутай болсон бэ?  

-Хоёр жилийн өмнө дүү бид хоёрын нийлсэн 150-иад адуу Дорнод руу аваачсан. Одоо төл нь нэмэгдээд өссөн байх аа. Хол болохоор жилдээ хоёр гурав л очиж байна. Улсын Батлан хамгаалахын ойд түрүүлсэн хар морины байнд морин тойруулгын Алтангадас халзан азарганы төл Сартын төл ирээд одоо сайхан азарга болсон байна. Бас хурдан алаг азарга бий. Буур гуайн Магнай халзан азарганы төл саарал азарга байна. Эрхэмээ гэж дүү хүүгээс ирсэн Монгол хээр гэж азарга бий. Билэгдэмбэрэл Манлайгаас ирсэн эрлийз хээр азарга байгаа. Гүүнүүд нь Дархан, Сэлэнгэ, Шарын гол, Дорнод, Сүхбаатарын гээд байна, байна.  
-Та хаана алба хааж байсан юм бэ?

-Би 1977 онд дунд сургууль төгсөж Цэргийн сургуульд яваад 1982 онд төгсөж ирсэн. Тэгээд Зүүнбаянд таван жил, Улаанбаатар хотод нэг жил болоод Төв аймгийн Сэргэлэнгийн дивизэд ирж эндхийн айл болсон. Төв аймагт 1987 онд ирснээс хойш 32 жил болсон байна. 
-Цэргийн хүмүүс залуудаа тэтгэвэрт гардаг. Морь уяхаас гадна өөр ажил алба эрхэлсэн үү?

-Тэтгэвэрт гараад би ямар ч ажил хийгээгүй ээ. Зөвхөн л адуу. Ямар сайндаа манай эхнэрээс хүмүүс Болдоо байна уу гэж асуухаар “Адуун дээрээ л байгаа, надаас илүү хэдэн адуундаа хайртай” гэж хэлдэг юм. 2002 оноос хойш 16 жил адуу малласан байна. Адуугаа машинтай хариулдаг гээд Төв аймгийнхан намайг андахгүй. Морь унаж чадах биш, машинаараа адуундаа явдаг. 
-Хэрвээ тэтгэвэртээ гараад морь уяагүй байсан бол гэж төсөөлж үзэж байв уу? Адуунаас хэр их кайф авдаг вэ?
-Ёстой бодож байсангүй. Ер нь адуун дээр очиход үнэндээ л хийморь сэргэнэ дээ. Би амьтан ах дүүд баярлаж явдаг юм. Би ямар ганцаараа адуугаа хариулж, морио уяж уралдуулах биш. Морины хүүхдүүд ч их сайн хүүхэд тааралдаж байсан. Аймгийн Алдарт Галбадрах, аймгийн Хурлын дарга Энхбат, Батжаргал дарга бид нар “Өгөөмөр” гал уяаны улсууд. Морины хүүхдүүд, галынхандаа их баярлаж явдаг даа. 

Д.Энхтуяа

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 64.119.18.211

    Морь хүүхэд мэнд сайн уралдсан л бол сайхан шүү тээ сайхан монгол уяач амжилт

    Reply
  • 66.181.161.72

    Монгол хүн монгол адуу 2 бол салшгүй холбоотой монгол хүний цусанд нь бий шүү. Моринд дуртай монгол түмэн минь адууны өв соёл өнө мөнхөд бадартугай.

    Reply
  • 103.57.92.42

    Танд ажлын амжилт хүсье хурдан морины босоо цагаан хиймохь өнө мөнхөд ивээх болтугай

    Reply
  • 92.249.130.250

    Болд маань багийн л моринд дуртай хүүхэд байсан даа.Одоо ч өөрөө морь уях цаг нь аргагүйл ирсэн дээ. Их л чамбай байх ёстой доо. Аав нь агсан Дамба гуай мөн чиг няхуур юмны учрыг олох гэж зүтгэдэг хүн байж билээ.Найздаа амжилт хүсэе. Уясан мохь нь хурдлах болтугай!

    Reply