Аймгийн Алдарт уяач Ц.Пүрэвжав: Хууринагч хээрээ 16-тайд нь аваад найман жил сайхан наадсан

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 15 -нд

Өвөрхангай аймгийн Уянга сумын уяачдын цуврал ярилцлага үргэлжилж байна.  Энэ удаа Жаргалант I багийн харьяат, аймгийн Алдарт уяач Цэрэнгийн Пүрэвжав 1968 онд Жаргалант багийн нутаг Хөнөг хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр 1990 оноос морь уяж эхэлсэн бөгөөд тухайн үедээ нутгийн адуунууд уядаг байж. Харин 1992 онд Сайнбаатарын ягаан гэж Төв аймгийн чигийн сайн морийг авч, өвлийн нэг уралдаанд аман хүзүүдүүлсэнээр илүү шимтэх болсон хэмээснээр бидний яриа эхэлсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа уншигч танаа хуваалцаж байна.

     Энд нэмэхэд  У.Пүрэвжав нь ММСУХ-ны Уяачийн алдар одон, ММСУХ-ны 20 жилийн болон “Арвагар хээр” МСУХ-ны 10 жилийн ойн медалиар энгэрээ мялааж байжээ.

-Таныг уяач болоход хэн нэгний нөлөө байв уу?

-Би ч өөрийн сонирхлын дагуу л моринд хөтлөгдсөн хүн дээ. Гэхдээ миний аав Цэрэн 1978,1979 онд Хайрхандулааны 30 жилийн ойд Баянхонгороос авсан шарга морио айргийн гуравт давхиулсан. Дараа жилийн намар нь манай суманд Түмэн тугалын баяр болоход шарга морио аман хүзүүдүүлсэн. Ингэж хоёр л жил морь уясан байдаг юм. Харин би 10,11-тэй хүүхэд тэр моринд давхидаг байж. Харин 1989 онд цэргээс ирээд, 1990 оноос морь уяж эхэлсэн. Тухайн үедээ нутгийн адуунууд уяж байгаад, 1992 онд Сайнбаатарын ягаан гэж Төв аймгийн чигийн сайн морийг авч, өвлийн нэг уралдаанд аман хүзүүдүүлсэн. Түүнээс хойш морины уяанд илүү шимтэх болсон.

-Ягаан морь дараа нь яаж давхисан билээ.

-Ахиад айрагдаагүй. Хөгшрөх тийшээ хандчихсан морь байсан юм. Түүнээс хойш хоёр ч хээр морь аваад шалиагүй. Энэ сумандаа хүрэн үрээ айрагдуулаад буцаж байлаа. Жаргалант бригад чинь эндээс 60 км-ын зайтай. Харин 2001 онд “Хууринагч хээр” гэдэг дуутай хээр морио одоо Нарийнтээлд байгаа Даваадагвын Батзориг найзаасаа авсан юм. Тэгэхэд миний хээр морь 16 настай байлаа.

-Хөгшин морь байх нь ээ?

-Тийм ээ. Гэхдээ унаж эдлэхэд зөв сайхан морь байлаа. Хөөрхий надад ирэхээсөө өмнө Баянхонгорын Эрдэнэцогт, Шаргалжуут, Нарийнгол, Өлзийтийн наагуур зарагдаж, нэлээн хэдэн хүний гараар дамжсан  юм аа. Тэгээд эргээд адуундаа гүйгээд ирэхээр нь би худалдаж авсан. Айхтар үнэтэй ч биш ээ. Хоёр адилхан ухаа морь өгөөд авсан. Тэгээд 2001 оноос уяад Нарийнтээл сумын наадамд анх түрүүлгэсэн. Намар орой Цэрэнтогтох аваргын нэрэмжит уралдаан болж тэнд 16-аар ирсэн. Ер нь их боломжийн санагдаж байна шүү. Уягдаж байгаагүй морь намар тэгж давхиж байгаа юм чинь гэж бодоод урам ч орлоо. Ингээд өвөл нь тэжээгээд 2002 онд Давааноров ах хэдэн залуустай нийлж Уянга суманд болсон анхны өвлийн цохиог хийсэн юм. “Бадрал” багийн наахнатаа Бараан чулуу гэдэг газар болсон тэр уралдаанд хээр морио давхиулсан чинь түрүүлчихлээ. Энэ чинь хоёр, гурав хоногийн дараа болоод байгаа уралдаанууд л даа. Ингэж дөрвөн удаа буюу Хайрхандулаанд хоёр, Нарийнтээлд нэг, Уянгын Бараанчулуутад нэг түрүүлсэн. Өвөрхангай аймагт МАХН-ын баяр болоод, урдын урд өдөр нь Хайрхандулаанд уралдаад түрүүлсэн. Тэндээсээ Өвөрхангай руу тэр баярт уралдсан чинь өнгөлж явсаар үзүүрхэнд унжаад дөрвөөр давхидаг юм. Тэр их том наадам байлаа. Ингэж сайхан морьтой болсноо ойлгож байгаа юм.


-Зун уралдаагүй юм уу?

-Одоо зун уралдана. /сур. инээв/ 2002 оны хавар зургадугаар сарын 16-нд “Арвагар хээр” холбоо байгуулагдсаны нээлтийн уралдаантай гэдэг юм. Тэгэхэд тойргоор уралдаад түрүүлж, байны “Планет-5” мотоциклийг нь авч байлаа. Эндээс олонд танигдаж эхэлсэн. Дараахан нь Монгол улсын Алдарт уяач Гүжир гэж хүний цолны мялаалга наадамд аваачиж Цохиотод тавьсан. Уралдууллаа, гуравладаг юм. Эндээс аймаг явахаар шийдлээ. Гэтэл аймаг руу явж байгаад айлын нохойд уруулаад, нөгөө хээр мориныхоо хамрыг нь авчихдаг байгаа. Арьсыг нь хуу татаад  хамар руугаа тохогдчихсон, цус гоожоод баларна биз дээ. Бушуухан шиг л буцаад Ялаатын ард Уянгын төв рүү орж ирээд малын эмч Шийрэв гэж ах хүүд үзүүллээ. Эмч оёдол тавьж, орой хэрд дууслаа. Бас ганц хоёр шингэн хийж байгаа юм. Үүнээс хоёр хоногийн дараа сумандаа уралдуулсан чинь гурваар ирсэн л юм даа. Үнэхээр хаттай адуу байгаа биз.

-Тэр жил сумандаа гуравлаад ахиж уралдсан уу?

-“Арвагар хээр” холбооны нээлтийн уралдааны хоёр дахь нь долдугаар сарын 13,14-нд бил үү, гурав дахь нь есдүгээр сарын 1-нд  болсон. Өвөрхангай аймгийн цэргийн ангийн наад талын талбайг тойргоор засчихсан байж билээ. Тэгээд Өвөрхангай аймгийн уяачдын холбоог санаачилсан улс болох Үнэнбүрэн, Пэрлэйбазар хоёр намайг урьдаг юм. Ингээд есдүгээр сарын 1-нд болсон уг уралдаанд хээр морио түрүүлгэсэн. Холимог уралдаан гэж болно л доо. Энд нь азарга, гүү, үрээ ч давхина. Том амжилт үзүүлж байгаагүй морьд ч уралддаг. Тэр холимог уралдаанд найзын маань зээрд морь түрүүлээд, аваргуудад нь миний хээр морь түрүүлж байгаа юм. Түүнээс хойш тэр хээр морь аймагт болсон тойргийн уралдаанд нийтдээ таван удаа айрагдаж, хоёр түрүүлсэн. Баянхонгорын Өлзийт, Шаргалжуут, наад хэдэн сумд, Өвөрхангайн Нарийнтээл, Хайрхандулаан, Архангайн наагуур их уралдуулсан.

-Уянгын 70 жилд түрүүлсэн гэдэг байх аа. Хэдтэй байсан юм бэ?

-2001 он болох нь. Өмнө нь дөрөв уралдаж дөрөв түрүүлээд, аймагт айрагдаад, дараа жил нь Уянгын ойд түрүүлгэсэн. Тэр жил аймгийн 80 жилийн ой болсон шүү дээ. Аймгийн наадамд нэг удаа давхисан нь тэр юм байна. Тэндээсээ Хайрхандулаан явсан. Ер нь нийтдээ аймгийн хэмжээний наадамд тав айрагдаж, хоёр түрүүлсэн. Сумын ой бас аймгийн чанартайд орно. Тэгэхээр гурван түрүү, таван айрагтай юм байна. Сумын наадамд бол олон түрүүлж, айрагдсаан.

-Өөр ямар сумын тэгш ойд  уралдуулж байсан юм бэ?

-Өөр тэгш ойд түрүүлээгүй. “Арвагар хээр” холбооны зохион байгуулсан хоёр уралдаанд түрүүлсэн.

-Хэд хүртлээ уралдсан бэ?

-24 хүртлээ уралдсан. Би чинь аваад найман жил уяад 24-тэй тавьсан. Тэгээд 26 хүрээд өөрөө алга болчихсон, олоогүй. Уг нь хашаанаасаа холддоггүй байсан ч сүүлдээ жаахан жаахан холдсоор. Наашаа уяаныхаа энд ч нэг очоод, баруун тийш нь нэг гараад л байлаа. Тэгж байгаад ганцхан шөнө байхгүй болчихсон. Тэгсэн 5-6 хоногийн дараа Жаргалант орчихсон байснаа дараа нь алга болсон. Хөөрхий нутагтаа л ясаа тавьсан болов уу. Ийм түүхтэй адуу байгаа юм.

-24-тэй хаана яаж давхисан юм бэ?

-Тэр үедээ суманд давхиагүй. Багийнхаа наадамд айрагдчихдаг байлаа. Сүүл рүүгээ ч пөөнийсөн дөө, хөөрхий гэж. Тэгээд больчихсон. Хоёр жил хашаандаа тэжээл идээд, гүйж Жаргалант руу очоод, байхгүй. Энэ чинь Тээгт гарсан унага л даа.

-Эх, эцгээс өөр сайн адуу төрсөн болов ууу?

-Тэдний адуунууд ерөнхийдөө мундаг л даа. Даанч дээд угшлыг нь Батзориг бид хоёр сайн мэддэггүй юм.

-Таныг анх 16-тай морь авч уяхад хүмүүс юу гэцгээж байв?

-Насыг нь мэдэх хүн ховор л доо. Яг мэдэх ганц нэг нь “Хөгшин морь авлаа даа” л гэцгээж байсан. Тухайн үедээ ч уяна гэж бодоогүй л дээ. Нарийнтээлийн наадамд явахдаа өөрөө унаад, буцахдаа хайрханы наадмаар дайрсан. Тэгээд л мундаг морь байна гэдгийг ойлгоод уяад үзье гэж бодсон юм.

-Ер нь уяа хэр орох уу?

-Хатуу талдаа шүү. Арьс үс чангатай. Хөөрхий сүүлдээ өөрийгөө уяад байх шиг санагддаг байж билээ.

-Олон жил уяад ирэхээр хүн, мал хоёр ээнэгшинэ гэдэг юм уу, ойлголцдог болчихдог гэлцдэг.

-Сүүлдээ жигтэйхэн муухай ааштай болоод, сүүл, хөхлөө боолгохоо болиод, өшигчөөд байхаар нь хашааны наанаас боодог байлаа. Ааш авир тэгж эвдэхээрээ бас шалихгүй юм билээ. Гэхдээ уяа нь зөв байхаараа сайхан налайгаад, зүгээр зогсож байгаад сүүлээ боолгочихно. Тийм үедээ мундаг давхина. Хөөрхий бага зэргийн хоол унд, хөлсний алдаанд торохгүй л давхина.

-Хээр морьтойгоо оролцсон наадмуудаас хамгийн сайхан нь хэзээ байсан бэ?

-“Арвагар хээр”-ийн нээлтийн анхны уралдаанд нь түрүүлж, байны мотоциклийг нь аваад зогсож байхад их сайхан байсан. Сэтгэлд хоногшсон наадмуудын нэг дээ.

-Хууринагч хээр гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?

-“Арвагар хээр” холбооны Үнэнбүрэн найз маань Хууринагч хээр нэрийг өгсөн. Би бол хээр морь л гэдэг байсан.

-Хууринагч хээрээс өөр таны нэрийг олонтаа гаргасан ямар хурдан хүлгүүд байсан бэ?

-Нарийнтээлийн сумын заан Заяахүү гэж манай хүргэн байсан. Түүний жижигхэн зээрд морийг би их үнэтэй авч байлаа. Бас Таацын голын унага л даа. Тэгээд сумын 70 жилийн ойгоор зээрд морио зургаагаар давхиулсан юм. Зээрд чинь аймагт соёолондоо айрагдаад, Баянхонгорын Өлзийтөд түрүүлсэн морь.


-Нууц биш бол хэдээр авсан юм бэ?

-Тэр үед малыг үнэлж зардаггүй. Бодоор л тооцоо хийнэ. Би чинь Заяа ахаасаа 15 бодоор авч байлаа.

-Хэдтэй морь ийм үнэд хүрэх үү?

-Зургаан настай морь. Өмнө нь Өвөрхангай аймгийн баяр наадамд тавласан. Баянхонгор аймгийн Өлзийтийн ойд түрүүлсэн үрээг соёолонгийнх нь өвөл авч байгаа нь тэр. Тэр үед ямар тэжээх биш. Уянгынхаа 70 жилийн ойгоор зургаад давхиулаад, аймаг яваад 11-ээр ирсэн. Тэндээсээ гурван их ой давхцаад явчихсан юм аа. Хоёр сум, нэг аймаг гэхээр чинь хөөрхөн ойнуудаар явчихсан. Хайрхандулааны 70 жилийн ойд аваачиж эхний өдөр түрүүлсэн ч будлиад, маргааш нь ахиад явуулсан чинь үхчихсэн. Азарганы туган дээрээс бүх морьд эргэчихгүй юу. Урьд жил нь Нарийнтээлийн сумын наадамд айрагдсан юм. Тэр жил хүрэн үрээ, бас нэг хээр даага бас айрагдсан.

-Хүрэн үрээ, хээр даага хаанахын адуу юм бэ?

-Хээр даага нь Таацын нутаг адуу. Хүрэн үрээ болохоор Зоригоо найзын адуу. Хээр морины хамаатангийн адуу  л даа. Зээрд морио сумын наадамд нэг айрагдуулаад, наад хүрэн үрээ, хээр даага айрагдсан. Хүрэн үрээ аймгийн наадамд аман хүзүүдсэн. Хязаалан гэхээр уржнан жил даага аман хүзүүдүүлсэн юм байна.

-Та нутгийн адуугаараа түлхүү нааддаг юм байна. Энэ хавийн адуунуудын тухай сайн мэднэ биз?

-Миний зээрд, хээр морь, хээр даага бүгд нутаг адуунууд л даа. Түүнээс хойш хүмүүсийн голдуу морийг уялаа. Үүнд Өвөрхангай аймгийн 80 жилийн ойгоор Давааноров ахын саарал азаргыг би уясан.

-Дөл саарал гэдгийг нь үү?

-Тэр биш, нөгөө жижиг саарлыг нь уясан юм. Дорнодын Баян-Уулаас өөрсдөө явж хязаалан авчирч байлаа. Авчирсан жил нь сумынхаа ойд айрагдаад, аймгийн ойд гурваар давхисан. Аймгийн чанартай наадамд 10 удаа айрагдаж, хоёр байна уу, гурав түрүүлсэн. Сүүлийн хоёр жил хүүхэд нь хамтарч уяж байна. Ноднингийн хувьд манай Батзориг дангаараа өөрөө уясан л даа. Энэ жил аймагт түрүүлгэлээ шүү дээ. Би тэр саарал азаргыг аймагт түрүүлгэж, Өвөрхангайн 80 жилээр хязаалан айрагдуулсан. Тийм мундаг саарал азарга байна. Бас Бат-Оршихын зээрд халзан морь аймгийн наадамд дөрвөөр давхилаа. Нэг жил надад гурван мотоцикль авчирч билээ.

-Та хэдэн хүний морийг уядаг юм бэ. Энд 2-3 уяа дүүрэн харагдана.

-Харин ч хэцээ цөөлөөд, морьдоо тавьчихсан байна. Ах дүүс, найз нөхдийн гээд нийт 15,16 хүний адуу байх шиг байна. “Нутгийн буян” группын захирал Бат-Орших бид хоёр чинь олон жил найзалж нөхөрлөж яваа улс. Түүний морьд бас бий. Энэ халзан морь гэхэд чинь аймагт айрагдсан адуу. Дорнод аймгийн Дашбалбарын унаган адуу байгаа юм. Түүнчлэн аймгийн шүүхийн албаны Мягмарсүрэн гэдэг нөхрийн зээрд азарга байна. Дааганд нь аймгийн наадамд гурваар давхиулж байлаа. Наана байгаа нь Найманжин гэдэг хүний хээр морь энэ жил надад ирсэн юм. Энэ удаад аймагт хараахан айрагдаж чадалгүй зургаалчихлаа. Ер нь аймагт айрагдсан адуунууд зөндөө бий. Миний хүрэн хязаалан гэхэд даагандаа аман хүзүүдсэн. Пүүжээ ах нь Өвөрхангайн наадамд нэг дор 2-3-аар нь айрагдуулж үзсэн. Одоогоор шүдлэн л айрагдуулж чадахгүй байна. Би дэндүү хатуу уяад байгаа юм болов уу гэж бодох юм.

-Та ер нь чанга гарын уяатай юу?

-Тийм. Арай хатуудуулчихдаг байж мэдэх юм. Их морьдыг их нимгэлж уячих гээд байдаг хүн. Тэр саарал азарга миний гарын аяыг даагаад л уягдаад байсан даа. Мягмарсүрэнгийн зээрд азарга ч миний гарын аяыг даана.

-Аймгийн наадмуудад хичнээн морь айрагдуулсан байна вэ?

-Би чинь зээрд морио үхүүлчихээд нэг хэсэг “Морь уяад дэмий ч юм уу” гэж бодоод жил өнжсөн л дөө. Гэвч монгол хүний цусанд байдаг бололтой. Цаанаасаа болохгүй юм билээ. Тэгээд мориноос салж чадахгүй болохоор баахан улсын адуутай болчихоод л сууна. Одоогоор аймгийн болон аймгийн чанартай наадмуудаас өөрийн болон өрөөлийн 30 гаруй айраг, түрүү авсан байх аа. Энэ жил л хээр морь зургаалаад мултарчихлаа. Тэр хойно байгаа хоёр хул даага нэг нь минийх, нөгөө нь Хэнтий аймгийн Дадалаас авчирсан юм. Дадалын аймгийн Алдарт уяач Нямсүрэн гээд жижигхэн залуу ноднин Хэнтий аймагт даага түрүүлгэсэн дээ. Түүнээс жижиг хул даага дүү бандидаа авч өгсөн юм. Нэг түрүүлж, 4-5 айрагдчихаад байна. Цаад хул нь суманд аман хүзүүдээд, наад хул нь таваар ирсэн. Манай морьдоос их, бага наадмуудаас овоо хэдэн айраг, түрүү авсан байх аа. Ноднин гэхэд манай дүү 52 айраг, түрүү авчихсан байна лээ.

-Манай дүү гэж хэн билээ.

-Баярсайхан гэж байна. Бид хамтарч морь уядаг юм. Цаана нь манай галын олон хүн бий л дээ.

-Онон гуай хүний үнэ цэнэтэй авсан адууг гэсээр өөрийнх үлдчихдэг талтай гэж ярьж байсан. Та ч бас тэгж байна уу?

-Би бас тийм болчихоод байна. Энэ жил хул даагаа л давхиуллаа. Түүнээс уядаг морьд маань зөндөө бий. Тухайлбал, хар алаг морь, Давааноров ахын саарал азарганы төл миний унаган хязаалан байна. Саарал азарганыхаа төлийг хүртэл уяж чадахгүй байна. Хотын зүүн талын олон морь уядаг уяачдыг бодвол цөөхөн л дөө. Гэхдээ уяа эхлэхэд манайхан чинь бараг 50-иад морь барьж байгаа юм. Энэ нь энүүхэндээ арай ахадсан тоо л доо.

-Тэгээд тавигдсаар наадам болоход хэд нь үлдэх үү?

-Наадамд голдуухан давхисаан. Энэ жил олныг тавиагүй. Бүгд л сум, аймагт айрагдсан.


-Энэ хугацаанд адуутай нөхөрлөсөн эр хүний хувьд баяр бахдалыг мэдрүүлсэн ямар наадам байна вэ?

-Хэдэн онд юм бэ, саарал азаргатайгаа Бүрдийн бүсийн наадамд очоод үнэн огшиж ирсээн. Цастай, зудтай, зам ч их юу байлаа. Хол ч тавьсан. Тэгэхэд миний саарал азарга гайхалтай хурдан байсан. Шийлэгийн Даваагийн том цагаан азаргатай холоо ирсэн сэн. Гэхдээ бариа руу орохдоо хүмүүсийн ар уруу дайраад гуравласан. Тэр болтол дагасан машинууд араас нь ирээгүй л байлаа. Сэтгэлээс гардаггүй наадмын нэг дээ. Уг нь тэр жил жаахан яваад уралдсан бол илүү амжилт гаргах байсан байх гэж боддог юм.

-Танайханд танаас өөр морь уяж байгаа хүн бий юу?

-Байхгүй ээ.

-Таны хүүхдүүд уяж байна уу?

-Том хүү маань сумын Алдарт уяач цолны болзол хангачихаад байгаа юм. Харин бага нь одоо наймдугаар ангид сурч байна. Эдний чинь хүчинд л энэ олон морины ажлыг нугалж байна. Тийм болохоор урам өгч байх хэрэгтэй л дээ. Сая ойрын сумдын уралдаануудад хүүгийнхээ нэр дээр явуулсан. Цаашдаа өөрсдийн нь дур сонирхол нь ямар байх юм. Өөрсдөө л мэдэх биз ээ. Бас ах дүү, ойр дотны нөхдийн хэдэн хүүхэд байна аа. Хайрхандулаанаас гэхэд хоёр залуу бий. Нарийнтээл, Жаргалантаас ч байна. Хотод ч байна. Улаанбаатар, Гачууртад нэг нэг  залуу бий. Хэдийгээр багш энэ тэр болж сүйд болохгүй ч би мэддэгээ хэлнэ. Тэднээс ч бас сурах юм байхыг яана.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би наймдугаар ангиасаа мал дээр гарсан хүн шүү дээ. Илгээлтийн эзэн болно оо гээд л гаргачихаж билээ.

-Уянгадаа нэртэй нутгийн сайн адууны тухай мэддэгээ ярьж өгөөч. 

-Жаргалант хавийнхаа ганц нэг сайн адууг мэднэ ээ. Тухайлбал, Жуудан Даваадорж гэж хүний хурдан хээр морь гэж байлаа. Аймагт хоёр ч айрагдсан байх аа. Мөн Дансрандоржийн Нямсүрэн гэдэг хүний ухаа морь аймгийн 60 жилийн ойгоор аман хүзүүдсэн байдаг. Аймагт өмнө нь нэг түрүүлсэн. Манай Жаргалант чигээс Өвөрхангай аймгийн Зүйлийн анхны даншгаар “зузаан” Бор буюу Жаргалсайхан гэдэг нөхрийн зээрд хязаалан айрагдаад, 80 жилээр бүүдэн морь нь түрүүлж мундаг амжилт үзүүлсэн. Ойрын хэдэн аймаг, суманд алдартай гэвэл Базарын зээрд гэдэг жороо морь байлаа. Гайхалтай авьяастай гээч. Базарын зээрдийг 10 алд сур газар хүрэхгүй эрчлээд барьдаг, тийм мундаг явдаг морь байсан гэж ярьдаг. Тэгээд Дашдондог гуайн сарт гээд гайхалтай жороо морь байсан.

-Хээр голдуу зүсмийн морьд ийшээ хурдлаад байна уу?

-Янз янз л даа. Нэг үе манай Жаргалантаар зээрд адуунууд хурдалсан. Хээр зүсмийн хурдан адуунууд ч бий. Миний хээр, Дамсагдоржийн ухаа гээд л. Таацын эхэнд хууччуулаас Гангаа ногоон гэж морь уядаг хүн байлаа. Хөвүүд нь Гунгаа, Насанпил гэж бий. Сүүлд Уянгад алаг адуунууд их болсон. Жаргалант тал руугаа хондон зээрд зүстэй байх жишээний. Харин сүүлийн үед хурдалж байгаа нь дандаа зүүн талаас ирсэн адуунууд байна.


-Уянгаас аймгийн баяр наадамдаа тогтмол очиж байсан юм болов уу?     

-Яг аймгийн баяр наадамд Уянгаас Амгаабазар гэдэг хүний хонгор морь айрагдаж байсан. Халзан Батбаяр гуайн хоёр их морины нэг нь түрүүлж, нэг нь гуравласан юм байна лээ. Адуучин Бэрээнэн гэж мундаг хүн байлаа. Тэр хүний адуунууд аймагт зөндөө айрагдаж, түрүүлсэн. Өөрөө ч мундаг гярхай адуучин явсан.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Олон мянган уяачдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Уясан болгон нь хурдан байж, уралдаанч хүүхдүүд нь цовоо байх болтугай.

П.Ундраа

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.