Ахмад уяач Т.Галина: Ах минь халзан морио хурдлуулах гэж ухаан санаагаа урж тасчин, уяа шузганы манаа болж явсан

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 07 -нд

Сүхбаатар аймгаас төрөн гарч, домог мэт яригддаг байсан Нийгмийн хонгор, Ма-гийн хүрэн халзанг уяж сойж байсан, армийн бэлтгэл хурандаа Төмөртогоогийн Галинатай ярилцаж байна. Энэ хоёр морь 1960-1970-аад оны үед “Салхитай ижилссэн адгуус” хэмээн яригдаж байж билээ.

-Хоёр хурдныг хамгийн сайн мэдэх хүний нэг нь та. Хоёул яриагаа Нийгмийн хонгороос эхлэх үү?
-Болох л юм. Хонгор морь бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу. Нэгдлийн данстай морь байсан учир Нийгмийн хонгор гэсэн нэр анх гарсан юм. Дорж гэж нутгийн нэртэй сайн уяач уядаг байсан. Унасан хүүхдүүд нь одоо бий л дээ. 1970-аад оны үед аймаг, сумандаа уралдахад өмнөө морь оруулж үзээгүй амьтан даа. Энэ цуутай хурдан хүлгийг 1970-аад оны үед их сурталчилсан. Айл болгонд фото зураг нь байдаг байлаа. Одоо ч адуутай айлуудын жаазанд байж л байдаг юм.
-Анх ер нь яаж тодорсон юм бол?
-1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ой боллоо. Улаанбаатар хот, бүх аймаг, сумдад урьдчилан зар тараагдаж, морины спартакиад болсон юм. Хавар тавдугаар сарын нэгнээс сумдын морин уралдаан, шалгарсан морьд нь аймагт уралдан, тэндээс аймаг бүрийн нэг морь улсад урилгаар ирж уралдсан юм. Энэ уралдаануудын нэг онцлог нь түрүүлсэн морины хурдалсан хугацааг цаг, минутаар маш нарийн гаргаж, хэр зэрэг хурдан адуу вэ гэдгийг тогтоож байсан нь. Сумдын уралдаанд Сүхбаатар сумаас Нийгмийн хонгор, Онгон сумаас Мажигсүрэн (Ма)-гийн хүрэн халзан гэхчилэн түрүү магнай авсан морьд аймагтаа очиж уралдсан. Энэ уралдаанд Нийгмийн хонгор, Ма-гийн хүрэн хоёр зуузай холбож явснаа барианы газар дөхөж очоод Ма-гийн хүрэн бүдэрч аман хүзүүдээд, Нийгмийн хонгор түрүүлсэн гэдэг юм. Яг тэр уралдааныг нь би нүдээр үзээгүй. Морь дагасан хүмүүсийн л яриа шүү дээ. Нийгмийн хонгорын туулсан цаг хугацаа нь бүх аймаг, хотын түрүүлсэн морьдынхоос богино байдаг гэдэг юм. Тэгээд л Нийгмийн хонгор Ардын хувьсгалын их баяр наадамдаа уригдан нэр цуу нь орон даяар түгсэн.
-Ма-гийн хүрэн халзанг уриагүй юу?
-Албан ёсны урилга өгөөгүй. Эзэн хүн хувиараа очиж уралдуулж болно л гэсэн юм билээ. Тийм боломж хаа байх билээ дээ. Нийгмийн хонгор бол бараг л төрийн хамгаалалтанд, аймаг, сум нь хамаг хүчээ тавин авч явлаа. Сар гаруйн өмнөөс олон хонгор адуутай, олон малчин уяачтай, тааваар нь авчирсан. Хүрэн халзанг бол тийм байдлаар авч явах боломж үнэндээ байгаагүй. 700 км газраас морь авчирч уралдуулна гэдэг баргийн хүний ажил биш. Тэр үед чинь морийг машинд ачиж мэддэггүй, дээрээс ч хатуу хориглосон хууль дүрэмтэй байлаа. Тухайн үед Геологи, уул уурхайн яамны сайд байсан Хурц нутгаасаа хурдан морь машинд ачиж ирээд буруудсан гэх яриа ч гарч л байсан. Ер нь хурдан морьтой хүмүүс хөлөөр нь л авчирч уралдуулдаг байлаа. Тэгээд хүрэн морь ирж уралдаж чадаагүй юм.
-Хонгор морь энэ наадамд хэр зэрэг давхилаа.
-Гавиагүй. Цээжинд гарсан боловч Айцыг өгсөхдөө нэлээн хойшилж айргийн тавд орж бараагүй. Адгуус гэдэг амьтанд их учир бий. Хүн аяншиж ядардаг бол адгуус ч гэсэн ядарна. Морь мэддэг хүмүүс Нийгмийн хонгорыг олон л янзаар тайлбарласан. 700 км газрыг туулж, янз бүрийн ус, өвс ногоогоор өл залгаж явсан нь голлон нөлөөлсөн гэх юм билээ. Зарим нь хэтэрхий сурталчилж, хар цагаан хэл ам болсон л гэдэг юм. 
-Нийгмийн хонгорыг их гадуурхсан, хорлох гэж оролдсон гэх яриа тасрахгүй байсан.

-Тэр нь ч гайгүй байх аа. Би ойр зуур байж л байсан, юм мэдэгдээгүй. Ер нь хонгор морины уяач, унах хүүхдийг их нууцалж, байнгын хамгаалалтанд байлгасан шүү дээ. Яг ижил зүсмийн хэдэн хонгор морьтой хамт байлган, Нийгмийн хонгорыг эздээс нь өөр хүн бараг мэддэггүй байсан. Сурвалжлагч, сонирхогчдыг ирэхэд өөр хонгор морь үзүүлдэг байв. Уралдахад нь жинхэнэ хонгор морио явуулсан гэдэг юм. 
-Уралдааны замд Нийгмийн хонгорыг хэсэг хүүхэд зохион байгуулалттайгаар хашиж, хааж байсан гэх яриа гарсан.
-Тийм юм мэдэгдээгүй. Үгүй байлгүй дээ.
-Нийгмийн хонгорыг хаа явсан газарт нь хүмүүс бөөнөөрөө дагаж ,нэхэж байсан гэх юм билээ.

-Дэндүү их өргөмжлөгдсөн хүлэг дээ. Тухайн үед ХАА-н яамны сайд байсан М.Даш гуай Нийгмийн хонгорыг стадионд оруулж, тойрог замаар явуулж олон түмэнд сонирхуулъя гэсэн юм билээ. Тэгсэн чинь хүмүүс бүчээд, хөлсөнд нь хүрэх гэж үхэлдсэн шүү дээ. Зарим настан мөргөж сүсэглэж хүртэл байсан.
-Хоёул Ма-гийн хүрэн халзан морины тухай ярилцах уу?

-Тэгье. Энэ цуутай хурдан хүлэг нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Галсанжамцын адууных. Их сонин тохиолдлоор гарч ирсэн морь доо. Нутгийн нэг хүн Галсанжамцаас “Уяж хурдлуулчихаар морь байна уу” гэж. Галсанжамц тэр хүнд хүрэн халзан үрээгээ өгсөн гэдэг. Нөгөө нөхөр халзан үрээг хэдэн удаа уясан чинь огт явсангүй. Тэр хүн Галсанжамцад жаахан гомдонгуй байдлаар буцааж авчирч өгөхөд энэ морь Галсанжамцын Ташуур халзан нэртэй болсон байв. Ташуурдаад байхад явдаггүй гэсэн санаа л даа. Тэгэхэд Галсанжамц нөгөө нөхөрт “Гайгүй ээ. Би халзан морио чиний нүдэнд харагдах, чихэнд сонсогдох газар, хүнд өгчихнө өө. Чи харна аа” гэж байсан гэдэг. Галсанжамц жил болгон Онгон, Дарьганга руу очиж рашаан уудаг хүн байж. Нэг удаа рашаанд очоод байхдаа хүнс хоолоор хомсдон, нутгийн Дамдиндорж гэх хүнд халзан морио тарган бяруугаар өгчихсөн байна. Дугаржавын Дамдиндорж гэгч энэ хүн өөрийн хамаатан Онгон сумын ерөнхий нягтлан бодогч, морь их сонирхдог Төмөртогоогийн Мажигсүрэнд өнөөх морио бэлэглэхдээ “Энэ морины ид шидийг Ма-л үзэж магадгүй” гэсэн юм билээ. Ингэж бяруугаар худалдагдсан хүрэн халзан морь миний төрсөн ах Ма-гийн адуун сүрэгт ирсэн түүхтэй. 
-Танай ах нэртэй уяач хүн үү?

-Сум нэгдлийн тэргүүний ня-бо гэж их хүндтэй хүн байлаа. Нягтлан бодогч хүн зав чөлөө байх биш дээ. Амралтаа авч л морь уядаг, моринд хорхойтой хүн байсан. Ер нь зав чөлөө л гарвал уяан дээр байдаг хүн дээ. Халзан морио хурдлуулах гэж ухаан санаагаа урж тасчин, уяа шузганы манаа болж явсан хүн. Мориныхоо үр шимийг ч үзсэн. Аймаг, сумын олон түрүү авсан даа. Нийгмийн хонгортой зуузай холбож, тоосонд нь явсан аргамаг хурдан хүлэг Ма-гийн минь хүрэн халзангаас өөр олон байхгүй байх аа.


-Хүрэн морь 50 жилийн ойн баяр наадмаар нутагтаа уралдсан уу?
-Тэгсэн. Хөгийн юм болсоон. Наадмаас өмнөхөн ах минь ярьж байна. “Сумын удирдлагууд “Нэг бол нягтлангаа хий. Нөгөө бол ажлаа өгчихөөд морио уяад яв гэж байна. Би яаж цалинтай ажлаа өгөх билээ. Дүү минь ирж миний морийг уяж уралдуул” гэж байна шүү. Ах минь арга нь барагдахдаа л тэгсэн байх. Би чинь барилгын цэрэгт алба хааж байгаа жирийн л нэг офицер. Багадаа морь малтай ноцолдож л байсан. Хөндийрөөд удсан гэлээ ч морь мэддэг монгол хүн байна даа гэж бодоод “За” гэчихлээ. Амралтаа аваад нутагтаа очиж, ахынхаа хүрэн халзан морийг уялаа даа. Ма минь уяа сойлгыг нь тааруулсан, хачин сайхан амьтан байна аа. Ах минь ажилдаа шамдаж, би гэдэг хүн уяач болдог байгаа. Долдугаар сарын 7-нд азарга, соёолон хоёрыг хамт сунгалаа. Соёолон унах хүүхэдгүй болохоор их насны морио унаж байсан Борхүүхэн гэж охиныг унуулаад явуулчихлаа. Сунгаа ид дундаа явж байтал нэг морь бүдэрч унаад, ард нь ойрхон явсан морьд бүгд унаж, гурван хүүхэд нь давхраараа ойчдог байгаа. Хоёр хүүхдийнх нь гар хөл хугарч хүнд гэмтээд, хүрэн халзанг унасан Борхүүхэн маань ухаангүй. Хүүхдүүдийг эмнэлэгт аваачиж, гэр орныхон нь сахилаа. Морины эзэн миний ах Мажигсүрэн ч эхнэр Долмоогийн хамт өнөөх хүүхдийг эмнэлэгт сахих нь тэр. Би гэдэг хүн зөвлөх уяачгүй, унах хүүхэдгүй, сойлттой ганц хүрэн халзантайгаа үлдэж байгаа юм. Наадам хариугүй болох гээд байдаг, яалтай билээ.
-Хүүхэд ухаан ордоггүй юу?
-Ухаан оролгүй гурав хонолоо. Долдугаар сарын 10-нд нутгийн Жигээ бариачийг дуудаж үзүүлсэн чинь тархи нь хөдөлж гээд хэд барьсан чинь ухаан орлоо. Гэхдээ хүүхдийн бие сулхан, эмч нар эм тариа хийгээд л байгаа. Гурван хүүхэд ч өдрөөс өдөрт сэргэлээ.
Миний эгчийн нөхөр “Хүүгээрээ унуулъя” гэж байна. Хүү нь Самбуу гэж одоо том эр бий л дээ. Уралдааны морь унаж үзээгүй хүүхдээр халзан морио унуулаад тавьчихлаа шүү. Дөрөөг нь холбож өгөөд, морь эргүүлэх хүнтэй хамт явуулчихлаа. Дотор түгшиж байна аа. Ма ч байнга асуугаад л байгаа. Морьд эргэж, тоос гарлаа. Дурандсан чинь тасархай нэг юм яваад байна. Эхлээд мотоцикльтой хүн гэж бодсон.Ойртоод ирсэн чинь Ма-гийн халзан морь мөн байна. Тасарна гэхэд дэндүү тасархай ирсэн. Морь бариад хөлсийг нь хусаад дуусч байхад дараагийн морь ирж байгаа юм шүү дээ. Ижилгүй хурдан хүлэг байгаа биз?
-Хүрэн халзан морь олон жил уралдсан уу?

-Нэлээн хэдэн жил аймаг, сумынхаа түрүүг хамсан. Би ч хөдөө морьтой ноцолдож чадалгүй хотод ирж цэргийн албаа хашсан. Ма минь нэлээд хэдэн жил уяж, тоосыг нь харсан даа. Тэгж байтал хөл нь муудаж, хөгширч уралдахаа больсон. Нэг жил Ма минь халдварт шараар өвчилж ком болоод үхэхэд туллаа. Сумын эмнэлэгт хэвтээд янз бүрийн эмчилгээ хийсэн чинь засал авахгүй байв. Яг энэ үеэр Улаанбаатар хотоос манай нутгийн их ламтан Инпай буюу Лувсандагва хүрч очсон гэдэг юм. Бидний ээж Адьяа ламтанд барих өргөл барьц олдохгүй ядаж байснаа хөгшин хүрэн морио нэгдэлд 180 төгрөгөөр өгчихсөн гэдэг. Тэгээд хурдан морь маань нэгдлийн адуун сүрэгт нийлж нийгмийн хүрэн болсон. Ээж маань 180 төгрөгнөөс Импай ламтанд барьж хүүгээ аргалуулсан аж. Ма ч төдхөн эдгэрч “Сайн морь эзнээ заавал аварч байдаг амьтан” хэмээн орсон гарсан хүмүүст хуучилдаг байсан гэдэг.
-Хурдан хүрэнгийн хувь тавилан ямраар төгсөө бол.
-Хөгшин хүрэн морь нэгдлийн адуун сүрэгт захдуухан явдаг байсан гэдэг юм. Сүүлдээ их таргалж, уналга ачаа даахгүй их ядарсан гэнэ лээ. Хамраас нь ус, нүднээс нь нулимс гоожсон өрөвдмөөр амьтан байж. Адуучин нь хүмүүст өгөх гэхээр авдаггүй. Хурдан хүрэнгээ алж идэлтэй биш, зөнгөөрөө явж байгаад эцэслэг гэдэг байсан юм билээ. Тэгээд адуучин нь “Хурдан хүрэн маань уулын мухарт зөнөглөж үхсэн” гэж ярьсныг сонссон. Ма бид хоёр хүрэн морио үхсэнийг дуулаад толгойг нь авч уулаа тахих гэж зөндөө эрээд олоогүй. Адуунд хайртай нэг нь аваа биз дээ. Онгон сумын хойд өндөрлөг дээр “адууны овоо” болгож олон арван хурдан хүлгийнхээ толгойг тахисан байна билээ. Тэр дунд ч хүрэн морины минь толгой байхыг үгүйсгэхгүй. 
Ярилцсан МУСГЗ Г.Жамъян
“Өдрийн сонин”. 2011 он


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.