Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Гавьяат хуульч, Аймгийн Алдарт уяач Н.Жанцан: Сумын наадамд аавын гурван түрүү, нэг айраг авсан амжилт одоо ч Асгатад давтагдаагүй
Эцэг хуулиа сахин хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор гэдгээр нь Н.Жанцанг уншигчид маань бүгд мэднэ. Харин Сүхбаатар аймгийн Асгат сумын Бөөрийн хийдийн хамба лам Даваагийн хүүхдүүд болох Гэлэгрэнцэн, Наваандаржаа, Наваанпэрэнлэй нарын ах дүү гурван уяачийн удам залгаж хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг гэдгийг нутгийнхнаас бусад нь мэдэхгүй биз ээ. Тиймдээ ч бид Асгат сумын тусгай дугаарын хоймортоо түүнийг урьж ярилцсан юм.
Таны аав Наваанпэрэнлэй сум орон нутагтаа нэртэй сайн уяач байсан. Тэгэхээр таны аавын талаар эхлээд ярилцах нь зүйтэй юм. Аавынхаа товч намтрыг манай уншигчдад танилцуулна уу?
-Миний аав 1918 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг, тухайн үеийн Бөөрийн сүм хийд гэж байхад тэнд төрсөн. Аавын аав нь Даваа буюу Даваа да лам гэж Бөөрийн хийдийн тэргүүн хамба лам байсан хүн. Миний аав багаасаа мал маллаж өссөн, тэр тусмаа олон жил адуу малласан туршлагатай адуучин байлаа. Сүүлд “Соёмбо” нэгдлийн үед багийн даргаар олон жил ажилласан. 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан хүн, одон медалиуд нь одоо надад бий. Ээж маань Равдангийн Ичинхорлоо гэж бас Асгат сумын уугуул. Манайх Бөөрийн хийдээс хойхно Далт цагаан айрагт нутаглаж байгаад, сүүл үедээ одоогийн Асгат сумын эргэн тойронд нутагладаг байв.
Дээр үед морь айрагдуулж түрүүлгэх нь нутаг орны нэрийг хамгаалах давхар зорилготой байсан учраас нутаг орондоо нөлөө бүхий хүмүүс хурдан морь уядаг байсан гэдэг. Таны өвөөгийн тухайд тийм түүх байдаг уу?
-Би үүнийг сайн мэдэхгүй. Морь уяж байсан гэж би бодохгүй байна. Гэхдээ Даваа да ламын Гэлэгрэнцэн, Наваандаржаа, Наваанпэрэнлэй гурван хүүхэд нь бүгд морь уяж байсан. Наваандаржаа ах олон жил морь уяж, сумынхаа наадамд айрагдуулж, түрүүлгэсэн амжилттай гэдгийг би сайн мэднэ. Гэлэгрэнцэн ах мөн аймаг, сумын наадамд уралдаж байсан сайн морьдтой гэж сонсож байснаас зүс удмаар нь мэдэхгүй. Намайг жаахан байхад их настай хүн байсан юм. Ах дүү улс учраас адууны нэг удам угшилтай байсан байх.
Танай адуу ер нь ямар зүстэй, ямар хэлбэр хийцтэй, ямар онцлогтой адуу юм бэ?
-Манайх голдуу хээр, зээрд зүсмийн адуутай, Зээрдүүд овгийн айл. Их адуунууд нь зээрд юм уу, хээр зүстэй. Цагаан бүгээн, алаг зүстэй адуу үндсэндээ манайд байдаггүй байсан. Ойролцоогоор таван азарга адуутай айл байсан.
Аавын тань нутаг орондоо бахдалтай наадсан наадмын дурсамжаас хуваалцахгүй юу?
-Аймаг байгуулагдсаны 45 жилийн ойн жил Асгат сумын наадамд манай аавын уясан азарга, их нас, хязаалан түрүүлсэн юм. Бас нэг их нас нь тавд орсон. Энэ амжилт хойно нь давтагдсан гэдгийг би огт санахгүй. Нэг жилийн наадамд нэг хүний гурван морь түрүүлж, нэг морь нь тавд орсон ийм амжилт давтагдаагүй байх. Энэ бол манай аавын од гийсэн наадам. Тэгэхэд би найм, есдүгээр ангийн хүүхэд, томдоод мориноос хасагдчихсан байсан үе. Том болсон байсан болохоор тэрийг сайн санадаг юм. Манай сумын Соёлын тэргүүний ажилтан С.Төмөр-Арслан гэдэг хүн байдаг. Тэр багадаа азарга, их нас хоёрыг нь унаж түрүүлгэсэн. Жижиг биетэй хүүхэд болохоор их олон жил унасан.
Асгат шиг ийм хурдтай газар нэг хүний олон морь зэрэг түрүүлж, айрагдах амаргүй дээ?
-Энэ бол манай Асгат сумын уяачдын түүхэнд бичигдэж үлдсэн юм байна лээ. Би тэгэхэд 10 хэдтэй хүүхэд байсан. Манай хүрэн азарга, Хув хүрэн морь, хээр хязаалан түрүүлж, хээр морь тавд орсон. Хэдийгээр сумын наадам боловч Сүхбаатар аймгийн Асгат сум шиг хурдтай, олон сайн адуутай, олон уяачтай нутагт нэг жилд нэг хүний гурван морь түрүүлэх тохиолдол үүнээс хойш болоогүй, өмнө нь ч байгаагүй гэж бодож байна. Тийм учраас манай аав тухайн цаг үеийн сайн уяач байсан юм уу даа гэж би одоо боддог.
Сумын баяр наадмаас гурван түрүү, нэг айраг хүртчихээд байхад уяачид гэдэг юм уу, тухайн цаг үеийн морины зүтгэлтнүүд танай гэрт цуглараад яриа хөөрөө болсон байх гэж бодож байна?
-Одооных шиг морь түрүүлээд ирэнгүүт бүгдээрээ давхиж ирээд баяр хүргэж, архи дарс болох юм тэр үед байхгүй. “Наваанпэрэнлэй гуай сайн байна” гээд л явна уу гэхээс тусгай наадам хийж байсныг би санахгүй байна. Баяр цэнгэл, тусгай наадам хийдэг чинь нэлээн сүүлийн үеийнх. Манай аав ч зүгээр л болдог юм болсон юм шиг л байсан. Онгирох, сагсуурах, архи ууж согтох тийм юм ер байгаагүй.
Хув хүрэн морь сумын баяр наадамдаа хэд түрүүлж, хэд айрагдсан гэдэг юм бол оо?
-Хув хүрэн манай унаган адуу байгаа юм. Шүдлэндээ аман хүзүүдээд, хязаалан, их насандаа түрүүлсэн юм. Ямар ч байсан сумын наадамд хоёр түрүүлсэн морь.
Адууны тал дээр таны тухай ярихаар заавал Цалин мөнгөн морины талаар яригдана. Түүн шиг Наваанпэрэнлэй гуайн талаар ярихад ямар адууг нь төлөөлүүлж ярих вэ?
-Наванпэрэнлэйн Их хээр, Бага хээр гэж сумандаа алдартай хурдан морьд байсан. Үүнийг Асгатын нас тогтсон улс, 50-иас дээш насныхан ихэнх нь мэднэ байх гэж бодож байна. Их хээр нь миний санаж байгаагаар лав л 7-8 удаа Асгатын наадамд түрүү, айраг хүртсэн. Бага хээр нь 2-3 айрагдсан юм.
Хоёулаа манай унаган адуу.
Уяач хүн олон морь шинжиж таних, уяж сойх, эмгэг согог олбол эмчлэх гээд олон эрдэмтэй байх ёстой гэж ярьдаг. Таны аав аль эрдмийг нь илүүтэй өвлөсөн хүн байсан бэ?
-Та чухал асуулт асуулаа. Манай аав адуунд явахдаа ямагт хатгуурын хутга түрийндээ авч явдаг, адуугаа харж байгаад энэ бол ингэсэн адуу байна, ийм гэм суусан адуу байна гэж барьж авч цусыг нь ханадаг байсан. Тухайн үеийн “Сүхбаатарын зам” сонинд нэгдлийн адууг эмнэж эдгээдэг аавын туршлагыг бичсэн байдаг юм. Уяачийн чадварынх нь талаар онцгойлон тэгж уядаг гэж би хэлж мэдэхгүй. Харин нэг зүйлийг сайн мэднэ. Тэр юу вэ гэхээр уяж байгаа морийг маш сайн эдлэх ёстой, эдэлгээ үзүүлээгүй морь хурдална гэж байдаггүй гэж ярьдаг, морийг маш сайн эдэлж унадаг байсан. Дааганаас нь давтаж унадаг. Эдэлгээнийхээ дундаас энэ сайн адуу юу, зүгээр нэг байдаг л адуу юу гэдгийг шалгаж авдаг юм билээ. Түүнээс эмнэг догшин адууг гаднаас нь харчихаад энэ сайн, энэ муу гэхгүй. Тэрийгээ эдэлж байгаад эдэлгээ яаж дааж байна вэ, хэдэн цаг эзнийгээ дааж, ямар хол зайнд явж байна вэ гэдэг шинж чанараар нь таньдаг. Энэ бол одоо байхгүй зүйл. Одоо морь унахгүй, мотоциклиор адуугаа хариулж байгаа. Адуу нь эдлэгддэггүй учраас хамаг сайнаа уяж чадаж байна уу гэдэг асуудал үүнээс үүдэн гарч байгаа юм.
Аав тань хариулж байсан нэгдэл нийгмийн адуунаасаа уяж нэр цууд гаргасан байдаг юм болов уу?
-Уяж байсан. Лав миний мэдэхийн 2-3 морь нэгдлийн адуунаас сонгож уяж байсан. Гэхдээ түрүүлээд, онцгойрсныг нь би санахгүй байна. Ямар ч байсан нэг шүдлэн нэгдлийн адуунаас айрагдуулсныг санаж байна.
Нэг жил олон морь уядаг байсан уу?
-Ихэвчлэн зургаа, долоон адуу уяна, түүнээс илүү морь уяхгүй. Морь унадаг хүүхэд цөөхөн учраас ихэвчлэн нас наснаас нэгийг уядаг. Одоогийнх шиг нэг наснаас тав, зургааг уядаг тийм юм байхгүй. Аймгийн баяр наадамд хааяа очно. Ихэнхдээ сумынхаа наадамд морь уядаг байсан даа.
Танай аавтай нэг үе морь уяж байсан ямар, ямар уяачид байсан юм бол оо. Тэр нутгийн сайн уяачдаас хэн, хэнтэй найзалж нөхөрлөж байсан бэ?
-Аавын үед олон сайн уяачид байсан. Манай суманд алдартай хэдэн улаан азарга байлаа. Тэр улаан азарганы эзэд мэдээж аавтай минь холбоотой. Зарим нь манай ааваас цөөхөн ах, зарим нь үе чацуутнууд байсан. Одоогийн Нутгийн зөвлөлийн дарга Гомбосүрэнгийн аав Чой гэж хүн байсан юм. Чойгийн улаан азарга гэдэг бол миний санаж байгаагаар манай аавын үед хурдалсан азарга. Ваанчиг гэж хүн байсан, Эрдэнэтэд ажиллаж байгаа Сумъяасүхийн аав. Тэр хүний ногоон азарга суманд түрүүлж байлаа. Цэрэн гэж хүн байсан. Талийгаач Дашдондогийн аав. Энэ хүн бас олон хурдан морьтой. Мичиджанчив гэж хурдан хээр морьтой хүн байв. Түвдэн гэдгийн хүүхэд нь Монгол Улсын гавьяат эмч Сүхбаатар гэж бий. Түвдэнгийн Аварга хүрэн гэдэг морь их хурдалсан. Сумын төвд хөшөө нь боссон Махбуриадын улаан, Гомбодоржийн улаан гээд азаргануудыг нэрлэж болно.
Сургууль соёлд явтлаа морь уяж байсан биз дээ? Ер нь та хэдийнээс бие дааж морь уясан юм бэ?
-Бие дааж морь уяж байсан гэж би ерөөсөө хэлэхгүй, аавыгаа дагаж л уяж байсан. Бие дааж морь уях гэдэг бол тусгай эрдэм суусан хүний ажил.
“Их хурд”-д айрагдсан Орлой хонгор морийг та авсан байсан гэлүү? Тэгэхээр энэ таны анхны том наадмын айраг гэж тооцож болох уу?
-Сүхбаатарын адууны хурд 1990 оноос хойш л улсын хэмжээнд танигдсан. Сүхбаатарын адуу хурдан гэдгийн том нотолгоо нь “Их хурд”-д айрагдсан Орлой хонгор морь. Орлой хошуу байгуулаад, есөн хүн хандив нийлүүлж, тухайн цаг үедээ хамгийн том бөгөөд нийт өгсөн хүмүүсийн талаас илүү хандивыг өгч, тухайн морийг худалдаж авсан хүн бол миний бие. Усны-Эх гэдэг хүн чинь уяач нь, морины эзэн биш. Орлой хонгорыг удмыг бусад аймагт худалдаагүй гэж бид өөрсдөө авсан. Орлой хонгороос хойш олон морь улсад ирж хурдалсан. Тухайлбал, Тод манлай уяач Онгуу Сүхбаатарын морьд хурдан гэдэгт онцгой хувь нэмэр оруулж улсад морио авчирч айрагдуулсан.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой буюу 2006 онд таны Цалин мөнгөн үрээ төрийн их баяр наадамд айрагдсан. Энэ бол таны хувьд мартагдашгүй дурсамж үлдээсэн онцгой наадам байх гэж бодож байна. Тэр наадмын дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Миний Цалин мөнгөн гэж хурдан хүлгийг дааганд нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уяач Гармаабазар гэж найз маань надад бэлэглэсэн. 2006 оны хавар 5 дугаар сард хязааланд нь Асгат сумаас авчраад, тэжээлгүй цагаан өвсний морийг энд уяад улсын наадамд айрагдуулсан. Үндсэндээ бараг түрүүлэх хэмжээний адууг жаахан буруудуулж, хэтэрхий хол зугтаалгасан. Миний Цалин мөнгөний удам угшлыг ярих юм бол Баяндэлгэрийн Ширээтийн цагаан адууны удам. Яагаад Ширээтийн цагааны удам Асгатад очсон бэ гэхээр их зудтай жил Баяндэлгэр сумынхан манай Асгатад өвөлжөөд, хавар нь буцахдаа адуу гүйцэхгүй цагаан даагаа үлдээгээд явсан юм билээ. Тэр нь азарга тавигдаад хожим нь миний цагаан азарганы эцэг болсон. Гармаабазар бол Асгат сумын адуучин, олон жил морь хурдлуулсан алдартай хүн.
Эх нь ямар гүү юм бэ?
-Ширээтийн цагааны цагаан гүү. Цалин мөнгөнг улсад айрагдсан жилийн өвөл эх нь хулгайд алдагдаж, холын аймагт аваад явсан. Бид олоогүй. Цалин мөнгөний хамаатан саданг олон хүн худалдаж авч ийш тийш нь тараасан. Заримыг нь холын аймгаас хүртэл ирээд авсан. Эхийг нь зарахгүй болохоор өвөл нь хулгайлаад аваад явчихсан юм.
Битүү үрээ байх аа. Ямар хүн уяа сойлгыг нь тааруулж улсын наадамд мордуулсан юм бэ?
-Даага, шүдлэн уралдаагүй сургаад тавьсан байсан. Энд авчраад Ховд аймгийн Түвдэн Манлайн төрсөн дүү Батмөнх, Эрдэнээ гэдэг хоёр хүн уясан юм. Уяаны үеэр очиход тэр хавьд уралдаж байсан үрээнүүдээс хамгийн хурдан нь, алинд нь ч гүйцэгдэхгүй байсан. Гэхдээ чухам газар газрын хурдууд нийлэнгүүт хэн түрүүлэхийг би мэдэхгүй шүү дээ.
Уралдааныг нь дагаж харсан уу?
-Дагасан. Машинд гүйцэгдэхгүй ганцаараа гараад зугтчихсан юм.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой гэдэг түүхэн жил Асгат сумын уяач Асгат сумын унаган адууг авчирч төрийн наадамд айрагдуулсан анхны тохиолдол болсон гэдэг байх аа?
-Тийм. Энэ үгийг анх удаа манай Асгат сумын алдартай уяач, одоо талийгаач болсон Дашдондог гэдэг дүү надад хэлсэн юм. “Асгат сумын унаган морийг Асгат сумын уугуул иргэн анх удаа улсад айрагдуулаад өөрийнхөө нэр дээр Асгат сумын гэж цоллууллаа. Энэ манай сумын хувьд анхны тохиолдол” гэж байсан. Ер нь манай сумын адуу улсад айрагдсаныг би тоолж чадахгүй, олон адуу айрагдсан. Яг Асгат сумын уугуул айрагдуулсан тохиолдол нь зөвхөн энэ. Гэхдээ цаашдаа ийм тохиолдол бий болно гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Удахгүй манай Асгатын аль нэгэн уяач сайн морио авчирч улсын наадамд сойж, айрагдуулаасай гэж үнэхээр хүсч байна. Тэгж ирж байгаа уяачдыг би ямагт дэмжинэ, тусална.
Цалин мөнгөн гэдэг нэр цагаан цайвар зүсийг нь бодож өгсөн нэр үү?
-Тийм ээ. Угаасаа сайхан мөнгөн цагаан адуу. Цалин цагаан мөнгийг дээдэлж би ийм нэр өгсөн.
Тэр жил наадмын дараа Бүсийн уралдаанд мордуулсан уу?
-Хэнтийн бүсэд миний Цалин мөнгөн яваад, мөн зугтаалгасаар байгаад зургаалсан. Соёолондоо Улаанбаатарын хамгийн том сунгаануудад хол түрүүлээд маш хурдан байсан. Гэхдээ шүү өгөлгүй уяад, шороо идүүлээд гэм суулгачихсан юм. Шороо идсэн морийг цурдах гэж хэлдэг. Түүнээс хойш одоо болтол уяж чадаагүйн шалтгаан нь энэ. Уяачид нь туршлага багатай байсан учраас уяж байгаа мориндоо шүү өгөөгүй. Шүү өгөөгүй морь шөнө шороо иддэг байхгүй юу.
Гэмийг нь засаж чадаагүй хэрэг үү?
-Тэр гэмийг нь засаж чадахгүй байгаа юм. Монголын хамгийн шилдэг уяач Даваахүү Тодоос зөвлөгөө аваад, Билэгдэмбэрэл бүтэн жил эмчлээд чадаагүй.
2011 онд хээр азарга улсын наадамд зургаад хурдлуулсан. Энэ бас Сүхбаатарын Асгатын адуу юу?
-Биш, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын адуу. Монгол хээртэй нэг адууны угшилтай. Баяндэлгэр сумандаа түрүүлж, Дорноговийн бүсийн наадамд гуравлаж, Улсын наадамд зургаад орсон азарга. Энэ азаргыг одоогийн УИХ-ын гишүүн Наранхүү надад бэлэглэсэн юм. Маш хурдан азарга. Гэхдээ би санасандаа хүртэл давхиулж чадаагүй. Одоо Дорнод аймагт Эрдэнээ төлүүдийг нь хурдлуулж байгаа.
Та урьд нь ажлын цаг зав бага байдаг учраас хорхой дарах үүднээс ганц нэг морь уячихдаг юм аа гэж байсан. Одоо адуу уяхад цаг зав гаргаж чадаж байна уу?
-Мөн бага даа. Би ер нь зав муутай, төрийн өндөр албан тушаалд олон жил ажилласан. Бас эрдэмтэн хүний хувьд эрдэм шинжилгээний бүтээлүүд хийдэг. Ер нь адуундаа байнгын зав гаргах боломж байхгүй. Тэгэхдээ яалт ч үгүй улсын наадам юм уу томоохон наадамд жилдээ нэг хоёр морь хүмүүсээр уяулчихаж байгаа. Надад өөрийн гэсэн адуучин, уяач байхгүй.
Морь уяж эхэлснээс хойш хурдан угшлын адуу цуглуулсан болов уу гэж бодож байна. Танай адуунд ямар, ямар угшлын адуу зонхилдог вэ?
-Миний адуу гэж тусдаа адуу байхгүй. Айл айлд, хүн хүнд адуу бий. Зөвхөн Сүхбаатар аймгийн Асгат суманд гэхэд надад бэлэглэсэн 32 адуу бий. Би тэр 32 адуунаас гуравхан адуу авсан. Бусад нь эздэдээ бий. Заримыг нь би мартсан. Мэдээж бүгдийг аваад маллаад явах боломж надад байхгүй. Миний адуун дотор шарга азарганы төл ч байна, Монгол хээр, Улс халзангийн төл ч байгаа. Бие даасан уяач байхгүй учраас бүгдийг нэг дор уях боломжгүй. Тэднээс хамгийн гайгүй нэг, хоёр морио цоолдож уядаг юм. Ганц нэгийг эс тооцвол бараг адуу худалдаж аваагүй. Миний хурдан морьдын ихэнх нь бэлгэнд ирсэн. Нэрэлхэх юм байхгүй. Бэлгийн морийг бэлгийнх, худалдаж авснаа худалдаж авсан, унаган адуугаа би унаган адуу гэнэ.
Энэ жил та хаагуур яаж наадсан бэ?
-Энэ жил Зүүн бүсийн уралдаанд миний хээр хязаалан айрагдаж чадаагүй зургаалсан. Гэхдээ хоёр эрлийз хязаалан эхний тавд орж, нэлээн будилаан үүсгэсэн. Заримыг нь хасаад, заримыг нь хасахгүй явууллаа гэж олон хүн дургүйцсэн. Миний хувьд тэнд нэг их оролцоогүй. Ямар ч байсан миний хээр хязаалан хурдан гэдгээ нотолсон. Гарсан цагаасаа эхний хоёр, гуравт хөтөлж явж байгаад бариан дээр зургаалсан.
Хээр хязаалан ямар удам угшилтай адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Асгат суманд түрүүлээд байхад нь Энхмандах гэдэг залуугаас худалдаж авсан. Маш хурдан хязаалангаа надад өгсөнд би их баяртай байгаа. Ирэх жил би хээрийгээ том наадамд уралдуулна. Ямар ч байсан сумын наадмын түвшинд уралдах гэж хүнээс морь худалдаж аваагүй. Доод тал нь даншиг, улсын наадамд уралдуулна.
Монголын морин уралдааны өнөөгийн нөхцөл байдлын талаар ямархуу бодолтой байна вэ. Хуульч хүнийхээ хувьд энэ салбарт хууль эрх зүйн ямар зохицуулалт хийх ёстой гэж бодож явдаг вэ?
-Та маш чухал асуулт асуулаа. Монголын хурдан морины уралдааныг зохион байгуулахад гүйцэд шийдэгдээгүй олон асуудлын нэг нь эрх зүйн зохицуулалт. Өнөөдрийн монгол адууны бүтцэд онцгой өөрчлөлт орлоо. Эрлийз адуу бий болж, тэрэн дотроо 50, 25 хувьтай гэж хуваагдаад тэрийгээ гадна талаас нь хүмүүс ялгаж танихгүй болсон. Ер нь цаашдаа эрлийз, монгол адууны хувь хэмжээ хоорондоо ойртоод ирэх юм бол ингэж ялгах хэрэгцээ байна уу, үгүй юу гэдэг асуудал ч гарч ирж магадгүй. Жил жилийн наадмын хамаг будилаан бол эрлийз, монгол адуугаа үүлдэр угсааны хувьд ялгаж чадахгүй байгаа явдал. Үүнд эрх зүйн зохицуулалт байхгүй учраас хүмүүс дураараа ханддаг. Комиссууд өөрсдийн танилын морийг явуулдаг, танихгүй хүмүүсийнхийг хасдаг. Нэгэнт явуулсан эрлийз адууг болно гэдэг. Монгол Улсад морины уралдаан шударга бус явах болж, үүнд Монголын олон уяач сэтгэл дундуурхан байгаа. Монгол наадмыг яаж хийх юм, эрлийз, монгол адуугаа яаж ялгах юм, хэдэн хувьтай эрлийз нь монгол морины уралдаанд явж болох юм, үүнийг хэн нотлох юм, гэрчилгээ гэж байх уу, үгүй юу гээд өдий төдий асуудал өнөөдөр огт шийдэгдэхгүй байна. Тийм учраас Монголын хөдөө орон нутагт буй уяачид улс, бүсийн наадамд монгол адуугаараа наадахад маш их бэрхшээл бий болсон. Бодит байдалд цэвэр монгол адуу айрагдах бараг боломжгүй. Дандаа бие жижигтэй эрлийзүүд уралдаж л байдаг, заримдаа бие томтой нь ч арын хаалгадаад монгол адуутай цуг уралддаг.
Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал тавдугаар сард яригдаад анхны хэлэлцүүлэг нь Төрийн ордонд хийгдээд үр дүнд хүрээгүй. Яг энэ хурцадмал байдлыг намжаахын тулд ямар хууль эрх зүйн зохицуулалт хийж болох вэ?
-Энэ маш өргөн хүрээнд яригдах зүйл. Хуулинд хийх нэмэлт өөрчлөлтөд нь энэ асуудал тусгагдаж чадаагүй. Биеэ даасан тусгай сэдэв учраас би хөндөх боломжгүй. Энэ бол шинжлэх ухааны үндэстэй, судалгаатай, олон түмний саналыг тусгасан чухал хууль хийгдэх ёстой. Улсын наадам үзэмжийн наадам болсон. Тийм учраас сүүлийн үед улсын наадамд уралдаж байгаа морины тоо сумын наадамд уралдаж байгаа морины тооноос цөөрсөн. Энэ юу хэлж байна вэ гэвэл улсын наадам маш их но-той, луйвартай явагддаг учраас хөдөө орон нутгаас энгийн малчин, уяач, адуучин морьтойгоо ирэх боломжгүй болж байгаа юм.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна