БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЦОГБАЯР: ХҮН ХҮСВЭЛ ХОЁР НАРНЫ ХООРОНД ИХ ЮМ АМЖУУЛДАГ ЮМ БИЛЭЭ
Асгат сумын уугуул, дүүргийн Алдарт уяач Готовын Цогбаяртай ярилцсанаа хуваалцаж байна. Худалдаа аж үйлдвэрийн Тэргүүний ажилтан тэрээр мөн л удам залгасан уяач. Түүний аав н.Готов хусуур сойзоор гангарсан ануухан буурай явсан бөгөөд үйл хэргийг нь Г.Цогбаяр хүү нь үргэлжлүүлэн одтой наадаж өнөөг хүрчээ.
Өнөө жил сумынхаа баяр наадмын их насны түрүүг хүртсэн гэсэн. Таны хурдан хар морь ямар удам угшилтай вэ?
- Тийм ээ, одтой сайхан наадлаа. Миний үеэл ах Шинэчүлтэмийн Сүхбаатар надад бэлэглэж байсан юм. Би хотод шилжихээсээ өмнө Батын Лхамсүрэнгийн төлийн төл сумын наадамд соёолондоо тавласан хар азаргатай байлаа. Энэ хар азаргыг үеэл эгчийн маань хүүхэд Ганжав аваад хар морь бэлэглэсэн. Сүхбаатар ахын эгчийн хүү л дээ. Эднийхний адуу мал цуг байдаг юм. Өөрөөр хэлбэл миний хар азарганы төл байгаа юм.
Эх нь ямар удам угшилтай юм бэ?
- Үеэл ахын хүрэн халзагч гүү. Гэхдээ удам угшлыг нь сайн мэдэхгүй байна.
Хар морио хэдэн наснаас нь уяж, яаж яаж давхиулав?
- Дааганд нь хоёр сунгаж, зам үзүүлээд, шүдлэн уяагүй. Хязаалан сумын наадамд 20 хэдээр орсон санагдана. Харин соёолонд нь дүү нар Дорноговийн Догшин худагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойд авч явсан юм. Тэгсэн баяр наадмын комиссоос соёолон морь шүд нь гараагүй гээд хязааланд авч үлдээд уралдуулбал түрүүлчихсэн. Тэр чинь 2013 он. Дараа жил нь өнжөөд, 2015 онд Асгат сумын уяачдын холбооны хаврын уралдаанд аман хүзүүдүүлж, Их уулын тахилгад мөн аман хүзүүдсэн.
2015 онд Асгат сумын 90 жилийн ой тохиосон. Уралдаагүй юм уу?
- Уралдаагүй. Тэгээд 2017 онд 21-ээр оруулаад, энэ жил түрүүллээ.
Өөр ямар адуу байна вэ. Үүгээр олон хүрэн адууны угшил байдаг бололтой?
- Байдаг л байх. Ямартаа ч миний хүрэн халзан азарганы угшил бол ахад бий. Би морь ид хурдалж байхдаа энэ ахынхаа хүүгээр морь унуулдаг байсан юм. Тэгээд хүүд нь нэг сайхан зандан хүрэн азарга бэлэглэж байлаа. Даагандаа зургаагаар орж, сумын наадамд 10 дотор хэд хэд орсон азарга байгаа юм. Одоо төлүүдээс нь Цэрэнжигмэд Манлайн Зандан хүрэн байна. Эцэг талаасаа угшилтай.
Харин миний хүрэн халзан азарга бол эцэг нь Баянхутаг, эх нь Сүх-Очир гуайн хүрэн азарганы төл. Манайхны агтчин Мөнхсайхан Хэнтий рүү агтанд яваад ирэхдээ Болхооны шаргал азарга гэдгийг авчирсан. Энэ Мөнхсайханы хамаатны хүн билээ. Гэхдээ нэр нь зөв эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд энэ шаргал азарга манай Асгатад ирээд дөрөвлөсөн. Би төлийг нь соёолонд нь ээжийн дүүгийн нөхөр Намсрайгаас авч байсан юм. Тэр азарганы чинь төл миний халзан азарга. Сумандаа гурав, дөрвөн ч удаа аман хүзүүдэн, мөн тоогоор айрагдсан.
