Тод манлай уяач Б.Бат-Өлзийн ГЭР ГИЙГҮҮЛЭГЧ Ч.Оюун-Эрдэнэ: Миний хувь заяаг бурхан хамгийн гэрэл гэгээтэйгээр зурж өгсөн

Сэтгүүлч
2020 оны 1-р сарын 31 -нд

..Газрын холоос эрэгсэн машид эрдмийн хүлэг минь

Гарьд жигүүрээн дэвсэн хүчит эрмэг бөхчүүд

Эрээн нумаан эвшээсэн эрхий мэргэн харваачид

Эрэлхэг монгол түмний минь эрийн гурван наадам минь

Эрэлхэг монгол түмний минь эрийн гурван наадам минь...  Тийм ээ, ардын наадам айсуй.

Энэ л өдрүүдэд үйл мэтгэх бүсгүйчүүд наадмын гоёл урлаж, үүрсэх морьдын төвөргөөн уяачдын сэтгэлийг догд­луулан хоног тоолно. Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлэхийн учир битүүхэн түгшиж, тэр хэрээрээ бас догдолж, наадмаас өмнө бүхнийг амжуулчих гэсэн эзэгтэй нар хоног тоолон уралдана. Гэхдээ цагийг нь тулгаж хийх дургүй Тод манлайнхан хэдийнэ бэлтгэлээ базаагаад амжсан болохоор гэрийн эзэгтэйтэй хөөрөлдөх завшаан тохиосон юм. Тодруулбал, Монгол улсын Тод манлай уяач Б.Бат-Өлзий буюу Дугараагийн эхнэр Ч.Оюун-Эрдэнэ, тэдний охин Б.Ариунаа нар энэ удаагийн зочид байлаа. Ээж охин хоёр яг л үе тэнгийн найзууд мэт. Орсон гарсан ч хамтдаа хөгжилдөж, амттан идэж, кино үзэн, дэлгүүр хэсэх гээд энэ гэрийн “охидод” хийх ажил мундахгүй. Бидний уулзсан өдөр ээж охиноо хичээлээс нь авахаар хотод ирээд байж таарсан. Тэднээс наадмын бэлтгэл хангасан эсэхийг асуувал “Бид хоёр чинь хавраас л бэлтгэлээ эхэлчихдэг юм. Одоо наадмаа л хүлээж байна” даа гэнэ. Дугараа Манлай “Алтай констракшн”-ий  данстай хурдан хүлгэдийн уяа сойлгыг тааруулах болсоор арав гаруй жилийн нүүрийг үзэж байна. Тийм болохоор арын албаны ажлыг “Алтай констракшн”-ийнхан хариуцчихдаг аж.


Харин долдугаар сарын 10-нд Хүйн долоо худагт гэрээ барьчихаад, Бат-Эрдэнэ Тод манлайн хурдан хүлгэдийн медалийг хойморноо өлгөх ажлыг ганцхан Оюун-Эрдэнэ л хийдэг. Сүүлийн хэдэн жил алгасалгүй хийж байгаа учраас улс, бүсээр нь ялган ихэд нямбайлан зүүнэ. Энэхүү медаль бүрийн цаана морины төлөө сэтгэл зүрхээрээ холбогдсон багийн ажил яваа гэж бодохоор илүүтэй нандигнах сэтгэл төрнө. Эхний жилүүдэд хуруу дарам тоотой байсан медалиуд нь жил ирэх тусам нэмэгдсээр хоёр баганаас урагшаа гарах болсон нь бахдалтай санагдана. Нээрээ л гар нийлсэн эрчүүдийн гаргасан амжилтыг энд бичих илүүц биз ээ. Наадмын оргил өдрүүдэд энэ галын арын албыг Монголын морин спортын анхны мастер эмэгтэй, Гавьяат тамирчин Төмөржаагийн Цэрмаа хариуцана. Сонирхуулахад Дугараа Тод манлай түүний шавь учраас эхнэр нь ч Цэрмаа багш хэмээн хүндэтгэнэ. Тэрээр хурдан мориор дамжиж өнөө үед ирсэн өв соёлыг тээгчдийн нэг бөгөөд яах аргагүй л залууст үлгэр дуурайлал үзүүлнэ. Орсон гарсаныг цайлж дайлан, таних танихгүй хамаагүй мэнд устай яриа хөөрөө өрнүүлнэ гэдэг сайхан монгол эзэгтэйн суралцах ёстой зүйлийн нэг болохыг төвөггүй харж мэднэ.

Б.Ариунаа: Би чинь хамгийн сүүлд цэнгэлдэхийг тойрсон эмэгтэй болсон

Наадмын өдрүүд дэх Хүйн долоон худаг. Хов хоосон тал дээр нүд ирмэхийн зуурт л бөмбийсөн цагаан гэрүүд эгнэн, хүн мал холхин, машин тэрэг чөлөө үгүй сүлжилдэх нь  орчин цагийн нүүдэлчин амьдралын маань шинэ төрх гэлтэй. Гэхдээ эднийхэн наадмын талбайгаас арай зайтайхан бууна. Тэгээд үе үехэн хүүхэд багачуулаа дагуулаад наадмын талбайд очиж, морьд ирэхийг хараад буцах нь бий. Тэр нэгэн жил буюу одоогоос тав, зургаан жилийн өмнө ээж, охин хоёр мөн л наадмын талбайд очиж даага харах болж гэнэ. Нар халуунаар төөнөх атлаа салхитай байсан болохоор уулан дээр машинаа тавьчихаад залхуутайгаар үзэгчдийн суудал руу дөхжээ. 


Тэр хооронд хэд хэдэн удаа амарсаар зорьсон газраа ирэхэд дунд хүү Б.Оргилын нь даага түрүүлээд ороод ирлээ. Хөөрсөн хоёр эргээд уулан дээр тавьсан машиндаа яаж хүрсэнээ ч үл мэднэ. Учир нь хүн сэтгэлийн амьтан гэж үнэн шүү.Үнэхээр хурдан буцсан байж. Битүүхэндээ сайхан ааштай байгаа нь тодорхой нөхрөө дагаад Төв цэнгэлдэх орчих юм сан гэж яарна. Гэртээ ирэхэд таамаг ёстой л ёсоор бол ээж, охин хоёр ахин Цэнгэлдэхэд орох завшаан тохиожээ. Үүнээс өмнө хүрэн морийг түрүүлэхэд Цэнгэлдэхэд анхны удаа орж байсан гэдэг юм билээ. Энэ тухай Ариунаа охин: “Хүрэн морийг түрүүлдэг жил би аавтай хамт Цэнгэлдэх хүрээлэнд орж, бүтэн тойроод гарсан юм. Тэгэхэд эмэгтэй хүн цэнгэлдэх тойрлоо гэж зарим хүмүүс дургүйцсэн юм билээ. Түүний дараанаас эрийн гурван наадам бол эр хүний баяр гэж үзээд  эмэгтэйчүүдийг тойрч явахыг зөвшөөрдөггүй болсон. Би чинь хамгийн сүүлд цэнгэлдэхийг тойрсон эмэгтэй болсон” тухайгаа сонирхуулсан юм. Уяачдын хувьд цэнгэлдэхэд цоллуулж зогсохдоо их олон зүйлийг зэрэг бодож амждаг. Унаж өссөн нутгийн уул ус, төрүүлж өсгөсөн аав ээждээ талархаж явдагаа сэтгэлдээ шившин, нулимс дуслуулсан тухайгаа ярих нь олонтаа. Харин эхнэрүүдийн хувьд юу бодогддог тухай асуувал “Хань маань бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж байгаад өөрийн эрхгүй бахархал төрдөг. Мэдээж энэ амжилт амархан олдоогүй. Олон шөнийн нойроо хугаслан зүтгэсэн болохоор хайрлаад л байхаас яах билээ” гэнэ. Ийнхүү одтой наадаад хөөр дүүрэн Хүйн долоон худгаас буух өдөр байхад хоосон буцах үе ч бий. Тэр үед жинхэнэ ядарсанаа мэдэрдэг нь  сонин шүү гэнэ. Тэгээд бас холын наадамд яваад л, их олон айраг түрүүтэй ирэх нь энэ гэр бүлийн том баярын нэг. Харин тэндээс хоосон буцахад том жижиггүй л дуугаа хураачихаад  зам хорогдохгүй зовоох нь бий. Ер нь хол, ойрын наадам бүхэнд Тод манлай гэргийн хамт явах бөгөөд Оюунаа “Дугарааг эзгүйд хаа нэг юмаа гээчихсэн мэт, эсвэл гэрээс юм алга болчихсон ч юм шиг. Гэр тэр чигээрээ л хоосон оргиод байдаг болохоор үлдэх дургүй” хэмээлээ. Бүүр хүүхдүүдээ хүртэл дагуулаад наадамлахаар замд гарна гээч. Дунд хүүгээ сар гарантай байхад бүсэд наадсан бол ууган охиноо гурван сартайд улсын наадамд явж байсан аж. Хүүхдүүд ч нялх гэлтгүй адуунд дуртай аав ээжээ “харж үздэг” байсан бололтой. Уйлж эсвэл өвдөж зовоохгүй. Нэг удаагийн улсын наадмаар Онон Тод манлайн гэрт хураасан чемодан дээр өлгийтэй  охиноо тавьчихаад уралдаан үзэхээр гарчээ. Буцаж ирээд “Манай охин уйлсан уу” гэвэл гэрт байсан улсууд ихэд гайхан “Охин чинь хаана байгаа юм” гэж асуужээ. “Чемодан дээр тавиад гарсан шүү дээ” гэвэл “Чи чинь гарахдаа хэлж ярьдаггүй. Наад дээр чинь улсууд хувцсаа тавиад хүүхдийг чинь дарчихсан бол яана” гэж зэмлэхийн хажуугаар бөөн инээдэм болцгоосон удаатай. Ийнхүү багаасаа аав ээжтэйгээ хөдөөгүүр тэнэж сурсан эдний хүүхдүүд адуунд хачин дуртай. Тэр тусмаа Ариунаа охин багын хоббитой нэгэн бөгөөд ийм нэгэн дурсамжийг бидэнтэй хуваалцсан юм. Хүрэн морь  Их хурдад түрүүлдэг өдөр. Уралдаан ч эхэлж, хүрэн морь гараанаас гарлаа. Охин аавынхаа машинд хонины хонхорт суучихаад морь дагаж явсан аж. Тэгтэл аав нь уралдаанч хүүдээ “Наадахаа шахаач юугаа хийгээд байгаа юм” гээд л орилоод байв. Охин араас нь зүтгэн урдах цонхоор толгойгоо гаргаж байгаад хамгийн чангаараа гүүглэхэд машинд явсан улс “Ариунаа ёстой шүгэл юм аа” хэмээн хөөргөнө. Ээжийн талын уяач хамаатнууд дундаа Ариунаа зүгээр л “Морь шахдаг” нэртэй. Хэсэгхэн хормын дараа хүрэн морийг түрүүлэхэд баярын нулимсаа барьж дийлээгүй гэх. Энэ тухайгаа “Би өөрөө уяад түрүүлгэчихсэн юм шиг өөрийн эрхгүй уйлаад байсан. Бүүр гар чичрээд байгаа хэрнээ би болиулж чадахгүй. Тэр их сонин мэдрэмж байсан шүү” гэнэ. Гэхдээ тэр түүн шиг мэдрэмжтэй ахин “таараагүй” гэнэ билээ. Харин итгэж байтал хойгуур ороод гуниглаж байв уу гэвэл “Би сайн муу алинд нь тэнцвэр алдахгүйг хичээдэг. Ганцхан сайн талыг нь харж байгаад бүтэлгүйтвэл сэтгэлээр унавал “доошоо хязгааргүй” гэдгээ мэддэг болохоор хоёр талаас нь харах нь амар байдаг юм”  гэж байна. Догь охин байна шүү. Түүний нас 16 гэж байгаа юм. Энд нэмэхэд сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг тэрээр, урд хөршид суралцах тэтгэлэг аваад байгаа юм билээ. Ариунаа цааш нь “Наадам бүхэн өөр өөрийн дурсамжтай. Саяны ээжийн хэлдэгээр очсон наадамд бүрт манай морь түрүүлж айрагдана гэж байхгүй л дээ. Тийм үед аавыгаа харахад хэцүү санагддаг. Сэтгэлээр унаж байгаа нь андашгүй. Ойрхон, ойрхон тамхиа татаад л. Эрүүл мэндэд нь муу даа гэж бодоод санаа зовох ч ийм үед хань болж чадахгүй юм чинь, тайвшраад аваг гэж өөрийгөө зөвтгөдөг. Ер нь аавыг тийм үед бид ч өөрийн мэдэлгүй дуугаа хураачихсан байдаг. Харин эсрэгээрээ уясан морьд нь айраг түрүүгээр хурдалбал гэр дүүрэн инээд цалгиж, аавын минь амжилт манай гэр бүлийн дундынх юм шиг хөөрцгөөдөг. Мэдээж энд их олон хүний хөдөлмөр зүтгэл шингэсэн байгаа. Тогоочоос эхлээд л уяач, туслахууд, тэдний гэр бүлийнхэн гээд. Аав маань их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн л дээ. Тэр жил хүрэн морь улсын наадамд түрүүлчихээп дахиад “Их хурд”-аар түрүүлэхэд ууж байсан усаа цацаад л ”Халхыг дийлчихлээ шүү дээ” хашгираад, догдолж байгааг нь харахад мөрөөдөж байсан өндөр уулынхаа орой дээр гарсан хүн шиг харагдаж билээ“ гэхэд сонсож суусан ээж нь нулимсаа арчин, хайр энхрийллийн нүдээр охиноо өхөөрдөн харна. Түүний хувьд хүрэнд мориндоо хайртайгаа хэлээд “Сүүлийн үед яалт ч үгүй хөгширч байгааг нь харахаар өр өвддөг юм аа” гэхэд ээж нь “Хүрэн морь бол зөвхөн манай гэр бүл гэлтгүй Монгол ард түмний бахархал болсон сайхан хүлэг шүү” хэмээн тодотголоо. Тод манлайн ууган охин ер нь мориноос холдох дургүй нэгэн. Ямар сайндаа л эмэгтэй хүн мориноос хол байх ёстой гэхээр нь эгдүүцэхдээ “Би эрэгтэй болж төрөх байсан юм” гэж гомдоллоод авсан удаатай. Тэгэхэд ээж нь “Хүн болоод элэг бүтэн, ямар ч өвчингүй эрүүл саруул өссөндөө баярла” гэж чангахан дуугарснаас хойш ахин энэ тухай ярьж гомдоохыг хүсээгүй гэлээ.

Гоо сайханчийн ажлаа нэг л өдөр орхиод, уяачийн гэргий болсон

Тэр нэгэн жилийн гуравдугаар сарын эхэн. Оюунаа Яармаг дахь хүргэн ахындаа ирээд удаагүй байтал гаднаас ахын нь найз Дугараа орж ирлээ.  Ахыг нь асуувал эхнэр нь хөдөө явсан бөгөөд удахгүй ирнэ гэвэл Дугараа хүлээхээр шийджээ. Энэ зуураа өнөө гурав сайхан хоол цай хийж идчихээд хөзөр тоглож хэсэг хөгжилдөв. Энэ бол Дугараа, Оюунаа нарын анхны уулзалт. Тэрнээс өмнө бие биенээ зүс таних ч энэ удаагийнх шиг нүүр нүүрээ харалцан суусан нь байсангүй. Тэр үед Дугараа морин тойруулгын морийг уяхаа болиод Тэрбиш гуай, Цэдэв гуай хоёрын морийг уядаг байж. Түүнээс хойш хэд хоног өнгөрч, гуравдугаар сарын 8-нд  Оюунаа руу баяр хүргэж утас цохижээ. Ингээд дурлалт хосуудад гурван сар нүд ирмэхийн зуурт л өнгөрч, зургадугаар сарын 1 гэхэд хамтдаа уяан дээр гарчихсан байв. Тухайн үедээ Оюунаа “Сарнайх” гоо сайхны салонд ажилладаг байсан бөгөөд нэг л өдөр ажил дээрээсээ “оргочих” нь тэр. Ямар сайндаа л  эгч нь залгаад “Ажлаас чинь ярьж байна. Гарах гэж байсан юм бол хэд хоногийн өмнө хэлдэг байгаа даа” гэж зэмлэжээ. Хайр дурлал гэдэг иймдээ л хүчтэй бөгөөд хамгийн сайхан дурсамжийг бүтээдэг юм болов уу. Эднийг анх гэр бүл болж байхад Дугараа “Их хурд”-д хээр халзан морио аман хүзүүдүүлж байсан бол охиноо төрсний дараа жил нь Монгол улсын Алдарт уяач болж, дараа нь Манлай тэгээд Тод манлай болоод ордноос гарч ирэхэд нь эхнэр нь үнэхээр их бахархжээ. Тэгээд “Бид хоёр чинь энэ амьдралаа тэгээс эхэлж байсан юм. Өнөөдөр миний хань хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж яваа юм даа” гэнэ.

“Онон ах шигээ мундаг уяачтай сууна” гэж ярьдаг байлаа

Ч.Оюун-Эрдэнэ бол Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул нэгэн. Түүний өвөө Монгол улсын Алдарт уяач Г.Чулуун гэж байсан болохоор адууны  захад өсчээ. Харин хожмоо нагац эгч Мөнгөнцэцэг нь одоогийн  одоогийн Тод манлай уяач Ононтой гэр бүл болж, эднийхнийг дагаад наадамд явж, тусална. Тодруулбал, Мөнгөө эгчийнхээ арын ажилд тусалж, тогоо барьж өгнө. Тэгж явах нь түүнд хөгжилтэй санагдах нь бий. Болоогүй нөхрийн нь уясан морьд түрүүлж айрагдахад чин сэтгэлээсээ хөөрөн догдолж байгаа эгчийгээ хараад өөрөө тайлж мэдэхгүй атлаа  цаанаа л нэг гоё мэдрэмж сэтгэл зүрхэнд төрнө. Тэр үедээ жаахан охин ирээдүйд “Онон ах шигээ мундаг уяачтай сууна. Би уяач нөхөртэй болно оо” гэж мөрөөднө. Өнөө цагаан морьтой ханхүүгийн үлгэрийг тэрээр өөрийнхөөрөө ийнхүү үргэлжлүүлсэн байх аж. Ер нь эдний гэр бүлд олон уяач бий. Монгол улсын Тод манлай уяач Д.Онон, түүний хоёр хүү, Оюунаагийн ээжийн дүү Эрдэнэсүрэн, түүний том хүү Монгол улсын Тод манлай уяач Ихбаяр, мөн нагац ах Эрдэнэбатын хүү Баянзул гээд л хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, одтой наадаж яваа энэ цагийн хийморилог эрчүүдийг нэрлэж болно. Харин түүний ээж аавын хувьд малчин улс. Ээж нь фермийн саальчин бол аав нь хүүхдүүдээ багад шуудан түгээгч хийдэг байжээ. Оюунаа аав ээжээс зургуулаа бөгөөд өдгөө том эгч нь Төв аймгийн Сэргэлэн сумын мянгат малчин. Удаах нь Төмөр замд замчин бол нөгөө нь Гачууртад амьдарч байгаа гэнэ. Харин дараагийн эгч нь Нисэхэд хуулийн хэлтсийн даргын албыг хашдаг бөгөөд зочны маань хамгийн дотны эгчийн нэг. Эдний ганц дүү Солонгост циркийн морин үзүүлбэр үзүүлж байгаад эх орондоо ирсэн.

Тэрээр Төв аймгийн Сэргэлэн суманд нэгээс гуравдугаар ангидаа суралцаж байгаад үргэлжлүүлэн Төв аймаг, Налайх, Дарханы Од цогцолборт тус тус суралцаж дунд сургуулиа төгссөн байна. Ярианаас нь харахад эднийхэн их бүлсэг улс бололтой. Ээжийнхээ хүнд өвчнөөс болоод наймдугаар ангиа төгсөөд сургууль завсардсан дүүгээ  Дарханд эмчээр ажиллах нагац эгч өөр дээрээ авч, төгсгөсөн гэнэ. Ингээд сургуулиа төгсөөд Санхүү эдийн засгийн сургуульд шалгалт өгч тэнцсэн ч ахин ээжийгээ харах хэрэгтэй болоод сургуулиа орхижээ. Юм нэгээр дуусдаггүй хойно доо. Өдөр хоног өнгөрөх тусам ээж нь ч илааршиж, “Муу охиноо сургууль соёлд сургаж чадсангүй. Залуу хүн ажилд орж, хамт олонтой болж юм сураад ав” хэмээн зөвлөх болж. Ингээд Мөнгөө эгч нь “Бамбууш”-т ажилд оруулж өгчээ. Гэхдээ эгч нарын хувьд дүүгээ мэргэжилтэй болгох ёстой гэж үзсэн учраас удалгүй гоо сайханчаар сургаж, тухайн үедээ хороололд үйл ажиллагаа явуулж байсан “Сарнайх” гоо сайхны газар ажиллаж эхэлжээ. Гэхдээ нэг л өдөр сонголтоо хийж, ажлаа орхисон нь өнөөдрийн бүтээсэн амьдралын эхлэл байгаа юм. Тиймдээ ч өнөөдөр энэ амьдралдаа 100 бүүр 1000 хувь сэтгэл хангалуун явдагаа ярина. Тэрээр ээж аавыгаа бурхан болсноос хойш хувь тавилан гэж байдагт итгэх болсон гэх агаад “Миний хувь заяаг бурхан хамгийн сайхан гэрэл гэгээтэйгээр зурж өгсөн санагддаг юм“ гэлээ.

Үе үехэн халуун ам бүлээрээ булагнах дуртай

Нөхрийгөө дагаж гал дээр гарсанаар шинэ амьдрал эхлэв. Гэхдээ энэ бол цоо шинэ зүйл биш. Учир нь Онон ахынхнаа дагаж хөдөө гадаа бишгүй явсан болохоор юу хийхээ харин ч хүнээр хэлүүлэлтгүй мэддэг байлаа. Тухайн үедээ гэрийн эзэн 80 мянган төгрөгийн цалин авах бөгөөд ойр зуурын хэрэглээний юмаа авчихаад  морины хүүхдүүдийнхээ хоол ундыг базаана. Их л олон хүүхэдтэй хүмүүс шиг амьдардаг байлаа гэх. Өдөр өнжилгүй боорцог хайрч, 20-ийн түмпэнгээр дүүргэчихээд сая нэг санаа амарна. Учир нь айлын хүүхдүүдийг өлсгөчих вий гэж битүүхэн эмээсэн хэрэг. Харин өнөөдөр тэр хүүхдүүд томоо залуус болсон бөгөөд  залуу хосын болон уралдаанч багачуулын хувьд сайхан дурсамж болон үлджээ. Ер нь хүний амьдрал дурсамжаар хөглөгдөж байдаг юм болов уу. Дугараагийнх гэх айл тэр нэгэн өвлийн буюу 12-р сарын 25-нд 22-ын товчоонд өрх тусгаарласан байдаг аж. Хөл хүнд эхнэрээ айлд төрүүлэхгүй хэмээн  шийдвэр гаргасан өрхийн тэргүүн гэрээ зэхэхдээ зүү, утас, тэвнээ хүртэл бичиж аваад зах гарч байсан аж. Тэдэнтэй хамт Оюунаагийн аав явж, бүтэн дэвтрийн хуудас дүүрэн гараар бичсэн хэрэгтэй зүйлээ базаачихаад буцаж явахад мөн л амттай санагдсан  биз ээ. Өвлийн хүйтэн хацар жиндүүлж, амиа бодсон нэгэн бол хамраа ч цухуйлгахаас эмээж байхад хадам аав нь гэрийг нь тааруулж өгчихөөд цаанаа л жаргалтай халуун цай оочлон суусан нь саяхан мэт. Гэвч түүнээс хойш хэдийнэ арав гаруй жил өнгөрч, хосууд гурван ч сайхан үрсийн эжий аав болцгоосон байна.

“Эрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг” гэдэг дээ. Эднийд орсон гарсан зочид гэрийн эзэгтэйн цай, хоол сайтай дээр нь цэвэрч нямбайг нь магтах агаад тэр тусмаа Оюунаагийн гурилтай шөл бол нэрийн хоол гэнэ. Тэр бас халамжит хань, хайртай үрсийнхээ хамгийн үнэнч нөхөр. Энэ тухай охин “Ээжийн маань гаргаж байгаа ааш зан хүртэл надад үлгэр дуурайлал болдог юм. Ээж аав хоёр маань “Миний охин, миний охин” гээд л сүйд болдог улс даа. Ямар ч тохиолдолд нэгт тавьж, ингэж их хайрлаж байгааг нь мэдрэхэд ямар гоё гээч. Ингэж их хайрлаж байхад би сайн хүн болох ёстой л гэж боддог. Том болоод “энэ Бат-Өлзий, Оюун-Эрдэнэ хоёрын охин чинь аав, ээж  хоёр дүүгээ ямар сайхан авч явж байна аа. Ийм сайхан охинтой болох юм сан гэж ярих хүртэл ачийг нь хариулна гэж боддог” гэнэ. Цааш нь түүнээс “Үеийнхэнтэйгээ харьцуулахад монгол ахуйгаа илүү мэддэг биз дээ” гэвэл гаргаахгүй шүү. Гэхдээ хотын хүүхдүүд их феминизм үзэлтэй байх юм аа. Тэд бол эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй байх ёстой гээд л зүтгэнэ. Энэ чинь монгол ёсонд жоохон харш биз дээ. Манай ээж гэхэд аав болон дүүгээр хэзээ ч хогоо асгуулдаггүй. Би ч том болоод нөхрөөрөө хог асгуулахгүй. Энэ мэт жижиг мэт атлаа  ихэс ахасаа хүндэтгэх, хүмүүжлийн нөлөөтэй уламжлалууд их байна гэж хариулсан юм.


Эдний гэр бүлийнхний хүсэн хүлээдэг баяр бол наадам, цагаан сар. Мэдээж төрсөн өдрүүд. Энэ л өдрөөр “Халуун ам бүлээрээ” булагнах дуртай болохоор хамаатнууд нь “Танайхан ч халуун ам бүлээрээ л явна биз” хэмээн цаашлуулна. Ер нь гэрийн эзэн гэрсэг нэгэн. Адуу малын наймаанаас бусдыг эхнэртэйгээ зөвшилцөж байж шийдвэр гаргана. Аавын хувиар гурван хүүхдэдээ эмээл хазаар, сайхан хөөрөг тэргүүтнийг зэхэх ёстой гэж үзэх бол Оюунаа  “Бид хоёрыг амьд байгаа дээр энэ гурав маань амьдралын сайн сайхныг мэдэрч өсөх нь чухал. Их хөрөнгө цуглуулж өглөө ч  хүсвэл нэг л өдрийн дотор үрээд дуусгачихна. Харин тэрний оронд дурсамж бүтээх сэн” гэж хүсч байгаагаа нөхөртөө хэлнэ. Тиймдээ ч зав чөлөө гарвал гэр бүлээрээ хөгжилдөх дуртай. Зундаа заавал нэг аялалд бас гарна. Энэ жилийн тухайд гэхэд эх орныхоо баруун хязгаар Баян-Өлгий рүү гарахаар төлөвлөгөө гаргасан гэнэ.


Энэ удаагийн “Хатангоо” буланд ээж, догь охин Ариунаа нар оролцож ярилцсанаараа илүү сонирхолтой боллоо.

“Ээж аавынхаа ачийг хариулна аа”  гэж хэлээд ээжийгээ нулимс дуслуулахад хүргэсэн түүнд сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Сайхан наадаарай.

Монгол түмэн бид... Шинийн хорины өглөөнөөс зунаа хүлээж тайтгарахад Шингэн сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа...

П.Ундраа

7 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.