Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг: ММСУХ нийтийн эрхзүйн этгээд болчихвол шийдэгдэхгүй байгаа олон асуудлууд зохицуулагдана

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 12 -нд

МСУХ хуульчдаас бүрдсэн ажлын хэсгээр холбооныхоо эрх зүйн баримт бичгүүдээ шинэчлэн боловсруулж, долдугаар их хурлаараа баталсан. ММСУХ-ны дүрэм, ММСУХ-ны салбар холбоодын жишиг дүрэм, Монголын хурдан морины уралдааны дүрэм гурван эрх зүйн баримт бичгийн талаар уншигчдадаа товч ойлголт өгөх үүднээс ажлын хэсэгт ажилласан хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй уулзаж тодруулга авснаа хүргэж байна.

-Түүхэндээ анх удаа ММСУХ хуульчдаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, холбооны дүрэм болоод бусад эрхзүйн баримт бичгүүдээ цогцоор нь боловсрууллаа. Та энэ ажлын хэсгийг ахалж ажилласан байх аа?

-Яг ч анх удаа биш байхаа, өмнө нь гавьяат хуульч Б. Цэрэнбалтав гуай нар холбооны дүрэм боловсруулахад сууж байсан юм билээ. Харин энэ удаа М.Ариунболд, Э.Ганхөлөг, Т.Төрбат гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй суулаа. Ерөнхийдөө хуульч, өмгөөлөгч М. Ариунболд ажлын голыг нугалсан. Сүүлийн үед М. Ариунболдыг өөр холбоо энэ тэр рүү орсон гээд нэлээд шүүмжилсэн маягтай юмнууд яваад байна билээ. Тэр нь ерөөсөө хамаа байхгүй, гол нь хийсэн зүйлийг нь үгүйсгэж болохгүй. Ажлын хэсэг ММСУХ-ны дүрэм, ММСУХ-ны салбар холбооны жишиг дүрэм, Хурдан морины уралдааны дүрэм гэсэн гурван дүрмийг боловсруулсан. Үүнээс би ММСУХ-ны дүрэм, салбар холбоодын жишиг дүрмийн төслийг боловсруулах ажлыг хариуцаж хийсэн. 
-ММСУХ-ны дүрмээс эхлээд ярилцъя л даа?
-Гол асуудал нь өмнөх дүрэм нь 1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хуультай зөрчилдөж байсан л даа. Яагаад гэхээр Төрийн бус байгууллагын тухай хуулийг гарахаас өмнө буюу 1995 онд ММСУХ дүрмээ баталсан байдаг юм билээ. Энэ хуулиар ТББ нь нийгэмд үйлчилдэг, гишүүддээ үйлчилдэг гэсэн хоёр төрлийн эрх зүйн хэлбэртэй бөгөөд ТББ нь энэ хоёрын аль нэг хэлбэрийг нь сонгох ёстой. Гэтэл ММСУХ нь өв уламжлалаа хадгалж, соёлыг өвийг тээж байгаа гэдгээрээ нийгэмд ч үйлчилдэг, нөгөө талаас уяачдадаа ч үйлчилдэг аль аль шинжтэй. Хуулинд бол нийтийн эрх зүйн этгээд гээд нийгэмд ч үйлчилдэг, гишүүддээ ч үйлчилдэг хоёр шинжийг агуулсан шинэ хуулийн этгээд гараад ирсэн юм. Товчоор хэлбэл, хэлбэл төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагыг нийтийн эрх зүйн этгээд гээд байгаа юм. Тэгэхээр хуульчдын зүгээс юу хэлсэн гэхээр шинэ удирдлага цаашдаа ММСУХ-г нийтийн эрх зүйн этгээд болгох талаар анхаарч ажиллах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгсөн. Их хурлыг төлөөлөгчид маш сайн ойлгож хүлээж авсан. 
-ММСУХ-ны дүрмийн 1.2 дахь заалтад “Энэ дүрэм нь 1995 оны дүрмийн шинэчилсэн найруулга болно” гэсэн байсан. 1995 оноос анх удаа дүрэмдээ гар хүрч байгаа гэсэн үг үү?
-Үгүй ээ, өмнө нь 6 дугаар их хурал дээр дүрмүүдээ ярьж, зарим зүйлээ өөрчилсөн байдаг. Энэ удаа бол шинэчилсэн найруулга хийж байгаа. Шинэчилсэн найруулга гэдэг нь 1995 оны дүрмийн үзэл баримтлал дээр суурилаад, өгүүлбэрийн техник бүтцүүд нь 80-90 хувь өөрчлөгдсөн. Үзэл санаа нь бол хэвээрээ байгаа гэсэн үг. 
-Та бүхний боловсруулсан шинэ дүрмийн гол онцлог юу вэ?
-Бүтэц, бүрэн эрхийн асуудлаа нэлээд тодорхой болгосон. Нэгдүгээрт, Монголын морин спорт, уяачдын холбоо, хоёрдугаарт Аймаг, нийслэлийн салбар холбоо, гуравдугаарт сум, дүүргийн салбар холбоо гэсэн бүтэц зохион байгуулалттай байна гэж заасан. Харин ММСУХ-ны удирдлагын бүтэц нь 1. Их хурал, 2. Ерөнхийлөгч/дэргэдээ Бодлогын зөвлөлтэй байна/, 3. Тэргүүлэгчдийн хурал, 4. Холбооны хяналтын алба, 5. Тэргүүн дэд Ерөнхийлөгч, 6. Дэд Ерөнхийлөгч, 7. Ерөнхий нарийн бичгийн дарга, 8. Сахилгын зөвлөлтэй байна. Төрийн бус байгууллагын эрх барих дээд байгууллага нь Их хурал байна гэх мэтээр хуучнаасаа бүтцийн хувьд дэлгэрэнгүй, тодорхой болсон. Монголын үндэсний бөхийн холбооны дэргэдэх Аваргуудын зөвлөл гэж байдаг шиг Тод манлай уяачдын зөвлөл гэж байгуулъя гэдэг санал их хурал дээр гарч, санал хураалт явуулахад энэ удаа шаардлагагүй гэж үзээд, харин Ерөнхийлөгчийн дэргэд Бодлогын зөвлөлтэй байя гэсэн. Дэд Ерөнхийлөгчийн хувьд зургаа байх бөгөөд Орон нутгийн салбар холбоодын бодлого хариуцсан, Гадаад харилцааны бодлого хариуцсан, Судалгаа сургалтын бодлого хариуцсан, Хурдан морины уралдааны зохион байгуулалтын бодлого хариуцсан, Хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, хариуцлагын бодлого хариуцсан, Мэдээллийн сан, бүртгэлийн асуудал хариуцсан гээд тус тусдаа чиг үүрэгтэй байхаар тусгасан. Мөн анх энэ холбоог үүсгэн байгуулагчдыг байнгын тэргүүлэгч гишүүн байхаар зааж өгсөн. 
-Энэ ММСУХ-г үүсгэн байгуулагчдыг хүндэтгэж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болох уу?
-Нэг талаар тийм. Нөгөө талаар холбоог үүсгэн байгуулагчид нэр хүндтэй, тухайн холбооны үйл ажиллагааг дүгнэх эрхтэй, маргаан гарахад энэ холбоог ямар үзэл санаагаар байгуулсан бэ гэдгийг шийддэг улсууд юм. Тийм учраас үүсгэн байгуулагчид нь холбооны хүндэт гишүүн байх бөгөөд холбооны тэргүүлэгч гишүүн болно гэж заасан. Ингэж хийсэн шалтгаан нь ТББ-ууд, ялангуяа спортын холбоод задарч, нэг холбоо хоёр гурав болчихоод шүүх дээр явж байгаа, маргалдаад 10-аад жил болж байгаа ч жишээ бий. Тэгэхээр үүсгэн байгуулагчид хоорондоо маргахгүй, их хурлынхаа шийдвэрийг дагана гэдэг өгүүлбэрийг оруулж өгсөн. Тэгэхгүй бол үүсгэн байгуулагчид өөр өөр санаатай байсан гэдэг ч юмуу, хөгжлийнхөө явцад тухайн холбооны чиг үүрэг өөрчлөгдөхөд маргаан гардаг. Ийм маргаанаас сэргийлж хууль зүйн хувьд багцалж өгсөн. 
-ММСУХ-ны явуулах үйл ажиллагааны цар хүрээ өмнөхөө бодвол нэлээд өргөжиж, олон заалт тусгагдсан болов уу гэж бодож байна?
-Уяачдын холбооны үйл ажиллагаа бол Үндсэн хуультай холбогддог. “Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж” гэдэг Үндсэн хуулийн үзэл баримтлалын тулгуур баганыг нь уяачид авч явж байгаа. Тийм учраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамгийн эхэнд “Үндэсний их соёлын өв, уламжлал, ёс заншлыг хадгалах, хамгаалах, хойч үедээ уламжлуулан үлдээх”, “Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдааны соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх” гэсэн өв соёлтой холбоотой зүйлс орсон. Мөн зүгээр морь уралдуулаад байх биш “Хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулж, улсын хэмжээнд хэрэгжүүлнэ”, “Монгол адууг генетикийн төвшинд судалж, генийн мэдээллийн санг бүрдүүлэх, удмын санг хамгаалах, хурдан удам угшлын адууг бий болгоход дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах”, “Үндэсний  хурдан морины уралдаан, морин тойруулгын уралдаан, морин спортын төрлийг хөгжүүлэн хэрэгжүүлэх” гэсэн чухал заалтууд орсон. Энэ удаагийн дүрмүүдэд хүүхдийн эрхийн асуудлыг маш олон газар зааж өгсөн байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах, уяач хүүхдийн эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээхээр заалтууд бий. Гэх мэт 19 төрлийн үйл ажиллагаа явуулахаар заасан байгаа. 
-Тус холбооны өмнөх Ерөнхийлөгч улс төрийн намын дарга байсан. Ер нь ММСУХ гэдэг ТББ “улс төржих” эсэх талаар зохицуулалт байхгүй юу? 
-Яг ийм санал долдугаар их хурлын үеэр уяачдын зүгээс гарсан л даа. ММСУХ-ны Ерөнхийлөгч улс төрийн үйл ажиллагаа эрхлэх нь холбооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө, улс төрийн аль нэг намыг сурталчлахгүй байх нь зүйтэй юм бишүү гэсэн санал хурал дээр гарсан. Тэгээд энэ асуудал дээр санал хураагаад тухайн Ерөнхийлөгч нь өөрийн улс төрийн үйл ажиллагаагаа холбооны үйл ажиллагаатай холихгүй байх ёстой. Тиймээс бид өөрсдөө л зөв хүнээ сонгоё. Шууд дүрмээрээ хорих нь тухайн хүний сонгуулийн үндсэн эрхэнд нь нөлөөлөх юм байна гэж уяачид үзсэн. 
-ММСУХ-ны дүрмийн тухайд ийм байж. Салбар холбооны жишиг дүрмийн тухайд аймаг, сумын салбар холбоод өөрийн онцлогоо тусгаад шууд авч хэрэглэж болохоор их зүгээр санагдсан? 
-Судлаад үзэхээр улсын бүртгэлд 120 гаруй Уяачдын холбоо ТББ-аар бүртгэгдсэн байдаг юм байна. Сумын уяачдын холбоо, аймгийн уяачдын холбоо гээд тус бүртээ тамга тэмдэгтэй эдгээр холбоод нь хуулийн этгээдийн хувьд яг ММСУХ-ны статустай адил эрхтэй. Тэгсэн хэрнээ нөгөө ММСУХ-ны ерөнхий бодлого зорилтыг барьдаг, тэндээс тогтоосон уралдааны стандарт, журмыг баримталдаг. Эдгээр аймаг, сумын уяачдын холбооноос гадна шинэ төрлийн буюу сонгомол уралдааныг дэмжих бодлого зорилготой уяачдын холбоо ч байх шиг байна. Гэхдээ үйл ажиллагаа нь жигдрээгүй байх жишээтэй. Сая 7 дугаар их хуралд яригдсан бас нэг гол асуудал нь энэ аймаг, сумын уяачдын холбоогоо цаашид яаж авч явах вэ? гэдэг дээр нэлээд эргэлзээтэй асуудлууд гарч байсан. Нэгэнт байгуулагдсан аймаг, сумын МСУХ-гоо авч үлдье, гэхдээ жишиглээд ижил дүрэмтэй явъя гэдэг дээр тогтсон. Нэгдсэн стандартаа гаргахын тулд Салбар холбооны жишиг дүрэм гэдгийг боловсруулсан. Жишиг дүрмийнхээ дагуу холбоод үйл ажиллагаагаа явуулахдаа үнэхээр ММСУХ-ны үйл ажиллагааг дэмжиж байгаа л бол бичиг баримтаа энд нийцүүлэх л шаардлагатай. Өөрөөр хэлбэл, уяачдын холбооны салбар нэртэй бие даасан ТББ-ууд болчихоод байгаа юм. Одоохондоо ийм ч ТББ гэдэг статусаа солиод нийтийн эрх зүйн этгээд гэдэг статус авахаар аяндаа жигдрээд ирнэ. Үүний төлөө холбооны шинэ удирдлага зүтгэх ёстой.  
-“Монголын хурдан морины уралдааны дүрэм”-ийн тухайд уралдааны үед гардаг будилаан маргаан мэтийн асуудлууд шийдэгдэхээр сайн зохицуулалт болж чадсан уу? 
-Саяын хурлаар шийдсэн асуудал бол уралдаан зохион байгуулахдаа үүлдэрлэг байдлаар биш өндрөөр хэмжинэ гэдэг санал дэмжигдээд явчихсан. Уралдах гээд очихоор тухайн нутаг орныхон энэ гадны хүн байна, цагаан тамгатай юм байна, хурдан морьтой ирээд манай уралдааныг авах гээд байна гэх мэт үзэмжээрээ шийдэж хасагдах явдал их гардаг учраас үүлдэрлэг байдлыг харах гэдгийг болиулъя гэсэн санал дэмжигдсэн. Энэ бол уралдаан зохион байгуулагчдын болоод тэнд оролцогчдын сахилга хариуцлагын асуудалтай холбоотой. Тийм учраас Монголын хурдан морины уралдааны дүрэмд уралдааны зохион байгуулалтыг нарийн тодорхой тусгаж, уг дүрэмд заасны дагуу уралдаан зохион байгуулаагүй бол тооцох хариуцлагын заалтуудыг нэлээд оруулсан. Тухайлбал, ялгах шүдлэхэд санаатайгаар танил талынхаа морь мордуулж, гаднаас ирсэн морь гээд үзэмжээрээ хандах, эсвэл хүүхдийн эрх зөрчсөн зэрэг зөрчил гаргавал морь уралдуулах эрхийг нь хасах, холбооны үйл ажиллагаанд оролцуулахгүй байх гэх мэт нэлээд нарийн заалтууд орсон. Гэхдээ энэ бол ТББ-ын дүрэм болохоор төрийн их баяр наадамд оролцох эрхийг хассан гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл улсын наадмаас бусад уралдаан дээр холбооны энэ дүрэм хүчин төгөлдөр ашиглагдана. 