Танд ирэхээсээ өмнө уралдаж байсан юм болов уу?
- Даага уралдаад сумын наадамд таваар орсон. Хязааландаа Үржил бригадын сунгалтаар “Намсрайн халзан хурдан байна” гээд дуулдаад л байсан юм. Гэхдээ наадамдаа ирээд ороогүй. Одоо бодоход уяаг нь чангалчихдаг. Тэр тонтгор махыг нь буулгаад яг сунгалтаар ирийг нь оруулаад давхиулчихдаг байсан юм болов уу даа гэж боддог. Тэгээд өвлийн уралдаанаар бид аавдаа авч өгсөн юм. 1981 онд чинь улс хувьсгалын хэдэн жилийн ой боллоо доо. Сумандаа соёолон аман хүзүүдээд ирэхэд аав минь амьд сэрүүн байж билээ. Тэр үед Мичиджамбаа гуайн хонгор соёолон түрүүлж, аавын халзан аман хүзүүдээд, Лутаа гэж өвгөний буурал соёолон гуравласан. Ямартаа гурван өвгөний соёолон дараагаар орж байлаа. Аав маань тун ч их баярласан. Харин 1982 онд хавчиг азарга гуравлаж, 1983 онд аман хүзүүдээд, 1984 онд дөрөвлөн, 1985 онд сумын 60 жилээр аман хүзүүдээд, 1986 онд таваар орсон санагдана. Харин 1987 онд уралдаагүй. Хэдийгээр нас залуу байсан ч дороос нь залуу азарганууд гараад уралдуулахаа больсон.
Хөл гар нь эвгүйтээгүй юм байна, тийм үү?
- Нэг ч гутаг хүргээгүй. “Дэлбэрсэн” тарган уралдана, дэл нь босчихсон л орж ирнэ гээч. Манайхны ахмадууд “Цогоогийн азарга ч дэл нь босоод самаа нь шигдчихээд хачин гарч байна аа” л гэдэг байлаа. Сүүлдээ ч наадамчид андахаа байсан. Гардагаараа л гарна.
Самаа гэж юу вэ?
- Ар талын мах нь зузаан байна гэсэн үг л дээ.
Аймагт уралдуулъя гэж бодож байсангүй юу?
- Үгүй, үгүй. Зорьж очиж байсангүй. Тэгээд ч ид уралдаж байхад нь түүхэн ой таараагүй. Ганц л удаа гарч уралдсан нь Халзангийн өвлийн уралдаан л юм уу даа. Тэнд хөтөлж хөтөлж явсаар тавласан. Цаг үе нь ч тийм байжээ. Аймаг руу бол энэ говь чигийн ганц нэг улсууд л уралдуулдаг байсан юм.
Хүрэн халзангийн ид хурдалж байх үеийн хамгийн гоё наадам аль нь байсан бэ?
- Сумын 60 жилээр их хурдан байж билээ. Тэр жил Даарийн зээрд азарга, миний халзан хоёр онь холбоод ороод ирсэн. Халзан азарга зөв талд нь явсан юм. Халзан азаргыг худалдаж авсан эзэн нь нэлээн хийтэй, хуутай хүн л дээ. Томоо ташуур барьчихаад, ирж яваа хоёр азарга руу дайраад л орчихсон. Тэгээд халзан азаргыг ташуурдах гэж байгаад цаад талд нь яваа зээрдийг оноод нөгөөх нь огло үсрээд түрүүлчихсэн. Сонин наадам болж билээ. Хэрвээ ташуурдаагүй бол халзан азарга түрүүлэх ч байсан юм билүү. Манайхан ч халзан азарга магнайгүй азарга л гэдэг байлаа. Ямар сайндаа хөөрхий настнууд янз бүрийн засал дом хэлж өгнө. Тэгээд цомцогонд нь азарга зураад давхиул гэснээр нь явуулж ч үзсэн. Тэгсэн ч түрүүлээгүй ээ.
Төлүүд нь хурдалсан гэлээ. Эр төл олон гарсан уу?
- Эр төл олон гарсан. Үүнээс миний хүргэн Дугарсүрэнгийн ухаа хонгор халзан азарга мөн л суманд гурав айрагдсан. Аймгийн Алдарт уяач Өндөр Лхасүрэн гэж хүн миний азарганд хээрэгч гүүгээ тавиад хүрэн халзан эр даага хөтлөөд явсан. Гэхдээ бага насанд нь уясан гэж айхтар дуулдаагүй. Дараа нь сонсохнээ манай Асгатын уугуул Их Зоригт гэж хүнд зарж, шинэ эзэндээ очоод сайн хурдалсан. Хар морийг бэлэглэсэн ахын Ембүү хээр азарга ч хурдан адуу л даа. Миний хүрэн халзанд гүү тавиад гарсан төл байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар ах МУ-ын Алдарт уяач Жамбал Шунуугийн ембүү охин даагыг авчраад, “Говийн урд талд айлд тавьчихлаа. Чи ойртуулаад яваандаа азаргандаа тавиарай. Би хэдэн адуутай болъё” гэсэн юм. Би ч хүүхэд явуулж, азаргандаа тавиад тэр ембүү хээр азарга гарсан. Ембүү хээр азарга өөрөө сайн төлтэй. Нэг сайхан ембүү хээр шүдлэн суманд түрүүлж байсан юм. Ембүү хээр азарга яг өөрөө бас магнайгүй ээ. Зургаа, долоо гээд айрагдаж өгдөггүй байгаад хүнд зарагдаад тэр жилээ дөрөвлөсөн.
Өөр ямар адуу гарлаа?
- Манайханд Лхасүрэнгийн Лхагвасүрэн гэж монгол хэл, уран зохиолын багш байсан. Тэр надаас халзан азарганы төл эр хүрэн даага авсан. Гэхдээ аймаг суманд олон уралдуулаагүй ээ. Хойно говийн тэнд амьдардаг аав нь аймгийн наадамд арван хэдээр оруулсан гэж дуулдсан. Сүүлдээ аймгийн заан бил үү дээ, Бат-Өлзий гэж жолооч худалдаж авсан юм байна билээ. Түүнд очоод Дорнод руу гарч, хэд хэд түрүүлсэн хүрэн азарга болсон доо. Өөр чинь халзан азарганы охин төлүүдээс хурд төрсөн. Манай хадам дүү Мажигжавын Нямжавын улаан азарга, даагандаа суманд аман хүзүүдээд, 1990 оны Алтан овооны тахилгад зургаагаар оруулаад ирж байлаа. Харин соёолондоо суманд аман хүзүүдээд, азарга болоод дөрвөөр орсон. Миний нэг улаан даага бас сумандаа аман хүзүүдээд, хязаалан долоогоор орж, Баяндэлгэр рүү дүүдээ өгсөн. Гэхдээ дүү маань нэг их олон уралдаагүй ээ.
Хүрэн халзан азарга, хар мориноос өөр ямар адуугаар наадаж байв?
- Нэг хонгор морь байсан. Даагандаа суманд дөрөвлөөд, соёолон түрүүлсэн. Их морь болоод уулын тахилга, өвлийн уралдаанд түрүүлж л байлаа. Даанч хөлгүй болчихсон юм.
Ер нь манай аавын адуу Галшарын дээд угшилтай. 1960 хэдэн онд Галшараас манайхныг дамжаад агт Хятад руу гардаг байлаа шүү дээ. Тэр үед аав хөл нь муу, туувар даахгүй хоёр охин байдас мөнгийг нь өгч тууварчдаас авч үлдсэн юм билээ. Харин азарга тал нь Түвшинширээгийн хуучин Өлзийтийн Халзан Бадиа гэж хүнээс эр хар даага авч азарга тавьсан. Тэр шар үстэй хар даага, суманд 16-гаар ороод, шүдлэн тавлаж, хязаалан түрүүлсэн. Эдний удам угшлын адуунууд манайд сайн давхисан шүү.
Одоо Улаанбаатарт байгаагийнх улсад морь уралдуулж байна уу?
- Уяхгүй байна. 2005 онд хонгор хязаалангаа Түвдэн Манлайн хүү Батцоож дээр аваачиж өгөөд улсын наадамд 27-гоор оруулж байсан. Дараа жил нь соёолон улсад уралдуулдаг юм уу гэж бодсон л доо. Тэр үед сунгаанаар Хайртхааны тахилга наадам болж таараад хонгор соёолон түрүүлээд ирсэн хүн худалдаж авъя гээд хүрээд ирсэн. Уг нь уяан дундуур зармааргүй байсан ч “Авъя ах аа” гээд гуйгаад байхаар нь зарчихсан. Ингээд Батчулуун гэж залууд очоод тэр жилээ лав ороогүй. Хүү маань Батчулууныг сайн танина л даа. Тэгээд буцааж аваад, оронд нь Асгатаас аваачсан хоёр адуу, бас хэдэн төгрөгтэй өгсөн. Авчраад Гачууртын өвөл, хаврын уралдаанд хэд хэд оруулсан.
Таны аав Готов морь уядаг байв уу?
- Ааваас дээшээ морь уядаг гэдэг ч гаргаж байсан амжилтыг нь мэдэхгүй байна. Харин аав бол уядаг л байлаа.
Ингэхэд та хэдий үеэс морь уясан юм бэ?
- Манайхан чинь 1970 хэдэн оноос 100 дааганы уралдааныг хийж эхэлсэн үе. 1977 онд юм даа. Би сумын албан хаагч, худалдаа бэлтгэлийн ангийн нягтлан хийдэг байлаа. Тухайн үедээ урилгаа сум нэгдлийн даргаас эхлээд бүх хүнд тараачихна. Уралдаан долдугаар сарын 1-нд болох бөгөөд нэгдлийн сургасан дааганууд мордоно. Мундаг л наадам болдог байсан юм. Энэ уралдааны өмнөхөн юм аа. Сумын төв дээр адуу хөөвөрлөнө гээд суурь сууриар нь хурааж ирнэ л дээ. Сумын төвийн ажилчин албан хаагчдын хүчээр л хөөвөрлөдөг байсан юм. Улсууд даага бариад тун ч завгүй. Би болохоор даагаа барих уу яах уу гээд ногт барьчихаад л гүйдэг сэн. Залуу ч байж дээ. Тэгсэн нэг зээрд даага адуу тойроод янцгаагаад давхиад байхаар нь үеийнхээ адуучин Баатарсүх гэж залуугаас “Өвгөөн энэ зээрд даагыг хүн амьтан барьсан юм уу. Бариад авмаар санагдаад байх юм” гэлээ. Өнөөх маань “Ээ чи дийлэхгүй ээ. Наадахын чинь эх гэж мангаа бий” гэх нь тэр. Надад нэг л болмоор санагдаад “Би улс амьтантай хамжиж байгаад барья. Чи надад нэг уургалаад аль” гэчихээд хэдэн залуу гуйж байгаад эхийг нь бариад авлаа. Эх нь ч хамар амаа тачигнуулсан хачин эмнэг догшин амьтан байна. Ингээд барьж аваад даагыг нь хүзүүнд нь холбоод аваад үлдлээ. Адуу ч тараад явчихлаа.
Хусран даага юм байна, тийм ээ?
- Тийм, хусран даага. Хавар нь манай аав халзан азарга аваад хүргэн Намсрай ахын дээр төл бойжуулах боллоо. Манай нэг дүү сувилагч л даа. Дүүг төл дээр “хөөгөөд”, хоёр хөгшин маань ч жижиг гэр бариад гарлаа. Би өнөөхийг чинь аваачаад өгсөн банди нараар унуулж байгаад номхруулчихлаа. Ингээд тэр жилээ түрүүний ярьсан зуун дааганы уралдаанд түрүүлгэсэн юм.
Гэхдээ нэгдлийн адуу юм чинь буцаагаад өгнө биз дээ?
- Тийм ээ, нэгдэлдээ өгнө. Тэндээ түрүүлж айрагдсан болон 10 дотор орсон даагануудыг нэгдэл шагналд өгдөг байсан. Тэр зээрдийг Төхөм бригадын хурдан хар азаргатай Батын Лхамсүрэнгийн эхнэр Цэндэд шагналд өгсөн. Харин эх зээрдэгч гүүг нь ёстой албан бичиг цохуулаад манайх авч үлдсэн. Энэ гүүнээс уурганд дүйтэй, хөнгөн хөлтэй, унаа даадаг сайхан адуунууд төрсөн, төрсөн. Яг уралдуулж үзээгүй. Сунгаа тар хийж байрыг нь үзээд хашир уяачид болохгүй нь ээ л гэдэг байлаа.
Түүнээс хойш хүрэн халзан азаргатайгаа таартлаа ямар морь уяж байв?
- Тэгээд л хүрэн халзан азаргатайгаа таарсан. 1981 онд аав маань бурхан болж, би аавынхаа хэдэн адууг хариуцах болсон. Дүү нар зарим нь цэрэгт явж таарсан. Тэр үед ганцаараа ажлаа хийнэ. Ажилдаа явахаасаа тав, зургаан цагт босоод хэдэн адуугаа услаад гаргана. Ганц нэг гүүгээ бас чөдөрлөчихнө. Дараа нь ажилдаа яваад орой тарангуутаа морины ажлаа хийнэ. Ийм янзаар хоёр нарны хооронд их юм амжуулдаг байж билээ. Хүн чинь дуртай юмандаа яаж ч байсан цаг гаргадаг л юм билээ.
Тэгээд хэдэн онд хот руу шилжсэн юм бэ?
- Би 2002 онд хотод ирсэн.
Та эцэг эхээс хэдүүлээ вэ. Бусад нь морь мал сонирхдог уу?
- Бид наймуулаа. Надаас гадна хоёр дүү уяна. Готовын Болдсайхан гэж сумын Алдарт уяач 2013 онд саарал азарга сумын наадамд түрүүлгэж байлаа. Тэр жил дүүгийн хязаалан дөрөвлөж, соёолон гурваар ороод хавчиг азарга түрүүлж сайхан наадаж билээ. Энэ саарал азарганы эцэг нь манай хүүгийн Юүрэндондогийн саарлын угшилтай саарал азарга байгаа юм. Тэрэнд манай дүү гүүгээ тавиад хурдан саарал азарга төрсөн.
Хүүхдүүд морь уядаг байх нь ээ?
- Би гурван хүүхэдтэй. Том хүү Ариунбаатар Багануурт, хоёр охин хотод амьдарч байна. Хүү Багануурт найз нөхөдтэйгээ ганц нэг морь уядаг юм аа. Ноднин буган соёолон морь Архустад зургаагаар ороод Мөнгөнморьтод түрүүлсэн. Манайхны сайн малчин Дуламрагчаа гуайн адууны удамтай, одоо хавчиг морь байна.
Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Уяачийнхаа хувьд оролцсон хамгийн баяр бахдалтай наадмын дурсамжаар өндөрлөе.
- Мэдээж баяр бахдал төрүүлсэн наадам олон таарлаа. Би чинь сум, орон нутгийн бүсийн наадмаас дөрвөн түрүү авлаа. Жижиг, бага наадмын болон өвлийн уралдаанаас зургаа долоон түрүүтэй. Уясан морь маань түрүүлээд ирэхэд хамрын самсаа хуржигнаад, нулимс нүдний аяга дүүргээд л ирдэг юм.
Баярлалаа. Ийм наадам олон байг ээ.
"Тод магнай" сэтгүүл. Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна