Ж.Нямлхагва: Хөвсгөлд байтугай, Монголд аймгийн таван түрүүг авсан уяач байхгүй

Сэтгүүлч
11-р сарын 04 -нд

 Хужирт IV багийн харьяат, “Хотгойд гурван саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Жамхүүгийн Нямлхагва 1967 онд Өндөржаргалант хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Хөдөлмөрийн хүндэт медаль, ММСУХ-ны Эрдэнийн очир одон, ММСУХ-ны Уяачийн алдар одон, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны Уяачийн алдар одон, ММСУХ-ны 20 жилийн ойн медальтай.  

-Цагаан-Уул сумын МСУХ байгуулагдсан түүхээс ярилцлагаа эхлэх үү. Та хэд дэх тэргүүн нь вэ?

-Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Хотгойд гурван саарал” МСУХ нь 1989 оны үед “Монгол адуу” нийгэмлэг Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн харьяа болж байгуулагдсан түүхтэй. Тухайн үедээ Мягмар бид холбоогоо байгуулаад явж байтал манай МСУХ удирдлагатай болж хурлаа хийдэг юм. Ингээд шинэ бүтэц зохион байгуулалтаар 2005 онд “Хотгойд гурван саарал” гэж уяачдын холбоогоо байгуулсан. Даваажавын Мягмар гэж манай хуурай ахыг тэргүүнээр сонгож, нарийн бичгийн даргаар Даваадагва ажиллахаар болсон юм. Мягмар ах 2015 оныг хүртэл ажиллаад нас өндөр болсон учраас ажлаа өгсөн. Миний хувьд холбооны хоёр дахь тэргүүн байгаа юм.

-Мягмар тэргүүний үед ямар, ямар ажлыг хийж амжуулсан байдаг вэ?

-Шинэ тутам байгуулагдсан учраас зохион байгуулалтын ажлаас эхэлнэ л дээ. Тамга тэмдгээ авч, уяачид үнэмлэхтэй болж, тодорхой хэмжээний татвар төлдөг болсон. Сум орон нутагтаа зохион байгуулагдах наадмуудыг хууль эрх зүйн хүрээнд, өндөр зохион байгуулалттай явуулдаг зарчимд шилжсэн. Ахмадуудаа алдаршуулах, залуу үеэ хүмүүжүүлэх үлгэр дуурайлал болсон олон ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, 2015 онд 10 жилийнхээ ойгоороо миний аав болох Тэсийн голын их хүлэгч, аймгийн Алдарт уяач, аймгийн Аварга малчин, сумын заан Жамхүүгийн хөшөөг захиргааныхаа өмнө босголоо. Ер нь “Хотгойд гурван саарал” бол аймгийн нэр бүхий холбоодын нэг шүү.


-Та ажлаа аваад гурван жил болжээ. Шинэ тэргүүний эхлүүлсэн ямар бүтээлч ажлын ард гараад байна вэ?

-Манай баг бүр чинь тэргүүн, нарийн бичигтэй. Тэгэхээр зургаан багийн тэргүүн, зургаан нарийн бичиг, 12 тэргүүлэгч ажилладаг юм. Түүн дээр нэг хүндэт тэргүүлэгч, тэргүүн, нарийн бичиг гээд 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Холбоо байгуулагдсанаас хойш манай суманд аймгийн бүсийн уралдаан болж байгаагүй юм. Тиймээс сум орон нутгийнхаа захиргаа, ард иргэдтэйгээ ярилцаж шийдээд анх удаа нийлж сумандаа аймгийн бүсийн уралдааныг зохион байгууллаа. Ноднин хавар болсон энэ уралдаанд бага дөрвөн насыг уралдуулж, өндөр зохион байгуулалттайгаар ард нь гарсан.

-Цагаан-Уул сумын хэмжээнд хичнээн уяач  байна даа?

-Холбоонд бүртгэлтэй 156 уяач бий. Өөрөөр хэлбэл сум, аймаг, улсын цолтойгоос авахуулаад шинэ залуу уяачдаас бүрдсэн, татвараа төлдөг 156 гишүүнтэй. Тодруулбал нэг улсын Алдарт уяач бий. 20 гаруй аймгийн Алдарттай.

Сүүлд өнгөрсөн жил нэг хүн маань аймгийн Алдарт боллоо. Харин сумын Алдарт уяач 50 гаруй хүн бий байх аа.

-Зургаан багаас аль нь хурдаараар илүүрхэх үү?

-Хамгийн олон уяачтай баг бол IV баг буюу “Хужирт”-ынхан. Манай сумын нийт уяачдын 50-иад хувь нь “Хужирт”-ад бий. Гэхдээ уясан морьдын амжилтаараа бол Хужирт, Тосон, Агарынхан жигдхэн. Хараад байхад баг бүрт 4-5 сайн уяач бий. Тэдний төлөөллийг аймаг, бүсийн уралдаанд явуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийдэг юм. Уяачдынхаа татвараас бензин тос, замын зардал гаргаж өгөх жишээний. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд энэ жишгээр аймагт очиж наадаад ирсэн. Айраг авч чадаагүй ч морьд маань сайн давхисан шүү.

-Цагаан-Уулынхан томоохон наадамд хэд одтой улс вэ?

-Байна л даа. Монгол Улсын Тод манлай уяач Доржпүрэв гэдэг хүн манай сумынх. Улс болон улсын чанартай наадамд морь айрагдуулсаныг та нар мэднэ дээ. Дараа нь би байна. /сурв. инээв/ Үүнээс өөрөөр одоохондоо улс, бүсийн уралдаанд морь айрагдуулсан хүн байхгүй ээ.

-Та аль, аль бүсэд орууллаа?

-Анх “Тамирын хурд-2”-т азарга аман хүзүүдүүлж, “Хотгойдын хурд-2”-т азарга, даага айрагдуулсан. Дараа нь Баян-Өлгийн бүсэд соёолон, Говь-Алтайн даншигт шүдлэн айрагдууллаа.


-Адууныхаа удам угшлыг сайжруулах, хурдлах чадварыг дээшлүүлэхэд зохион байгуулалттайгаар ямар ажлыг хийж байна даа?

-2000 оноос хойш манай суманд Сүхбаатар чигийн 200 гаруй адууг авчирлаа. Эндээс тэн хагас нь сайн давхисан. Ер нь сүүлийн үед шинэ цагийн адуутай болохоор манай уяачид, холбоо хамтран ажиллаж байна. Суманд цэвэр нэг азарга байна. Шинэ цагийн 50 хувийн цустай 8-9 азарга бий. Тэдний төл нас насанд 50 гаруй адуу байна. 20 гаруй уяач шинэ цагийн адуугаар азарга тавилаа. Ер нь энэ ажилд сумын Алдарт уяач Ганболд, “Хужирт” багийн харьяат, сумын Алдарт уяач Бямбацогт уяачдаа хошуучилан хөдөлмөрлөж, хөрөнгө зарцуулан ажиллаж байна.

-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаардаг биз дээ?

-Анхааралгүй яах вэ. Тэгэхдээ манай хөдөөд зарим нэг хоцорсон зүйл бий. Тэрийгээ нуухгүй. Гэхдээ бид хамгаалалтын хувцсыг үсэргээ сунгаанд ч өмсүүлье, ялангуяа бага шиг бэсрэг наадмуудад бүрэн хангаж олгоё гэж ярьж байгаа.

-Гарааны төхөөрөмж хэрэглэнэ.

- Эрчим хүчний сайд, аймгийн МСУХ-ны тэргүүн хоёр жилийн өмнө манайд төхөөрөмж хийж өгсөн. Эрт цагаас хойш тойргийнхоо хэдэн сум дотор морь будилаангүй тавьдаг газар манай Цагаан-Уулынхан. Энд морь будилна гэдэг асуудал байхгүй.

-“Хотгойд гурван саарал” гэж ямар учиртай нэр юм бэ?

-Учиртай шүү. Тэсийн голын эх манай сумаас урсдаг. Хөвсгөл, Завхан, Увсынхан Тэсийн голын хурдан адууг маллаж, уяж хурдлуулдаг. Тэгэхдээ эх нь манай нутагт байдаг юм. Хөвсгөлийн Цагаан-Уул сумын хөрсөн дээр төрж, Тэсийн голын эхэнд өссөн гурван хурдан саарал морь байдаг. Тодруулбал, Жамхүүгийн цагаан гэж миний аавын морь аймагт хоёр түрүүлж, суманд олон айрагдсан. Өнөөх нь Жадамбаа саарал гэж Хөвсгөл аймгийн түүхэнд анхдагч морь. Энэ саарал аймагт нэг, суманд олон түрүүлсээн. Бүрэнтогтох, Цагаан-Уул хоёроор 6-7 түрүүлсэн. Аймаг байгуулагдсаны 40, Улс хувьсгалын 50 жилийн ой буюу 1971 онд түрүүлсэн их насны морь, түрүүлсэн бөх хоёртоо медаль гэгчийг өгөхөөр болж л дээ. Тэр алтан медалийг Жадамбаа саарал авсан байдаг юм. Тэр жил аавын маань цагаан даага түрүүлсэн. Харин гурав дахь нь Раднаа саарал гэж энэ сумандаа найм түрүүлсэн их насны морь байна. Раднаа гуай өөрөө бөх барилдаад долоо түрүүлэхдээ саарал морьтойгоо цуг түрүүлсэн. Эндээс үүдэн гурван саарал морийнхоо сүлд хийморийг мөнхөд оршоох сэтгэлээс үүдэн “Хотгойд гурван саарал” гэж нэрлэсэн юм.


-Та бидэнд аавынхаа тухай ярьж өгөөч?

-Миний аав Сүрэнхорын Жамхүү бол 1938 оных. Дөрөвдүгээр анги төгсөөд, цэргийн албыг хааж, хурдан морьтой хувь заяагаа холбосон хүн дээ. Аймгийн Аварга уяач гэдэг цолыг Батлан хамгаалах туслах нийгэмлэгээс олгож эхлэхэд Хөвсгөл аймагтаа №5 үнэмлэхийг  авч байлаа. Аавынхаа оргил амжилтаас сонирхуулахад 1984 онд Хөвсгөл аймагт азарганаас бусад таван түрүүг нь авч байлаа. Тэгэхэд азарганд Монгол Улсын Алдарт уяач Зоригтын бор түрүүлж, бусад насыг аав нэг уяаны найзтайгаа түүсэн. Аавын гурав, найзын нь хоёр гээд таван их насны морь аймагт дараагаараа ирж байлаа. Гайхалтай түүх байгаа биз. Ер нь Завхан, Увс, Хөвсгөл гурвын залгаан дээр их л нэрд гарсан уяач л даа. Манай Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд Тэсийн голын Их хүлэгч гэдэг цолтой. Алдарт уяачийг нэхэн олгож болохгүй учраас ийн Их хүлэгч цолыг олгосон юм.

-Ааваас тань дээд үед уяачид байв уу?

-Ааваас дээд үед уяач байгаагүй. Манай аав ядуу айлын том хүүхэд. Сүрэнхор гэдэг хүний аав нь Бадарч гэж хүн байсан юм гэнэ лээ. Аавын дээд удам нь Завханы сартуул юм шиг байгаа юм. Тэгээд тухайн орон нутагтаа амьдрах аргагүй болоод Бадарч гэдэг хүнийг Сүрэнхор нь 3-4 настай дагаж ирсэн юм уу даа. Тэгээд энэ Өвгөдийн голд суурьшаад, аав маань энд төрж өссөн. Маш сайхан барилддаг, морь уядаг хүн байлаа. Суманд дөрөв түрүүлж, найм шөвгөрсөн.


-Аавынхаа бор морины амжилтаараа яриагаа үргэлжлүүлэх үү?

-Манай аавын адууны түүх домог болж үлдсэн байдаг юм. Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ноён хурдан бор адуутай байсан юм гэнэ лээ. Тэр хошууны ноёны адуу дамжин явсаар 1956 онд улсын хэмжээний нийгэмчилгээгээр олон айлын малыг хураасан. Үүний нэг нь тэр ноёны удмын хүн болох Булнайн арын хурдан саарал адуутай Ванжил дүвчин гэж айлын адуу нийгэмчилгээнд оржээ. Үүгээр  олон саарал адуу ирж, Товуу гэж адуучинд тууж авчраад өгчихдөг юм байна л даа. Энэ Товуу нь аавын  ах АИХ-ын депутат хүн байлаа. Улмаар тэр адуунаас ганц охин саарал даага аавд ирсэнээр манай цагаан адууны эхлэл тавигдсан. Дараа нь 1969 онд юм уу даа. Манай аав агтнаас халтар хязаалан үрээ сольж авсан юм гэсэн. Аав бол морь сайн танина. Түүгээрээ азарга тавьсан ч анхны хоёр төл нь давхиагүй. Харин гурав дахь нь аавын алдартай цагаан морь байгаа юм. Цагаан адууны түүх бол Тэсийн голын хурдан адуутай холбоотой. Манай аавын өвөг дээдэс аавд адуу мал хүлээлгэж өгөөгүй. Зөвхөн хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгосон. Халтар азарга нь суманд долоо түрүүлсэн. Хүмүүсийн ярианд Аавын халтар гэж яригдах байх. Манайд нэг аман хүзүүдэж, гурав түрүүлээд Аав гэдэг уяач худалдаж авсан. Тэднийд очоод дөрөв түрүүлсэн. Халтар азарга, Булнайн арын Ванжил дүвчин гэдэг айлын цагаан гүү хоёрын дундаас аавын цагаан морь гарсан түүх ийм байна.

-Цагаан морь нас бүртээ яаж, яаж давхисан юм бол оо?

-1970 оны унага. Аймгийн ойтой тэр жил энд Рэнчиндоржийн хүрэн даага түрүүлж, манай цагаан аман хүзүүдсэн. Гэхдээ түрүүлсэн даага нь аймаг яваагүй. Харин аав аймагт очоод Ардын хувьсгалын 50, аймаг байгуулагдсаны 40 жилийн ойгоор анх удаа даага түрүүлгэсэн. Дараа нь хязааланд нь аймагт дөрөвлүүлсэн. Тэгээд Цэцэрлэг, Цагаан-Уулаараа түрүүлээд, хавчиг жилээ Цагаан-Уулдаа аман хүзүүдэж, Завханд очиж мөн аман хүзүүдсэн. Нас нийлсэн жилээ сумандаа аман хүзүүдэж, Завханд очиж түрүүлсэн. Түүнээс хойш нэг их түрүүлээгүй, тогтмол айрагдсан. Сүүлд 1984 онд хөгшин морь аймагт түрүүллээ дээ.

-15-тай байх нь ээ?

-Тийм болох нь.

-Хэд хүртлээ уралдсан юм бэ?

-15 хүртлээ уралдсан. Ертөнцийн худал хуурмаг юм биднийг дийлж байдаг нь тоогүй шүү. 1984 онд аав маань бүх адуугаа Увсын Таван тэсийн хулгайчид алдсан. Энэ бол манайхны хувьд хар өдөр байгаа юм. Гэхдээ аав адуугаа бүр Увсын Таван тэс орж олж ирсэн л дээ. Түүнээс хойш хөгшин морь уягдаагүй байгаад 1996 онд бурхан болсон.


-Хөлөнд нь сэв суусан юм уу?

-Сэв суугаагүй. Унаа эдэлгээнд хор суусан юм уу. “Нэг л болохгүй байна” гэж байсан. Түүнээс хойш хөгшин морь маань давхиагүй. Дүү нар нь давхисаан. Тухайлбал, халтар азарга, цагаан гүү хоёрын дундаас суманд айрагдаж, түрүүлээд байсан 10-аад саарал адуу гарсан. Дандаа миний аавын нэр дээр давхиж байлаа. Мөн Завхан, Хөвсгөл хоёрын залгаан дээр Жамын цагаан гэж одоо хүртэл алдартай цагаан адуу бий. Зарим хүн толгойгоор нь наймаа хийж байлаа шүү дээ. Жаахан цайвар, эвтэйхэн шиг царай зүс сайтай бол “Энэ чинь Жамын цагаан адуу. Чи худалдаж авахгүй юм уу” гэх жишээний. Ийм худал хуурмаг юм ч явж байсныг яана. Ер нь одоо хүртэл тэр цагаан адууны түүх үргэлжилсээр л. Аав бид хоёр 1971 оноос хойш өдий хүртэл хоёр үе дамжуулаад наадаж байна. Энэ хугацаанд ялгаа байхгүй. Өнөөдөр ч миний адуунд аймагт түрүүлдэг, айрагддаг нь байна. Цаг төр нь сайхан болоод, унаа тэрэг элбэгшсэн учраас бид дуртай наадамдаа очдог болж. Дуртай газраасаа азарга, үрээ, байдас авчраад цус сэлбэчихэж байна. Манай аавын үед хэдэн цагаан адуу явдаг байсан. Миний үед ч мөн хэдэн цагаан адуу хариулдаг ажилтай л явна.

-Таны аав аймаг, сумын хичнээн айраг түрүүтэй юм бэ?

-Аймгаас найман түрүү, 12 айрагтай. Сумаас бол тоолж мэдэхгүй байна. 1971 онд сумандаа таван түрүү авч байсан хүн шүү дээ. Ер нь уяачийн хувьд оргил үе нь 1970, 1980, 1990 оны эх хүртэл байсан. Завхан, Хөвсгөл, Увсдаа сайн наадсан. Аавыг Завхан талд, настайчууд нь андахгүй. Тухайн үед чинь Завханы наад талын сумдын ойг намар есдүгээр сард хийдэг байлаа. Баянхайрханы 20 жилийн ойд аман хүзүүдүүлж, Баянтэсийн 20 жилийн ойд түрүүлгэсэн. Даанч тэр үед нэг жижигхэн үнэмлэх өгдөг байж л дээ. Одоо тэр нь байхгүй. Аав минь 30 хэдэн жил морьтой холбогдож, тэр олон айраг, түрүү авахдаа Завханаас нэг, аймгаас хоёр медаль л авсан байдаг. Манай сум чинь медаль өгдөггүй байлаа. Тэгэхэд бид жилд том жижиг наадмаас 40-50 медаль авах жишээний.

-Аймгийн Аварга малчин болсон гэл үү?

-Үхэр маллаж байсан. Аймгийн Аварга малчныг 1986 онд авсан юм уу даа. Түүнээс урьд эм хонь маллаж байхдаа “Энх сүрэгтэн”,  V жилийн гавшгайчийг ээж, аав хоёр минь цуг авч байлаа.

-Та аавыгаа “Морь сайн таньдаг хүн байсан юм аа” гэсэн. Хурдан морины ямар шинжийг илүү үздэг байсан бол оо?


-Морийг хараад “Энэ давхих магадлал өндөр юм. Тавруулж үзэх хэрэгтэй байна аа” гээд заавал харайлгаж үздэг байсан. Тэгээд “Давхих байх аа” гэсэн морьд нь л давхисан. Миний аав чинь амьдралынхаа түүхэнд гурван сайн азаргатай байсан хүн. Гурвууланг нь гаднаас өөрөө таньж авсан. Нэг нь халтар азарга. Нөгөө нь саарал азарга байна. Дараа  бас нэг бор азаргатай байсан. Тэр нь мөн л Цэцэрлэг, Цагаан-Уул хоёрт ээлжилж 4-5 түрүүлсэн азарга. Саарал азарга нь арай цөөхөн түрүүлсэн. Цэцэрлэгт нэг, энд түрүүлээгүй байх аа. Айрагдаж л байсан. Гүүн адуу нь Булнайн арын Ванжил дүвчин гэдэг айлтай холбоотой. Тэр Гончигбатын Батболд уяачийн удмын хүн л дээ.  Батболдын аав Гончигбат тэр Булнайн арын Ванжил дүвчин гэдэг айлын зээ хүү байгаа юм. Би эдэнд баярлаж явдагаа хэлдэг юм. Ванжил дүвчин гэдэг хүний адууны уг л манайд яваад байгаа юм шүү дээ. Ер нь аавын үеийн мундаг уяачид байна аа. Раднаа заан, аймгийн Алдарт уяач Лхагваа гээд морио уядаг, мэдэрдэг, мэддэг. Маргаашийн түрүүлж айрагдах морьдыг өмнө нь хэлчихдэг. Маргааш баяр болох гэж байхад аавын үеийнхэн цуглаж суучихаад ярьсан байхад маргааш зөрөхгүй дээ. Нуруулдасхийгээд л ирнэ. Даанч хорвоогийн жам гэдэг хатуу. Нэгэн цагт нуруугаа үүрчихээд, мар мар инээж суусан сайхан хөгшчүүл буцсан байна. Бурхны хурдан хүлгэдийн уяа сойлгыг тааруулах гээд явсаар, дууслаа даа. Одоо бид бол өөрсдийнхөө морийг мэдэхгүй байж юун хүнийхийг хэлэх. Тэдний талын талд ч  хүрэх яагаа ч үгүй байна.

-Уясан нь түрүүлж, айрагдаад бүүр дараагаар орж ирээд аавынхаа баярлаж байгааг харах сайхан биз. Ер нь хамгийн сэтгэл догдлуулсан наадам аль нь байсан бэ?

-Их олон наадмыг аав минь ярьдаг сан. Арга ч үгүй дээ. Олон газраар тун ч сайхан наадсан юм чинь. Эндээс Завханд цагаан морио түрүүлгэсэн тухайгаа ярих их дуртай. Их сонин, содон наадам ч болсон юм билээ. Завханы ой болохгүй юу. Одоогийнх шиг морь болгон давхиад очихгүй шүү дээ. Манай аав эндээс 200 гаруй км газар морио хөтлөөд очиж. Мэдээж Хөвсгөлөөс үзэгч бол тэнд байхгүй. Тэгэхэд Хөвсгөлд 19 дүгээр тээврийн бааз гэж байсан. Тэр баазын машинууд улсын шугамаар ачаа тээвэрлэдэг. Тэгсэн яг тэр наадмаар 10 гаруй чирүүлтэй тэрэг ачаа буулгаж таарсан байгаа юм. Аавыг ирсэн хэзээний мэдчихсэн болохоор “Цагаан морио харъя” гэж бөөн хөл хөөрцөг. Ингээд би цагаан морио унаад түрүүлээд ирсэн жолооч ах нар намайг

газарт гишгүүлэхгүй, гараас гартаа өргөж үнсээд л. Хэдэн жолооч аавыг тойроод бүччихсэн. Би мориныхоо медалийг зүүчихсэн. Үнэндээ хүний нутаг, гүний хошуунд наадаад түрүүг нь авчихна гэдэг хэцүү л дээ. Согтуу хөлчүү нэгэн агсам тавихаас эхлүүлээд. Түүнээс сэргийлээд өнөө хэд чинь чиргүүлээ бүгдийг нь тулгаад тойруулчихаад идээлүүлж хоноод наашаа гарч байлаа.

       Харин миний хувьд 1984 оны наадмыг ярих дуртай. Би мориноос хасагдчихсан, аавын хувьд бол сэргэн мандалтын нь үе. Тэгэхэд аймагт таван түрүү, долоон айраг авна гэдэг чинь хэцүү шүү дээ. Шүдлэн түрүүлж, айрагдаад, хязаалан, соёолон түрүүлээд, их нас нэг, хоёр, гурав, дөрөв гээд орчихсон. Тэр бол миний хувьд бахархал байсан. Би чинь аавынхаа урдуур орж морь цоллуулдаг. Ер нь би хувь тавилантай, азтай хүн. Ааваасаа хойш 23 жилийн дараа 2007 онд би Хөвсгөл аймагт таван түрүү авсан. Хөвсгөл аймагт байтугай, Монголд аймгийн таван түрүү авсан уяач байхгүй. Тэгэхээр би 23 жилийн дараа аавынхаа амжилтыг давтсан. Тэр жил их нас л түрүүлгэж чадаагүй. Миний уясан, найзын маань их нас тэр жил аман хүзүүдсэн. Тэгээд бусад таван түрүүг нь авчихаад мөн ч их баярласан.


-Таван түрүү, хэдэн айраг авах билээ.

-Таван түрүү, долоон айраг авсан шиг бодогдох юм. За байзаарай. Азарга түрүү, аман хүзүү, соёолон, хязаалан түрүү, шүдлэн түрүү, айргийн гурав, тав, даага түрүү, аман хүзүүгээр хурдалсан. Тэгээд миний хээр даага түрүүлж, хүрэн халзан нь аман хүзүүдсэн юм. Аавынхаа бэлдэж өгсөн буянаар өдий зэрэгтэй явна даа.

-Та хаа хаанаас цус сэлбэх адуугаа авч байна вэ?

-Сүхбаатар аймгийн Мөнххаан, Хэнтийн Баянхутаг, Мөрөнгөөс эрд нь гүү, охинд нь азарга авчирч тавиад л ажиллаж байна. Ааваасаа хойш бие даан адууныхаа цусыг сэлбэж, 2007 онд монгол даага “Хотгойдын хурд”-д дөрөвлүүллээ. Ёстой л шинэ цагийн адуунууд ид галзуурч байх үе шүү дээ. Тэр жил 170 гаруй даага уралдсанаас “Авзага”-ын Мэндээгийн бор түрүүлж, Билэгдэмбэрэлийн хүрэн аман хүзүү, гуравт Завханы Чулуунбатын бор, дөрөвт миний хээр, тавд Завханы Цандэлэгийн хүрэн даага давхисан. Лав 30-40-өөс урагш монгол даага ирээгүй. Тэгэхээр адуугаа сайжирч байна гэж ойлгоод байгаа. Гэхдээ хийх ажил их байна аа. Англи, араб адууны цус хэдэн адуунд оруулж үзлээ. Энэчлэн хурдан адуутай болчих гээд явж байна.

-Та эцэг, эхээс хэдүүлээ юм бэ? Айлын ууган хүү, тийм ээ.

-Тийм ээ, айлын ууган хүү. Бид аав, ээжтэйгээ ам бүл 14-үүлээ байлаа. Буянтай буурлууд минь долоон эрэгтэй, таван эмэгтэй хүүхэд төрүүлж өсгөсөн байна.

-Долоон эрэгтэйгээс хэд нь морь уях уу?

-Нэг маань бурхан болсон. Бүгдээрээ морь сайн уяна аа. Гэхдээ биднээс хамгийн бага маань илүүрхэх гээд л байна шүү. /сурв.инээв/ Би чинь улс, бүс гээд олон газраар морь уялаа. Улаанбаатарт очиж улсын томчуудтай ч морь уяж үзлээ. Говь руу л очиж наадаж үзсэнгүй. Ингэж явахад дүү маань уралдаанчаар хамт явна. ХХ зууны Манлай уяач Данзаннямын Даваахүү багш дээрээ очиж байхад ч хамт явж байлаа. Энэ мэт юм үзэж нүд тайлсан нөхөр чинь надаас илүү морийг мэдрээд байх шиг байна. Харин бусад нь бол жигдхэн уяачид. Хоёр нь сумын Алдарт уяач цолтой. Бас аав шигээ хатгачихна.

-Хэн хэн нь хатгаж байна даа?

-“Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр би хатгана аа. /сурв.инээв/ Гэхдээ би чинь багштай хүн шүү. Гүрбазарын Батчулуун бол миний багш байгаа юм. Аавынхаа зааж өгснийг мөчиг тачигхан сурсан байж таарна. Түүн дээр минь нэмж Батчулуун ах адуу эмчлэх эрдмийг мундаг сайхан зааж өгсөн. Үүнийхээ “ид шидийг” үззж сүүлийн 20-иод жил адууны хөл рүү хутга барьж байна даа. Мэдээж бас дүү нар хатана. Цаг нь ч ирчихсэн. Урьд нь морь хатгана гэдгийг жилд нэг удаа хийдэг байлаа. Одоо бол цаг тухайд нь хийхгүй бол болохгүй болчихоод үе. Тариаланд нэг дүү маань бий, хатгана. Манай бага дүү бас хатгана. Боломжийн, хүнд тус болоод байх хэмжээний шүү.


-Ингэхэд та бие дааж морь уяад хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм бэ?

-1995 оноос эхэллээ дээ. Түүнээс таван жилийн өмнө аавынхаа хажууд уяагаа босгочихоод бүх ажлыг аавын заавраар хийдэг байлаа. Манай аав ч намайг сорино л доо. Даанч хорвоогийн хатууг яалтай билээ. Тэр нэг хар өдөр таарч, аав минь аваарт ороод бурхан болсон. Уг нь миний аав чинь 54-хөн настай байлаа.

-Анх морь уясан жилээ ямархан амжилттай наадсан бэ?

-Тэр жил их хэцүү байлаа. Уг нь аавынхаа давхиулсан морийг цоллуулдаг, хусуур, сойз шаагиулсан “мундаг” уяач явлаа шүү дээ. Гэсэн атлаа 1995 онд морьдоо барихын өмнө “Би ч чадах юм байхгүй дээ, яана вэ. Үсэргээ сунгаанд морио айрагдуулчихдаггүй юм байх даа. Тэгвэл нэрийг нь хугалчихгүй байх юм сан. Тэрнээс сумын баяр ч өнгөрч” гэж бодож байгаа юм. Тэгээд морио барьж авлаа, үсэргэлээ. Зарим нь түрүүлж, нөгөө нь айрагдаад, бас нэг хэсэг нь хойхнуур л орлоо. Жаахан урам орж байна шүү. Тэгэхэд чинь одоо шиг олон наадам байхгүй. Баяраас урд бригадын өдөрлөг гэж ганц нэг юм болно. Өнөө өдөрлөгт нь айрагдуулчих санаатай өглөө эртлэн бослоо. Өөрийн хэмжээнд хөлслөхдөө хөлсөлж, үсэргэхдээ үсэргээд л ирсэн нь тэр. Тэгсэн бригадын өдөрлөгт нэг морь түрүүлж, хоёр үрээ маань айрагдчихлаа. Хүн чинь давруу амьтан хойно “Энэ болох юм байна. Одоо суманд л айрагдуулчихвал, түүнээс цааших нь яахав” гэж залбирч байгаа юм. Улмаар тэр жил суманд их насны морь гуравлаж, хоёр үрээ айрагдлаа. Тэгээд дотор онгойдог юм байгаа биз дээ. Ер нь аймаг, улсад явахад яадаг юм гээд зориг орлоо. Бурхнаас заяасан хувь тавилан байгаад үлдээх ёстойгоо үлдээсэн болохоор хүч хүрэх хүртлээ үзэх л хэрэгтэй бодож байгаа юм. Аав минь нэг мундаг морь үлдээгээд бурхан болсон. Тэр бол  Хөвсгөл, Завхан хоёрын залгаан дээр нэрд гарсан Нямлхагвын улаан байгаа юм. Их насанд тархинд гараад ирдэг. Тэгэхэд нь түрүүлж чадах уу, чадахгүй юу гэж ярихаас биш, таваас мултарна гэж толгойд бодогдохгүй. Хүн чинь эцэг эхээ мөнхөд юм шиг л санагддаг гэнэн улс. Нэг л өдөр яваад өгөхөд нь тухайлбал, уяаны тухайд юу ч сураагүй үлдсэн байгаа юм. Аавын зааж сургасныг энэ улаан морь үргэлжлүүлэн намайг олон зүйлд сургасан. Өөрөөр хэлбэл миний улаан морь 17 хүртлээ Хөвсгөл, Завхан хоёрын залгаан дээрхи сумдыг тойроод дуусгахдаа хэний хүү, хэн гэдгийг маань хэлж өгсөн дөө.

-17-тойд нь уралдуулж байв уу?

-2001 онд улс хувьсгалын 80 жилийн ойгоор улсад мордуултал их хойно ирсэн. Харин 2005 онд Онон Тод манлай, Сандуйжав гуай нарыг ид мандаж байхад эдэнтэй саахалт буучихаад уялаа. Налайхын бага сунгаанд гуравлаж, дунд сунгаанд мөн гуравласан. Тэр дунд сунгаанаар Хэнтийн Мөрөнгийн Энхсүхээс авсан цавьдар морь түрүүлсэн. Тэгээд 17-тойдоо улсад 71-ээр давхисан.

-Сум, аймаг орондоо яаж давхиж байв?

-Суманд 13 түрүүлсэн. Аймагт ганц ч тавиагүй. Хязаалан байхад нь аав маань гурав дахь медалиа авсан гэсэн дээ. Тэрийг улаан морь авчирсан юм. Сүүлд нь тоолж барахгүй олон медальтай болсон.

-Нөгөө л цагаан гүүний удам яваад байна уу?

-Хэлээд юу гэх вэ, түүний л удам. Яг тэр алдартай цагаан морины төрсөн охин дүүгийн охин төлөөс гарсан юм. Тийм цагаан адууны түүхээр аав, хүү хоёр наадаж наргиж байна даа.

-Түрүүн говийн бүсээс бусад бүсийн уралдаанд наадсан гэж ярьсан даа. Тэр наадмуудын тухай ярих уу?

-Анх би Архангайн 80 жилийн ойгоор хар соёолонгоо аман хүзүүдүүлж байлаа. Хөвсгөл аймгийн сангийн аж ахуйн 60 жилийн ойд түрүүлчихээд, тэнд очиж хоёулхнаа хөөцөлдөж ирээд аман хүзүүдсэн нь энэ. Дараа нь Доржпүрэвийн хүүгийн Бүлтэн халзан азаргыг уяж, “Тамирын хурд”-д айрагдуулсан. Баян-Өлгийн даншигт соёолон цоохор үрээ бас дөрөвлүүлсэн. Хойтон жил нь Говь-Алтайн бүс болоход тэр гуравлаж байлаа. Өнгөрсөн хугацаанд говийн бүсэд л наадсангүй. Одоо говийн бүсэд мориныхоо сүүлийг шуучихвал Монголынхоо хязгаарт адууны сүүл шуусан уяач болох гээд байна.

-Та хэн, хэний морьдыг уяж байсан юм бэ?

-Анх Доржпүрэв, дараа Цэрэнбатаа гэж /сурв.Монгол Улсын Алдарт уяач/ уяачдын морийг уяж байлаа. Харин сүүлийн хоёр жил хүн амьтны морь уяхгүй, өөрийнхөө адуутай дангаараа байна.

-Төвийн уяанд суралцаж, номын дуу сонсоод ирсэн гэсэн. Сурсанаа нутаг орныхонтойгоо хуваалцаж байна ууэ?

-2001 онд би багшдаа очиж шавь орло. Түүнээс хойш 10 жил Хөвсгөл аймагт миний морьд тогтмол сайн давхисан. Тэр бүтээмжээрээ ард түмэндээ өөрийнхөө мэдэх чадахаа хэлж өгнө шүү. Багш нарынхаа болон эцгийнхээ зааж өгсөн эрдмийг ард түмэнтэйгээ хуваалцаж л явна. 2010 онд залуу уяачдад зориулж, багшаараа редакторлуулан “Хүлэгчийн голомт” гэж номоо бичлээ. Намайг чинь бараг тэнгэрийн хүн буугаад ирсэн шиг боддог юм байгаа юм. /сурв. инээв/ Бараг утсаар морь уячих гээд байх шиг ээ. Утасдаад “Ах аа, тэгчихсэн байна, ингэчихсэн байна” гээд асууна. Эрдэнэбулган, Галт, Шинэ-Идэр, Чандмань, Цагаан-Үүр, Улаан-Уулаар  урилгаар хичээл заалаа. Өнгөрсөн зургадугаар сарын 15-нд Рэнчинлхүмбэд очих байсан ч та бүхнийг ирэх бэлтгэл ажилтай байгаад чадсангүй.

-Нямлхагва уяачийн морьд онцгой сайхан давхисан жил нь хэзээ вэ?


- 2007 онд миний унаган адуу болох хээр даага тэр олон эрлийз дааганууд дунд ганцаар ирсэн. Тэр бол миний амьдралын бахархал. Тэр үед “Шинэ цагийн адуу биш ээ. Бүдүүрээд минийх урд нь гарна” гэж бодсон. Бас миний Буган саарал гээд мундаг азарга бий. Мөн ялгаагүй, шинэ цагийн адуунуудтай уралдаж байлаа. Даанч одоо бүдүүрээд байдаггүй. Гэхдээ шинэ цагийн адуунд үндсэндээ би бууж өгчихөөд, үржүүлж эхэлсэн.

-Хээр даага дараа нь яаж давхисан бэ?

-Шүдлэндээ Заамарын даншигт наймласан. Хязаалан аймагтаа гуравлаад, Монгол Улсын заан Хүрэлбаатар ахын мялаалга наадамд айрагдсан. Соёолон жил нь болсон юм. Тэгэхэд мөн л Цандэлэгийн хүрэн ирлээ. Миний алдаа л даа. Уг нь соёолон жилээ сайн байх шиг байсан юм. Аймагтаа удаалчихаар нь “Хотгойдын хурд”-д тавиад газраа туулж чадалгүй бурхан болгосон.

-Өлдүүлчихсэн үү?

-Миний л алдаа байсан.

-Дараагийн залгамж халаа болох уяачид бэлтгэгдээд эхэлчихсэн үү?

-Би ганц хар хүүтэй. Энэ жил аравдугаар анги төгсөнө. Ааваасаа дамжиж ирсэн энэ эрдэнийг эрдэнэ хэвээр нь аваад явчих байх гэж хүүдээ найдаж байна. Хурдан морь гэдэг 10 жил дотор болчихдог асуудал биш. Хүүхэд юм болохоор одоохондоо сонирхож л байна. Харин эрэгтэй дүү нар дотор сайхан, сайхан уяач банди нар бий. “Мал дээр гаръя, уяач болъё” гэсэн хүүхэд ч байна. Эд нар чинь буурлын буяныг хариулж маллаад, наана цаана авч явж бөөцийлөх улс шүү дээ.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-“Тод магнай” сэтгүүлийн хамт олон “Дэлтэй цэнхэр” МСУХ-той хамтарч ийм сайхан ажил хийж байгаад талархлаа илэрхийлье. Монголын өв соёлыг цааш нь түгээн дэлгэрүүлж, нутаг орондоо сэргээж, өвгөдийнхөө үйл хэргийг мөнхжүүлэн, залуу үеэ сургах үүрэг та бидэнд ирсэн байна шүү дээ. Өнөөдөр морь уяя гэсэн залуучууд, хурдан морь гээчийг сонирхож байгаа хүмүүс үнэн сэтгэлээсээ энэ ертөнцөд хөл тавиасай. Түүнээс түрүүвч дүүрэн мөнгөтэй үедээ орчихоод дургүй үедээ орхичихоод өв соёл гэж ярьж болохгүй шүү. Энэ эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн, ард түмэн хүлээн зөвшөөрсөн том соёл юм. Хөрөнгө мөнгөтэй битгий хутгаарай. Ариун цагаанаар ахмад уяачдаа хүндэлж, дүү нараа сургаж, мориныхоо ертөнцийг цэврээр нь авч яваарай гэж захимаар байна.

П.Ундраа

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.