“Хаадын хаан” клубын тэргүүн Б.Үүрцайх: Морь унах нь бидний хамгийн сайн чаддаг зүйл. Үүнийгээ дэлхийд харуулах ёстой

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 17 -нд


2007 оны өвлийн сүүл сар шувтарч, хаврын тэргүүн сар гараад удаагүй цаг. Азийн тэгш өндөрлөг дэх Монголд хаврын тэргүүн сар гарлаа ч дүн өвлийн тасхийсэн жавар байраа тавьж өгөлгүй, тал нутгийн агсам салхитай хослон хэн бугайг ч үл хайрлан тас шилбүүрдэнэ. Монгол түншээсээ дулаан хувцаслах зөвлөгөө авсны дагуу хамаг байдгаа дулаалан өмссөн ч хацар нүүр рүүгээ исгэрэх догшин жавраар алгадуулан бээвийн зогсох Солонгос эрд энэ орны цаг агаар туйлын бэрх санагдана.

Хаашаа ч харсан цав цагаан, цасны орон гэлтэй. Тэртээ уул, энэтээ хөндийд бараантан харагдах зүйл нэгээхэн ч үгүй, гагцхүү дээр хөхрөгч тэнгэр л цэв цэнхэр агаад ажин түжин тольдсоор.

Тэртээх гүдгэрийг даван бөөн бараан дүрс гарч ирснээ хором бүрээр наашлан, наашлах тусам амгалан цагаан хөндийн нам гүмийг цочоож омголон морьдын туурайн чимээ, цолгин шингэн хоолойн адтай дуун хадах нь тэр. Цагаан талыг бөмбөрдөх морьдын туурайн чимээ дөхөх тусам харь эрд юу юугүй нөмрөөд авах нь уу гэмээр сүрдэм.

Тасхийм хүйтнийг үл ажран цан хүүрэг савсуулж хамар нь сарталзах омголон морьдыг том хүн биш хүүхдүүд унасан байх бөгөөд нүд нь цогтой гялалзах тэр балчруудыг харсан дулаан орны мөнөөх эр даарснаа ч умартан Монгол адууны тэсвэр тэвчээр, Монгол хүүхдийн авхаалж самбааг бахархахгүй байж чадсангүй.

Эр зоригийн эсвэл бүр баатарлаг гэмээр морь, хүн хоёрын энэ дайчин үзүүлбэрийг нутаг нэгтнүүддээ үзүүлэх бодол төрж, бодлоо ажил хэрэг болгохоор Солонгост боловсрол эзэмшсэн нэгэн Монгол залууд санал тавьсан нь хожмын “Хаадын хаан” клубыг үүсгэн байгуулагч, морьтны гайхамшиг, өв соёлыг хилийн чанадад сурталчлахад томоохон үүрэг гүйцэтгэсэн Б.Үүрцайх байв. Харин харь эрд монгол соёл, морин уралдааныг бишрүүлсэн уралдаан 2007 оны Багануурын Нүүрэнтэйн хурд байсан гэдэг.


Энэ Солонгос хүн моринд дуртай, Европ, Америк, Австрали гэх мэт 11 үүлдрийн 100 гаруй адуутай нэгэн байсан бол Үүрцайхын хувьд хөдөө морь унаж өссөн, өвөөгөө дагаж адуу маланд дуртай болсон жирийн нэгэн монгол залуу. Хэн хэн нь моринд дуртай сайхь хоёр монгол морьтны гайхамшгийг Хангүг үндэстэнд гайхуулах нүсэр ажлыг хийхээр зориглож, тэгэхдээ БНСУ-ын аялал жуулчлалын бүс болсон Чэжү аралд хийхээр төлөвлөсөн байна.

Чэжү аралд анх хөл тавьж ирээдүйд хийх ажлаа ярилцахаар очсон Үүрцайхыг Солонгос түнш нь мандарины мод тариалсан уулсын дунд авчраад энэ газарт паркаа барина гэхэд тал нутгийн залууд санаанд багтамгүй санагдаж, итгэл төрсөнгүй. Харин гурван сарын дараа эргэж очиход тэр талбайг тэгшилчихсэн, зургаан сарын дараа паркийн ерөнхий рам нь босчихсон байв. Мянган хүний суудалтай тоглолтын талбай, тамирчин жүжигчдийн амьдрах байр, морьдын жүчээ гээд стандартад нийцсэн цогцолборыг барьсан гэхээр хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө орсон нь ойлгомжтой.

Ингээд Хангүг эр амласнаа хийж, Монгол эрийн амлалтаа биелүүлэх үлдэв. Эхлээд тэрээр адуу мал унаж сургах тал дээр сонгомол морин спортын мастерууд болох Энхбат, Отгонсайхан, адуу мал талаас нь Ариунболд, урлаг талаас Баттөр, Галхүү нарын өөртөө дэм болох хамгийн сайн баг бүрдүүлж чадсан юм. Дараагийн ээлжинд тэд 200 гаруй залуучуудаас сонгон шалгаруулж эрэгтэй, эмэгтэй нийлсэн 60 гаруй залуусыг сонгон авсны дотор «Хан Монгол» морьтны холбооны циркчин залуус, Морин тойруулгын сурагчид, уралдаанч хүүхдүүд, хөдөө морь унаж өссөн залуучууд, бүр морь унаж ч үзээгүй СУИС-ийн оюутнууд гээд ёстой л мөрөөдлийн багийнхан байв. Зургаан багшаар удирдуулсан 60 залуу 2008 оны 10 дугаар сарын 1-нд Чэжү аралд хөл тавингуут шууд л бэлтгэлдээ орлоо. Тэнд байсан 11 үүлдрийн 100 гаруй адууг өөрсдөө сургаж тоглолтондоо бэлтгэж эхэлсэн байна. Сарын дараа гэхэд өнөөх эмнэг голдуу адууг уналгат сургаснаар барахгүй, хэвт гэхэд хэвтдэг, цорой гэхэд цоройдог сургуультай болгосон байсан нь “Монгол хүмүүс энэ олон морийг сар хүрэхгүй хугацаанд сургачихаж байгаа юм уу” гэж Солонгосчуудыг дуу алдуулан гайхашруулж, зөвхөн монгол хүнд л байх чадвар хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн гэдэг.


Үүнээс сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2008 оны 11 дүгээр сарын 26 буюу Монгол Улс тунхагласны ойн баяр өдөр монгол залуус анхны тоглолтоо “Чингис хааны догшин хар сахиус” нэртэйгээр Чэжү арал дээр хийж, бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнолыг өв соёлоороо зарлан тунхаглаж байлаа. Тэгэхдээ Чингис хааныхаа бахархам түүх болсон Монголын нууц товчооноос сэдэвлэж Тэмүжин, Жамуха хоёрын хүүхэд нас, идэр нас, хайр сэтгэл, дайн дажин, Чингис хаанд өргөмжлөгдсөн гээд Их Монгол улсын түүхийг харуулсан өргөн сэдвийг багтаасан утга төгөлдөр тоглолтыг найруулж чаджээ. Мэдээж цаасан дээрх зохиолыг тоглолтын талбайд буулгах амаргүй байсан бөгөөд Монголоос “Хан Монгол морьтны холбоо”-ны захирал Цогтхүүгээр хүч нэмж, дээр нь Солонгосын интертайнмент компани хамтран найруулсан энэхүү тоглолт тухайн цаг үедээ дэлхийд анх удаа 60 хүний бүрэлдхүүнтэй, 100 гаруй морьтой хамгийн том тоглолт болж байсан бол одоог хүртэл тэр амжилтаа хадгалсаар байгаа юм. Нөгөө талаар ямар ч фантаз байхгүй бүх зүйлийг бодитоор харуулж чадсан нь тоглолтын хамгийн том амжилт болдог гэж уг тоглолтыг санаачлагч, зохион байгуулагч Б.Үүрцайх онцолж байсан.

2008 оноос 2012 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд уг тоглолтыг 5 сая жуулчин үзэж сонирхсоны ихэнх нь дотоодын жуулчид, тэр дундаа оюутан, сурагчид илүү их үзсэн гэдэг статистик байдаг байна. Эхний жил үзэгч бага байсан бол хоёр дахь жилээс өдөртөө 2-3 удаа тоглодог болсон ч билет нь дороо зарагдаж дуусах болжээ. Солонгос улсад солонгос үндэстэнд түүх, соёлоо гайхуулж чадсан тус үзүүлбэр жилдээ 50 гаруй соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг БНСУ-ын аялал жуулчлалын бүс Чэжү арал дахь жуулчдын заавал үзэх зүйлсийн нэг болсноор монголын өв соёлыг тээсэн морьтон залуусын ур чадварыг үзэх гэсэн жуулчдын тоо улам нэмэгдсэн гэдэг.


Үзэгчдийн таашаалд хүрч алга ташуулах хүртлээ тэд маш их хөдөлмөрлөж, бас маш их эрсдэл үүрсэн нь ойлгомжтой. Морины давхил дунд хийх эрсдэлтэй үзүүлбэрүүдээ сургуулилах үеэр мориноосоо унаж гэмтэж бэртэхээс аваад амаргүй үе олон байсан ч эргээд л тоглолтын талбайд морио унаад гарах эр зориг зөвхөн монгол хүнд л бий гэж онгирмоор. Үнэхээр ч тухайн үед бэртэж байсан жүжигчдээс одоо ч тоглолтоо хийгээд, багш болоод явж байгаа хүмүүс бий.

Жилдээ сая гаруй үзэгчтэй шилдэг тоглолтыг хийж чадсан Б.Үүрцайх нэг л өдөр тэр бүхнээ орхиод нутаг буцлаа. Шалтгаан нь “Хүний нутагт хийж байхаар эх орондоо ирж хийгээч” гэдэг хүмүүсийн үг. Буцахаасаа өмнө түүнд амжуулах ажил бас байлаа. Морин дээрх үзүүлбэр бол насаараа хийх ажил биш учраас сурах сонирхолтой 12 залууг Чэжүгийн Их сургуульд оруулж, гэр бүлийнхнийг нь Монголоос авчирч амьдрах орон байрны асуудлыг нь шийдвэрлэж өгчээ. Одоо тэр залуусын нэг нь тус арал дахь монголчуудын холбооны даргаар ажиллаж, зарим нь үргэлжлүүлэн докторт сурч, 10 гаруй гэр бүл тус аралд ажиллаж амьдарч байна.


Чэжү дэх ажлаасаа туршлагажсан Б.Үүрцайх 2012 онд нутагтаа ирээд монголын анхны морины шоу тоглолтонд зориулсан стадионыг Тэрэлжид барьж, “Хаадын хаан” морин спорт клубээ үүсгэн байгуулсан юм. Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт Туул голын хөвөөнд Улаанбаатараас 43км зайд орших “Хаадын хаан” клуб нь 500 хүний суудалтай, 50:80 хэмжээтэй 35-40 морьтой хүн тоглолт хийх талбайтай морьтой үзүүлбэр шоуны анхны стадионтой, 120 гаруй тамирчин, 80 орчим адуутай. Үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсан 2012-2014 оны хооронд “Чингис хааны догшин хар сахиус” тоглолтоо шинэчлэн найруулж 25-30 хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглож 10 гаруй мянган хүнд хүргэсэн байна. Ашиг орлого гэхээсээ илүү монголчууддаа тэр тусмаа суурин газар төрж өсөж байгаа өсвөр насныхандаа монгол ахуй, морь уналга, түүний эдлэл хэрэгслээр дамжуулан нүүдэлчдийн өв соёлыг таниулан мэдүүлэх зорилго тавьж ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд түлхүү үзүүлэхийг зорьдог байна.


Энэ удаагийн “Морины зүтгэлтэн” булангийн маань зочин Батбаярын Үүрцайх нь Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул бөгөөд “Үүрийн од” ХХК-ийн захирал, “Хаадын хаан” морин спорт клубын санаачлагч, тэргүүн, Нийслэлийн МСУХ-ны тэргүүлэгчийн сонгуульт ажилтай. Нийслэлийн хүндэт медаль, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, ММСУХ-ны Эрдэнийн Очир одонгоор шагнагдсан.             

-Танай клубын нэр хаадын хаан Чингис гэсэн санаа мөн  үү?

-Тийм ээ. Анх “Хаадын хаан Чингис” гэж нэрлэсэн юм. Сүүлийн үед Чингис нэрийг юм юманд оруулах зохисгүй юм гэж бодоод “Хаадын хаан” болгосон. Хэнтий аймгийн Батширээт сумын уяач Цогтжавын Энхтүвшин гэж хуурай ахтайгаа ярилцаж байгаад өгсөн нэр. Солонгосын түүхийг судалж байхад хаан гэж байдаггүй, баатрууд л байдаг. Дэлхий нийтэд Чингис хаан бол хаадын хаан байсан гэдгийг мэдээсэй гэж энэ нэрийг сонгосон.

-Хаадын хаан”-ы тоглолтыг гадны жуулчид ихэвчлэн үздэг үү? Дотоодын аялагчид хэр үздэг вэ?

-Аль аль нь л үздэг. Манайхан үзэхээсээ өмнө нэг их ойшоодоггүй. Харин үзсэнийхээ дараа гоё юм аа гэдэг. Би гадныхнаас илүү дотоодынхон үзээсэй, ялангуяа сургуулийн сурагчид илүү үзээсэй гэж боддог.

-Сургуулийн хүүхдүүдийг үзүүлэх тусгай хөтөлбөр гаргах ч юм уу, билетний үнийг хямдруулах зэрэг арга хэмжээ авч байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. 2012, 2013 оны үед ийм арга хэмжээ авч үзсэн. Зуны улиралд тоглодог учраас сургууль амрах, тоглогч нар дунд ч сургуульд сурдаг хүүхдүүд байдаг гэх мэт шалтгаан гардаг. Энэ намар бид бэлдэж байгаад хүүхдүүд цуглачихсан, цаг улирал ч нэг их хүйтрээгүй байгаа 9-10 дугаар сард тоглоё гэж бодож байгаа.


-Солонгост дөрвөн жилийн хугацаанд 5 сая хүн үзсэн гэж байсан. Монголд хичнээн хүн үзсэн байдаг юм бол оо?

-Ер нь 2012-2014 онд гурван жилийн хугацаанд гадна, дотны нийлсэн 10 гаруй мянган хүн үзсэн. Сүүлийн хоёр гурван жил санхүү мөнгөнөөс болоод тоглолтоо хийж чадаагүй. Энэ жилээс бид ганц тоглолт гэлтгүй морь уналга, гэр амралтын үйлчилгээг нэмж арай өөр маягаар ажиллахаар төлөвлөж байна. Ирэх зургадугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

-Хаадын хаан клубээ байгуулахад ямар хэмжээний зардал гаргасан юм бэ? Стадион барих, тамирчдын цалин хөлс, хувцас хэрэглэл, морь мал авах гээд нэлээд их хөрөнгө оруулалт хийсэн болов уу гэж бодож байна л даа?

-Мөнгөн дүнгээр бол маш их хөрөнгө зарцуулсан. Энд тоо хэлээд яах вэ. Маш их хөдөлмөр орсон, маш их хөрөнгө мөнгө орсон учраас нэг хэсэг зогсонги байдалд орсон. Гэхдээ морины ажил гэдэг утгаараа сэргээд сайхан болж байна. Мөнгөнөөсөө илүү монголын үндэсний өв соёл гэдэг юмыг харуулъя гэсэн зорилго маань чухал. Монголд үзэх юм байдаггүй ээ л гэдэг. Монголд үзэх юм их бий. Тэнд нэг ч гэсэн юм нэмэрлэе гэж бодож зорьж байна.

-Морь унах сонирхолтой хүмүүс их болчихсон. Үзүүлбэрээс гадна морь уналгаа идэвхжүүлэх бодол байна уу?

-Ирэх өвөл өвлийн морь уналга хийх санаатай бэлтгэж байгаа. Мэдээж цаг улирлын байдалд тааруулах нь чухал байна. Морь унах нь эрүүл мэнд ашиг тустай учраас морь уналгыг дэлгэрүүлэх хэрэгтэй байгаа юм. Морь унаад хол аялах биш, морин уналга гэдэг юмыг албан ёсоор хийхээр бэлдэж байгаа. Тухайн үед морин тойруулгын хийж байсан юмыг бид хийх болно.


-Танай клуб томоохон нээлт арга хэмжээнд оролцдог уу?

-Оролцолгүй яах вэ. Адуучин тэмцээн, Гиннест бүртгүүлэх зэрэг том арга хэмжээнд оролцсон. Гиннест төрийн далбаа барьж байгаа хар морьтой хүн манай тамирчин, морь нь манай хар сүлдний морь. Ар талын эгнээний баатрууд бүгд манай жүжигчид. Мөн гадна, дотны дарга нарын хүлээн авалтанд манай жүжигчид тоглодог.

-Танай хүү бас аавтайгаа үзүүлбэр тоглолтод оролцдог байх аа?

-2013 онд Монгол адуу Гиннест бүртгүүлэхэд манай хүү хоёр ой найман сартай хүүхэд аавыгаа дагаад долоон цаг морь унасан. Хүүгээрээ их бахархсан. Тэгээд Нийслэлийн уяачдын өдрөөр ММСУХ-ноос миний хүүг шагнасан юм. Манай ихрүүд морь унах дуртай, охин ч ялгаагүй дуртай. Гурвуулаа л морь унадаг юм. Бага нь одоо нэгдүгээр анги,

ганц нэг үзүүлбэрт оролцдог. Ер нь л тоглолтонд оролцох сонирхолтой шүү.

-БНСУ-ын Чэжү хот, БНХАУ-ын Хөх хотод монголчууд морин үзүүлбэр үзүүлж байгаа. Тэндэх хүмүүстэй хамтраад томоохон хэмжээний тоглолт хийх боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Миний бодож явдаг зүйлсийн нэг. Нийлж байгаад ганц том тоглолт үзүүлэх юм сан гэсэн бодол бий. Бодол байсан ч цаг зав, нөхцөл боломж таарахгүй байх асуудал байна. Хамгийн гол нь бид хамгийн шилдгийг харуулах ёстой. Солонгос улсад морины 2-3 групп, Хятадад 10 гаруй групп байна, Европт ч байна. Нийлж байгаад нэг том зүйл дэлхий нийтэд харуулах ёстой. Морь унах бол бидний хамгийн сайн чаддаг зүйл. Энэ чаддаг аа дэлхийд харуулах ёстой. Дэмжээд өгвөл ганцхан “Хаадын хаан” биш “Хан Монгол”, “Шонхор”, “Үүр-Ариг” маш олон группууд монголын өв соёлыг сурталчлахад бэлэн байгаа. Бид нэгдэх юм бол дэлхийд гайхуулсан тоглолтыг хийж чадна.

-Уралдаанч хүүхдүүд байнга морь унахгүй, уралдааны үед л унаж байгаа болохоор дадал сууж амжаагүй нь мориноос ойчоод байна уу гэж боддог. Хүүхдүүдийг тодорхой хугацаанд морь унуулж сургаад сертификат олгодог баймаар санагддаг. Та бүхэнд энэ талаар бодож байгаа юм байгаа юу?

-Морь унаад бэртэж байгаа хүүхдүүд байгаа юу гэвэл байгаа. Хүүхдүүд бэлдэе гэсэн ч хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага гэх мэт газраас ирж янз бүрийн юм ярьж шантаажилдаг. Гэтэл морь унадаг хүүхдүүд урагшаа Хятад руу маш олноороо гарч байна. Морь унадаг хүүхдүүдийг аав ээжтэй нь аваачаад ээжээр нь үнээ саалгаад, ааваар нь адуу маллуулаад, хүүхдээр нь хурдан морь унуулчихаж байна. Тэнд хүүхдийн эрхийг зөрчиж байна уу зөрчиж байна, унаж бэртэж байна уу адилхан л унаж бэртэж байгаа. Хилээр гарч орж байгаа хичнээн хүүхэд байгаа гэж бодно. Тэр бол амьдралын эрхээр л явж байгаа. Ганц уралдаанчийг ч биш тоглолтын жүжигчдийг ч албан ёсны бичиг баримттай болгож байж гадагшаа явсан ч өндөр цалинтай явна. Тийм учраас Монголд тоглолтын морь унадаг, морио тахалж сурсан, морио ханаж хатгаж чаддаг, дэлийг нь засчихдаг ийм хүнийг бэлдээд гадагш нь тоглолтын жүжигчнээр явуулъя гэж энэ чиглэлээр судалгаа хийж, клуб дээрээ сургалт явуулах эрх авахаар өнгөрсөн 2018 онд яам руу хүсэлтээ гаргаад хариуг нь хүлээж байна.


-Тантай ижил морьтны соёлыг түгээх зорилготой бусад төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг уу? Тухайлбал аялал жуулчлалын холбоо, яамнаас таныг дэмждэг үү?

-Холбоо гэхээсээ аялал жуулчлалын тур компаниуд хамтран ажиллаж байна. Яамнаас дэмжлэг аваад хамтран ажилласан юм одоогоор байхгүй. Яаманд бол манай ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл бий.

-Солонгост үлдсэн тамирчдынхаа амьдралд нь санаа тавиад ирсэн гэсэн. Саяхан бас нэг ажилтнаа шагнаж байгааг чинь нийгмийн сүлжээгээр харсан юм байна?

-Намайг дагаад 10 гаруй жил явчихсан багш нар, залуучууд олон бий. Тэр багш нараа жил бүр урамшуулдаг. Нэг битгий хэл нэлээд хэдэн багш нараа урамшуулж байгаа. Энэ бол манай компанийн нийгмийн хариуцлага гэх юм уу даа. Олон жил болсон багш нар маань гэр бүлтэй, үр хүүхэдтэй болж байгаа учраас амьдрах орчин, ажиллах орчин сайн байх ёстой гэж үзээд жилдээ 2-3 хүнийг орон сууцтай, хашаатай байшинтай болоход дэмжлэг үзүүлдэг юм. Сүүлийн үед энэ ажлаа идэвхтэй явуулж байгаа.

-Та Нийслэлийн МСУХ-нд ажиллаж байсан. Одоо удирдлага зохион байгуулалтын шинэчлэлээр ч мөн үргэлжлүүлэн ажиллаж байгаа байх аа?

-Нийслэлийн МСУХ-ны Дэд тэргүүн, Нарийн бичгийн даргаар олон жил ажилласан. Одоо тэргүүлэгчээр үргэлжлүүлэн ажиллаж байна. 2004 оноос хойш 15 жил холбоондоо зүтгэсэн байна. Холбоо анх үүсгэн байгуулагдсанаас нь хойш Цэдэв ах, Цагаандалай ах, Гансүх гээд маш олон хүмүүстэй хамтран, хамгийн бага нь болж ажилласаар өдий болтол явсан байна.

-Миний мэдэхээр айрагны ресторантай байсан санагдана?

-2006 онд “Ухаа хонгор” нэртэй морины эдлэлийн дэлгүүр, рестораныг нээж ажиллуулж байлаа. Морины төлөө их ч юм ч хийж чадаагүй л дээ. Тэр «Ухаа хонгор» ресторан байлаа, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны ойгоор Хүйн долоон худагт манай компани болон Өвөрхангайн уяачдын холбоо хоёр хамтран «Их бодь» суваргыг бүтээж 06 дугаар сарын 10-нд нээлтээ хийсэн. Сүүлийн үед Тэрэлжийн морин паркийг хийлээ.

-Тэгэхээр анхнаасаа хийсэн бүхэн чинь морины холбогдолтой байжээ. Морьтой холбогдоход танд юу нөлөөлсөн юм бэ?

-Би хөдөө морь унаж өссөн хүн л дээ. Манай ээжийн тал адуу мал олонтой, цоохор голдуу сайвар морь унадаг хүмүүс байв. Одоо болтол тэр адууных нь угшил бий. Өвөөгөө дагаж адуу малд ойрхон өссөн. Өвөө маань морь уяж байсан, тэрэнд нь туслаад л явдаг байснаас унаж хурдлуулж байгаагүй. Сургуульд ороод хэсэг адуу малаас холдсон ч манай найз нар адуу малтай байсан. Сүүлд Солонгост сурч ирсний дараа 2000 оны үед хадам тал их нөлөөлсөн. Манай хадам аав Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн Алдарт уяач Мятав гэж хөгшин байсан юм. Тэр хүн Тод манлай уяач Алтангэрэл, одоо Америкт байгаа Ганбат ахтай ойр дотно байдаг. Сүүлд өөрийн адуугаа бараг бүгдийг шахуу надад өгсөн. Ер нь хадам талынхаа хурдан сайн гэсэн болгоноос авсан. Миний хурдан морь уяж сойх нь 2000 оноос эхэлсэн.

-Морь уяад ямар амжилт гаргасан бэ?

-Аймаг, бүс, сумын наадамд олон айраг түрүү байдаг. Улс, бүсийн наадмын амжилт байхгүй. Хамгийн сайн давхисан нь 2008 онд соёолон үрээ маань улсын баяр наадамд долоод давхисан. Манай адуу Төв аймгийн Алтанбулаг сумын Хустайн нуруунд Нямсүрэн гэж найзад маань 10 гаруй жил байгаад, сүүлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт руу гаргаад хоёр жил болж байна.


-Хадам ааваасаа ирсэн адууг хаанахын ямар адуугаар сэлбэсэн бэ?

-Янз бүрийн юмаар сэлгэсээн. Төв, Сүхбаатар болоод төрсөн нутаг Архангайнхаа адуугаар сэлбэсэн. Дээр нь танил найз нөхдийн хүрээллээрээ дамжуулаад хурдан гэсэн ганц нэг адуу авсан. Тухайлбал Хил хамгаалахын хурандаа Нэргүйбаатар ах, 90 жилийн соёолонгийн түрүү талийгаач Ижилбаяр ахын адуу малаас авсан.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морьтны үзүүлбэрээ илүү чанаржуулж, олон улсын хэмжээний болгож, илүү олон хүнд хүргэхийг хүсье.

-За баярлалаа. Та бүхний цаашдынх нь ажилд амжилт хүсье.

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна