Гэрэл зурагчин Ч.Ганболд:ШАРГА АЗАРГАНЫ ЗУРГИЙГ ХОЁР, ГУРВАН ЖИЛ ДАРЖ, САЯ НЭГ САНААНД ХҮРСЭН ЗУРАГТАЙ ҮЛДСЭН

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 08 -нд

Ажлын байдаг л нэг өдөр. Үүргэвчээ үүрч, чихэвчээ зүүгээд сэтгүүлийн ээлжит зочинтой уулзахаар товлосон газар руугаа явж байна. Сүүлийн үед илүүтэй сонсох дуртай болсон Америкийн поп, рок дуучин, ая зохиогч Лаура Перголиззи буюу LP-ийн хитүүд их хотын үймээнт атлаа жаахан бухимдал төрүүлэх амьдралаас түр ч атугай холдуулах болохоор амттай юм аа. Энэ удаагийн зочин бол гэрэл зурагчин эр. “Тодмагнай” сэтгүүлд ажиллах болсоор түүнийг мэдэх ч үг сольсон нь цөөхөн. Угаас нүүр тулан уулзсан нь ч ховор л доо. Арваад жилийн өмнө морины талаар А ч үгүй “ногоон” нөхөр Хүйн долоон худагт хурдан морины уралдаан сурвалжлахаар гарсан юм даг. Тэгэхдээ наадмын дөрвөн өдөр аппарат үүрсэн жижигхэн бор зурагчинтай байнга л таарна. Өнөөх маань Хүйн долоон худгаар “тэнээд” сурчихсан болохоор мэдэхгүй юм ч гэж алга. Харин өдгөө энэ бүхэн түүх болж үлдэж. Түүнээс хойш “Тодмагнай” сэтгүүлийн 108 дугаар гарсан байх аж. Өөрөөр хэлбэл сэтгүүлийн хамт олон 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд өнөө зүс таних залуугийн автортой фото сэтгүүлийн хуудсыг олонтаа гоёсон  нь бий.

“ГЭРЭЛ ЗУРГИЙГ АВДАГГҮЙ, БҮТЭЭДЭГ” ГЭДЭГ

(оршил)

Гэрэл зураг бол түүхийн бодит гэрч, засваргүй үнэн байдаг. Монголын гэрэл зургийн түүх бол Монголын соёл урлаг, сэтгүүл зүй, кино, архив зэрэг олон салбарын түүхийг тодотгогч юм.

Түүх хуудаснаа:

Гэрэл зураг бол түүхийг харах цонх. Энэхүү түүхийг бүтээгч гэрэл зураг хэмээх гайхамшигт урлаг анх XV зуунаас үүсэлтэй гэж байгаа юм. Гэвч түүнээс өмнө алдарт Аристотель болон Хятадын эрдэмтэн Мо Ди нар "Рinhole camera" хэмээх нэгэн багаж бүтээснээс эхлэлтэй аж. Тэдний тэрхүү багажны бүтэц дээр тулгуурлан XV зууны үед амьдарч асан Францын зохион бүтээгч Жозеф Нисефор Ньепс анхны гэрэл зургийг авч цаасан дээр буулгажээ. Тэрээр энэхүү зургаа авахын тулд бүтэн найман цагийг зарцуулсан гэдэг. Анхны фото цаас нь асфальтан байжээ. Бүр тодруулбал зэс эсвэл шилэн хавтан дээр асфальтан лак түрхсэн хэлбэртэй байж. Харин Монголд 1870-аад оноос хамгийн анхны гэрэл зургийг авсан баримт бий.   

Тэгвэл өнөөдөр дэлхий дээр хоёр минут тутам XIX зууны турш хүн төрөлхтний нийт авсан фото зурагтай адил тооны зургийг дарж байна.

АХДАА УРУУ ТАТАГДСАН ХҮҮХЭД НАС

Бидний зочин Ч.Ганболд эцэг эхээс долуулаа. Үүнээс хоёр нь гэрэл зургийн салбарт ажиллаж байгаагаас ах Ч.Ганбат нь спортын гэрэл зургаар дагнан 2009 онд “Хонконг 2009” Зүүн Азийн наадам, 2010 онд “Токио 2010” Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадам, 2011 онд “Парис-2011” Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 онд “Лондон-2012” Зуны спортын XXX олимпийн наадам, 2013 онд “Тяньжин-2013” Зүүн Азийн наадам, 2014 онд “Сочи-2014” Өвлийн спортын XXII олимпийн наадам, “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадамд тус, тус гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан байдаг.


Ч.Ганболдыг багад ах нь авсан зургаа улаан гэрлээр шарж, гэртээ угаана. Тэр нь хүүгийн сонирхлыг ихэд татах бөгөөд  нэг л мэдэхэд зураг авдаг, бас угаадаг болчихсон байв. Харин морины зургийн тухайд хөдөөд өнгөрүүлсэн өдрүүдээс эхлэлтэй. Өвөөгийндөө нэг настай очсон тэрээр ухаан орохын хөдөөгийн хүүхдүүдийн адилаар тусад орж, морь унана, мал хуй  эргүүлнэ. Тиймдээ энэ амьдрал түүний сэтгэлд тодоор зураглагдан үлдсэн нь өнөөдрийн морины зураг авахын эхлэл болжээ. Хувь тавилан хөтөлдөг гэдэг дээ. Моринд дуртай хүүгийн сэтгэлийг ийнхүү фото зураг уруу татсан нь өнөөдрийн гэрэл зурагчин Ч.Ганболд. 18 настай түүний хобби нэг л тийм аз жаргалтай зүг рүү өөрийн эрхгүй хөтөлсөн тэр нэгэн жил. Зургийн аппаратаа үүрээд Яармагийн дэнж тийш гарлаа. Очоод Тод манлай уяач Аюуш агсныхаар орж, тэдний хэдэн морины зургийг дарна. Яваандаа айрагдсан морьдын зургийг авч, уяагаар нь орчихоод заримд нь хөөгдөнө. Бас ид хурдалж байгаа хүлгэдийн зургийг агшин алдахгүй хальсанд буулгачихаад маадгар алхах өдөр ч байна. Түүний нэг бол 1998, 1999 оны үед Тод манлай уяач Д.Ононгийн Аварга хээр морины зураг. Бүүр хэд хэдэн янзаар авч чадсандаа ихэд олзуурхжээ. Ингэж явсаар 2005 оноос “Арвагар хээр”-ийн Үнэнбүрэнтэй хамтран “Хийморь” цаг тооны бичгийг гаргаж, эндээ тухайн үеийн уралдаануудын эхний 10 морины зургийг багтаажээ. Дараа жилээс нь “Түмний эх” номыг гэрэл зурагчин н.Будхүү, н.Нямдаш, “Арвагар хээр” МСУХ-той хамтран гаргав. Харин 2007 оноос хойшхи номны зургийг дангаараа авах болсноос хойш 2-5 дахь дугаарыг хийж олны хүртээл болгожээ. Үүний тулд уралдаан бүрийг алгасахгүй явах ёстой учраас ямар нэгэн аргаар нэгээс нөгөө рүү амжих гэж хөөрхөн сандрах нь бий. Ганц жишээ татахад л 2001 онд “Их хурд-2” маргааш өглөө нь болно гэж байхад шөнө 24:00 цагт хотоос гараад Тээврийн товчоогоор унаа хайжээ. Олдсонгүй. Таван шар руу гарлаа, ахиад л алга. Сүүлдээ зам дагаж гараа өргөж зогссон машинд дайгдсаар сая нэг дөхжээ. Энэ хооронд хоёр, гурван машин дамжиж, үүр цайхад Хархоринд ирээд уртаар нэг амьсгаа авахтайгаа болох нь тэр. Мэдээж тэр амжиж уралдааны зургаа авсан. Энэ бүхний ард дандаа дардан зам таарахгүй. Зарим уралдаан дээр очиж амжихгүй байх нь ч бий. Бүүр очлоо гэхэд цагдаад хөөгдөнө. Ер нь л “халуун цэгт” очно гэдэг амаргүй. Одоо шиг аппарат хэрэгсэл нь  ч сайн хөгжөөгүй, татдаг дуран нь ч байсангүй. Тэгээд хальсны аппараттай болохоор олон кадр дарах боломжгүй гээд амаргүй зүйл гарах ч шантарсангүй. Энэ бол хэн нэгний өгсөн даалгавар биш. Тэр зүгээр л зураг авах хоббитой, бас моринд дуртай. Иймээс л нойроо хугаслан уралдаанаас уралдаанд яардаг. Хичээл зүтгэл ямагт амжилтыг дагуулдаг шүү дээ. Яваандаа зарим нэг уяачдын гэрээр орж, цай цүү ууж, хөөрхөн яриа өрнүүлээд авдаг болох нь тэр. Ерээд оны сүүлээр найз Д.Баянбатынх буюу Д.Даваахүү Тод манлайн гэрээр орвол гэрийн эзэн “Миний хүү зургаа сайн л аваад байгаарай” гэнэ. Олон үггүй энэ үг түүнд урам өгчээ. Тэгээд ч ахмадын сургааль алт хойно. Сэтгэлийн мухарт их л тод үлджээ. Тиймдээ ч хэлснээр зургаа аваад л явж. Тэр хугацаанд танилын хүрээ ч нэмэгдэж, мориныхон “зурагчин Ганболд” гээд андахаа ч байжээ. Уран бүтээлүүд нь ч ном товхимол болон хэвлэгдэж олны хүртээл болов. Ингээд нэгэн цагт холбогдох сон гэж хүсч байсан ММСУХ-той аяндаа л холбогдох нь тэр.

ЗӨВХӨН САЙН АППАРАТ, САЙН ДУРАН АМЖИЛТ АВЧИРДАГГҮЙ

2007 оны улсын наадам дуусгаад 12-ны шөнө хот руу орж ирээд 13-ны өглөө Булган аймгийн 70 жилийн ой руу явжээ. Хүйн долоон худагт 3-4 хоног ажиллаад буусан болохоор нүд нь гархилаад томоос том давхраа гарчихаж. Санаагаар бол сайхан усанд ороод амармаар байсан ч  хойшлуулж болохгүй ажилтай учраас гэртээ орж хувцсаа сольж, хүйтэн цай залгилаад л гарлаа. Учир нь Говьсүмбэрт Боржигон бүсийн уралдаантай учраас яаран яарсаар очиж үндсэн ажилдаа ч орлоо. Тэгтэл уралдааны түрүү, аман хүзүүний даага болох Бандгаагийн ногоон үрээ, Төмөр-Очир гуайн Ембүү хээр хоёр зэрэг шахуу ороод ирэх нь тэр. Зохион байгуулагчид хэнийх нь даагыг түрүүнд барихаа мэдэхгүй, нөгөө талд үзэгчид морио цоллохыг шаардаж сандаргана. Энэ үед түүний авсан зураг зохион байгуулагчдын аминд орж, маргааныг тасалсан удаатай юм билээ. Үүний дараа Боржигонд 2,3 өдөр зураг авчихаад Өвөрхангайд ирж “Их хурд-4”, Өмнөговийн “Шанхын хурд” уралдааныг сурвалжилж, замын машинд дайгдсаар нэг л мэдэхэд зун дуусах дөхсөнийг анзаарна. 


Гэрээс долдугаар сарын 7,8-наас гарсан тэрээр сар гаруйн хугацаанд өмссөн хувцсаа ч сольж амжсангүй. Харамсалтай нь зарим наадмаас сэтгэл дундуурхан буцах үе бас гарахыг яана. Учир нь маргаан түүнийг ийнхүү гонсойлгосон хэрэг. Зэрэгцээд ороод ирсэн морины асуудлаас болоод наадам зохион байгуулагчид машиндаа дуудаж суулгаад аппаратны картыг нь сугалаад авах бол байдаг л зүйл. Гэхдээ юун төлөө мэргэжлийн хүн билээ. Өнөөхийг нь сэргээгээд авчих ч шударга бусаар айраг түрүүний эзэд болж байгаад битүүхэн бухимдана. Тэр нэг жил наадам зохион байгуулагч гурвын нэг нөхөр өөрийн морины хүзүүг арай түрүүлгээд фотошопоор угаагаад өгчих гэсэн хачин хүсэлт тавьжээ.  Гайхсандаа “Яагаад, яагаад ийм шударга бус байгаа”-г өөрөөсөө асуугаад л өөрийг хэлж чадсангүй. Хамгийн харамсалтай нь өнөө хүн өнөөдөр улсын цолонд хүрчихээд, томоо малгайгаар гоёчихсон явахтай таараад өмнөөс нь нүүр улайх нь бий. Үүний дараа дахин наадмаар зураг авахаа больё хэмээн бодож урам хугарсан өдрүүд ч байх аж. Тиймээс хэсэг хугацаанд энэ ажлаа завсарласан аж. Гэвч өнөө л дуртай ажил болохоор хэзээний аппаратаа үүрээд, замд гарчихсан. Өчигдрийн бодол өнөөдөр өөр өнгөөр уруу татах нь бий. Өдгөө түүний гэрэл зургийг архив зургаан хард дүүрчээ. Харин элээсэн аппаратны хувьд Зенитээс эхлэснээс хойш 30-д хүрээд байгаа гэнэ. Нэг наадмын сурвалжлаганд хоёроос, гурван аппараттай явах бөгөөд тэр нь 20-25 кг хүртэл жинтэй гэхийг сонсоод сурвалжлагч би толгой сэгсрэхээс өөрийг хэлж мэдэхгүй юм билээ. Гэхдээ агшныг нь тааруулсан зураг түүнд ямар их аз жаргал авчирдагийг тааварлаж байна. Харамсалтай нь зарим нэг нь мэргэжлийн хүний энэ ажлыг утсаараа авдаг селфитэйгээ адилтгах нь тоогүй. Үнэндээ зурагчны зөвхөн нэг дуран гэхэд 10 сая төгрөгний үнэтэй. Энд зөвхөн сайн аппарат, сайн дуран амжилт авчрахгүй. Зурагчны ур чадвар, мэдрэмж дээр нь олон жилийн “бэлтгэл” нөлөөлдөг юм. Тиймээс үнэгүйдэх учиргүй ажил мэргэжил болохыг онцолмоор санагдсан учраас ийнхүү багтаалаа. 


Өнгөрсөн жил гэхэд Тод манлай Э.Эрдэнэчулуун шарга азарганыхаа зургийг хэвлүүлэн гэрийнхээ хойморноо залжээ. Энэ бол мэдээж Ч.Ганболд автортай. Тэрээр шарга азарганы яг тэр л агшин дахь “дүрийг” гаргах гэж хоёр жил гаруй хугацаанд ажиллаж, сая нэг кадрыг гаргаж авсан нь ийнхүү Тод манлайд тоогджээ. Ийм болохоор л “Гэрэл зургийг авдаггүй, бүтээдэг” гэдэг үгтэй биз ээ. Тэр дундаа уралдааны замд давхиж яваа хурдан адууг хальсанд буулгана гэдэг тун ч амаргүй. Тухайлбал, шарга азарганы уг зураг нь сунгаан дээр 3 км яваад бие нь ид халаад ирэхэд нь авсан агшин. Уяач нь хүртэл зургийг яг адуу шигээ мэддэг. Тиймдээ ч Тод манлай “Шарга азарганы уг зургийг бүх шинжийг нь гаргаж” хэмээсэн нь олон үггүй үнэлгээ юм. Харин Ч.Ганболд “Түүхэн баримт гэдэг утгаараа бид 10 жилийн дараа ч харахад шарга азарга энэ өглөө ямар хоолтой мордсоныг. Бас уяа нь ямар байсныг тайлан унших болно. Үүгээрээ  түүхэн гэрэл зургийн сурвалжилга болон үлдэж байгаа юм” гэж ярих юм билээ. Ер нь морины зураг авахад зөвхөн нүд, гар оролцох бус зурагчны толгой ч давхар ажиллаж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн агшин фото зурагт үлддэг бол үйл явдлын бичлэг толгойд хадгалагдах жишээний. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд авсан зураг бүхэн тухайн цаг үеийн хамтаар түүнд архивлагдан үлдсэн байх аж. Ер нь Ч.Ганболдын нэр бүхий морины болоод ахуйн зургууд олон ч сэтгүүл, сайтын нүүрийг чимсэн дээ. Тэр бүхэн түүний хувьд түүх өгүүлдэг. 

ЭХ ОРНОО ТОЙРСОН 180 ХОНОГ

Тэр ер нь элдэвтэй нөхөр. Залуу насыг өөрийн дураар  жаргалтай “үрж” яваа нэгэн дээ. Ч.Ганболд 2012 онд Хүйн долоон худагт болсон Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ойг гурван өдөр NTV телевизээр тайлбарлан хүргэсэн нь ч бий. Түүнд бас хүрч очоогүй сум тун цөөн үлдсэн гэнэ. Уралдаан сурвалжлах ажлаас гадна “Морьтон Монгол” аяллаараа эх орноо бүтэн тойроод авсан аялагч байгаа юм. Түүний энэ түүх ингэж эхэлдэг.


2014 оны хавар: Өлзийт хороололд Д.Даваахүү Тод манлайд очоод байхад нь гаднаас гурван оюутан залуу ороод ирж гэнэ. Улмаар гэрийн эзэгтэй цай хоол зэхэж, гэрийн эзэн зочидтой яриа өрнүүлбэл, залуучууд Боловсролын их сургуулийн газар зүй аялал жуулчлалын ангийн оюутнууд болж таарлаа. Тэд эх орноо мориор тойрох аялалд гарах гэж байгаагаа ярихад ёстой л Ч.Ганболдын “Загатнасан газар маажна” гээч болж орхив. Өнөө адуунд дуртай сэтгэл өөрийн эрхгүй дотор гижигдэж, болоогүй нэг л огшоод явчихаж.  Аялалд гарах өдрийг нь асуувал тавдугаар сарын 1 гэнэ. Энэхүү уулзалтаас сар орчмын дараа гарахаар байв. Сэтгэл хөдлөөд “Ах нь чаддаг юм байвал тусална аа” л гэчихэв. Тэр өдрөөс хоёр хоногийн дараа өнөө гурав холбогдож, улмаар Тод манлайтай патиараа татуулав. Мэдээж тэр зургийг Ч.Ганболд авч өгчээ. Гээд зургаа авахаар залуус түүний ажил дээр ирэв. Энэ үед гэрэл зурагчин Ч.Ганбат /Ганболдын ах/ ч байж таарсан бөгөөд их удаан ярилцжээ. Мэргэжлийн хүний хувьд баримт үлдээх ёстойг сануулбал “Өөрсдөө зургаа авчихна аа” гээд дижитал камер гаргаад ирэв. Мэргэжлийн аппаратаар өвч “зэвсэглэсэн” ах дүүст тун ч голонгуй санагдсан учир “Наадах чинь биш ээ” л гээд хэлчихэв. Ингээд мэргэжлийн зураглаач, зурагчин явах ёстой гэдэг дээр санал нэгджээ. Үүнийг сонсож суусан Ч.Ганбат ах нь тухайн үеийн Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгат энэ тухай дуулгаж, улмаар сайдтай уулзацгаав. Аяллын баг гурвуулаа биш тавуулаа болж, сайтар бэлтгэсэн газрын зураг бүхий төлөвлөгөө, замын маршрут зэргээ сайдад танилцуулжээ. Холын замд гарах бэлтгэл ажил ийнхүү амжилттай эхлэхэд хэрэгтэй зүйлсийн тоо ч нэмэгдсээр л байв. Эмээл, хазаар, ногт чөдөр, аяны богц гээд л. Энэ бүрт Х.Баттулга тусалж, бэлдэж өгчээ. Бүүр болоогүй зун, өвлийн дээлний загварыг нь гаргаж өгч, 13-р зууны эрсийг санагдуулам атлаа орчин цагийн аялагчдын стайл бүрдэх нь тэр. Найз нөхдөөс нь ч тэжээл овъёос, унах морь “хандивлах” жишээний. Багийн тав дахь гишүүнээр Ч.Ганболдын үеэл н.Нацагдоо нэмэгдэв. Хоёр талын дээдчүүл нь уяач удамтай Нацагцоо багаас хөдөө өссөн болохоор амьдрал гадарлана.


Аялал зургаан сар үргэлжилсэн бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэсээс гараагаа эхэлсэн. Аяллын 180 хоногт юу эсийг үзэх вэ. Бүүр хоёр жил бороо, цас аль нь ч ороогүй нутагтай таарсан бөгөөд нутгийнхан хоёр, гурван сум дамжин оторт гараад хоёр жил болсон байх нь тэр. Өдөртөө багадаа 30-40 км явах бол Алтайн нуруунд өдөртөө 30 км явна. Заримдаа 20 хэдэн км явах нь ч бий. Хангай тийшээ газар нь зөөлөн чулуу багатай болохоор үүр хаяарахад мордоод дараагийн газартаа очихын тулд 120-иод км ч явна. Энэчлэн мориныхоо тамир тэнхээг харгалзан тухайн газар нутагтаа тохируулан явсаар зургаан сарыг үджээ. Ингэхдээ Монгол улсын хилтэй залгаа 15 аймгийн 88,89 сум, маш олон хилийн застав, Монгол улсын захын дөрвөн цэг, гурван улсын огтлолцолд хүрсэн байна. Тэдэнд Булган аймгийн уугуул, жудо бөхийн холбооны Дэд ерөнхийлөгч Жавзын Энхболд Төв аймгийн Сэргэлэн суман дахь адуунаасаа тавыг бэлэглэжээ. Аялагчид уг нь нэг хүний гурван морь гэж төлөвлөж гарсан ч арай бүрдэлгүй 13 адуутай замд гарсан аж. Сэргэлэнгээр дайрч бэлгийн морьдоо авсан тэднийг морь бариач н.Энхбат Өмнөговь хүртэл гаргаж өгсөн байна. Сайхь эр Ганболд найздаа сэтгэл харамгүй мэддэгээ зөвлөнө. Өнөөх бэлэгний таван мориноос нэгийг нь онцлон “Гамнаж унаарай. Зовлон үзсэн морь шиг байх юм” гэх нь чихний хажуугаар л өнгөрчихөж. Харин холын замд найзын үгийг санан санан ирчихээд “Чи ч бас сайн таньсан байна лээ шүү” гэж хэлжээ. Учир нь өнөөх нь 13, 14-тэй морь байсан бөгөөд номхон ч гэж жигтэйхэн гэнэ. Морьдоо хуваарилахад өнөөх нь Ганболдод оногдов. Хотоос гарсаар  хэдэн сарын нүүрийг үзэж, намар оройхон Дорнод очлоо. Хөөрхий өнөө адуу ярихгүй ч ядарч байгаа нь илт. Тиймдээ ч хөтлөхдөө хөтлөөд, амраах маягтай “эрхлүүлнэ”.  Шөнө унтсан ч хажуудаа л хань болгоно. Аяллын багийнхан ийнхүү адуутайгаа ээнэгшин дассан байж. Харин аяллаас ирэхэд адуунууд нь сая санаа нь амарсан аятай, цаанаа л амар амгалан буй болчихсон нь өөрийн эрхгүй анзаарагджээ. Энэ янзаар нийт 90 орчим морь сэлгэсэн байх бөгөөд аймаг бүртээ өөр өөрийн онцлогтой. 13 адуутай тэднийг очсон газар бүрт сайхан хүлээн авч, морь бэлэглэнэ. Тухайлбал, Монгол Улсын Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр Говь-Алтайн Цээл сумын Аварга тэмээчин Лхагваад хэлээд морьдоо бэлдчихсэн байсан бол Баян-Өлгийд Пернебек нутгийн нэг морийг бэлэглэсэн аж. За тэгээд аяллын замд тэдэнд дайрч өнгөрсөн сум орон нутаг, хилийн цэргийн застав, хилийн отрядынхан өөрийн чадах бүхнээр туслана. Худаг ус нь гарахаа байчихсан усгүй газраар явах тохиолдолд тухайн орон нутгийнхан буюу хилийн заставынхан замчилна. Үүнээс Монгол шарын даваа гэхэд л ирж буцахад морьд дор хаяж, 10 хоногт тэнхрэх жишээний. Энэ бол хамгийн хэцүү зам байсан гэдэг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хилийн заставынхан хилийн манаандаа унадаг адуугаа өгч, ирж очихын зургаан өдөр Монгол шарын даваа хүртэл өөрсдийн морьдоор тусалжээ. Баянхонгорт гэхэд нутгийн ах адуунаасаа дуртайгаа бариад уна хэмээн найрсана. Энэ тоолонд залуус урам зориг орж, бас хайр талархал төрнө. Тиймдээ ч энэ бол “Монгол адууны гайхамшигт чанарыг таниулж үлдээсэн гайхалтай аялал болсон” тухай ярих дуртай. Нутаг орны онцлогоос болоод адуу бүхэн өөр өөр ч үүнээс буурал морь 10,300 км  зам туулан дээд амжилт тогтоож. 


Түүний араас Говь-Алтай аймгийн Цээл сумын Лхагваа гуайн зээрд морь Сэлэнгэ аймаг хүртэл 5000 гаруй км зам туулсан бол Ховдын Үенчээс авсан хул морь мөн л 5000 гаруй км-ийг туулжээ. Түүнчлэн үндэстэн, ястан бүрийн онцлогийг газар дээр нь “оригоор” нь харна гэдэг ховор тохиох агшин. Тухайлбал, Ховд руу явж ороход захчин түмэн хүлээн авсан бөгөөд 80 гарсан эмээ өвөө хоёр яг үндэснийхээ тоноглол хэрэглэлтэй хувцсаа өмсөөд бие биелгээгээ хийж гайхуулав. Мэдээж эх орны минь гоо сайхан алхам тутамд алмайруулах агаад “10 жилээр төлөвлөгөө гаргаад явсан ч Монгол орон үзэж дуусахааргүй баялагтай” болохыг тэд биеэрээ мэдэрчээ. Зарим нэгний хувьд уншсанаас цаашгүй өнөө л баавгай, хар сүүлт, уулын зэрлэг янгир сүрэг сүргээрээ үзэгдэнэ. Говь-Алтай аймгийн Бугатын Тахийн талд тахийн сүргийг азарга, азаргаар нь  харах бас л сайхан зүйлсийн нэг байлаа. Гадныхан энд мөнгө төлж, шинэ төрсөн унагануудад нэр хайрладаг бол “Морьтон Монгол”-ынхон таксгүйгээр “Морьтон” нэрийг нэг унаганд өгчээ. Мэдээж өглөө бүр нартай угтахгүй. Усан бороонд шалба норж, нойтон хувцастай 2,3 өдөр явах энүүхэнд. Монгол шарын даваа руу ирж очихын 5 өдөр хагастай өвдөгөөр татсан бургасан дунд явж таарсан бөгөөд нойтон гутлаа хатаахын тухай бодохын ч хэрэг байхгүй. Нэг буугаад үдлэхдээ л усыг нь мушгичихаад нойтоноор нь буцаагаад өмсөнө. Гэлээ гээд хэн ч өвдөж, нөхдөдөө төвөг болсонгүй. Тэр тоолонд хүн байгалийн амьтан болохыг илүүтэй мэдэрсэн гэдэг юм билээ. Энэ тухай тэд 30-аад цагийн нэвтрүүлгийг цацсан бөгөөд сүүлийн хэсгээ санхүүжилтийн асуудлаас болоод орхичихсон юм билээ. Гэхдээ залуусын архивт өдгөө ч тэр амттай аяллын тэмдэглэл хадгалагдсан байх нь юугаар ч сольшгүй үнэ цэнийг илтгэнэ. Бас хэзээ ч гаргаад тавихад бэлэн байх аж.  Аяллын багийнхныг ирэхэд Хил хамгаалах Ерөнхий газраас урьж уулзжээ. Болоогүй нэг өглөө 300, 400 гаруй офицер дарга цэрэгтэй өглөөний хурлыг нь эхлүүлсэн нь бас л бахдам түүхийн нэг. Тэр тусмаа эх орны хөвгүүд болох эрчүүдийн хувьд шүү дээ. Хилчидтэй хамгийн ойр байсан тэдэнд Хил хамгаалах газраас  хүндэтгэл үзүүлж, “Хилийн төлөө” одонгоор шагнасан байх юм билээ.


Өнөөдөр “Морьтон Монгол”-ынхноос Батчулуун нь морин аяллаар дагнан ажиллаж байгаа бол Ганзориг Булган аймгийн Баян-Агт суманд багийн дарга, Даваахүү Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд малаа маллаж байгаа ажээ.

“АРГАМАГ ӨВ СОЁЛ” ТББ-АА БАЙГУУЛСАН

Элдэвтэй энэ эр бас морь уядаг. Түүний аавын дүү ганц нэг морь уях бөгөөд Ч.Ганболд дүүгийн хамтаар  зундаа тэднийд л өнжинө. Ингэхдээ морины ажилд нь тусалсаар илүүтэй сонирхох болжээ. Ийнхүү 2000 оны эхээр хурдан хүлгийн уяа сойлго тааруулж эхлэн, сум, аймгийн уралдаанаас хэд хэдэн айраг түрүүг хүртээд амжсан байх. Гэхдээ ажлаа хийгээд наадмаас наадмын хооронд гүйж явах нь морь уясаны дайны кайфыг түүнд өгдөг болохоор морь уях гэж шимтэхээ больсон гэнэ. Тиймдээ ч хүний өөрийн гэлтгүй айраг түрүүгээр ирсэн шандаст хурдан хүлгэдийн эзэдтэй хамт баярласаар 10-аад жилийг үджээ. 


Үүний хажуугаар зарим аймаг, сумдын холбоодтой хамтран ажиллаж,  түүхэн баримтыг үлдээнэ. Хэвлэлийн жижиг газартаа хэрэглэгчдийн хүсэлтээр хурдан морины даавуун номер, өргөмжлөлийг хэвлэх ажлыг ч амжуулна. Мөн хурдан морь судлаач, зураач н.Дашдэмбэрэлтэй хамтран “Аргамаг өв соёл” ТББ-ыг байгуулаад хоёр жилийн нүүрийг үзэж байгаа гэнэ. Гар нийлсэн хамтрагчид “Их хурд” уралдаан болон улсын баяр наадмын цуваа танилцуулга бүхий түүхэн номыг хийсэн бол одоо бүсийн уралдааны цуваа, гэрэл зураг бүхий номыг морь сонирхогчдын хүртээл болгоход бэлэн болжээ. Эндээс 1990 оноос хойшхи 28 жилийн туршид зохион байгуулагдсан бүсийн уралдааны түүхийг харж болох тухай сониныг дуулгаснаар бидний уулзалт өндөрлөсөн юм.

Энэ удаагийн зочны дотоод ертөнцийн нэгээхэн хэсгээр аялахад нэг иймэрхүү. Хүн бүр өөр өөрийн ертөнцтэй. Тэгээд бүгд тэр ертөнцдөө аз жаргалтай амьдардаг юм.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна