Сумын Алдарт уяач Д.Найманжин: Адуу бол монгол хүн бүрийн сэтгэл оюунд үнэтэй амьтан

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 31 -нд

Шивээ-Овоо III багийн харьяат, сумын Алдарт уяач. Дорж-Яндагийн Найманжин 1957 онд Бат-Өлзий сумын нутаг Цагаан азарганы дээд давааны ам хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ.

-Алдартын дээдчүүлд хусуур сойзоор гоёсон уяачид байв уу?

-Манайханд уяач цөөн шүү. Өвөө, аав маань жирийн л нэг малчин улс явлаа. Гэхдээ би багадаа хурдны морь унаж, 2010 оноос хойш бие даан морь уяж байна. Багадаа аймгийн Алдарт уяач Пүрэвжав дүүгийн аав Цэрэнгийн хүрэн морийг унадаг байлаа. Гэхдээ айраг, түрүү авч чадаагүй ээ.

-Тухайн үеийн сумын наадам ямар болох уу?

-Одоог бодвол цөөхөн морь морддог байсан юм уу. Тэр үед чинь морь уядаг хүн цөөхөн байж л дээ. Сумын наадамд дээд тал нь 20-иод морь давхина. Гэхдээ адуу нь чанартай байсан юм шиг ээ. Жинхэнэ байгалиар нь уячихаж байгаа шүү дээ. Хүүхдүүд бид бол томчуудынхаа үгэнд сайн ч орно. Одоо шиг төхөөрөмж гэж байх биш. “Тэндээс гарна шүү” л гэдэг “за” л гэдэг байсан.


-Морь нь орсон хүүхдүүдийг юугаар шагнах вэ?

-Сайндаа л гурван төгрөг өгдөг байсан байх. Тэр үеийн морины бай чинь цай, халуун савхан төдий байлаа шүү дээ. 

-Та морь унаад шагнуулж байв уу?

-Үгүй ээ. Тэр үед чинь улаан ус аваад өгөхөд л их гоё санагддаг байлаа. За тэгээд наадмын хуушуураа идээд, улаан усаа уучихвал подхийгээд л явчихна гээч. /сурв. инээв/

-2010 оноос хойш морь уясан гэлээ. Нэлээн хожуу уяжээ?

-Тийм ээ, хожуу талдаа морь уяж эхэлсэн. Би чинь айлын том хүүхэд. Тэгээд найм төгсөхөд аав ээж “Чи айлын том хүүхэд. Малаа маллаж бидэнд тусал” гээд үргэлжлүүлэн сураагүй. Хоёр жил хэртэй мал маллаад, 1977 онд цэрэгт явсан. Цэрэгт улираад 1982 онд халагдаж ирээд л хөдөө мал аж ахуй дээр гарсан. Тэр үедээ нэгдлийн дөрөвдүгээр бригадад сувай үхэр маллаж байлаа. Бас нэг хэсэг хонь малласан. Эхнэртэйгээ саалийн үнээ ч малласан. Тэгээд зах зээл ч гарахад Худалдаа үйлдвэрлэлийн ангид агент хийж яваад сүүлдээ хувиараа юм хийдэг боллоо доо.

-Юу таныг морь уяхад нөлөөлсөн юм бэ?

-Манай эхнэрийн хамаатны дүү Сүхбаатар гэж бий. Тэр 2010 онд Дорнодод явж байгаад “Ах аа энд гайгүй үрээ байна. Та авчихгүй юм уу” гэж утсаар ярилаа. Би ч олон юм бодолгүй “Аваад ир”  л гэсэн. Дорнодын Булганы Эрдэнээ гэдэг хүнээс хээр соёолон авчирч өгсөн юм. Тэгээд  өнөөхөө уяж, хэдэн жил улс бүсийн наадмуудад овоо хэд айрагдууллаа.


-Танд ирэхээсээ өмнө уралдаж байсан юм болов уу?

-Битүү соёолон ирсэн. Тэр жилээ таван сард нь Өвөрхангайн Хархоринд болсон Цагдаагийн ойгоор тавласан. Зун нь аймгийн наадамд тавьсан чинь наймаар давхилаа. Тэгээд жижиг сажиг наадмуудад хөөрхөн айрагдаад эхэлсэн. Ирсэн жилээ айраг түрүү нийлээд тав, зургааг авсан. Харин 2012 ондоо хавчиг морь Уянга суманд болсон аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Улсын наадмаар Тарагтад түрүүлээд, Дөрвөлжиний наадамд аман хүзүүдсэн. Үүн дээр жижиг наадмуудад зөндөө айрагдсаан. Даанч заримыг нь мартаад байна. 2013 онд болохоор өвөл “Арвайхээрийн хурд”-д айргийн гурваар давхисан. Зун нь Уянгын наадамд айргийн гурваар давхисан. 2015 онд Баянхонгорын бүсийн уралдаанд айргийн гурваар давхисан. Бас Гучин-Ус сумын наадамд түрүүлсэн. Мөн Уянгын сургуулийн ойд аман хүзүүдсэн. Тэгээд 2016, 2017 онуудад уясангүй.

-2018 онд?

-Аймгийн наадамд айргийн дөрөв дээр явж байгаад зургаагаар орсон.

-Одоо хэдтэй юм бэ? 

-12 настай.

-Өөр таны нэрийг гарган хурдалсан ямар адуу байна вэ?

-Би ч олон морь уясангүй ээ.

-Хээр морь чинь сайн давхиад ирэхээр урам орж, энд тэндээс адуу мал авахгүй байна уу?

-Уяад байвал болох юм байна гэж бодоод Сүхбаатар, Дорноговь, Хэнтийгээс ганц нэг юм авсан. Эндээс нэг хонгор үрээ гайгүй давхисан. Жижиг наадмуудад дандаа л айрагдсан. Тэгээд Баянхонгорын Эрдэнэцогт сумын 80 жилийн ойгоор тавласан. Гэхдээ тэрнээс хойш уясангүй. Уг нь ч өөрийн ганц нэг жижиг үрээнүүд байна. Гэхдээ шальтай давхихгүй юм. Хээр мориороо л гайгүй наадаж байтал болно доо гэж боддог.


-Одоо танай морьд хаана байдаг вэ?

-Пүрэвжав дээр бий.

-Морь уях нь монгол хүнд тэр тусмаа эр хүнд ямар мэдрэмжийг өгдөг юм бэ?

-Бид чинь багаасаа л морин дэл дээр дэрвэж өслөө. Бараг л хөлд ороод морь унаж сурсан болохоор монгол хүний цусанд байдаг юм болов уу. Монгол хүн бүрийн л сэтгэл оюунд үнэтэй амьтан гэж боддог.

-Өнгөрсөн хугацаанд уяачийн хувьд хамгийн их догдлуулсан наадам хэзээ байв?

-“Арвайхээрийн хурд”-аас айраг авах их сайхан байлаа. Тэр үед Хамбагын хүрэн гэж морь аман хүзүүдээд, Алтангэрэл уяачийн морь түрүүлсэн. Би тэгэхэд хотод эмнэлэгт хэвтэж байсан юм. Манай хэд утсаар байнга мэдээлэл өгөөд л байгаа юм. “Морь чинь тэд дээр явна шүү” гэхээр  ойрхон л байгаа юм шиг санагдаад, бүүр цонхоороо хүртэл харж билээ. Тэгээд цоллогоон дээр нь байгаагүй.

-Мориныхоо уяагаар байнга очих уу?

-Байнга очиж чадахгүй ээ. Ирэн очин л явдаг юм.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна