Аймгийн Алдарт уяач Д.Цогбаяр: Аавын хүрэн азарганы гурван үе бүсэд айрагдсан сонин тохиол бий

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 29 -нд

Улсын наадам, “Их хурд”, бүсийн уралдаан гээд гурван том наадамд айрагдсан Шөвгөр зээрд азарганы унаган эзэн Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн Алдарт уяач Товуугийн Дугар юм. Нэгдлийн адуучин, үхэрчин байхдаа хариуцсан сүргээ тоо толгой бүрэн, тарга тэвээрэг сайтай хариулан ажил үйлсээрээ тэргүүлснээр АИХ-ын депутатаар сонгогдож, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан бол нэгдэл тарж мал хувьд шилжсэнээр мал сүргээ өсгөж үржүүлэн тоо толгойг нэгэн мянгад хүргэж нутаг орондоо хөдөлмөр зүтгэлээрээ тэргүүлсэн нэгэн байжээ. Зөвхөн сайн малчин байсангүй хурдан удмын адуугаараа нутаг орондоо бахтай нааддаг сайн уяач байсан аж. Т.Дугар агсны талаар түүний хүү аймгийн Алдарт уяач Д.Цогбаяртай хөөрөлдсөнөө хүргэе.  

Хурдан хүрэнгүүдийн эзэн алдарт уяач аавынхаа талаар манай уншигчдад яжьж өгөөч? 
- Манай аав Дугар Товуугийн тав дахь хүү. 2006 онд 73 настай бурхны оронд очсон гэхээр 1930-аад онд төрсөн болов уу гэж таамаглаж байна.  Гурван жилийн цэргийн албыг хотод хааж ирээд нэгдлийн адууг дөрөв, таван жил хариулаад, тэрнээс хойш үхэр малласан. Тасаг гэж байхад охин бяруу авч маллан үнээ болгодог, саалийн тасгийн үхэрчин байсан. Тэгээд нэгдэл тарсны дараа хувьчлалаар хэдэн мал авч, түүнийгээ өсгөж үржүүлэн 1995 онд Мянгат малчин болсон юм. Аав минь сумын янгат малчин, сумын Алдарт уяач, аймгийн Алдарт уяач цолтой хүн байлаа. АИХ-ын депутатаар ч сонгогдож байсан юм гэсэн. Өөр нарийн ширийн юмыг би сайн мэдэхгүй ээ.
Тэгвэл уяачийнх нь тухайд сайн мэднэ биз дээ. Дугар гуай хэдий үеэс эхлэн морь  уясан юм бол? 
- Нэгдлийн адуучин байхаасаа морь уясан гэдэг байх аа. Хамгийн анх хүнээс 3000 төгрөгөөр авсан хонгор морио хурдлуулж, хэд хэд айрагдуулсан гэнэ лээ. 
Тэр үеийн 3000 төгрөг ч их мөнгө шүү. Хаанахын хэнээс авсан гэдэг вэ?
-Мөнгө хатуу үед их мөнгө л дөө. Хэнээс авсныг мэдэхгүй, долоо наймтай л морь авч, суманд гурав, дөрвөөр оруулж, нэг түрүүлгэсэн гэдэг юм. Анх энэ хонгор морио айрагдуулчихаад учиргүй их баярлаж байсан гэдэг. Хонгор морины дараа Дарьгангын Жижиг зээрдүүдийн угшилтай хэдэн хүрэн морьд давхиулсан байдаг. Манай эндхийн адууны суурь нь Жижиг зээрдүүд шүү дээ. Манайх зээрдүүдийн угшилтай хоёр азарга адуутай байсан юм. 
Зээрд адуунууд яаж давхиж байсан юм бэ? 
-Нэг зээрд морь даагандаа суманд түрүүлж, шүдлэндээ аман хүзүүдээд, хязаалан тавласан. Тэрний дүү хүрэн адуу 1990 оны Алтан овооны тахилгад даагандаа таваар давхисан. Бас нэг зээрд адуу суманд хоёр айрагдсан. Зээрд адууг залгаж, Мончоо гэдэг хүнээс авсан хар азарга хурдалсан. Тэр хар азарга суманд олон түрүүлсэн. 
Хар азарга хэд хүртлээ хурдалсан юм бэ?
- 13, 14 хүртлээ тогтмол хурдалсан. Соёолондоо, долоотойдоо хоёр л удаа айрагдаагүй. Хамгийн сүүлд 13 настай сумандаа дөрвөөр орсон байх шүү. Лхамын хар, Бор-Ухнайн  хээр, саарал, Махбуриадын улааны угшилтай Цэндсүрэнгийн улаан гэх мэт хурдан азаргануудтай уралддаг байлаа. 
Хар азарганы төлүүдээс эцгийн шийрийг хатаасан хурдан хүлгүүдээс танилцуулаач?
- Хар азарганд Махбуриадын улаан,  Сүх-Очирын хүрэнгийн төл гүүнүүдийг хураалгадаг байсан. Аавын нэр дээр хар морь дөрвөөр, хар даага таваар, хүрэн морь дөрвөөр орсон. 2005 онд сумын 80 жилийн ойгоор хар даага аман хүзүүдсэн. Суманд их морь дөрвөөр орсон хар морины ах нь Мажигсүрэн гэж өвгөнд очсон. Гэхдээ олигтой давхиагүй. 80 жилд орсон хар даагыг тооцохгүй бол яг бие төлөөс нь олигтой давхисан юм бараг байхгүй. 
Төлийнх нь төл гэвэл?
- Миний Шагай хүрэн азарга байна. Эх нь хар азарганы төл борогч гүү байдаг. Шагай хүрэн “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд дөрвөөр орж, суманд гурав түрүүлж, хоёр айрагдсан. Мөн Егүзэр хутагтын наадамд аман хүзүүдэж, бага наадамд хоёр айрагдсан. 
Шагай хүрэн азарганы эцэг ямар угшилтай юм бэ?
- Эцэг нь чанга Рэнцэнгийн Ажнай хүрний төл хүрэн азарга байсан. Хүрэн азаргыг аав даага аваад, хязаалан сумын уяачдын холбооны уралдаанд түрүүлгээд, Дорнод аймгийн 80 жилийн ойд дөрвөөр давхиулсан. Ер нь бол хязаалангаасаа хойш дөрөв айрагдсан адуу. 
Чанга Рэнцэнгийн хүрэн азарганы төл дөрвөн дааганаас харж байгаад нэгийг нь сонгож авсан гэдэг биз дээ. Даага уяагүй юм уу? 
- Сөнгө даага сумын наадамд уралдаагүй. Үрээндээ Алтан овооны тахилгад гавьтай яваагүй юм. Хязааландаа эхний тавд ирж байгаад эргэн харж зогсоод 10-аар орчихсон. Тэгээд соёолонгоосоо эхэлж хурдлан, тэр жилээ гурав айрагдаад, хавчигтаа нэг айрагдсан.  Тэрнээс хойш харин олигтой давхихгүй байгаад хоёр жилийн дараа 2008 оны шуурганаар яваад ирээгүй. 
Таны Шагай хүрэн азарга хэдий үеэс уягдсан юм бэ?
- Даага, шүдлэндээ  уягдаагүй. 2008 оны өвөл хязааланд нь анх сургаж, зун нь уясан. Бадрах гэж манай хүргэн ах адуундаа хадаг зүүгээд тавьчихсан байсан юм. Адууны өглөгтэй хүндээ “Хүрэн хязааланг очоод авчих” гээд явуулсан чинь “Хүний хадагтай адуу авахгүй” гээд аваагүй байсан. Дараа нь би өөрөө очсон чинь нээрэн л хадаг зүүчихсэн байна. Тэгээд хязаалан өвөл нь төвд оруулж тэжээгээд, хавар нь уяачдын холбооны уралдаанд мордуулсан.   
Шагай хүрэн бараг л хүнийх болох дөхсөн юм байна шүү дээ?  
-Тийм. Хязааландаа хавар нь олигтой яваагүй, намар нь сургуулийн ойд таваар орж, соёолон суманд дөрвөөр орсон. Хавчигтаа сумандаа түрүүлээд, Эрдэнэцагаанд болсон Егүзэр хутагтын 140 жилийн ойд аман хүзүүдсэн. Долоотой азарга суманд гурваар орж, найм, естэй азарга хоёр жил дарааллан түрүүлсэн. Наймтай азарга Дорнод аймагт болсон Зүүн бүсийн уралддаанд дөрвөөр орж, дараа жил нь сумынхаа 90 жилийн ойгоор гурваар давхисан. Миний хүрэн азарга Асгат сумынхаа наадамд гурав түрүүлсэн адуу байгаа юм.   
Асгат сумын түүхэнд азарга болоод гурав түрүүлсэн нь таны хүрэн, Аавынхүүгийн хүрэн гэдэг бил үү. Хэд хэдэн онд сумандаа түрүүлсэн юм бэ?   
- Тийм. Миний хүрэн азарга 2011, 2013, 2014 онд түрүүлсэн. 
Дорнод аймгийн баяр наадамд аав хүү хоёрын гурван хүрэн азарга айрагдсан нь бас л сонин тохиол шүү. 
-2011 онд Дорнод аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болоход хүрэн азарга дөрвөөр давхисан. Түүний дараа 2014 онд “Дорнод талын  хурд-2014” зүүн бүсийн уралдаан болоход Шагай хүрэн дөрвөлж, Шөвгөр зээрд хязааландаа айргийн гуравт хурдалж байсан.   
Хүрэн азаргандаа ямар гүү хураалгаад Шөвгөр зээрд гарсан юм бэ?
- Халзан сумын Жамъяншарав өвгөний хүүгээс хээрэгч гүү авч хураалгаад, хоёр жил унагалаагүй байж байгаад долоотой гүү унагалж Шөвгөр зээрд гарсан. Хээрэгч гүү Халзангийн Цэвэгсүрэнгийн халтар азарганы  гурав, дөрөв дэх үеийнх нь төл байх шүү. 
Энэ хавийн хамгийн үнэтэй зарагдсан адуу гэхээр Шөвгөрийг нэрлэж байсан. Ямар үнэ хүрсэн юм бэ?
- Хамгийн үнэтэй нь ч биш л дээ. 2015 онд 50 саяар л зарагдсан. Хамгийн үнэтэй гэвэл 90 сая хүрсэн Шагай хүрэн азарга юм уу даа. Гэхдээ Шөвгөр тухайн үедээ үнэтэй л зарагдаж байлаа. Шагай хүрэн ноднин л зарагдсан.
Манлай уяач Дагвадорж бол Сүхбаатараас олон адуу авсан. Бас ч гэж нэлээн үнэ хүргэж авдаг ийм хүмүүсийн нэг. Энэ хүнтэй яаж танилцсан юм бэ?
- Манай аавын ахынх нь хүүхэд Буд гэж хүн “Шөвгөр зээрдийг чинь хүн авъя” гэж байна гээд л холбосон юм. Тэгээд Шөвгөрийг авах гэж өөрөө ирэхэд нь анх танилцсан. Тэрнээс биш Шөвгөрийгөө заръя гэж боддоггүй байсан.  
Тэгээд яагаад зарах болсон юм бэ?
- Байн байн утасдаад л. Дээр нь Буд ах “Адилхан моринд дуртай улс, адуу харамлаад яах вэ.  50 сая их мөнгө шүү дээ” гээд түлхэж өгсөн дөө. Тэгээд хурааж байсан эр унагатай гүүтэй нь нийлүүлээд 55 саяар авсан.   
Шөвгөр зээрд 2017 онд харамсалтайгаар эндсэн. Түүний  дараа дүүг нь бас авсан гэл үү?  
- Тийм ээ. Эх эцэг нэгтэй дүүг нь авсан. Шөвгөрийг соёолондоо улсад орсны дараа дүү хээр хязааланг нь авсан юм. Хээр адуу олигтой уралдаагүй байх аа. Сүүлд Паламын Мөнхжаргалаас бас нэг дүүг нь авсан нь ноднин бүсийн уралдаанд 16, 17-гоор орж байна билээ. Мөнхжаргалд байхдаа хоёр орсон адуу. Шөвгөрийг эндсэний дараа өнгөрсөн өвөл эцэг, эх хоёрыг нь авсан. Эх нь хээлтэй, “Ах нь азаа үзье. Эр, охин гарах нь хамаа байхгүй” гээд авсан чинь эр хүрэн унага гарсан гэсэн. Шагай хүрэн чинь одоо 15 настай азарга, өвөл тэжээгээд хавар мал дээрээ гаргасан сураг байна билээ. 
Шөвгөр зээрд, хоёр хээрээс өөр ямар төл нь байна вэ?  
- Нэг охин гарсныг нь Эрдэнэцагааны хүнд өгсөн юм. Бас нэг төл нь эндсэн. Тэгээд энэ жилийн хүрэн унага байна. Охиноос бусдыг нь Дагваа ах авсан даа. 
Шөвгөр гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?
- Хэрлэн, Дагваа ах хоёр л өгсөн. Хоншоор руугаа шөвийсөн адуу л даа. 
Шагай хүрэнгийн төлүүдээс өөр гайгүй давхиж байгаа адуу бий  юу?  
-Ноднин битүү хязаалан үрээ Дорнодын Хүрэлбаатар гэдэг хүнд таван саяд гарсан. Соёолондоо азарганд уралдаад гайгүй давхисан сураг байна лээ. Тэрний дүү нь хулгар Нямжав ахад байгаа. 
Таны өөрийн хурдан шарга азарганы төл ч бас улсад орсон гэсэн байх аа. Шарга азарганыхаа удам угшлыг дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Шарга азарганы эцэг нь Бор-Ухнайн хонгор азарга. Хонгор азарганы эцэг нь Бор-Ухнайн зээрд гэж өвөл сайн давхидаг хурдан азарга байлаа. Түрүүн ярьсан аавын ахын хүүхэд Буд 2008 оны шуурганаар алдсан адуугаа эрж яваад манай борогч гүүг олж ирж, хадам нь болох Бор-Ухнай гуайн хонгор соёолон азарганд хураалгаад шарга азарга гарсан юм. Борогч гүү аавын хар азарганы гурав дахь үеийн гүүний төл. 
Бор-Ухнай гуайн адуунд гүүгээ тавьж авсан төл юм уу?
- Яг ч тийм биш, хонгор азаргыг нь би уяж байсан юм. Тэр үед өвгөн намайг хонгор азаргаа уяж өгөөч гээд би хавчиг азарга уяж суманд түрүүлгэж байлаа. Уг нь хязаалан, соёолондоо хурдан байгаад сайхан хөтөлж гарч ирээд л суучихдаг. Тэгээд хавчиг түрүүлгэсний дараа Сонорын Энхболдод очиж Завханы бүсэд нэг орсон шүү дээ. 
Тийм учиртай байж. Энэ шарга азарга яаж давхиж байсан юм бэ?
- Даагандаа гурав уралдсанаас хамгийн анх Их уулын тахилгад аман хүзүүдээд, дараа нь  суманд түрүүлж, Дорнодын 80 жилд очиж бас түрүүлсэн юм. Дараа жил нь буюу 2012 онд үрээ суманд аман хүзүүдээд, аймгийн 70 жил, бүсийн уралдаанд 14-өөр давхисан. 2013 онд хязааландаа суманд түрүүлээд, соёолон сумын уяачдын холбооны наадамд дөрвөөр орсон. Хавчиг азарга өнжөөд, дүнсэр долоотой суманд долоогоор давхисан. Одоо естэй азарга. Соёолонд нь би хөлийг нь эвгүй болгочихоод, одоо төлийг нь л харж сууна даа.  
Төлүүд нь ямархуу байна вэ?
- Дундговийн Төрөө гэдэг хүнд цагаан даага өгсөн. Манай найз Жагаа надаас аваад Дундговь руу гаргасан юм билээ. Төрөө дээр очоод ноднин улсад шүдлэн гурваар ороод, Дундговьд бас айрагдсан шүү дээ. Батжаргал гэж дүүгийнх нь нэр дээр уралдсан гэл үү дээ. Энэ жил хязаалан сураг дуулдахгүй л байна.  
Батжаргалын шаргын эх нь ямар гүү юм бэ?
- Унангаа Мажигсүрэнгийн суманд хоёр гурав орсон шаргал азарганы төл шаргал гүүнээс гарсан.  
Хоёулаа дандаа улс, бүсэд орсон адуу ярьчихлаа. Улс, бүсийн уралдаанд ороогүй ч орон нутагтаа сайн давхисан адуу олон биз?  
- Аавын бор морь байна. Хязааландаа Дорнод аймгийн 70 жилээр түрүүлж, сумандаа хоёр түрүүлсэн. Бор морины эцэг нь Ширээтийн цагаан адуу. Харин эх нь аавын хар азарганы угшилтай. Сүрэнээ ахын пүү Билгээ аваад, цаашаа Иточу Энхбатад өгсөн байна билээ. Энхбат ахынд очоод нэг их гавиагүй. 
Танай адуу ер нь аль аль аймаг руу гарсан байна вэ? 
- Бараг гадагшаа гарсан нь тэр хэд байх шив дээ. Дорнодын сумдаар гайгүй ганц нэг юм бий. Баруун тийшээ нэг  их юм гараагүй. Хамгийн хол гарсан нь Шөвгөр зээрд, цагаан хоёр л байна.
Танай адууг дуулаагүй байна гэж байхгүй л дээ. Наймаа хийе гэж ирдэггүй юм уу. Эсвэл ирээд үнэ ханш тохирдоггүй юм уу?  
- Яах вэ, улс ирдэг юм. Аав наймаа хийх дургүй хүн байсан. Би ч бас гадагш нь нэг их гаргадаггүй. 
Дугар гуай хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон бэ?
- Аав 1998 оны анхны 10 аймгийн Алдартын нэг. 
 Уяач болгоны арга барил өөр. Танай аавын уяаны арга барил юу вэ?  
- Ер нь чанга талдаа уяна. Тарган морь тавихгүй, нэлээн нимгэн тавина. Нимгэн морь зүгээр гээд ажлыг нь ханатал хийж байж уралдуулдаг байсан. 
Дугар гуайг залгамжилж танаас өөр морь уяж байгаа хүн бий юу?  
- Би л ганцаараа байх шив дээ. 1995 оны есдүгээр сарын 1-нд даага уяж уралдуулаад анхны айргаа  авч байлаа.  Тэрнээс хойш өнөөг хүртэл бүсээс хоёр айраг, аймгаас хоёр гурван айраг, сумаас арван хэдэн айраг авсан байна. 
2011 оны сумын шилдэг уяач болж байж. Тэр жил яаж наадсан юм  бэ?
- Тэр жил хоёр түрүү, нэг айраг авсан амжилтаар сумын Шилдэг уяач болж байлаа. 
Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн хурдан удмын адуугаараа үе дамжин сайхан наадах болтугай. 

Д.Ирмүүн


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.