“Таван цагаан” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Х.Сэргэлэн: Уяачид адуугаа сайжруулж морио давхиулахын зэрэгцээ зарж амьжиргаагаа дээшлүүлэх хэрэгтэй

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 03 -нд

           Баянзүрх сумын уяачдын холбоог тэргүүлээд удаагүй ч адуугаа сайжруулах замаар хурд бий болгохын зэрэгцээ түүнээсээ зарж амьжиргаагаа дээшлүүлэх боломж байгааг өөрийн туршлага дээр харуулж, уяачдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр алсын хараатай зорилго тавьж яваа Х.Сэргэлэнгийн санаа олон уяачид ажил хэрэг болгох хөшүүрэг болно гэж итгэж байна.   

-“Таван цагаан” гэж ямар бэлгэдэлтэй нэр вэ?

-Баянзүрх сумын бүх багаас цагаан зүсмийн морьд их сайн хурдалсан байдаг. Бүх багийнхаа морины нийтлэг чанар, зүсийг тэрийг бэлгэдэж “Таван цагаан” гэж нэр өгсөн юм билээ. 

-Та “Таван цагаан” МСУХ-ны тэргүүний албыг аваад жил болж байгаа. Холбооны тэргүүн болсноос хойш дорвитой ажил хийж амжив уу? 

-Уяачдын холбооны хурал дээр уяачдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, морин спортыг хөгжүүлэхийн тулд нэлээн ажил хийх шаардлагатай байна гэж ярьсан минь хүмүүст таалагдаж, үүнийгээ ажил болго гэж намайг тэргүүнээр сонгосон. Баянзүрх сумын хэмжээнд зундаа баяр наадам, багийн дөрвөн уралдаан гэсэн цөөхөн уралдаан болдог. Нутаг орны хувьд ч ганцхан зундаа л уралдаан хийх боломжтой, өвөлдөө цасанд битүү хучигдсан хөндий болдог онцлогтой газар. Гэтэл энэ цөөхөн уралдааных нь бай шагнал маш бага. Сумын баяр наадам гэхэд 3 сая төгрөгийг зургаан насны 30 адуунд хувааж өгдөг. Жилдээ ганц болдог баяр наадмынх нь шагналыг ядаж жаахан ч гэсэн өсгөе гэж уяачдаасаа хандив цуглуулж Баянзүрх сумын наадамдаа айрагдсан дээд гурван насны морьдод 300 мянга, айргийн тавын морьдод 100 мянган төгрөг болгож байг өсгөсөн. Зарим нь шүүмжлэлтэй хандсан нь ч бий, зарим нь болж байна гээд дэмжсэн нь ч бий.

-Бай мөрийг өсгөж байхад юуны учир шүүмжлэх болов?

-Наадам бол наадам, мөнгө төгрөг оролцуулдаг нь буруу гэсэн яриаг цөөн хүмүүсээс гарсан л даа. Зэргэлдээх сумдаас ирсэн уяачид болоод манай ихэнх уяачид сайшаалтай хандсан. Үүнээс гадна уяачдынхаа шинэ жилийг анх удаа тэмдэглэж, шилдгүүдээ шалгаруулан урамшуулж, тэмцээн уралдаан зохион байгуулсан нь сумын ард иргэдийг сайшаалыг хүртсэн үйл явдал боллоо.

-Зөвхөн уяачид биш сумын иргэд ч энэ үйл ажиллагаанд оролцсон юм уу?

-Дан уяачдаараа нэг газраа цуглаж хоол ундаа идээд, шинэ жилийн цэнгүүнээ сумын Соёлын төвд зохион байгуулсан юм. Тэнд Баянзүрхчүүд оролцох боломжийг  нээлттэй үлдээж, нийтээрээ бүжиглэж дуулж, тэмцээн уралдаанд оролцож нэг оройг хамтдаа сайхан өнгөрүүлсэн. Уяачдынхаа дунд хурдан удмын дааганы сугалаа, иргэдийн дунд 100 мянган төгрөгийн  шагналтай сугалаа явуулсан. 

