СТА Д.Ариунболд: Би 49 дэх жилдээ адууны бүх “шидийг” ашиглаж хүний дайтай яваа хүн дээ

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 13 -нд

“Есөн шид”-тэй түүнтэй ярилцах хамгийн амттай байлаа. Морь уяна, морьтны үзүүлбэр үзүүлнэ, дуу дуулж, шүлэг бичнэ, морь эмнэж домноно гээд л. Гэхдээ энэ удаад гэхдээ оршлоо хойш тавиад уншигч танаа түүний яриаг санал болгож байна. Таалан болгооно уу.

-Хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн гэрэл гэгээтэй, нандин тод дурсамжуудыг үлдээж одсон байдаг. Хоёулаа таны бага насны тэр дурсамжуудаас яриагаа эхлэх үү?

-Би бол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтайн гол, Үүрийн гол хоёрын завсарт гурван настай морины нуруун дээр гарсан хүү байгаа юм. Намайг хүн болгосон хөгшчүүд бол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул, өвөө Хасын Зэгвэ, эмээ Нямын Буянжаргал гэж байлаа. Би чинь гурван нас зургаан сартай эдэн дээрээ очсон байдаг. Сая өөрийг тань асуухаар бодоход, хөөрхий эмээ минь өөрийн амины бор морьтой. Тэрийгээ зайдан уначихаад л ийш тийшээ рашаан эмчилгээ, сувилгаанд явдаг сан. Тэр тоолондоо хүүгээсээ ер салахгүй, хоёулаа явна. Хоёр хөгшин маань сайхан дуулах, хүнд тусархуу байх, ямар нэгэн юм эхэлсэн бол заавал дуусгадаг чанарыг суулгаж өгч гэж одоо боддог юм. Харин ээж, аав маань насаараа сүүний үйлдвэрт ажиллаж, одоо гавьяаныхаа амралтанд суусан улс бий.

          Би чинь өнөөдрийг хүртэл 49 дэх жилдээ морь ярьж, унаж, судалж, эмчилж, адууны бүх шидийг ашиглаж хүний дайтай яваа хүн дээ. Энэ хугацаанд адууны буянаар 20 гаруй жил хүний орныг тойрон ажиллалаа. Тэгж явахадаа “Би больё доо” гэж нэг ч удаа бодож явсангүй. Аливаа юманд хүрэхэд бэрхшээл, зовлон зөндөө шүү дээ. Тэрийг давах чадлыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уул ус, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд намайг хүн болгосон буурлууд маань өгч дээ гэж боддог.

-Таныг Цагаан-Үүр сумынх гэсэн ч Архангай аймагт төрсөн юм тийм ээ?

-Сүүний үйлдвэр гэдэг чинь хамгийн энгийнээр тайлбарлавал бүх газраас сүү авчраад, найрлагын хувьд ижил түвшинд болгоод, халдваргүйтэл, ариутгалыг хийгээд цөцгий, тараг гэхчилэн хийдэг. Гэтэл хүмүүс сүүний үйлдвэр гэхээр сүү аваачиж тушаадаг гэж энгийнээр ойлгодог. Сүүний үйлдвэр, завод гэж байсан. Дээр үед бүх аймаг, сумд сүүний фермтэй байлаа. Миний хүүхэд нас өдөр нь тугалаа хариулна. Өглөө, орой үнээгээ ивэлгэнэ. Тэгээд сүүгээ зөөнө. Бургалтайн цэцэгт хөндийгөөр өөрөөсөө том хоёр 10-ын бидон мөрлөөд сүүгээ зөөдөг байлаа даа. Ээж маань чанар хариуцсан сүүний мэргэжилтэн, технологич. Аав маань сүүний үйлдвэрт одоо энэ орчин цагийн ааруул, элдвийн бүтээгдэхүүн хийдэг анхны техникийг хийсэн хүн. Энэ хоёр маань найман сар Архангайд томилолтоор ажилласан гэж ярьдаг. Намайг төрснөөс нэг их удалгүй Улаанбаатарт ирээд, дараагийн дүү төрсөн.

-Тэгвэл эмээ, өвөөгийнд олон сайхан дурсамж үлдсэн байх даа.

-Тийм шүү. Миний хувьд хамгийн анхны тээврийн хэрэгсэл бол морь байлаа. Адууны хөл алдаад ташаа давдаг харгиатай Үүрийн голоор морьтойгоо гарс байсныг бүүр түүрхэн санадаг юм. Буруу ч байж магадгүй. Намайг цагаан морь унуулчихаад “Миний хүү, ус руу битгий хараарай. Бүүрэгнээсээ сайн бариарай” гэж байсан санагддаг. Их усаар чинь эрсдэл өндөр учраас сундалж гарч болохгүй. Морь чинь гол руу ороод л хөл алддаг. Тэгээд хөөрхий аль нэг тал руугаа хөндлөн сэлдэг юм. Тэгж анх морины нуруун дээр гарсан. Гэхдээ одоотой адил хүссэн үедээ морь унахгүй. Хааяахан унана. Тэр тоолондоо бага багаар сураад мориныхоо чөдрийг авдаг, хаа дуртай газраасаа морддог болоход сая морь унах эрхээ нэмүүлдэг байлаа.

