Г.ПУНЦАГБАЛЖИР АГСАНЫ НЭРЭМЖИТ ТӨВИЙН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ЖУРАМ

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 07 -нд

 Нэг. Нийтлэг үндэслэл  

1.“Г.ПУНЦАГБАЛЖИР АГСАНЫ НЭРЭМЖИТ” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааныг /цаашид “уралдаан” гэх/ зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.

2. Уг журам нь “Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм”, “Монголын хурдан морины уралдааны дүрэм”-ийг удирдлага болгоно.  

Хоёр. Уралдааныг зохион байгуулах комисс  

2.1. ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор томилсон Зохион байгуулах комисс /цаашид “Комисс” гэх/ уралдааныг зохион байгуулна.

2.2. Комиссоос гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, хурдан морины насны даамал, дэд даамал, цуваа дуудагч, бүртгэгч, шүдлэгч, морь бариач, цоллооч, тусгайлан бэлтгэсэн чиг үүрэг бүхий хүмүүсийг томилно.

2.3. Уралдаан зохион байгуулахтай холбогдсон төрийн болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд, бусад хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.

2.4.  Уралдааны хөтөлбөр, бүртгэлийн хураамж болон бай шагналын хэмжээг батлан гаргана. 

2.5. Комисс уралдааны замыг урьдчилан тогтоож, гараа болон барианы зохион байгуулалтын схем зургийг боловсруулан батална.              

2.6. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл, үзэгдэх орчин хязгаарлагдсан, цаг оройтсон зэрэг үүссэн тохиолдолд уралдааныг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

2.7 Комисс нь сэрвээний өндөр хэмжих, шүдлэх дэд комиссын хараат бус болон ил тод ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Сэрвээний өндөр хэмжих, шүдлэх ажиллагаанд оролцохыг хориглоно. 

Гурав. Сэрвээний өндөр хэмжих, шүдлэх дэд комисс  

3.1. Сэрвээний өндөр хэмжих, шүдлэх комисс /цаашид “дэд комисс”/ нь тус уралдааныг Зохион байгуулах комиссын хүрээнд байгуулагдаж холбогдох дүрэм, журмыг удирдлага болгон нэгдмэл хэлбэрээр ажиллана.

3.2. Дэд комисс нь дарга, хянагч 2 хүн, сэрвээний өндөр хэмжигч болон шүдлэгч тус бүр 3 буюу нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Дэд комиссын гишүүдийг Комиссын шийдвэрээр томилох ба нарийн бичгийн даргыг гишүүдээс  томилно.

3.3. Дэд комисс нь сонирхлын зөрчилгүй, хараат бус, ил тод үйл ажиллагаа явуулах ба гишүүдийн олонхын шийдвэрийг баримтална.

3.4. Дэд комисс нь хөтөлбөрийн дагуу уралдаанд оролцохоор бүртгүүлсэн бүх морьдыг тухайн насны ангилалд уралдах эсэхийг шүдлэж тогтоон, тогтоосон сэрвээний өндөрт тэнцэх эсэхийг төхөөрөмж ашиглан хэмжиж ажиллана.

3.5. Дүрмийн шаардлага хангасан адууг дэд комиссын шүдлэгч гишүүд тухайн уралдааны насны ангилалд тохирох эсэхийг шүдлэж тогтооно.

3.6. Шүдний эргэлзээ гарвал шүдлэгч гишүүдийн олонхоор шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд протокол үйлдэж тэмдэглэнэ.

3.7. Тухайн насны ангилалд шүдээр тэнцээгүй морийг энэ журмын 3.15-т заасны дагуу арга хэмжээ авч ажиллана. Шүдээр тэнцээгүй морины сэрвээний өндрийг хэмжихгүй.

3.8. “Сэрвээний өндөр” гэж адууны сээрний сэртэнгийн хамгийн товгор хэсгийг ойлгоно.

3.9. Дэд комисс нь уралдах шаардлага хангасан адууг тогтоохдоо их насны моринд 141 см, соёолон 140 см буюу түүнээс доош байх тогтоосон хэмжээг баримтална. Эрлийз дунд насны ангилалд уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжихгүй.

3.10. Туурайн тахыг /тахны зузаан/ сэрвээний өндөрт оролцуулж тооцон хэмжинэ.

3.11. Энэхүү журмын 4.8 дахь заалт буюу уяач нь эмээлийг тохохдоо сэрвээний өндрийг хэмжих боломжтойгоор эмээллэсэн байхыг шаардаж ажиллана.

3.12. Сэрвээний өндрийг хэмжихдээ уралдаанч хүүхдийг тусгайлан бэлтгэсэн хүмүүс мориноос нь буулгаж аюулгүй байдлыг хангана.

3.13. Тусгайлан бэлтгэсэн хүн морийг сэрвээний өндөр хэмжих тавцан дээр гаргаж дэд комиссын хэмжигч гишүүн нь төхөөрөмжийн зааварчилгааны дагуу хэмжилт хийнэ.

3.14. Хэмжилтийн үр дүнг олон нийтэд тухайн морины эзэн, зүс, уралдах дугаартай нь хамт дараагийн морины хэмжилтийн үр дүн гартал харуулна. Мөн мэдээллийн сан үүсгэж архивлана.

3.15. Сэрвээний өндрийн тогтоосон хэмжээнээс давсан морийг уралдаанаас хасах ба зохион байгуулалтад саад болохгүй байх үүднээс тусгайлан бэлтгэсэн хашаанд оруулан, уралдаанч хүүхдийг нь тусгаарлан аюулгүй байдлыг хангана.

3.16. Сэрвээний өндөр хэмжих, шүдлэхтэй холбоотой Дэд комиссын шийдвэр нь тус уралдааныг зохион байгуулах комиссын хэмжээнд шийдвэрлэсэн эцсийн шийдвэр байна. 

Дөрөв. Уяач, уралдаанч хүүхдэд тавих шаардлага  

4.1. Уралдаанд энэхүү журам болон зохион байгуулах комиссын тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн уяач сайн дурын үндсэн дээр оролцоно.

4.2. Хурдан морины уралдааны дүрэм, холбогдох батлагдсан стандартыг дагаж мөрдөнө.

4.3. Уясан морьдынхоо уяа сойлгыг зөв, сайн тохируулж, уралдааны өндөр шалгуурыг даван туулж, аюулгүй, амжилттай уралдах бэлтгэлийг бүрэн хангана.

4.4. Уяач комиссын тогтоосон цагийн хуваарийг нарийн чанд мөрдөнө.

4.5. Уралдааны тухайн насны ангилалд хориглосон адуугаар уралдуулахыг хатуу хориглоно.

4.6. Хурдан морины удам угшил, түүх, амжилтыг үнэн зөв бүртгүүлж, мэдээлнэ.

4.7. Хурдан морь уралдаанч хүүхдийнхээ эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч болон өөрөөс нь зөвшөөрөл авсан байна.

4.8. Уралдаанч хүүхдийн стандартын шаардлагад нийцсэн хамгаалалтын дуулга, хувцас, хэрэглэл болон эмээл, олом, жирэм, угсаа, дөрөөн сур, хазаарын жолоо, хэрэглэлийг сайн бөхөлж, бүрэн хариуцна. Эмээлийг тухайн морины сэрвээний өндрийг хэмжихэд саад болохооргүй байхаар тохсон байна.

4.9. Уралдаанд морь унах дадал, чадварыг эзэмшсэн, эрүүл, даатгалд хамрагдсан хүүхдийг оролцуулна. 

4.10. Уяач нь энэхүү журмын холбогдох заалтыг уралдаанч хүүхэддээ сайтар тайлбарлаж өгсөн байна.

4.11. Уяач нь уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болон сэрвээний өндөр хэмжих боломжгүй буруу дадалтай, зүгшрээгүй морьдийг уралдаанд оролцуулахгүй байх  үүрэг хүлээнэ.  

Тав. Уралдааны ерөнхий зохион байгуулалт  

5.1. Уралдааныг их нас, соёолон, эрлийз дунд насны ангилалаар зохион явуулна.

5.2. Их нас 17  километр, соёолон 14 километр, эрлийз дунд нас 14 километрийн зайд уралдана.

5.3. Уралдаанд оролцох уяач, уралдаанч, хурдан морийг 5-р сарын 10,11 өдрүүдэд 10-18 цагийн хооронд бүртгэнэ. Бүртгэлийг холбогдох дүрэмд заагдсан шаардлагын дагуу зохион байгуулна.

5.4. Заагдсан хугацаанд зохих шаардлагын дагуу бүртгүүлээгүй, хөтөлбөрийн дагуу морьдыг гаргах хугацаанаас хоцорсон, бүртгэлийн дугааргүй, уралдаанч хүүхэдийн аюулгүй байдал буюу хамгаалалтын дуулга, хувцас, хэрэглэлгүй хүүхэд унасан морьдыг уралдаанд оролцуулахгүй. 

5.5. Уралдаанд морь тавиачийг оролцуулахгүй.

5.6. Морьдыг зөвхөн тухайн тохирсон ангилалд уралдуулах бөгөөд насны өөр ангилалд, эсхүл нас ахиулж уралдуулахыг хориглоно. Эрлийз дунд насанд шүдлэн, хязаалан насны адуунууд цуг уралдана.

5.7. Сэрвээний өндөр, шүдээр хасагдсан морьдыг уралдаанд оролцуулахгүй. Хасагдсан морины бүртгэлийн хураамжийг буцааж олгохгүй.     

5.8. Гарааны зүг тухайн насны даамал, дэд даамлын өгсөн чиглэл, зааврын дагуу тусгайлан бэлтгэсэн хүмүүс дагуулж жигд хурдаар явна. Ямар нэгэн байдлаар даамал, дэд даамлын машин болон тусгайлан бэлтгэсэн хүмүүсээс түрүүлж явах, гарааны төхөөрөмжийн зүг тарлах, давхих, ийм байдалд бусдыг хүргэсэн болон уриалсан хүүхэд, тавиачийн дугаарыг тэмдэглэн бүртгэж уралдаанаас хасах хүртэл арга хэмжээ авна.

5.9. Эмх замбараагүй байдал үүсгэх, зодолдох, гарааны төхөөрөмжийн араар оролгүй эргэх, замаас орох зэрэг бусад зохион байгуулагчийн тавьсан дүрмийн дагуу шаардлагыг биелүүлээгүй хүүхэд, тавиач хүүхдийг уралдаанаас хасах хүртэл арга хэмжээ авна. 

5.10. Морьдыг  гарааны төхөөрөмжийн араар дэд даамал замчлан зөөлөн оруулна. Үүний дараа бүх морьдыг төхөөрөмжийн араар бүрэн орсон, аюулгүй байдал үүсэхгүй нөхцөл зэргийг харгалзан гарааны зурхайд зориулалтын төхөөрөмжийн араас даамлын дохиогоор нэгэн зэрэг эргүүлнэ.

5.11. Тухайн насны морьд уралдах хугацаанд уралдааны зам дагуу автозам дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаана.  

Зургаа. Уралдааны явцын зохион байгуулалт  

6.1.Гараанаас гарсан уралдааны морьдыг тухайн насны даамал томилсон тусгайлан бэлтгэсэн тугтай мотоцикльтой хүн 200 метрээс холгүй зайд замчилж явна. Комиссын бусад томилогдсон гишүүд нийт уралдааны явцыг цуваа үүсгэн хянана.

6.2. Хүн эмнэлгийн тусламжийн хэсэг морьдын ард явж  мориноос уралдаанч хүүхэд унасан тохиолдолд шаардлагатай тусламж үйлчилгээг яаралтай үзүүлнэ.

6.3. Мал эмнэлгийн тусламжийн хэсгүүд уралдааны замын  дагуу тогтоосон цэгт байрлаж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлнэ.

6.4. Уралдааны үед уралдаанч хүүхэд унах, уралдааны замаас морь гарах, гаднаас морь орж ирэх зэрэг болзошгүй үйлдлийг комиссын томилогдсон гишүүд хянана.

6.5.Уралдаанд морь замаас оруулах, хөөх, саад хийх, уралдааны замд тосон цулбуурдан хөтлөхийг хориглоно. Ийм зөрчлийг дүрс бичлэг, бусад баримтыг үндэслэн барихгүй.

6.6. Хүүхэдгүй морийг уралдааны замд барьж авч дахин хүүхэд мордуулсан  тохиолдолд тухайн морийг барихгүй. Уралдаанч хүүхэд морийг сэлгэж уралдахыг хориглоно.

6.7. Комиссын  зөвшөөрөлийн дагуу уралдааныг дамжуулах, тайлбарлах хэвлэл мэдээллийн ажилтанууд уралдаанд саад болохгүйгээр морьдыг 30 метрээс хол зайд дагаж бичлэг хийж болно.

6.8. Комиссын гишүүд уралдааны үед уралдаж байгаа морьдоос 50-аас доошгүй метрийн зайд, салхины доод талд дагана.            

Долоо. Барианы газрын зохион байгуулалт  

7.1. Уралдаанд оролцогч морьдыг барианы зурхайн тэмдэглэсэн зураас дээр ирсэн дарааллаар барина.

7.2. Түрүү, айргийн таван морьдыг морь бариач барианы зурхай өнгөрснөөс хойш пайзаар, хойшхи морьдыг уралдаанч хүүхдэд олгосон дугаараар, дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан цуваа дуудаж, барина.

7.3. Барианд зэрэгцэж ирсэн морьдоос аль нэгний нь хошуу илүү гарсан бол тэр морийг урд нь барих ба хошуу илүү гараагүй бол зөв талын морийг эхэлж барина. Дүрс бичлэг ашиглан дарааллыг тогтооно.

7.4. Барианы зурхайд уралдаанч хүүхэдгүй ирсэн морийг таван байраар ухрааж барина.

7.5. Эхний 10 байранд хурдалсан морьдыг уралдааны дараа дахин шүдэлж, тухайн насны бус нь тогтоогдвол уралдаанаас хасч дараагийн морийг урагшлуулж барина.

7.6. Барианд орж байгаа морь, уралдаанч хүүхдэд санаатайгаар саад хийх, чирэх, сул морийг хэн нэгэн унаж барианд орох, уралдаанч хүүхэд морийг сэлгэж уралдахыг хориглоно.

7.7. Морь барианы маргаантай асуудлыг комиссын дарга, тухайн насны даамал, дэд даамал дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан эцэслэн шийдвэрлэнэ.  

Найм. Морь цоллох, бай шагнал олгох  

8.1. Түрүүлж, айрагдсан морьдыг уламжлалын дагуу улсын цоллооч цоллоно. Цоллож байхад уралдаанч хүүхэд гийнгоолж, марзайлна.

8.2. Нас тус бүрт уралдсан 6-30 хүртэл морьдыг барьж, бай шагналыг  уралдаан зохион байгуулсан өдөрт багтааж зохион байгуулах комиссоос тогтоосон цэгт  бүрэн олгоно.

           8.3. Түрүүлж, айрагдсан хурдан моринд олгох бай шагналын 20-иос доошгүй хувь нь уралдаанч хүүхдэд олгогдоно  

Ес. Бусад /маргаан, хариуцлага/  

9.1. Зохион байгуулах комиссын гишүүд хариуцсан ажил үүргийн биелэлтийн талаар бичгээр болон тухайн нас хариуцсан морины даамал уралдсан морины тоо, айрагдсан, барианд орсон морьдын бүртгэл, олгосон бай шагнал, эмнэлгийн тусламж үзүүлсэн уралдаанч хүүхэд болон дараагийн насны зохион байгуулалтын талаархи анхаарах санал дүгнэлт тайлангаа Зохион байгуулах комисст цаг тухайд нь өгнө. 

9.2. Уралдаантай холбоотой аливаа асуудлыг Комисс эцэслэн шийдвэрлэнэ.

9.3 Комиссын гишүүд, даамлуудаас ирсэн тайланг нэгтгэн ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулга хийнэ.  

                9.4. Энэхүү уралдаантай холбоотой гомдол, маргаан гарвал Комисс уралдаан зохион байгуулсан өдөртөө багтааж, Монголын хурдан морины уралдааны дүрмийг удирдлага болгон шийдвэрлэнэ. Комиссын шийдвэр ММСУХ-ны хэмжээнд шийдвэрлэсэн эцсийн шийдвэр байна.

                9.5. Уралдаанд оролцогчид нь Монголын морин спорт уяачдын холбооноос гаргасан бүхий л дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.

                9.6. Комисс, Дэд комисс болон уралдаанд оролцогч уяач, уралдаанч хүүхэд, бусад субеъктүүд нь энэхүү журам болон холбогдох дүрмийг зөрчсөн тохиолдолд "Монголын хурдан морины уралдааны дүрэм"-ийн  10-р бүлэг, холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.    

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

7 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.