Сонгомол морин спортын мастер, Улсын морь бариач М.Энхбат: 2002 оны наадамд айрагдсан 30 морины 22 нь миний хийсэн эмээл, хазаартай байсан
“Монголд үйлдвэрлэв” булангийн маань энэ удаагийн зочноор Монгол Улсын морь бариач, Сонгомол морин спортын мастер, морины эдлэл хэрэгсэл, уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл урлаач гээд арвин гуншин, олон төрлийн авьяас чадвартай нэгэн оролцож байна. Хурдан морины уралдааны хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгслийн стандартыг тогтооход гол үүрэг гүйцэтгэж, үүнийгээ ч монголд үйлдвэрлэж чадсан түүний яриаг хүргэе.
-Төрийн зарлигтай наадамд түрүүлж айрагдсан морьдын алтан жолоог өргөдөг гэдгээр уяачид Энхбат гэдэг хүнийг сайн танина. Хэзээнээс адуу малтай холбогдсон юм бэ?
-Би нийслэлийн 39, 67 дугаар сургуулиудад сурч байсан, Улаанбаатарын унаган хүүхэд л дээ. Морь мал гэхээсээ дугуй унах сонирхолтой. 1984 онд өвөө маань хэдэн малтай болж, Баянхошуунд нүүж очсон юм. Дугуйнд дуртай хотын хүүхдийг морь руу уруу татсан хүн бол манай найз Дугараа буюу Монгол Улсын Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий. Бид хоёр хар багын нэг дор өссөн, нэг сургуулийн нэг ангид сурдаг байлаа. Октябрийн районы Мод үржүүлгийн газрын баруун үзүүрт Дугараагийн эмээ, өвөө хэдэн малтайгаа байдаг. Дугараа тэндээс морьтой ирээд, сургуулийн гадаа чөдөрлөөд тавьчихна. Хичээл тараад хоёулаа галстукаа эрүүвчилж уяад мориндоо сундлаад давхидаг байлаа. Тэгж яваад л моринд дуртай болсон. Тухайн үед би 450 төгрөгний үнэтэй Салют гэдэг дугуй авах гээд 380 төгрөг цуглуулчихсан байсан юм. Яг тэр үед Хэнтийгээс Шатар гэж өвгөн хоёр хонгор морьтой ирээд манай гадаах ширгэн дээр чөдөрлөчихсөн байхыг хараад өвөөдөө «Морь авмаар байна гэсэн чинь гайхаад “Юу яриад байнаа, миний хүү” гэж байна. Манай ангийн хүүхэд морьтой, би сундалж унаж үзсэн. Өөрөө морьтой болмоор байна гээд үнэнээ хэлсэн чинь өвөө “Дугуй авах чинь яасан бэ?” гэсгээд өнгөрлөө. Тэгээд маргааш нь хичээлээсээ иртэл 1200 төгрөгөөр нөгөө хоёр хонгор морийг авчихсан байсан. Морьтой болсон баяраа хамгийн түрүүн найз Дугараатай хуваалцаж, өнөөх маань унаж үзээд жаал хонгорыг нь гоё морь байна гэсэн юм. Би тэр жаал хонгор морийг олон жил унасан даа. Ганц би ч биш манай олон дүү нар түүгээр морь унаж сурсан.
-Хэддүгээр ангийн хүүхэд морь авахуулж байгаа юм бэ?
-13-14 настай, тавдугаар ангийн хүүхэд. Мэдээж хотын айл юм чинь эмээл, хазаар, чөдөр юу ч байхгүй. Өвөө Дэнжийн мянгын хар захаас цэрэг эмээл авч өгөөд, сураар хазаар, чөдөр хэрхэн зангидахыг, мөн ремениэр гөлөм хээлэхийг зааж өгсөн. Ингэж 1984 онд анх морь унаж сураад түүнээс хойш бараг 36 жил адуу гэдэг амьтнаас холдсонгүй дээ.
-Та Сонгомол морин спортын мастер цолтой. Морин тойруулгын дугуйланд хэзээнээс явсан юм бэ?
-Тэр үеийн морин тойруулга одоогийн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн тэнд байлаа шүү дээ. Гурван км-ийн тойрогтой, үзэгчдийн суудалтай. Цэвэр усны нөөцөн дээр ийм байгууламж байж болохгүй гээд 1985 оны хавар Баянхошуу руу нүүлгэсэн. Бидний морио усалдаг зам дээр шахуу морин тойруулга байсныг ч хэлэх үү, моринд дуртай бидний хэдэн хүүхэд тойруулгын секцэнд суралцахаар болсон юм. Хэдий хонгор морио унаад сурчихсан байсан ч би өөрийгөө морин тойруулгын сонгомол школьтой гэж хэлнэ.
-Секцэнд орсон моринд дуртай хүүхдүүд хэн хэн байв?
-Тод манлай уяач Дугараа, Нийслэлийн Алдарт уяач Чимэддоржийн Отгонсайхан, ах нь Чимэддоржийн Ган-Отгон, Лувсанцэрэнгийн Лхагвадорж гэж найз маань, Сэр-Одын Буянбат, Пүрэвийн Аюуш гэж манай ангийн хүүхдүүд хамт орж байсан.
-Хэдийнээс анхныхаа тэмцээн уралдаандаа орж эхэлсэн бэ?
-Шинэ морьдын тэмцээн, зэргийн тэмцээн гэж болно. Хамгийн анхных нь гуравдугаар сарын 01-нд болдог Намын баярын тэмцээн. Тэгээд гуравдугаар сарын 1, 8, 18, дөрөвдүгээр сарын 1, тавдугаар сарын 1-нд зэргийн тэмцээн болдог байлаа. Энэ тэмцээнүүдээс цол зэргээ авна.
-Хэдэн онд спортын мастер болсон бэ?
-1999 онд. Секцэнд орсноос бараг 20-иод жилийн дараа Спортын мастер болсон гэсэн үг. Сонгомол морин спортын УАШТ-д хоёр түрүүлж байлаа. Хамгийн олон түрүүлсэн нь гурав түрүүлсэн хүмүүс байдаг.
- Дандаа дотоодын тэмцээнд оролцож байсан уу. Гадагшаа тэмцээн уралдаанд явах боломж хэр байсан юм бэ?
-Сүүлд ганц нэг улсууд Хөххот, Япон, Солонгос явж байсан байх. Хамгийн сүүлд гэвэл сонгомол морин спортын төрлөөрөө хамгийн ойрхон оролцож болох байсан тэмцээн 2008 оны олимп. Дэлхийн морин уралдааны чиг хандлага гэх юм бол ойрын зайн уралдаан давамгайлаад явдаг ч үнэлэх үнэлэмжийн хувьд өндөр байдаг төрөл нь саад харайлт, уран явдал байдаг. Олон Улсын чанартай тэмцээн уралдаан болоход саад харайлт, уран явдлын төрлөөр л үнэлдэг. Сонгомол морин спорт Европ тивд тэр дундаа Германд өндөр хөгжсөн. Германаас хамгийн олон олимпийн аваргууд төрсөн байдаг.
-Бидэнд тийм өдөр ирэх болов уу?
-Бидний туйлын зорилго. Харамсалтай нь манайханд энэ талын ойлголт, сурталчилгаа, менежмент байхгүй.
-Одоо Монголд Сонгомол морин спортын тамирчид байна уу? Тэмцээн уралдаан нь тогтмол зохион байгуулагдаж байгаа юм байна уу?
-Ер нь сүүлийн 20 жил болсонгүй ээ. Морин тойруулга гэдэг юм тараад л уралдаан тэмцээн гэдэг юм байхгүй болсон. Одоо бол сураг ч үгүй боллоо шүү дээ. Хүмүүс одоо морин тойруулга гэж байсан юм уу? гэж асуухаар болж байна. Хэдэн улсууд энэ сонгомол морин уралдааныг байлгах юмсан гэж явдаг. Би хаана ч юу ч хийж явсан морин тойруулга гаралтай хүн. Морин тойруулгын буянд олон хүнтэй, адуутай нөхөрлөсөн болохоор морин тойруулгын Энхбат байна аа гэж өөрийгөө танилцуулдаг. Тэр ч утгаараа сонгомол морин спортыг байлгахын төлөө байдаг цөөн хүмүүсийн нэг. Хүмүүс ч намайг тойруулгын Энхбат гэдгээр минь илүү таньдаг.
-Сүүлийн үед морь унах сонирхолтой хүмүүс нэмэгдэж байгаа. Та бүхэн Сонгомол морин спортын төвийг сэргээж болдоггүй юм уу?
-Энэ морин спорт гэдэг чинь хоёр гэр бариад, 10 эмээлтэй, 20 морьтой байхаар болчихдог юм биш. Тодорхой стандарт шаардлагынх нь дагуу хийх хэрэгтэй. Би 2004-2008 он хүртэл морин тойруулгын дасгалжуулагч хийсэн. Хэдий би морьтой ойрхон байгаад, сонгомолоо аваад явах юмсан гэдэг хүсэл зорилго байвч нөөц бололцоо, санхүү гээд олон зүйл шаардлагатай. Энэ санаагаа уулзсан хүн бүртээ хэлсээр сүүлдээ хүмүүс намайг чи нөгөө сонгомолоо ярих гэж байна уу гэдэг. Сонгомол гэдэг юмыг бүрдүүлэх нэг л гарц байгаа нь гал уяа. Тийм болохоор би гал уяануудад санал тавиад л яваад байгаа.
-Хурдан морь бариачийн ажлыг хэдийнээс хийж эхэлсэн юм бэ?
-Анх 1992 онд төрийн наадмын алтан зурхай дээр пайз барьж зогссоноос хойш 26 жил болчихсон байна. Ерөнхийлөгч, төр засгийн тэргүүнүүд, дипломат консулын албаныхан одоогийн Үндэсний архивын газрын замын хажуу талд морь үздэг байлаа. Тэнд Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн 5 клуб үзүүлэх тоглолт хийхэд би оролцдог байсан юм. Тэр жил хүчээр морь барих ажилд дайчлагдаад арай л уйлаагүй дээ.
-Яагаад уйлахдаа тулж байгаа юм бэ?
-Тэр үед бараг шийтгэл шиг санагдаж байсан байхгүй юу. Дөнгөж 20 гарч яваа залууд үзүүлэх тоглолтод оролцож өөрийгөө гайхуулах сонирхол байдаг.
-Тийм учиртай байх нь. Анхны удаа хэдийн морийг барьж байв?
-Тэгээд анхны удаа аман хүзүүний морь барьж байлаа. Дандаа морин спортын мастерууд морь барьдаг. Одоо болтол Улсын наадам, Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаан, "Их хурд" уралдааныг сонгомол морин спортын мастер цолтой улсууд удирдаж, арга зүйгээр хангаж ажилладаг. Дээр хэлснээс бусад уралдаан наадмууд зүгээр наадам үзээд явж байгаа таван залууг гуйгаад бариулдаг. Мэдэхгүй хүмүүс чинь ирж байгаа морьдыг хөөдөг, шавхуурддаг, чирдэг, гулдардагаас болж морь бариачид ингэдэг гэдэг асуудал гардаг. 1999 оноос улсын цолны ангилалд оруулна гэж явсаар 2003 онд улсын цол зэргийн нэгдсэн ангилалд Монгол Улсын морь бариач гэдэг цол улсын шүүгчийн статустайгаар орсон. Ингээд анх зургаан хүн энэ цолыг авч байсны нэг нь би.
-Айргийн таван морины алийг нь илүүтэй барьсан байдаг юм бэ?
-Янз бүр. Сүүлийн үед ажилласан жил, эрэмбээрээ ихэнхдээ түрүү морийг барьж байна. Ерөнхийдөө би дөрвийн мориноос бусдыг нь барьж байсан юм байна лээ. Тавын морийг бол нэлээд олон жил барьсан.
-Нэг, хоёр, тавын морьдыг барих их хэцүү гэдэг юм билээ?
-Түрүү бол яах вэ. Аман хүзүү, айргийн тав л хэцүү. Аман хүзүү бол түрүүлэх эрэмбэн дээр байгаа адуу. Түрүү, айраг гэдэг бол тэнгэр газар шиг ялгаатай шүү дээ. харин тавын морь бол айрагт багтана, багтахгүй гэдэг дэнсэн дээр байдаг.
-Гомдол санал хэр ирдэг вэ?
-Мэр сэр байлгүй яах вээ. Яг зурхайн дээрээс биш үзэгчдийн талбайгаас харчихаад миний морь орчихлоо гээд тойроод давхиад ирэхэд нь зургаалчихсан байх жишээтэй.
-Хатуу хөтүү үг, баяр талархлын үг аль алийг нь сонсоно биз?
-Ташуурдуулаад ташуурдалцаад л, камер үзээд явж байсан үе бий. Найз маань хүртэл «Чи миний морийг барьсангүй» гээд ташуурдаж байсан удаатай. Улсын наадам, "Их хурд", Засгийн Газрын тогтоолтой бүсийн уралдаануудын морь барьж байгаа хүмүүс мэргэшсэн, арга зүйгээр хангагдсан байдаг учраас ямар нэгэн алдаа мадаг гарах нь үгүй. Харин бусад уралдаан дээр шүүмжлэлтэй юмнууд байдаг. Би олон жил морь барьсны хувьд энэ морины соёлд морь бариач гэдэг хүн яагаад байдаг юм бэ гэдгийг сонирхож ном зохиол уншиж үзсэн юм.
-Сонирхолтой баримт сэлт байх юм уу?
-Дээр үед наадмыг хэдэн талаасаа цуглаад тал дээр гэр бариад л хийчихдэг байсан шүү дээ. Тал бүрээс наадам ахалж ирсэн ахлагч нар нь цуглаад морио тэндээс тэр хүртэл уралдуулъя гэх мэтээр одоогийнхоор техникийн зөвлөгөөн хийж, манай хошуунаас энэ хүн, танай хошуунаас тэр хүнийг морь бариулъя гэж томилдог байж. Морь барих хүн нь морь уядаггүй, гэхдээ морь малыг сайн мэддэг, нутаг орондоо нэр хүндтэй хүн байна. Ямар нэг маргаан гарахад үгийг сонсохуйц хүнийг сонгодог байж. За тэгээд таван морио барьж баталгаажуулчихаад түрүү морийг заавал гэрт нь хүргэж өгдөг байсан байгаа юм. Тэгээд морины эзэн нь морь бариачийг дайлж цайлдаг ба энэ зуураа мориныхоо удам угшлыг ярьж өгдөг байсан. Буцаж ирээд хүмүүст ийм угшилтай ийм морь түрүүллээ гэж хэлдэг, үндсэндээ морь бариачаар дамжиж мэдээлэл тардаг байж. Одоогийнхоор бол хэвлэл мэдээллийн албыг давхар хашиж байсан. Сүүлд наймаа хийхдээ хонин жилийн даншиг дээр таны барьсан хээр морь ямар угшилтай билээ гэж морь бариачийг зорьж очдог. Нэг ёсондоо морь бариач баталгаа болж өгч байна. Морь бариач гэдэг ийм үүрэгтэй, мөн чанартай байж. Одоо бол морь будилуулдаг нөхөр л гэж хардаг болсон. Морь бариач худлаа хэлдэггүй, үнэн шударга хүн байсан.
-Тэгвэл энэ цагийн уяач нар морь бариачдаа хэр хүндэтгэлтэй ханддаг вэ?
-Ер нь бол баярлалаа гэж хэлнээ, гайгүй. Манай уяачид харьцангуй морь бариачийн талаар мэддэг болчихсон, мэддэггүй нэгэндээ гэртээ урих ёстой, урихгүй яасан юм бэ гэж хэлдэг болсон байна билээ. Урьж залуулахдаа гол нь биш, бид нарыг ажлаа хийж байгаа хүмүүс гэж хүндэтгэлтэй хандвал болох нь тэр. Төрийн наадмын морины уралдааныг будилаангүй сайхан хийх нь бидний үүрэг. Хамгийн хэцүү юм нь морь дутуу эргэж будилах. Одоо ч гарааны төхөөрөмжтэй болоод харьцангуй гайгүй болчихож. Буянт-Ухаад уралддаг байхад нэг жил хоёр нас орж ирэхэд бид нар морь барихгүй гайхаад л зогсож байлаа. Морь бариачид гарахгүй шүү, морь барихгүй шүү гэнэ. Морь бариач гараад барьчих юм бол хүчинтэй болчихно. Морь бариад сурчихсан морь урагшаа тэмүүлээд болохгүй, тэгэхээр нь морио уячихаад өөрсдөө зогсдог болсон. Тэр нь ч амар байдаг.
-Гарааны төхөөрөмжтэй болсон нь морь бариачдын ажлыг хөнгөвчилсөн байх нь ээ?
-Гарааны төхөөрөмж бол үндэсний морин уралдаанд хийсэн хамгийн шилдэг санаа, зөв шийдэл. Хамгийн шилдгийн шилдгийг тодруулбал, гарааны төхөөрөмж орчихоор байгаа юм. Гарааны төхөөрөмжтэй байхад ямар ч газар ямар ч уралдаан хийсэн морь будилна гэдгийг мартсан шүү дээ. Сумын уралдаан, жижиг уралдаан байсан ч хоёр машин зогсож байгаад дундаа гарааны төхөөрөмж босгоод морьдоо гаргадаг болчихсон.
-Морь цоллоочдыг бэлтгэдэг. Морь бариачдыг орон нутагт бэлтгэдэг үү? Наадам үзэх гэж ирсэн залуучуудаар бариулж байхаар бэлтгэж болдоггүй юм уу?
-ММСУХ болоод бусад салбар холбоод үүн дээр ач холбогдол өгдөггүй юм. Бид нар бариачгүй наадам хийчихнэ гэдэг. Бариачгүй наадам гэдэг шүүгчгүй наадамтай ижилхэн. Одоо бол камер энэ тэр гээд техник технологи ашиглаад хийдэг болчихсон хэдий ч морь бариач бол монгол наадамд байх л ёстой зүйлийн нэг. Энийг санаачилж хийх ёстой газрууд нь хийдэггүй. Бид нар бол аймагт очоод хэдэн хүнд сургалт хийчих юмсан гэж боддог.
-Морь бариач цол олгоход ямар болзолтой вэ?
- Улс, бүс, аймгийн наадмыг 5 жил алдаа мадаггүй, будилаангүй барьсан хүнд Монгол Улсын морь бариач цолыг олгоно гэсэн дүрэмтэй. Одоо 11-12 орчим Монгол Улсын морь бариач гэдэг цолтой хүн байна. Залгамж халаагаа бэлдэх гээд хамтрах ганц нэг хүмүүстээ санал тавиад явж байна.
-Морь бариачийн тухайд ийм байж. Уг нь та бид хоёрын ярилцах гол сэдэв уралдаанч хүүхдийн эмээл. Та уралдаанч хүүхдийн эмээл хийгээд нэлээд олон жил болсон байх аа?
-Хурдан морины эмээл, хазаар, тоног хэрэгслийг 1994 оноос хойш хийгээд 24 жил болж байна. 20-иод жилийн өмнө хүн бүр өөрөө эмээл хазаар, чөдөр ногт, нэмнээ гээд хурдан мориныхоо тоног хэрэгслийг бүгдийг нь хийчихдэг байлаа. Зах зээлийнхээ дагуу энэ бүхнийг хийж эхэлсэн. "Шонхор жокей" клуб гэж 1996 оны хавар үүсгэн байгуулагдсаны санаачлагчид нь Гарамжавын Ганболд агсан, МУ-ын Манлай уяач Чойдогийн Батбадрах, Сонгомол морин спортын дэд мастер Шагдарын Хүрэлбаатар. Энэ гурван ах Японоос ирсэн эмээлийг энэ хурдан моринд таарах эмээл байна, ийм байвал зүгээр юм байна гэж анх Монголд хийж байлаа. Энэ ах нартай морин тойруулга дээр тааралддаг байгаад Гарамжавын Ганболд агсан “Энхбат аа чиний хийсэн юмнуудыг харлаа. Энд ийм ажил байна, чи ах дээрээ ирж ажиллаач” гэж надад санал тавьсны дагуу ажилд орж байлаа.
-Тэр үед ямар ямар тоног хэрэгсэл хийж байсан юм бэ?
-Өвөөгөөрөө заалгаж сурснаараа наймдугаар ангид байхдаа 1000 жирэм сүлжиж арьс ширний үйлдвэрт ширхгийг нь 2 төгрөг 50 мөнгөөр өгч байлаа. Наадамд явах гэж байгаа найзуудынхаа хазаарын загварыг гаргаж хийдэг. Сийлээгүй ременин гөлөм тухайн үед хониор зарагддаг байхад би ремень дээр хээ сийлээд, хээг нь алаглуулж будаж гахай гөлөм шиг болгоод Баянхошуу, Баруунсалаа, Толгойт, Партизан руу хүмүүст зарахаасаа илүү өгдөг байлаа. Манай аав ээж бол ажилчин улсууд, арьс ширний үйлдвэрт ажиллаж байсан. Арьсны үйлдвэр шар сур хийдэг байсан юм, тэндээс аваад өвөөтэйгээ нийлээд зуныхаа амралтаар юм юм л хийдэг байсан. Ер нь спорт хазаар, гөлөм, жирэм гээд нэлээд хөөрхөн юмнууд хийдэг болчихсон үе л дээ. Тэгээд Ганболд ахын "Шонхор жокей"-д орж 1996 оноос эмээлийн технологичоор ажиллаж, одоо хүртэл эмээлийн технологийг барьж хийж байна.
-Хурдан морины хүүхдийн хувцас хэрэгслэлийн стандарт гэж бий. Таны хийсэн хувцас тэр стандартад нийцэж байгаа юу?
-Анх 2005 оны өвөл Шадар сайд Улаан хурдан морины хүүхдийн хувцас хэрэгслэлд заавал үндэсний стандарт байх ёстой гээд стандарттай болсон. Тэгээд стандарттай болсон юм чинь би энийг хийх ёстой юм байна гээд Их Монгол улсын 800 жил буюу 2006 онд хурдан морины хүүхдийн хувцас хэрэгслэл хийж эхэлсэн. Тухайн үед Сандуйжавын дүүгийн шахаа явж байна гээд л талийгчийн талаар хэвлэл мэдээллээр нэлээд шуугиад өнгөрсөн. 2008 онд би Солонгосын Чэжү арал руу 60 морьтны шоунд оролцохоор тэнд очсон байсан. Тэгтэл 2010 онд “Монголоос Хүүхдийн эрхийн үндэсний төвөөс ярьж байна. Хурдан морины хүүхдийн хувцас, эмээл, хазаарын стандарт гаргах гэсэн юм” гэж ярьдаг юм байна. Тэгээд 2010 онд Чэжүгээс ирээд хурдан морины хүүхдийн эмээл, хазаар, хувцасны анхны стандартыг батлахад тэрэнд санал оруулсан юм. Хурал дээр морины зүтгэлтэн нэлээд олон хүн байсан боловч эмээл, дөрөө, жолоо, хувцас нь ямар байх ёстой талаар ямар ч шийдэлгүй сууж байсан. Эмээл, эмээлийн суудал, гөлөм, хазаар, сагалдарга, ташуур тус бүр дээр нь ийм учраас ийм байх ёстой гээд 10 хэдэн жил судалсан, хийсэн зүйлээ танилцуулсан.
-Хүүхдийн хамгаалалтын хувцсыг цогцоор нь хийсэн үү?
-Тухайн үедээ би малгайн шийдлийг л олоогүй, одоо ч олоогүй байна. Малгайг энд хийх боломжгүй юм билээ. Одоо тэр өмсөж байгаа малгай бол үнэн муу малгай. Миний гаргасан малгайн загвар бол 300 морьтой хүүхэд өмсөхөд 300 баатар шиг харагдах байхгүй юу. Хэвтээ чиглэлтэй хавиргыг босоо чиглэлтэй юмаар хамгаалж, бөөрний хамгаалалтыг цуг шийдэж өгсөн. Мөн өвдөг, тохойвч, гутлын түрий хийсэн. Гутлын түрий бол бакал гэх мэт хүнд гутал өмсөхгүй хөнгөн гутал дээр өмсөхөд яг гутал шиг байхаар хийсэн. Хазааранд сэжим гэж хийдэг, тэр нь аюул тохиолдоход тасарч гогцоо биш болж байх ёстой. Гогцоонд хөл гар орооцолдох аюултай. Хамгаалалтын дөрөө гэж бий. Морь унаад явж байхад зүгээр байгаад мориноос 45 градус хазайх үед хүүхдийг шууд газар унагаана. Чирэгдэх эрсдэл байхгүй гэсэн үг. Гэх мэтээр цогцоороо байх ёстой гээд хийсэн юм. Одоо хэт урт ташуур бариад явж байх юм билээ, тэр бол эрсдэлтэй шүү дээ.
-Малгайны шийдлийг одоо ч олоогүй гэсэн үү?
-Тиймээ. Хүүхдийн малгайн дээр би их шүүмжлэлтэй ханддаг. Гадаадаас болсон болоогүй юм авчраад зараад байна. Одоо өмсөж байгаа малгайны хамгийн хөнгөн нь 380грамм , тэгээд түүнээс дээшээ жинтэй байгаа. Энэ бол насанд хүрсэн хүний хол зайн малгай байхгүй юу. Энэ хар малгайг би Сонгомол морин спортоор хичээллэж байхдаа 15 настайгаасаа өмсөж саадтай харайж байсан болохоор хол зайд уралдахад хүүхдэд ямар хэцүү байхав гэдгийг мэднэ. Нэг л их хүүхдийн эрх яриад байгаа хэрнээ энийг олж харахгүй байна. Хүүхдийн эрхийн байгууллагын ажилтан ч бай, уяачид ч бай энэ хар малгайг өмсөөд машиндаа 30 минут яваад ямар байхыг нь үзээрэй гэмээр байдаг юм. Хүүхдийн толгойн тойргоос хамаагүй том учраас хүүхдийн сээр нуруунд нь ачаалал өгдөг. Хүүхдэд их хэцүү түүртэй байдаг. Анх энэ малгайг оруулж ирэхэд нь би эсэргүүцээд шүүмжлүүлэн байж дугуйны хамгаалалтын каск малгай зарж байсан.
-Дугуйны хамгаалалтын малгай амархан хагарчихдаг гээ биз дээ?
-Угаасаа хагарах зориулалттай л даа. Полострол буюу сайжруулсан хөөсөнцрөөр хийгдсэн, сонирхогч өмсөх зориулалттай малгай. Засмал зам дээр дугуйтай 60км/цаг явж байгаад унахад полострол өөр дээрээ цохилтыг авч задраад, толгойг хамгаалдаг. 40-45км/цагийн хурдтай уралдаж байгаа мориноос унахад техник үзүүлэлтээрээ хүүхдийн толгойг бүрэн хамгаална. Манайхан хүүхдийн эрх, хүүхдийн аюулгүй байдал гэж ярих боловч хүүхдийн тав тух, эрүүл мэндийг боддоггүй. Малгай бат бөх байвал, төмөр малгай байвал тэр доторх толгой зүгээр байх юм шиг ойлгоод байгаа юм.
-Таны хийсэн хувцас хэрэгсэл дотооддоо үйлдвэрлэдэг болохоор үнэ ханшийн хувьд гайгүй биз дээ?
-Эмээл нь 250 мянгаар зарагддаг. Сүүлийн үед хийгдэж байгаа эмээл бол 5-8 жил элбэг хэрэглэгдэнэ. Эхний үеийн буюу 2000 оны эхээр хийсэн эмээлийг ноднин нэг хүн барьчихсан, дотор тал нь морины хөлсөнд түлэгдээд урагдчихсан, энийг янзалж болох уу гэсээр ирсэн. Тэгэхээр чанарын хувьд сайн гэж хэлнэ. Хувцас хэрэгслийн тухайд гадуур зарагдаж байгаа нь 110 мянгаас дээшээ байгаа бол миний загвараар хийвэл 100 мянгаас доошоо ороод ирнэ.
-Холбоо бодлогоороо дэмжээд нийт масст хүргэх боломжтой биз дээ?
-Би уяачдын холбоонд очиж танилцуулга хийсэн чинь нэг компанийн юмыг дэмжих боломжгүй гээд дэмжээгүй.
-Бүх уралдаан хамгаалалтын хувцас хэрэглэлтэй хүүхдийг оролцуулна гэж байгаа. Танай хүчин чадал үүнийг хангаж чадахуйц хэмжээнд байж чадаж байгаа юу?
-Тухайн үед би сардаа 150-иас хэтрэхгүй байсан юм. Одоо бол загвар нь байгаа ч санхүү, хөрөнгө оруулагч дутагдалтай байгаа.
-Хүндэт харуулын хувцас таны загвараар хийгдсэн гэдэг билүү?
-Тийм ээ. 2006 онд “Морь, Морьтны эдлэлийн үзэсгэлэн” гэж болоход тэнд миний хийсэн хурдан морины хүүхдийн хувцсыг хараад шадар сайд Энхсайхан “Энэ та нарын хайгаад байсан хувцасны загвар биш үү?” гэдэг юм. Тэр үед 032 дугаар ангийн хүндэт харуулын хувцсыг үндэсний маягийн хувцсаар солих гэж байсан юм билээ. Тэгээд миний хурдан морины хүүхдийн хувцасны загвараар хүндэт харуулын хувцсыг хийсэн.
-Өвөрмонголоос морины эдлэл хэрэглэл нэлээд авдаг шиг юм билээ?
-Яах вээ зах зээл нь байгаа учраас хүмүүс тийшээ зарж л байгаа байх. Миний хувьд хэдий амьдралын нэг хэсэг боловч мөнгө олох зорилгоор зах дээр сүүлний боолт ч зарж үзээгүй. Таньдаг хүмүүстээ л захиалгаар хийж өгдөг. Миний хийж байгаа морь бариач, адууны тоноглол эдлэл хоёр маань ерөнхийдөө уялддаг юм. Нэмнээ гэж юм сураггүй байсан 1999 онд би морь уралдааны төв гэж Яармагт морь уралдаж байхад долоо хоногт 20-30 нэмнээ хийдэг байлаа. Одоогийнх шиг наачихдаг юм байхгүй, ивээн тэтгэсэн компанийн нэр бичих гэж хэдэн мянган үсэг хайчилж нааж оёдог байсан.
-Энхбатын урласан хувцас хэрэгслээр морины хүүхдээ гангалдаг уяачид хэр олон бэ?
- Хүмүүс морь бариач гэдэг утгаар нь надаас юм авах дуртай л байдаг юм. Монгол улсын Тод манлай уяач Мөнхтөр таван цагаанаасаа эхлээд Тод манлай болтлоо надаас юм авсан. Улс, бүсэд орсон бүх морьдынх нь эмээл, хазаар юмыг би хийсэн. 2002 онд төрийн наадамд 30 адуу барьдаг байхад 22 нь миний хийсэн эмээл, хазаартай байлаа. Амгалан төрийн ажнай шарга төрийн наадамд 6 түрүүлэхэд би 3 удаад нь барьсан байдаг юм. Өвөөгийн 40 хүртлээ морь битгий уя гэдэг захиас ч юм уу яг үнэндээ би морь уяж амжсангүй. Найз нөхдийн өгсөн адуу бий боловч түүнийгээ уях цаг зав боломж байсангүй. 07 дугаар сарын 08, 09 гэж байхад өөрийнхөө морь барих эмээлийг угсрах гээд сууж байдаг. Наадмын өмнө гоёлын эмээл, хазаар, мөнгөн тоноглолоо янзлаад өгөөч гэдэг хүмүүсийн хүсэлт их болдог юм.
-Өвөөгийн тань захиас учиртай л байсан байх даа?
-1990-ээд оны эхээр Партизаны САА-д Дугараа жижиг цагаан морио уяад л... Тэр их мундаг хурдан морь байсан юм. Данзанням гуай харчихаад “Азарга байсан бол...” гээд тойроод алхаад байдаг байж билээ. Доржсүрэнгийн хээр, Эрдэнэдамбын саарал ид байхад Партизанд очиж уралдаж байсан. Найз уяад эхлэхээр би ч бас дарвиад ганц нэг юм уях гээд байж байхад өвөө “Миний хүү 40 хүртлээ морь уяж битгий зовоогоорой. Гэхдээ моринд ойр байна аа” гэж хэлж байсан юм. Өвөөгийн захиасаар одоо болтол явж байна.
-Ярилцсанд баярлалаа
Д.Ирмүүн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
216.162.47.71
zuv sanaa b.na zovlongo ni meddeg hun l shaardlaga hangasan hutsas buteene shuu dee
Reply