Аймгийн Алдарт уяач З.Баасандорж: Хурдан морины хүүхдээ гурван үеийн удмыг харж байж авдаг

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 14 -нд

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, аймгийн Алдарт уяач Замбагийн Баасандоржийг уншигч тантай уулзуулж байна. 1958 онд Булган талын эх хэмээх газар мэндэлсэн тэрээр монгол наадмын өнөөгийн өнгө төрх, уяачийн ёс жудагт сэтгэлээ чилээж явдаг нэгэн. Тэрээр бидэнд ийн сэтгэлээ уудалсан билээ.

-Таныхаар уяач хүн гэж хэнийг хэлэх вэ? Энд ямар нэгэн шалгуур байх уу?

-Би хэлдэг юм. Уяач хүн удамтай бас мэдрэмжтэй байх хэрэгтэй. Мэдээж дараа нь боловсролтой байна. Боловсролгүй хүн яах юм буруу зөрүү, давхих давхихгүй морь авч уяад шатна. Уяа, морины талын боловсрол ёс суртахууны хэм хэмжээ их чухал. Нөгөө нь удамтай байх. Үгүй бол жудаг алдаад, жудагтай болж өгөхгүй амьтны элэг доог болдог байхгүй юу. Аргаа барахдаа эрлийз адуу авч сольж уралдаад булхай хийж байна. Удамтай уяач бол тэгж ёс жудагаа алдахгүй.

-Таны дээдчүүл морь уяж байв уу?

-Энэ доод нуурын ар талыг нь Нармандал гэдэг юм. 

...Эцгийн минь адуу Ванданлхамын хариулганд

Ижлээ танихгүй үржиж байсан нуурын хотгороос

Их морьдын тоос Нармандалыг хөшиглөөд байзнаж байхад

Эх болсон арлаас бүгээн зүс тодордог юм

Эвхэж тавих гэж л төрсөн Будал бор адуу

Энд тэндгүй бөөн тоос эвхэж тавьсаар

Эвлүүлж боогоод тавьчихсан эзнээ тэмцэн ирэхэд...

Би гурван үеэрээ энэ дошин дээр хусуур барьж зогслоо. Одоо тэгээд

Буурь залгаж үлдэх бор үрдээ

Будал адууны бут үс үлдээлээ

Бутрааж засна уу

Буцааж цуглуулна уу

Боож уралдуулна уу

Борлуулж хэрэглүүлнэ үү өөрөө мэд гэлээ. Боож уралдаж байгаа дөрөвдүгээр үе нь.

-Ингээд шүлэглэчих байсан юм уу?

- Би дөрвөн үеэрээ энэ дошин дээр хусуур зүүж амьдарч байгаа хүн дээ.

-Тэгвэл өвөөгөөс эхлэх нь дээ? Хэн гэж хүн хаагуур нутаглаж байв?

-Батжавын Дэмбэрэл гэж хүн байсан. Батжав нь гурван хүүтэй бөгөөд гурвуулаа морь уядаг. Тэдний том нь болох Дэмбэрэл миний хөгшин аав байгаа юм. Дараагийнх нь Ичинхорол, Даваасамбуу гэж улс байлаа. Дан өөрсдийн унаган бор зүсмийн адуугаар наадаж ирсэн онцлогтой.

Ар гүний  Пүүжээ унаган адуу

Арилжаа хээрийг ид хэвийж явахдаа өвөө минь

Аралдаа багтахгүй амбан шар арваар авчихаад

Ар гөрөөчин, Өвөр ширхтэн ирэхэд нь

Аригийн Урианхай ,Зэлэм нэр

Хар толгойн Буриадуудад

Архан хөхөө Уйлган харуулуудад

Араас нь  зүүгдчих адуу төрөөгүй байхад.

Энэ бол хөгшин аавын минь үе. Тэгж л аархаж уралддаг байж  дээ. Дараа нь аав минь Оросоос,

...Хорь буриадын унагыг Тэшигээр дамжуулж

Хөх Паалин Чимэд авчирсан

Хумбан саарлаараа аав минь

Хашигийн хөндийг эвхэж тавьж байхад

Хагархай Раднаа хавчиг Тойвоог цулбуурдчихаад

Хөөрөг дарахгүй ташуурдалцаж үлдсэн юм.

Энэ бол хоёр дахь түүх. Харин өөрийн минь түүх ингэж эхэлдэг.

...Тувагаас бэлгэнд ирсэн

Тоомсогийн үрийн үр

Ташааныхаа хавтгай дээр

Тэг дотор хэгээс тамгатай

Тоомсогийн үрийн үр

Тэргүүн саарлаараа аав нь хүүдээ л хэлж уная.

Тэрхэн цагаан уулын зүүн сугагийг хавчигнуулж байхад

Дорлигын Чойжин, Дарлагч Ядамын Зундуй хоёрын үе өнгөрчихсөн байсан юм даа. Гурав дахь үеийн түүх ингээд өнгөрчихлөө. Одоо биднийг залган хүү маань  уяа эвлүүлж байна.


-Өвөөгийн нь  нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байв?

-Хөгшин аавын адуу энэ нуурын хотгорыг дүүргэж байсан үе бий юм гэнэ лээ. Социализмын үед 600 адуу тоолуулсан байдаг. Тэгээд нийгэмчлээд сангийн аж ахуй авсан. Миний аавын хурдан удамтай юмыг хувьчилж авчихаад аавд минь гайхуулж бас дээрэлхэж явсан улс бий л дээ. Аав минь Будал бор морио энд олон удаа түрүүлгэсэн. Ичин /авга ах Ичинхорол/ ахын хул гэж хөгшин аавын дүүгийн хул морийг бас уядаг байлаа.

-Будал бор гэж юу гэсэн үг юм бэ?

- Хүний нэр. Хамуут Дашдэндэв гэж хүн очсон газар бүртээ түрүүлгэдэг сайн адуутай байсан юм. Түүнийг өнгөрсний дараа адуу нь эхнэрт нь  үлдэж л дээ.Тэгээд нөгөө эмэгтэйн нэрээр Будал хэмээн нэрлэх болсон юм. Будал бор морийг би 1966 онд 19-тэйд нь унаж түрүүлгэсэн. Хойтон жил нь 20-той гуравлаад, 21-тэй дөрөвлөж, 22-той нэлээн хойхнуур орж байсан. Даага үрээндээ  гавихгүй байснаа нас ахих тусам чангарсаар гараад ирдэг. Тэрний удмын хээр азарга байсныг би 20-той түрүүлгээд, 21-тэй Тариалан руу нэг найздаа өгсөн. 21-тэй азарганаас минь хэдэн сайхан төл авсан л гэсэн.

-Та бас жороо морьтой байсан гэсэн байх аа? Хаанаас авч байв? 

-Тийм ээ, би жороо моринд дуртай. Өөрийн минь унасан жороо морь түрүүлээд, эхнэрийн унасан нь хоёрт тогтмол ордог.  Би түрүүн хэлсэн дээ. Оросоос дамжиж ирсэн Тоомсогийн үрийн үр Тэлмэн сааралтай цуг явчихдаг жороо морь байсан юм. Нэг найз маань Тариалангаас жороо морь авчраад, би тэрийг нь зургаан шилмэл мориор авч гэр бүлийн хүндээ унуулж байлаа. Ер нь надад түрүүлгэж үзээгүй ямар ч нас байхгүй дээ.

-Ер нь таны уясан морьдоос илүү амжилт гарган аймгийн Алдарт уяач цолыг хүртэхэд жин дарсан амжилт үзүүлсэн ямар хурд байх уу?

- Миний өөрийн унаган адуу бүхэн давхисан. Нэг найз маань Галшарын адуу ид давхиж байсан 1983,1984 оны үед байх, Галшараас Б үсгэн тамгатай исгэл хээр даагыг эхтэй нь өгсөн юм. Тэр чинь бас Төв аймаг, Дарханы ч тамгатай. Эхтэйгээ Төв аймгаас ирж улсад 10 дотор ороод, Төв аймгаас Дархан руу зарагдаад, Дарханаас дамжиж надад ирсэн. Энд ирж насыг барсан амьтан даа, хөөрхий.

- Тэр л хамгийн хурдан нь байв уу?

- Ер нь миний азарганууд сайн. Айраг түрүү бол 200 дөхөж байгаа. Миний үед зундаа ганцхан наадна. Тэрэнд би нэг сумын бүх медалийн талыг авчихдаг үе зөндөө бий. Лениний Алдар нэгдлийн ойгоор гурван их настай очоод их хээр нь түрүүлж, бага хээр айрагдаад,  Даваа-Очирын хүрэн нь зургаад ирсэн. Азарганд миний азарга түрүүлж, хоёр соёолонтой очсоноос нэг нь түрүүлж нөгөөх нь удаалаад, хязаалан үрээ гуравлаад, хоёр шүдлэн хоёулаа айрагдсан. Даага түрүүлсэн. Гэхдээ ганцаараа наадаж байна даа гэж санаа зовоогүй шүү. Тэрний оронд аархаж байлаа. Бодвол боловсрол муу болоод тэр биз дээ. Гэхдээ сайхан  байсан л даа. Таних танихгүй улс, хөгшчүүл тэвэрч авч үнсээд, баяр хүргэнэ. Гэхдээ ёс жудаг, адууны цээр хатуу л даа. Тэр амжилтандаа сагаж унаж босох юм байна. Адууны цээрийг даагаад олон жил явна гэдэг хэцүү. Нэг амжилтын дараа нэг хүн эндэж ч байх шиг. Өөрөө хийтэй байсных л даа.

- Наадмын нар л даа, тийм ээ?

-Би ид байх үедээ хоёр айраг түрүүгүй наадаж үзээгүй. Зун гурван наадамд орлоо гэхэд зургаан айраг түрүүтэй болж байгаа юм. Тухайлбал, өөрийн унаган хээр азаргаа 20 хүртэл нь түрүүлгэсэн. Мөн сартай хүрэн морио Сэлэнгэ аймагт очиж түрүүлгэсэн. Тэгэхэд Хорлоодой гэж хүний улсад удаалаад ирсэн морийг гүйцэж түрүүлж байлаа. Тэр адуу минь бас аймгийн Уяачдын холбооны баярт түрүүлж ирээд айрагдсан юм.

- Уяачид сайн адуу л хүнийг уяач болгодог гэдэг дээ?

- Үнэн, үнэн. Гэхдээ муу морьтой зууралдаад насыг барж байгаа хүмүүс зөндөө байна. Боловсрол дутуугийнх л байхгүй юу. Жижиг уралдаанд айрагдаад байхаар хууртаад байдаг. Их, дунд, бага гарын морь гэж бий. Яг л хөөрөг шиг. Тэндээс бага гарын морьтой зууралдаад байх хэцүү л дээ. Аварга морь өөр байдаг юм. Аварга морь цөөхөн жил давхидаг.

- Танд аварга морь олон байв уу?

- Би 30 гаруй жил насаараа морь уясан. Тэгэхэд хоёр, гуравхан л сайн морь унадаг хүүхэдтэй таарсан. Харин хэдэн зуун хурдан морьтой таарсан. Би чинь хурдан морины хүүхдээ бас гурван үеийн удмыг харж байж авдаг. Тэгэхгүй захын нэг, зараар авч байгаа улсууд уяач биш шүү дээ. Уяач далдын далд, нууцын нууц чихэр амт оршвой гэж. Одоо бүх юм задгай болоод, удамгүй улсууд морь руу орж ирсэн байна. Өвгөн ноёны судар дээр санагдана. “Сая ургахуйгаас бусад үед ширгийг цээрлэ”. Уг сударт жинхэнэ мэргэжлийн удам судартай хүнд ойлгогдохоор бичдэг байхгүй юу. Тэрнээс захын хүнд ойлгогдохоор бичээд ирэхтэй зэрэг дуртай нь морь руу ороод, давхиулж чадахгүй. Чадахгүй болохоор атаархаад эхэлдэг. Жинхэнэ жудагтай уяач говийн Эрдэнэцогт “Миний хүү тат, энэ ахынх нь морь түрүүлэг” гэж хэлсэн нь цаагуураа их учир утгатай байсан. Гэхдээ энд дэлгээд яах вэ, хувийн юм.  


- Үнэндээ энэ бүдүүлэг улсын хажууд алхам тутамдаа ад үзэгдэж байна –  


- Танай нутагт уяачийн ёс зүйтэй олон хүн байв уу?

- Их олон уяачийг нэрлэнэ. Ханаж хатгадаг сайчуул ч олон байлаа. Морийг өвчин эмгэгтэй болгочихоод засах биш, өдөр шөнөгүй, өглөө оройгүй эрүүл байлгах нь гол юм шүү дээ. Сэтгэлийн эрүүл байдал их чухал. Эзнээ голсон морь гутаг орчихдог юм. Морь чинь эзнээ харж, үнэрлэж эзэндээ сайн болоод тэрэндээ үхэн хатан харайж ирдэг байхгүй юу. Эзэндээ хайрлагдаагүй морь хичнээн хурдан байсан ч тэгтлээ харайж ирэх сонирхол байхгүй. Эзэндээ тэгж ээнэгшээгүй морь хоолшихгүй, хоолонд бяр ордоггүй. Хүн морь хоёр янагших нь хамгийн эхний юм нь тэр. Уяач янз бүрийн айлд очин хонож үнэрээ өөрчлөхгүй байх чухал. Үнэрээ өөрчлөөд ирэхээр л морь хялалзаад эхэлдэг. Хурдан морь долоон настай хүүхдийн ухаантай. Эзэнтэйгээ ярих гээд хамраараа шөргөөгөөд ёстой ядна шүү дээ. Ярьж байгааг бүрэн ойлгоно. Гэрээс гараад ирэхэд л ингээд үүрсэж байгаа байхгүй юу. “За би чамайг тэдэн цагт идүүлнэ, тэр болтол байж бай” гэхээр толгой дохих нь хаашаа юм. Байж л байна. Тэгээд ахиад гараад иртэл буюу цагаа болтол ганц ч үүрсэхгүй. Ухаангүй морь хурдны бүх шинж байгаад ч хэрэггүй. Хурдан морь ухаангүй бол давхихгүй. Би морийг адгуус гэж харьцдаггүй. Би хурдан морины тухай ярихдаа би хүний л тухай ярьдаг. Тэгээд л сайхан уяачтай цөөн таарсан бол сайн адуутай тоогоо алдтал таарсан гэж яриад байгаа юм шүү дээ. Хагархай Раднаа гэж 30 гаруй авгай сольсон ч их гоё хүн байсан. Адуутай ямар зөв харьцана гээч. Адууны хажууд нэг товч дутуу очихгүй. Гар нүүрээ угааж байж очно. Ер нь монгол хүн чинь морины уяан дээрээ төлөвшдөг юм. Адуу хүний омогтой цог залийг нь бадруулаад тавьчихдаг байхгүй юу. Тэгээд хэтэрхий хөөрөөд ирэхээр үхэр хониныхоо хажууд очиж номхроод, атан тэмээгээ хөтөлж анд явж бясалгана. Таван хошуу мал маань хүнийг ингэж төгс хүмүүжүүлдэг. Тэгж төгс хүмүүжсэн төрийн хар хүн төрийг авч явдаг байсан.

- Үлгэр жишээ болмоор уяачийн жудаг ёсыг сахидаг энэ нутгийн сайхан уяачдыг та нэрлээч?

- Хавчиг Зуувай гэж нэг өвгөн байлаа. Нэг сайхан хар морьтойгоо аймгийн наадамд явж байсан. Майхан дотор Сэр-Од гэж хүний эхнэр Дунчин  гэж сайхан хүүхэн бүсээ бүслэхдээ тэр хүний малгайг бүсээрээ ороолгоод тулга руу шидчихэж байгаа байхгүй юу. Үнэндээ хурдан морь, уяач хоёр чинь төрсөн хүн шиг эмзэг болчихсон байдаг байхгүй юу. Өвгөн ч сэтгэл нь хачин болж, шоконд ороод малгайгаа аваад гарсан. Тэр шөнө нь морины нь нүд сохорчихож байгаа байхгүй юу. Ц.Дуламсүрэн начин хэлсэн байдаг даа. “Маргааш өглөө чиний морь түрүүлнэ, эхнэр чинь дээл өмсөж очвол. Шалдан ирвэл түрүүлэхгүй” гэсэн. Эхнэр нь нүцгэн гуяа гялалзуулж ирээд морь нь гуравт орж байгаа байхгүй юу. Тийм эмзэг байдаг.

- Аав, өвөө хоёр нь уяачийн хувьд танд юу гэж хэлдэг байв?

- Манай аав чинь мундаг уяач л даа. Бас аймгийн заан цолтой бөх. Уртын дууг их сайхан дуулна. Тийм болохоор жинхэнэ жудаг гэдгээр чинь амьсгалж өслөө. Манайх чинь хөл тасрахгүй. Бөхчүүд, лам нар гээд л өдөр бүр зочинтой. Олон ч адуутай байсан. Гэхдээ өнөөдөр би боддог юм. Нийгмийн хамгийн доод давхаргад амьдрах муу хүүгээ яагаад ийм их өндөр ёс суртахуун номлож өсгөсөн юм бол доо. Үнэндээ энэ бүдүүлэг улсын хажууд алхам тутамдаа ад үзэгдэж байна шүү дээ. / уйлав/ Би Дорноговь руу өвөлждөг. Хичнээн сайхан энергитэй улсын дунд очдог гэж санана. Зүүн аймаг тийшээ ч морины соёл давамгай. Гэтэл энд ирэхээр л хад мөргөдөг байхгүй юу.

- Хүүхдүүд морь уяж байна уу?

- Хүү уяна аа. Гэхдээ их олон айраг түрүү авч чадаагүй л байна. Засаг бор гэж Даваасүрэн гишүүн Дарьгангаас бор азарга авчирч өгсөн нь сайн давхиж байна. Тэр л хүү бид хоёрыг баярлуулах юм. Яруу найрагч Цэдэндамбаагийн “Халааг минь аль гэж, Хашгирч хүүхэд төрдөг” гэсэн үг бий. Түүн шиг халааг минь аль гэж хашгирч хүүхэд төрчихөөд байхад бид зэрэгцээд яах вэ. Халаагаа өгөх нь зөв л дөө.

- Аав тань их сайхан дуулдаг хүн байсан гэлээ. Та бас дуулах уу?

- Би дуулж чаддаггүй ээ. Манай аав, манайхны хүргэн Долгоржав гуай хоёр нэг дуулбал өдөр шөнөгүй хамт дуулна. Уртын дуу чинь том соёл юм шүү дээ. Хүнийг хүмүүжүүлчихдэг юм. “Түмэн эх” чинь морины тухай дуу биш. Төгс төгөлдөр, ёс суртахууны дээд хэмжээнд хүрсэн хүнийг бэлдээд түмэн түмний охь манлай болсон түмний эх, боловсролтой хүн юм гэсэн утгатай дуу. “Эртний сайхан” гэсэн дууг босож зогсоод 40 минут дуулдаг. Тэр  найр наадам чинь хүнийг хүмүүжүүлж байна. Үнэндээ дуу нь муу байхад төр сайхан байхад хэцүү. Одоо дуутай, ёс суртахуунтай эхэлсэн жил морь сайн давхидаг юм. Учир утгагүй морьдоо тал талд уяад эхэлсэн жил морь муу байдаг юм. Сайхан аавын хүү байгаа газар хурдан морь өөрөө хүрээд ирдэг юм, сайхан хүүхэн өөрөө хүрээд ирдэг юм. Тэгээд ч сайхан хүүхэн, сайхан морь нэг эзэнтэй байдаг юм.

-Гэхдээ хөгшчүүл “Хурд, хөрөнгө, хүүхэд” гурав нэг саванд байдаггүй гэж ярьдаг юм байна лээ?

- Морь уяна гэдэг хатуу тоглоом л доо. Атаа жөтөөн дунд хэлэх хэлэхгүйгээр хэлүүлж яваа юм чинь. Тэр муухай улс уяа руу ороод ирэхээр биднийг газар доор хийж өгнө шүү дээ. Тийм айхтар болчихсон байна. Дээр үед бол муу улсуудыг оруулахгүй, далдын далд чихэр амтыг оршоодог мундаг уяачид байсан байхгүй юу. Одоо даанч тэрийг зарим нь ном задгайруулчихлаа. Уг нь ном бичихэд бас удамтай байх ёстой. Дараа нь таван төгс эрдэмд боловсорсон байх бөгөөд Ядам бурханд зөвшөөрөгдсөн байх ёстой юм. Тэгж байж номыг бичдэг. Одоо ямар ч хяналтгүй. Хөл толгойгоо алдчихсан байна. Буруу зөрүү, үгийн найруулга алдаатай ном сэтгүүл тоймоо алдсан. Энд хүнийг хүмүүжүүлэх нөлөө байна уу. Ийм байхад би энд хүмүүжлийн талаар яриад сууж байх учир утгагүй болж байгаа юм. Гэхдээ зүгээр суусангүй ээ. Нэг ном бичиж байна. Эмхэтгэж л чадахгүй байна.

- Юуны тухай ном бэ?

- Философи голлосон ном байна. Надад уяачдын тухай цуврал хөргүүд бий. Би найруулга талаасаа хүнд гологдохооргүй биччихнэ л дээ.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.

П.Ундраа
 

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.78

    сайхан ахдаа амжилт та минь мундаг шү таныг морь уяж байх үед уяан дээр гиингоо тасардагүй байсан гүү барихад гурилдаг байсан одоо байхгүй болждээ

    Reply
    • 66.181.185.12

      Энэ бол миний аав. Намайг ид морь унаж байхад аав минь аймгийн алдарт уяач болж байлаа. Би их хөөрдөг байсан. Би л гэж. Гэхдээ үгүй юм байна лээ. Миний өмнөх унаачдын гавьяа. Миний аав ээж намайг адууны тоосонд хүн болгосон. Би үнэхээр бахархадаг. Би хөдөө өссөн хүүхдүүдээс онцгой гэж өөрийгөө боддог.

  • 202.126.89.91

    Үнэхээр мундаг хүн шүү миний хүндэлж явдаг ах минь уурлаж байхыг нь 1л удаа үзсэн би мориноосоо унаад морио толгойруу нь цохиж байгаад их загнуулсандаа үлгэр дуурайлал болдог миний хувьд агуу хүн

    Reply