-Сумын шилдгүүдээр ямар уяачид тодорсон бэ?

-Манай Баянзүрх сумын 2017 оны Шилдгийн шилдэг уяачаар “Имт” багийн харьяат, аймгийн Алдарт уяач Мягмаржавын Галдан гэдэг залуу сумынхаа наадмаас гурван түрүү, хоёр айраг авсан амжилтаар шалгарсан. Улаан-Уул сумын баяр наадамд азарга түрүүлгэж, сумын баяр наадмаас нэг айраг авсан амжилтаар “Тоом” гуравдугаар багийн уяач Хүрэлбаатар, мөн миний бие сумынхаа наадамд нэг морь түрүүлгэж, нэг айраг авсан амжилтаар бид хоёр Шилдэг уяач болсон. Шилдэг уралдаанчаар мөн Галдангийн уралдаанч хүүхэд, “Агар” дөрөвдүгээр багийн уралдаанч Санчирын хүүхэд шалгарсан. 

-Тэр бүр баярлаж чаддаггүй уяачид маань цуглаж баяраа тэмдэглэж, амжилт бүтээлээ дүгнэдэг нь их зөв зүйтэй хэрэг гэж боддог. Өөр ямар ажлууд хийгдсэн бэ?

-Өнгөрсөн зун анх удаа еснийхөө их сунгааг дааганы бооцоот уралдаан болгож зохион байгууллаа. Энэ жил уламжлал болгоод дахиад хийх гэж байна. Өөр насны уралдаан хийе гэхээр тодорчихсон хурдтай хүмүүсийн адуу түрүүлнэ гээд бусад хүмүүсийн оролцоо багасчихдаг юм билээ. Даага бол хурд нь танигдаагүй байдаг учраас даага уяж байгаа бүх хүн энэ бооцоот уралдаанд оролцох боломжтой. Хэний ч даага хурдан байхыг таашгүй.

-Цаашид хийхээр зорьж төлөвлөж байгаа ямар ажил байна вэ? 

-Морио сайн уясан хүн давхар амьдрал нь шийдэгдэж байдаг тийм л боломжийг бүрдүүлэх ёстой гэж боддог. Тэгэхийн тулд нэгдүгээрт бай шагналыг  нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Орчин цагт морины уяа жилийн дөрвөн улиралд хийгддэг болчихлоо гэдэг. Жилийн туршид тэжээж, хөдөлмөр, мөнгө, цаг хугацаагаа зарцуулан байж морь уяж уралдуулаад айраг, түрүүнд оруулахад ядаж гаргасан тэжээлийнхээ мөнгийг олчихдог байх хэрэгтэй биз дээ?  Хамгийн багадаа хоёр уут овъёос, нэг машин өвс, 100-гаад мянган төгрөгийн витамин, тариа хийж байж морио уяж байгаа. Гэтэл сумын наадамд морь айрагдуулахад 10 хэдэн мянган төгрөг авч байгаа шүү дээ. Ийм нөхцөлд морь уяна гэдэг зөвхөн мөнгөтэй боломжтой хүний ажил болдог. Бай шагнал тодорхой зардлынх нь ядаж талыг нөхөж байвал уяачдын морь уях идэвх сэргэнэ гэж боддог.

Хоёрдугаарт, адууныхаа хурдлах чадварыг нэмэгдүүлэх, чанар чансааг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Сайн адуутай болчихсон хүнээс хүмүүс гар татахгүй адуу авна шүү дээ. Би гэхэд энд тэндээс сайн адуу цуглуулж гайгүй адуутай болсон. Хавартаа хөрш зэргэлдээ сумд руу хэд гурван адуу борлуулаад хөөрхөн орлого олдог. Тийм болохоор энэ туршлагаа уяачдадаа хуваалцаж, сумын хэмжээнд адуугаа сайжруулах зорилго тавьж ажиллана. Адуугаа сайжруулчих юм бол уралдуулж цэнгэсэн ч, зах зээлд борлуулсан ч бидэнд хэрэгтэй. Ганц хурдан адууны талдаа ч биш жирийн адуугаа том товир биетэй болгож өндөр ашиг шимтэй болгон зах зээлийн утгаар нь малаа үржүүлэх нь зүйтэй байна. Ер нь манай Баянзүрх сум адуу өсгөж үржүүлэхэд их таатай газар. Тухайлбал энэ хөндий өвөл цас ихтэй байсан ч борог нь арилдаггүй. Нэг л зүг чиг, зөв гольдролоо олчих юм бол Баянзүрхчүүд хөдөлмөрч хүмүүс болохоор амжилт гаргах магадлалтай гэж бодож явдаг.

-Холбооны тухайд ийм байж. Хэдийнээс хурдан хүлэг гэдэг соронзонд татагдах болсон юм бэ?

- Бидний өвөг эцэг Содов гэж Дархадын тэргүүн баячуудын нэг, хурдан морьтой хүн байсан гэж нутгийн хүмүүс ярьдаг юм. Хүүхэд байхдаа авга ах нарынхаа морьдыг 6 жил наадамд унаж байлаа. Аавын ах Аймгийн Алдарт уяач Санжуу бол 44 жил морь уяж байгаа ахмад уяач. Аавын дүү нь сумын Алдарт уяач Батбаяр гэж хүн бий.  Би чинь морь унах унахдаа бүр сайн унадаг байсан юм. Нэг жилийн наадмаас гэхэд нэг түрүү, олон айраг авч байсан. Батбаяр ахынхаа Туулай бор морийг унаж соёолонгийн түрүү авч байлаа. Цагаан-Уулд Бааяа лам, Чинбат нарын морийг унасан. Чинбатын дөрвөн насны морийг унасан. Улсад түрүүлсэн Хишигбатын алдарт хурдан хонгор халзан морийг үсэргээнд унаж үзэж байлаа. Соёолондоо аймгийн Алдарт уяач Баярсайхан гуайд байсан юм. 

-Хишигбатын хонгор их том биетэй адуу байсан гэдэг байх аа?

-Бие томтой, цээж өндөртэй Оросын Томск адуу байсан юм билээ. Би 11 настай гуравдугаар ангийн  хүүхэд унахад миний хөл гэдэснийх нь дөнгөж талд хүрч байх жишээтэй. Манай уралдааны газар нь ойртоод, бариа дөхөөд газар өгсүүр байдгаас энд түрүүлж чадаагүй, айрагдсан байдаг.  Соёолон жилээ манай энд гуравлаад, хавчиг жилээ Улаан-Уул суманд очоод түрүүлсэн. Тэндэхийн өгсүүргүй тал газар нь зохисон байх л даа. Тэгээд Хишигбат гуай буцааж авсан даа. 

-Хэдийнээс авга ах нарынхаа халааг авч морь уяж эхэлсэн юм бэ?

- Тэгээд 2011 оноос тасралтгүй морь уяж байгаа. Намайг дунд ангид орох үеэр манайх Цагаан-Уулын төв рүү шилжиж тэндэхийн харьяат болсон. Цагаан-Уул морин уралдаан идэвхтэй хөгжсөн, морьд нь ч сайн давхидаг газар л даа. Үеийн танилцсан залуучууд бүгд уяач, нөгөөдүүл чинь “Чи зүгээр байхаар ганц юм аваад уя” гээд байхаар нь тэдэнтэй нийлээд дарвилаа. Морь хөгжсөн газар айл бүрийн хашаанд хурдан морь. Нөгөө найзууд “Танай Баянзүрхэд гайгүй хээр морь байгаа. Тэжээлгүй хэрнээ соёолондоо манай Цагаан-Уулын хоёр том баярт хоёуланд нь түрүүлсэн. 2010 оны Хотгойдын хурдад ташуургүй 21-д давхисан. Үнэ өртөг нь ч гайгүй байх” гэж байна. Судлаад үзтэл Дөрвөд, буриадын нутаг Оглогийн голын Дулмаа гээд адуу сайтай, аймгийн аварга малчин хүний адууных. Цэцэрлэг талын гаралтай Аймгийн Алдарт уяач Түмэндэмбэрэл гуайн хар азарга адуунд нь байхдаа гүүг нь хурааж гарсан төл.  Тэр хээр морийг нийлсэн жил нь худалдаж аваад, Сумын алдарт уяач Алтангэрэл ахаар уяулж, өөрөө тэжээл энэ тэрийг нь зөөж гүйж л анхныхаа уяаг эхэлж байлаа. Тэрнээс хойш сумын чанартай наадмаас таван түрүү, 20 орчим айраг авсан. Овооны баяр нийлэх юм бол овоо тоо гарах байх. Би ер нь дээр хэлсэнчлэн адуугаа сайжруулахад нэлээд анхаарсан.

-Хаанахын адуу авч адууныхаа хурдлах чадварыг сайжруулсан бэ?

-Сүхбаатараас авчирсан адуунууд нэлээд хурдлахын зэрэгцээ үржилд оруулж, гайгүй сайн өөрийн унаган адууг бий болгосон. Тухайлбал энэ жил уяж байгаа таван адуу бүгд унаган адуу. Унаган адууны эхнийх нь болох соёолон морь ноднин Баянзүрх сумандаа түрүүлсэн. Өөрөө явж Сүхбаатар аймгийн Мөнххаан, Халзан, Уулбаян, Онгоноос адуу авсан. Хэнтий аймгийн Сүхбаатартай залгаа сумын ч адуу бий. Мөн Төв аймгийн Сэргэлэнгээс улсын анхны Манлай уяач Даш гэдэг хүний зээ хүүгээс, Улаанбаатар хотоос Манлай уяач Ганхуяг гуайн дүү Ганзоригоос ч авсан. Хөвсгөл аймгаасаа Тод манлай уяач Доржпүрэв гуайн азарга, Аймгийн Алдарт уяач Ванчинбазар гуай, Завханы Баянтэсийн Базаррагчаа гуайн унаган адуунаас гээд энд тэндээс янз янзын юм их цуглуулсан.

-Одоо адууны тоо толгой хэд хүрч байна вэ?

-Гурван азарга адуутай. Хурдны чиглэлийн адуу цуглуулсан гэж үзэж байгаа. Авчирсан адуунаасаа Баянзүрх, Цагаан-Уул, Цэцэрлэг, Улаан-Уул суманд 30-аад азарга тараасан. Ихэнх нь сумын наадамд айрагдсан.

Дархадын хурд бүсийн уралдаанд шүдлэн айргийн гуравт давхиж, Баянзүрхдээ олон түрүүлсэн морийг авсан. Даш гуайн зээ хүүгээс эмнэг хээр хязаалан авчраад морь сонирхдог ахдаа өгсөн чинь ноднин нийлж байгаа морь Улаан-Уулын баярт айргийн дөрөвт хурдалсан. Надад уягдаж байгаа адуунууд ч ер нь айраг алдахгүй дээ. 

-Адуугаа сайн сайжруулсан юм чинь айраг, түрүүг бөөнддөг л биз дээ?

-Ер нь авна аа. Анх Цагаан-Уулд морь уяж байгаад аймгийн хурц арслан Адъяасүрэн гуайн алдар тэмдэглэх, Баянзүрх сумын эмнэлгийн 80 жил, сумын баяр давхацсан наадамд дээд гурван насанд гурван морь айрагдуулж  гайгүй уяач болсон гэдгээ үзүүлсэн. Сүүлийн жилүүдэд сумын баяр наадмаас 2-3 айраг алдахгүй л байна. 

-Хурдан морь нь элбэг байж. Морь унах хүүхдийн асуудал ямар байна? 

-Манай хүүхдүүд унаж эхлээгүй байна. Яг унах насны хүүхдүүд нь эмэгтэй. Эрэгтэй хүүхэд одоо л дөнгөж морь унаж сураад, ойр зуур морь баалгаад л байна.

-Хүсэж зорьсон ёсоор нь Баянзүрх сумынхаа адууг чанаржуулж, уяачид нь үр шимийг нь хүртэх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд ч баярлалаа. Морины төлөө гэсэн энэ сайхан ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна