Уран барималч Н.Цогмагнай: Өнөөдрийн амжилтаа адууны өгөөж буян гэж бэлгэшээдэг

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 06 -нд

Адууны захад өнгөрүүлсэн бага нас 

“Тод магнай” сэтгүүлийн маань 108 дахь дугаарын урлагийн зочин бол Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, уран барималч Нямхүүгийн Цогмагнай байлаа. Говийн хүү тэрээр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн хотын зүг хүлгийн жолоо залсанаас хойш 20 хаврыг үдсэн байна. Тодруулбал, Өмнөговь аймагтаа наймдугаар ангийг төгсөж, Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын коллежид уран зургийн мэргэжлээр 2000-2003 оныг хүртэл, дараа нь СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг доктор, дэд профессор С.Бадрал багшийнхаа удирдлаган дор уран баримлын мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж 2009 онд төгссөн байна. 

Нэгэнтээ түүний багш С.Бадралтай уулзахад шавь нартаа “Эхний 30 жил өөрийгөө боловсруул, дараагийн 30 жилд туурви, үлдсэн насандаа сурсан мэдсэнээ хойч үедээ бичиж, тэмдэглэж үлдээ” хэмээн захидаг тухайгаа ярьсан удаатай. Үүнчлэн “Хүн чинь насан туршдаа сурдаг гээ биз дээ. Тийм болохоор суралцсаар л явна даа” гэж шавь нь ярина. 
Түүний бага нас адууны захад өнгөрсөн. Өөрөөр хэлбэл аав З.Нямхүү нь сумын Алдарт уяач бол өвөө н.Зундуй нь хусуур сойзоор гангарсан говийн дуу цөөтэй, даруухан “харчуул”-ын нэг. Өвөө нь Өмнөговь аймгийн Номгон сумын хүн бөгөөд нутаг орондоо бол анхны уяачдын нэг гэж байгаа юм. Засаг адуунаас уяж хурдлуулан, одтой наадах бөгөөд Зундуйн саран тамгатай шаргууд гэж нутагтаа яригдана. Өдгөө ч эдгээр хурдан хүлгүүдийн удмаар хүү З.Нямхүү Алдарт нааддаг байна. Удам залган уяа эвлүүлэх болсон сумын Алдарт мөн л нутаг орондоо наадах бөгөөд саяхнаас ойрын хэдэн сумдаар наадах болсон тухай энэ удаагийн зочин сонирхуулна билээ. Тэр ч бас хүүхэд байхын адуунд хоббитой нэгэн явсан бөгөөд анх гурван настайдаа морь унаж сурч, нэг бус удаа уралдаанд оролцож байсан аж. Гэхдээ ямархан уралдаанч хүү явсан талаар нь асуувал “Өөрийнхөө тухай яриад байх ч тиймхэн юм даа. Сумын маань морь сонирхдог хүмүүс мэднэ дээ. Тэдний яриагаар бол мундаг уралдаанч байсан гэнэ лээ” гээд цааш үргэлжлүүлсэнгүй. Өнөө уран бүтээлчийн нэг тийм зан нь дийлэв бололтой. Учир нь яриа эхлэхийн өмнөхөн “Уран бүтээлч бид чинь гараараа л их юм хийдэг улс. Ярихдаа маруухан даа” гэж тайлбар өгсөн нь үнэн болж таарах шиг ээ. Юун төлөө барималч хүн билээ дээ. Удмынхаа хурдан шаргуудыг хөшөөнд мөнхлөхгүй юм уу гэвэл “Бодоод л явдаг юм. Гэхдээ дотроо 100 хувь бодоод яг боллоо гэсэн хойноо хийхгүй бол болохгүй. Дутуу дулимаг юм болж мэднэ. Нөгөө талаас өвөө, аавыгаа магтан дуулаад байх сонирхолгүй. Даруу зангаас гадна сүсэглэж явдаг юм бий учраас эмээдэг” гэнэ. 
Түүний удамд ийнхүү уяачаас гадна уран дархчуул ч цөөнгүй бий. Ээжийн нь талд сум орондоо нэртэй дархан нэгэн явсан бол аавын нь талынхан мундаг гарын ур дүйтэй улс байдаг байна. Тиймдээ ч гэр орныхоо аахар шаахар ажлаас эхлээд тавилгаа сийлж, гэрээ зэхчихнэ гээд хүний гар хараад байлгүй бүхнийг өөрсдөө амжуулдаг аж. 

Морины” Цогмагнай болсон нь 
“Уран баримал нь бусад урлагаас арай илүү,  уран баримал бол яг хөгжим шиг орчууллагагүйгээр ойлгодог урлаг юм”. /Төрийн соёрхолт,  уран барималч Л.Ганхуяг/

“Барималч хүн хэзээ хаана ч уран бүтээлээ хийдэг байх хэрэгтэй”. /Уран барималч, зураач Б.Дэнзэн /

“Уран барималч хүний мэдлэг, мэдрэмж дүрслэлийн ур ухааны үндсэн дээр гайхалтай бүтээл бий болдог юм. Түүнээс гадна танин мэдэхүйн өндөр мэдлэгтэй байх ёстой”. 
/Зураач, уран барималч С.Бадрал /


Харин түүнийхээр уран барималч нь гярхай байх ёстой агаад худлаа юм хийж болохгүй. Тиймээс сэтгэлдээ зэхсэн ажил 100 хувь болсон цагт сая дараагийн ажилдаа ордог байна. Нэгэнт л уг мэргэжлийг нь сонгоод уран барималч, уран зураач гэгдэж, ажил амьдралаа залгуулж байгаа учраас муу юм хийх эрхгүй юм. Надаас гарч, бас надаар дамжиж байгаа бүтээл бүрт миний нэр дагалдана. Сайн юм хийчихээд Цогмагнай нэрийг дуудуулах кайфтай болохыг тэр ярьсан юм. Бидний зочныг урлагийн гоо сайханд шимтэгсэд тэр дундаа морины нөхдүүд анддаггүй. Тиймдээ ч “Морины Цогмагнай” гэх болсоор багагүй хугацаа өнгөрөөд амжжээ. Дээр дурдсанчлан адуутай ойр өссөн бага нас ийнхүү хурдан хүлэг “урлахад” илүү ихээр нөлөөлсөн байна. Өнөөдөр “Цогмагнай” бүхий нэртэй олон морины хөшөөг дурдаж болох бөгөөд тооны хувьд хэдийнэ азарга азаргаараа ярих хэмжээний “өнөр” болжээ. Мэдээж энд бас бэлэгний адуу нь яригдана. Гэхдээ “Хүнээс бэлэг авах ч хэцүү дээ. Сэтгэлийн өртэй хоцордог” гэж боддогоо ч нуусангүй. 

 Эцэг өвгөдийн үеэс адуугаа дээдэлж ирсэн монгол түмнийг хийморилог энэ амьтангүйгээр төсөөлөхгүй аргагүй. Дэлхийн дайдыг адуутайгаа тамгалсан өвгөдийн бахдам түүх өнөөдрийг хүртэл бахархал болон яригдсаар иржээ. Тиймдээ ч адууг дагасан соёл он цагийн уртад хуучралгүй өнөө биднийг үед ирсэн байх бөгөөд түүнийг тээгчдийн нэг нь уран бүтээлчид юм. 
Төв суурин газарт сурч амьдрах болсон ч адуунд хайртай сэтгэлээсээ урвасангүй. Иймдээ ч “Өдий болтол энэ хийморилог сайхан амьтны төлөө зүрхний цохилтын маань нэгээхэн хэсэг цохилдог. Адууны гэх энэ том аугаа өв соёлыг хойч үеийнхэндээ таниулахад өөрийн хувь нэмрээ оруулж яваа л гэж боддог юм. Энэ урлагт 20-иод жил суралцаад явна. Өнөөдөр өдий хэмжээний амжилт гаргаж яваа маань адууны өгөөж буян” хэмээн бэлгэшээж явдаг гэх.
 
Уран бүтээлээс нь дурдвал: 

- Оюутан цагтаа хорооллын Ахуйн үйлчилгээний ордны тойрог дахь Монголын улс төрч, УИХ-ын дарга, Улаанбаатар хотын захирагч асан. Л.Энэбиш  гуайн цогцолборыг Төрийн соёрхолт Л.Ганхуяг гуай, Урчуудын эвлэлийн хорооны дарга асан Р.Энхтайван, барималч Д.Хурцаа нарын хамтаар урлан бүтээв. 
- Хэнтий аймгийн Чингис хаан хотод сүндэрлэсэн МУ-ын Манлай уяач Х.Сүрэнхорын Босоо хээр азарганы хөшөө
- Төв аймгийн Партизан суман дахь МУ-ын Манлай уяач Ц.Доржсүрэнгийн хээр морины хөшөө
- Төв аймгийн Баян суманд Ж.Шийтэрийн “Засагт төрийн зандан ширээ” Зээрд азарганы хөшөөг хийж байгаа бөгөөд энэ сардаа (2019 оны дөрөвдүгээр сар) босно. 
- МУ-ын Алдарт уяач Сосорын Мөнхбатын Аварга хүрэн морь гэхчилэн жагсаавал урт үргэлжлэх юм билээ. Биднийг уулзаж яриа авах энэ цаг дор Сүхбаатар аймгийн Сүхбаатар суман дахь “Нийгмийн хонгор”цогцолбор дээр ажиллаж байгаа сониныг дуулгасан. Энд Монгол төрийнхөө наадамд Сүхбаатар сумаасаа орсон есөн хүлгийн дүрийг босгоно гэнэ. Түүний хувьд энэ жил 20-иод хурдан хүлгийн дүрийг хөшөөнд мөнхлөх юм байна. 

Дуртай ажлын өдөр бүр амралт болдог 

Харин Н.Цогмагнай уран бүтээлч найз нөхдийн хамтаар хийсэн моменталь бүтээлийн нэг нь Чингис хааны тэнгэрт залбирч буй өгүүлэмжтэй хүрлээр цутгасан 11 метр өндөр, сэрэг дүр бүхий хөшөөг 2001 онд бүтээсэн байдаг аж. Өдгөө уг хөшөө нь нисэхээс урагшаахи Богд уулын аманд боссон гэнэ. Суурьтайгаа 11 метр хэмжээтэй. Тэгвэл цэвэр уран бүтээлчийн оюун санаанаас бүтсэн түүний морь бол “Хийморь”. Хийсвэр энэ бүтээл одоогоор зөвхөн түүний архивт байх агаад тайлбар нь тун сонихон. “Манайхны хийморийн морь гэдэг нь шашны холбогдолтой бол нөгөө талдаа адууны соёл доторхи хийморь бас тусдаа. Иймээс уран бүтээлчийн хувийн зүгээс хийморь гэдэг нь морины сүнс байх нь хэмээн төсөөлж, гангаар цутгасан далавчтай, газраас хөөрөөд нисч буй мэт морийг бүтээсэн” гэж яриагаа үргэлжлүүлсэн. 
Үзэгчдийн хувьд хөшөөг хараад ямар бодол төрдөг билээ. Жишээлбэл, бодит адууг мэддэг бол адилхан болсон эсэхийг харж дүнгээ тавьдаг. Гэхдээ энэ бүтээл ийнхүү олны өмнө залрах хүртлээ уран бүтээлчийн тархинд ямар урт удаан хугацааг “тээсэн”-ийг тэр бүр мэдэхгүй байх нь бий. Зарим тохиолдолд байхгүй болсон морьдын хөшөөг урлах бөгөөд үүний тулд олон судалгааг явуулдаг байна. Тухайлбал, алдарт Шийтэрийн Зээрд азарганы хөшөөг хийхэд Цогмагнайд баримт тун бага байлаа. Нэг талаас нь авсан хуучны нэг муухан зурагнаас өөргүй ажилдаа орсон тэрээр уг зургийг уншихаас эхэлжээ. Тэгээд нутгийн хөгшчүүлийн яриаг сонсоно. Зээрд азарганы тухай өгүүлсэн ном сэтгүүлийг уншина. Дуу сонсож, шүлгийг нь цээжилнэ гээд л. Дараа нь тухайн адууныхаа анатомийн онцлогийг харуулна. Энэ бүхний цаана битүүхэн эмээнэ. Учир нь захын морь мэддэг хөдөөний залуу орж ирээд өөнтөглөж мэдэх учраас алдаа гаргахгүйн тулд тархиа гашилгаж, бодолд ороогдсон өдрүүд олон байдаг аж. Ингээд сая нэг хүссэн бүтээлээ олонд дэлгэхийн цагтаа кайф гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрнэ. Бас дуртай ажлаа хийгээд олонд үнэлүүлж байгаадаа баярлана. Түүнчлэн адууны буянаар халхын алдартай уяачидтай нүүр тулан уулзаж, хуурай ах дүүс бололцон, гаргасан амжилт, адууны угшлын нь талаар “ориг” түүхийг сонсож яваадаа бахархана. Цааш нь “Уран бүтээлч бидэнд чөлөөт цаг гэж байхгүй. Өөрөө бүхнийг зохицуулна. Нөгөө талаасаа ажилгүй бүх цаг нь чөлөөт цаг ч юм шиг. Би ажилдаа дуртай учраас ажлын өдөр бүхэн гоё амралт болдог” гэж ярьсан юм. Гоё бүтээл, сонссон амттай хуучийн дараа ахиад л шинэ уран бүтээлийн санаа түүнийг “отож” байх нь олонтаа. Тийм болохоор Таван буудал дахь урлан, 32-ын тойрогт байрлах зааландаа цагийн ихэнхийг өнгөрөөнө. Энэ бол түүний аз жаргалтай орчин. 


Ийм нэгэн уран бүтээлчийн дотоод ертөнцөөр цухасхан аяллаа. Хийж бүтээхийн их хүслээр тэмүүлж, чанар бас дахин чанар түүн дээр сэтгэл чухлыг онцолсон түүнд сэтгүүлийнхээ нийт уншигчдын өмнөөс ажлын өндөр амжилтыг хүсье.
Энд нэмэхэд, уран барималын мэргэжил бол орон зайд 360 градусын түвшинд хэлэх гэсэн санаагаа бүрэн илэрхийлж чаддаг. Урлагийн маш хүчирхэг зэвсэг. Нөгөө талаараа тухайн улсын түүх, соёл, биет ба биет бус өв соёлыг хэдэн мянган жилийн тэртээгээс одоогийн түвшинд тасалж авчирч хүний мэдрэхүйд үзүүлж чаддагаараа гайхалтай.  Техник, технологи, хийцийн хувьд хүнд урлаг, оюуны бөгөөд биеийн хүчний ажил давхар хосолдог.  Уран баримлаар дамжуулж танин мэдэхүй, санаж сэрэх, бодох , таашаал авах, соён гэгээрүүлэх ажлыг бусад урлагаас илүү,  яг хөгжим шиг орчуулгагүйгээр олгодог тухай нэгэнтээ уншсанаа хуваалцах байна.
П.Ундраа

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.46.136

    2020-11-30-нд Эрхэм барималч танаа.Хөшөө дурсгал бүтээхэд үндсэн эх матераильд багтах эх орны ашигт малтмалын нэг 90-97%-ийн агууллагтай гөлтгөнийг дотооддоо боловсруулж /гипс хийж,уран баримал,анагаах ухаан,барилгын гоёл чимэглэлд /ашиглах боломж байдгийг дуулгая харилцах 99014838,80994349

    Reply
  • 202.9.46.136

    2020-11-30-нд Уран бүтээлүүдийг гайхан биширч та бүхнээр бахархаж байна.

    Reply
  • 203.91.115.37

    Би бүтээлийн шүтдэг хүн бна

    Reply
  • 103.212.116.209

    мундаг уран бүтээлч байна лээ

    Reply
  • 66.181.161.112

    Мундан залуу

    Reply