Сумын Алдарт уяач Ц.Нямхүү: Нас явлаа одоо уяхаа больё гэж бодов ч хүүхдийн гийнгоо сонсоод огшоод явчихдаг

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 23 -нд

Хоймор нутгийн уяачдын цуврал ярилцлагын энэ удаагийн дугаарт Баянзүрх сумын Алдарт уяач Ц.Нямхүү оролцож байна.

Аавыгаа дагаж социализмын гэгдэх 1970-аад оноос хурдан хүлгийн уяа сойлго эвлүүлэх болсон Ц.Нямхүү өдгөө хуучны юм ул болсон гэж хойш суулгүй зүүн гурван аймгаас хурдны удамтай адуу худалдан авч, шинэ цагийн уяагаар уяж хурдлуулан сум орон нутгийнхаа нэрийг гаргаж сайхан наадсаар байна. Хэдийгээр тэр Эрдэнэбулган суманд шилжин очсон ч түрүүлж, айрагдсан морьдоо унаган нутаг Баянзүрхээрээ цоллуулж нутгийнхаа нэрийг гаргаж явааг нь сумын МСУХ-ны удирдлагуудын сонорт хүргэхийг зорилоо. 

-Та хэдий үеэс эхэлж морь уях болов. Ер нь танайханд морь уядаг хүн байсан юм уу?
-Манай аав Очирын Цамба цомбон хээр, улаан, туулай улаан гээд хурдан морьдоо уяж сумынхаа наадамд айраг цагаатай нааддаг уяач, бас чиг наадамдаа зодоглож тав, зургаан удаа түрүүлсэн сумын заан цолтой бөх хүн байв. Азарга уядаггүй, дан их насны морь уядаг. Би найм хүрч энэ морьдыг нь дөрвөн жил унасан. Тэгээд 16 хүрээд 1975 оноос морь уяж эхэлсэн. 
-Аавын тань энэ морьд хэд түрүүлж, хэд айрагдсан юм бэ?
-Хээр морь соёолонгоосоо айрагдаж эхлээд тувт айрагдсан, нэг ч удаа түрүүлээгүй. Баянзүрх, Улаан-Уул сумдад уралдаж 10 удаа шөвгөрсөн морь. Улаан морь Баянзүрхэд хоёр удаа, Улаан-Уулд нэг шөвгөрсөн. Бас түрүүлээгүй юм. Бодвол шалтгаан байсан байх. Туулай улаан бол соёолондоо нэг түрүүлсэн.
-Улаан гэж та нар бор зүсмийн буюу бүгээн адуугаа хэлээд байна уу?
-Хар голдостой цагаан талдаа морийг хэлж байгаа юм. 
-Тэр гурван их насны морь аавын тань унаган адуунууд уу. Эсвэл энэ нутгийн сайн уяачдын удамтай юм уу?
-Хээр морь нь Цэцэрлэг талаас ирсэн. Хурдан морь хүнд азаар таардаг юм шиг. Манай сум чинь Төмөрбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уулаас идэшний адуу авч, хүмүүст үнэ хөлсөөр нь тарааж өгдөг байлаа. Нэг удаа аав хоёр хүний хамт сумын даргынхаа даалгавраар Цагаан-Уул, Цэцэрлэгээс адуу авчрахаар явсан байгаа юм. Тэгээд Алтан хөлийн давааг давтал нэг адуучин таараад “Морины панз хийх хүн байна уу. Наймаа хийнэ шүү” гэж. Аав өвөртөө 300 төгрөгтэй, буцаж ирээд хийе гэж. Тэгээд цаанаас 80 адуу аваад буцаж явтал нөгөө адуучин замд нь тосчихсон “Наймаа хэвээрээ юу” гээд зогсож байж. “Морийг чинь үзье” гэтэл адуу руугаа уургын морьтой шуртхийж дайрч ороод азарга бариад ирэхээр нь би “Морь авна” гэтэл “Хн, азарга, морь танихгүй байж аваа өгөө хэлэлцээд байхдаа яадаг юм. Араас нь туу” гээд уургаа хэд эргүүлээд тууж яваа адуунд нь азаргаа тавьчихсан гэдэг. Цуг яваа хүн нь уурлаж “Энэ азарга чинь засгийн адуунуудыг хураагаад буцаж гүйвэл цустай толгой, сэвстэй гүзээгээрээ чи хариуцаарай. Бид хариуцахгүй” гээд шөнөжин хэрэлдэж. Бороо ороод л, нэг муу пүнзэн дотор гал түлсэн чинь бөөн утаа май болж бүтэж үхэхийн наагуур хоол, цай хийж идмэр болж. Тэгээд наашлаад Баянзүрхэд ирэхэд Ядам гуай гэж сайхан уяач өвгөн “Цамба чи 300 төгрөгөөр ийм азарга авч гэнэдлээ. Аягүй бол энийг чинь хүн авахгүй байх. Цэцэрлэгээс гараад энэ хээр үрээ хөлөрсөнгүй. Зассан бол энэ үрээг ав” гэсэн байгаа юм. Азаар тэр хээр шүдлэнг зассан байж таарч, 300 төгрөгнийхөө оронд авсан гэдэг. 
-Хээр морь хурдан хэрнээ түрүүлж чадаагүй нь сонин юм? 
-Хээр морины зөв талын чихийг хойноос нь имнэчихсэн байсан. Настай уяачид “Наадах чинь имтэй морь байна. Имтэй морь аз нь харьчихдаг юм, түрүүлэхгүй байх аа даа” гэдэг байсан. Тэрийг л би үнэн байх гэж боддог. Манай аав уяж чадахгүй байсан бол шөвгөрөх ч үгүй байна биз дээ. Бүр уяа муу байлаа гэхэд тавд ирнэ. Сайн бол удаа, гурваар орно. 
-Нөгөө хоёр улааны тухайд ямар удам угшилтай адуу вэ? 

-Туулай улаан нь Хатгалын Дамдинсүрэн гэдэг хүний унаган адуу. Аав маань айл болоход соёолон морь бэлгэнд өгсөн гэнэ лээ. Нөгөө улаан морь нь Лувсанбазар гэдэг хүний унаган адуу юм гэсэн. Тэр хүний малын тоо толгой 50-иас хэтрээд улаан адуугаа идшинд явуулж л дээ. Хашаанд хашчихсан байсан чинь улаан морь үсэрч гараад араас нь улс амьтан хөөгөөд байхаар нь аав “Орхичих оо, би мөнгийг нь тушаая” гээд авсан гэсэн. Амь насыг нь аварсан болохоор тэгж давхиж дээ гэж бодогддог юм. 
-Аав тань их морь сайтай байж, харин хэр сайн азаргатай байсан бэ?
-Нэртэй хурдан азарга бол байгаагүй. Сүүлд 1978, 1979 оны үед Арбулагийн Батмөнх гэдэг хүнээс хээр азарга авсныг би 1980 онд цэргээс ирж уяад ганц шөвгөрүүлсэн. Ардчиллаас хойш л морин спорт хөгжиж сайхан болж байгаа болохоос түүнээс өмнө тавхан адуутай хүмүүс юугаа уяхав дээ. Хурдтай айлын адууг нийгэмчилж тэндээс гүү нь янз бүрийн азарганд хураагдаж, азарга нь янз бүрийн гүү хурааж хурд нь сарниж алга болсон. Дархад цагаан адуу ч ялгаагүй ийм байдлаар байхгүй боллоо. Номч Осорын хурдан бор азарга, Ядам гуайн Цэцэрлэгээс авчирсан хүрэн гүүний удам бүгд байхгүй. 
-Тэгэхээр танд ааваас өвлөгдсөн өөрийн унаган хурд нэг их олон байгаагүй болов уу?
-Байхгүй ээ. Манай аавын унаган хурд гэж байгаагүй, гаднаас худалдаж авсан гурван морь хурдалж байсан. Өөрийн унаган адуу хурдлаагүй учраас хурд тасардаг юм билээ. 
-Та анх ямар морь уясан юм бэ?
-Би чинь айлын ууган хүү, таван дүүтэй. Ганц эрэгтэй дүү маань талийгаач болсон. Миний хувьд 1975 оноос эхлээд, цэргийн гурван жил өнжөөд, түүнээс хойш өдгөө хүртэл тувт морь уяж байна. Аавын хөгшин хээрийг цэргээс ирээд ганц хоёр жил уясан ч давхиагүй. Гурван жил “Соёл” нэгдлийн адуу хариулж, тэндээсээ гайгүй ганц нэг юм авч байлаа. Манай аав, ээж таван малтай айл болгож өгснөөс нааш цааш хольж хутгаж байгаад уясан. Баянзүрхийн гуравдугаар багт над шиг адуу авч, сольж хольсон хүн байхгүй. Бараг хоногийн хоолгүй болж адуу авч байсан. 1987, 1988 онд Норовсамбуу гуайн хурдан хар азаргыг худалдаж авч таваар шөвгөрүүлээд, Түнэлийн Зоригт гэж хүнээс хурдан бор азарганых нь төл бор үрээ худалдаж авч соёолон сумандаа гуравт хурдлуулж анхны айргаа амссан. Бор соёолонг нэг залуу “Зараач” гээд хоргоогоод байхаар нь өгчихсөн юм. 
-Ямар адууг хамгийн өндөр үнээр авч байв?
-Зах зээл гараад удаагүй байхад 1.5 саяар гурван морь аваад тэрийгээ давхиулж чадаагүй. Түнэл талаас Хэнтийн хонгор азарга, Эрдэнэбулган талаас шарга азарга, Рэнчинлхүмбийн хилээр орж ирсэн буурал азарга авч, нэг жил хоёр ч баярт энэ гурван азаргаа цувуулж орууллаа. Цагаанчулуутын баярт хонгор азарга маань түрүүлж Иж мотоцикль, шарга азарга тавлаж угаалгын машин авч байлаа. Нэг өдөр сая төгрөгийн бай авсан, морины хамгийн дээд гавьяа шагнал гэвэл тэр байна. “Дархадын хурд”-д ч азарга минь айрагдсан. Харин аймгаас айраг авч үзээгүй. Аймагт хонгор азарга ганцаараа явж байгаад онгоцны буудлын тэнд хөлөө цохиод доголсон. 
-Таныг амжилтанд хүрэхэд хамгийн их жин дарсан буюу хамгийн их нөлөө үзүүлсэн нь ямар морь вэ?

-Шарга азарга маань олон айрагдаж, түрүүлснээс хамгийн том нь “Дархадын хурд”-д очиж шөвгөрсөн. Хонгор азарга маань тахилгатай овоонд түрүүллээ. 40-50 айраг түрүүгээр сумын Алдарт болсон. Аймгийн Алдарт авчихаар болзол хангасан ч болохгүй байна. Нас ч 57 гарчихлаа. Унаган нутаг минь Баянзүрх боловч зуд турхан болж хэдэн малын эрхээр Эрдэнэбулганд шилжиж очоод 10-аад жил суурьшиж байна. Манайх 1000 гаруй мал, 100-гаад адуутай. Эрдэнэбулганд хаваржаа худалдаад авчихсан, дарга нар нь ч шилжиж ирэхгүй бол наашаа ирэлтгүй гэхээр шилжсэн. Гэтэл хөгшин би чинь морь айрагдуулах бүртээ Баязүрхээрээ цоллуулж, сэтгэл зүрх унасан нутгаа л гэдэг. Зун болохоор сарлаг, адуу мал Эрдэнэбулганы аагим халуунд тогтохгүй. Тэгээд Арбулаг, Баянзүрхийн залгаа нутагт нутаглаж байна. Ноднин гурван том баярт нь соёолон түрүүлгэчихээд Баянзүрхээрээ цоллуулсан. Гэтэл аймгийн Алдартад тодорхойлуулъя гэхэд Эрдэнэбулганы холбоо “Та морьдоо манай нутгийн нэр дээр уралдуулаагүй байна, өргөмжлөл дээр алга” гэдэг. Гурав түрүүлсэн соёолонгоо шилдэгт нэр дэвшүүлэх гэж Баянзүрхийн холбоонынхонтой хүүгээ уулзуулахад “Аав чинь манайхаас шилжээд явсан. Манайд хамаагүй” гэсэн. Надад гомдолтой байна.  
-Та аль ч суманд уралдуулж, аль ч сумаар цоллуулсан бай болзол биелсэн л бол хуулиараа цол авах л ёстой. 
-Би 57 хүрчихсэн, одоо хэдэн жил амьд явах билээ. Ноднин аймгийн Алдарт уяач таван хүнд өгч байгаа юм. Яс тооцвол эд нараас миний амжилт илүү. Баянзүрхийн уяачдын холбооны дарга Сэргэлэнд “Би энэ жилээс Эрдэнэбулганы нэрээр морио мордуулъя” гэж хэлье гэж бодоод байгаа. Аймгийн Алдарт уяач Дандар гэж өвгөн аймгийн баярт азарга дөрвөөр давхиулаад Түнэлээр цоллуулж байгаа юм. Бас манай нутгийн хүн. Тэгэхэд хүмүүүс “Энэ Дандар өвгөн сум орныхоо нэрийг өөд нь татдаггүй ямар сонин хүн бэ. Түнэл рүү шилжчихсэн хүнийг дахиж Баянзүрхийн нутаг руу нутаглуулж баймааргүй юм байна” гэж ярилцаж байхыг сонссон. Ингэж хэлүүлэх ч бас хэцүү юм даа. 
-Монголчууд уул усаа баярлуулах гэж наадам хийдэг улс. Нутгийн ард түмнээс гадна энэ уул ус харж байдаг гэдэг шүү дээ. Та зүүн талаас адуу авч наадаж байгаа юм аа даа?

-Миний үеийнхэн ихэнх нь морь уяхаа больсон байхад би больж чадахгүй уясаар л байна. За одоо л больё гэхээр тээр тэнд морь бариад уячихсан, хүүхэд гийнгоолохоор өөд юм хөөрөөд, уяхаас өөр ямар ч аргагүй болж байгаа юм чинь. Ясны дур сонирхолтой болохоор больчихож болохгүй юм. Нэг үе хамаг юмаа хамж адуу аваад давхиулж байлаа. Сүүлийн үед би Хэнтий, Сүхбаатар, Дорнодоос адуу авсан. Манай энд Дархад адууны угшил байлаа ч цус ороод давхихгүй болчихсон юмыг уяад явахгүй шүү дээ. Тэжээлийн гарз болно. Одоо ямар ч наадамд айргийн таван морьдыг сонсоход дандаа Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэж байна. Одоо цус их талтай л адуу давхина. Зүгээр нэг юм уяад, дээр үед аавын минь хурдалж байсан адууных, энэ хурдлах ёстой гэвэл хичнээн хурдан байлаа ч урд талын адууны хөлийн хурдыг гүйцэхгүй. 
-Нэг жилийн наадмаас олон айраг, түрүү авсан тохиолдлууд байдаг. Тийм наадам танд тохиож байв уу?

-Нэг жил буурал, хонгор, шарга гурван азарга маань хэд хэдэн наадамд цувж ирж байлаа. Баянзүрхийнхээ наадмаар гурвуулаа цувж ирээд, нэгдүгээр багийн наадамд мөн дарааллаж ордог юм. Арбулагт азарга будилж хоцроод, шарга азарга тавлаж, нөгөө хоёр нь 10 гаргасан. 
-Таны оролцсон наадмуудаас хамгийн их баярлуулсан нь хэдэн онд тохиосон бэ?
-1980 хэдэн оны Цагаанчулуутын баяраар магнайгаа тэнийтэл баярлаж үзсэн. Хужаа мотоциклийг муу муухай л гэдэг. Би лав амьдралдаа нэг өдөр сая төгрөгийн орлого хийж үзээгүй. Тэр чинь нэг сая төгрөгийн үнэтэй эд шүү дээ.
-Хөрөнгө мөнгө зарж адуугаа сайжруулчихлаа. Энэ адууг уяж сойх хүүхдүүд байгаа юу?

-Би хоёр охин, хоёр хүүтэй. Нэг хүү маань айл болсон. Нэг нь энэ жил 12 дугаар анги төгсөөд их сургуульд явах гэж байна. Хоёр хүүгээ намайг залгаад уяна гэж боддог. Миний адуунд Хэнтий, Сүхбаатар, Дорнод гээд Англи, Араб, эрлийзээс бусад нь байна. Ярилт байхгүй, миний адууны цус холдож, хурд сайжирсан. Одоо цаашид маллаж, уяж сойх хүмүүс нь л мэдэх хэрэг.
-Морь уях төрийн хэрэгт тань амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Д.Энхтуяа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна