Аймгийн Алдарт уяач Ч.Алтангэрэл: Манайхан гурван үеэрээ гандан жас, нэгдлийн адуу хариулсан улс

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 01 -нд

Цэцэрлэг сумын хийморилог уяачдын дараагийнх нь нэгдэлд шилмэл адуун сүрэг маллаж, нэг жилийн дотор 53 эмнэг сургасан амжилттай, Аймгийн алдарт уяач Алтангэрэл юм. Өвөг эцгээс эхлэн гурван үеэрээ гандан жас, нэгдлийн адуу малласан малч удмын ажил хичээнгүй түүнд Цэцэрлэг сумынхан нэгдлийнхээ шилмэл сүргийг итгэж даатгасан нь ч талаар болсонгүй шилмэл сүргээсээ хурд тодруулан уяж, айраг түрүүнд хурдлуулан уяачийн гараагаа эхлүүлсэн байна.  

-Таны энгэрт МХЗЭ-ийн Төв хорооны Биеийн тамирын алдар алтан медаль байна. Энэ ямар түүхтэй шагнал вэ?

-Спортын мастер болохоос өмнө 1981 онд эмнэг сургалтаар авсан медаль байгаа юм. Хавраас намар хүртэл хязаалан, соёолон голдуу 53 эмнэг сургаад сумын захиргаанд хүлээлгэж өгч байлаа. Бас шагналд нь нэгийг өөртөө авсан.   

-Ажиглахад хязаалан, соёолонгийн аль нь илүү эмнэг байдаг вэ? Таны сургаснаас аль насны морь нь илүү эмнэг догшин байсан бэ?

-Соёолон бие томтой болоод ч тэр юм уу, хүч чадал илүү, ааш омог нь ч их байдаг юм даа. Хязаалан бол нас бага болохоор гарын дор. Хавар зоотехникч ирээд соёолонгоос азарга тавихыг нь тавиад, уналга эдэлгээнд оруулахыг засчихдаг. Зассан соёолонг л сургана. Азарган соёолон бол унуулахгүй, үржилд ороод явна.

-Айхтар булгидаг ч юм уу, номхруулж чадаагүй адуу таарч байв уу?

-Байлгүй яах вэ. Нэг хар морь самарддаг, өшиглөдөг, булгидаг. Ямар сайндаа дээлийн гадуур өмссөн хүрмээ тайлаад үргээгээд шидэхэд зууж аваад сэгсэрдэг чоно шиг айхтар амьтан байлаа. Чоно шиг гэсээр Чонон хар гэдэг нэр авсан. Онцгой ааштай ч сайхан адуу байсан юм. Даанч уяж сойгоогүй. Уяж сойсон бол яах ч байсан юм билээ гэж боддог юм. Сүүлд бригадын зарлагын уналгад явсаар хөгширч агтанд явсан, хөөрхий. 

-Тухайн нэг жил л эмнэг сургасан юмуу, эсвэл байнга сургадаг байсан юм уу?

-Ер нь сургадаг байсан. Гэхдээ 1981 онд туслах адуучин байсан учраас тийм идэвхтэй сургасан хэрэг л дээ. Адуучин болчихоор ийм олноор нь эмнэг сургах зав зайгүй болчихдог юм. Хөгшин аав, аав гээд бид гурван үеэрээ адуу хариулсан улсууд. Аав нэгдлийн адуучин байсан бол хөгшин аав Пүрэвээ жас гэж байхад адууг нь хариулж байсан юм гэнэ лээ. Би 1976 оноос тасралтгүй хариулж, цэргийн гурван жилд ч Дорнодод адуу хариулсан. Хамгийн сүүлд 1991 онд адуугаа хувьчлалд тараах хүртлээ эмнэг сургасан. 

-Гандан жасын адууг хурдтай, Тэс адууны суурь болсон гэдэг юм билээ. Хөгшин аавын тань маллаж байсан гандан жасын адуунаас та бүхэнд өвлөгдөж ирсэн үү?

-Тэгэлгүй яах вэ. Жас тараад хувьчлах шахуу юм болсон юм билээ. Өвөө олон жил адуу хариулсан болохоор хар азаргатай адуу тууж ирсэн гэж аав ярьдаг юм. Манай аавын адууны үндсэн суурь нь тэр гандан жасын хар азарга. Сүүлд шар халтар азарга тавьсан. Одоо ч бидэнд гандан жасын адууны хээр, халтар адуунууд байна л даа. Социализмийн үед нэг айлд таван адуу үлдээгээд нийгэмчлэхэд хөгшин аавын нэртэй азаргатай адуу байсан гэдэг. 

-Танай аав нэгдлийн адууг олон жил малласан уу?

-Манай аав  1956-1976 он хүртэл 20 жил адуу хариулсан хүн. 1956 онд нэгдэл байгуулагдахад аав анхны адуучин нь болсон юм гэнэ лээ. Тэгээд 20 жилийн дараа 1976 онд надад хүлээлгэж өгсөн. Би 1976-1983 он хүртэл тасралтгүй хариулаад 1983 онд цэрэгт явсан. 1986 онд ирээд намар нь надад бүх багийн, сумын хэмжээний шилмэл суурь адууг ялгаж өгсөн.

-Ямар шинжийг нь шалгуур болгож шилмэл гэж ялгаж байсан юм бол? 

-Өндрийн хэмжээ, гэдэс гээд бүх шинжээр нь хэмжиж авдаг. Нэг суурь адуунаас ганц гүү, нэг азарга адуунаас ганц азарга нь тэнцэж, бусад нь тэнцэхгүй тохиолдол ч гарч байсан. Ингэж шилж шигшигдсэн 300 арай хүрээгүй 280 хэдэн адууг би хүлээж авч маллаж байлаа. Тэгээд маллаж байгаад 1991 онд хувьчлалаар тарааж өгсөн дөө.

-Шилмэл сүрэг гэхээр хурдлах магадлалтай, сор болсон адуунууд биз дээ. Тэндээс хурдан хурц адуу олон төрсөн үү?

-Төрөлгүй яах вэ. Би 1984 онд цэрэгт анх морь уяж эхэлсэн. Манай аав морь уядаггүй байсан болохоор би ч уядаггүй байсан юм. Дорнодод цэрэгт малын зөвлөх, хошууч Онхор гэж Говь-Алтай аймгийн харьяат хурдан моринд дуртай, морь уядаг хүн байсан. 1984 онд тэр хүн намайг морь уя гэлээ, бараг тушаал гэсэн үг шүү дээ. Тэгээд халтар азарга, хээр шүдлэн хоёр уяад аймгийн баярт хоёуланг нь арван хэдээр оруулсан. Хойтон жил нь буюу 1985 онд хязаалан үрээ нь айрагдсан. Тэгж л цэргийн албанд байхдаа моринд дурлаж орсон хүн дээ. 1986 онд цэргээс халагдаж ирээд морь уяж чадаагүй. 1987 онд шилмэл адуунаасаа харлаг үрээ сургаж, цэнхэр хавчиг азаргатай хамт уясан. Бургасайн аав Түмэндэмбэрэл гуай, Пүрэвсүрэн гэж тууврын мал туудаг, бас морь уядаг энэ хоёр хүнийг бараадаж нөгөө хоёрыгоо уядаг юм. Тэр жил цэнхэр азарга маань зургаалж, алаг маань 11-ээр давхисан. Түүнээс хойш хоёулаа суманд олон айрагдсан.

-Цагаан/цэнхэр/ азарга нь шилмэл сүргийн адуу. Гэхдээ угийг нь хөөвөл аль голын, хэний адуу болдог юм бэ?

-Манай голын Ламын Сандаг гэж хүний адуу. Сандагийн бор азаргатай адуу ирж байсан гэж манай аав ярьдаг. Тэдний адууных. Цагаан азарга эхний жилээ зургаалаад, дараа нь тав айрагдсан. Ерөөсөө түрүүлээгүй, хоёр, гурав, дөрвөөр нэг нэг удаа орж, таваар хоёр удаа орсон.  

-Төлүүд нь яаж давхисан бэ?

-Төлүүд нь надад сайн давхиагүй. Төл хоёр үрээг нь уяснаас нэг нь 1993 онд суманд гуравласан юм. Бусад нь айрагдаагүй. Миний өмнө ярилцлага өгдөг Алдартын хүүхдийн давхиад байгаа цавьдар морь цагаан азарганы удам. Хувьчлахад Дэмбэрэл гэдэг залуу цэнхэр азаргатай адуунаас 2-3 бор гүү авснаас гарсан төлийн төл юм билээ. Энэ цавьдар морины ах Батхүүгийн улаан морь гэж манай суманд нэг түрүүлж, бага наадамд олон түрүүлсэн. Бас нэг төл нь болох улаан азарга Цагаан-Уулын Тосон багт хүнд очоод их сайн давхисан гэнэ лээ. Сумандаа 2-3, Завханы Их-Уулд ч айрагдсан гэдэг. 

-Шилмэл сүргээс уясан харлаг морины тухайд ямар удам угшилтай адуу вэ? Хэд айрагдаж түрүүлсэн бэ?

-Равдан гэдэг хүний адууны гаралтай юм билээ. Яг ч шилмэл сүргийнх биш л дээ. Шилмэл адуунд морь ирээгүй, зөвхөн гүү, азарга гээд үржлийн адууг хэмжиж, цуглуулж байсан. Багийн дарга нар, нягтлан, агентын хөл залгуулдаг өртөө адуу гэж багийн төвд байсан юм. Намайг адуугаа хариулах морь өртөө адуунаас ав гэсний дагуу тэндээс таван адуу авсны нэг нь ааштай харлаг үрээ. Тэгээд сургаж уяад суманд зургаа айрагдуулж, Завханы Баянхайрханд нэг түрүүлгэсэн. 1991 онд сумынхаа 60 жилийн ойд удаалсан. Бургасайн аавын хар морь түрүүлж, миний алаг морь удаалж анхны медаль гэдгийг авч байлаа. Одоо ч хар болчихсон мөнгөн медаль нь бий. 1991 онд Аймгийн 70, улс хувьсгалын 80 жилийн ой тохиосон жил. Аймгийнхаа ойд алаг морьтойгоо очоод хүүхэд нь унаад давхиж чадаагүй.   

-Энэ хоёрыг залгаж ямар хурдан морьд уясан бэ?

-1991 ондоо ахынхаа саарал үрээг уяж, аймгийн ойд очоод улаан шүдлэн дөрөвт ирсэн. Түүнээс хойш үрээ бага адуунууд айрагдуулж л байсан. Гайгүй айрагдахаар азарга таараагүй. Их насны морь гэвэл манай нутгийн Сангаа гэдэг хүний жижигхэн хүрэн морийг соёолонд нь хоёр түмэн адууны баярт уяж түрүүлгэсэн. Өөрөө бие хаа нь тааруу, хот  явах гээд намайг соёолонгоо уяж өгөөч гэсэн юм. Тэгээд түрүүлгэчихсэн чинь чи ав гээд надад өгсөн.  Хүрэн морийг аваад хавчиг соёолон жил нь энд тавьж зургаалаад, бүтсэн жил нь ган зуд болоод манайх урагшаа нүүсэн. Булганы Хутаг-Өндөрт Хантай баг гэдэгт ах дүүгийнхээ хажууд дөрвөн жил болоод ирсэн. Тэнд байхдаа багт бол өчнөөн түрүүлсэн л дээ. Томхон гэвэл Булганы Хутаг-Өндөр хоёр түмэн адууны баяр хийхэд гуравлаж, Тэшигийн өвлийн бооцоот уралдаанд дөрөвлөсөн. 2004 онд Завханы Баянтэсийн ойд тавлуулсан. Тэгээд хөгшрөх тийшээ болж, дүүдээ зарсан.

Хүргэнийхээ хүрэн морийг үрээ цагаас нь уяж байлаа. Тэр хүрэн морийг авч уяад 2006 онд Тэсийн хурд гэж болоход түрүүлгэсэн. Суманд 2006, 2007, 2008 онд завсаргүй гурав түрүүлсэн юм. Тэгээд Завхан аймгийн Нөмрөг сумын ойд очиж гуравлуулж, Уурхайн 30 жилийн ой 2010 онд болоход энд удаалуулсан. Овоо тахилга зэрэг бага наадамд өчнөөн түрүүлсэн л дээ. 20-иод медальтай адуу. Их насны морь ингэж давхиулсан хүн.

Даага суманд хоёр түрүүлгэсэн. Улаан даагаа Завханы Баянтэсэд аваачиж түрүүлгээд, Нөмрөгийн ойд улаан даага, цавьдар морьтойгоо очиж цавьдараа гуравлуулаад, улаан даагаа түрүүлгээд ирж байлаа. Отгонтэнгэрийн хурдад улаан даагаа шүдлэн аваачиж 11-ээр давхиулсан.

-Аймаг, аймгийн чанартай наадамд хэр наадсан бэ?

- “Тэсийн хурд” гэж аймгийн баруун бүс болоход их насны морь түрүүлгэж, нэг үрээ айрагдуулсан. Аймгийн ойд 1991 онд саарал үрээгээ дөрөвлүүлсэн. Аймгийн чанартай наадмаас гурван айраг, нэг түрүүтэй.

-Таны оролцсон наадмуудаас хамгийн баяр бахдал дүүрэн, адуутай нөхөрлөсөн эр хүний хувьд хамгийн их омогшуулсан наадам хэдэн онд тохиосон бэ?

- Газар газрын олон морь цугласан аймгийнхаа бүсэд морь түрүүлгэж байхдаа их омогшсон доо. Тэгэхэд манай сумаас хоёрдугаар багийн Жаргаагийн дүүгийн соёолон, миний их насны морь хоёр түрүүлээд, бусдыг нь гадны сумынхан аваад явахад хүн бүр ирж баяр хүргэхэд баярлаж л байлаа. Тэнд анх удаа байнд мотоцикль өгч байж. УИХ-ын гишүүн О.Энхсайхан агсан ирж хайрцагтай хужаа мотоцикль өгсөн. Том ч бай байлаа, баярлаж ч байлаа. 

-Танай сум аймгаасаа нэлээд хол юм байна, тэр үед аймагт наадах боломж тааруу л байсан байх.

-Манайх аймгаасаа хол хол. Тэр үед чинь хэдэн морио хөтлөөд л аймаг орж байлаа. Морьдоо ачдаг болчихсон энэ үед бол аймагт уралдах шиг амар юм алга.

-Шилмэл сүрэг гээд үржлийг гол болгож байсан байна. Тэр үржлийн шилмэл сүргээс гарсан сайн адуунаас өөртөө авч үлдэж чадсан уу?

-Хувьчлал тарахад манайх гуравхан ам бүлтэй байсан. Ам бүлийн тоонд харгалзуулж хувьчлалын мал өгч байсан болохоор цагаан азарга, алаг морио хоёр гүүтэй аваад л ам бүлд оногдох адуу таарсан. Шилмэл адуунаас 1989 онд Арбулагт азарга тавина гээд зоотехникч нь ирж Нарийн хул гээд азаргатай адуунаас хул үрээ авсан юм. Арбулагаас манай сум солилцоогоор тэмээ авчирч байсан. Тэр хул үрээ Арбулагийн Цэдэнсамбуу гэдэг хүнд сайн давхиж, түүний үр удам одоо ч давхидаг гэж ярьдаг юм билээ. Сүүлд Цагаан-Уул, Арбулаг, Баянзүрх сум руу хүртэл тараад, гүү нь зарагдаж байна гэж дуулдсан.

-Жаргалант, Галт, Төмөрбулаг руу жороо адуу их байдаг юм байна. Танай энд жороо адуу хэр байдаг вэ?

-Жороо адуу манай энд муу, нэг их дэлгэрээгүй. Гэхдээ яах вэ, байсаан байсан. Аймгийн Алдарт уяач Сүрэнжавын сайхан жороо хүрэн морь байлаа. Доошоо залгаа сум Завханы Баянтэс, урагшаа Увс руу жороо морь их байдаг.

-Цагтаа шилмэл сүрэг хариулж байсан хүн сүргээсээ хамгийн сайныг нь шилж унана биз? 

-Тэгэлгүй яахав ээ. Одоо шиг техникээр мал адгуулдаггүй, жилийн дөрвөн улиралд морио унаж ажлаа амжуулна. Мотоцикль байдаг ч түүгээр мал хариулна гэж толгойд бууж ч байгаагүй. Мотоциклиор төв орон нутаг л явж, мориороо малаа хариулж, тэмээгээрээ нүүдэг байлаа. 

-Морь унадаг хүн элдэв өвчин хуучгүй байдаг гэж ярих юм. Танд тэгж анзаарагдах юмуу?

-Ах нь өвдөж шаналах юм гайгүй, эрүүл саруул байна. Хүйтэнд нь хөрч, халуунд нь халж явснаараа өвчин тусчихмаар. Өвлийн хүйтэнд 500-600 адууг өглөө мордож хураана, орой нь хурааж зогсооно. Шөнө цантуулж барина, ятгаа манаа хийнэ. Аль даарч хөрөхийг тэр гэх вэ дээ.

-Хүүхдүүд нь морь малаа унаж эдлэх юм уу? 

-Манайх дөрвөн охин, хоёр бандитай. Хоёр бага нь хүү байгаа юм. Нэг нь сургуульд дургүйцээд байхаар нь гаргачихсан, 17 настай хүү байна. Тэр маань морь уяж байгаа. Адуунд овоо эвсэлтэй юмаа.

-Үр хүүхдийнхээ сайныг үзэж, үрээ мориныхоо хурдныг үзэж явах болтугай гэсэн бэлгэтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Орон нутагт маань ирж бидэнтэй ярилцаж ард түмэнд хүргэх гэж байгаад баярлалаа.

Д.Ирмүүн

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.