Аймгийн Алдарт уяач Н.Нацагдорж: Ягаан морь энддэг жилээ онцгой хурдан байсан

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 28 -нд

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын долдугаар багийн харьяат аймгийн Алдарт уяач Намжилдоржийн Нацагдорж. Монголын хурдан морины түүхэнд тэр тусмаа морин уралдаан эрчимжсэн 21-р зууны түүхэнд тодоор бичигдэх хурдан хүлгүүдийн нэг ягаан морины эзэн гэдгээрээ эчнээ танигдсан тэрээр 1963 оны хавар Галт сумын хүн эмнэлэгт мэндэлжээ. Уяачийн эрдмийг шалгадаг их насны морь уяж дөрвөн бүсийн уралдаанд айрагдуулсан түүний хөдөлмөрийг үнэлж ММСУХ-ны Уяачийн алдар одонгоор шагнасан байна.

-Эзэн уяачаа алдаршуулагч энэ цагийн хурдан хүлгүүдийн нэг нь таны ягаан халзан морь. Хүлэг эрдэнэтэйгээ учирсан түүхээ хүүрнээч хэмээн хүсч байна.

-Санаандгүй явж байгаад л сайхан хүлэгтэйгээ таарчихсан юм даа. Завханы Баянтэсийн уугуул аймгийн арслан Элбэг гэж хуурай ах минь бий. Тэдний хүү Доржоо Дорнодод морь уядаг юм байна. Тэгээд нэг өдөр аавдаа “манай найзад гайгүй давхидаг хонгор азарга байна. Зарах гэнэ. Та авах уу” гэсэн юм билээ.Тэгсэн Элбэг Арслан над руу залгаж хэлсэн юм. Тухайн үед би адуу мал цөөтэй. Морь мал нэг их сонирхдоггүй ч байж. Тэгээд Пүрэвдорж гээд дүүдээ санал болготол өнөөх маань “Авъя” гэдэг юм. Тэгэнгүүт нь би “гайгүй үрээ байвал нэгийг авъя” гэлээ.

-Утсаар битүү наймаа хийсэн байх нь...

-Тийм, үзэж хараа ч үгүй. Хэлсэн нь итгэлтэй хүн учраас найдаж байхгүй юу. Үнийг нь асуусан  5-6 саяд ав гэж байна. Тэгээд л тохирчихсон.


-Ядаж удам угшлыг нь асуугаа байлгүй дээ.

-Би Дорнод аймгийн Матад сумын харьяат Намнан гэдэг залуугаас авсан. Намнанд нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Гантулга гэж найз нь бэлэглэсэн юм билээ. Хавар бэлгэнд аваад уясан чинь зун нь аймгийнхаа наадамд 10-аар давхисан гэсэн. Тэгээд би тэр намар нь буюу шүдлэнд нь авсан.

-Аймгийн наадамд аравт давхисан гэхээр нь удмыг асуулгүй авчихсан хэрэг үү?

-Ягаан морины эцэг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Даваасүрэн гэдэг хүний саарал азарганы төлийн төл гэсэн. Харин эх гүүнийх нь талаар хоёр янзын яриа байдаг юм. Гантулга “манай өөрийн унаган гүү” гэдэг. Харин нутгийнхан болохоор “Гантулгад бэлгэнд өгсөн Асгат гаралтай гүү” гэдэг юм. Аль нь үнэн болохыг би сайн хэлж мэдэхгүй байна.

-2012 онд хязаалан үрээ Магнай халиунтай уралдаж байсан гэхээр 2011 оны намар хийсэн наймаа болох нь.

-Тийм.Өвөл нь тэжээгээд хавар ажил хийсэн хурдан байнаа.Уралдуулах гэсэн уралдаан гардаггүй. Хаврын уралдаанууд чинь дээд гурван насных байдаг шүү дээ. Соёолонгуудтай үсэргэсэн чинь урд нь ирээд байдаг.Тэгж байтал гурван сард Доржпүрэв гуай Алдартынхаа мялаалга наадмыг хийлээ. Соёолонд тавьчихсан чинь урд нь Тариалангийн хоёр эрлийз үрээ ороод гурвалдаг юм. Тэгж л миний ягаан морины шид танигдсан даа.


6-р сарын нэгэнд манай аймагт бага гурван насны морьдын уламжлалт уралдаан болдог юм. Тэнд Болдбаатарын халиун азаргатай зуузай холбож орж ирээд халиун нь түрүүлж, миний ягаан аман хүзүүддэг юм. Дараахан нь Хүнсний үйлдвэрийн 70 жилийн ой болж соёолонгуудтай уралдуулаад дөрөвлөдөг бил үү дээ.Тэгээд аймгийн баяр наадамд Ц.Цэрэнбатын бууралтай уралдаж аман хүзүүдлээ. Дараа нь Галт, Жаргалан сумдад аймгийн бүсийн уралдаан болоход нэгд нь аман хүзүүдэж, нөгөөд нь тавласан. Хязаалан жилийнх нь наадмууд үүгээр отголсон санагдаж байна.

-Уралдсан болгондоо айрагдсан байна шүү дээ.

-Зургаа уралдаж, зургаа айрагдсан. 2013 онд соёолондоо аймгийнхаа наадамд түрүүлээд, Завхан аймгийн 90 жилийн ой баруун бүсийн уралдаанд очиж гурваар давхиад, “Илчит металл” компанийн 10 жилийн ой Булган аймгийн баруун бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Хавчигтаа  Бүрэнтогтохын наадамд түрүүлээд, Галтын 90 жилд түрүүлсэн. Хотгойдынхоо хурдад будилж хойноос гараад 15-д орсон. Түүнээс хойш уралдсан болгондоо айрагдсан даа.

-Та санаж байгаа бол амжилтуудыг нь нэг бүрчлэн яриад өгөөч.

-2015 онд долоон настай морь аймгийнхаа хаврын бүс болоод Тариалан суманд болсон зүүн бүсийн уралдаанд тус тус түрүүлсэн. Зун нь аймгийнхаа наадамд түрүүлээд, давхар уяагаар Увс аймгийн 90 жилийн ой баруун бүсийн уралдаанд дөрөвт давхиж, аймгийнхаа шигшмэл хурдад түрүүлсэн. 2016 онд аймгийн хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Тэр жил Баясаагийн хар морь түрүүлсэн юм.Тэгээд  “Дүнжингаравын хурд-2016” төвийн бүсийн уралдаанд очиж дөрвөөр давхиад зун нь аймгийнхаа наадамд уралдалгүй Их хурдыг зорин очиж 11-ээр давхисан.

-Их хурдын дараа Эрдэнэтэд уралдсан санагдах юм.

-Тэгсэн. Эрдэнэтэд болсон хангайн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. 2017 онд “Дүнжингаравын хурд”-д 10-лаад, аймагт болсон “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хаврын бүсийн уралдаанд гуравлаж, зун нь улсын наадамд 15-аар давхисан.


-Гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв. Хамгийн багадаа гурав түүнээс дээш уралдаж, уралдсан болгондоо түрүүлж, айрагдаж байж. Айрагдаж, түрүүлэхдээ хавар, зуны уралдааны алинд нь ч дүүрэн багтдаг адуу байжээ. Өнөө цагт ийм адуу ховор шүү.

-Дахиж төрөхгүй байхаа. Ийм ховорхон сайхан хүлэг надад азаар учирсан юм.

-Танд ирснээс хойшхи таван жилийн хугацаанд төрийн зарлигт наадмаас таван айраг хүртэж. Жаахан л гамнасан бол эзэн уяачаа улсын цолонд хүргэх байжээ. Ингэж хэлж байгаад уучлаарай.

-Хэзээ ч бэлэн байдаг, төрмөл хурдан хүлэг. Уяа сойлго айхтар шаардахгүй.Тарга хүч нь болохоо байлаа гэх ч юмгүй. Зөндөө л давхиж байдаг буян байж дээ. Энддэг жилээ их онцгой хурдан байсан.

-2017 онд уу?

-Тийм. Ягаан морь ер нь хойно гараад урагшаа зүтгэдэг адуу. Гэтэл 2017 онд шууд л дайрч гараад тэр чигээрээ явсаар барианд ороод байсан. Ямар сайндаа би хүүхдэдээ “Хөвсгөл биш шүү, улсын баяр. Урд нь гарах гээд л зүтгэх байх. Дарж яваарай, Цагаан хөтөл гартал маналзуулж болохгүй шүү” гэж захиад мордуулсан юм. Гэтэл манай хүн эндэх шигээ бодоод яагаа ч үгүй эрт тархинд гараад зүтгүүлчихсэн юм шиг байгаа юм. Гэхдээ бие хаа нь зүгээр байсан бол ороод ирнэ л дээ. Суухыг мэддэггүй адуу шүү дээ.

-Юунаас болсныг нь тогтоолгосон уу?

-Солонгос эмч нарын хэлснээр хуучин эмгэг нь хүнд ажлын үеэр сэдэрсэн байна гэсэн. Өөрөөр хэлбэл хос гэдэсний түгжрэл болсон байсан. Метр хэртэй газар хомоол нь чигжигдээд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон байна лээ. Бүх л аргаар үзсэн ч тусыг олоогүй. Эмч хүлээж бас их хугацаа алдсан л даа.

-Азарга, их насны морь уралддаг 11-нд ачаалал ихтэй байдаг юм билээ.

-Уралдаж ирсэн оройноо хачин болоод, маргааш өглөө нь мал эмнэлгийнхэнд хандсан чинь “Та азтай байна. Солонгосын мориор дагнасан мундаг эрдэмтэд ирж байгаа. Эхо, рентген аппараттай тэдэнд үзүүл” гэсэн юм. Тэгэхээр нь 52-ын даваа ороод морио ачаад ирсэн мал эмнэлгийнхэн байдаггүй. Лавлатал морь дагаад явчихаж. Морьд ирлээ байдаггүй. Хүлээж ядаад очсон “хот руу дуудлаганд явсан. Наашаа гарлаа гэсэн ирж байгаа байх” гээд байдаг. Нэлээд хүлээлээ байдаггүй. Сүүлдээ болохоо байгаад өөрсдийнхөө аргаар үзье гээд буцаагаад Баянчандмань руу ачаад явсан. Очоод хомоолыг нь суйлах гэж үзээд, амаар нь шингэн цутгаж бас нэг үзсэн. Тус болоогүй.


-Уралдахаасаа өмнө зовиурлаж мэдэгдмээр юм. Тэгээгүй юу?

-Уралдах өглөөнөө  янзын байсан юмаа. Тэрийг нь би дотроо хоол нь ихэдчихэв үү дээ гэж бодоод л өнгөрсөн. Яагаад гэхээр би ягаан морио азарга иртэл идүүлсэн юм. Хол туугдана  хоолтой байсан нь дээр гэж бодсон юм.

-Их идэштэй уралддаг юмуу?

-Шөнө нь идүүлж хоноод өглөөгүүр хэсэг уясан. Угаасаа уралдах өглөө нь нэг их хоолоор нь оролддоггүй юм. Өөрөө нарийхан адуу л даа.Шөнө 12 гэж тавиад идүүлсэн үүрээр дөрөв гээд хэвтээд өгсөн. Зургаа  болж байхад өндийхөөр нь би бариад уячихсан юм.Тэгээд ес өнгөрөөгөөд буцааж тавиад халцгайдуу газар ганц цаг идүүлчихье гэсэн Болдоогийн халиун азаргыг харж суугаад хэтрүүлчихсэн байна лээ. Гэхдээ гайгүй ээ, 11.30 хүртэл идүүлээд уясан.

-Ус хэр уусан бэ?

-Шингэн сайн уухгүй байсан юм. Үүрээр барьж уяхдаа таван литр ус өгсөн. Мордохынх нь өмнө канистрт ус хийгээд өгсөн хошуугаа ч хүргэдэггүй. Урд өдрийн утаа нь үнэртээд байгаа юм болов уу гээд хажууд байсан залуугийн савыг гуйж байгаад угаагаад өгсөн ч уугаагүй. Бүр амсаа ч үгүй. Ус уугаад гарсан бол бас яагаа ч билээ гэж боддог юм. Бас хүүхдийн ярих нь уралдааны үеэр их хөлөрсөн гэсэн. Тэгэхээр түгжрэл дээр нь шингэн алдалт бас хавсарсан байх.

-Сайн адуу цаг бусаар эндсэн тухай дуулах хүнд байдаг юмаа. 2017 оны наадмаар хэд хэдэн муу мэдээ дуулсан.

-Өглөө азарга уралдаад Шөвгөр зээрд замд эндэхийг  харсан хачин болчихдог юм билээ. Сайн адуу гэдэг ганц тэр хүн өмч биш юм гэдгийг тэгэхэд ойлгосон. Дараа нь ягаан морио унагаачихаад хэсэгтээ эвлэрч чадахгүй л байлаа. Хүнд юм билээ.

-Ойлгож байнаа. Батбилэг Тод манлай “сайн морь эзнээ сайн уяач болгодог” хэмээн ярьж байсан юм. Ягаан морь таныг ямар хэмжээний уяач болгосон бэ?

-Энэ адуу л намайг уяач болголоо шүү дээ. Ягаан морины буянаар монголын ард түмэн намайг таньдаг боллоо. Ягаан морины буянаар би халхын том наадмуудаас айраг авч үзлээ. Хамгийн анх соёолондоо Завханы 90 жилийн ойд айрагдахад нь би яваагүй юм. Хотод ажилтай байж таараад дүү нар луугаа залгасан “айрагдчихлаа” гэсэн. Тэр үед үнэхээр их баярлаж билээ. Анх удаа том наадмын айраг хүртэж байгаа хүн арга ч байж уу дээ. Түүнээс хойш уралдсан болгондоо түрүүлж, айрагдаад байхаар нь сүүлдээ “айрагдчих байх” гэж боддог болсон.


-2013 оны өвөл Хөвсгөлд ирж уяачидтай уулзаж байсан юм.Тэгэхэд Мустанг хонгор гэж хурдан азарганы талаар  уяачид ярьж байлаа. Одоо бодохнээ тэр ягаан морьтой хамт авдаг азарга мөн үү?

-Яг мөн. Мустанг хонгор гэж Хөвсгөл аймгийн баяр наадамд нэг түрүүлж,  нэг аман хүзүүдэн, хаврын бүсийн уралдаанд бас нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Нэгэн үе яригдаж байсан адуу. Одоо үр төлүүд нь залган хурдалж байна.

-Эзэн нь таны дүү гэл үү?

-Тийм. Миний төрсөн дүү. Бас аймгийн Алдарт. Бид эцэг эхээс наймуулаа. Долоон хүүгээс бид хоёр л морь уядаг юм.

-Дээд үед тань морь уяж байсан улс бий юу?

-Манай ээжийн талд морь уядаг улс байсан. Тэднийгээ дагаад ээж маань моринд их дуртай. Бид хоёрыг морь уяхад их дэмжинэ шүү. 85 хүрчихсэн буурал бид хоёрыг дагаад морь үзээд явж байдаг юм. Биднийг залгаад дүү нарын хүүхдүүд бас морь уях төлөвтэй.

-Уяачийн зовлон жаргалыг ойроос мэдэрч байгаа улс тэмүүлэх нь гарцаагүй. Танайх адуу олонтой юу?

-150-иад тооны адуу бий. Гайгүй адуутай болчихъё хэмээн зорьж Дорноговь, Дорнод, Сүхбаатар, аймгуудаас адуу нэлээд авсан. Одоо бага адуу аймаг, орон нутгийн чанартай уралдаануудаас айраг, түрүү алдахгүй л юм.


-Шинэ цагийн адуутай юу?

-Эрлийзгүй бол гараа өргөөд бууж өгөхөөс аргагүй болж байна шүү дээ. Тэгээд олны жишгээ дагаж нэлээд хэдэн эрлийз гүү, цэвэр азарга авсан. Манай дүү ахиад 50-тай азарга авсан байна лээ. Энэ мэтчилэн өөрсдийнхөө хэмжээнд үржил хийж байна. 

-Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

-Хөдөө орон нутгаар явж уяач бидний үзэл бодлыг хуваалцдаг Тод магнай сэтгүүлийнхээ хамт олны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

-Баярлалаа.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.