​Адуун соёлоо аргадах аялга үгийн дуудлага оршвой​

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 20 -нд

Шинжээд үзэхүй уях хүн эдээ орхисон хөвгүүн мэт, судар үл нийлэв хэмээн мэдэлгүй хэлэгч хүн өлссөн чоно мэт. Аль зүйлийг болгоомжлон хянаж хэлбээс хожмоо худалч нэрийг авахгүй хэмээн өвгөн би өгүүлсүгэй.

Хүлэгч, шинжээч, Хардэл жанжин бэйс өвгөн ноён Мижүүрдоржийн Пүрэвжав /Нууцын нууц, далдын далд шулуун журамт судраас/

Адууны насыг тогтоохдоо хоёр жилийг нэг нас гээд гучин гурван нас хүртлээ жаран хэдэн жил насална гэж үзнэ. Арав унагалсан гүүг алж иддэггүй. Удаан жил явсан азарга, морийг ихэд хүндэтгэнэ. Сэтэртэй малыг маш их хүндэтгэнэ. Адуу хэдий адгуус боловч ухаантай амьтан.

Ч.Жүгдэр /Монголд феодализм тогтох үеийн нийгэм, улс төр, гүн ухааны сэтгэлгээ. УБ. 1987 он/

Монголчуудын мандал бадрал, буурал доройтлын цаг үе бүхэн хүлэг сайн морьтойгоо салшгүй холбоотой. Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн түүхийг морьгүйгээр, морин эрдэнэ болсон адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид хүлэг морьгүйгээрээ дэлхийн дайдыг хэрхэн эзлэн их гүрэн улсыг байгуулахсан билээ. Монгол хүний эр зоригийн их хүч чадлын тэн хагасаас илүүг хүлэг сайн морь нь хуваалцсаар ирсэн биш үү. Монгол морины алтан туурай хүрээгүй дэлхийн хөрст газар цөөхөн гэхэд хэн үгүй гэх билээ. Монгол хүн өнөөдрийн даяаршил, соёлын хөгжлийн их давалгаанд орж өөрийн эрхгүй хүлэг мориноосоо буулаа. Хээр талаар атар тарганаараа бэлчиж байгаа адуун сүргээ хэрхэн яаж адуулж байгаа билээ. Зуунаар гэхгүй аравнаар бид итгэлт адуун сүргээсээ, хүлэг мориноосоо холдсоор байна. Тэд “Эзэн минь ирж намайг унаж хээр талаар биеийг минь халааж давхихгүй юм даа” гэж горьдон харж зогсоно. Өгөдэй хааны үеэс эхэлсэн морин өртөө 1950-иад онд бууж, авто өртөөнд халаагаа өгсөн. Тэр үе цагийн хуучцуул “За, одоо ч гүвээ давах морьгүй боллоо доо” гэж хэлсэн нь өнөөдрийг зөгнөсөн үг байжээ. XXI зууны хориод он гэхэд бидний монголчууд хүлэг морио хайрлах хайраа төмөр хүлэгт бүрэн өгч, тэднийг зөвхөн таваар болгон хардаг болсон. Өнөөдөр адуу мал, хүлэг сайн морьдын ихэнх эзэд нь суурин бараадаж зөвхөн баяр наадам, цэнгэл зугаанд хэдхэн хурдан гэх морьдоо уралдуулж нэр алдар олох хэрэглүүр болгож байна. Морьтой холбоотой бүх тоглоом наадам, цэнгэл баяр, ёс заншлаас гагц морин уралдаан үлдэв ээ. Бид тэртээ 1000-аад жилийн өмнөөс морин булуу /поло/ наадам, бөмбөг намнан харваж морьтойгоо ид хаваа гайхуулж байснаа мартав. Адуу, морьтойгоо холбоотой олон зан үйл орхигдов. Хурдан морины цол чимэг, тамганы соёл /тамга таслах ёс/, хөхүүр цэнгүүлэх ёс, тохом гөвөх сан бичиг, эмээлийн дуун, адуун сүргээ хүнээс дутуугүйгээр удам угшлыг данслан ирсэн гайхам соёл, цулбуур отголох ёс гээд олон зан үйл, түүнийг дагасан нүүдлийн эрхэм нандин соёл бүдгэрэн орхигдсоор байна. Одоо дэлхий даяар ихэд тархсан морин поло гэдэг наадмыг монголчууд эхлүүлсэн нь түүх сурвалжид зураг, дүрстэйгээ үлдсэн байхад Монголд энэ наадам үгүй болж, давхил дундаа бөмбөг намнах, цэц мэргэ, авхаалж самбаат тэмцэлдээн бүр ХХ зууны дунд хүртэл байсан мөртлөө үүнийг мэдэх хүн одоо үгүй болж Япон зэрэг орныхон үүнийг тоглодог гэж бодож суух жишээтэй.

Адуу морины эрдэм чадал шавхагдашгүй их. Морь болгон тус тусын эрдэм сурч, эзэн хүндээ жинхэнэ нөхөр болж байсан цаг саяхан. Бидний мэдэхийн зэвийн морь, уургын морь, уулын морь, шижмийн морь, цэнгэлийн морь, хонины морь, холч морь гээд зүйл зүйлийн эрдэмд хүлэг морьдоо сургадаг байсан нь дөнгөж саяхных мэт ээ. Үүнээс бид өнөөдөр, магадгүй эрлийз голлосон хэдхэн морьдоо хашаа саравчинд тэжээж уралдуулж сууна. Энэ нь ердөө цэнгэл төдий юм аа. 1990-ээд оны үед монгол адууны нэрт зүтгэлтэн Д.Даваа анд минь Холч морин уралдааны нийгэмлэг байгуулж, Монголдоо хөгжүүлэхийг зорьж олон улсын уралдаан, тэмцээнд оролцож байсан билээ. Энэ мэт морины олон эрдмийг нээх уралдаан тэмцээн, ажил хөдөлмөртэй хосолмол зүйл бүрийн морины эрдмийг гаргаж байсан бүхэн үгүй болов.

Адуу мал маань өсөөд уул талаар бэлчсээр атал эдэлдэг эзэд нь бүгдээрээ моторт хүлэг зайдлан, төмөр хүлгээр адуугаа хариулах нь энэ цагийн гэмшиглэн. Адуу морьд минь биднийг гайхсан нүдээр гомдоллон харна. Монгол Улс мориноосоо буулаа гэж гайхашран гунигласан улсын Ерөнхийлөгч “Та нар минь морио унаач, мотоциклио орхиоч” гэж гуйж гувшив. Тэр үг нь дайран дээр нь давс нэмэв. Унасан мориныхоо толгой руу ташуурдсан хүнийг егүүтгэдэг байсан хатуу журам хуультай монголчууд өнөөдөр хүлэг морьдоо хайрлах  хайргүй болж, нэгэн цагийн хагацашгүй гайхам анд хүлэг морио толгой тархи руу занчих нь бүү хэл, аль муухайгаар доромжлох нь энгийн үзэгдэл болсон нь даанч харамсалтай. Морио хайрлаж уралдуулдаг уяач, шинжээч ховордсон гэхэд хилсдэхгүй. Тэд мориныхоо тунгалаг нүд рүү нэгэнтээ ч болов хараасай билээ. Хүлэг морьдоо хилийн дээс давуулан ачиж, мөнгө зоос болгож байгаа монголчууд харийн хүйтэн сэтгэлтний хөл дор доромжлуулан сүйтгүүлж байгаа морьдоо хайрлан өмөөрөхгүй, хамт цугаар зовоон тарчлааж сүйтгэж байгааг юу гэж хэлэх вэ. Тэд монгол хэлээрээ ярьж байгаа ч монголоо алдаж, монгол адууныхаа заяа буяныг хаяж байгаа биш гэж үү. Өнөөгийн Ерөнхий сайд шадар сайд байхдаа ийм эмгэнэлт явдал даамжирч байгааг мэдээд монгол адуугаа амьдаар нь хилийн дээс алхуулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Энэ зарлиг шийдвэр одоо хэвээрээ байдаг бол тун сайн билээ. Монгол морины заяа хийморь бол монгол хүн бүрийн буян заяатай холбоотой. Өнөөдөр хот орон газар амьдарч байгаа хэн хүн өөрийн гэж зүсэлсэн морьтой, хүүхдүүд нь унагатай байгаа. Монгол хүн бүр адуучин, малчин болохгүй ч бид өөрийн морьтой гэх өег сэтгэл нь хэн хүнийг аз хиймориор тэтгэж авч явдаг билээ. Морьтон ардын үр удам гэх далд омгорхол бидэнд үлдэж байна.

Их сайн морь есөн настай хүүхдийн ухаантай гэх хууч үг бий. Адуу гэдэг амьтан ямар ухаантайг хэлсэн үг. Үлгэрт гардаг баатар эр хүлэг морьтойгоо ярилцдаг. Морь нь эзэндээ үг хэлж зааж, дайснаа хэрхэн ялахыг хэлж өгдөг. Хуучин домогт өгүүлэх нь “Морь эзэн хоёр нэг тангарагтай байж. Тэр тангараг нь, бид хоёрын ярьдгийг хэн ч мэдэх учиргүй. Нэг нь мэдвээс морь эзнээсээ холдоно” гэжээ. Эзэн нь сайрхан баярлах үедээ мориныхоо хэлсэн үгийг  хэн нэгэнд хэлчихэж. Тэр цагаас хойш адуу гэдэг амьтан эзнийхээ хэлсэн үгийг ойлгодог, үг ярьдаггүй болж үлдсэн гэдэг. Бид гүүн зэлэн дээр унтаж байгаа унага зүүдлэхийг мэднэ. Монголчууд адуу унтаж байх үедээ зүүдэндээ янцгаадаг гэдэг. Адууны зүүд бол эзэн хүнээ, эх нутгаа хайрлах зүүд байдаг гэдэг. Морь мянган бээр явавч төрсөн нутгаа мартахгүй. Монгол морь тив дэлхий алгасч хол туугдаад буцаж эх нутагтаа ирсэн нь цөөн биш. Холын Вьетнам, Европ тивээс эх нутагтаа гүйж ирсэн түүх олон бий. Монгол адуу эзэндээ хэт дасамтгай, Халх голын дайны үед цэрэгт мордохдоо бидний өвөг дээдэс унаган морио унан мордсон. Унаган морьд хүний нутагт эзнээ хэзээ ч явгалахгүй. Эзэн нь дайны суманд эрсдэн унан үлдсэн үед ч тэндээ эзнийхээ дэргэд хамт эндсэн нь бий. Хэдэн жилийн өмнө би унаган адуунаасаа зүүн аймгаас баруун аймаг руу хэдийг зарлаа. Дараа нь би өөрийн зарсан адуун дээрээ очиход шинэ эзэд нь ярьж байсан. “Ай хөөрхий, танай адуунаас ирсэн энэ хоёр, гурав чинь идэж ундаалж байхдаа ч ганц л зүүн зүг рүү, зогсож амарч байхдаа ч зүүн зүг рүү, шуурга, цас, бороо орж байхад ч зүүн зүг рүү. Тэдэнд өөр зүг байхгүй” гэж хэлж миний сэтгэлийг өвтгөн, тэднийгээ буцааж авах тухай ярьж байтал нэгэн жил хүрэхгүйн дараа буцаж гүйцгээсэн. Говь тал нутгийн адуу уул ус тэгш хангай газар зарагдлаа ч элс шороотой, унд ус тааруу говио бэтгэртлээ санана. Нутагтаа эхийнхээ гэдсэнд олдсон унага, даага, шүдлэн болсон үрээ насандаа төрөлх нутаг руугаа гүйнэ. Ийм гайхалтай зөн совин зөвхөн монгол адуунд байдаг тухай эрдэмтэд судалсан нь бий.

Дүн өвлийн цагаар цантсан морьтой давхиж явахад морины дэл, бүх биеэс халуу дүүгэн байдаг даа. Сайн малчид, “Адуу шиг халуун илчтэй амьтан бараг үгүй” гэдэг. Морины илч дулааныг малчид жишихдээ “Морь бол муухан нойтон түлээний галаас илүү илчтэй” гэнэ. Хэдэн жилийн өмнө зүүн аймагт гэнэтийн их шуурга, гамшиг болж олон малчин амь эрсэдсэн золгүй явдал болсон. Тэнд амь алдсан хүмүүс тэр үед хонь малдаа мотоциклиор явсан байдаг. Морио унаж явсан малчдаас нэг нь ч амь алдаагүй. Харин мориноосоо салсан ганц малчин амь эрсэдсэн байдаг.  Малчдын ярих нь “Морь, хүн хоёр салсан тохиолдолд хоёул шуурганд тэсдэггүй” гэдэг. Тэгэхээр морь, хүн хоёр бие биеийнхээ илчинд явдаг ажээ. Монгол адуу монгол хүнээ хэзээ ч таньдаг. Үнэрээр нь ч юм уу, мэдэрдэг мэдрэмж одоо ч бий. Миний монгол бичгийн багш умард Солонгост 1950-иад онд сууж байсан юм. Нэгэн удаа солонгосчууд Монголын элчин сайдын яамны хүмүүсийг дагуулан амьтны хүрээлэнд аваачиж, тэнд байсан монгол адууг сонирхуулж. Солонгосын дайны үед ирсэн монгол морьдоос үлдсэнийг нь уурхайд зүтгүүлж, бас амьтны хүрээлэнд авчирснаа тайлбарлажээ. Солонгосчуудаас эгээ л эс ялгагдах адил хувцас, зүстэй монгол хүмүүсээ тэд содон үнэрээр нь таньж, үүрсэн ирж зөөлөн өмгөбөр хошуугаараа үрчин нулимс унагахад монгол хүн тэсэлгүй өрөвдөн хайрлаж, сэтгэл нь өмөрч байсан гэдэг.

Халх Монгол оронд адууны соёлын  нандин үр жимсийг цэцэглүүлэн дэлгэрүүлж өгсөн эрхэм нэгэн хүн бол Сэцэн хан аймгийн Бишрэлт засгийн хошууны ноён Хардэл жанжин бэйс Мижүүрдоржийн Пүрэвжав юм. Тэрбээр монгол адууны угшил удам, хурдлан давхих онцлогийг бүрнээ судалж, хүлгийг таних морины шинжийн судар дандар зохиож, нууцын нууц далдын далд эрдмийг хойч үед өвлүүлэн үлдээсэн хүн юм. Түүний буй болгосон Хардэл адуу /Галшар/-ны хурдлах удам бараг 200 илүү жил Халхын наадмын довыг эзэгнэсэн юм. Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав гадаад, дотоод сүргийн дансыг нарийвчлан хөтөлдөг журам тогтоож, “Харьяат хошууны дотор даган явуулахаар тушаасан ухуулах бичиг” үйлдэн мөрдсөн хүн юм. Мөн Халхын хэцүү То ван ч иймэрхүү аж төрөхийн сургаал номлол гаргаж хошуундаа мөрдөж байсан билээ. Хардэл жанжин бэйс Пүрэвжавтаны дотоод цөм сүргээ тоолсон олон данс бичиг, бидний үед уламжлагдан үлдсэн юм. Тухайлбал, “Олноо өргөгдсөний наймдугаар оны намар цагийн наран мандаж, навч цэцэг, нас буян нэмэн дэлгэрсэн дээд эрхэм сайн өдөрт ноён таны өсгөн /өтгөн/ сүргийн тайгам Гэндэнжамц дахь адууны данс энэ болой” гэх мэтээр намар, өвлийн адууны тооллого, адууч тайгам нарын адуун сүргийг азарга, гүүнээс нь унага хүртэл онц яруугаар бүртгэн бичсэн олон данс үлджээ. Мөн өөр нэг дансанд өгүүлсэн нь “Олноо өргөгдсөн тавдугаар оны /1915/ намрын дунд сарын шинийн гуравны арвижин дэлгэрэх сайн өдөрт өвгөн ноён танаа дэргэдийн тайгам Наваанрэгзэн дэх бум буян дэлгэрсэн хурдан сүрэг адуу тоолсон нь” хэмээгээд...

...Гайхамшигт ган хүлэг номин цэнхэр азарганд хандгай харагчин эр хар буурал унагатай, зүр харагчин эр хар буурал унагатай, шөвгөр харагчин эр бор унагатай, саарал буурагчин эр саарал унагатай, үнэгэн хээгчин эр хээр бауцай хар бор халзагчин эр цэхэр бор унагатай, халиугчин охин бор унагатай, инбүү харагчин охин хар буурал унагатай, сувай гүү халиун халзагч даага, ороо хүрэн халзан сайвар ухаа шарагчин дөрвөлжин халиун, халтагчин... гэх мэт яруу найраг шиг тэмдэглэн бичсэн нь бий.

Өвгөн ноёнтон дэргэдийн уяач, хүлгэчдэдээ хурдан адуунд онцгой сайхан нэр өгвөл адуу их хурдална гэж үздэг байжээ. Тухайлбал, буянт хүлэг Бүзэн хээр азарга, чимэгт хүлэг сарт харлаг, жаргалант хүлэг Арслан хул азарга, үйсэн хонгогчин гэх мэт яруу тодоор нэр өгч, данслан бичсэн нь бий.

Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын хөвүүн Доржцэрэн ноён мөн л энэхүү соёлыг өвлөн авч, адуун сүргээ бүртгэн дансалснаас түүхч З.Лонжид авгайн сийрүүлснээс авбал нэн сонирхолтой.

Доржцэрэн ноёнтон:

Арвай буурал

Ардаг хул

Арслан хонгор

Бага сарт

Байдас хонгор

Байран хонгор /хонгогчин, улаагчин/

Балтгар хонгогчин /хул/

Барс хул

Баярт хонгор

Бозлог хонгор

Бортолгой хонгор

Бор шарагчин

Бөгтөр хонгор... гэх мэтээр бүртгэсэн 6122 адууны зөвхөн хонгор, хул зүсмийн 16 азаргатай 408 адууг нэр, зүсээр нь нэг бүрчлэн тэмдэглэсэн байдаг.

Хардэл жанжин бэйс Пүрэвжав, түүний хүү Доржцэрэн нарын үед хүлэг морьдоо даншиг арван засгийн наадамд түрүүлгэж, айрагдуулсан аймаг хошуу даяар зартай хүлэг морьдынхоо эрдэнийн толгойн шинж галбирыг морин хуурандаа шингээн урлаж байсан нь гайхамшиг юм аа. Хардэл нутагт гэхэд бөөрөнхий шилбэтэй, шинжит хурдан морьдынхоо толгойг дуурайлган дүрсэлсэн морин хуур олон байсан тухай соён гэгээрүүлэгч Ж.Бадраа өгүүлсэн нь бий. Ийм нэгэн эрдэнийн хуур үүнийг өгүүлэгчийн өвөг дээдэст уламжлагдан байсныг дурдан өгүүлсү.

“Морин эрдэнийн шинж ба уях засахын ёс болой”, “Нууцын нууц, далдын далд шулуун журамт судар оршвой” зэрэг хүлэг морьдоо хурдлуулах, таньж шинжих, олон эрдмийг багтаасан судрыг зохион гаргасан нэн эртний улбаатай буюу. Адуунд даллага гэж байлтай мэт гэж өвгөчүүл үзэж мөрдөж байв. Юун гэвэл хэн хүн өөрийн унаган адуугаа даага, үрээн цагаас нь нэмнэх болоод үл нэмнэх, олон цөөн, ойр хол давхих, хэдэн хоногтой засах, тарган эцэнхий уралдах зэрэг нь эзэн хүний мэдэлд болох тул тэр сургуулиар даддаг болов уу гэх мэтээр сударлан бичжээ. Сүүлийн үед археологийн олдвороос үйсэн дээр бичсэн морины шинжийн судар олдсон нь нэн эртнийх болно. Нүүдэлчдийн соёл иргэншлийн онцгой тод давтагдашгүй өнгө нь адуун соёлын уламжлалд бат шингэн үлдсэн гэлтэй. Адуун соёлыг ахиулан лавтган судлахгүйгээр гүймэг гүехэн үл анзааран орхигдуулан мартагнаваас бид өөрийн түүхээ бүдгэрүүлэн орхиж байна гэсэн үг болох нь дамжиггүй юм.

Хүлэг морьдын хүчирхэг туурайгаар бичсэн түүх бол Монголын эрт, эдүгээгийн алтан шастир болно.

Бурхан Халдун урианхан Дэлгэржавын Жүмпэрэлийн Саруулбуян


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.