Аймгийн Алдарт уяач Д.Ганболд: Азаргануудынхаа ачаар нэг удаа аврагдсан
Алтгана дөрөвдүгээр багийн харьяат Даваажавын Ганболд нь 1957 оны зун Төмөрбулаг сумын нутаг Жаргалант хэмээх газар айлын ганц хүүхэд болон мэндэлсэн. Морь уях төрийн хэрэгт шамдсан он жилүүдийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны Уяачийн алдар одонгоор тус тус шагнуулж байсан тэрээр бидний асуултанд ийн хариулсан юм.
-Алдартын нэрийг гаргаж, айраг түрүүгээр л хурдалдаг хүлгэдийнхээ удам угшлын талаар яриагаа эхлэх үү?
-Ярилцах болсондоо баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Морь уясан энэ он жилүүдэд олон сайхан хурдан хүлэгтэй таарч явлаа. Эндээс онцлоход аймгийн баяр наадамд хоёр түрүүлж, гурав айрагдсан хурдан хүрэн морио хэлнэ. Аавын маань унаган адуу л даа. Миний аав чинь аймгийн Аварга уяач Содномдоржийн Даваажав гэж хүн байлаа. Аав, ээж хоёр минь 30 эмнэг гүү авч саагаад, 10 даага сургаж шагналд нь нэгдлээс авсан даага юм билээ. Даагандаа сумандаа түрүүлж, шүдлэндээ аймагт түрүүлсэн. Харин хязаалан сумандаа дөрөвлөж, соёолон аймагт дөрөвлөсөн. Хавчигтаа аймагт гуравласан. Тэр үед би цэрэгт явчихсан байж таарсан л даа. Эзгүй хойгуур аав уядаг байсан юм. Тэгээд 1978 онд халагдаж ирээд, дараа жилээс нь уяж, аймгийн 59 жилийн ойгоор ахин түрүүлгэсэн. Дараа жил нь айргийн гуравт давхисан.
-Сумдад яаж давхисан юм бэ?
-Сумандаа Ардын хувьсгалын 56, 57, 58, 60 жилийн ойгоор тус, тус дөрөв түрүүлсэн. 59 жилийн ойгоор аймаг орж түрүүлээд, 60 жилээр гуравт давхиж, түүнээс хойш нас нь ахиад амжилтгүй болсон.
-Хүрэн морь хэд хүрсэн юм бэ?
-21 хүрсэн. 18 хүргээд уяагүй. Гурван жил ижил сүрэгт нь тааваар нь тавьсан даа.
-Өөр ямар адуугаар наадаж байв?
-Монгол Улсын Алдарт уяач, Түнэл сумын Зоригт аймагт найм түрүүлсэн бор азарганыхаа төл улаан азаргыг хүүгийн маань сэвлэгийг мялааж унага байхад нь өгсөн юм. Зоригт манай хадам ах л даа. Тэрийг дааганд нь уяагүй. Шүдлэн уяж гурав, хязаалан дөрвөөр давхиулаад, соёолон суманд түрүүлж, хавчиг жилээ аймагт тавлаад, түүнээс хойш зургаан жил аймагт тасралтгүй шөвгөрсөн. Манай улаан азарганы төл алаг үрээ аймагт соёолондоо гурав, хязааландаа дөрөв, шүдлэндээ тавласан.
-Улаан азарганы өөр төлүүдээс хурдалсан нь бий юу?
-Бий, бий. Аймгийн Алдарт уяач Агийгийн хүү Баасандоржийн цавьдар азарга уржнан сумандаа түрүүлсэн. Үүнээс гадна хүнд зарагдсан төлүүд ч бий. Бүрэнтогтохын Осор гэдэг хүнд очсон бор хязааландаа аймагт гуравлаж, соёолон дөрөвлөсөн.
-Таны улаан азарганы эх нь ямар гүү байсан юм бэ?
-Улаан гүү байсан. Цэцэрлэгээс авч азаргандаа тавиад улаан азарга гарсан. Зоригтын аймагт найм түрүүлсэн хурдан бор азарганы төл байхгүй юу.
-Улаан азарга тань хэд хүрсэн юм бэ?
-21 хүрсэн. 18 хүрээд л больсон доо, хөөрхий. Би ч голдуу аймагт уралдуулсан. Сумын баяр давхчихвал аймагтаа л наадчихна. Улаан азаргаа соёолон түрүүлэхэд, хязаалан гуравлахад ч шүдлэн аман хүзүүдэхэд аль алинд нь аймагт наадсан юм байна. Түүнээс хойш суманд наадаагүй. Нас нийлээд хоёр жил аймагтаа ирчихээд суманд ганц удаа орсон. Түнэлийн Жигжидсүрэнгийн аймагт түрүүлсэн хээр азарга суманд түрүүлээд, манай азарга дөрөвлөж байлаа. Тэгээд очсон жил нь улаан азарга аман хүзүү, Жигжидсүрэнгийн хээр азарга түрүүлсэн. Урд жил нь Жигжидсүрэнгийн хээр азарга түрүүлээд, манай улаан азарга тавласан. Аймгийн Алдарт уяач Балдандоржийн хээр азарга аймагт тав түрүүлсэн. Тэрийг гурав түрүүлж байхад улаан азарга шөвгөрч байлаа. Түнэл сумын уяач Жигжидсүрэнгийн хээр азаргыг түрүүлэхэд шөвгөрч байлаа. Эрдэнэчулууны хээр азаргыг түрүүлэхэд, Бүрэнтогтохын Цэнд-Аюушийн хүрэн азаргыг түрүүлэхэд аймагт тус тус шөвгөрсөн.
-Эцэг Зоригтын бортойгоо төстэй юу?
-Төстэй шүү. Зоригтын бор бол жижигхэн азарга байсан. Улаан азарга ч бас жижигхэн.
-Өөр?
-Улаан азарганы төл нэг саарал үрээ байсан нь суманд гурав шөвгөрсөн. Аймагт соёолон дөрөвлөсөн. Бас борлог даага азарга болж, аймагт долоо түрүүлсэн. Та бүхэн уулзсан байх аа. Хумбаа гэж хүү унаж найм дахиа түрүүлгэж байлаа.
-Та аймагтаа болсон бүсийн уралдаануудаас ямар амжилттай вэ?
-Яваа ч үгүй ээ. Миний оролцсон наадмаас хамгийн том нь Ардын хувьсгалын 59, 60, Сэргийлэхийн 70 жил байна. Хожим хойно л энэ овооны наадмыг хийдэг болсон болохоос биш биднийг ид морь уяж байхад байсангүй. 1990-ээд оны үед овооны наадам гарч, улаан азаргаараа ганц нэг овооны наадамд уралдуулсан. Үертийн овоонд хоёр, гурав ч түрүүлсэн. Мөрийд нь хонь авч байлаа шүү дээ. Тэр үед чинь аймагт хавчиг соёолон тавлахад 10-тын бидон өгч байсан юм даг.
-Гурав, тавын бидон том бай шагнал биз дээ?
-Тийм шүү. 15-даар их насны морь ороход бүсний дурдан өгнө. Тухайн үедээ түүн шиг сайхан юмгүй л байлаа. Миний хувьд халуун сав, бүсний дурдан их ч авсан, хөөрхий.
-Таны оролцсон наадмуудаас хамгийн их баяр бахдал дүүрэн нь аль нь вэ?
-Сэргийлэхийн 70 жил болохын өмнө аймгийн баяраар азарга будилаад бариагүй юм. Морины комисс Буянт дарга байсан. Эрдэнэчулууны хээр азарга түрүүлчихсэн. Монгол Улсын Алдарт уяач Намсрайдорж гуай, аймгийн Алдарт уяач Балдандорж бид гурав ороод морио цоллуулах гэсэн чинь цоллодоггүй. Хэдүүлээ морины комисс дээр очиж “Яагаад азаргыг минь барьдаггүй юм” гэсэн сэргийлэхийн дарга Пүрэвдавааг дуудаад биднийг 45 хоног баривчлахаар болоод явчихсан. Тэгтэл ч сэргийлэхийн дарга ирж уулзлаа. Би ч “Танай баяр 17-нд болно шүү дээ. Тэр болтол л чөлөө өгчих. Бид гурав азаргаа уяя” гэсэн. “Та гурвын азарга яаж давхидаг юм” гэж байна аа. Залуу ч байж дээ. “Балдандоржийн хээр түрүүлнэ. Миний улаан удаална. Харин Намсрайдорж гуайн хээр гуравлана. Хөвсгөлд энэ гурваас өөр ямар азарга байдаг юм” гэж хэлээд тавьчихлаа. Тэгсэн “Нээрээ тэгэх юм бол та гурвыг барихгүй, би хүндэлье. Сэргийлэхийн 70 жилээр уулзъя. Одоо хуудас бичлээ” гэсэн. Ингээд 17-ны өглөө морь гаргахад гурвуулаа уулзаад би “Яанаа, өнөөдөр бидний морь аятайхан давхихгүй бол 111-д орно. Ёстой баларсан юм болно шүү дээ” гэсэн өнөө хоёр “Бид гурвынх гайгүй байх аа” л гэнэ. Тэгээд морьд ч эргэсэн. Балдандоржийн хээр түрүүлээд, манай улаан удаалаад, Намсрайдорж гуайн хээр гуравлахад үнэхээр би баярлаж билээ. Тэгсэн сэргийлэхийн дарга хүрч ирээд “За, Ганболд наашаа хүрээд ир” гээд “111-д баривчлахад миний гарын үсэг, тамга хоёр л дутуу байсан юм. Та гурвыг чадаагүй бол баривчлах тогтоол гаргая гэж бодож байлаа” гээд бичгийг нь үзүүлж билээ.
-Аймагт та гурвын морь яаж орсон гэлээ?
-Аймгийн баярт Балдандоржийн хээр удаа, миний улаан гуравт, Намсрайдорж гуайн хээр дөрөвлөсөн юм. Тэгсэн будилаан гараад барихгүй болчихгүй юу. Тэгээд гурвуулаа аймгийн намын хороон дарга Лувсандорж гуай дээр очсон сэргийлэхийн даргыг дуудаад бүүр баривчлуулах юм болсон. Бид ч омголон байж. Нас залуу, цус шингэн байлаа шүү дээ. Тухайн үед азарганууд минь аварсан юм даа. Одоо гурвуулаа хаа нэг таарахаараа энэ тухайгаа ярьж инээдэм болдог юм.
-Та чинь удам залгасан уяач байх нь ээ. Ярилцлагаа аавынхаа тухайгаа яриагаар үргэлжлүүлэх үү?
-Миний аав аймгийн Аварга уяач Балдандоржийн Даваажав гэж Түнэлийн хүн байгаа юм. Аав улаан үрээ, улаан азаргаа уяж уралдуулна. Улаан азарга нь гэхэд аймагт сайн давхиж тавласан. Улаан үрээ нь сумандаа түрүүлж, шөвгөрч байсан. Би чинь аавынхаа эрдмээр өдий зэрэгтэй морь уяж яваа хүн шүү дээ.
-Аавын нь улаанууд хаанахын адуунууд юм бэ?
-Аймгийн Алдарт уяач Цогт-Эрдэнэ гэдэг хүний аав Гонгоржавын хурдан улаан азарга Түнэлд байсан. Тэр удмын адуунууд байгаа юм. Цогт-Эрдэнийн аав нь манай аавын ах л даа. Аймагт хязаалан, соёолон шөвгөрүүлж, их насны хонгор морь тавлуулж байсан сайн уяач явлаа. Тэр улаан азарга нь аймагт тавлаж, сумандаа шөвгөрч байсан юм гэнэ лээ. Худлаа хэлээд яах вэ, би бол харж байгаагүй л дээ.
-Аав тань аймгийн Алдарт уяачийг хэдэн онд авсан юм бэ?
-За байз, 1984 онд авсан бил үү дээ. Ямартаа ч оны шилдэг уяач, дараа нь аймгийн Аварга уяач болсон юм даг.
-Ямар ажил хийж явсан хүн бэ?
-Адуу хариулж байсан. Харин намайг цэрэгт байхад бригадын даргаар ажилладаг байлаа. Тэр үед манайх Төмөрбулагаас Түнэлд шилжиж ирээд бригадын дарга хийж, цэргээс ирэхэд эргээд хөдөө гарсан. Тэгээд Мөрөн рүү орж ирээд гурилын үйлдвэрт мастер хийж байгаад ахиад хөдөө гарч мал малласан.
- Ааваас тань дээд үед морь уяж байсан хүн бий юу?
-Мэдэхгүй юм аа. Би бол хоёр дахь үеийн уяач. Намайг залгаад хүү морь уяж байна. Би чинь нэг хүү, гурван охинтой хүн.
-Хүргэчүүл морь уях уу?
-Уяна аа. Хүргэн Гончигийн хул азарга суманд гурван удаа түрүүлж, хул үрээ нь гурав шөвгөрсөн. Ийм л мундаг адуутай хүн дээ. Даанч сүүлд хул үрээгээ хулгайд алдчихсан. Тэгээд ойрын хэдэн жил морь уясангүй ээ. Том тэрэг бариад урагшаа говь руу явсан. Би ч хүргэндээ “Уяж байгаарай” л хэлдэг юм. Би бол нас яваад хөл гар муутай болохоор морин дээр мордож чадахгүй юм. Эрүүл мэндийн байдлаас болоод хэдэн жил морь уясангүй ээ. Энэ хэддээ зааж зөвлөөд. удам залгасан уяачид болоосой гэж бодох юм. Морь уях нь олон талын хүмүүжлийн ач холбогдолтой. Намайг морь ид уяж байхад мундаг зарчимтай байлаа шүү дээ. Архи уухгүй, худлаа ярихгүй, садар самуун зан гаргахгүй гээд. Би тэр зарчмаар л явж ирсэн хүн.
-Бид бэлгэшээлт ард түмэн. Онгуу Манлай “Алаг даахай морины уяаны орчим үүрнийхээ шороог овоолчихсон байвал найдвартай морь айрагдаж, түрүүлдэг юм” гэж байсан. Танд тийм зүйл тохиолдож байв уу?
-Алаг даахай бол үнэн шүү. Намайг урд хөндлөнд байхад алаг даахай бунхчихсан байсан. Тэгэхэд би азарга, алаг үрээгээ, нэг даага, мөн хүний нэг үрээтэй дөрвөн морьтой аймагт орж ирээд байлаа. Өмнө нь аав, настай улс “Уяан дээр алаг даахай бунхлахаар морь сайн давхидаг юм аа, хүү минь” гэж ярихыг сонссон. Тэрийг батлах мэт тэр жил тун ч одтой наадсан даа. Азарга, алаг үрээ шөвгөрч, уясан хүний үрээ тавлаад, даага гуравласан.
-Дөрвүүлээ айрагджээ?
-Тэгсэн. Мөн элээ уяан дээгүүр эргэлдэх сайн байдаг юм. Буугаад майхан барьж, морьдоо зэллээд уячихсан байхад элээ исгэрч, уяа тойрч эргэлдэхийг би их бэлгэшээдэг. Тэр үед морь дандаа сайн давхидаг юм.
-Ингэхэд Түнэлийн нэртэй хурдан хурц хүлгэдээс мэдэхээ бидэнд ярьж өгөөч?
-Манай Түнэл чинь хурдны удамтай сум. 1980 хэдэн онд аймагт 21 түрүү, 17 шөвөг авч байсан сайхан түүх бий. Нэгэн үе чинь Цагаан-Уул, Түнэл хоёр л морьдоороо тэргүүлдэг байлаа. Манайхаас гэхэд Алдарт уяач Зоригтын бор азарга долоо, найм түрүүлсэн. Пунцагаа гэдэг хүний их насны буурал морь тав түрүүлсэн. Өөр Баян-Эрхтийн Наянжингийн хээр гэж аймагт тав шөвгөрсөн азарга бий. Бас Балдандоржийн хээр азарга аймагт тав түрүүлж байлаа. Одоо тийм морь Хөвсгөлд ховорхон л байх даа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Д.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна