Х.Нарантуяа: Эхнэр хүн зөв бол айл гэрийн амьдрал гэгээлэг өөдрөг байдаг
“Хатангоо” булангийн маань зочны хойморт говийн шилдэг уяачид болох аав хүү, ах дүү Алдартуудын “арын албаны дарга” Х.Нарантуяа оролцож халуун дотно яриаг өрнүүлсэн юм.
Х.Нарантуяа Дундговь аймгийн Хулд сумын уугуул нэгэн. Ээж аав нь ч энэ нутгийн улс бөгөөд малчин гаралтай. Түүний аав н.Хүрэлбаатар 37 жил кино механикчаар ажилласан байдаг. Харин ээж нь нэрт экилч Шаравын удмын нэгэн аж. Тиймдээ ч сайхан дуулж хуурддаг буурай өдгөө үр ач нараа тойруулан аж төрж байгаа гэнэ. Ээжийн талынхан ийм авьяастай бол аавынхан их наргианч хөгжилтэй, ааш зан сайтай улс. Нарантуяа ээж ааваас 11-үүл бөгөөд айлын хоёр дахь охин. Эдний дундаас таван мянгат малчин, хоёр сумын Алдарт уяач төрсөн байна.
Өвөлдөө эгчтэйгээ үстэй дээл хөөргөлж өмсчихөөд адуунд явдаг байлаа
Хүний амьдралын жаргалтай мөчүүдийн нэг бол яах аргагүй л хүүхэд нас байдаг даа. Нэг тийм он цаг улиран одсон ч сэтгэлийн мухарт гэгээхэн хэвээр л үлдсэн байх нь сонин.Тиймдээ ч ярианыхаа эхэнд энэ жаргалтай насны дурсамжийн зах зухаас задалсан юм. Зочны маань хувьд эрт тусад орсон нэгэн. Ээж аавдаа тусалж дүү нараа харна, гэр орны ажлаа амжуулна, хичээлээ хийнэ гээд л. Иймэрхүү хэмнэлээр ажлын өдрүүд өнгөрөх бөгөөд хагас, бүтэн сайны нэгэнд дүү нараа усанд оруулж, хичээлийн бэлтгэлээ базаачихаад кинонд явна. Аав нь энэ өдрүүдийн нэгэнд л кино үзэх эрхийг охиддоо олгодог байсан гэнэ. Соёлын төв томоо цагаан хөшигтэй. Охид аавдаа киноны хальс эргүүлж өгч тусална. Бүтэн сайн өдөр бол аав гэрийн бараа харахгүй. Энд үзсэн олон кино сэтгэлд хамгийн тодоор үлдсэнээс “Ну погоди” бол өнөөдөр ч амттай. Нутаг орныхон бол “Түмэн нөхөдтэй Хүрэлээ бандгай” л гэнэ. Хошин, марзан ч гэж жигтэйхэн. Нэгэн удаа нутгийн гурван эр бие биендээ баярхаж л дээ. Нэг нь 67 машинтай, 60 тооны ямаатай би баян гэсэн чинь, нөгөө нь 100 гаруй эр хоньтой, 100-гаад сэрхтэй би баян гэж. Тэгтэл Хүрэлээ гуай 30 гаруй жил кино механик хийж, хоёр эхнэрийн 20 гаруй хүүхэдтэй би баян хүн гэж хэлсэн удаатай гэдэг юм билээ. Тийм ээ, хүний амьдралд алдаж онох үе нэг биш удаа таарах нь бий. Үүний нэг болж эжий нь гурван охинтойгоо тусдаа амьдрах болсон гэнэ. Хожмоо ээж нь адуучин эртэй амьдралаа холбож Нарантуяа араасаа найман сайхан дүүгээ дагуулжээ. Тэр цагаас адууны дэлэн дээр өнгөрүүлсэн хүүхэд насны өдрүүд үргэлжилсэн аж. Эднийх нэгдлийн 500 гаруй адуу маллах бөгөөд Нарантуяа охин тавдугаар ангиасаа л гүү сааж эхэлсэн байна. Болоогүй хос морь унаад адуугаа услана, эмнэг сургана. Өвлийн амралтаараа бол хөдөө гарч, эгчтэйгээ үстэй дээл хөөргөлж өмсөөд адуунд явна. Хавартаа адуу хөөвөрлөхөд эмнэг даагыг нэг сайн мурьж унагаад хөөвөрлөчихнө гээд хотын нэгэнд бол ахадсан ажлыг түүртэлгүй амжуулна. Бас болоогүй хурдны морь унаж уралдаж ч үзсэн байгаа юм. Тухайн үедээ Хулд сумын МУ-ын Алдарт уяач Энэбиш гуайн морийг сумын наадамд унаж оролцжээ. Гэхдээ “Цоллуулж зогссоноо санахгүй байгаа юм. Тэгэхээр дундуур л давхисан байх даа, хөөрхий” гэнэ. Бас гэр дотроо ажил үүргийн хуваарьтай. Эгч нь голдуу малаа услах бол Нарантуяа адуундаа явна. Ер нь гэрийн гадуурхи ажлаа шавхийтэл нь амжуулчихна. Ямартаа л аливаа ажлыг даалгахад хурдан атлаа чанартай дуусгачихдаг болохоор аавын итгэл хүлээж, “шадар туслах” нь болж амжжээ. Энэ гэрийн эзэн Даваасамбын Доржсүрэн /өсгөсөн аав нь/ мундаг ажилч хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй нэгэн бөгөөд үр хүүхдүүддээ ч хөдөлмөрийг амтыг мэдрүүлж өсгөжээ. Иймдээ эднийхнээс таван мянган малчин төрснийг эхэнд дурдсан нь учиртай. Өдгөө ч хоёр хөгшин зүгээр сууна гэж үгүй. Өвөлдөө зээ нартаа жолоог нь томж, хөхөл сүүлний боолтыг нь хийж өгнө. Харин зундаа наадам хэсээд завгүй. Ач зээ нараа дагаад замд гарсан л бол олддоггүй гэнэ.
Төл бүрэн авна гэдэг малчин хүний хувьд хамгийн сайхан мөч
Харин сурагч Х.Нарантуяа бол часхийтэл сайхан дуулчихна. Сургуулийн урлагийн үзлэгийг алгасахгүй. Биеийн тамир, тоо, орос хэлний хичээлдээ илүүрхэх бөгөөд одоогийн Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4 дүгээр сургуулийн 8а ангид “данстай” явлаа. Бас нэгдүгээр ангиасаа хойш найман жил ариун цэврийн дарга хийжээ. Заримдаа эршүүд тал нь дийлээд хөвгүүдэд “алганы амт” үзүүлнэ. Өнөө хэд нь “Ёо ёо яасан чанга гартай юм бэ” гэсээр л үлдэх нь бий. Тийм ээ энэ бол зочны маань хүүхэд насны сайхан дурсамжуудын нэгээхэн хэсэг байгаа юм. Ингээд Дундговь аймгийнхаа нэгдүгээр 10 жилд наймдугаар ангийг төгсөөд мал маллах болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ. Үүнээс өмнө өнөө адуунд эрэмгий охин нэг л өдөр айлын эзэгтэй болох нь тэр. Нас 16-тай гэж байгаа юм. Нэгэн удаа адуугаа услачихаад гэртээ ирвэл нөхөр болох Ч.Дэмчигцоодол бэр буулган авахаар ирчихсэн, ээж, эмээ хоёр нь “Миний хүү айлын эхнэр болох нь дээ” гэсээр угтах нь тэр. Нас бага байсныг ч хэлэх үү тэрхэн хооронд атгахан зүрх нь цээжиндээ багтаж ядан оволзож, бас ичих шиг ч болж нүүр рүү халуу төөнөнө. Гэнэтийн энэ явдлын дараа товлосон өдрөө нөхрийнхөө гэр рүү явахаар болоход ээжийн зэхсэн дан дээлийг хурган дээлээр давхарлаж, цагаан ултай 45-ын цоо шинэ гуталтай хослуулан гоёв. Ээжийн урласан тэр хурган дээл ягаан судалтай бараан цэнхэр даавууг дотуур нь цэнхэр, гадуур нь ягаан хоргой эмжээрээр давхар эмжсэн нь их л дэгжин болжээ. Ер нь ээжийн нь талынхан уран улс бөгөөд их сайхан хувцас хунар оёж өмсдөг байж. Ингэж хөвгүүдээс дутахгүй эршүүд өссөн түүнд “Энэ нь формоос өөр өмссөн анхны эмэгтэйлэг хувцас байж билээ” хэмээн яриад хөөрхөн инээдэм болоод авлаа. Залуу хос 1979 оны хоёрдугаар сарын 16 буюу цагаан сараар шинэ гэр барьсан бөгөөд өдгөө ч айл болсон өдөр хэмээн жижигхэн тэмдэглэдэг. Улмаар 17-тойдоо ууган хүүгээ тосон авч, эжий аав байхын жаргалыг амталж эхлэх нь тэр. Айл гэртээ аз жаргал тээж ирсэн хүү араасаа гурван дүү дагуулжээ. Морины хорхойтнуудын танил Дэмчигцоодол Алдарт тухайн үедээ цэргийн албаа хаагаад, нэгдлийн тэмээ малладаг байв. Ингээд гэргий Нарантуяа адуучнаас тэмээчин болох нь тэр. Ингэ саана, тэмээ ноослоно гээд л залуу ээжид ажил мундахгүй ч тээршааж байсан удаа үгүй гэх. Тэгээд “Малчин байхыг муухай гэж бодож явсан удаа байхгүй. Хэдийгээр дунд сургуулиа төгсөөд оюутны амьдралаар амьдрах сан гэж нэг бус удаа бодсон ч амьдрал хөтөлсөн юм даа. Миний төөрөг энэ л байж. Би өөрийн хүслээр энэ амьдралаа бүтээсэн” гээд говийн хээгүй, цайлган эзэгтэй чимээгүйхэн инээмсэглэнэ. Ингээд хоёр жилийн дотор л сайн тэмээчин болж, сумынхаа ноосны аварга, төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын төлөөлөгчөөр оролцож, мөнгөн шагналын эзэн болжээ. Мэдээж малчин хүнд өөрөөс шалтгаалахгүй байгалийн гамшиг гэж айхтар юм бий. Цаг агаарын гэнэтийн үзэгдэл, ган гачиг гээд л. Гэхдээ малчин хосууд гарт орчихсон ажил учраас үл шантарна. Тэгээд амьдралд бүх юм дардан шулуун байна гэж юу байх вэ. Даваад л гарах ёстой шүү дээ хэмээлээ. Харин малчин хүний хамгийн жаргалтай мөчийг асуувал “Таван хошуу малынхаа төлийг бүрэн аваад, гүүгээ бариад, ирсэн зочдоо дайлж цайлаад сууж байх ай мөн жаргалтай даа. Төл бүрэн авна гэдэг чинь малчин хүний хувьд хамгийн сайхан мөч. Хүмүүс ажил хийгээд цалин авдагтай адил малын төл бол малчин бидний цалин, хөдөлмөрийн үр шим юм. Тиймээс нэг төл ч малчин хүний баяр баясгалан байдаг юм” гэж хариулж байлаа.
Өөрийн үзээгүй оюутны амьдралыг хүүхдүүддээ үзүүлсэндээ сэтгэл өег явдаг
Гэрийн эзэн Дэмчигцоодолыг морь уяж эхлэхэд хамгийн ихээр дэмжсэн хүн бол мэдээж хань нь. Алдарт айл болохоосоо өмнө адуу тууж Хэнтийн Галшараас зээрд морь авчирсан нь эдний өмчинд иржээ. Галшарын энэ зээрд том биетэй, унахад хөнгөн хөлтэй адуу байсан бөгөөд анх уясан байдаг юм. Шинэ уяачийн уясан морьд айхтар амжилт гаргаж хараахан чадахгүй л байв. Харин том хүү Д.Эрдэнэбулган нь морь унах болсноор аав ч илүүтэй шимтэх болжээ. Улмаар анхны айраг түрүүгээ авч гэр бүлээрээ хөөр болж байснаас хойш олон жил өнгөрсөн байх агаад сүүлийн жилүүдэд явсан газраасаа айраг тасрахгүй наадаж иржээ. Гэрийн эзэгтэй ч наадам алгасахыг хүсэхгүй. Тэр тухай хүү Д.Эрболд нь нэгэн наадмын дараа “Ээжийг наадам үзүүлэхгүй үлдээчих юм бол хажуудахыгаа хямраана” гэж ярьсан нь олон үггүй тайлбар мэт санагдана. Болоогүй бас уяаны ажлын үеэр өвгөндөө саналаа хэлнэ. Харин хөвгүүдийг өөрөө мэдэг гээд орхичихно. Энэ нь өөрийн биеэр үзэж ажил амьдралыг таниг гэсэн ээжийн бодлоос үүдэлтэй.
Дэмчигцоодолынх дөрвөн хүүхэдтэй. Эднээс том охин Д.Урангоо монгол хэл бичиг, англи хэлний багш бөгөөд нь мөн л уяачийн гэргий болжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн харьяат, сумын Алдарт уяач Энхсайханы Эрхбаяртай гэрлэсэн юм. Удаах хүү Д.Эрдэнэбулган “Их засаг“ их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн бөгөөд аймгийн Алдарт уяач цолтой. Эхнэр нь мөн л Өлзийтийн аймгийн Алдарт уяач агсан Мөнхбаярын охин гэнэ. Дараагийн хүү Д.Бат-Эрдэнэ бас аймгийн Алдарт уяач цолтой. Боловсролын их сургуулийн математик, компьютерийн ангид суралцаж төгссөн бөгөөд өдгөө “Энержи ресурс”-д IT инженерээр ажилладаг. Эхнэр нь Өндөршил сумын гаралтай бөгөөд айраг, адуунаас хол байх дургүй нэгэн байдаг байна. Харин отгон хүү Д.Эрболдыг морины хорхойтнууд андахгүй биз ээ. Тэргүүн хонгорын эзэн тэрээр аймгийн Алдарт уяач цолтой. Соёлын дээдийн компьютерийн анги, дараа нь Урлах эрдэм дээд сургуулийн оёдол дизайны ангийг тус тус төгссөн байдаг. Эхнэр нь Өлзийт сумын Алтангэрэлийн Даваасүрэн гэж сувилагч, эмзүйч мэргэжилтэй бүсгүй бий. Гэрийн эзэгтэй Х.Нарантуяа “Би чинь эх хүн. Өөрөө оюутны амьдрал үзээгүй учраас хүүхдүүддээ үзүүлэхийг хүссэн юм. Оюуных нь потенциал хүрдэг л юм бол сургана л гэж боддог. Хэрвээ энэ хэдийгээ тавдугаар ангиас нь гаргаад малчин болгочихсон бол харамсах байсан биз ээ. Яагаад би хүүхдээ 10 дугаар ангийг нь төгсгөхгүй зарах гэж яарч сургуулиас нь гаргав, их сургууль төгсгөж олны дунд гишгүүлж чадсангүй” гээд л. Тэгэхээр хүүхдүүд маань бүгдээрээ өөрийн өөрийн хүссэн дээд мэргэжлийн эзэмшсэнд баярладаг тухайгаа өгүүлсэн. Өдгөө харин моринд урвасан хөвгүүдийн нь уясан морьд айраг түрүүгээр хурдалж, олонд танигдах болоход эжий “Биеэ тоочих вий дээ” гэсэн бодол үе үехэн орж ирнэ. Тэр тоолонд хэлж байж амардаг учраас “Та нар хүнээс илүү, биеэ тоох ажил хийж, амжилт гараагүй шүү. Та нар өөрсдийгөө дүгнэхгүй, ард түмэн дүгнэдэг” юм хэмээн нэг бус удаа чангахан дуугарах ч буулт нь арай зөөлдөнө. Гэхдээ энэ мэт ярианаас ээж бол “гэрийн атаман” болох нь төвөггүй анзаарагдах мэт. “Та нар 60 хүрсэн ч би ээж чинь хэвээрээ. Хаана ч, хэний ч өмнө үг хэлэх эрхтэй. Та нар миний үгийг сонсох үүрэгтэй. Хатуу үг хэллээ гомдох хэрэггүй”. Тийм ээ, энэ бол ээжийн үг. Хөвгүүд ч ээжийн аашийг мэдэх хойно буруу зүйлийг олон хийгээд байхгүй. Харин аав бол хүүхдүүдээ илүүтэй дэмжих бөгөөд хатуухан үг чулуудаж зүрхлэхгүй. Ямарсайндаа л хүүхдүүдээ багад нь “Хөгшөөн энэ хүүхдүүддээ үг хэлээч” гэчихээд ард нь эрхлүүлж суусан нь олонтаа. Ер нь Дэмчигцоодолынхон их тайван улс гэнэ. Ямартаа л аавынх нь ээж нэг суурь хонь халуун наранд услаад дуустал ахиад нэг суурь хонь ирээд орчихож л дээ. Тэгэхэд мал усанд ханаад гарах гэж байтал суурь хонь ороод ирэхэд дотор муухайраад байсан. Тэр л уур гэдэг нь байсан юм болов уу гэж ярьж суусан гэнэ.
Ингэний хоормогон дээр хүмүүс дэмбээддэггүй атлаа гүүгээ барьсан айлд буулгүй өнгөрдөггүй
Ээжийн хувьд гэрийнхээ уяач эрчүүдийн арын албыг ерөнхийлөн хариуцана. Жилийн заслаа Дундговийн Ганбаа гэж ламдаа даатгачихна. Яг уралдааны урьд орой бол долоон бурхандаа даатгаж залбирна. Өглөө нь гал дээр даргилах цайныхаа өнгөөр “Сайхан уралдах нь ээ” гэж бэлгэшээнэ. Сэтгэлдээ сайн юмыг гурав хэлэхэд биелдэг гэдэг тэр бат итгэнэ. Сүүлийн жилүүдэд ээж арын албанд үлддэг болсон бөгөөд энэ үедээ утаснаас холдох тун дургүй. Сүлжээ муу байгаад яриа тасалдвал битүүхэн адгана. Эсвэл мэдээ дуулгасангүй гэж гомдоллох болохоор энэ занг нь мэдэх бэрүүд “холбоочны үүргийг” хамгийн сайнаар биелүүлдэг байна. Харин айраг түрүүтэй наадаад ирэхийн цагт гэрт баярын зоог ширээ дүүрч, зочдын хөлд дарагдах нь мөн л жаргалтай мөчүүдийн нэг. Энэ үед ээж даргын ажилдаа орох бөгөөд бэрүүд бүхнийг амжуулна. Зан зангаа авалцсан уяачдын гэргий нар харцаараа л бие биесээ ойлгох болсон болохоор санаанд хүрэхгүй зүйл гэж гарахгүй. Нарантуяа “Адуу чинь их ухаантай амьтан. Дуунд хүртэл дайны талбарт эндсэн эзнээ хаяагүй гээд байдаг биз дээ. Ухаантай, олонтой амьтан. Тэмээ сурахад барагтай хүн мэддэггүй. Адуу сурахад дор нь сураг гараад ирдэг. Ингэний хоормог дээр хүмүүс цуглаад дэмбээддэггүй. Гүүгээ барьсан айлын хажуугаар буулгүй өнгөрдөг хүн ховор доо. Ингэ сааж байгаа айлын тэмээн зэлэн дээр амьдрал мэддэг хүн очно уу гэхээс биш ботго татаж өгье гэж хүн очдоггүй. Адуу бол маш их хүндлэгддэг мал” гээд тун ч баяртайгаар “магтлаа”. Бас морины тухай шинэ дуу бүрийг шимтэн сонсож, морины зурагтай номыг “жоорлох” дуртай. Гэхдээ сүүлд цуглуулсан номоо сумынхаа Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан номын хандивын аян өгчээ. Мэдээж нөхөр, хүүхдүүдийнхээ хэвлэлд өгсөн ярилцлагуудыг ч алдалгүй цуглуулна. Эднийхэн тэр жил Өмнөговийн 80 жилээр 4-5 айраг түрүү аваад, наашлаад “Говьшанх-2” наадмаас байны гурван цагаан ачааны машин эзэд болжээ. Хүү нь бас хоёр машин авчихсан. Тодруулбал, байны 30 машинаас 5 машиныг нь аваад эгнүүлээд тавьчихсан байхдаа “Хөдөлмөрийн л үр шим юм даа” хэмээн бахдан суусан байдаг юм. Тэгээд “Өсгөсөн аав маань амьдралын ухаанд сургасан хүн байгаа юм. Хүн ер нь залхууралгүй л хөдөлмөрлөх ёстой. Гэхдээ хэтэрхий тасралтгүй биеэ зовоож мөлхөж талхиад хэрэггүй. Цэгцтэй зохион байгуулалттай, аль болох хөнгөвчилж байж ажлын бүтээмж илүү байна шүү дээ. Бид дөнгөж айл болж байхдаа Монгол Улсын аварга малчин Гомбын Чулууныхтай айл саахалт явлаа. Тэр хүн өөрийн хүний ялгаагүй хүүхдэд хандана. Өөрийнхөө хүүхдэд нэг чихэр өгсөн бол манай хэдэд ч нэгийг л өгнө. Энэ хүний хүүхдээ хүмүүжүүлж байгаа нь залуу ээж надад их үлгэр дуурайл болсон юм. Дараа нь Эрдэнэбулган хүүг маань морь уяж эхлэхэд Манлай уяач, Гавьяат малчин Дамбадаржаагийн Эрдэнэчулуун их юм зааж сургасаан. Манлай чинь их хөдөлмөрч, бас үнэн үгтэй хүн дээ. Ухаардаг хүн бол амьдралдаа хэрэгжүүлэхээр үнэтэй сургааль үг их хэлнэ” хэмээн торолгүй дуржигнуулна. Хүний амьдрал гэдэг дэм дэмэндээ урсдагтаа бас жаргалтай юм даа.
“Сайхан төрхөөс самбаатай бай, Царайлаг байхаас цовоолог бай” гэж үг бий
Өнөөдөр Алдартынхан их өнөр болжээ. Бүүр зээ охин нь маамаалж, дөрөв дэх үеэ үзэж буй гэнэ. Эдний дөрвөн хүүхэд их ойрхон төрцгөөсөн болохоор зэрэг л өсөцгөөсөн. Энэ тухай ээж “Манай хүүхдүүд өөрсдийгөө өсгөж, өөрсдийгөө хүмүүжүүлчихсэн улс байгаа юм. Биенээ их өмөөрнө өө. Нэгнийгээ уйлахаар нулимсыг нь арчиж аргадаад л зогсдог байлаа. Хэрэлдэж байхыг хараагүй л юм даа” хэмээн бахдана. Одоо ч нас биед хүрсэн ялгаагүй. Дор бүрнээ гэр бүлийн ажил амьдралаа зохицуулах бөгөөд “Хүн амьдралынхаа төлөө өөрөө л явах ёстой. Амьдралын шаардлагат тааруулж зохицож сурах хэрэгтэй шүү дээ. Хүнд нялзаах биш, өөрөө хөдөлмөрлөж, зохион байгуулж сурах хэрэгтэй. Авхаалж овсгоотой байх ёстой. “Сайхан төрхөөс самбаатай бай, Царайлаг байхаас цовоолог бай” гэж үг бий дээ. Тэгээд ч эхнэр хүн зөв байж айл гэр гэгээлэг өөдрөг байна. Тэрнээс биш хүн зарчихаад сууж байгааг амьдрал гэж хэлэхгүй” болохыг зочин маань онцолсон юм. Ийнхүү өөрийн хэд дээр уралдаанч хүүхдүүд нь бас нэмэгдэнэ. Түрүүч нь 40 гарчихсан бол одооны хэд нь зочныг маань “эмээ” л гэнэ. Эмээ уралдаанч хэдэн хүүхдээ халуунд усанд оруулна, нууранд аваачиж тоглуулна, дэлгүүр хоршооноос амттан авч өгч эрхлүүлнэ гээд ажил их, бага гэлтгүй мундахгүй. Энэ ажилдаа ч тэрээр дуртай.
Ийнхүү говийн бүсгүйн амьдралын нэгээхэн хэсгээр “аялсан” тэмдэглэлээ уншигч танаа хуваалцаж байна.
Энд нэмэхэд “Хатангоо” булангийн маань зочин Х.Нарантуяа төрүүлж өсгөсөн эжий аав, ээж ааваа баярлуулж яваа гурван сайхан хүү, нэг сайхан охин, гурван сайхан бэр, нэг сайхан хүргэндээ, ач зээ нарынхаа амьдралд нь хамгийн сайн сайхныг хүссэнийг нь сэтгүүлийн хуудсаар дамжуулан эздэд нь уламжилж байна.
Хөдөө орон нутагт маань цаг дэлгэрч, адуу мал нь өсөж үржин, айраг цагаа нь элбэг дэлбэг, аз жаргалтай, хийморьтой, эв нэгдэлтэй байхын ерөөлийг Монгол түмэндээ тэрээр өргөсөн юм.
“Хатангоо” танд ч баярлалаа.
П.Ундраа
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.179.7.90
САЙХАН ХӨДӨЛМӨРЧ ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
Reply66.181.161.51
Эгчдээ сайн сайхныг хүсэн ерөөе.
Reply202.126.88.210
Нараа эгчдээ аз жаргал хүсье.
Reply