Хүний дээд Хүүдэг

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 30 -нд

Орон нутгийн тусгай дугаарын захиалгаар Монгол улсынхаа 200 гаруй суманд ажиллаж, хэдэн мянган уяачидтай уулзаж ярилцжээ. Тухайн орон нутгийн адууны удам угшлыг тодруулахын тулд ахмад уяачдын тухай нэхэн сурважлах зайлшгүй шаардлага гардаг. Тэнгэрт дэвшсэн тэднийг үр хүүхэд, хань ижил, найз нөхдөөс нь лавлан тодруулсаар “хар зураг” гарган авдаг юм. Ханбогд сумын тусгай дугаарын бэлтгэл базаан Өгөөмөр буудалд долоо хоног байрлаж, олон уяачидтай уулзаж ярилцав. Тэдний дундаас нэгэн эмэгтэй сэтгэлд дотно үлджээ. Хаалга зөөлөн тогшоод “Аавынхаа тухай ярих гэсэн юм” хэмээсэн ээжийн минь үе болов уу гэмээр нүдэнд дулаахан бүсгүй “муу аав минь” гэх үгийг маш олон давтана. Аавынхаа тухай ярихдаа нүд нь гэрэлтээд... цаанаа л нэг тийм дулаахан хүндэлмээр мэдрэмж төрүүлж байв. Бусдын адил аавынхаа намтар түүхийг өөрийн мэдэх хэмжээнд хувцаалцаад “ах минь байсан бол бүгдийг ярих байсан даа” хэмээн гарч одсон тэрээр хэсэг хугацааны дараа дахин орж ирээд “дутуу ярьсан  шиг санагдаад Буяа даргатай уулзчихаад ирлээ. Аавын тухай хэд хэдэн сайхан дурсамж ярьж өглөө. Эгч нь нэмээд ярьчихаж болох уу” хэмээн учирласансан.

Хотод ирсэн хойно ч хэд дахин холбогдоод “муу аавын минь тухай нөгөө яриа болох нь уу” хэмээн санаа тавьсан санагдана. Яагаад энэ бүхнийг нуршиж байна вэ гэхээр олон газраар явж уяачидтай уулзахад аавынхаа тухай мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй хүмүүс цөөн бус таардаг юм. Холбогдолтой зүйлс асуухад тоомжиргүй хандаж, зураг хөрөг нь хүртэл байдаггүй гэхийг дуулах тиймхэн санагддагаа нуугаад яахав. Тэгээд аавынх нь өмнөөс тэдэнд гомдох сэтгэл төрнө. Харин эсрэгээрээ хүн биеийг нь заяасан эцэг эхийнхээ тухай сайхан дурсамж хүүрнэж, тэдэнд хамаатай бүхэнд хүндэтгэлтэй хандах нь баярлууштай санагддаг билээ.

Яг ийм шалтгаанаар би Хүүдэг гуайг эчнээ таньдаг болоод байв. Ахмад уяачдын хөрөг тэмдэглэлээ сийрүүлсээр түүний ээлж ирэхэд “аан Хүүдэг гуай юу” хэмээн танимхайрав. Энэ байдалд охиных нь хандлагаас гадна өөрийнх нь хүн чанар, хөгжилтэй зан ч нөлөөлсөн байх.

Хүүдэг гуай ер нь их хөгжилтэй хүн байж.Түүний тухай  дурсамжуудыг сонсож байхдаа үе үе писхийтэл инээд алдсан гээд бод доо. Ингээд оршлоо хойш тавьж, хүн амьтныг хөгжөөж байдаг Хүүдэг гэгч хэн байсан тухай олдсон мэдээдллийн хүрээнд хүргэе.

Тэр хүний ганц хүү.1941 оны намар эцэг Бууч, эх Эвийхүү нарын ганц хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлээд 10 нас хүрмэгц сумынхаа бага сургуульд элсэн орж, 1954 оныг хүртэл суралцсан байна. Тэрээр Чогдов багшийн удирдлаганд 21 нөхдийн хамтаар суралцаж байснаа дурсах дуртай байсан гэдэг.


Бууч гуайнх мал хуй элбэгтэй, чинээлэг айл байсан ч 1959 оны нэгдэлжих хөдөлгөөнд нэгдээд, амины цөөн малтай үлджээ. Хүүдэг гуай нас биед хүрсэн цагаас нэгдлийн адуу маллаж, эртэй бяртай, эвлэгээрээ /тойргийн хэдэн сумдадаа/ гайхагдах болов. Нэг жил Баян-Овоогийн айл ойрхон ирж зусаад, унагаа барих сургаар хавийн залуус цугларч. Залуус унаганы толгой олохоосоо илүүтэй уулгалан давхилдаж байсан юмуу даа. Адуучин Хүүдэг ирэх бараанаар айлын эзэн “Хүүдүүд адуугаа хурааваа, Хүүдэг уургалваа” гэж байсан гэдэг. Энэ мэтчилэн дэл сүүл, хөөвөр, хялгас авах болон тариа туулга хийх үед адуучин Хүүдэг голыг нугалах нь элбэг. Адуунд эрэмгий аавынхаа энэ байдлыг харж өссөн хүү Мөнх-Эрдэнэ нь 1984 онд 8-р ангиа төгсөөд илгээлт аван хөдөө гарч байсан гэнэ лээ.

Хүүдэг гуай дунд зэргийн нуруутай, махлаг биетэй, гартаа чадалтай хүн байв. Байнга эмнэг хангалтай ноцолдож байдаг болоод ч тэрүү гартаа бүлтэй, баргын адууг чихдээд зогсоочихно. Бас болоогүй хааяа нэг зодоглохоороо мэх мэдэхгүй ч шууны хүчээр ганц нэг давчихна.

Хүүдэг гуай адуунд эртэйгээс гадна уяхдаа эвлэг нэгэн байв. Үүнд аавынх нь нөлөө ч байсан биз. Учир нь Бууч гуайн Шөвгөр хүрэн гэж нутаг нугадаа нэртэй хурдан хүлэг байв. Тэрээр нэг талаас аавын үйл хэргийг үргэлжлүүлж нөгөө талаас нэгдэл нийгмийнхээ шаардлагыг биелүүлж морь уях болсон бөгөөд хурдан хээр, Санжидын бор зэрэг нэгдлийн морьдоос гадна  амины хонгор халзан үрээг уяж хоёр ч удаа аман хүзүүнд хурдлуулж байв. Хожмоо хүү Мөнх-Эрдэнэ нь залгаж, бор азарга, бор морь, амины халтар зэрэг хүлгүүдээ уяж хурдлуулж байсан юм.

Б.Хүүдэг морь танихдаа шаггүй. Түүнийг мэдэх нутгийнхан ганц хундага татуулчихаад “алив энэ адуунаас уячихаар юм байна уу” хараадахаач гэх. Өнөөх нь ч аль өөдтэйг нь заах. Ингэж таньсан хүлгүүд олон бий.

Б.Хүүдэг гуайн ямар морьд хэдэн оны наадамд хэрхэн давхиж байсан бэ гэхээр бодлогшрох хэрнээ хүн чанар, ёс зүйнх нь тухай торохгүй ярих хүмүүс олон юм. Чухамдаа уяач Хүүдэг олныхоо сэтгэлд хүн чанар, мөс жудгаараа мөнхөрч үлджээ хэмээн ойлгохоор.  

Тэрээр Ц.Дагжид бүсгүйтэй ханилж, таван хүү, таван охины эцэг эх болсон бөгөөд 52 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь түүний гэгээн цагаан дурсамжууд одоо хэр нь яригдсаар...

Уншигч танд түүний гэгээн дурсамжуудаас цөөн хэдийг сийрүүлэн хүргэе.Энэ хөгжилтэй дурсамжууд танд Хүүдэг гэгч хэн байсныг танихад дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

 Орлогч дарга Буянтогтох, худалдаа бэлтгэлийн ангийн дарга Ажинбаа, малын эмч Сайнхүү нарын сумын удирдлагууд адуу бэлтгэлийн ажлаар Моторт уснаа хүрэлцэн ирж. Адуу бэлтгэлийн сургаар зэргэлдээ сумдын адуучид мал шүүхээр ирчихсэн, малчид  ээлжилж адуу хураагаад. Хөвөнтэй дээлэн дээр, хөвөнтэй куртик өмссөн малын эмч Сайнхүүгийн ээлж ирэхэд  өнөөх нь хувцсандаа түүртээд гүйж чадахгүй байв. Үүнийг харсан Хүүдэг “гүйснээс өнхөрсөн нь хурдан юм бишүү” хэмээгээд олныг инээлгэж байж.

 М.Хад, Бямбаа амбаа нартай адуу тууж яваад замдаа морио солихоор болж. Нуруугаар намхан Хад бугуйл шидтэл өнөөх нь байдас гүүний толгойд орчихож гэнэ. Түүндээ чирэгдэж явахдаа “би чамтайгаа байлгүй” гэхийг сонссон Хүүдэг “наад байдас чинь одоо азарганаасаа болиод чамтай байх хэрэг үү” хэмээн бөөн инээд болгож.


 Өвөлжөө бууцны асуудлаас болоод нутгийн хуруу муутай бүсгүйтэй ам зөрж. Өнөөх нь хурал дээр гараа гозогнуулан ихэд бухимдангуй матжээ. Гэтэл мань эр уурлаж унтууцахын оронд “хуруутай байсан бол нүд сохол нь ээ” хэмээн инээж суусан гэдэг.  

Халамцуухан байхдаа нэг бүсгүйтэй маргаж. Өнөөх нь ахдаа хэлж, жолооч ах нь давхиж ирээд манавелиараа хамар дундуур нь цохичихож гэнэ. Хамар ам нь хавдаад шалбарчихсан байхыг харсан хүмүүс учрыг лавлахад “... намайг манавелдээд, би асахгүй махийгаад” хэмээн тоглоом наргиа болгон хариулж байж. Хүүдэг гуай хүнд муу санадаггүй, цагаан цайлган нэгэн байсныг гэрчлэх олон дурсамжууд бий. Нэг удаа сумын дарга Буянтогтох нягтлан Дарийн Балгансүрэнгээсээ “манай сумын хамгийн хүн чанартай хүнийг нэрлэ гэвэл чи хэнийг хэлэх вэ” гэтэл “Холбооны Арслан”, “Буучийн Хүүдэг” хоёрыг л хамгийн сайхан хүнлэг хүний дээд хүн гэж хэлнэ дээ” гэсэн гэнэ лээ.

 Дотуур байрны хүүхдүүд шөнө гарч бие засахаас залхуураад нэгнийхээ гутланд хүндэрч сахилгагүйтдэг байж. Энэ явдал нэг хүүд нь тохиолдсоныг дуулсан Хүүдэг гутлыг нь хаяулж, шинийг авахаар дэлгүүрт очжээ. Тэгээд “байрны хүүхдийн баас шээсний сав бакал нэгийг авъя” хэмээн худалдагчийн инээдийг барж байж.

Хүүдэг гуай дээлээ хөөргөж бүсэлдэг зуршилтай. Тухайн үед машин тэрэг ховор, малчид ноосоо тушаахдаа машины ачаан дээр суугаад төв ордог байж л дээ. Хүүдэг гуай тэгж ирж ноосоо тушаачихаад буцах гэсэн унаа олдоггүй. Гэтэл ашгүй Владимир гуай мотоцикльтой явж таараад ачаатай эсэхийг нь лавлаж. Мань эр ч байхгүй ээ гэж хэлээд сундалчихаж. Гэртээ ирсэн хойноо өврөө ухан таван кг гурил, таван кг будаа, хоёр дүнсэн тамхи, дөрвөн толгой ёотон гээд өврөө уудалсан Владимир гуай гайхаж хоцорсон гэдэг.

 Хавар мал төллөх цагаар эхнэр нь гэрээс гарахдаа “орон дээр хүүхэд уячихсан байгаа. Сайн харж байгаарай” гэж. Мал тэжээж яваад нэг харсан өнөөх хүүхэд харах ёстой хүн чинь овоон дээр гарчихсан зогсож байна гэнэ. Сандарсан бүсгүй ажлаа хурдхан дуусгаад гэртээ ортол нөхөр нь ирчихсэн сууж байна гэнэ. “Чамайг чинь овоон дээр байгаа юм санаад хурдан орж ирлээ” гэтэл “овоон дээр гарах хооронд хүн санаж байдаг мөн ч сүж хонгороо” хэмээн хөгшнөө цаашлуулж байсан гэдэг.

Цэргийн зарлан дуудах хуудас ирээд аймаг оржээ. Сурсан зангараа дээлээ хөөргөөд бүсэлчихсэн түүнийг харсан цэргийн хэлтсийн дарга Намжилдорж “энэ юун хачин дээл хувцастай хүн бэ? Хаанаас ирсэн хэний хүүхэд вэ?” хэмээн зандрангуй асуутал “Ханбогдоос ирсэн. Ээж миний эцгийг цэргийн хэлтсийн Намжилдорж гэж хүн бий шүү гэж хэлсэн”  гэтэл өнөө дарга дахин дуугараагүй гэдэг.

Алиа марзан зантай, асуудлыг буруу тийш эргүүлж хүндрүүлдэггүй хүний дээд Хүүдэг уяач гартаа юмтай гэгддэг байсан бөгөөд хүн малын ясны бэртлийг хачин сайн анагаадаг байсан гэнэ лээ. 

А.Тэлмэн


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.190.155

    Хахаха. Алиа хошин зантай, бэлэн сэцэн үгтэй, хүнд тусархаг хүн байж дээ

    Reply
  • 66.181.161.13

    Ёстой их баярлалаа.Миний нутгийн сайхан хүний тухай ёстой гоё бичжээ.Жүүжгийн минь /бид ингэж дууддаг/ хөгжилтэй яриа дуусахгүй шүү.Сэтгүүлч дээр очиж уулзсан охинд нь маш ихбаярлалаа.Надад ч бас цөөнгүй дурсамж бий

    Reply