Мал эмнэлгийн ухааны дэд доктор Б.Пүрэвцэрэн: Монгол орны хувьд адууны 5-6 төрлийн вирусийн өвчин тохиолддог

Сэтгүүлч
2020 оны 6-р сарын 01 -нд

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн зочноор Завхан аймгийн Тэс сумын уугуул, мал эмнэлгийн ухааны дэд доктор Бямбын Пүрэвцэрэн уригдаж, адуунд тохиолддог вирусийн гаралтай өвчнүүд, түүний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргын талаар зөвлөлөө.

-Урилгыг маань хүлээн авч, ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Энэ удаад адуунд тохиолддог вирусийн гаралтай өвчнүүдийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

 Баярлалаа. Мал амьтанд тохиолддог өвчнийг халдвартай, халдваргүй, паразитын өвчин гэж гурван том ангилалд хуваадаг. Эндээс халдварт өвчнийг вирусийн, бактерийн, мөөгөнцрийн, риккетсийн, халмидоз гэж тав ангилна. Үүнээс Монгол орны хувьд адууны 5-6 төрлийн вирусийн  өвчин тохиолддог. Харин судалгаа шинжилгээгээр цус багадах, японский энцефалит, дорнын энцефалит гэхчилэн 10 гаруй өвчнийг нэрлэсэн байдаг. Энцефалит гэдэг  нь тархи, нугасны үрэвслийг хэлж байгаа юм. 

-Эргүү тусна гэдэг мөн үү?

-Эргүү бол биш. Эргүү бол паразитын гаралтай өвчин. Монголд үндсэндээ тархи, нугасны үрэвсэл бүхий 2-3 өвчин байна. Малын галзуу өвчин, амьсгалын замын үрэвслээр илэрдэг уушгины халдварт үрэвсэл, ханиад буюу томуу, вирусийн гаралтай хээл хаялт түгээмэл тохиолддог. Энэ дотроос адууны ханиад гэхэд уг нь 12-13 жилийн давтамжтайгаар тохиолддог байлаа. Гэвч зах зээлийн нийгэмд шилжээд, хүн малын хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой 2-3 жилийн давтамжтайгаар гарах  болсон. Өөрөөр хэлбэл уралдаан олширсон нь адууны ханиад дэлгэрэх нэг нөхцлийг бүрдүүлж байна. Мэдээж ханиадны үед уушиг үрэвсэнэ, ханиана, хамраас шингэн ялгадас, шүүдэс гарна. Үүнээс болоод адуу халуурна. Ханиадтай адуу уралдаанд оролцлоо ч өндөр амжилт үзүүлж чадахгүй нь тодорхой шүү дээ. Ер нь Монгол Улсад энэ ханиадны талаар дорвитойхон арга хэмжээ төдийлөн сайн хийгдэхгүй өнөөдрийг хүрлээ. Адуу болон тэмээнд тарьдаг ханиадны вакцин гэж бий. Тахианы өндгөн дээр вирусийг үржүүлээд түүнээс бэлтгэдэг идэвхгүйжүүлсэн вакцин юм. Энэ идэвхгүйжүүлсэн вакциныг 14-21 хоногийн давтамжтайгаар хоёр удаа тарьчихвал  өвчлөлийн тоо буурах сайн талтай. Гэвч  өнөө л хөрөнгө мөнгөтэй холбоотой бүх адуунд хүрэлцэхүйц үйлдвэрлэж чадахгүй байгаа юм. Үүнээс гадна томуугийн эсрэг вакциныг хийж болох ч гарах болгондоо серотип буюу үүсгэгч нь өөрчлөгддөг учраас өмнө нь хийсэн нь дараагийн ханиадны гаралтыг зогсоож чаддаггүй. Өндөр хөгжсөн орнуудын хувьд урьдчилан хувьсамжийг нь тооцоолоод тухайн гарч байгаа вирусийг маш хурдан хугацаанд ялгадаг. Тэгээд дахин вакцин хийж сэргийлдэг байх жишээтэй. Манай орны тухайд ийм боломж их хомс шүү дээ.

-Ханиадыг хүйтэн сэрүүний улиралд л гардаг гэж ойлгодог. Гэтэл 2011 онд буюу АХ-ын 90 жилийн ойгоор ханиадтай адуунууд уралдаж чадаагүй. Тэгэхээр зун ч дэгдэлт нь өндөр байж болох нь ээ?

-Дорнод, Сүхбаатараас ханиадтай адуу малтай хүмүүс ирж, халдвар тарааснаас нэлээн морь уралдаж чадахгүй болсон тохиолдол бий. Би түрүүн хэллээ шүү дээ. Дээхнэ үедээ 12-13 жилд давтагддаг байсан гэж. Одоо болохоор тэнд байгаа ханиадтай нь энд ирж өвчлөөд, уралдааны дараа нутаг буцна. Ингээд Монгол оронд томуугийн халдвар тархана.  Улирал харгалзахгүй л дээ. Өвлийн улиралд бас тохиолдоно. Энэ үед гүү хээл хаяна, ханиана, турж эцнэ. Хавартаа цаг хэцүү бол үхнэ. Гэхдээ өвөл бол харьцангуй нэг нутагтаа байна. Харин зуны улиралд илүү тархалт нэмэгддэг.


-Адууны томуу ямар замаар халдварлах уу?

-Агаар дуслын замаар халдварлана. Тийм учраас их богино хугацаанд тархана. Дэлхий нийтэд жишээлбэл, салхины урсгалын дагуу 400-500 км-т 24-48 цагийн дотор тархдаг гэж үздэг. Тэгэхээр монгол оронд баруун талаас эхэлсэн бол зүүн аймгуудаар тархахад 2-3 хоногийн л асуудал болж байгаа юм.

-Адууны томуу буюу ханиадаас болж олон адуу эндсэн тохиолдол байна уу?

-1993 онд анх адууны H7N7 вирусээр үүсгэгдсэн ханиадны үед болсон. Гэхдээ тухайн үед адууны хорогдлын тоо төдийлэн их байсангүй.

-Урьдчилсан сэргийлэх ямар боломжууд байна вэ?

-Вакцинжуулж болж байна. Сүүлийн үед Чех улсаас  оруулж ирж байгаа вакциныг урьдчилаад тарьчихвал дархлаа тогтох, дэгдэлтийн үед ханиад хүрэхгүй байх магадлалтай. Гэхдээ вакцинууд 35 хоног тутамд давтан тарьж байгаа юм. Тэгээд хамгийн хямд нь 25 мянган төгрөгийн үнэтэй. Өөрөөр хэлбэл нэг удаагийн адууны тун байх нь. Тэгэхээр гурван удаагийн тариа нь 75 мянган төгрөг болдог юм билээ. Мөн мал эмнэлгийн бүртгэлд оруулаад байгаа Японы “Ниссейкэн” компанийн томуугийн вакцин байсан. Энэ вакцин монголд гарч байсан халдварын эсрэг тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Бас л сайн вакцин гэж үздэг. Мэдээж вакцины хувьд өндөр өртөгтэй. Нэг тун нь 56 мянга. Үүнийг 35 хоногийн давтамжтайгаар хоёр удаа тарьдаг. Зургаан сарын дараагаар давтан нэг тарьж байж жил хагас, хоёр жилийн дархлаа тогтоно гэж үздэг юм. Үнэндээ манай хөдөөгийн малчид, уяачид мал бүхий иргэдийн маань худалдан авах чадвар ямар билээ. Нэг адууг бараг 200 мянга шахуу төгрөгөөр вакцин тариулах нь байна шүү дээ. Энэ мэт шалтгаанаас болоод тэр бүр вакцин хийлгээд байж чаддаггүй.

-Дотоодын үйлдвэрийн вакцинууд байдаг уу?

-Дотоодын нэг вакцин бий. Сонгины био үйлдвэрт адуу, тэмээний томуугийн вакциныг үйлдвэрлэдэг. Гэхдээ халдвар тарах бүрт үүсгэгчээ өөрчилж байхгүй бол аль 5,10 жилийн өмнөх үүсгэгчээр гаргасан вакцин бол хамгаалахгүй шүү дээ. Томуугийн вакциныг хийнэ гэдэг амаргүй л дээ. Томуугийн вирус нь хувьсамтгай байдгаас өмнөх ялгаж авсан вирус дараагийн шинэ гарах өвчнийг сэргийлж чаддаггүй. Энэ бол аль ч улсын үйлдвэрлэлд тохиолддог хүндрэл.

-Ардын уламжлалт аргууд гэж байж болох уу?

-Манай малчид янз бүрийн арга хэрэглэдэг л дээ. Эмийн эмчилгээ хийнэ. Үүний хажуугаар зарим бүс нутагт тэр дундаа говь руу гэхэд шавар зуурч уулгах, май тавих, салхины дагуу ганга өвс шатаах, утаа гаргах, утах, үнээний сүү уулгадаг. Үхэр өвдвөл адууны сүүгээр, адуу өвдвөл үнээний сүүгээр эмчлэх гэхчилэн малчдын уламжлалт аргууд бий. Мэдээж энийг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр шинжлэх ухааны үндэслэл муутай ч олон зуун жилийн турш монголын малчид хэрэглэж ирсэн байна шүү дээ.

-Адуунд вирусээр үүсгэгддэг 10-аад төрлийн өвчний нэг нь томуу гэлээ. Өөр түгээмэл тохиолддог ямар өвчин байна вэ?

-Герпес вирусийн халдвар байна. Үүнээс болж гүү ямар нэгэн тодорхой шинж тэмдэггүйгээр хээл хаядаг. Өсвөр насны адуунд бол амьсгалын замын эрхтэн үрэвсэх шинжээр илэрдэг өвчин байгаа юм. Монгол оронд герпесийн халдварлалтын талаар 1997-2002 он хүртэл судалгааны ажил хийгдсэн байдаг. Герпесийн халдварын, ялангуяа гүүний хээл хаялтын шалтгааныг тогтоох судалгаагаар 1000 адууг шинжилж үзэхэд 70 орчим хувь буюу 700 орчим адуунд энэ өвчний эсрэг биет илэрсэн. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хэмжээгээр адуу вирустэй хавьтсан болохыг харуулж байгаа хэрэг юм. Харин уушгины үрэвсэл нь өсвөр насны адуунд нэлээн тохиолддог. Тэр тусмаа гадны орнуудад морин тойруулгын адуу өвчлөх нь олонтаа бөгөөд сэргийлэх вакцинтай. Манай оронд 2000 оны орчимд гүүний хээл хаялтын эсрэг HH1 гэдэг вирусийн овгоор амьд вакцин хийж үзсэн. Төв аймгийн таван суманд 20 мянган адуунд тарьсан. Булган аймгийн бүх суманд хоёр удаа хоёр жил дарааллан 80 мянган гүүг тарьсан. Инновацийн төслөөр хийсэн энэ ажлын үр дүнд гүүний хээл хаялт 10-аад хувиар багасч, унаганы бойжилтыг 11 орчим хувиар дээшлүүлсэн. Өөрөөр хэлбэл, 100 гүүнээс дунджаар 60 орчим унага авдаг. Тэгэхэд 82-83 хувь болж өссөн. Тухайн үедээ Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжлийн зөвлөлөөр оруулаад, үйлдвэрлэлийг эрхэлж болох зөвшөөрлийг авсан байдаг. Харин сүүлийн 5-6 жил вакцин хийсэнгүй дээ. Шинжлэх ухааны ажлууд үр дүнтэй гарлаа ч эргээд үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэрхшээлтэй. Үнэндээ үе үеийн Засгийн газар шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэж сайхан, сайхан ярьдаг ч хэлсэндээ хэзээ ч хүрдэггүй. Хөрөнгө мөнгөний тухайд бараг өгөхгүйтэй адил. Өглөө гэхэд тун бага өгнө. Үүнээс болоод олон тоогоор үйлдвэрлэх боломжгүй. Манай мал эмнэлэгт Сонгины био үйлдвэр гэж бий. Гэхдээ миний мэдэхээр 1986 оноос хойш Мал эмнэлгийн хүрээлэн болон бусад газраас гарсан шинжлэх ухааны ололттой, үр дүнтэй бүтээлүүдийг авсангүй. Энэ нь олон шалтгаантай байдаг юм билээ.


-Сэлэнгийн уяачидтай уулзаж байхад цус багадалт өвчний талаар ярьж байсан.  Энэ ч вирусийн гаралтай өвчин үү?

-Цус багадах өвчнийг манай ахмад эрдэмтэд оношилсон байдаг. 1945 оны эх орны дайны дараахан төмөр зам барихаар Оросын армийн нэг салбар ирсэн гэдэг. Тухайлбал, Власовын арми  эд хөрөнгө, унаа техник, морь мал бүх юмтайгаа ирсэн байдаг. Түүгээр дамжиж Сэлэнгэ аймагт адууны цус багадах өвчин халдварласан гэж үздэг юм.

Энэ бол байгалийн голомтот өвчин. Ялаа, шумуул, хөх түрүүгээр өвчин дамжин халдварладаг. 1950-иад оноос хойш 2003, 2004 оныг хүртэл жил бүр л энэ өвчин гардаг байлаа. Хуучин цагт жил бүр шинжилгээ хийгээд өвчтэй адуугаа устгалд оруулчихдаг байлаа. Хувьчлал гарснаас хойш улсаас зохион байгуулалттай ажил явуулахаа больсоноос өвчин нэлээн хэдэн газар гарсан. Хашир малчид цус багадах өвчнийг андахгүй л дээ. 20-30 адуун дотор нэг л адуу өвчтэй байхад адуун дотор цус сорж байгаа хөх түрүү тараачих жишээний. Ингээд 5-6 сарын дараагаар буюу намар есдүгээр сараас дараа оны хоёрдугаар сар хүртэл өвчлөл явагдана. Тийм учраас малчид сайн ойлгодог. Энэ цус багадах өвчин нь Улаанбаатарын ойрхон Өлзийт хороололд ч  гарсан. Тухайн үед Сэлэнгэ аймгаас далд хэлбэртэй өвчтэй адуу авчраад халдвар тарсан. Уяачид чинь морь малаа тордож тэнхрүүлэх гээд эм тариа, дусал их хийдэг. Ингэхдээ өвчтэй адуу тарьсан зүүгээ солихгүйгээр эрүүл адуундаа хэрэглээд өвчлүүлсэн тохиолдол бүртгэгдэж байлаа.

-Ямар шинж тэмдгүүд илрэх үү?

-Гол шинж тэмдэг нь гэнэт халуурна, зүрхний хэм алдагдана, богино хугацаанд турж эцнэ. Үндсэндээ тураалаар үхэж байгаа юм. Учир нь цус төлжүүлдэг эрхтэнүүд /элэг, дэлүү/-ийн үйл ажиллагаа алдагдаж, цусаа төлжүүлж чадахаа болино. Үүнээс болоод тухайн амьтан цусны улаан эсийн дутагдалд орж улмаар үхэх аюултай. Улаан эс нь хүн, малын биед хүчилтөрөгчийг дамжуулж, тээвэрлэх үүрэгтэй байдаг юм.

-Ямар эмчилгээ хийх үү?

-Эмчилгээ байхгүй. Социализмын үед шууд  устгадаг байлаа. Одоо бол хүний хувийн өмч учраас эзэн өөрөө мэднэ шүү дээ. Энд нэмж хэлэхэд хүнсэнд хэрэглэхэд төдийлөн аюулгүй учраас маш сайн дулааны аргаар боловсруулалт хийгээд хэрэглэж болдог.

-Ярианы эхэнд тархи, нугасны үрэвсэл буюу энцефалитын тухай ярьсан. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгөөч?

-Манай улсад япон энцефалит, хачигт энцефалит өвчин нь адууны цусанд хийсэн шинжилгээгээр эсрэг бием илэрч байгаа. Энэ хоёр өвчин нь шумуул болон хачгаар дамжин халдварладаг. Өвчний  эмнэл зүйн шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй. Ийлдэс судлалын шинжилгээгээр эсрэг биемийг илрүүлдэг. Гэхдээ мал эмнэлгийн практикт ч бай, шинжлэх ухаанд ч бай, антител буюу эсрэг бием илэрснээр тухайн мал, амьтныг өвчтэй гэж үзэж болохгүй. Учир нь эсрэг биеийг үүсгэж байгаа вирусээ илрүүлээгүй байж эсрэг биемийн илрэлээр өвчтэй гэж дүгнэлт гаргах нь өрөөсгөл юм. Арбо вирусууд буюу ялаа, шумуулаар дамждаг вирусийн өвчнүүд нь томоохон гол мөрний ай  сав дагуух бүс нутгаар тархах магадлал өндөртэй. Үүнээс гадна дараагийн вирусийн гаралтай өвчин бол вирусын артерит гэж байна. Адуунд элбэг тохиолддог энэ өвчнийг эсрэг биемийн шинжилгээ хийхэд илэрдэг. Тэрнээс эмнэл зүйн шинж тэмдэг илэрч өвчилсөн тохиолдол байхгүй

-Галзуу өвчин вирусийн гаралтай байх аа?

-Бүх төрлийн мал, амьтан галзуугаар өвчилж болно. Энэ бол Рабдо вирусээр үүсгэгддэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Байгалийн голомтот гэхээр өвчний үүсгэгчийг чоно нохой, үнэг хярс зэрэг амьтад зөөвөрлөж, эрүүл малыг ноцох, хазсанаар халдварладаг. Шүлсээр дамжин малын биед орох, галзуугийн шинж тэмдэг илрэх тохиолдол ч мэр сэр байдаг.

-Адуу галзуурч байсан тохиолдол байна уу?

-Өнгөрсөн долдугаар сард Шувуун фабрикийн орчимд адуу галзуурлаа. Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн байгууллага устгал хийн булж, ариутгалыг зохих журмын дагуу хийсэн. Энэ мэт адуу галзуурах тохиолдол гардаг. Ерөнхийдөө галзуугийн шинж тэмдэг эхлээд хурц байдлаар илэрнэ. Хурц үедээ уяаныхаа шон, хашаа, төмөр мэрэх, зулгаах ааш үзүүлнэ. Сүүлдээ номойролд орж, хөдөлгөөнгүй болчихдог ч юм уу, адуу бол зажлуур булчин нь сааждаг.

-Вирусийн гаралтай өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Вирусийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх найдвартай арга бол тухайн өвчинд зориулагдсан вакцинжуулалтыг хийх. Вакциныг тодорхой өвчин гарах улирал, сарыг угтуулж, сэргийлэх тунгаар хэрэглэнэ. Эсвэл өвчин гарч байгаа үед эрүүл малаа вакцинжуулж болно. Бог малд шөвөг яр гэж өвчин бий. Нялх ишиг, хурганы амаар яр гардаг энэ өвчин ямаанд элбэг тохиолддог. Малчид энэ талын мэдлэг маш бага. Тэгвэл үүнээс сэргийлээд нялх  байхад нь вакцин хэрэглэвэл өвчлөл харьцангуй бага. Вакцин чанартай бол жил хэртэй дархлаа тогтдог.

-Бидний урилгыг хүлээн авч зөвлөгөө, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна