“Алтайн хүлэг” МСУХ-ны тэргүүн С.Магнайсүрэн: Уяачдаа бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шат дараалсан ажлыг хийж байна

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 03 -нд

Салбар холбоодын удирдлагууд оролцдог “Орон нутагт” булангийн энэ удаагийн зочноор Говь-Алтай аймгийн “Алтайн хүлэг” МСУХ-ны тэргүүн Сандагийн Магнайсүрэнг урилаа.  Ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилж улсын шилдэг салбар холбоогоор шалгарсан Алтайчуудаас туршлага судлахад ийм байна.   

-ММСУХ-ны VII  их хурлаас баталсан шинэ дүрмийн дагуу уралдаанууд зохион байгуулагдсаар байна. Говь-Алтай аймагт хэдэн бүсийн уралдаан болсон бэ?

-Говь-Алтай аймгийн “Алтайн хүлэг” МСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаас 2019 онд зохион байгуулагдах уралдаануудын товыг батлахдаа сумдаа тухай бүрт нь сонгохоор шийдвэрлэсэн юм. Үүний дагуу урд бүс Эрдэнэ, хойд бүс Шарга суманд болж, “Алтайн хүлэг” МСУХ, сумдынхаа салбар холбоодтой хамтран ажиллалаа. Аймгийн Засаг даргын захирамжит бүсийн уралдааны зохион байгуулалтанд“Алтайн хүлэг” МСУХ-ны сум хариуцсан тэргүүлэгчид хяналт тавьж, тусалж оролцохын зэрэгцээ аймгийн холбооны зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Дээрх хоёр уралдаан энэ жилийн анхны, тэр дундаа шинэ дүрмийн дагуу зохиогдож байгаа гэдгээрээ онцлог. Өвөлжин морьдоо тэжээж уралдаан хүлээсэн уяачид маань өргөнөөр оролцсон. Уралдах морьдын сэрвээний өндрийг мөнгөн ус бүхий метрээр хэмжиж, дүрмийн дагуу сэрвээний өндрөөр тэнцээгүй, илт эрлийз морьдыг замд гаргаагүй. Гэхдээ ямар нэг маргаан гараагүй.

-Олон адууг нэг бүрчлэн хэмжихэд нэлээд хугацаа шаардлагатай юм билээ.Танай уралдаануудад нэг насанд дунджаар хичнээн морь уралдсан бэ?

-Морьд хэмжих газраа урьдчилан тэгшилж, бетондож бэлтгэсэн. Мөн тогтсон стандартын дагуу хэмжиж уралдуулна гэсэн болохоор уяачид маань урьдчилан морьдоо хэмжээд ирчихсэн үү ямартаа ч манай аймгийн хувьд маргаан гарсангүй. Нэг насанд дунджаар 70-80 морьд мордсон.Эрдэнэ сумын уралдаанд Баянхонгор аймгийн морьд нэлээд уралдсан байна лээ.


-Орон нутгийн уяачид шинэ дүрмийн тухайд ямар бодол саналтай байна вэ?

-Үүлдэрлэг байдлыг харгалзан ялгадаг байх үед хүний нөлөө буюу субьектив хандлага нөлөөлдөг.Түүнээс болоод аль ч газрын уралдаан маргаан мэтгээнтэй болдог байсан. Үүлдэрлэг байдалд хяналт тавих нэрийн дор хурдан адууг уралдахаас нь өмнө болон дараа нь хасах, эсвэл  жалга довны үзэл гарган өөрийнх нь нутгийн адуу биш бол хасах, амжилтыг нь тооцохгүй байх явдал хөдөө орон нутагт хавтгайрах хандлагатай болсон.Түүнээс болоод уяачид талцах явдал газар авч байсан учраас манай аймгийн уяачдын холбооныхон VII их хуралд оролцохдоо “сэрвээний өндөр харгалзах” гэдэг нэгдсэн байр суурьтай оролцсон. Өөрөөр хэлбэл монгол наадмын морин уралдаан ямар нэг хэрүүл маргаангүй болдог байх ёстой гэдэгт нэгдсэн байсан. Тэр ойлголцлынхоо хүрээнд батлагдсан дүрмээр сая хоёр бүсийн уралдаан зохион байгууллаа.

6-р сарын 2-нд “Алтайн хавар” бага гурван насны морьдын уралдаанаа хийнэ. Түүнийхээ дараа тэргүүлэгчдийнхээ хурлыг зарлаж дүгнэлт хийнэ дээ.

-Сэрвээний өндрийн хэмжээний тухайд ямар бодолтой байгаа вэ?Арай өндөр үү?

-Үгүй ээ, яг л стандартад нийцсэн үзүүүлэлт. Харин ч цэвэр монгол хэрнээ сэрвээний өндрөөр давчихсан адуу байна шүү.


-2019 оны төлөвлөгөөгөө тэргүүлэгчдийнхээ хурлаар баталсан гэсэн. Энэ онд ямар ажлууд хийгдэх вэ?

-“Алтай хүлэг” МСУХ 2018, 2019 онуудад нэлээд ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2019 оны тухайд уяачдынхаа бүртгэлийг шинэчилж, үнэмлэхийг шинээр олгож байна. Мөн өнгөрсөн 5-р сард хойд бүсийнхээ сумдад зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр сумдын уяачдын бүртгэлийг шинэчилж, үнэмлэхийг нь олгосны сацуу ММСУХ-ны VII их хурлаас гарсан бодлого шийдвэрийг танилцуулж, Тод манлай уяачдаар уяаны эрдмийн зөвлөгөө өгүүлсэн. 6-р сард багтаагаад урд бүсийнхээ сумдад энэ зөвлөгөөнөө хийж, бүртгэлжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ. Энэ бол бидний эхний хагас жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил. Хоёр дахь хагаст морь барианыхаа газарт Хийморийн морины хөшөө бүхий цогцолбор байгуулахаар төлөвлөөд байгаа. Энэ ажлын шавыг 6-р сарын 2-ны уралдааны үеэр тавиад 8-р сард болох “Алтайн шигшмэл хурд” уралдааны үеэр нээнэ. Өөр нэг томоохон ажил бол уяачдын өргөөтэй болох.Энэ ажлыг ойрын хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлнэ. Одоогоор зураг төсөл нь бэлэн болж байна. Дараагийн нэг ажил бол намар гишүүн уяачдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна. За тэгээд уяачдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлэх хүрээнд шагнал урамшуулалд тодорхойлох зэрэг хэвшсэн ажлуудаа хийж хэрэгжүүлнэ. Төлөвлөгөөнд тусгагдсан дараагийн нэг ажил бол аймгийн Алдарт уяачийн  малгайн тэмдэг, залааны загварыг шинэчилж батлах. Одоогоор загварыг нь үзүүлээд санал авч байна.

-Ажил ихтэй жил байх нь...

-Төлөвлөгөөнд тусгагдсан долоон уралдаанаас гадна Халиун сумын ой болон зарим нэг уяачдын цолны мялаалга наадамд оролцох байх. Үндсэндээ 7-10 уралдаан зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Зуны бүсийн уралдаанууд аль сумдад болох вэ?

-Газрын гарц, зуншлагын байдал, бэлтгэл хангаж чадах эсэхийг харгалзан зургаа дугаар сарынхаа тэргүүлэгчдийнхээ хурлаас сумдаа товлоно. Дүрмийн дагуу уралдаан болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө тов гарч батлагдсан байх ёстой.


-Уяачдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэдэг шинэлэг сонсогдлоо. Бид морь гэхээс хүнээ ярьдаггүй дутагдалтай талтай.

-2018 онд аймгийн уяачдын бага хурал болсон. Бүх сумдын төлөөлөл 105 уяач оролцсон уг хурлаас миний бие тэргүүнээр сонгогдсон. Тэргүүнээр өрсөлдөхдөө нэр дэвшигч бүр мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн юм. Түүнд тусгагдсан хөтөлбөр л дөө. Миний бие нэгэнт тэргүүнээр сонгогдсон учраас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцүүлэн жилийн төлөвлөгөөнд нэг нэгээр нь тусгуулан хэрэгжүүлж байгаа юм. Уяачдын өргөөтэй болох, барианы газарт Хийморийн морины хөшөөт цогцолбор байгуулах тухайд бага хурлын төлөөлөгчид ихээхэн дэмжиж байсан учраас өнөө жилийн төлөвлөгөөндөө тусгасан. Дараагийн ажил бол уяачдаа бүртгэлжүүлж, бүртгэлтэй уяачдаа 2-3 жил тутамд эрүүл мэндийн үзлэгт хамруулж байя хэмээн үзсэн. Уяачид маань жилийн дөрвөн улиралд хөдөө хөхөрч, гадаа гандаад эрүүл мэндээ орхигдуулдаг. Тиймээс холбоо бодлого хөтөлбөртөө уяачдынхаа эрүүл мэндийг асуудлыг тусгаж, намар уралдаан багассаны дараа хамруулахаар болсон. 9-р сард багтаан хэрэгжүүлнэ.

-Бүртгэл мэдээллийг шинэчилж байгаа нь татварын асуудалтай  холбогдолтой юу?

-Татвартай холбоотой асуудлыг хөндөхгүй байгаа. Харин ч эсрэгээрээ уяачдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс уралдааны бүртгэлийн хураамжийг багасгасан. 2018 оны “Алтайн хавар” уралдааны бүртгэл 10,000 төгрөг байсан. Гурван насны ангилалд 200 гаруй үрээ бүртгүүлж, хураамжинд цугларсан хоёр сая гаруй төгрөгөөрөө мотоцикл авч буцаагаадуяачдадаа сугалаа сугалуулж өгсөн.Сая болсон хоёр бүсийн уралдааны хураамжийг 50,000 төгрөг байхаар тогтсоныг бид тэргүүлэгчдийнхээ хурлаар авч хэлэлцээд 20,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх чиглэл өгсөн. 2 сумын холбоо маань энэ чиглэлийг баримталж уралдаанаа зохион байгуулсан.


-Бүртгэлийн хураамж багассан нь сайн талтай ч түүнийгээ дагаад өгөх бай шагналын хэмжээ буурсан уу?

-Түрүүлж, айрагдсан морьдынх буураагүй.Түүнээс хойш давхисан морьдынх бага зэрэг буурах хандлагатай байна гэсэн мэдээлэл ирсэн учраас хандив дэмжлэгээр шийдэх чиглэл өгсөн. Бэлэн мөнгөний орлого багатай малчид, уяачид хаа газрын наадамд явахад шатахуунаас эхлээд нэлээд зардал гардаг.Тэгээд очсон хойноо морио уралдуулах гэж өндөр хураамж төлдөг. Түрүүлж, айрагдвал бас яахав. Үгүй бол тэр холоос зорьж ирчихээд их хэмжээний зардал гаргах хэцүү. Энэ бүгдийг тооцож үзээд хураамжийг бууруулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийнхээ хэрэгжүүлэлтэнд хяналт тавьж, журмыг зөрчсөн тохиолдолд уралдааныг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар яригдсан.

-Тэргүүлэгчдийн хурлаар гэдэг үгийг хэд хэдэн удаа хэллээ. Бөөнөөрөө хэлэлцвэл буруугүйг баримталж байгаа юмаа даа.

-“Алтайн хүлэг” МСУХ нэг тэргүүн, гурван дэд тэргүүн, нэг нарийн бичгийн дарга, 40 гаруй тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэн шинэчлэгдсэн. Бид бүгдээрээ хэлэлцэж шийдэх зарчим барьж байгаа.


-Нутгийн  адууны хурдлах чадварыг нэмэгдүүлэх гэсэн зорилтыг бараг бүх холбоод дэвшүүлдэг. Танай хувьд...

-Ялгаагүй бид адууныхаа чанар чансааг сайжруулах, ялангуяа хурдлах чадварыг нэмэгдүүлэх тухайд ихээхэн анхаарч байгаа. Өнгөрсөн хавар “Алтайн хавар” бага гурван насны морьдын уралдааныхаа үеэр сум тус бүртээ 50 хувийн цустай азарган үрээ өгсөн. Энэ жил ихэнх нь үржилд орсон байна. Цөөн хэсэг нь тарга тэвээрэг муутай гэсэн шалтгаанаар хараахан гүү хураагаагүй байгаа юм байна. Зарим сумд баг багаараа ээлжилэхээр болсон бол зарим нь баг тус бүрээс тодорхой тооны гүү аваад хураалгасан байна. Энэ ажлын үр дүн хэдэн жилийн дараагаас харагдах байхаа.

Бидний хийж хэрэгжүүлж буй өөр нэг ажил сумдын салбар холбоодынхоо түүхийг өгүүлсэн, уяачдынх нь амжилт алдрыг товчоолсон цуврал нэвтрүүлгүүд бэлтгэж байгаа. Бэлэн болохоор нь сайт дээрээ байршуулж олон нийтэд хүргэнэ.

-Сайттай болсон юм уу?

-“Алтайн хүлэг” МСУХ албан ёсны вэб сайттай болсон. Энэхүү  сайтад уралдааны товоос эхлээд, цуваа, тэр бүү хэл алдсан малын зар хүртэл байрших юм. Зөвлөгөөний үеэр сайтынхаа талаар уяачдадаа танилцуулж, саналыг нь авч засан сайжруулах ажил хийнэ.


-Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүнд өрсөлдөх болсон шалтгааныг тань асуумаар санагдлаа. Юу таныг сайн хариуцлага, зарлага ихтэй энэ алба руу түлхэв?

-Би Жаргалан суманд төрж, өссөн, наймдугаар анги төгссөн.10-р ангиа аймагт төгссөн. Говь-Алтай нутгийн бүтээгдэхүүн, жирийн нэг залуу: Морь  малтай холбогдсон тухайд аль эртнийх. Бага балчиртаа хурдан морь унаж уралддаг байлаа. Арай том болоод даага шүдлэнгээс эхлээд бага адуу уядаг. Айрагдаж, түрүүлгэж сүйд болоогүй ч уях сонирхолтой. Тэгээд дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Сургуулиа төгсөөд нутагтаа очилгүй төрийн алба хашиж энд суурьшсан ч нутгаа гэсэн сэтгэлээ гээгүй. Ажлаа завчилж морь уяна. Хүүгээрээ унуулна. Эхэндээ гэр бүлийн зүгээс дэмждэггүй байсан ч морь гайгүй давхиад ирэхээр ойлгодог юм билээ. Миний уясан морьд том наадамд түрүүлж, айрагдаагүй ч сум, дүүргийн наадмаас цагаан юм амсуулаад л байдаг юм. Жаргалан сумын наадамд миний азарга түрүүлсэн, айрагдсан. Мөн соёолон аман хүзүүдсэн.Сургуулийн ойд нэг үрээ түрүүлсэн. Өнгөрсөн жил Налайх дүүргийн наадамд их морь аман хүзүүдэж, азарга айрагдсан. Иймэрхүү л амжилттай уяач даа.

-Танайханд морь уядаг хүн байв уу?

-Байлгүй яахав. Миний аав Сандаг сайн адууг үнэлж авдаг хүн байлаа. Соёолондоо суманд түрүүлсэн Равжаагийн хүрэн алаг гэдэг морийг 2500 /тухайн үеийн ханшаар. 1980-аад онд/ төгрөгөөр аваад сайн хурдлуулж байсан. Мөн буурал аав Балган Балиа морь уядаг. Нутагтаа Балган Балиа гэж алдаршсан өвөө маань жинхэнэ уяач байсан гэдэг. Өөрөө хурдан сайн адуутай, уяаны арга барилын тухайд ч гаргуун. Тийм болохоор нь сумынхан  мэдэхгүй чадахгүйгээ их асууж зөвлөдөг байсан гэдэг юм. Би бол мэдэхгүй л дээ.

-Дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж нутгийнхаа адууг хөгжүүлэхээр зорьж буй таны ажил үйлсэд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

-“Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олны ажилд мөн амжилт хүсье.

Б.Хастөр


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.11.193.202

    ээ күүр ээ бас уяач юм уу, даанч цэвэрлэх дээр баас цхаад өмхийгээр утаж алах гээд бсын

    Reply