Монгол улсын Алдарт уяач Ч.Бямбасүрэн:Төрийнхөө наадамд хар морио түрүүлгэсэн тэр үе миний амьдралын бахдалт мөчүүдийн нэг

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 04 -нд

Ердөө хэдхэн хоногийн дараа 10 нас хүрэх “Тод магнай” сэтгүүлийн байнгын уншигчид жил бүрийн наадмаар азарга, их морь, соёолон түрүүлгэн аз хиймориороо илүүрхсэн эрхмүүд зочин хойморт ямар нэг цензургүйгээр тухлан саатдагийг мэдэх бизээ. Харин энэ уламжлал өнгөрсөн жил буюу 2017 онд эвдэгдсэн. Төрийн наадамд их насны морь түрүүлгэсэн Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Чойдогсүрэнгийн Бямбасүрэн хэмээх нууц ноёнтонг бид олж уулзаж чадалгүй жил тойрсоны эцэст 2018 оны отгон дугаартаа зочноор оролцууллаа.

Олны хөлөөс ангид байхыг эрхэмлэдэг, хэвлэлд ам нээж байгаагүй тэрээр бодож байснаас ч үг дуу цөөнтэй нэгэн аж. Гэсэн ч уншигч таны мэдэхийг хүсдэг асуултанд хариулт авсан хэмээн найдаж байна. Ингээд та бүхнийг 2018 оны отгон зочинтойгоо хамт үлдээе. Айлчлан ирж буй 2019 он та бүхэнд аз жаргал, сайн сайхныг харамгүй түгээх болтугай.


Монгол хүн амны бэлгээр гэгч болж, хар морь маань түрүүлсэн

-Төрийн наадамд дээд нас түрүүлгэсэн уяачид сэтгүүлийн маань зочин хойморт тухлан саатдаг уламжлалтай. Энэхүү уламжлалыг эвдсэн анхны хүн та байлаа. Уулзах гэж нэлээдгүй хугацаа зарцууллаа шүү. Ажил ихтэй байдаг бололтой.

-Ажил ихтэй байлаа. Юун түрүүнд “Тод магнай” сэтгүүлийнхээ нийт уншигчид, моринд хайртай монголынхоо ард түмэнд удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Баярлалаа. 2017 он таны хувьд хамгийн тод, хамгийн нандин дурсамжийг үлдээсэн байх. Учир нь төрийн наадамд их морь түрүүлгэх нь уяач бүрийн цээжин гүний чин хүсэл байдаг юм гэнэ лээ.

-Хусуур сойз бүсэлсэн эр хүн бүрийн хүсэл. Уяач болгон уясан морио түрүүлгэж, айрагдуулахыг хүсдэг. Тэр тусмаа том наадамд морь айрагдах хамгийн сайхан мөч байдаг шүү дээ. Хар морь маань монгол төрийнхөө наадамд түрүүлж, уясан уяач, унасан хүүхэд, эзэн намайг болон хурсан олноо цэнгүүлсэн тэр үе бол миний амьдралын бахдалт мөчүүдийн нэг.

-Өврийн сайхан хангай нутгаас хоёр жил дарааллан төрийн наадамд их насны морь түрүүлгэсэн нь мөн олон давтагдахгүй амжилт байх.

-Тэгэлгүй яах вэ. Өмнөх жил нь Тарагт сумын уяач Б.Энхбаатарын хонгор халзан морь мөн төрийнхөө их баяр цэнгэл наадамд түрүүлж, Өвөрхангай аймгийнхаа нэрийг дуурсгасан бол 2017 онд миний хар морь түрүүлж, Өвөрхангайчуудын хувьд том баяр болсон. Морин уралдаан мэргэжлийн шахуу болсон энэ үед ийнхүү нэг аймгийн уяачид жил дарааллан улсын наадамд их насны морь түрүүлгэнэ гэдэг ховорхон тохиох завшаан шүү. Сүүлийн үед уяачдын ур чадвар илт сайжраад овоо тахилгын наадам ч өрсөлдөөн ихтэй болсон.


-Санал нэг байна. Хар морь улсын наадмын өмнө гурав түрүүлж, нэг айрагдсан гэдэг. Төрийн наадмын түрүү авчирна гэсэн зөн совин татаж байв уу?

-Совин ч юу байх вэ, тоглоом шоглоомын завсраар түрүү морьтой ирсэн гэж байсан юм. /инээв/Ар цохиотод болсон аймгийн сорилго уралдаанд гуравт давхисан. Тэгээд уяачтайгаа ярьж байгаад төрийн наадмаа зорьж ирсэн. Наадмын урьд өдөр найзууддаа “Ганц хар морьтойгоо ирсэн. Түрүүлгэнэ дээ” хэмээн ярьж байлаа. Монгол хүн бэлгээрээ, хятад хүн бэлээрээ гэдэг болж, хар морь минь түрүүлсээн.

-Бэлгэтэй сайхан явдал болжээ. Өвөрхангайн сорилго уралдаанд өмнө нь ямар морьд орсон юм бэ?

-Тарагт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн хар, Сэргэлэн сайдын хээр морь.

-Хавраас эхэлж уралдаад гурав түрүүлсэн адууг наадмын өмнөхөн наймаалцсан гэдэг. Хэн танд санал болгосон юм бэ?

-Гайгүй сайн их насны морьтой болъё гэсэн бодолтой байсан ч зав чөлөө гарахгүй, судалж чадахгүй явж байтал Отгоннасан залгаад “Батсүмбэрт нэг сайн хар морь байна гэнэ. Очоод үзээдэхээч” гэсэн. Яваад очсон аятайхан адуу юм аа. Би ер нь адуу мал авахдаа айхтар сүрхий нарийн шинжээд байдаггүй. Адуу нь таалагдвал наймаа хийчихдэг. Тэр жишгээрээ л наймаа хийгээд авсан.

-Ядаж удам угшлыг нь асууна биз дээ.

-За бараг л үгүй дээ. Адуу эзнээ олж, онож байж хурдалдаг гэдэг. Гол нь миний сэтгэл санаанд нийцэж байвал болох нь тэр. Би ийм шалгуураар л морь авдаг. Тэд маань давхиад л байдаг юм.


-Дааган цагаасаа уралдсан адуу гэж дуулсан.

-Дааган цагаасаа эхэлж уралдан Төв аймгийн сумдаар сайн давхиж байсан юм билээ. Даагандаа Батсүмбэр сумын наадамд гуравлаад, Төв аймгийн наадамд тавласан гэсэн. Хойтон жил нь шүдлэн үрээ сумынхаа наадамд аман хүзүүдээд, Баяндэлгэрийн 90 жилийн ойд түрүүлэн, аймгийнхаа баяр наадамд арваар давхиж. 2014 онд хязааландаа сумынхаа наадамд гуравлаад, Булганы Дашинчилэнгийн 90 жилийн ой болон Төв аймгийн наадамд аман хүзүүдсэн гэсэн.

-Уралдсан цагаасаа айраг алдаагүй юм байна.

-Тийм шүү. Соёолондоо сумынхаа наадамд түрүүлээд, хавчигтаа аман хүзүүдсэн гэсэн. Мөн хавчиг жилээ Төв аймгийн наадамд түрүүлсэн гэнэ лээ. Би долоон настай морь авсан. Надад ирэхээсээ өмнө хавар сар шинийн уралдаан, суварганы тахилга, багийн өдөрлөгт түрүүлсэн.

-Тод манлай сураг тавиад л байж дээ.

-Батсүмбэрт байдаг Отгоогийн хамаатан хар морины эзнийхтэй саахалт юм билээ. Тэгээд энд нэг сайн морь байна гэж л дээ. Би наймаа хийснээсээ хойш 3-4 хоногийн дараа Өвөрхангай руу ачуулсан. Очоод Ар цохиотын сунгаанд айрагдаад, тэгээд л улсад уралдсан даа.

-Дааган цагаасаа айраг алдаагүй адууг улсын наадам тулчихсан үед авахад хөөрхөн ханш хэлсэн байлгүй. Нууц биш бол хар морио хэдэн төгрөгөөр авсан бэ?

-Би ер нь мориныхоо ханшийг ярьдаггүй. Өгсөн авсан хоёр л сэтгэл хангалуун байвал энэ тийм ч хамааралтай зүйл биш шүү дээ. 

-Энэ жилийн хүрэн адуу хамгийн үнэтэй нь үү?

-Тийм. Би эзнийх нь хэлсэн үнээр л авдаг.

-Дэлгэр хээрийг улсад түрүүлэхэд нь Баярмагнай гуай Баатархүү Алдартад “Төрийн наадамд их морь түрүүлгэсэн хүн бүтэн жил айлын хойморт суудаг юм шүү” гэж хэлсэн гэдэг. Урилга заллага ихтэй байв уу?

-Уяан дээр л хүмүүс “Дээшээ суу” гээд байхаас бусад газар гайгүй ээ. Харин баярын мэндчилгээнүүд бол их ирдэг юм билээ. Таних танихгүй олон хүмүүс залгаж баяр хүргэж байсан.


-Эзний хийморь ивээж морь түрүүлдэг юм уу эсвэл морины хийморь эзнээ эрхшээдэг юм болов уу. Та алийг нь гэж боддог вэ?

-Мориных нь байлгүй дээ. Ер нь морь түрүүлж, айрагдсаны дараа санаа дагаад ч тэрүү ажил үйлс бүтэмжтэй байдаг. Миний хувьд өнгөрсөн жил ёстой сайхан амжилттай байсан.

-Улсын наадмын дараа хаана уралдлаа?

-Өвөрхангай аймагт болсон хангайн бүсийн уралдаанд мордоод найм бил үү, есөөр орсон.

Дөрвөн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан буурал морь намайг хамгийн олон баярлуулсан хүлэг

-Анзаараад байхад их насны морь олонтаа айрагдуулсан байдаг юм билээ. Их мориор наадах дуртай юу?

-Яг тэгж бодож туйлширч байгаагүй. Зургаан насны морьд уядаг. Гэхдээ их морь голдуу давхиад байдаг юм. Дөрвөн их тэгш ой давхцсан 2011 онд улсад дөрвөлсөн хээр морь байна. Мөн дөрвөн бүсийн уралдаанд айрагдсан буурал морь маань байна. Хүмүүс намайг буурал мориор маань илүүтэй таних байх.

-Тийм шүү. Буурал мориныхоо талаар сайхан хуучлаач?

-Намайг хамгийн олон баярлуулсан адуу даа. Дөрвөн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан. Дорноговь аймгийн Алтанширээ сумын Чогсомын унаган адуу. Отгоо тэр хүнээс аваад. Би Отгоогоос авсан. Хамгийн анх 2006 онд Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүүдээд, 2008 онд Ховд аймагт болсон “Алтайн унага-2008” уралдаанд айргийн гуравт давхисан. Дараа жил нь Завханд болсон “Очирваанийн хурд” хангайн бүсийн уралдаанд тавлаад, 2010 онд Говь-Алтайн даншигт дахиад аман хүзүүдсэн.

-Аймагтаа бол нэлээд хэд түрүүлсэн байх аа.

-2007 онд Арвайхээр хот байгуулагдсаны 280 жилийн ой гээд томоохон наадам болоход түрүүлсэн. Түүний дараа хоёр жил дарааллан түрүүлсэн.

-Хэдэн онуудад вэ?

-2009, 2010 онуудад. 2011 онд хээр морь айрагдахад улсад ирж 13-аар давхисан.


-2011 онд айрагддаг хээр морь хаанахын адуу вэ?

-Дорнод аймгийн Матад сумын Баатар гэдэг хүний унаган адуу. Намар соёолон морь авч байсан юм.Тэгээд дараа жил нь хавчиг морь уяж овооны тахилга болон сумын наадамд түрүүлгэсэн. Ер нь сум орон нутгийн чанартай наадамд нэлээд хэд түрүүлсэн адуу шүү. Хурдан байх жил нь Хөвсгөлийн бүсэд авч очоод уралдуулж чадаагүй. Тэгээд 2-3 жил том наадамд мордуулалгүй харж байгаад 2011 онд улсын наадамд тавьж, айрагдуулсан. Түүнээс хойш дахин уралдаагүй. Зодог тайлсан.

-Өвөрхангай аймгийн Уянга сумаас баяр наадмын тухай хуулийн болзол биелүүлж хоёр ч хүн Улсын Алдарт уяач цол хүртсэний анхных нь та. Мөн сумаасаа анх удаа төрийн наадамд морь айрагдуулсан хүн нь та. Анхдагч байх сайхан уу?

-/инээв/Аливаа зүйлийн анхдагч байх сайхан ч амаргүй шүү дээ. Миний хувьд нутгийн уул ус түшиж төрийнхөө наадамд анх удаа морь айрагдуулах хувь тохиосон. Түүний дараа сум орон нутгаасаа анх удаа улсын цол хүртлээ. Мөн Уянга сумынхаа уяачдаас анх удаа төрийнхөө наадамд морь түрүүлгэлээ. Энэ мэтчилэн яриад байвал морины тал дээр Уянгадаа цөөнгүй зүйл дээр анхдагч болдог юм байна.

-Ингэхэд Бямбасүрэн Алдарт хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ? Удам сударт тань уяачид байв уу?

-Аав маань насаараа сум орон нутагтаа удирдах алба хашсан хүн. Багийн даргаас эхлээд сумынхаа Засаг даргаар ажиллаж байсан.

Харин ээжийн хувьд мөн сумын төвд ажилтай. Ер нь миний бага нас Уянга сумын төвд өнгөрсөн. Хэдийгээр сумын төвийн хүүхэд ч гэсэн зуныхаа амралтаар хөдөө мал дээр очиж, дунд сургуульд байхдаа унаган хоёр хээр морио уясан юм. 15, 16-тай хүүхдийн морь уях гэж юу байх вэ. Тэр тусмаа төвийн хүүхэд. Наадам дөхөөд ирсэн нөгөө хоёр маань шороо идчихээд, уралдуулж чадаагүй. Уг нь сунгаанд гайгүй байсан юм. Хоёр жил тийнхүү бүтэлтэй, бүтэлгүй морь уяад, 2005 оныг хүртэл хэсэг завсарласаан.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ? Танаас өөр морь уядаг хүн бий юу?

-Бид эцэг эхээс дөрвүүлээ. Би хоёр дахь нь. Надаас бусад нь морь мал гэхгүй ээ.

Анх морь уясан жилээ гурван түрүү хүртсэн

-2005 оноос хурдан морь уяж. Хаа хаанаас адуу авсан бэ? Авмал адуугаар наадаж эхэлсэн байх гэж бодож байна.

-Төвийн бизнесменүүдийн ихэнх нь хурдан морь сонирхдог, уядаг болчихсон байсан хэдий ч яг манай сумын тухайд дөнгөж л эхэлж байлаа. Тэр үед би морь уяхаар шийдэж Өлзийт хороололд байдаг Өвөрхангайн гаралтай Лхамсүрэн гэж уяачаас хул азарган соёолон авсан юм. Мөн тухайн цаг үед уясан морьд нь ид хурдалж байсан Дуламсүрэн Тод манлайгаас халзан морь, халзан даага хоёр аваад сумандаа аваачиж өөрөө уяад уралдуулсан гурвуулаа түрүүлдэг юм. Тэгж л эхэлсэн дээ.

-Бага наадамд уу?

-Үгүй ээ, сумын баяр наадамд. Соёолонгоо азарганд мордуулсан түрүүлээд, сумын наадмаас дээр хоёр насны түрүүг даагатай нь хүртэж байлаа.

-Сумын наадам ч гэлээ хэн дуртай нь азарга, их морь түрүүлгэчихгүй шүү дээ. Хэдийд хийгдсэн наймаа вэ?

-Наадмаас сар гаруйн өмнө авчраад өөрөө уяж уралдуулсан юм. Сумандаа сайхан наадсандаа урамшаад Нарийн тээл сумын наадамд аваачиж бас түрүүлгэсэн. Тэр жил манай аймагт Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ой, төвийн бүсийн уралдаан болж, нөгөө гурвыгаа мордууллаа. Тэгсэн хул азарга наймаар, халзан морь 30 хавьцаа, даага хүүхэдгүй айрагт орж ирсэн. -Гэхдээ анхны жил гэхэд сайхан л наадсан байна шүү дээ.

-Сайхан сайхан. Дараа жил нь Гал зээрд маань Архангайн бүсэд айрагдаж, том наадмын анхны хишгийг авчирсан даа.

-Хаанахын адуу билээ.

-Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Баяраа гэдэг залуугийн адуу. 2005 онд хязаалан үрээ аваад соёолон болдог өвөл Тарагтын Дамба гэж уяачаар уяулж, Архангайн бүсэд айрагдуулсан юм. 2006 онд улс, бүсийн уралдаанаас хоёр айраг хүртсэн ч сум, орон нутгийн чанартай наадамд сайхан наадсаан. Хул азарга гэхэд л сум, аймгийн чанартай уралдаанд хэд хэд айрагдаж, түрүүлсэн. Зээрд халзан үрээ ч ялгаагүй. Аймаг, сумын наадамд нэлээн хэд айрагдсан. Халзан морь ч гэсэн 10 гаруй айраг, түрүү авсан байдаг юм.

-Авсан адуунууд цөм давхижээ

-Тэгсэн. Гал зээрд соёолондоо Архангайд айрагдаад, азарга болсон хойноо Ховдын бүсэд аман хүзүүдэж, аймагт хэд хэд айрагдсан. Сумдад бол нэлээд олон түрүүлсэн.


-Улсад уралдуулаагүй юм уу?

-Улсад уралдуулаагүй. Харин “Их хурд-4”-т уралдаж долоо бил үү наймаар ороод, 2009 онд Ламын Гэгээний даншигт уралдаж байхдаа хөл нь муудчихсан юм. Түүнээс хойш дахин уралдуулаагүй ээ.

-Гал хэмээх нэрийг хэн өгсөн юм бэ? Ямар бэлгэдэлтэй нэр вэ?

-Би өгсөн. Нас чацуу саарал азаргандаа Дөл гэдэг нэр өгөөд, зээрдээ Гал гэж нэрлэсэн юм.

-Гал зээрдийн төлүүд хурдалж байна уу?

-Төлүүд нь гайгүй сайн давхидаг юм аа. Мөн хамгийн анх аваачсан хул азарганы төл хул даага “Алтайн унага-2008” баруун бүсийн уралдаанд айрагдсан.

Би адуу авахдаа өөрийн тааламжийг чухалчилдаг

-2013 оны хангайн бүсийн уралдаанд айрагдсан хүрэн соёолонгоо танилцуулаач?

-Улсад айрагдсан хээр морьтой угшил нэгтэй. Хээр морины дүүгээс нь гарсан унага.

-Морь уядаг болгон Сүхбаатараас адуу авсан байдаг. Харин таны хувьд амжилт гаргасан адуу Хэнтий, Дорнод, Дорноговийнх байх юм.

-Харин тэгж л таараад байна. Түүнээс зориуд тэндээс аваад байгаа юм биш л дээ.

-Хүмүүс адуу мал санал болгодог уу?

-Мэр сэр санал болгоно. Санаанд таарснаа бол авчихдаг. Би ер нь адуу авахдаа өөрийн тааламжийг чухалчилдаг. Түүнээс удам, угшил, амжилтыг төдийлөн тоодоггүй л дээ.

-Хурдан морьдоо ярихдаа хүмүүсийн сэтгэл хөдлөл нэмэгддэг. Зарим нэг нь бүр уйлдаг. Харин би танаас тийм сэтгэл хөдлөл олж харахгүй юм. Хий нь дарагдаж, хор нь гарчихсан бололтой?

-Морь айрагдаж түрүүлсэн наадам болгон сайхан. Овооных байсан ч улсынх байсан ч ялгаагүй бүгд л сайхан санагддаг. Би ер нь наадмыг том бага гэж голж шилдэггүй. Зундаа ажил ихтэй байдаг болохоор голдуу уяач маань морьдоо аваад явдаг.

-Тийм байж болох юм. Ингэхэд багадаа хурдан морь унаж байсан уу?

-Хурдан морь унаж байгаагүй. Нэлээд хожуу буюу хамгийн анх найман настай унаа морь унаж сурсан.

-Тэгвэл хамгийн сүүлд хэзээ морь унасан бэ?

-Энэ жил Шинэ Зеландад аялж явж байхдаа морь унасан юм байна.

-Танай үндсэн адуу хаана байдаг юм бэ?

-Уянгад. Отгоо /Тод манлай уяач Отгоннасан/дээр ганц, хоёр азарга адуу. Үлдсэн нь Уянгад бий. Мөн Өлзийт хороололд цөөн тооны адуу бий.


-Гэр бүлийнхэн тань таны хоббиг хэр дэмждэг вэ? Хүүхдүүд моринд эвтэй юу?

-Гэрийнхэн үзэгчийн хувьд дэмжин ээ. Хүүхдүүд одоохондоо айхтар сонирхохгүй байна. Хэзээ нэгэн цагт уяхыг үгүйсгэхгүй. Миний хувьд багаасаа мал ахуйтай ойр байж, өсвөр насандаа өөрийн дур сонирхлоор морь уяж уралдуулж байлаа. Морь уях гэдэг миний хувьд алдар нэр олох, ашиг хонжоо хөөх хэрэгсэл биш. Би адуунд хайртай.

 -Шинэ цагийн адуу олонтой юу. Энэ жил зүүн бүсийн уралдаанд хүрэн үрээ лав түрүүлсэн.

-Одооноос л шинэ цагийн адуутай болж байна. Энэ жил гэхэд бага, дунд ангилалд мордуулсан. Хүрэн үрээ эрлийз дунд насны ангилалд Алтан овооны тахилга, зүүн бүсийн уралдаанд түрүүллээ. Цавьдар халзан даага Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан.

-Ингэхэд улс, бүсийн наадмаас хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?

-Одоо мэдэхгүй ээ. 14, 15 болж байгаа байх. Тоолдоггүй ш дээ.

-Нууц биш бол мориныхоо байг юунд зарцуулдаг вэ?

-Дурсгал болох зүйлийг нь л авч хадгалдаг. 


-Товч бөгөөд тодорхой хариулт байлаа. Бид хоёр оны зааг дээр ярилцаж байна. Тогтсон жишгээр улиран одож буй 2018 оноо дүгнэвэл...

-Амжилтай сайхан жил байлаа. Би морь уясан цагаас хойш зүүн бүсийн уралдаанаас хараахан айраг авч үзээгүй байсан юм. Гэтэл энэ жил морь түрүүлгэлээ. Мөн анхдагчдын өлгий нутгийн түүхт ойд даага айрагдууллаа. Улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг хүртсэн жил сайхан байлгүй яах вээ.

-Учран золгож буй 2019 он таны хувьд амжилт алдрын жил байх болтугай. Уянга сумын уяачдаа түүчээлэн дээд цолтон болохын ерөөл өргөе. Ярилцсанд баярлалаа.

-Ерөөлөөр болог. Та бүхний ажилд амжилт хүсье. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан надад хурдан буянаа харамгүй хайрлаж, басхүү тусалж дэмждэг Лхамсүрэн, Тод манлай уяач Дуламсүрэн, аймгийн Алдарт уяач Дамба, Тод манлай уяач Б.Отгоннасан, Баатар. Баяраа Отгонбаатар нартаа чин сэтгэлийн угаас талархаж явдгаа уламжилъя.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна