Аймгийн Алдарт уяач Д.Цэвэгжав: Буган морио зөв хүнд өгсөн байна лээ

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 22 -нд

Шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд хээр морио аман хүзүүнд хурдлуулж, морь сонирхогчдын  эчнээ танил болсон нэгэн эрхмийг уншигч танаа уулзуулж байна. Энэ хүн бол Сүхбаатар аймгийн Асгат сумын, Их-Уул III багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дамбын Цэвэгжав юм. 1939 оны намар Онгон сумын нутаг Хоньчийн хөндий хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн тэрээр Засгийн газрын хүндэт жуух бичиг, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар тус тус шагнуулж байжээ.

Таныг хурдан морь сонирхогчид шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд аман хүзүүнд хурдалсан Буган хээрийн унаган эзэн гэдгээр нь эчнээ танина. Манай уншигчдад хээр морины удам угшлыг дэлгэрэнгүй танилцуулж өгөөч?
-Эцэг нь Халзан сумын Сэрээтэрийн Жамъяншаравын адууны хар ногоон азарга. Манай Наран суманд эмчээр  ажиллаж байсан Уртаа гэж хүн тэр ногоон азаргыг аваад аймагт байлгаж байсан юм билээ. Тэгээд 1994 онд намайг “Та наашаа ирэхдээ тэр азаргыг дөхүүлээдэхээч” гэсэн юм. Дараа жил нь би хүүхдүүд явуулж, ногоон азаргыг авахуулаад хоёр гүү хураалгасан. Тэрний нэг гурван хөл жороо буган гүүний төл нь буган хээр юм.
Буган гүү танай унаган адуу юу?
-Сүхбаатар сумын Дэнхэр Жигжид гэдгийн адууных. Буган морь 1996 оны унага. 2004 онд естэй Билэгдэмбэрэлд очсон. 
Хэдий үеэс уягдсан юм бэ?
-Хожуу уясан. 2003 онд шиг санагдана. Тэр жилээ “Ганга импекс”-ийн наадамд аман хүзүүдээд, Дарьганга суманд болсон уралдаанд түрүүлж ирээд аман хүзүүнд баригдсан. Дараа жил нь Асгат сумын наадамд түрүүлээд, “Их хурд”-д аман хүзүүдсэн. Уг нь “Их хурд”-д түрүүлсэн юм шүү дээ. Яагаад гэхээр түрүүлдэг Эрдэнэгэрэлийн халзан бол эрлийз адуу. Үүнийг хүн бүхэн мэднэ. 
Барга адуу. Тухайн үед ялгах шийдвэр гараагүй байсан учраас уралдах боломжтой байсан.
-”Их хурд”-аас ирээд Алтан овооны тахилгад араас  хөөж ирээд зургаа бил үү, долоогоор орсон.
Халзан морь айрагддаг бил үү?

-Тэгсэн. Нөгөө эрлийз халзан морь ирж уралдаад тавд давхисан. Тэгээд л тэр наадмын ар дээр нутагт ирсэн хойно нь Билэгдэмбэрэл авсан даа. 
“Их хурд”-ын үеэр анх санал тавьсан гэдэг байх аа?
-Тэр чинь “Иточу”-гийн Энхбат. 2004 он миний хувьд амжилттай сайхан жил байсан. Тэр жил сумын наадамд хээр азарга дөрөвлөж, буган морь түрүүлээд, хонгор соёолон дөрөвлөж, хүрэн даага түрүүлсэн юм. Тэгээд Энхбатыг “Танаас нэг юм авмаар байна” гэхээр нь “Хүүхдүүдтэй уулзаад дуртайгаа ав” гэсэн юм. Хонгор азаргыг сонгосон байна лээ. Нөгөөх нь бага наадамд хэд хэд айрагдсан дуулдсан. 
Буган морио ямар өртгөөр арилжсан юм бэ? 
-10 гаруй сая төгрөгөөр зарсан. Билэгдэмбэрэл хазааланд нь нэг үрээ өгч, би буцаагаад морьтойгоо нэг байдас хамт ачуулсан. Тэгээд дараа жилийнх нь зун улсын наадамд Дугараа Тод манлай уяж уралдуулаад 11-ээр давхиулсан. Хойтон жил нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Бандгаа Ганхуяг уяж, айрагдуулсан ч тооцоогүй гэнэ лээ. Уг нь баараагүй айрагдсан гэж Билэгдэмбэрэл өөрөө ярьдаг юм. Бичлэг энэ тэр нь ч байдаг гэнэ лээ. Наадмын маргааш нь Билэгдэмбэрэл адуугаа алдаад арайхийн олсон чинь хээр морины уяа алдарчихсан байж. Бүсийн наадам тулчихсан учраас тэр чигт нь аваачиж Архангайд уралдуулаад цээжний хөндүүртэй болгосон. Түүнийг нь эмчлэх гэж байгаа нь энэ гэж унагаад цагаан цоройг нь гэмтээж бүтэн жил гаруй хавтгайгаараа байсан гэсэн. Билэгдэмбэрэл тулдаа сайн гэсэн болгоныг хэрэглэж байж эдгээсэн  ч урьдынх шигээ  давхиагүй гэж өөрөө ярьж байсан. 
Буган морь ямар онцлогтой адуу вэ? 
-Сайхан хэлбэртэй, томируун биетэй. Ааш зангийн хувьд номхон дөлгөөн сайхан адуу даа. Сүрхий эцэж уралддаг. Уралдахынх нь урьд орой тарлачихаад цаг хэртэй идүүлчихээд бариад уячихна. Тэгээд 12 цагт тавиад шөнө хоёр цагт дахиад бариад уяхад болдог байсан. Бусад цагт бол иддэгээр нь идүүлнэ. 
Одоо бий бол 23 настай морь байх нь ээ?
-Ноднин лав байсан. Билэгдэмбэрэл адуугаа их хайрладаг хүн. Хээр морио бүр илүү хайрлана. Унаж эдлэхгүй, их энхрийлдэг гэнэ лээ. Би буган морио зөв хүнд нь өгч гэж боддог юм. 
Ногоон азарганд хоёр гүү хураалгасан гэсэн. Нөгөө гүүнээс нь ямар төл гарсан бэ? 
-Охин унага гарсан. Би ногоон азаргыг хоёр жил малласан. Дараа жил нь буган морины эхээс сайхан эр хүрэн унага гарсныг нь уяж чадалгүй хүнд өгчихсөн. Жаахан ааштай болохоор нь нөгөө хүн уяагүй гэнэ лээ. Харин унаарт сайн гэж дуулдсан.  
Хээр мориноос өөр улс, бүсийн наадамд дээгүүр давхисан адуу байгаа юу?
-Дундговийн хоёр ихэрт очсон Монхор хээр байна. Тэр хоёрт очоод 2009 оны Атар газар эзэмшсэний 50 жилийн ой, Засгийн газрын тогтоолт хаврын  бүсийн уралдаанд түрүүлээд зун нь улсад 44-өөр давхисан. Мөн Дундговь аймгийн Адаацаг сумын 50 жилийн ойд аман хүзүүдсэн. Энэ мэтчилэн бага том наадмуудаас 20-иод медальтай болсон гэсэн. Орон нутгуудаар  манайхаас очсон адуу сайн давхиж байгаа. Зарим нь танаас авсан морь төдөөр давхилаа, баярлалаа гээд ярьдаг л юм. Зарим нь ч ярихгүй ээ. Гэсэн ч бид зурагтаар хараад адуугаа танина шүү дээ. Буган морь, улаан азарга хоёрынхоо буянаар халхад танигдсан гэж боддог доо. 
Улаан азарганыхаа талаар хуучлаач?
-Жинхэнэ миний унаган адуу. Бүр дээд үеийг нь хөөвөл Сүхбаатар сумын Тонгоон Жамъян угсаатай. Манайхны Батхүрэл гэгч Тонгоон угсааны саарал үрээ авчирч азарга тавьсан юм. Түүнд нь миний үеэл дүү Юра гүү тавиад хув хүрэн азаргатай болсон. Юрагийн хув хүрэн азарга Наран сумын наадамд тав түрүүлж, дөрөв айрагдсан хурдан адуу. Түүний төл хонгор азарга есөн удаа түрүүлж, айрагдсан. Миний улаан азарга бол тэр хонгор азарганы төл.
Эх тал нь...
-Манай хүргэн ах Шар  Халзангийн Хаянхярваа гэдэг хүнээс хонгор азарга авч, төлүүд нь энэ хавиар их хурдалсан. Тэр хонгор азарганы төл над мөн байдаг. Нэг удаа Дарьгангын Содномпил гэдэг хүн ирээд “Ах аа, хоёулаа даага сольё” гэсэн юм. Ингээд би түүнд ахын хонгор азарганы төл охин даага өгч, нөгөөх чинь надад Дарьгангын хув Шарын цоохруудын угсааны ягаан бор гүү өгсөн. Түүнийг нь ахын хонгор азарганд хураалгатал охин улаан унага гарсан юм. Ингээд Юрагийн хонгор азарганд тавиад миний улаан азарга гарсан. 
Улаан азарга хэдий үеэс уягдсан бэ?
-Анх хавчиг азарга уягдаж Онгон суманд болсон Бумбаны наадамд дөрвөөр давхисан. Миний улаан азарга сумын наадамд хоёр түрүүлж, нэг айрагдсан адуу. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор улсад очоод хөлийг нь муутгачихсан. Түүнээс хойш тордсоор нэг уралдаад айрагдсан. 
Улаан азарганы төлүүд хурдалж байна уу?
-Өвөрхангайд нэг улаан азарга бий. Ховд руу хоёр ч улаан морь гарсан. Бас хүүхдүүд Өмнөговь руу зарсан. Давхиж л байгаа дуулддаг. 
Хэдий үеэс Асгат суманд ирж суурьшсан юм бэ? 
-Нарийн яривал би Онгон сумын хүн. 1956 онд сум хоёр тасрахад Нарангийн харьяанд ирсэн. Асгатад анх 1994 онд ирж байлаа. Хүүхдүүд эндээс хань ижилтэй болж суурьшлаа. Одоо ч нутгийн хүн болоод удлаа. 
Танайхны дээдчүүл хурдан морь уяж байсан уу? Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан эрхмүүд байна.
-Манай дээдчүүл морь уяж байгаагүй ээ. Би л 1958 онд мал нийгэмчлэхэд жаахан бор даага авч хоцроод түүнийгээ уяж, тэр жилээ зургаалуулаад, шүдлэнгээс нь хойш гурван жил дарааллан айрагдуулсан. Би багын адуунд элэгтэй хүүхэд явлаа. 
Хүүхдүүд морь уяна биз дээ? 
-Би найман хүүхэдтэй. Дөрөв нь хүү, дөрөв нь охин. Хүүхдүүд бүгдээрээ шахуу морь уяна аа. Сумын Алдарт уяачид болцгоосон. Гэхдээ сүүлийн үед унах хүүхэд олдохоо байгаад морь уях аргагүй болжээ. 
Уралдаанч хүүхдийн хомсдол хаа сайгүй элбэг болж. Ингэхэд таныхаар уяач хүний жудаг гэж юуг хэлдэг юм бэ? 
-Хамгийн наад зах нь өөрийгөө морь мэддэг, иймээ тиймээ гэж ярих хэрэггүй. Морийг мэддэг ч эд биш, уядаг ч эд биш. Тэр жилийн, тэр өдрийн аз эз тэнцэж байж явдаг амьтан. Уясан болгон хурдалдаг юм бол хүн болгон давхиулалгүй яах вэ. Миний аав морь уядаггүй ч айхтар хүн байсан. 
Нэг удаа надад “За миний хүү, морь мэддэг гэж солиорох хэрэггүй шүү. Морь гэдэг мэддэг эд биш. Найр наадам, амьтан хүнийг сэргээе гэвэл адууныхаа цусыг сайн сэлбэ. Азарга, гүүний тохироог тохируул” гэж билээ. Би түүнийг байнга бодож явдаг юм.
Зарим залууст бодмоор сургамж аж. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе. 
-”Их хурд”-д очиж айраг цагаа уусандаа их баярлаж явдаг. Шигшмэл морины уралдаанд өөрийн унаган морио бараг түрүүлгэсэн тэр хамгийн сайхан наадам даа. 
Ийм баяр бахдалт наадам олон тохиох болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.


П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна