Аймгийн Алдарт уяач Г.Элдэв-Очир: Аймагт завсаргүй гурав түрүүлсэн хар азаргаа машины үнэ хүрсэн ч арилжаагүй

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 03 -нд


Ланс 2-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Гомбо-Очирын Элдэв-Очир.  Төв аймгийн баяр наадамд бага гурван насандаа завсаргүй түрүүлсэн хурдан хар азарганы эзэн бол Зуунмод сумын гурав дахь аймгийн Алдарт уяач юм. Төрийн наадамд бор  азаргаа дөрвөнтээ айрагдуулсан дээдсийнхээ залгамж болсон тэрээр 1985 оны өвөл Баянбараат сумын нутаг Арбүрдний голын хойно Хөтөлийн бууцанд айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Төв аймгийн хүндэт иргэн цол тэмдэг, аймгийн ИТХ-ын даргын Хүндэт жуух бичгээр тус, тус шагнасан аж.  


-Миний өвөө төрийн наадамд азарга айрагдуулсан гэлээ. Ярилцлагаа түүгээр эхэлье.Таны өвөө хэн гэж хүн, хэдэн оны наадамд ямар зүсмийн азарга айрагдуулсан юм бэ?

-Даншигийн начин Даамий гэдэг бол миний ээжийн өвөө нь байгаа юм. Тэр хүн хурдан бор азаргатай байсан бөгөөд 1945 онд дааганд нь таваар давхиулж, хязааланд нь гуравт оруулаад, бүдүүрснээс хойш 1952, 1953 онуудад дарааллан тавд хурдлуулсан байдаг. Үүнийг баяр наадмын цуваанаас харж болно оо. Сонирхолтой нь миний аав Даамий начны морийг унадаг байсан юм билээ. Намайг багад манайд ирсэн уяачид аавтай Даамий начны тухай л ярьдаг байсан.

-Тэдний ярианаас санаанд тань үлдэж үү?

-Их бяртай, сайхан бие хаатай хүн байсан гээд л. Тэдний ярих нь  бор азаргыг Даамий гуайн хүргэн нь аавын нагац ах нь болох Атигар Чимэд гэж хүн голлож уядаг. Би багадаа Чимэд гуайн морьдыг унадаг байсан юм. Дөнгөж л мэдээ орсон жаахан хүүхэд өвлийн бооцоот уралдаанд морийг нь унаж түрүүлгэж байснаа мартдаггүй.

-Даамий начин аль нутгийн хүн бэ?

-Баянбараатын хүн. Бор азаргыг нь  Баянцагаан гаралтай адуу гэж байсан санагдах юм.  

-Танай аав морь уядаг байсан уу?

-Уялгүй яах вэ. Миний аав сайн уяач. Чоймболын Гомбо-Очир гэж сумыхаа наадмын гурав, дөрвөн түрүүг авчихдаг хүн байсан. Аймагтаа ч сайн наадаж байсан.

-Улсын наадамд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Дүү Н.Түмэндэмбэрэлийнхээ нэр дээр АХ-ын 68 жилийн ойгоор бор даага айрагдуулсан. Түмэндэмбэрэл гэж төрсөн эгчийх нь хүүхэд байгаа юм.

-Бидэнд аавынхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Аль нутгийн хүн юм, хэдий үеэс морь уясан юм гэгчлэн?

-Миний аав Арбүрдний хүн. Намайг морь унадаг байх үед Очирын хүрэн гэж хурдан морь байлаа. Очир гэдэг хүнээс авч байсан юм билээ. Би таван настайдаа унаж сумын наадамд гуравт давхиулсан. Уг нь манай эгч унах байсан ч өөр хүний морь унаад, дөнгөж сурч байсан би хүрэн морио айрагдуулснаа мартдаггүй. Гэхдээ их хөгтэй. Замдаа нойр хүрээд унтчих гээд. Тэр үед их насны морь их холоос уралддаг. Гараа руу явах замдаа үүрэглээд лимоны шүүс гэдгээр нүдээ арчаад, уугаад явж байлаа.

-Хүрэн морь суманд олон айрагдсан уу?

-Өвлийн уралдаанд би унаж айрагдуулсан. Зун нь Дашхүүгийн бортой хоёул сунгаанд тасархай зугтааж ирээд хөлөндөө гэм суулгачихсан юм. Сумын малын эмч Дондов гэж өвгөн хатгаж нэг жил өнжөөгөөд, дараа жилийнх нь хавар хашаанд оруулах гэж байсан тарган морь цовхчоод хойд хөлөө гэмтээчихсэн.

-Аавын тань нэртэй өөр ямар хурдан хүлгүүд байсан бэ?

-Бор азарга улсад 50 хэдээр давхиж байсан. Их хурдан байж байгаад тавь дотор орчихдог. Ер нь аавын уясан морьд том наадамд айрагддаггүй, 30, 40,50 дотор голдуу давхина. Аав минь үүнд шантралгүй жил болгон тав, зургаан насны морь уяад төрийн наадмаа зорьдог сон. Манлай уяач Чойдог, Гийна, Даш гуай нартай наадамд цуг явна.

-Сум орон нутагтаа бол сайхан наадах уу. Аймаг, сумын цол хүртэж амжсан уу?

-Цол хэргэмд хүрээгүй ээ. Ахынхаа нэртэй халзан үрээг хязаалан, соёолонд нь түрүүлгээд, 1998 оны Баянцагаанд даншигт өнгөлж яваад 7,8-аар оруулж байсан. Сумынхаа наадамд азарга,соёолон, шүдлэн айрагдуулсаан. 

-Гомбо-Очир гуай хэдэн хүүхэдтэй вэ?

-13. Таван хүүгийн хоёр нь морь уядаг. Хамгийн том ах Цэдэнсодном гэж зураач хүн байсан. Түүний удаах нь би. Нэг дүү Сэлэнгэ аймагт  морь уядаг. Тэндээсээ аймгийн Алдарт уяач цол хүртсэн.

-Элдэв-Очир уяач сумынхаа анхны Алдарт уяачдын нэг юм билээ. Хэзээнээс өөрийн нэртэй морь мордуулах болсон юм бэ?

-Ардчилал зах зээлд шилжсэн 1990 оноос. Би Багануур, Налайхын уурхайд жолооч хийж  байгаад нутагтаа ирчихсэн байсан юм. Тэгээд Төв аймгийн Алтанбулаг суманд өөрөө гардан  морь уяж, шүдлэндээ хараахан айрагдаж чадаагүй Даамийн борын угшилтай бор үрээгээ хязааланд нь суманд аман хүзүүдүүлж, өөрөө барилдан дөрөвт үлдэж байлаа. Ингэж л уяачийнхаа гарааг эхэлсэн дээ. Тэр жил анхны Даншиг наадам болсон шүү дээ.

-Монголын Нууц Товчооны 750 жилийн ой юу?

-Аав уяад улсад уралдуулсан хээр хязаалан зэл тойруулж гүү хөөгөөд болдоггүй. Тэгэхээр нь би аавд “750 жилийн ойн даншиг гэж том наадам болох нь. Би тэрэнд бор үрээгээ аваад явчих уу” гэсэн “Туранхай бороор яах юм. Чи энэ галзуураад байгаа хээрийг аваад яв” гэж байна. Тэгээд Баянцагаанаас Жамбага, Хэнмэдэх нарын нутгийн уяачидтай нийлэн цааш явлаа. Замдаа хээр үрээгээ хоёр сунгасан. Хоёуланд түрүүлж байна аа. 750 жилийн ойд дээгүүр давхих нь гэж тооцоод уралдахынх нь урьд шөнө хар чийгэнд уяад үрээгээ манаж хонолоо. Маргааш нь хүргэн Батцэрэнгийнхээ охиноор унуулаад явууллаа. Тэгсэн сунгаанд миний хээрийн ард байсан Дундговийн Хүүхэнбаатарын хээр үрээ түрүүлж, миний хээр 19-д давхисан. Хүүхэнбаатарын хээр үрээний уяаг сүүлийн хэдэн өдөр Баянцагааны Царцаа хэмээх Дашнямын  Цэдэнсодном гэж өвгөн тааруулсан. Өвгөн мундаг эрдэмтэй уяач байсан шүү.

-500-гаад үрээ мордсон гэдэг биз дээ. Тэр олон адуунд 19-д давхина гэдэг чамлахааргүй амжилт санагдана.

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ ард нь байсан хээр үрээ ороод ирэхээр бас хардаг л юм билээ.

-Элдэв-Очир Алдартыг хамгийн олон баярлуулсан хурдан буянгаа танилцуулаач?

-Хар азарга маань л юм даа. Эх нь Борнуур, Жаргалант чиглэлийн хар гүү. Эцэг  нь Сэргэлэнгийн Саварын ногоон гэж хурдан азарга байж. Түүний төл ногоон азаргыг нь Манлай уяач  Од гуайн морийг уядаг Очирсүрэн гэж залуу авч л дээ. Тэгсэн нөгөөх нь гүү үймүүлж, сувайруулаад болдоггүй гэнэ. Тэгээд засах гэж байхад нь би аваад, аавын дүү  Цэрэнбатын адуунд тавьсан. Тэгээд хоёр хар адууны дундаас миний хар азарга гарсан юм.

-Хар азарга хэзээнээс уягдсан бэ?

-Дааган цагаасаа уягдсан. Миний хар азарга  бага гурван насандаа Төв аймагт түрүүлсэн. Соёолонд нь алдаад уяж чадаагүй. Хавчиг болдог жил нь олж аваад АХ-ын 80 жилийн ойд 25-д оруулж, Төв аймгийн Баяндэлгэр суманд болсон Шувуун саарал уралдаанд мордуулсан бөөн будилаан болоод, есөд бичигдсэн байна лээ. Тэр үед Василийн хонгор азарга замаас нийлж түрүүлээд, Мөнгөнморьтын Авил бил үү тэрний бор азаргатай ойрхон гурав, дөрвөөр ирсэн чинь бөөн хэл ам болоод. Яг тэр үед манай нэг ах нас бараад  би байгаа ч авалгүй явчихсан юм. Тэгсэн есөд бил үү бичигдсэн байсан. Уг нь миний хар азарга айрагдсан л юм.

-2002 онд?

-2002 онд Төв аймгийн наадамд долоод давхисан. Тэр жил өсгий нь хагарчихаад ганцхан сунгаатай уралдаад долоод давхисан.

-2003 онд?

-Дэлгэрхааны 80 жилийн ойд явж байхдаа замдаа уралдаж түрүүлээд, тэндээ очоод зургаалсан. Тэгэхэд би Раашийн хүрэн, Бямбадоржийн цавьдар зэрэг азаргануудтай хамт сунгаж байсан юм. Хүрэн азарга Дэлгэрхаанд есөөр давхисан санагдана. 2004 онд Эрдэнэ сумын 80 жилийн ойд ганцаараа түрүүлж яваад буруу замаар  орж гурвалсан. Дараа жил нь Залуучуудын ойгоор аман хүзүүдээд, улсад 45-аар давхисан.

-Сайн адууг том наадамд уралдуулахгүй...

-Даагандаа яг түрүүлэхээр байсан юм. Хоёр гурван сунгаанд нэвт түрүүлчихсэн. Тэгээд би морин тэрэгтэй улсын наадмыг зорин явж байтал тухайн үеийн аймгийн МСУХ-ны тэргүүн Пүрэвсүрэн ирээд “Төв аймаг анх удаа наадам хийх гэж байна. Бай шагнал нь ч өндөр. Аймагтаа уралд” гэсэн юм. Тэгээд эхнэртэйгээ зөвлөж байгаад Айдасын даваанаас буцаж байлаа. Тэр жил дунд сунгаан дээр миний харын ард байсан Цэрэндагвын хар буурал даага улсын наадамд дөрвөөр давхисан. Тэгэхээр би тэр чигтээ явсан бол ямар ч байсан улсын наадмын дархан нэг айрагтай буцах байсан байна лээ. Улсын наадмын дараа Дундговьд Зава Дамдины мэндэлсний 130 жилийн ой, говийн бүсийн уралдаан болсон юм. Би тэнд даага, шүдлэнтэй явлаа. Дэлгэрцогтод болсон сунгаанд би үрээнүүдээ сунгахгүй байсан чинь улс “Чи Хан уулын энгэр дээр түрүүлсэн даагыг сунгахгүй байхдаа яадаг юм. Сунгахгүйгээр энэ том наадамд  яаж уралдуулах гээв” гэж өдөөд болдоггүй. Тэгээд яах вэ  даагаа сунгалаа. Учиргүй хол түрүүлж  улс амьтан “Энэнтэй  уралдах адуу алга” гээд л... Тэр зуны халуун гантайг хэлэх үү.  Эх нь замдаа ширгэчихлээ. Аргалаад саамлахаа ч мэдэхгүй. Тэгж байтал наадам болж хар үрээ долоолсон.

-Шүдлэн үрээ яаж давхисан бэ?

-Самсаа маань хурдан адуу л даа. Дөрөв бил үү тавд ирсэн чинь дутуу эргэсэн гээд тооцолгүй дахин уралдуулахаар болж, дахиад уралдахдаа 10-т орсон юм.

-Дааган жил нь тийм байж. Дараа жил нь...

-Шүдлэн туранхай байсан болохоор аймагт уралдуулж түрүүлгэсэн. Хязааландаа ч бас туранхай байсан. Соёолонд нь яг улсад явна гэж байтал алдчихгүй юу.

-Хар үрээг ид хурдан байхад авъя гэсэн таарч байгаагүй юу?

-Ирж байсаан. Төв аймгийн холбооны даргаар ажиллаж байсан Нямгэрэл гэж гурав түрүүлчихээд байхад нь УАЗ-469 өгөөд авъя гэсэн юм. Өгөөгүй. Тэгээд дараа нь зарчихмаар санагдахаар нь Даваахүү гуайтай уулзсан “Зарах гэж байхаар бэлэглэчихгүй юу” гэхээр нь дургүй хүрээд больчихсон. Гайгүй хүнд бэлэглэчихвэл зарснаас өөргүй гэж би яаж мэдэх вэ тэр үед. /инээв/ Тэгсэн Тавантолгойн Дагвадорж, АПУ-гийн Батхүү эд нар аль эртнээс авах гээд байсан юм билээ. Даага, шүдлэн түрүүлэхэд нь том том машинтай улс дагаад байдаг байсан. Тэгсэн хүмүүс Элдэв-Очир зарахгүй байх гэж хэлсэн  юм билээ.

-Хар азаргандаа ямар гүү хураалгасан бэ?

-Даамийн борын угшилтай бор гүү хураалгасан. Уяа азарганд олон гүү хураалгаж болох биш. Цөөн гүүтэй, гарсан төлийг хангай хүртчихээд тогтоодоггүй байсан юм. Ганц хар даага гарч Бүрэн сумын сургуулийн ой, Бүрэн сумын нөхөн сонгууль, Алтанбулаг сумын наадам, Дөрвөн уулын тахилга уралдаанд айрагдсан. Гэтэл дахиад хангай таалчихсан.


-Говийн бүсэд айрагдаад хасагддаг Самсаа зээрдийнхээ талаар яриач. Удам угшлаас нь эхлээд гаргасан амжилтыг нь...

-Манай нутгийн адуу. Бүр тодруулбал Доной гэж залуугийн хүрэн азарганых нь төл байгаа юм. Тээр жил би Дундговийн Адаацагт болсон Түмэн адууны баярт хоёр морьтой явж байсан чинь замдаа шүдлэн үрээ нь ханиалгачихдаг юм. Сунгаанд буурал морь түрүүлчихлээ. Тэгээд нутгийнхаа Доной гэдэг залуугийнд бууж. Миний морины хүүхэд Донойн том бандитай худаг руу морь услах гээд явсан юм. Тэгсэн тэдний хүү манай унаачийн унаж явсан сайвар алхаатай соёолон байдсыг сонирхоод аавдаа хэлж л дээ. Аав нь надад хэлэхээр нь би орных нь адууг өгөөд ав гэсэн юм. Тэгээд уяатай дааганаас харж байгаад Самсаагаа сонгосон.

-Юу нь таныг сонгоход хүргэсэн юм бэ?

-Хоёр том бор даага, дөнгөж сургасан гэх хамар цагаан зээрд даага уяан дээр нь байсан. Зээрдийнх нь хөл жирэлзээд зөв гишгэгдэлтэй адуу болох шинжтэй. Тэгээд л зээрдийг нь авч ес хоногийн уяа хийгээд Түмэн адууны баяр мордуулсан чинь есөд орсон юм. Самсаа маань надад ингэж л ирсэн түүхтэй. 

-Шүдлэн жилээ хаа хаана уралдсан бэ?

-Шүдлэндээ Төв аймгийн наадамд аман хүзүүдсэн. Хязааландаа жигтэйхэн хурдан байж байгаад гүү гишгэчихсэн. Жартайсан юм улсад уралдаад 13-т давхисан. Тэндээсээ Баянцагааны даншигт очиж 7,8-аар давхисан. Азаргасаад болохгүй айлын азарга барьж хаячих гээд болдоггүй. Хүмүүс нь  уурлаад мяндсан цагаанаар богчоод хаячихсан байхаар нь ингэж байгаад үхэх нь гэж бодоод намар нь хөнгөлчихсөн юм. Соёолондоо нэг айрагдаад, дахин тавд багтаагүй ээ. Би зөвхөн өөрийнхөө гэлгүй өөр хүний морь түрүүлгэж айрагдуулж байсан. Жишээлбэл, Бадарчийн саарал азаргыг түрүүлгэж, хоёр шүдлэнг нь дарааллуулж байлаа. Мөн Нийслэлийн Алдарт уяач Дүйнхэржавын цоохор даагыг сумынх нь 90 жилийн ойд түрүүлгэсэн. Говь-Алтайн Дарвийн хүн шүү дээ. Мөн Бумбат компанийн захирал Отгоогийн хул үрээг соёолонд нь Төв аймагт түрүүлгэсэн. 200 гаруй соёолонд хол сайхан түрүүлсэн дээ. Гэтэл эзэн нь ганцхан хоногийн амралттай улсад уралдуулна гээд болдоггүй .Тэгээд адуу нь сайн тулдаа 20-д давхисан даа.

-Одоо хэний морийг уяж байна вэ?

-Одоо өөрийнхөө хэдийг л уяж байна.

-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе. Зөвшөөрөх үү?

-Бололгүй яах вэ. 1997 оныТөв аймгийн наадам л юм даа. Хар азарга маань даагандаа түрүүлж, анхны түрүүг авчран, шүдлэн үрээ аман хүзүүдэж, их насны морь долоогоор давхисан. Тийнхүү нэг дор түрүү, аман хүзүү хүртэн, их морио арав дотор давхиулахад аав минь их баярласан. Түүний дараа 1999 онд хар үрээг хязаалан түрүүлэхэд нь аавыгаа морины комиссын даргын машинд суулгаад явуулсан юм. Их л баяртай ирсэн. Адуунд дуртай аавыгаа баярлуулсан энэ наадмууд тод дурсамж үлдээж дээ.

-Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

А.Тэлмэн

6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.