-Орон нутгийн бусад уралдаан дээр энэ дүрмийг баримтлахаас гадна тухайн уралдаанаа зохион байгуулах журам гаргана гэсэн заалт байсан байх аа?
-Дүнжингаравыг Шөнөжингарав болголоо гээд хэл ам гарсан. Үүнээс сургамж болгоод тухайн үеийн байгаль, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад уралдаан зохион байгуулж байгаа хүмүүс зөвлөлдөөд зөв шийдвэр гаргах, энэ шийдвэр нь Хурдан морины уралдааны дүрэмдээ нийцсэн байх гэсэн заалт оруулж өгсөн байгаа. Цаашдаа нийтийн эрх зүйн этгээд гэдэг хэлбэрт шилжихгүй бол 100 гаруй бие даасан холбоо дур дураараа янз бүрийн уралдаан зохион байгуулахыг үгүйсгэхгүй. Компанийн ойн уралдаан, эсвэл насны ой хийж уралдаан зохион байгуулаад тэр уралдаанд нь хүүхэд мориноосоо унаж гэмтэх асуудал гардаг. Тиймээс уралдаан хийх талаар Засаг дарга, Иргэдийн хурал, багийн засаг даргаас зөвшөөрөл авдаг, үүнд нь Даатгалын компани оролцдог, уралдааны зам нь халтиргаатай байна уу, хүүхэд унаж бэртэх эрсдэл үүсч байна уу гэх мэт хяналт тогтоох зохицуулалтуудыг сайжруулах хэрэгтэй. Гол зовлон нь хяналтгүй уралдаж байгаа энд тэндэхийн уралдааны алдаа, эрсдэл болгон нь ММСУХ гэдэг нэрээр гардаг. Гэтэл ММСУХ-ноос зохион байгуулсан уралдаанууд нь зохих шаардлагыг харьцангуй сайн хангасан байдаг. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд энэ дүрмийг боловсруулсан. 
-Хаа хаанаа сахилгыг дээшлүүлэх, хариуцлагын тогтолцоог бий болгох үүднээс хариуцлага хүлээлгэх заалтууд нэлээд орсон юм шиг анзаарагдсан. Бүр уралдаанч хүүхдэд ч хариуцлага хүлээлгэхээр зохицуулагдсан байна билээ?
-Сахилга, хяналтын асуудлыг илүү сайжруулах үүднээс олон заалтууд оруулсан байгаа. Сахилга хариуцлагыг сайжруулах юм бол үүнийгээ дагаад уралдааны үеэр гардаг зөрчлүүд арилж, уяачдын унаад байгаа нэр хүнд ч өсөх юм. Одоо ТББ-ын хувьд гишүүндээ хариуцлага хүлээлгэх гэхээр гишүүнээс хасах, эсвэл холбооноосоо зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцуулахгүй байх л боломжууд бий. Нийтийн эрх зүйн этгээд буюу хар үгээр хэлэхэд төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг олон нийтийн байгууллага болоод ирэх юм бол сахилга бат сайжирна, хариуцлагууд илүү тодорхой болно. 
-Энд нэг анхаарал татсан зүйл нь “Наадамд оролцогчдын эрх, үүрэг”, “Хэвлэл мэдээллийн ажилтны эрх, үүрэг”-ийг хүртэл тусгаж өгсөн байна билээ?  
-Уяачдын холбооны зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд өөр хөндлөнгийн байгууллага, хувь хүмүүс оролцохдоо энэ дүрмийг дагах ёстой гэсэн санаа л даа. Би сэтгүүлч гээд машинтайгаа ороод наана цаана нь гарч давхих, эсвэл дрон нисгэж морь үргээх мэтээр хүндрэл, сөрөг үр дагавар гаргаж болохгүй. Үзэгч, хүүхэд, уяач, зохион байгуулагчид, цагдаа, эмнэлэг, хэвлэл мэдээлэл гэсэн субъектүүд уралдаанд хэрхэн оролцох вэ гэдгийг нарийвчилж өгсөн байгаа. 
-Уралдааны үеэр гардаг бас нэг асуудал нь мориноосоо олон машин дагаж байна гэдэг шүүмжлэл байдаг? 
-Уралдааны үеэр дагах машин техникийн асуудал дээр ч нэлээд дэвшил гарсан заалт оруулсан. Хэдэн машин дагах юм гэдэг тоо гаргаж өгөхгүй бол 50 морь уралдуулаад тухайн уралдааныг зохион байгуулагч гээд 100 машин дагадаг, морины биш машины  уралдаан боллоо гэх мэт шүүмжлэл байдаг. Тиймээс машины тоог зааж хүн, мал эмнэлгийн түргэн тусламж, цагдаагийн байгууллагын машин, зохион байгуулагчид, хэвлэл мэдээллийн машинаас өөр машин мотоцикль уралдааныг дагахыг хориглох шаардлагатай. Цаашлаад замын хөдөлгөөний дүрэмд морьтой хүнд зам тавьж өгөх зүйлийг ч Холбооны шинэ удирдлагууд хөөцөлдөх хэрэгтэй. 
-Үндэсний баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах саналын төсөлд мөн танай ажлын хэсэг ажилласан. Энэ саналын төсөлд Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар” гэсний дараа “монгол адуу уралдуулж зохион байгуулна” гэж нэмж оруулах гэсэн байна. Энэ  албан ёсны сүүлчийн санал мөн биз дээ?  
-Үндэсний баяр наадмын тухай хуулинд ТББ-ын зүгээс ямар нэмэлт өөрчлөлт оруулах вэ гэдэг зөвхөн санал шүү дээ. Энэ талаар ММСУХ-ны шинэ удирдлагаас тайлбар авах нь зүйтэй байх. Хурлаар санал аваад протоколдоод байснаас өөр санал гарч ирж магадгүй. ММСУХ-ны хуралд ирж байгаа төлөөлөгчид маань эрх зүйн баримт бичгийн төслийнхөө хуулийн үг хэллэгийг анзаарахгүй байх, өөр асуудал ярьж байхад өөр асуудлыг хамж ярих, жишээлбэл гадаадаас өөр үүлдрийн адуу импортлохыг хориглоё ч гэж санал гарч байсан. Энэ бол ММСУХ-ны асуудал биш, төрийн чиг үүргийн асуудал. Өөр өөр эрх зүйн харилцааг хольж ярих гэх мэт хүндрэлүүд хурлын үеэр гарч байсан. Тиймээс цааш цаашдаа олон уяачдаа төлөөлж, их хуралдаа ирж оролцож байгаа төлөөлөгчид хариуцлагатай, бичиг баримттайгаа танилцаж бэлтгэлтэй ирэх хэрэгтэй юм байна гэж хэлмээр санагдсан. 
-Хэрвээ дээрх заалтаар батлагдчихвал Үндэсний баяр наадамд эрлийз адуу уралдахгүй нь. Үүнээс гадна үндэсний баяр наадамд сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар болсон гэж ойлгож болох уу? 
-Яг энэ асуултыг хүмүүс маш их асууж байгаа. ММСУХ-ны өндрөөр хэмжинэ гэдгийг дагах юмуу, хууль зүйн хувьд ямар байх юм бэ гэдэг асуулт их тавигдаж байгаа. ММСУХ нийтийн эрх зүйн этгээд болоогүй учраас шууд төрийн чиг үүргийг хэрэгжүүлж улс, аймаг, сумын наадамд зөвхөн өндрөөр нь хэмжинэ гэж ТББ-ын дүрмээрээ зохицуулах ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр Засгийн газраас томилогддог комисс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төрийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Тэндээс зөвхөн өндрөөр биш үүлдэрлэг байдлыг харна гээд шийдвэр гаргачихвал түүнийгээ л дагахаас өөр ямар ч арга байхгүй. Зөвхөн өндрөөр нь хэмжинэ гээд морьдоо уяж сойчихдог, гэтэл наадмаар төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа субъект комисс яаж шийдэх вэ гэдэг бол Засгийн газраас томилогдсон хүмүүст олгогдсон бүрэн эрх нь. Тэгэхээр энэ дээр уяачид зөв, буруу гэж яриад нэмэргүй. Нийтийн эрх зүйн этгээд болж чадаагүй байгаа учраас ТББ-ын статусын сул тал нь харагдаад байгаа юм. 
-Нийтийн эрх зүйн этгээд болохын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой юм бэ? 
-Засгийн газар, Улсын их хурал шийдвэр гаргаад өөрийнхөө энэ төрлийн чиг үүргийг энэ ТББ-д өгчих байхгүй юу. Монголд нийтийн эрх зүйн этгээд ганцхан байдаг нь Хуульчдын холбоо. Би энэ холбооны ерөнхийлөгч байгаад жилийн өмнө ажлаа өгсөн л дөө. Түүнтэй адил ММСУХ гэж ганцхан нийтийн эрх зүйн этгээд болчихвол нийтэд ч, гишүүддээ ч үйлчилдэг, төрийн чиг үүргийг ч хуулийн дагуу хэрэгжүүлдэг хүчтэй байгууллага болох боломжтой болно. Мөн төрийн болон төрийн бус байгууллагын зохион байгуулж байгаа уралдаан гэж хоёр өөр зүйл биш, нэг стандарттай уралдаан болно. Улсын Их хурал хурдан морины тухай гэдэг ч юмуу, эсвэл Үндэсний биеийн тамир спортын тухай хууль ч гэдэг юмуу бие даасан хууль гаргаад, тэр хуулийн дотор институтыг нь тийм этгээд байна гэж зааж өгнө гэсэн үг. Эсвэл Засгийн газар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах чиг үүргийг ММСУХ хэрэгжүүлнэ гээд тогтоолоор гаргаж, эрх зүйн этгээдийн хэлбэрийг нь зохицуулаад заачихвал болох юм. Ингэсэн тохиолдолд давхцал, эргэлзээ арилж, зохицуулагдахгүй байгаа олон асуудлууд зохицуулагдана. 
Ярилцсанд баярлалаа. 

Д.Ирмүүн

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 192.82.74.124

    За даа энэ холбоо гээд ирэхээрээ л будлианаа гаргаад байгаа шүү. Нэгэнт том бодлого морьтон уламжлалаа хамгаалах гэж байгаа бол тэр "Адууныхаа яам"-ыг л байгуулах хэрэгтэйшдээ. Энэ яамаар бүх малын тухай бодлогоо хариуцан хөгжүүлэх өсгөх, хамгаалах гээд бүхий л асуудлуудыг зангидан ажиллуулах хэрэгтэй дээ. Хэрэв малын талаарх бодлогоо зангидахгүй бол Таван хошуу мал бүрийн холбоо гарах гэж зүтгэнэшдээ,

    Reply
  • 66.181.161.76

    сайхан санаа бна Нийтийн эрх зүйн этгээд болчихвол Төрийн наадам Холбооны наадам гэж ярихгүй амар болох нь одоо очсон гаүар наадам уралдаан зохион явуулж байгаа хүн бүр өөрийн үзэмжээр морьд хасдаг нэмдэг үзэгдэл их боллоо энийг харин зохиоцуулж болохнээ баярлалаа

    Reply
  • 59.153.113.56

    Маш зөв зүйтэй зүйлүүд ярьсан бна Нийтийн эрх зүйн этгээд болоод бүх асуудал хариуцлагаа өөр өө бие даан шийдвэл зүгээр бна

    Reply