-Энэ цагт бол хүүхдээр морь унуулах эсэх унуулах тухай асуудал яригдаж байна. Та энд ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол уламжлал бол бичиж тэмдэглэж аваагүй болохоос тэр чигээрээ шинжлэх ухаан юм. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр би сүүлийн таван жил БНХАУ-ын олон газар тоглолтоор явлаа. Энд далимдуулахад Хятад улсад их, бага тэмцээнд оролцоод нэг түрүү, таван айраг авчихлаа. Монгол Улс хүүхдээр морио унуулж уралдуулах, уралдуулахгүй тухай яриад, учир жанцангаа олохгүй байхын завсар аль хэдийнэ өмнөд нутгийн хил залгаа улсад хүүхдүүд очоод өвөрлөгч нутгийн морьдыг унаад уралдаж байна. Бүүр өвөл, хавар, зунгүй уралдаж байна. Дэндүү өнгөц талаас нь бид яриад байна аа. Би монгол хүн, түмний олон хүүхдийг, моринд томдсон маш олон залуусыг, жишээлбэл, морины шоуны найруулагч, сургагч багш хийж, 2400 гаруй хүнийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн багш хүн. Тэгэхээр морь унуулахын тулд, жишээлбэл, ахуйд морь унуулж сургах, эсхүл хурдан морь унуулж сургахын тулд заавал дуртай, дургүй гэхгүйгээр хоёр л арга байдаг. Нэг нь айдас. Яагаад намайг гурав, дөрвөн настай морь унуулж сургаж байгаа юм бэ гэхээр унана шүү, бэртэнэ шүү, хохирно шүү гэдэг юм суугаагүй нялхаараа байгаа. Тэгэхээр ийм гоё амьтныг хайрладаг сэтгэл дээр нь морь унуулж сургачихаар ижилсчихэж байгаа юм. Одоо би бол моринд томдсон юм уу, эсхүл өөр төрөл, мэргэжлийн залуучуудыг сургаж байна. Үүний тулд эхлээд ухамсарт нь суулгаж өгөх ёстой. Үүнд, та яагаад морь унах ёстой вэ. Морь унахын тулд ямар шаардлага хангаж байж аюул осолгүй байх вэ гэхчилэн. Монголын уламжлал бол ерөөсөө ахуй. Хүүтэй боллоо бол эмээл төхөөрөөд өгчихдөг. Түүнийг харж өсөж байгаа хүүхэд удахгүй л өнөө эмээлээ тохоод морь унахыг хүснэ. Морь унадаг болохын тулд морьтойгоо хамгийн ойрхон байх ёстойг өөрийнхөө амьдралаар л ойлгуул. Ингээд яриад байвал маш урт юм болно. Товчхон хэлэхэд, хорих тусам хүн хөндийрдөг. Жишээлбэл, машинаа барихгүй 10 хоноход “Яг өнөөдөр машинаа бариад бушуухан хүрээд ир” гэвэл жаахан жийрхдэг биз дээ. Түүнтэй яг адилхан. Ойр байх тусмаа чадвар сууна. Хүн, адгуус хоёр ижилсэнэ. Тэрнээс тусад нь байлгаж байснаа “За сарын дараа шүү” гээд нийлүүлбэл тэр тоолонд эрсдэл гарна. Яагаад гэвэл адуу ярьдаггүй болохоос маш эмзэг, мэдрэмтгий амьтан. Эзнээ үнэр, дуу, хөдөлгөөнөөр нь таньдаг. Бүрэнхийд дуугаар нь танина. Бүр харагдахгүй бол үнэрээр нь мэднэ. Үгүй бол барааны газраас эзнээ алхаж, гүйж явааг хараад танидаг. Тийм учраас ижилсэх ёстой гээд байгаа юм. Цуг байх хугацаа хэрэгтэй байгаа биз дээ. Хэрэв зээ дэлхий нийт гэж байгаа бол бүр шулуухан хурдан морины сургууль, цэцэрлэг байгуулах хэрэгтэй.


- Тийм шүү. Уралдаанч хүүхдүүдээ бэлтгэдэг сургалтын төвүүд бий болгож, хичээлийн бус цагаар хичээллээд явж болмоор санагддаг юм.

- Одоо энд хоёр л зам байна. Уламжлалт маягаар ямар ч хөлс, хүч зарахгүйгээр өөрөө өөрийнхөө хүүхдээр морь унуулах. Үгүй бол бэлтгэгдсэн буюу чадварлаг хүүхдийг хөлсийг нь тохироод унуулах. Та бид хоёрын ярьснаар хүүхэд сургаж авна гэхээр морь унаад идэвхтэй уралдах үе нь манайд долоон нас гээд заачихлаа. Эвгүй л юм, бие хаа нь өсч задрахгүй бол 14 хүртэл унаж байна. Тэгэхээр байгаль, физиологи хүний хүслээр болохгүй шүү дээ. Нэг л хавар суга өсчихөнгүүт хоёр хохирол бий. Нэгд нь, 4-5 жил сургаж байж арай гэж морио мэдэрч уралддаг сайн уралдаанчтай болох гэж байтал дараа хавар нь мориндоо томдчихно. Энэ нь уяач, бэлдсэн хүндээ хохиролтой. Нөгөө талдаа бүх сэтгэлээрээ моринд дурлачихсан хүүхдийн бие томроход нь хайрлаж байсан уяач шууд буруу хараад, дараагийн хүүхэд рүү яваад өгдөг. Хүүхдийн сэтгэлд юу үлддэг гээч. Би гашуун үнэнийг би хэлье. Нэгдүгээрт, сурсан эрдэм байхгүй. Хоёрдугаарт, “Энэ моринд мундаг шүү” гэж хөөргөсөөр байгаад суурь характерийг нь үгүй болгочихдог. Гуравт нь, ерөнхий эрдмийн боловсрол олох, түмэнтэй хамт байх нас нь маш ихээр хоцорчихсон байдаг. Зарим хүн “Орк” гэж яриад байна. “Орк” гэдгийг хэн бий болгосон юм. Зөвхөн морьтой улс уралдах биш, бидний залгамж бол морь унаж дарцаглаж яваа залуучууд. Зуны 40, өвлийн 30 хэд, нэмэх, хасахын 70 хэм дотор тэсвэр заан амьдарч байгаа монгол уламжлалыг хэн залгах юм. Морь унаж яваа энэ залуучууд бүгдээрээ залгана. Тэгэхээр энэ залуучуудыг өсч, ухаан суух, боловсрох насан дээр нь түр зуурын уралдаанд ашиглаад хаяж болохгүй. Тэгэхээр маш холын бэлтгэл хэрэгтэй байгаа биз дээ.

-Таны ажигласнаар хүүхдийг хэдэн наснаас морины нуруун дээр гаргах нь зөв бэ?

-Орчин цагт их хэцүү байна. Жишээлбэл, Ариунболд гэж нөхөр моринд арай гайгүй. “Энэ дотроос энэ хүү арай сэргэлэн юм байна. Эхлээд өөртэй нь уулзъя” гээд уулзаад дараа нь “Чи морь унах уу” гэж асуудаг. Энд хэн ч нүдийг нь боож, чихийг нь таглаад авч яваагүй. Энэ бол үнэн. Гэхдээ алдаа нь ээж, аав нь морины эзэнд даатгаад л орхичихдог. Нөгөө нөхөр мөнхийн морь, хүүхэд хоёроо харж, анхаарал хандуулж чадахгүй. Дундуур нь ажил, бизнес, гэр орон гээд явах хойгуур нь хүүхэд хохирч үлддэг. Үүнийг нь түмэн олон болохоор “Баячууд хүний хүүхдээр зугаацлаа” гэж хардаг бас ярьдаг. Хөндлөнгийн мэдээлэлд дэндүү автаж байна. Жишээлбэл, энэ Монголын амьдрал бүгд болохгүй байгаа юу гэвэл үгүй шүү дээ. Хүний нутгаар явж байгаад ирэхэд монголчууд найрсаг байна. Яваад ирэхэд сайхан гүүр барьчихсан л байна. Яваад ирэхэд хүмүүс гарцаараа гардаг болчихсон байна. Энэ мэт сайнаа ярихгүй, тэр дотор байгаа мууг нь шүүмжилж ярихаар нийтээрээ буруу ойлгодог. 160 мянган уяач байдаг юм гэнэ лээ. Албан ёсны тоо гарсан юм уу, гараагүй юм уу мэдэхгүй л дээ.

-120 мянга гэж байсан. 160 болчихсон байна уу?

-Тэр дотор ухамсарлахгүй, хөөргөн дэвэргэн, яаруугаасаа болоод хүүхдээ хайнга тавиад эрсдэл гаргадаг нөхөр байна. Тийм учраас хүүхэд морь унах нас бол 4-5. Хамгийн боломжтой нас байх гэж би боддог. Мэргэжлийн хүмүүсийн хувьд монгол залуучуудад “Чи монгол хүн болсных адуу гэдэг амьтан чинь долоон хос, 48 хромсомтой” гэдгээс нь эхлээд заадаг. “Чи морь унах болж байгаа юм байна, яагаад вэ” гэдгийг тархинд нь ухааруулаад, зүрхэнд нь галыг нь асаагаад өгөхөөр болчихдог эд.

-Тэнэг асуулт байж мэднэ. Гэхдээ багаасаа хурдан морь унасан хүүхдийн бие өсөхөө больчихдог гээд бас бус олон яриа олны дунд явдаг.

-Худлаа, худлаа. Байнгын ажиллагаатай миний жүжигчид 400 гаруй хүн бий. Хурдан морь унаж байгаад, эсхүл хөдөө амьдарч байгаад хотод ирж сургуульд сураад төгссөн. Дипломтой л болчихвол ажил амьдрал дээшилчихнэ гэж төөрөгдөж яваад жүжигчин болсон улс 60 орчим хувийг нь эзэлдэг. Тэр залуучууд давжаараад, хатаад жижгэрчихсэн нь үгүй. Одооны залуучууд их өсгөлүүн болсон. Бидний үед 1.60-1.65 см бол өндөрт ордог байлаа. Тэгвэл өнөөдөр манай жүжигчид дотор 1.96 см-тай, сайхан булчин шөрмөстэй хурдан морь унаж байсан залуу ч байна.

-Эсрэгээрээ морь унасны ач тусын талаар яриагаа үргэлжлүүлэх үү?

-Би Солонгос улсын Чежү арал, Бусан, Инчёонд гэхчилэн 10 гаруй жил ажиллаж, амьдарсан. Энэ жил тэр нөхдүүд /сурв. солонгосчууд/ “Бүх нийтээрээ морьтой нөхөрлөе” гэж уриа гаргаж байна лээ. Өөр нэг сонин гэвэл Европын орнуудад саажилттай, хагас хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийг мориор эмчилж байна. Яагаад тэр талаас нь харахгүй, яагаад тэр талаас нь мэдээллэхгүй байгаа юм бэ. Тэгэхээр манай холбоо, байгууллагууд морь хийгээд хүнийхээ төлөө асуудалд явцуу хандаж байна гэсэн үг. Тэртээ 6-8 мянган жилийн тэртээ өвөг дээдсүүд маань Азийн тэгш өндөрлөг газар адуу гэдэг амьтанг анх олж, гаршуулж тэжээгээд дэлхий нийтэд морь унах өндөр соёлыг түгээн дэлгэрүүлсэн гэдгийг дэлхийн олон эрдэмтэн баталчихсан шүү дээ. Аль 2000 гаруй жилийн өмнө монголчууд алтаар морь цутгасан. Тэгээд бодоод үзэх хэрэгтэй. Ийм том соёлтой ард түмэн өнөөдөрт тулж ирчихээд бараг морио унахаа больчихоод байна. Та нар хөдөөгүүр их явдаг улс гэсэн. Өнөөдөр хөдөөд морио унаж байгаа залуус байна уу?

-Цөөхөн шүү. Байгаль орчиндоо хавчигдаад, уул ус нь хашчихсан, машин тэрэг явах боломжгүй газрынхан л унаж байна. Жишээлбэл, Өвөрхангай аймгийн Уянга сумынхан байна.

-Морио унаж байсны ач холбогдлыг наанаасаа ойлго. Уул байна, энэ хоёрын хооронд жалга байна. Болсон болоогүй энэ замаар машин юм уу, мотоцикль явна. Энэ талын жалга,ц аад талын өндөр хэц дээр хүн гарахгүй. Хэзээ гарах уу, морьтойгоо явахдаа л гарна. Морьтойгоо гарсан хүн тэр уулын цаад талын эргэн тойрныг бүгдийг харж, мэднэ. Замаар явж байгаа хүн үүний цаана газар усыг нь ухаж байна уу, хулгай хийж байна уу мэдэхгүй шүү дээ. Тийм учраас мориноосоо салсны хамгийн эмгэнэл бол тэр шүү.

-Эрүүл мэндийн талаасаа...

-Морь унаж байгаа хүн хөлийн чигчий хуруунаас толгойны орой хүртэл бөх бат байдаг юм. Миний хувьд морьтой ноцолдож өөртөө гамгүй байснаасаа ганц нэг бэртсэн болохоос айхтар өвдөөд байдаггүй. Харин сүүлийн үед ажил амжуулах үүднээс машинаар явж, хөдөлгөөний хомсдол болж байна. Түүнээс морьтой нөхөрлөсний буруу гэж надад байгаагүй. Тийм ч учраас намайг дагаж олон зуун залуус, олон ээж, аав хүүгээ, охиноо надад итгэж өгдөг юм.

-Монголчууд түрүү булчирхайн үрэвслээр өвддөггүй байсан тухай Уяачдын их хурал дээр яригдаж байсан. Санаж байна уу?

-Тийм. Монгол морь, эмээл бол амьдралын туршид батлагдсан зүйл шүү дээ.

-Ингээд яриад байвал их урт үргэлжлэх нь ээ. Хүсэхгүй байгаа ч энэ хэсгийг ингээд орхихоос. Цагаан-Үүр суманд ямар ястнууд амьдардаг юм бэ?

-Халх, урианхай, буриадууд байна. Би бол халхдаа орно.

Есдүгээр ангиасаа Морин спортын төв клубт тамирчнаар орж байлаа


-Эг-Үүрээр явж байхад “Бид харуулынхан” гэдэг үгийг ихэнх нь хэлдэг юм билээ.

-Зургаан харуулын нутаг гэж ярьдаг юм л даа. Дээр үеэсээ хил зах газар сууж байсан түмний угсаа, залгаа улс л даа. Манай өвөөгийн дээдчүүл харуул явсан. Тэнхээтэй, нуруу чац өндөртэй улс байсан. Өвөөгийн маань ах нь Цэрэн гэж хүн  намайг жаахан байхад ярьж байлаа. Залуу байсан юм байлгүй. Ааваасаа нууцаар Үүрийн гол дээр жороо цагаан морьтойгоо явж байгаад морь нь мөсөн дээр хальтраад аарцгаа дэлгээд уначихгүй юу. Тэгэхэд нь эмээлтэй морио үүрч хариад аавдаа зодуулж байсан юм гэнэ лээ. Тэгэхээр тэнхээтэй улс байсан байгаа биз.

-Эг-Үүрийн харуулын удмынхан гэж ярихаараа нүд нь гялалзаад л ирдэг. Их ёс зүйтэй, байгальдаа хайртай, энэ нутгийн эзэд нь бид гэсэн дэврүүн улс байдаг. Та ч бас яриа хөөрөө өрнүүн, цөс ихтэй хүн бололтой.

-Нөлөө бол бий. Даян дээрхийн шүтээн гэж байна. Чингис хааны бага хатан Хулангийн нөхөр болох Даян дээрх гэж хүн байж. Бодит хүн байсан юм билээ. Тэр хүмүүсийн үр үндэс, хаяал улс цагийн цагт сууж байсан байна. Тэгээд тэр шүтээнээ онгон тахилт ууландаа аваачиж, бүр Дээрхийн гол гэж хүртэл бий. Би чинь “Үүр Арги” гэж нэг компанитай. Уул усаараа нэрлэсэн болоод сэтгэл өндөр явдаг юм. Тэнд л уул усанд нь, цэцэгт өвсөнд нь, цагаан хяруун дунд нь ясаа янгинатал гүйж явлаа. Тэгж байгаад үхрийн халуун шээсэнд нь хөлөө дүрж дулаацана. Намар сургуульдаа явна. Хэрэг болно гээд гутлаа далд хийчихнэ. Цаг нь болоход өнөө жоорлосон гутал маань барьсхийгээд л таардаг сан.  Хүүхэд нас ингэж л өнгөрсөн дөө. Би ч моринд дуртай, үхэр, бярууг нь зүгээр байлгадаггүй хүүхэд байлаа. Хэдэн бярууг нь сургаад уначихна. Айлын ус, түлээ, тугал эргүүлэх бүх ажилд сайн дураараа гүйнэ. Тэр хавийн Бургалтайн голын Түдэв агент, Жамбаа тааваа, Чойжамц, Цэвээндэндэв, Төмөрбаатар гээд фермд сүүгээ өгдөг айлуудын хүүхдүүдтэй наана цаана, түлээ, ус гээд уралдчихна шүү дээ.

-Морь унаж байгаагүй юм уу?

-Уналгүй яах вэ. Нохой бор гээд нохой үзэхээрээ хаашаа ч хамаагүй давхидаг, бас хадуурдаг хэцүүхэн “нөхдийг” унадаг байлаа. Манай аавын дүү Наранцэцэг эгчийн нөхөр киномеханикч Самбуу ахын хурдан хоёр хээр морийг бас унадаг байсан юм. Гэхдээ бүтэлтэй унаж байгаагүй ээ. Нэг удаа унасан чинь морьд эргээд, хэсэг хугацааны дараа сэрсэн чинь дээшээ хараад уначихсан, гараа гишгүүлчихсэн байсан. Тухайн үед ёслолын  цагаан цамцаа өмсчихсөн их л ганган нөхөр явсныг яана. Тэрнээс бусад үед хадлан тэжээлд явах, сүүнд явах, тушаахад хамгийн ааштай нь л унадаг байсан даа.  Манай энд чинь хөрс зөөлөн болохоор бяртай адуу л уралддаг. Төрийн наадмын хурдан морь тайлбарлахдаа Цагаандалай бороотой өдөр “За, бороо орсоон. Газар татуургатай” гэдэг дээ. Нойтон газар чинь тэнхээ бардаг байх нь л дээ.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Циркчин. Одоо шоуны найруулагч, морь сургагч  хийж байна. Ганц морь ч биш баавгай, чоно, шонхор гээд олон амьтан сургалаа. 1980-аад оны дундуур циркт ажиллаж байгаад морьтой холбогдож, уяачидтай танилцан улмаар маш олон морийг эмчилж, бүр төрийн наадмын хурдан морины уралдааныг хүртэл тайлбарлаж явлаа. Хүний өөрийн нутагт 600-700-гаад морь эмчилсэн байдаг. Бас СУИС-ийг төгссөн, уртын дуучин мэргэжлээр төгссөн. Бага байхын л эмээтэйгээ дуулж хуурддаг байсан юм. Эмээ маань их сайхан дуулдаг сан. Монгол хүн, уртын дуугаа дуулах ёстой гэж үздэг учраас багын мөрөөдлөө биелүүлж, нэлээн хойно уртын дуучнаар сургууль төгссөн.

-Та дунд сургуулиа төгсөөд л циркт орсон юм уу?

-Би чинь Цагаан-Үүрээсээ дунд сургууль дүүргээд, есдүгээр ангиасаа Морин спортын төв клубт тамирчнаар орж байлаа. Энд Төмөржаагийн Даваадорж багш дээр сонгомол морин спорт буюу саадтай харайлт, морины манежны уран явдал заалгадаг. Энд сонирхуулахад энд суралцагчдаас олон уяач гарсны нэг нь  Дугараа байна. Тэгж явахдаа циркийн өндөр босгыг давах аз тохиосон юм. Дамдин аварга чинь Цагаан-Үүрийнх шүү дээ. Тухайн үед Нацагийн Болдоо ах, Бандихай эд нар хүч тамирын номер хийдэг. Миний санаа бол тэр гоё номерт орчихмоор байдаг ч өндрөөрөө хасагдаад баавгай сургах ажилд томилогддог юм.

-Айгаагүй юу?

-Миний баавгайны багш Доржсүрэн байгаа юм. Өөрөө ч баавгай шиг хүн бий. Одоо сайхан буурал толгойтой өвгөн болсон. Баавгай тоглуулж байсан хүн эрүүл мэндийн шалтгаанаас аргагүй болчихоод байдаг. Гэтэл улсын төлөвлөгөөт номер тасрах гээд байна шүү дээ. Тэгэнгүүт биднээс архи, тамхи хэрэглэдэггүй, харьцааны хувьд гайгүй, бие бялдрын хувьд баавгайндаа дарлуулахгүй нэгнийг сонгох хэрэгтэй болсон юм байгаа биз. Уран сайхны зөвлөл хуралдаж энэ тухай ярилцаж л дээ. Тухайн үед циркийн дарга Норовын Батмөнх гэж хүн нэг өдөр намайг дуудлаа. Яваад орсон чинь “Чи баавгай тоглуулагч болох уу” гэхэд нь би юу ч бодолгүйгээр “Тэгье” л гэчихсэн. Өнөө бага байхын нохой тэжээдэг, тэрийгээ хөөрхөн сургачихдаг. Ойрхон санагдсан хэрэг л дээ. За тэгээд зараа, туулай, нохой, гахай, матар, аварга могой, морь, баавгай, шонхор, үнэг, хярс, хун гээд л сургаагүй амьтангүй болсон байна.

-Матар, аварга могойг хаана тэжээх үү?

-Матар, аварга могой хоёр урд бий. Хятад улсад миний хөрөнгөөрөө худалдан авч сургаад, ажилдаа хэрэглэж байгаа амьтдад байдаг юм. Тэнд 600-гаад сургуультай морь, 100 хүрэхгүй тэмээ, бас 50-60 сарлаг, 3-4 цаа буга, 2-3 тэмээн хяруул, бүргэд байна. Сая ярьсан 1.70 метрийн урттай матар ч байна. Аварга могой ч байна. Хүн чинь нэг юмыг дуусаад болчихоороо дахиад нэг юмыг сурмаар санагддаг. Саваагүй нь л тэр байх даа.

-Амьтан сургахад хэцүү юу?

-Мэдрэмж л байдаг юм. Олон жишээ бий. Тэжээсэн чонондоо бариулсан, тоглуулж байсан амьтандаа идүүлсэн гээд л. Тэр бол хүмүүс буруу харьцсанаас болсон хэрэг. Монголд ч гэлтгүй, аль ч газар хүн өөрсдийгөө тусад нь тавиад, амьтныг маниас дор гэж үздэг. Би бол тэгдэггүй. Адуу бол миний найз. Бид хүний нутагт янз бүрийн л мал, амьтад сургадаг. Мордох болгонд булгиад, оноож өгсөн шавь минь бүр айдаг адуу ч байсан. Дагийсүрэнгийн Ариунболд, Амарбаясгалан нар хоёр хар морьтой. Нэг удаа тэд “Багш аа, мордож чадахгүй байна” гэнэ. Би очоод нуухыг нь аваад, өөрөө хэлтгий дүнгэнэдэг юмтай. Тэрийгээ хэлээд, “За, та хоёр хоорондоо дэмий юм ярьж байгаад дахиад мориноосоо ойчив” гээд мордуулахад тоглолт дуустал юм ярихгүй байхад болдог тохиолдол байна. Ингээд ярихаар зарим нь “Мэднэ, мэднэ гэхэд энэ солиорч байна” гэх байх л даа. 

-Би санал нэгдэнэ. Адууг хүний дайтай тоож харьцах ёстой гэж боддог юм.

-Мориноос хүүхэд яагаад унаад байгаа юм. Ижилсээгүй учраас тэр. Морь эзнээ яаж таних юм. Ядаж суудлаар нь танина. “Нөгөө муу Ариук чинь баруун хөл нь доголон учраас зүүн өгзгөн дээрээ суудаг шүү. Нөгөөх чинь мөн байна” гээд явна шүү дээ. Эсхүл хүүхдээ “Өнөөдөр загнуулаад гомдчихсон байна. Намайг ширүүхэн дугтраад байна” гэдэг ч юм уу. Үүнийг нь бид мэдэхгүй. Хэзээ мэдэх үү гэвэл ижилссэн үедээ л мэднэ. Аль олон цаг цуг байсан үедээ л танина. Тийм учраас морины хүүхэд солихоор гомдоод, хүүхэд нь гомдохоор морь нь айрагддаггүй гэдэг яриа байдаг биз дээ. Эзэн нь ижилсээгүй, морь нь ойлгож хоцорчихдог.

-Та циркт хэдэн жил ажилласан юм бэ?

-1980-аад сүүлээр ороод 1998 оноос эмээл хазаараа үүрээд дэлхийгээр тэнэсэн.

- Морьтны харваа буюу морьтны үзүүлбэр хэдий үеэс бий болсон юм бэ?

-Морьтны үзүүлбэр бол эртнийх. Циркийн хоёр цагийн хөтөлбөрт морины номер 7-8 минут тоглодог байсныг бид Монголын морины шоу гэж өргөжүүлээд дэлхий зөвшөөрчихсөн явж байна. Бид Орос, Тайвань, Тайланд, Солонгос, Япон, Унгар, Герман, хэд хоногийн дараа Англи явна. Английн эзэн хааны морин сургуулиас намайг урьсан. Энэ чинь Монголын амжилт.

-Баавгай сургагчаар циркт тамирчин болчихсон уу?

-Би гурван орон тоон дээр ажилладаг байлаа. Нэгдүгээрт, “Морьтны золбоо” номерын морио тэжээнэ, угааж арчилна, тоглолтонд бэлдэнэ. Бас “Морьтны гайхамшиг” номерт тоглодог. Тэгээд нөгөө баавгайгаа сургана. Энэ бүгдээс олсон юм надад хэрэг болсон. Хүний нутагт эмээл хазаартайгаа очиход, жишээлбэл, хаях гэж байгаа эмчилгээгүй болсон адуунуудыг авна. Тэрийгээ эмчилнэ, монгол аргаар ханаж хатгана. Манайхан чинь ид оргил үедээ Солонгосын Чежү аралд өдрийн таван удаа тоглодог байлаа. Нэг цагийн хөтөлбөрийг өдрийн тав тоглодог. Үзэгч солигдож байх хооронд бид хөлстэй хувцсаа усанд базаад л морддог байсан. Тухайн үед Миеэгомбын Энхболд хотын дарга байсан. 21 аймгийн Засаг дарга нар семинарт оролцохоор Солонгост ирээд тун ч сүртэй хамгаалалттай ирж үзсэн юм. Костюмтай том, том дарга нар тоглолт үзээд хөлөө дэвсээд л орилоод байж билээ. Бидний морины номерыг үзээд бүгдээрээ уйлсан. Сэтгэл нь ихэд хөдөлцгөөсөн л дөө. Би бас галаар үлээж, иог хийдэг юм. Тэгсэн тэр өдрөөс хэд хоногийн өмнө гал үлээж байгаад салхинд цохиулаад гэзэг, сахалтайгаа шатаж, хоёр нүднээс доогуур цоохор болчихсон байсан юм. Тоглолтын дараа дарга нар бидэнтэй уулзахад манай аймгийн дарга ирээгүй шүү дээ. Сэжиглэсэн үү, яасан. “Би Хөвсгөлийн Цагаан-Үүрийнх. Та нар ямар мундаг вэ” гэж байхад би цаана нь уйлаад зогсож байлаа. Тэд “Та нарыг нутагтаа ирэхэд бид үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимтэй, улаан хивс дэвсээд тосно” гэцгээгээд л байсан. Амандаа хүрдэггүй л байхгүй юу.

-Морин дээрхи харвааны тухай та түрүүн ярьж байсан. Тэр хэдий үеэс вэ?

- Морин спортын төв клуб гэж байхад 1998 онд  япончууд манайд ирсэн юм. Даваадорж даргыг байхад Жаргалзориг, Чимэддорж, талийгаач Ган-Отгон, бид дөрөв Монголоос морио бэлдээд, бас япончуудын морийг бэлтгээд анхны үзүүлэх тоглолтоо Яармагийн дэнжид хийсэн юм. Япончууд чинь гоё үндэсний дээл хувцастайгаа, том том нум сумтай ирээд л. Түүнээс хойш манайх бүрхэгдүү байтал Солонгос, Польш, Орос гээд бүх улс хөгжүүлээд явж байна. Морин дээрх харвааг солонгосчууд их булаацалдаж байна. Хятадууд сүүлийн 2-3 жил л илүүтэй анхаарч байна.

Морины тухай 13 шүлэг бичсэнээс зургаа нь дуу боллоо

-Одоо спорт болчихсон уу?

-Одоо спортын төрөл болоод тогтчихлоо. Олон улсын харваачдын холбоо олимпод оруулах гээд үзээд байгаа шүү дээ. Олон улсын тэмцээнд Москва, Солонгос, Польш руу явсан. Сая Польшид Европын аварга боллоо. Манай морины шоу уран сайхны киног амьдаар нь хийдэг. Жишээлбэл, Дэлхийн аваргын тэмцээн гэхэд энгийн зургаан үзүүлбэртэйгээс морин дээр хийж болдог чирэгдэлт, хүзүүн доогуур нь гарах, гэдсэн доогуур нь гарах, бууж мордоход нь цохих гээд 24 үзүүлбэрээс тухайн тамирчин зургааг сонгож үзүүлдэг. Дээр нь байлдааны зургаан зэвсэг болох морин дээрээс хутга шидэх, нум сум харвах, гар буугаар таван бай устгах, жад шидэх, сэлмээр цавчих гээд. Тэдгээрийн нэг нь л харвалт. Тэгэхээр манайх анх удаа оролцоод 12 төрөлд нь багаараа мөнгө, хувийн төрлөөрөө хүрэл медаль авсан. Тэгээд 40 хэдэн тамирчнаас манайх гурав, дөрөв, тав, зургадугаар байрыг дарааллан эзэлж байгаа юм. Дараа нь “Монголчууд түрүүлсээн. Тэгэхдээ дүн яаж гарсныг мэдэхгүй ээ” гэж өөр өөр орны 11 спортын хэвлэлд гарсан байна лээ.

-Дуучны ажлаа хэр хийж байна даа?

-Морины тухай 13 шүлэг бичсэнээс зургаа нь дуу боллоо. Жишээлбэл, Чинбатын Махбалын халтар азарганд зориулсан “Салхин халтар” гэж дуу байна. Сүхбаатарын Дарьгангаас миний найз бэлэглэсэн мориндоо “Чандаган буурал морь” гэж зориулж бичлээ. Монгол Улсын начин Моломжамцын азарганд “Хэвлүү хүрэн” гэж зориулсан дуу бий. Ардын дуу бүжгийн чуулгын Үндэсний симфони найрал хөгжмийн 60 хөгжимчин тоглосон. Хэдхэн хоногийн дараа гарах “Онцгой эрх” гэж Монголын уран сайхны киноны дууны үгийг бичлээ. Тэгсэн тус багийнхан “Та л өөрөө дуулахгүй бол хүн дуулахгүй байна аа” гээд бичлэгт өөрөө орох болчихоод сууна. 2008 онд Өвөрмонголын Морин хуурын багш Чибулаг, Дармаа багшийн шавь нартай хамтран манай шавь нар “Тал нутгийн охид” тоглолтыг улсын циркт долоо хоног тоглосон. Энд Дармаа багшийн шавь нар морин дээр зогсоогоороо морин хуур эгшиглүүлж бүжиглэсэн. Энэ тоглолтын тайзнаа МУ-ын СТА цол тэмдгээр энгэрээ мялааж байлаа.

-Та өөрөө ямар дууг аялах дуртай вэ?

-Улсын шалгалт өгөхөд таван дууг тайзан дээр зогсож байгаад завсаргүйгээр дуулж, алдаа мадаггүй, шуранхай, цохилго, амьсгааны алдаагүй байж тэнцдэг. Тэр таван дууг нэг цаг дуулна. Би бол тэр таваасаа “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”, “Идэр жинчин”, “Хөөрхөн халиун”, “Цагаан шаргал морь” алийг нь ч дуулна.  Сүүлийн үед чинь цагаан сарын бөхийн барилдаанд дуучид амьдаараа дуулдаг болсон. Өнгөрсөн жилийн Цагаан сараар би “Цагаан шаргал морь”-ио дууллаа.

-Нэг биед ахадсан их юмыг хийх юм аа. Харваж байна, амьтан тэжээнэ, морьтны үзүүлбэр үзүүлнэ, дуу дуулж, шүлэг бичнэ, морь эмнэж домноно гээд л. Энэ “Хүлэгч” ямар учиртай юм бэ?

-Өөрөө хөдөлмөрлөж чадвал бололцооны амьдрах боломж надад байна. Амьдралын утга учир юу юм бэ. Энэ сайхан эх орон, өв соёл, уламжлалыг дараагийнхаа үед үлдээх юм. Үүний тулд мань шиг биш юм аа гэхэд манийн дайны, анзааны мэдлэгтэй байж эх орноо бүрэн бүтэн, хэнд ч доромжлуулахгүйгээр авч явах боломж бүрддэг. Морины явдал тэр чигээрээ уртын дууны айзам, хэмнэл, цаг. Хөгжим гэдэг хэмнэл. Хэмнэл гэдэг цаг. Дэлхий дээрх бүх техникийн хүчийг юугаар хэмждэг вэ. Мориор хэмждэг. Тэгэхээр монгол хүн тэр дэлхийн хүчний эзэн юм. Тэгэхээр миний шавь нар юм юмтай байх ёстой биз дээ. Миний шавь нар намайг сонсдог байхын тулд, миний шавь нар надаас юу ч асуусан би бүрэн хариулж чадах мэдлэгтэй байх ёстой. Тэгэхээр би бас хүмүүжиж байгаа биз дээ. Би энэ “Хүлэгч” цолыг 2006 онд авч байлаа. Анхны цолтнуудын нэг л дээ.

- Морийг эмнэж домнож засах буюу уламжлалт аргаар адуу эмнэхийг хаанаас, хэнээс сурав даа?

-Морийг ханаж хатгах 256 цэг байдаг. Миний хувьд амьсгааны, үе мөчний бэртэл гэмтлийг янзалж, гар бие оролцож ирсэн. Жишээлбэл, анхны зургаан Тод манлай ч гэдэг. Тэр улс сайн мэднэ. Сүүлийн үед би ажил их байгаа учраас морь эмчлэхээс хөндийрсөн. Урьд нь мал эмнэлэг, адууны эмчилгээ түгээн дэлгэрээгүй байлаа. Хэдхэн тулхтай буурлууд мэддэг, ханаж хатгадаг, тэднийг залж авчирдаг. Өвөг хөгшчүүдээс минь ирсэн судар надад байдаг. Сайн цагт сайн хүнээр уншуулаад, буулгаад авчихсан. Хэн ч, хэзээ ч хэвлээгүй. Тэгээд амьдралын эрхээр хүний нутагт, өнөөдрийн таван тоглолтонд  8-9-хөн адуунаас нэг, хоёр нь доголно. Тэднийгээ маргаашийн тоглолтонд эрүүл байлгахын тулд бид ханана, хатгана. Хүний тариа, гахайны эм өгнө. Амьдралын эрхээр сурч байгаа биз дээ. Тэгээд нутагтаа хүрээд ирэнгүүт Чежүд байсан Ариунболд морь гадарладаг, “Чи ирээд үзээд өгөөч” гэнгүүт туршлагаараа “Наадах чинь тулчихсан байна, шөрмөсөө цохичихсон байна, үе өргөсчихсөн байна” гэхэд үл итгэгч нар зөндөө байна. Би туршлагатай гэнгүүт  “Аа, гадарладаг юм байна” гэж хүлээн зөвшөөрч байгаа юм.

-Морины салбарт  ажиллаж байгаа хүний хувьд морь уях тухай бодож байв уу?

-1998 оны монгол төрийн наадамд би таван азаргаа уралдуулах гээд хөтлөөд явж байсан хүүхэд. Түүнээс хойш 20 гаруй жил тасралтгүй монгол наадамдаа морио уяж, уралдуулж байна. Монгол төрийн наадамд хараахан айрагдаагүй л дээ. Тухайлбал, 2010 оны төрийн наадмыг 20-иод км өнгөлсөн миний Чонон саарал морь байна. Тэр жилээ Хөвсгөл аймгийн “Хотгойдын хурд”-д очиж уул ус, аавын минь нэрийг дуудуулж, яг барианы наахна хадуурч нуур луу гарч явсан. Булганы бүс чинь хэзээ билээ. Миний Чонон саарал морь тасархай түрүүлж ирээд хасагдсан. Гэхдээ хэзээ нэгэн цагт айрагдана гэдэгт итгэдэг.

-Чонон саарал хаанахын адуу юм бэ?

-Дорнод аймгийн Халхгол сумын заан Жаргал гэдэг хүний адуу. Эр хүний сайхан нөхөрлөлөөр миний гар дээр ирсэн юм. Чинбатын Махбал дүү минь авчирч байлаа. Махбал дүү морьтой нөхөрлөөд, уруу татсан гэх үү дээ. Өнөөдөр Монгол Улсын Алдарт уяач болчихсон, бараг Манлай руу дөхөж явна уу.

-Энэ өвөл Манлай болно доо.

-Тийм байх. Миний эхнэрийн аав, ээж Баянхонгорын Баянбулагийн улс байлаа. Найз нөхөд дотор маань ч хонгор нутгийнхан олон бий. Тэр утгаараа сэтгэлд их ойр байдаг юм.

-Бэлэгний адуу их ирэх үү?

-Зөндөө ч би “авъя” гэсэн түүх байдаггүй.

-Адуу малыг хайрлах сэтгэл зүйтэй холбоотой юу?

-Хүн гэрээ их санадаг, тийм ээ. Чи гэрээ санадаг уу. Адуу санадаг байхгүй юу.

-Би ч бас тэгж боддог. “Гүйгүүл морин” дууг сонсохоор өөрийн эрхгүй өр өвддөг юм.

-Өнгөрсөн хавар Эрдэнэцагааны Амартайван “Баруун тийшээ зарагдсан морь минь хоёр удаа гүйгээд байна аа. Нутаг руу нь ачаад явъя даа” гээд нүүрномондоо бичсэн байсан. Тэгэхэд нь би “Найз нь цагаан моринд нэг мөргөх үү” гэж коммент бичсэн. Хэрвээ Амартайван зөвшөөрвөл би “Чи миний морь болох уу. Болохгүй бол яах вэ” гээд очиж мөргөх гээд байна шүү дээ.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Ганц охинтой.

-Охин морь малд хэр эвтэй вэ?

-Эвтэй, эвтэй. Хүний бэр болж би хүүтэй болсон. Одоо Америкт амьдарч байна.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Морьтны соёлыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, түгээн дэлгэрүүлж, зарлан тунхаглаж явж байгаа танай хамт олонд амжилт хүсье.

-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүл гарсан цагаасаа хойш 10-аад жил болчихсон байх шүү. Өнөөдөр учрах ерөөл байжээ. Ар халхын олон морины мэргэжилтэн улсаас тоож ярилцсанд баярлалаа. Үйлс бүхэн дэлгэрч байх болтугай. Үнэнийг, зөвийг түгээж яваарай.

-Баярлалаа. Хичээнэ ээ.

П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.