Их монгол Шаравжамцын зээнцэр Ч.Пэрэнлэйбазар: Хөвсгөлийн бөхөд долоон үеэрээ хараалгаснаас хойш Их Монголын удмаас бөх төрөөгүй

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 28 -нд

Ах, дүү Намхай, Лувсанжамбаа аваргыг сөхрүүлж явсан энгүй хүчтэн, даншгийн даян аварга
Х.Шаравжамцыг Маршал Х.Чойбалсан дэвээ шавааг нь үзэх гэж баяр наадамд урьж, Буур Н.Жамъян аварга өөрийн биеэр цолыг нь буудан хүндэтгэдэг байсан гэдэг. Өргөн олноосоо Их Монгол хэмээх алдрыг хүртсэн Хасын Шаравжамц аваргын удмын 600 гаруй үр хойч нь өдгөө Өвөрхангай аймгийн Бүрд, Хужирт, Хархорин сумдаар нутаглаж байдаг бөгөөд түүний талаар зээнцэр Ч.Пэрэнлэйбазар нь ийн дурсамж хүүрнэж байна.

-Та Их Монгол гэж алдаршсан X.Шаравжамц аваргатай ямар холбоотой хүн бэ?
-Би Их Монголын зээнцэр нь. Энэ хүн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Чулуунхүү гэж эмэгтэйтэй ханилж, хоёр хүү, зургаан охинтой болсон гэдэг. Миний ээж гурав дахь охиноос нь гарсан Жамбын Цэрэннадмид гэж гал дээр нь гарсан зээ нь байсан юм. Ээж маань өнгөрсөн жил бурхан болсон.

-Тэгвэл та гарцаагүй л их аваргын талаар ярих ёстой хүн нь юм байна. Аварга Хужирт сумын харьяат байсан гэдэг байхаа?
-Их Монгол Хасын Шаравжамц гэдэг хүн 1876 онд Далай вангийн хошуунд Хас гэдэг хүний хоёр дахь хүү нь болж одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт суманд мэндэлж, бага насаа тарчиг ядуу амьдрал дунд өнгөрүүлсэн гэдэг. 16 насандаа Дулаан уулын Ёл хайрхны тахилга барилдаанд барилдаж түрүүлэн, бөх барилдах гараагаа эхэлсэн гэж миний ээж хэлдэг юм. Түүнийг 1911 онд 31 настайд нь Түшээт хан Ханддорж Богд хаанд шавь оруулсан бөгөөд, тэр жилээ анх удаа 1024 бөх барилдаж, тэнд түрүүлэхэд нь шууд Даян аварга цол олгосон байдаг.

-Гэрэл зургаас нь харахад их л өндөр, шөрмөс болсон хүн байдаг. Үгээр дүрсэлбэл ямархуу хүн байсан бэ?
-Их том түүшин шанаатай, 2м 37см өндөртэй аралтай хүн байж. Мундаг сайхан гараа дэвээтэй. Босоод дэвэхэд нь Шанхын хийдийн асар гэж мянган хүн ороод суучихдаг том асар дээгүүр гар нь цухуйдаг сайхан бие хаатай. Их том биетэй болохоор баргийн морь унадаггүй, унавал хааг нь дарж, нурууг нь гэмтээчих гээд байдаг учраас том бор гүү, зээрд морь гээд ердөө хоёрхон морь унадаг. Өвөрхангай аймгийн Бүрд сумын Элсэн тасархай, Ихрийн уул, Дулаан уул хавиар нутагладаг, наян настай буурал, найман настай балчир байсан ч ярьж хөөрч л байдаг. Гартаа их дүйтэй, жирэмсэн эх, хүүхдэд ээлтэй, ойр зуурын тарнитай хүн байсан юм билээ. 1955 оны хонин жилийн хавар 79 настайдаа өөд болсон. Тэгээд Бүрд сумын Уу хөтөл гэдэг газар хөдөөлүүлсэн. Хүмүүс хахаж үхсэн л гэдэг юм. Ямар ч байсан суугаагаараа л өөд болсон байсан гэдэг.

-Их Монгол гэдэг нэр нь ямар учир бэлгэдэлтэй юм бол?
-Наадамд Богдын бөх Намхай аваргыг хоёр гурван удаа хаясан ч Богдын лүндэнгээрбуулгаж байсан болохоор ард түмэн Их монгол гэсэн нэр хайрласан гэдэг яриа байдаг юм. Өвөрхангай аймгийн нутаг Элсэн тасархай орчим дахь Их Монгол уулыг бэлгэдэж, эсвэл өөрийнх нь биеийн өндрөөр нь тэгж нэрлэсэн юмуу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ер нь Их Монгол гэдэг нэрийг ард түмэн өгсөн нь үнэн байх. Булганы Сайхан сумын харьяат, Намхай аваргын дүү Лувсанжамбаа аваргатай шөвгийн дөрөвт барилдаж, дайраад ирэхэд нь дугтраад шилэн хүзүүн дээр нь цохитол хамраас нь цус гоожоод сүйд болжээ. Тэгтэл Хүй мандлын дэвжээг цусаар бузарлалаа лам нараар ном уншуулна гээд даншиг наадмыг нэг хоногоор хойшлуулж байсан аж. Нэг удаа Намхай аварга "Өндөр Гонгорыг амлаад дахиж барилдахааргүй болгоод өгөөч" гэж Шаравжамц аваргад хэлж л дээ. Өндөр Гонгор гэж Богд хааны бие хамгаалагч 2м 60см өндөртэй, даншгийн начин цолтой, Монголын хамгийн өндөр хүн байжээ. Тэр Гонгор барилдахаараа барьж авчихаад хүнд унадаг ч үгүй, унагах ч үгүй зуураад зогсчихдог байж. Тэгээд өвөө маань зургаагийн даваанд амлаж хаяад Чамд начин цол чинь болноо. Дахиж битгий барилдаарай" гэж хэлсэн гэдэг.

-Арал чяцат Их аваргын дархан мэх нь юу байсан бэ?
-Суйлах, хий харвах мэхтэй байсан гэдэг юм.

-Ээж тань аавынхаа талаар олон сайхан дурсамжуудыг танд хуучилдаг байсан байх. Өвөг эцгийнхээ талаарх дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?
-Маршал Чойбалсангийн зарлигаар улс хувьсгалын 25 жилийн ойгоор хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан юм. Тэр наадамд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, өөрийн шавь улсын арслан Молиго Бат-Очироор гурав давж, дөрвийн даваанд Мижидсүрэн арсланд тахимаа өгч байжээ. Тэрнээс хойш 2-3 жил Маршал дэргэдээ аваачин хүндэтгэл үзүүлэн, дэвээ шавааг нь үзэж, түрүү бөхийн бай шагнал өгдөг байсан юм гэнэлээ. Түвдэндорж аваргыг улсад түрүүлчихээд байхад нь хажуудаа суулгаад тойг ясан дээр нь дарж үзчихээд босоод явахаар нь Буураа одоо ч хүний ёс муудаж дээ. Энэ цэргийн хүү бидний үеийн хатуухан ам юм даа гэж Н.Жамъян аваргатай ярьж байсан гэдэг. Байнга цагаан хоол иддэг туранхай хүн байсан мөртлөө гэрээ үүрчихдэг байсан гэсэн. Манжийн үед худагт орж үхсэн тэмээ татаж гаргаад таван тэмээгээр шагнуулж байсан гээд ээж маань олон сайхан дурсамж ярьдаг байсан. Манай ээж 12 хүүхэд төрүүлсэн, би 7 дахь нь. Манай ахыг 1952 оны луу жилд төрөхөд өвөг эцэг маань бүсээ тайлж байгаад Пэрэнлэйдаш гэж нэр өгсөн гэж ээж хэлдэг юм. Засагт хан аймгийн наадамд Булган аймгийн Сайхан сумын бөх, даншигийн заан Пэрэнлэй гэж хүнтэй гурвын даваанд таарч барилдахад Их аваргыг барьж авч дүүгүүрдээд, хуруунууд нь мах руу нь шигдэж цус нь гоожиж байжээ. Түүнээс өөр хэн ч түүнийг тэгтлээ өргөж чаддаггүй байсан учраас би байгаагүй бол өнөөдөр энэ хүний наадам байх байсан гээд түрүү бөхийн бай болох 50 эр хонь, 50 лангийн мөнгөн ембүүнийхээ 20 хонийг нь Пэрэнлэй заанд өгүүлж байжээ. Тэгээд өмнө нь надтай ийм бяр хүчтэй хүн таарч байсангүй гээд манай том ахад тэр нэрийг өгсөн юм билээ. Манай ах дүү нар бүгд Пэрэнлэй нэртэй. Би долоо дахь Пэрэнлэй нь.

-Хойч үе, ач гуч нараас нь зодог шуудаг өмсөж, удам залгасан хүн байдаг уу?
-Өвөрхангай аймгийн Бүрд, Хужирт, Хархорин сумдад Их монгол Шаравжамцын үр сад гэж 600 гаруй бүл хүмүүс байдаг юм. Гэсэн хэдий ч удам залгаж сайн барилдаж байгаа хүн байхгүй. Их аварга амьд сэрүүндээ охиндоо Үр хүүхдүүдээ долоон үе өнгөртөл битгий барилдуулаарай гэж захисан. Хөвсгөлийн нэг сайхан бөхийг хаячихсан юм билээ. Гэтэл тэр нь их гар чангатай хүн байгаад 7 үеэр нь хараал хийсэн л гэж ярьдаг юм даа. Үр хойчоос нь Аймгийн заан Базарваань, улсын начин Дэмбэрэлсамбуу гээд овоо хэдэн залуучууд гарч ирсэн л дээ. Даанч барилдсан болгон маань л урагш явахгүй эсвэл эндээд байдаг юм. Гурав дахь охиных нь хүү Дэмбэрэлсамбуу 1979 онд улсын начин цол авсан жилээ Налайх руу явж байгаад осолдсон.

-Одоо үр ач нарынх нь хэд дэх үе вэ?
-Одоо багачууд нь 5-6 дахь үе дээрээ л явж байна. Энэ жил би Монголын морины их шүтээн дээр Их аваргынхаа хойчийн ерөөлийг бодож суварга босгож байгаа. Ирэх жил Өвөрхангай аймгийн барималч Энхтөрөөр Их монгол Шаравжамц аваргын Буур аваргатай зогсож байгаа хөшөөг аймагтаа бариулъя гэж бодож байгаа.

-Танд эдэлж хэрэглэж байсан зүйлсээс нь үлдсэн үү?
-Үлдсэн юм байхгүй, бүгд үрэгдээд алга болсон. Их аваргаас үлдсэн луун хээтэй шар үйтэнхуар дээл, ногоон хөөрөг нь надад байдаг юм. Огт муудаагүй, би өөртөө тааруулаад багасгасан байгаа. Шанхын асрын дээгүүр гар тань цухуйхад Шандаст хурдан хүлгүүдийн давхил цуцсан гэдэг Шандны усаар таныг морио услахад Шаагих дуу нь намдсан гэдэг хурай хурай ... гэж өвөөдөө зориулж бичсэн дөрвөн мөрт байгаа юм. Би Их монгол өвөөгийнхөө дурсгалд зориулаад нэг хивс, Их монгол Шаравжамц хэмээх дуу хийлгэсэн. Миний хийсэн юм энэ л байх шив дээ. Суварга, хөшөөг нь босгочихвол тэр сайхан хүний буян заяа нь нааш эргэх байхаа гэж бодож явдаг юмаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна