Аймгийн Арслан М.Энхтайванбаатар: Даваахүү Тод манлайгаас 33 саяар авсан азаргаа солонго хонгор гэж нэрлэсэн

Сэтгүүлч
2020 оны 4-р сарын 24 -нд

Эрийн гурван наадмын хоёроор нь наадаж буй Мөнх-Эрдэнийн Энхтайванбаатар 1978 оны зун Мөрөн суманд айлын ууган хүүхэд болон мэндэлсэн бөгөөд 2004 онд аймгийн Арслан цол хүртэж, 2007 онд Хөвсгөл аймгийн бахархлын одонгоор шагнагдаж байжээ. Мөн тэрээр 2011 онд төрийн хүндэт Алтангадас одонгоор энгэрээ мялааж, 2012 онд тэргүүний уурхайчин цол тэмдгийн эзэн болжээ.

-Бидний урилгыг хүлээн авч, ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Та сая Алаг-Эрдэнэ сум бол хурдаараа Хөвсгөлдөө номер нэг гэж ярилаа. Эндээс яриагаа эхлэх үү?

-Манай Алаг-Эрдэнэ сум бол Хөвсгөл аймагтаа хурданд тооцогддог сум. Өөрөөр хэлбэл Хөвсгөлийн Сүхбаатар юмуу даа.

Яагаад Алаг-Эрдэнийн адуу хурдан байдаг вэ гэхээр тэр нутгийн Зана гэж хүн Хэнтийн Галшарт цэргийн алба хааж байгаад тэндээ хүргэн орж. Тэгээд нутаг буцахдаа хоёр азарга адуу аваачсан юм билээ. Тэр адуу цус сэлбэж, хурд тарьсан. Үүний хамгийн тод жишээ бол 60 жилийн ойгоор энэ удмын адуу зургаан насанд түрүүлж, айрагдсан байдаг юм. 

-Танайханд уяач олон байна уу?

-Миний аав Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, ээж Арбулаг сумын уугуул улс байгаа юм. Аав Алаг-Эрдэнэ сумын сургуулийн захирал байлаа. Ээжийн маань талынхан 2-3 үеэрээ малч, уяач удамтай. Тухайлбал, Дэмбэрэлдорж гэж нагац эмээгийн маань аав мундаг том уяач байсан гэдэг. Харин аавын талд уяач гэхээсээ бөх олонтой. Би өөрөө Алаг-Эрдэнэд өссөн, хотгойд хүн. Сайн яривал аав маань хотгойдын ноёны удамтай. Тэр утгаараа “Хотгойдын хурд” уралдааныг зорьж очлоо. Бүх насыг уралдууллаа. Айраг хүртэж чадаагүй ч дажгүй сайхан наадсан. “Хотгойдын хурд” зохион байгуулалт сайтай, мундаг наадам болж байна лээ.

-Жамцын Бадраа гуайтай хамаатан уу. Төстэй харагдаад байх чинь ээ?

-Ээжийн талаараа хамаатдаг гэсэн. Гэхдээ хол юм шиг байна лээ.


-Та багадаа хурдан морь унаж байв уу?

-Аймаг, сумандаа гурван жил морь унасан. Ээжийн дүүгийн нөхөр Гэлэгдорж гэж Бүрэнтогтох сумын морины зүтгэлтэн хүн байсныг Хөвсгөлийнхөн андахгүй дээ. Аймгийн МСУХ-ны тэргүүн байсан. Түүний уясан морьдыг унадаг байлаа. Дажгүй сайн уралдаанч явсан гэж боддог шүү. Гурван жил дарааллан сумын баяр наадмаас айраг, түрүү алдаагүй хүүхэд сайнд тооцогдоно биз дээ.

-Морь уяж эхэлсэн нь хэзээнээс юм бэ?

-Намайг 10 дугаар анги төгсөхөд миний эзэмшлийн гэх үү 60-аад адуу айлд байсан юм. Би их сургуулиа төгсөөд тэдгээр адуугаа бүгдийг нь Улаанбаатар луу татаж, Жаргалантад нутагшуулсан юм. Тэгээд 2000 оны эхээр  адуу цуглуулж, солихыг нь сольж, холихыг нь холих маягаар үржлийн ажил эхлүүлсэн. Тэгэхээр адуутай холбогдсон түүх гэвэл 20-иод жилийн өмнөөс эхлэх нь. Харин уяхын тухайд дөнгөж дөрөв, таван жил л болж байна. 

-Хаана, хаанаас адуу цуглуулсан юм бэ?

-Улс, бүсэд түрүүлсэн азаргануудын охин төлүүд нэлээд бий. Тухайлбал, Шарга азарга, Бидэрт халиун, Улс халзан, Дарамрэнчингийн алаг, Бичээрэйн Далайн хээр гэх мэтчилэн. За дээр нь нэмээд Дорнод, Сүхбаатар, Төв аймгаас гүү нэлээд авсаан. Жаргалантын морин завод болон Тойруулгын гүү ч бий. Сүүлийн үед олны жишгийг дагаад Орос, Герман, Ирландаас таван цэвэр азарга авчирч үржил хийж байна.

-2000-аад оны үед 60-аад тооны адуутай ирсэн гэсэн. Одоо хэд болж өссөн бол оо?

-300 гаруй адуутай.

-Таван жилийн өмнөөс морь уяж эхэлжээ. Анхны айраг, түрүүгээ хэзээ хүртэж байв даа?

-Нэг өвөл, хоёр зун “сахал” Нямдорж Манлайгаар морьдоо уяулсан. Дараа нь Төв аймгийн Баянцогтын Отгонбаяр, Дорнодын Болор гэж залуустай хамтарч ажилласан. Харин одоо Төв аймгийн Сэргэлэнгийн Ганболдын Энхбаатар гэж ахаар  морьдоо уяулж байгаа. Анх морь уяж байх үедээ Төв аймгийн Баянхангай суманд болсон аймгийн баруун бүс уралдаанд хязаалан айрагдуулсан. Яг манай унаган адуу. Түүнээс хойш аймгийн бүсийн уралдаанаас нэлээд хэдэн айраг хүртсээн. Үүнээс дурдвал Отгонбаяр уяад, Архангай аймгийн бүсийн уралдаанд дөрвөн адуу айрагдуулсан. Булганд энэ жил 2-3 морь айрагдууллаа.

-Цолны болзол хангачихсан юм биш үү?

-Аймгийн Алдартын болзол хангачихаад байгаа.


-Тухайн адууг таньж, уяаг нь олоход хугацаа хэрэгтэй. Яагаад уяачдаа солиод байдаг юм бэ?

-Янз янзын л шалтгаан байх юм даа. Нэг нь хөдөө амьдрахаар явчихлаа. Нөгөө нь хоёр, гурван ч хүний морь уяна. Би болохоор цөөхөн морь уядаг хүнээр чанартайхан шиг уяулчихмаар байдаг. Үүнээс өөр ч асуудал юу байх билээ. Үнэндээ бөхөөр бол сумандаа байгаа сумын заантай барилдаад байвал сумынхаа хэмжээнд л явна. Улсын наадамд барилдаж том дов үзэхээр тэр хэмжээгээр барилдааны арга барил сайжирдаг. Уяач бас яг тийм. Морио мэдэрч чадахгүй бол амжилт гаргахад хэцүү. Уяач хүн өөрийн хичээл зүтгэл, арга туршлагаар давдаг. Цол дагаж бяр гэж. Том цолтой уяачид бол бас л өөр юм билээ.

-Танай уяач сайн уу?

-Мундаг уяач. Унаган хул азаргаа энэ жил “Их хурд”-д дөрвөөр давхиуллаа. Хөвсгөлийн бүсэд аман хүзүүдүүллээ.

-Та төвд ажиллаж, амьдарч байгаа хүн. Улс, бүсийнхээ уралдаануудад оролцож байна уу?

-Оролцдог ч бас санаснаар болохгүй чанга л даа. Зүтгэж л байна. Тэгэхдээ ноднин Булганы зуны улсын бүсийн уралдааны эрлийз дээд ангилалд халтар азарга тавласан. Монгол дааганд мөн тавлуулсан. Улсад үрээ айрагдаж орж ирээд хүний хөлийн үзүүрт хадуурчихсан.

-Цэвэр цусны таван азаргатай гэсэн. Айрагдсан азарга алиных нь төл вэ?

-Тэр бол тэдний төл биш ээ. Дорнодоос Итгэл гэж хүнээс худалдаж авсан адуу байгаа юм. Монгол үрээ нь ч мөн л Дорнодын адуу. Авсан жилээ ийм амжилт гаргаад их урам орсон шүү. Би ер нь сайн адуу бий болгоход л анхаарч ирлээ. Гэхдээ энэ бол хугацаа их ордог ажил. Нэг адуу аваад л болчихгүй. Селекци хийж өөрийн унаган адуу бий болгох гээд байна шүү дээ. Энэ хооронд болох, болохгүй зүйл их гарна. Гэхдээ ирэх жилээс дажгүй хэдэн сайхан төлтэй болно доо.

-Өнгөрсөн жил болсон Д.Даваахүү Тод манлайн адууны дуудлага худалдаанаас хамгийн үнэтэйг нь та авсан байх аа?

-Тийм ээ. Тод манлай Д.Даваахүү бол энэ улсад хамгийн олон азарга түрүүлгэж, айрагдуулсан мундаг том уяач. Мориныхон дундаас төрсөн ганц Хөдөлмөрийн баатар. Иймээс энэ хүний бий болгосон цөм сүргээс нэг аятайхан үрээ авч азарга тавих, цаашлаад уях хүсэлтэй. Үүнийгээ гүйцэлдүүлэн эмнэг хязаалан үрээтэй болсон. Авахад амаргүй байсан шүү (сурв. инээв). Олон хүн энэ үрээнд үнэ хаялцаад, мөчөөгөө өгөхгүй үзсээр 33 сая хүргэж авч байлаа. Солонго цавьдарын удамтай. Эх талаасаа Өндөр Зулын цус орсон. Тэр дуудлага худалдаанаас нэг хавчиг хээр морь бас авсан.

-Тэр зун нь уясан уу?

-Уясан ч явуулаагүй. Уяач маань гамнасан уу, эсвэл эвийг нь олсонгүй юу. Өвөл тэжээлд оруулаад зун соёолон сургах маягтай ганц, хоёр амыг нь мэдүүлээд тавьсан.


-Даваахүү ах зөвлөгөө өгч байна уу?

-Өгсөн, өгсөн. Бүүр намайг “Чи өөрөө ирж авна шүү” гээд би явж очсон юм. Тэгсэн өөрийн гараар удам угшлыг нь бичээд Солонго хонгор нэрийг өгсөн. Тэр нэрээ мөн л өөрийн гараар бичээд, гарын үсгээ зурж “Улсад түрүүлж, айрагдахаар нь ахаасаа дуртай гүүгээ шилээд аваарай. Ах нь хүнд гүүгээ зардаггүй юм” гэж хэлсэн.

-Сонин шүү. Адуу болгоны эзэндээ ирсэн түүхийг сонсох сайхан байдаг юм аа?

-Тийм шүү. Надад Буурал духт гэж зээрд үрээ бий. Энэ жил соёолон л доо. Бор-Өндөрт наадамлаж яваад Ванчиндорж гэж дүү хүүтэй танилцсан, “Ахтай сайхан танилцсаных адуу бэлэглэе” гэж байна. Би ч хүний адуунаас тэр болгон адуу аваад байдаггүй хүн л дээ. Тэгээд “Бэлгэнд юм аваад яах вэ” гэвэл “Заавал ав” гээд уурлах маягтай шүү. Сандарсандаа авчихлаа. Нөхөр тухайн үедээ уяад сайн давхиулчихсан байсныгаа надад хэлээгүй юм билээ. Ёстой л өгье гэж өгсөн шиг байгаа юм. Ноднин улсын наадамд хязаалан зарлагдаад, дөрвөөр орж ирсэн ч хадуурчихсан. Сайн адуу өгсөн дүү хүүтэй сайхан сэтгэлээр очиж уулзахгүй бол болохгүй шүү дээ. Ямартаа ч ахиад бид уулзсан.

-Энэ мэт бэлэгний адуу олон ирдэг үү?

-Бэлэгний адууны хувьд өгнө шүү. Хүмүүс сайхан сэтгэлийн хариуд адуугаа бэлэглэдэг сайхан уламжлал бий. Тэр бүрийг нь цуглуулбал маш их тоо гарна. Гэхдээ би “За яахав, адуундаа байж байг” гээд ихэвчлэн үлдээдэг.

-Та одоо барилдах уу. 2004 онд цол авсан байх аа?

-Зодог тайлсан. Арван жилд байхаасаа барилдаад сүүлд 2007, 2008 онд барилдсан санагдаж байна. Үнэндээ бэлтгэл хийнэ гэдэг асар их завтай хүний ажил. Бизнес хийж байгаа хүн хэзээ ч бэлтгэл хийж чадахгүй. Нэг бол бэлтгэлээ, эсвэл бизнесээ орхи гэдэг. Тэр “дүрмээр” би бизнесээ сонгосон.

-Танайханд танаас өөр барилддаг хүн бий юу?

-Байлгүй яах вэ. Манай аав самбо, жүдогоор улсын аварга, хүндийн өргөлтийн улсын таван удаагийн аварга, сумын заан цолтой хүн. Ээж хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин. Гурван удаагийн дэлхийн аварга, олимпод оролцож явсан. Монгол Улсын рекордыг гурван удаа давуулсан хүн.

-Мундаг улс байна аа. Ингэхэд та улсынхаа наадамд барилдаж байв уу?

-Барилдаж байсан. Улсад 4-5 жил барилдаад, гурав л давж байлаа. Манай сумын аймгийн арслан Баттөр, Мөнхсүх, аварга Эрхэмбаяр бид чинь нэг үеийнхэн.

-Бөх барилдах, морь уяхын аль нь ид хавыг мэдрүүлдэг вэ?

-Морь уяна гэдэг чинь насаараа нервтэх ажил бололтой. Яах вэ, барилддаг байхад цэнгэлдэх рүү нервтээд орох үе байна. Гэхдээ морийг гүйцэхгүй юм аа. Маргааш морь уралдана гэхэд урд шөнө нь нойргүй хонох жишээний. Хавар, зуны аль ч уралдааны үеэр уяачдаа хань болоод хамт хонодог. Гэхдээ морь айрагдаж, түрүүлэхэд сайхан шүү.

-Морь айрагдаж, түрүүлэхээр ажил үйлс ч бүтэмжтэй байдаг тухай уяачид ярьдаг.

-Яг үнэн. Морь сайн давхисан жил ажил сайхан бүтнэ. Адуу чинь олонтой танилцуулдаг. Маш олон хүнийг уулзуулж учруулдаг гэж боддог юм аа.

-Өнгөрсөн хугацаанд хамгийн сэтгэл догдлуулсан наадам хэзээ тохиож байв?

-Уралдаан болгонд сэтгэл догдолно. Хязаалан үрээгээ яг л айргаар ороод ирлээ гэж бодоод цэнхэр хашаа руу гүйхээ шахсан. Даанч хадуурчихсан тухай түрүүн ярьсан шүү дээ. Тэгж байтал хүүхэд нь уйлчихсан ирсэн, зайлуул. Гэхдээ хүүхэд, морь мэнд ирэх шиг сайхан наадам ч гэж хаа байх билээ. Харин бөхийн тухайд 2004 онд Хөвсгөл аймагт түрүүлсэн юм. Тэр жил бүх даваанд түрүүлээд л үнэхээр гоё байсан. Гэхдээ өөрөө барилдаж байгаа болохоор учиргүй их догдлол мэдэрдэггүй юм билээ. Харин уралдаад орж ирж байгаа морийг харахаар өөрийн эрхгүй догдолно гээч.

-Танайханд уяач олон байна уу?

-Бий, бий. Манай үеэлүүд, ах дүү нарын хүүхдүүд сум орон нутагтаа морь уяна. Улаанбаатарт бол байхгүй.

-Одоо бол ММСУХ-ны тэргүүлэгчдийн нэг. Өөр ямар сонгуульт албатай вэ?

-Байхгүй ээ. Жудо бөхийн дасгалжуулагч, тамирчдыг хувийн зүгээс дэмждэг. Жудогийн холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч болооч гэдэг хүсэлт хоёр ч удаа ирсэн. Одоохондоо шийдэж амжаагүй л явна.

-Та жүдо бөхөөр барилдаж байсан юм уу?

-Чөлөөт бөхөөр хичээллэж байсан. Жүдо хагас цэрэгжилттэй, боловсон, шүүлт шударга мундаг спорт. Тэр утгаараа жудод сонирхож ороод байгаа юм.

-Танай ажил руу орж ирэхэд хамгийн түрүүнд ханын уран зурагнууд анхаарал татлаа. Зураг зурах уу?

-Уран зургийн хоббитой. Гоё шүү дээ. Нэлээн хэдэн уран зураг бий. Зах зухаас нь гэхэд нэрт зураачийн оффист тохиромжтой 7-8 зураг авчраад тавьчихсан байгаа нь энэ. Үүнээс өөр олон зураг бий. Гэхдээ уран зургийг халуун хүйтэн тааруулдаг тусгай газар хадгалах ёстой.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

-Баярлалаа. Би “Тод магнай” сэтгүүлийн байнгын уншигч нь байгаа юм. Бүх дугаар нь надад бий. Адуу бол хийморьтой, гоё амьтан. Морио уяад, бизнесээ хийгээд эх орондоо чөлөөтэй амьдарч байгаа нь адуутай зайлшгүй холбоотой гэж би боддог юм. Өвөг дээдэс маань мориороо амьдрал ахуйгаа залгуулдаг улс байж шүү дээ. Морь бол бидний тусгаар тогтнол төдийгүй бүхний ард ямагт хамт явсан учраас шүтдэг. Танай хамт олонд их ажлын амжилт хүсье.

П.Ундраа

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.