О.Алтансүх: МОНГОЛЫН ӨВ УЛАМЖЛАЛЫГ АВЧ ҮЛДЭЕ, ХӨГЖҮҮЛЬЕ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЁСТОЙ

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 20 -нд


ММСУХ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллахаар болж, удирдлагууд санамж бичигт гарын үсгээ зурж баталгаажуулсан. Бид энэ талаар тус газрын дарга О.Алтансүхтэй ярилцсан юм.


-ММСУХ-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн гол ач холбогдол юу вэ?

-Саяхныг хүртэл хоёр тал уралдаанч хүүхэдтэй холбоотой асуудлаар харилцан ойлголцолд хүрч чадахгүй өөр өөрийн байр сууринаас хандсаар ирсэн. Ийм байдлаар хол явах боломжгүй. Үүнтэй зэрэгцээд Шадар сайдын тушаалаар Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ цаг үед ММСУХ-ны зүгээс санал тавьж, бид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. Эрсдэлийг бууруулах чиглэлээр ММСУХ, уяачид, даатгалын компаниудтай хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна. Хэдийгээр бид уралдаанч хүүхдийн даатгалыг 100,000 төгрөгт хүргэж, нөхөн олговрын хэмжээг 20 сая хүртэл өсгөж чадсан ч даатгалын гэрээнд оролцдоггүй учраас хянах, шаардлага тавих эрх зүйн боломжгүй. Харин гэрээ байгуулсан уяачид, уралдаанч хүүхдүүдийн эцэг эхэд зөвлөн тусалж болно. Бидэнд ирсэн мэдээллээр 6000 орчим хүүхэд хурдан морины уралдаанд оролцдогоос 3300 орчим нь тогтмол гурваас дээш насны морь унадаг байна.

-Уралдаанч хүүхдийн насыг өсгөх тухай дахин яригдаж байна. Олон улсын стандартын дагуу уралдааны морийг биеийн жингийнх нь 10 хувьтай тэнцэх жинтэй хүн унах ёстой. Монгол адууг хүүхэд унаж уралддаг нь уламжлалаас гадна тэрхүү стандартыг хангадаг. Хүүхдийн насыг өсгөх нь бага насны монгол адуу уралдах боломжийг хааж буй хэрэг биш үү?

-Монгол Азидаа дөрөв дэх улс болж Хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн. Хүүхдийн эрхийн конвенциос хүүхдээр морь унуулахгүй байхыг зөвлөдөг. Нэг талаараа бид уламжлал ёс заншлаа дээдлэх учиртай ч нөгөө талаараа конвенцийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Ийм эсрэг тэсрэг байр суурийн дунд бид үйл ажиллагаа явуулдаг. Би Засгийн газрын байгууллагын төлөөлөгч. Тиймээс Засгийн газраас тогтоосон насны хязгаарыг барьж ажиллахаас аргагүй. Яагаад бид хурууны хээгээр хүүхдүүдийг бүртгэдэг болов гэхээр судалгаагаар хэт бага насны хүүхдээр унуулах нь эрсдэл дагуулж байгаа нь тогтоогдсон болохоор тэр. Дээр хэлсэн 6000 уралдаанч хүүхдийн 3570 нь буюу ихэнх нь 12 наснаас доош насныхан байна. Насаар нь ангилж үзэхэд 16-тай 156, 15-тай 320, 14-тэй 536, 13-тай 851 хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн дундаас авсан гэмтэл бэртлийн талаарх тоон мэдээллийг харахад 14-оос доош насныхан илүү өртсөн байх жишээтэй.Бид уламжлал ёс заншлаа дээдлэх ёстой ч нийгэм цаг үетэй зохицож амьдрах хэрэгтэй. Монголынхоо өв уламжлалыг авч үлдэе, хөгжүүлье гэж байгаа бол эрсдэлийг бууруулах, хүүхдийн эрхийг дээдлэх, хэрэгжүүлэх ёстой. Шинэ уламжлалаар цус сэлбэх ёстой. Тэгээд илүү сайжруулах ёстой. Тэгж байж хөгжинө.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хичнээн төрийн бус байгууллага байдаг юм бэ? Та бүхэн хамтарч ажилладаг уу?

-Хүмүүнлэгийн болоод хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудын албан ёсны тоог хэлэхэд хэцүү. Гэхдээ манайхаас магадлан итгэмжлэх арга хэмжээг зохион байгуулдаг.Түүнд 54 байгууллага хүсэлтээ ирүүлсэн байна лээ. Мөн хүүхэд хамгааллын сүлжээ нэг байгууллага бий. Сүлжээ бол дотроо том л доо. Хүүхдийн оролцооны сүлжээ, хүүхэд хамгааллын сүлжээ хоёр нийлээд Монголын хүүхдийн хөгжил оролцооны форум гэж байгууллага болчихсон. Өнгөрсөн жил бид эдгээрээс 18 төрийн бус байгууллагатай нь гэрээ хийж ажилласан.

-Тэр байгууллагууд танайхтай хамтарч ажилладаг юм байна гэж ойлголоо. Уралдаанч хүүхдийн тухайд эрхийг хамгаалахад танайхаас чиг үүрэг өгдөг үү?

-Тусгайлсан чиг үүрэг гэж байхгүй.

-Бусад үед чимээгүй байгаад уралдааны өмнө юм уу хойно таагүй голдуу мэдээ дуулгадаг “хүүхдийн” нэртэй байгууллагуудыг гаднаас санхүүждэг учраас хэмээн хардах нь бий.

-Уралдаанч хүүхэд болон хүүхдийн эрсдэл, хүчирхийллийн чиглэлээр хэрэгжиж байгаа олон төсөл бий. Түүн дотор зөвхөн уралдаанч хүүхэд гэхээс илүү хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тухай асуудлыг хариуцдаг олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын төсөл монголд хэрэгждэг. Тэр чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд ч бий. Тэрнээс яг тусгайлсан уралдаанч хүүхдийн асуудалд чиглэсэн хөтөлбөр хэрэгждэггүй.

-Сүүлийн жилүүдэд уралдаанч хүүхдэд учирч болох эрсдэл буурч байгаа юу?

-Буурч байна. Гэхдээ өнгөрсөн жилийн Дүнжингаравын асуудлыг эс тооцвол шүү дээ. Эрсдэлийг бууруулж болж байна. Уяачдын хувьд нэг үеэ бодвол надад мөнгө байхгүй гэж хандахаа больсон. Даатгалын компаниудын хувьд өөрсдөөс шалтгаалах хэмжээний үйлчилгээгээ авах боломжоор хангаж байна. Хамгаалалтын хувцас наад захын хэрэглээ болчихлоо. Энийг л бүх нийтийн хэрэглээ рүү оруулчихвал эрсдэл бүр илүү буурна. Ийм болгохын тулд хичээж ажилласан.

-Хамгаалалтын хувцас хамгаалж чаддаг уу? гэсэн асуудал нэг бус удаа яригдсан.

-Стандартыг бид тогтоодоггүй. Стандартын байгууллага тогтоодог. Стандарт хэмжил зүйн газрын болон шадар сайдын ажлын хэсэг уралдаанч хүүхдийн хувцасны стандартыг шинэчилж, сайжруулах тал дээр ажилласан. Тэгээд импортоор орж ирж байгаа олон янзын хувцаст судалгаа хийж, эрсдэлийг нь тооцоод стандарт тогтоогдчихсон. Бид тэр стандартыг хангасан хувцас хэрэглэл өмсүүлэхийг шахна, шаардана. Өөр арга байхгүй.

Би танд өнгөрсөн жилийн нэг кэйсийг яръя л даа. Шүдлэнгийн уралдааны үеэр байсан санагдаж байна. Унахдаа морь нь хүүхдийн толгой дээр дарсан байсан. Энэ үеэр хамгаалалтын малгай задарснаас өөрөөр хүүхдэд ямар нэг эрсдэл учраагүй. Хэрвээ тэр хүүхэд малгайгүй байсан бол яах вэ.

Бид цаашдаа хамгаалалтын хувцасны үнийг нь буулгах талаар анхаарч ажиллана. Гаалийн татвараас чөлөөлөх санал гаргасан. Мөн гаднаас оруулж ирдэг аж ахуй нэгжүүдтэй уулзаж ярилцаж байна.

-Танай байгууллагын зүгээс ойрын үед уралдаанч хүүхэд рүү чиглэсэн ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө удахгүй эхлэх уралдаануудыг эрсдэл багатай даван туулчихмаар байна. Үүний тулд анхан шатны нэгжид нь хүртэл тулж ажиллана. Бид улсын хэмжээнд 700-уулаа ажилладаг байгууллага. Тиймээс хүнийхээ хүчээр ажиллах шаардлага гарч байгаа юм.

-Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанууд дээр танайх яаж ажилладаг вэ?

-Уралдаан бүрт ажлын хэсэг гаргаж ажилладаг. Өнгөрсөн жилээс хурууны хээгээр бүртгэж эхэлсэн. Анхны ажил байсан учраас тоног төхөөрөмжийн хангалт тааруугаас алдаа гарсан юм бий. Тухайлбал, яг бүртгэж байхад төхөөрөмж гацах гэх мэт. Удаан хугацаанд наранд халсан компьютер гацчихдаг юм билээ. Иймээс бүх аймгууд дээр эвдрэл гарвал газар дээр нь очоод засчих программ хангамжийн хүмүүстэй хамтарна. Энэ жилээс зөвхөн бүсийн чанартай уралдаанд ажлын хэсэг байгуулж ажиллана. Уяачидтайгаа ойлголцоод амжилттай сайн зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байна.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна