ХУРДАН АДУУТ Ц.Цэрэнжамц агсныг дурсахуй

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 25 -нд

Тэнгэрт дэвшсэн аавыгаа санаж, бодохгүй өдөр гэж ер үгүй. Юухан дээр ч “аав минь байсан бол”... өөрийгөө чамлах, өрөөлөөр бахархах цаг дор дандаа л сэтгэлийн баярлах, гонсойхын хязгаар дээр уужрахын зул болж асна. Би өнөр бүлийн төгс төгөлдөр тэргүүнийг, үрсээ гэсэн ертөнцийн сайн сайхан аавыг, дүү нартаа зүрх сэтгэлээ нээсэн хүний дээд ахыг, ач зээдээ хамгаа зориулсан өвөөг, ерөөс адуунд үнэн дуртай, хурдан моринд хорхойтой Монгол эр хүн, аавыгаа хэдэн цагаар ч ярьж чадна. Гэхдээ л аавынхаа тухай ном бүтээж чадаагүй л яваа хүн дээ...

Биччихээд уншихаар санаанд нэг л хүрээгүй оргиод байдаг юм аа... Үг дутаад гэлтэй биш. Сэтгэл ханадаггүй л юм даа, аавыгаа буулгахаар.

“Дэргэд байгаа аав минь

Дэлхий таниулсан юм

Дэлхийг таниулсан аав минь

Дэргэд байгаа юм”...

Миний аавыг Буянтын Цэрэнжамц гэдэг. Хүмүүний орчлонд амьдарсан он жилүүдийн намтар нь энэ. Та унш даа.


“Буянтын Цэрэнжанц  хулгана жил /1936/-ийн хавар Төв аймгийн Өнжүүл сумын “ Сүүл толгой” /Одоогийн Дундговь аймгийн Адаацаг сум/ гэдэг газар нутаг усандаа нэртэй уяач Цэдэнгийн хоёрдугаар хүү болон төржээ. Гурван настай байхад нь аав Цэдэн нь өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тул эх Шаравын Буянтаар овоглож иржээ. Арван настайдаа Өнжүүл сумын бага сургуулийг онц дүнтэй төгсч, эх дүү нарын хамт мал маллан амьдарч байгаад 1956 онд тус суманд “Ялалт “ нэгдэл байгуулагдахад анхны  гишүүнээр элсэн туслах ажилтнаар ажилласан. Тэр үеийн Санхүү эдийн засгийн техникум төгсөж,  1959 оноос Төв аймгийн АДХГЗ-ны  Тоо бүртгэлийн товчоо буюу одоогийн Статистикийн хэлтэст ХАА хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч, Төвлөрсөн нягтлан бодох ангийн дарга, Санхүү хэлтсийн даатгалын мэргэжилтэн, Хууль хяналт хариуцсан нягтлан бодогч зэрэг албыг хашиж, улсад нийтдээ 42 жил ажилласны  дотор АДХГЗ-ны санхүүд 35 жил хөдөлмөрлөжээ. Улсад олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж:

Ардын Хувьсгалын 40,50,60,70, 80-н жилийн ойн медаль

V, VI, VII “ Таван жилийн гавшгайч”

Хөдөлмөрийн хүндэт медаль

Прокурорын  “ Тэргүүний ажилтан”

Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”, Аймгийн “Алдартан” цол тэмдгээр шагнаж байжээ. Аав маань адуунд дуртай, моринд хорхойтой хар багаасаа хурдан морь уяж, хурдлуулсан аймгийн “Алдарт уяач”, түмэн олондоо хүндлэгдсэн морь шинжээч байлаа. Тэрээр адууны арчилгаа маллагаа, хурдан морины шинж, түүний уяа сойлгоор 1983 онд “Сүргийн манлай” ном хэвлүүлсэн. Олонтой бол олонтой, нэртэй бол нэртэй,  номтой бол номтой, адуутай бол адуутай, хурд таньдаг бол таньдаг, уядаг бол уядаг, хурдлуулдаг бол хурдлуулдаг ийм л эр явлаа, миний аав. Аавыг минь сэрүүн тунгалаг ахуйд болсон наадам болгон сайхан сан. Наадмын тухай бичих ч хийморьтой сон. Наадмын тэнгэр дор оддын тоогоор гал асаж, Яармагийн дэнжид шувуун цэнхэр майхнууд буух л газраа дэлгээд буучихсан наадмын урд орой жигтэй хөгжимлөг. Энд тэндэхийн уяач сурагласан тэрэг тоос татуулан давхих нь морьд амраахгүй гэж цухалдмаар. Аав морьдоо аваад Нүхтийн ам руу явчихсан, би морь унах хүүхдүүдийг эрт унтуулах, майхан сахих даалгавартай тийм л нэг орой, орой ч гэж бүрэнхий нөмрөх цагаар хоёр халамцуу залуу уяан дээр ирдэг юм. Айл сураглаж байна. Манай Сэргэлэнгийнх бололтойдог оо. Гэлээ ч би зааж тус болж чадсангүй. “Өө хурдан морьт Цэрэнжамц гуайн уяа байна” гээд “Одоо энүүхэнд” гээд хойшоо ухасхийнэ лээ. Гоё байгаа биз. “Хурдан морьт Цэрэнжамц гуайн уяа”... Нээрэн бахархмаар. Миний аав гол ус, нутаг орондоо “Хурдан морьт” хэмээн хүндлэгдсэн байна. Би чинь “Хурдан морьт”-ын хүү шүү дээ. Гэхдээ намайг хэн ч тэгж дуудаагүй л дээ. Хот газар шигдсэн намайг хэн тэгж хэлэх вэ. Энэ хүмүүний орчлонд сонссон хамгийн гайхамшигтай үг, миний. Хамгийн том шагнал...


Хамгийн том шагнал

Сав шимд ирээд учир мэдэхтэй болсон цагтаа хамгийн анх харсан зүйл маань адуу, морины уяа, гүүн зэл байсан байх аа. Би тэгж боддог юм. Боддогсоод байх юу байх вэ. Ерөөс тийм. Бас хамгийн анх аав, ээж, адуу, эмээл, хазаар, хурдан морь... гэх үгс сонссон биз. Би чинь нэгдлийн адуучин өвөөгийн ач, хурдан моринд үнэн хорхойтой эрийн ууган хүү шүү дээ. Аав маань аймгийн захиргаанд нягтлан, төрийн албан хаагч. Зундаа амралтаа аваад морь уяна. 1967 оны зун, үерийн дараагийн жил юмдаг. Аав, Магнай /Адьяагийн Баярмагнай морины хэмээн хүндлэгдсэн МУСГЗ,  эрдэмтэн, түүхийн ухааны доктор / ах хоёр амралтаа аваад морь уядаг юм. Зуунмодын баруунтаа Өндөр довд. Тэр жил би анх хурдан морь унасаан. Оодон Ядамсүрэн гуайн хул морийг анх тарлаж билээ. Аав эргүүлж өгөөд бусад морьдын араас ир нь жаахан дарагдсан хойно нь тавьсан. Хул морь номхон ч гараа ихтэй. Нүдний нулимс урсаад сандруухан л ирсэн сэн. Тэгээд л хурдан морь унадаг болчих нь тэр дээ. Үнэндээ дөрөв, таван жил уралдаж байж л, сурмаар аяддаг шиг байгаа юм. Анхны жилээ хул хязаалантайгаа улсад 10-т орсон. Ер нь энэ хул улсын наадамд бага дөрвөн насанд дандаа 10,11-ээр хурдалсан юмдаг. Биеэр жижиг, хөнгөхөн байсных долоо, найман жил хурдны морь унасаан. Суманд бол бишгүйдээ нэг айрагдаж, улсад бол айрагдаагүй.  Харин 10, 20 дотор ирэх, цээжинд уралдахыг алийг тэр гэхэв. Миний аав аль ч насны морийг ёстой нэг жирвийтэл уядаг хүн дээ. Энэ олон жил өөрийн хүнийгүй өч төчнөөн морь уяж сойход уяаны буруугаас доголохоос өгсүүлээд элдэв оёг өвчин нэг ч адуунд суугаагүй юмдаг. Аавынхаа буянаар “Айдасын даваа”-н дээгүүр олон ч жил уяа морь хөтөлж давлаа. Монголын радиогийн морины сурвалжлагч олон жил цээжний морийг угтаж давлаа. Аав маань хар багаасаа л хурдан морийг уяж, насаараа морины сүүл боосон гэдэг. Сумынхаа  “Наадамд өөрөө унадаг байлаа. Тэгээд моринд хүнддээд дүүгээрээ унуулдаг болсон. Миний Буян ээж (эмээ Ш.Буянт) наадмаар манай Хандсүрэн, Бадамханд хоёрын гоолохыг нь (гийнгоолох) хүмүүс сонсоод зогсоож байгаад, ахин гоолуулдаг байлаа. Гэтэл та нарын гоолж байгаа царай” гэж ирээд л голдогсон.


Манайх морьд голдуу сайхан адуутай. Монгол “мөн” тамгатай адуу олон азарга адууны цаад захад л хонодог сон. Суурь адуу туухад түрүүнд нь явна. Зассан шагай шиг адуутай байлаа. Аавынхаа буянаар олон сайхан хурдан морь унаж, газар газрын наадамд уралдаж. Газар газрын алтан тууртуудыг харж, бас нутаг нутгийн мэргэд уяачидтай танилцсан байх юм. “Онгирч хөөрсөн тоос нь хүртэл сайхан, наадмын Буянт-Ухаа эрээн асар майхнаар гоёжээ. Ван ханд бэлэглэсэн булган дах, тэнгэрийн сэтэрт Богд хаан хүүхдийн гийнгоо, хүлэг морьдын төвөргөөнд бүүвэйлэгдэн, “Жаргалтайн дэлгэр”-ийн шуранхайг аргамжина. Би боддог юм. Миний хамгийн сайхны нэг нь наадмын өглөө аав азарганыхаа дэлийг сүлжиж зогсох гэж. Нээрэн тийм...

Аавын маань унаган хүрэн, түмэнд “Хандгай” хүрэн хэмээгдсэн хүлэг нь аавыг минь ёстой нэг баярлуулж, адуунд дуртай, хурдан моринд хорхойтой эрчүүдийн дунд хүндтэй “суудал”-д залсан даа. Хурдан морь эзнээ онож төрдөгт би итгэдэг. Энэ бол хамгийн том шагнал юм.

Унаган хүлэг ховордсон цаг

“Би унаган хүлгээрээ наадаж байгаа хүн” хэмээн аав маань өгүүлэх нь бахархалтай сонсогдоно. Нээрээ ч хөрөнгө мөнгөтэй хүмүүс аймаг алгасан хурдан морь худалдан авчирч уралдаж байгаа цагт “Унаган хүлгээрээ...” гэж ам бардам хэлэх хүн тийм ч олон бус аа. Тэр жилийн агт уяж байсан цаг. Нэгдлийн адуу насаараа малласан Говоо маань эмнэг хүрэн үрээгээ агтанд өгөх бодолтой. Хязаалан болж байгаа энэ эмнэг үрээг хэн сургаж унахав. Өгчихлөө... Аав агтанд явсан үрээгээ хойноос нь хос морьтой давхиад аваад ирсэн. Хойтон зун уях морьдоо барих болоход аав маань нөгөө өнгөрсөн жил Цантын баазаас авчирсан хүрэн соёолонгоо сургаад уячихлаа. Эрдэнийн эрхэм шинж бүрдсэн хурдан хүлэг ажээ. 1986 оны улсын их баяр цэнгэл наадам.  Тоосонд нь орсон хүн хийморь нь сэргэдэг гэх соёолон морьдын туурай тэнгэрт тачигнаж, цээжний хэдэн үрээ наадамчин олны дундуур баярын магнай тэнийлгэн орж ирлээ. Цэрэнжамцын хүрэн зургаалжээ. Шинээр сургасан битүү соёолон улсын их баяр цэнгэл наадамд зургаалсан нь аргагүй л удам дагасан хурд гэхээс өөр юу гэх вэ. Удам дагасан хурд гэхийн учир байна аа. Наадамчин олны нүд унасан энэ хүрэн соёолон улсын их наадамд  гурав түрүүлж, дөрөв айрагдсан Төв аймгийн Авдарбаян сумын уяач О.Санжаабүүрэгийн цавьдарын үр төл, (Санжаабүүрэгийн цавьдар азарга 1953 онд төрийн асрын өмнө торгон жолоогоо өргүүлж, сүүлчийн удаа цоллуулсан юм. Тэр жил 13 настай байсан буй за) XX зуунд хамгийн олон түрүүлж, аман хүзүүдсэн, Засаг төрийн Зандан ширээ цол хүртсэн хамгийн анхны хурдан азарга Жамцын Шийтэрийн зээрдийн дөрөв дэх үеийн унага юм. 1960-аад оны сүүлээр Шийтэр гуай зээрд азарганыхаа хоёр байдсыг Сэргэлэнгийн адуучин Гомбожав гуайд өгчээ. Тэр хоёрын сартай цавьдар нь тун номхон. Гомбожав гуайн ач сөөсгөр хүү Дашдамба нь хаана л бол цавьдар  байдсаа ноолно. Энэ цавьдар байдсыг Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Лхам-Аажавын Дамдингийн улсын их баяр наадамд хоёр түрүүлж, тав айрагдсан хурдан зээрд азаргандаа хураалгажээ. Эр унага горьдов ч дандаа охин гарна. Цэрэнжамц Төв аймгийн Баянцагаан сумын Царцаа хэмээх Дашнямын хурдан хээр азарганы үр хүрэн азаргыг худалдан авчээ. Дамдингийн зээрд азарганы төл зээрд гүү, энэ хүрэн азарга хоёрын дундаас үндэсний их баяр наадмаас олон ч хурд уралддаг Төв аймгийн 70-н жилийн ойгоор айрагдсан, мөн улсын наадамд хоёр зургаалсан Хандгай хүрэн гарсан ажгуу. Ер нь судлаачид таван сайн удмын цус орсон ховорхон адуу гэлцдэг юм. Тэгш ойн жилийн наадмын дуулиан эрт дэгдсэн 1991 оны зун. Дэлхий дэлэгнэж, цагаан идээ хан тавьсан цагаар айл болгоны гадаа хурд уяатай. Цэрэнжамц ч хоцорсонгүй, морьдоо билэгтэй сайн өдөр барилаа. Наадмын уяан дээр эрчүүд өнжинө. Аргагүй ээ. Энэ жил чинь Ардын хувьсгалын 70-н жилийн ойтой шүү дээ. Хүрэн морь хатуу өвөл жаахан туранхайвтар орсон ч уяа ханаж наадмын өглөөтэй золголоо. Нутаг нутгийн хурдан буянгууд, нутаг нутгийн хайрхнаа дагуулан буусан уяачдын майхан алагласан Яармагийн дэнжээс их нас мордлоо. Морины даамал наадамчдын уяагаар УАЗ-469-тэй давхиж, цагаан хоолойгоор “Эрхэм хүндэт наадамчид аа, их насны морьдоо хурдан мордуулаарай” хэмээн Яармагийн дэнжээр нэг цуурайтуулна. Хашир уяачид газар газраас ирсэн морины хорхойтнууд гарч байгаа морьдыг шинжиж, тэр жилийн наадмаар гэж хуучилна. Хүмүүний орчлонд өөр хаана ч байхгүй Монгол газрын жаргал нь энэ дээ. Наадмын салхиар сонсогдож байна аа, хурдан морь шинжигч  мэргэдийн яриа.


-Хишигбатын хонгор ч сайхан чацтай адуу юм аа.

-Тэр хар. Бусдаасаа хааш хаашаа төө илүү чацтай юм гээч.

-Партизаны Доржсүрэнгийн хээр ч өнгөтэй байна шүү гэлцэнэ.

Цэрэнжамцын хүрэнг хэн ч онцолж дурдсангүй. Арга ч үгүй биз. Харин манай нутгийнхан, нэг уяаныхан, тэр тусмаа аав маань дотроо горьдоно. Гэтэл сонсохнээ хоёр зуу гаруй морьд газрын дундаас эргэсэн гэнэ дээ. Улс амьтан палхийгээд явчихав. “Манай уяаны хэд эргэчихээгүй байгаа даа. Гайгүй л захисан юм сан. Сахилгагүй хүүхдүүдэд ингэж бүтэн жилийнхээ хөдөлмөрийг самруулна гэж байх уу? аан. Хайран морьд “Уяач болгон ингэж халаглаж байлаа. Ир нь ханасан газар газрын алтан тууртууд гарааны зурхайгаас  эргэжээ. Тун удалгүй цагаан хоолойгоор цээжний морьдыг зарлаад эхэллээ дээ. Түргэн хүрээгүй шахам байхад л нэг уяаны Дамбын улаан бор, Цэрэнжамцын хүрэн хоёрын дугаар улсын наадмын дэвжээгээр нэг зарлагдлаа. Ямар боловч зурхайдаа хүрчээ, за ашгүй. Дутуу эргэсэн морьдын сүүлч, зурхайгаас гарсан морьдын түрүүч холилдон барианд орлоо. Дамбын улаан морь түрүүлж, аавын маань хүрэн гурвалжээ. Аав минь мориныхоо хөлсийг хусчихаад ханцуйндаа нулимстай майхнаадаа явсан. Төрийн наадамд их морь айрагдуулна гэдэг хэн хүний явдал...

ХХ зууны манлай хурдан азарга “Засаг төрийн зандан ширээ” Жамцын Шийтэрийн зээрдийн удам гучин жилийн дараа улсын их наадамд айрагдах нь энэ. 1993 онд Төв аймгийн 70-н жилийн ойн баяр наадмын их насны морины уралдаанд гуравт ирэхийг нь Монголын  радиогоор чагнаад, Ховд хотын гудамжаар тааралдсан болгондоо яримаар оргиод жигтэй их хөөрч, танилуудтайгаа баяраа хуваалцаж билээ. Тэр жил хүрэн морийг миний авга эгчийн хүү Ц.Цэдэндаш унаж хурдлуулсан. Тэрээр: “1993 оны наадмаар би анх хурдны морь унасан юмдаг. Тэр зун манайх Юмтэд зусаж, уяа үүсгэсэн юм. “Илүү” хүрэн их дөлгөөн, ийм тийм зангүй, дээр нь тогтоод явж байхад болохоор санагдаж байж билээ. Тэр жил Төв аймгийн 70 жилийн ой тохиож байсан учраас тус аймгийн харьяалалтай, аймгаараа цоллуулж явдаг бүх л сайн уяачид морьдоо наадамд сойж уралдуулсан. Их нас мордоход Цэрэнжамц ах маань надад: “Миний хүү мориныхоо амыг сайхан зуулгаад, нэг их битгий ташуурдаарай!  гэж захиж билээ. Морьд гарааныхаа зурхайгаас эргэхэд манай уяаны морьд эхний 50-н морин дотор хөдөлсөн байх аа. Хүрэн морь бол анх яаж эргэсэн тэр л гарсан гараагаараа уралддаг байлаа. Эргэсэн даруйд гараатай морьд хажуугаар өнгөрөөд л газрын дундаас л харин тэр идэж өгч, урдах морьдоо бөөн бөөнөөр барьсаар Бор үзүүр лүү орж ирэхэд найм дээр, үзэгчдийн үзүүрт хүрэхэд тав дээр, барианд ороход гуравт орсон юм.


1994 оны Ардын Хувьсгалын 73-н жилийн ойн зун манайх аймгийн төвөөс урагш Гүнбүрдэд зуслаа. Долоонд сунгана. Тэнд их уяач Данзаннямын Даваахүүгийн хээр, улсад нэг түрүүлж, нэг айрагдсан их уяач Дамбадаржаагийн Ононгийн халзан гээд улс даяар нэртэй хурд цуглана. Тар хийгээд сунгаанд энэ л хурдан буянгууд өмнө хойноо орон үзэлцэж бие биенээ, онгойлгож ирлэж байдаг аж. Хүрэн цөс ихтэй, амгалан амьтан. Морьд агсраад л чичрээд л, дутуу эргэчих гээд л унасан хүүхдээ сандаргаж байхад ер тоохгүй унтах нь халаг явна. Харин нэг эргээд авбал уу. Бөгсөнд гарч, морьдыг бөөн бөөнөөр нь “иднэ”. Бусадтай хэртэй бол зуузай холбон зодолдохгүй, өөртөө ядаргаагүй давхина. Явах гэж зурж өгнө дөө, харин ч нэг. Их наадмын зурхайгаас хүрэн морь гардгаараа гарч Айдас уруудахад түрүүчийн хээр морийг нэхэн гүйцэн алдаж явна. Энэ л зураг Буянт-Ухаа хүртэл үргэлжилж барианд ороход арын хоёр мориндоо гүйцэгдэж дөрвөллөө... Тэр жил /1994 он/ хүрэн морийг миний авга эгчийн хүү Ц.Цэдэндаш унасан юм. Дүү маань ингэж ярьсан. “ Манай саахалт Тод манлай уяач Дуламсүрэн гуайнх байсан. Бид долоонд морьдоо сунгадаг байлаа. Тэр жил хүрэн морины давхил эхний сунгаанд болж өгөхгүй байсан юм. Ах сунгааны хоорондох гуравхан хоногт уяаныхаа алдааг засчихсан, дунд сунгаанаар хүрэн морь өөрийнхөө давхилыг олсон байсан. Би Яармагийн дэнжид анх уралдах гэж ирсэн байсан болохоор Цэрэнжамц ах надад 11-ний өглөө их морь мордоход: “Айдасын даваа давахад чинь эвгүй жалгатай тэрийгээр болгоомжтой гараарай, Алдар толгойг заавал зүүн талаар нь тойрдог юм шүү. Миний хүү эхний хэдтэйгээ эргээрэй. Морио яаж унахаа мэдэж байгаа юм чинь сайн уралдаарай!“ гээд л үнсээд мордуулсан. Түргэний гол гарахад би 15-д, Айдасын даваа давахад найм, Алдар толгой орооход тавд, Буянт- Ухаа өгсөхөд дөрөвт ороод ирсэн. Энэ жил манай саахалт Хөдөлмөрийн баатар уяач Д.Даваахүү гуайн Цолмон халтар азарга түрүүлж, хүрэн морь маань ийнхүү дөрөвт хурдалсан юм” гэж билээ. Их хурдан байсан даа, тэр жил.


1995 он юм. Газар газрын уяачид Яармагийн дэнжийг дэлгээд буучихсан. Наадмын урьд орой. Цэндийн Чимэддорж бид хоёр манай  майханд ирчихсэн, айраг шимэнгээ морьд харсан шээг жаргацгааж суув. Аав маань уяан дээрээ. Хүрэн морь маань дөрвөлжилчихсөн, ирлэчихжээ. Орой явах болсон Чимэддорж аавд гэнэт хэлдэг юм. “Маргааш хүүхэд нь ойчихгүй л бол хүрэн морь түрүүлнэ” гэж. Санаанд ч орсонгүй. Их нас мордлоо. Бид хэд Айдас дээр ирэхийг хүлээж байв. Бид гэдэг маань Чимээ, Шагаа ах, жолооч Адъяа гээд радиогийн морины хэдэн сурвалжлагч. Их нас эргэчихжээ, бөөн тоо. Айдас дээр эхний хэдэн морь гарч ирэхээр нь зүс хүүхдийн дугаарыг нь сайн тогтоож аваад л хөдөлдөг улс. Жилийн жилд хэдэн зуун алтан тууртыг Айдас дээр хөтлөөд шараад ирдэг анжай байнаа байна. Тэр цээжний хэдэд хүрэн морь багтаад гарч ирнэ. Би дүүдээ захиасаа хэлчихдэг. Тэгээд хөдлөхгүй бол Айдасын уруу, Алдар толгой хүргээтэхвэл хөтөлж яваа морьдыг гүйцэхгүй, алдчихна. Гэтэл тэр жил хүрэн морь цээжний хэдэд алга. 20, 30-д байдаггүй дээ. Гэтэл гөлөм нь дэрэвчихсэн жолоо нь буучихсан, танихын аргагүй тоостой хажуугаар өнгөрдөг байгаа. Юун тэр радиогийн шууд сурвалжлага хийх, юун наадмын мэдээ шуурхай дамжуулах, эмнэлгийн тэрэг рүү давхисан. Харин Хоохоо маань /Ц.Цэдэндаш/ зүв зүгээр байсанд сая нэг сэтгэл амарч билээ. Саяхан Ц.Цэдэндаш маань “Тэр зун хүрэн морь их хурдан байсан их сунгаагаар Өндөр довд сунгахад саахалтын хэрээтэй түрүүлсэн. Тэгэхэд Баян-Өнжүүлээс улсын наадамд уралдахаар ирсэн нагац ах М.Дашзэвэг хүрэн морины давхилыг хараад толгой сэгсрэн шагширч билээ. Наадмын өглөө их морь мордоход Цэрэнжамц ах маань: “Энэ жил морин тойруулгын Хээр халзантай л уралдана шүү! Миний хүү их битгий уралцуулаарай, хондлой дээр нь дараад байгаарай, гараад явахаар бол явуулаарай! гэж захисан юм. Тэр их тоостой байсан болохоор л эргээд л бөөн тоосонд морьд давхралдан унахад би бас ойчоод, тэгээд хүрэн морины хөл нь жолоо нь орооцолдоод 75-д давхисан. Тэр жилийн намар Жаргалантын аманд зохиогдсон Цагаан шонхорын наадамд гарсан цагаасаа магнайдаа тоосгүй явсаар түрүүлсэн” гэж ярьсан. Анхны “Их хурд”-ын жил уяа нь ханасан байсан даа. Бас л хүүхэд нь хийсчихсэн. Хөлд нь жолоо орооцолдсон ирсэн. Их нас дагасан улс эргээд жаахан яваад цэээжинд гарч ирээд л хүүхэд нь уначихсан гэлцэж байсан. Уул нь манай галынхан айргийн тавд багтааж байсан юм шүү. Миний аав уяачийн эдэлдэг баярлах харамсахыг бүгдийг туулсан амьтныг хайрлах морийг сойхын эрдэм төгс, адууны хэлийг мэддэг байх гэмээр хурдан моринд зүрх, сэтгэлээ өгсөн хүн байсан юм. Аавын минь “Хандгай” хүрнийг тэр жил Төв аймгийн Баянцагаан сумын наадам дээрээс муу хүн хулгайлчихсан юм. Хархорины “Их хурд”-д уралдаад очсон давхар уяаны морийг аавыг минь майхандаа ороод ирэхийн зуур авчихсан байсан шүү. Хөгийн новшнууд. Тэр дороо эрээд, тэр шөнөжин эрээд, наадмын хэд хоног эрээд хэдэн сараар эрээд олоогүй юмдаг.

Аав минь хүрэн морио хулгайд алдчихаад сэтгэлээр мөн ч их унасан. Хурдан моринд хорхойтой эрчүүд барааг нь харах гэж зориуд уяан дээр цугладаг, авах гэж үнэ хаядаг, аргагүй л халхын хурдан буянгуудын нэг байсан даа. Харин ямар аз тохиолоор аавыгаа сэрүүн тунгалаг ахуйд хүрэн мориндоо дуу бүтээлцэж, дуучин Д.Ариунбаатараар дуулуулж сонсгосон юм бол оо.

 Жигүүр хүрэн

Аялгууг: Г. Төвшинтөр          Шүлгийг: Ц.Дашдамба

Сугарсан морьд Долооны голдоо

Сунгаж тарлаж уяа орсон

Их өвгөдийн судрын зураг

Ир нь ханасан Жигүүр хүрэн, Жигүүр хүрээн .

“Мөн” тамгатай илүү хүрэн

Миний аавын итгэл хүлэг

Улс догдлох наамдын өглөө

Уяачид хошууран дагасан

Баярын нулимсан дундуур ирэхэд

Бариачийн морь гүйцэн алдсан, гүйцэн алдсаан

“Мөн” тамгатай илүү хүрэн

Миний аавын сойх эрдэм

Хөлсөө хусуулж зогсохдоо

Хүсэл нь ханаж эвшээсэн

Чимэддоржийн шүлгэнд хурдалсан

Цэрэнжамцын домог хүрэн, домог хүрээн.

“Мөн” тамгатай илүү хүрэн

Миний аавын итгэл хүлэг

 Аав маань 2008 оны 7- сарын 7-ноос 8-нд шилжих шөнө бурхны орноо одсон. Аймгийнхаа наадмын дэнжид олон жил буусан газраа буудгаараа бууж, олон жил уяагаа зоосон газраа зоодгоороо зоогоод, наадам эхлэх шөнө тэнгэрт дэвшсэн юм. Улсын их баяр наадмын өглөө азарга мордож байхад аавыгаа газар эхийн хэвлийд өлгийдсөн дөө. Тэгэхдээ хүмүүс хэлж байсан. “Аав тань буянтай хүн байжээ. Морио уяж яваад л, наадмынхаа дэнжид уяагаа зоогоод, наадмынхаа талбайд хурдан морины уяан дээрээ бурхан боллоо” гэж. Тийм ээ, миний аав буянтай хүн. Одоо ч гэсэн адууны атаа таван тэнгэрээс намайг харж байдаг аа... Аав маань айлын том хүү. Авга эгч нарын хүүхдүүд бүгдээрээ л гүү хурааж, хурдны морь унаж, адуунд давхиж өсөцгөөсөн. Аав маань морь унах хүүхдээр гачигдахгүй. Жилийн жилд л зарим нь айлын морь унацгаана. Хүрэн морийг анх унасан нь авга эгчийн хүү С.Баярсайхан. Ер нь Баяраа маань олон жил хурдны морь унасан даа.

Хүү Цэрэнжамцын Дашдамба

11 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 59.153.115.53

    Хайртай аав, ах хоёрыгоо санан дурсана.

    Reply
  • 150.129.142.101

    Сайн уяачаас гадна сайн төрийн түшээ,сайн дарга байсан манай дарга их хүн чанар сайтай залуу улсад сургамжтай их юм зааж өгдөг сургадаг ааш зан сайтай хүн байсан

    Reply
  • 66.181.189.200

    Аавынхаа талаар агт,хурдан хүлэгийнхээ талаар сайхан дурсамж тэрлэсэн байна. Би аавтай нь 1987-1990 оны хооронд Аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргаанд хамт ажиллаж байсан /тэр үед 25-28 настай байжээ/ энэ үед бид сэтгэл өвөрлөн санаа нэгдэж тухайн үеийн аймгийн дарга Ж.Гомбожавын хамт Монгол улсад анхны олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага Монгол-Адуу нийгэмлэгийг байгуулж монгол адуугаа сурталчлан таниулах ажилтай байв. Тэр үед Ц.Цэрэнжамц гуйа нэг салбарыг нь хариуцан идэвхийлэн ажилладаг байсан юм.

    Reply
  • 64.119.16.254

    дашдамба ах маань сайхан бичжээ. нүдэндээ нулимстай хоолой цахиртаж уншлаа. сайхан ах нар минь , үүрд бахарххж явах болноо 2 ахаараа

    Reply
  • 66.181.161.31

    Аавыгаа сайхнаар дурссан байна.нүдэнд ярьж инээж байгаа нь харагдлаа.сайхан санагдлаа.баярлалаа

    Reply
  • 59.153.113.184

    Сайхан хүн байсан олон жил санхүүгийн албанд хамт ажилласан с зан сайтай нийтэч хэн дэч нэгл зантай сайхан ах минь байлаа

    Reply
  • 64.119.18.162

    Saihan bichjee sain hunii ur suutei guunii unaga

    Reply
  • 202.55.188.34

    Сайхан байж дээ

    Reply
  • 66.181.161.114

    сайхан ах байсан шүү

    Reply
  • 66.181.161.95

    Сайхан юм аа. уяачийн түүх унаган хүлгийн амжилт

    Reply