ЗААМАР СУМЫН МСУХ-Г ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Г.ЦОГТСАЙХАН: ШИЛДЭГ УЯАЧ, ЦЭВЭР АЛТАН МЕДАЛЬ, МОРИНЫ ХӨШӨӨ ГЭЭД ОЛОН ЗҮЙЛЭЭР АНХДАГЧ БОЛСОН

Сэтгүүлч
2019 оны 2-р сарын 12 -нд

Төвийн IV багийн харьяат, Заамар сумын Тосон довон МСУХ-ны анхны тэргүүн Гончигийн Цогтсайхан 1956 онд Баян сумын нутаг Цант хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ. Засгийн газрын хүндэт жуух бичиг, Худалдааны тэргүүний ажилтан, АХ-ын 60,70,80,90 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан.

-Та Заамар сумын морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагч, анхны тэргүүн. Холбоо хэдэн онд үүсгэн байгуулагдсан юм. Тухайн үед холбоо байгуулах санал санаачилгыг ямар хүмүүс гаргаж байсан бэ?
-1991 оны үед Монгол адуу нийгэмлэг улсын хэмжээнд байгуулагдаж, салбар нь Заамар суманд байгуулагдаж байлаа. Монгол адуу нийгэмлэгийн шугамаар орон нутагт уяачид руу чиглэсэн нэлээд ажил өрнөсний дүнд манай сумын адуунд сонирхолтой хүмүүс нэгдэн сайн дурын үндсэн дээр холбоог байгуулсан. Товчхондоо анх Монгол адуу нийгэмлэгийн Заамар суман дахь салбар гэж байгаад сүүлд нь Уяачдын холбоо болсон.  
-МСУХ-ны үндэс суурь болсон Монгол адуу нийгэмлэгийн салбар нь ямар үйл ажиллагаа өрнүүлж байв?
-Уяачдынхаа морь уях сонирхлыг төрүүлэх, хурдан морины уяа сойлго хийх ажлаар дамжуулж адуу малаа маллаж, унаж эдлэх өв соёлыг хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй юм байна, уяачдаа улсын наадамд явуулах хэрэгтэй юм байна гэдэг тал дээр төвлөрч ажилласан. Тухайлбал уяачдын морь уях сонирхлыг дэмжихийн тулд 1992 оноос эхлэн “Сумын шилдэг уяач” цолыг бий болгон хувиасаа энгэрийн тууз, тэр үеийн аймгийн Аваргын шагнал 30 мянган төгрөгтэй адилтган урамшуулж ирсэн. Сумын шилдэг уяачийг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд гэрт нь гардуулан бэсрэг наадам хийнэ. Цаашид уг уралдааныг уламжлал болгон явуулахын тулд айргийн таван морины медаль, хүүхдэд олгох үнэмлэх бичиг баримт зэргийг өгч байсан. Ингэж хаврын анхны уралдаан хийдэг уламжлал тогтсон.  Энэ үйл ажиллагааг 12 жил уламжлал болгон хийсэн.
-Хувиасаа урамшуулж байсан юм уу. Та тухайн үед ямар ажил алба эрхэлж байсан бэ? 
-Би хувийн аж ахуйтай байсан. Хуучин Худалдаа, бэлтгэл ангийн суурин дээр байгуулагдсан худалдаа үйлдвэрлэлийн “Галтбадрах” гэж хоршоотой. Энэ хоршоогоороо холбооны үйл ажиллагааг 10 гаруй жил ивээн тэтгэж байлаа.  


-Шилдэг уяач шалгаруулсан нь бараг хамгийн анхны тохиолдол болох юм биш үү?  
-Уяачдаа орон нутагтаа үнэлж урамшуулж байгаа хэлбэр л дээ. Сүүлд улс, аймаг, сумын Алдарт уяач цол бий болсон. Миний бодлоор энд Алдарт гэдэг үг арай хайран санагддаг. Социолизмын үед тухайн хүний  сүүлийн 10 жилд гаргасан амжилт хөдөлмөрийг нь өндрөөр үнэлж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгосугай гэж байсан болохоос биш Алдар гавьяаг нь үнэлж гэж байгаагүй юм. Суманд бол “Шилдэг уяач” гэж байхад хангалттай, аймаг, улсдаа л Алдарт болно биз. Улсад Манлай гэж байгаад сүүлд нь Тод манлай гэж цол нэмсэн. Одоо хошой Тод манлай болох уу.  
-Дархан тод манлай гэж цол яригдаад л байдаг?
-Тийм. Үгийг хамаагүй хэрэглэвэл сүүлдээ хэлэх үггүй л болж байгаагийн жишээ. 
-Шилдэг уяач шалгаруулахаас гадна өөр ямар ажил хийсэн бэ? 
-Би 1991 онд төрийн захиргааны ажлаас гарч хоршоо байгуулан хувьд гарч хэсэг завсарлаад, 1996 оноос дахин төрийн албанд орж иргэдийн хурлын даргаар ажиллаж байлаа. Сумын мал ч аятайхан өсч байсан болохоор 1997 оны мал тооллогын комисст “Сайн тоолоорой, энэ жил адуу түмд хүрэх боломж нөхцөл бүрдсэн шүү” гэж захисан. Тэр нь ч үнэн байж 1997 оны жилийн эцсийн тоогоор адуу түмд хүрч, 1998 онд анхны Түмэн адууны баяраа хийсэн. Улсын эдийн засаг муу, цалингаа арай хийн тавьж байсан цаг үе. Тэгээд бүх багийн хурлыг хийн “Түмэн адууны баяр хийе, улсын эдийн засаг муу байна. Та нарын зүгээс туслалцаа байна уу?”  гэхэд иргэд дэмжсэний үр дүнд бид төрөөс ямар ч төсөв дэмжлэг авалгүй Түмэн адууны баяраа хийсэн. Ард иргэдийн хандиваар адуу, хонь, цагаан идээ цугларч түрүү моринд дөрвөн адуу, дөрвөн хонь, тэрнээс доош тоог нь багасган бүгдийг нь дан малаар байлсан. Мөн Заамар сумын гол баялаг алтны уурхайнууд дөнгөж гарч байсан үе. Эрчим банкны захирал Шүхэрт гэж хүнд “Нутгийн алтыг олборлодог та бүхэнд Түмэн адууны баяраар Монгол морины толгой дээр алт зүүлгэх боломж байна уу” гэсэн санал тавихад их сайхан хүлээж авсан. Ингэж улсын хэмжээнд анх удаа морийг цэвэр алтаар байлсан сум болсон. Дараа нь Бүрэгхангай санаа авч тэгж байлсан байдаг.  


-Анхны Түмэн адууны баярт хэдэн насны морь уралдсан бэ. Бүх насанд цэвэр алтан медаль өгсөн үү?
-Зургаан нас уралдан бүх насандаа алт, мөнгө, хүрэл медаль өгсөн. Нэг медаль цэн гаран алттай байсан. Мөн сумын захиргааны үүдэнд Баасангийн хүрэн азарганы хөшөөг Түмэн адууны баярт зориулан босгосон. Сумын иргэдийн хандиваар барьсан анхны морины хөшөө. Таван баг тус бүртээ багийнх нь онцлогийг харуулсан тугтай болсон. Жишээлбэл Ар уртын бригад тариан түрүү, Төмстийн бригад гэхэд Туул голынхоо усан хээгээр чимэглэсэн тугтай. Адууны дэл сүүлээр хийсэн адууны сүлд хийморийг сэргээсэн туг бий болгосон. Чингисийн есөн хөлт цагаан тугтай адилтган жил бүрийн сумын наадмаар цэнгүүлж залдаг. Ийм үйл ажиллагаа, сонин содон санаачлагатай шинэлэг баярыг амжилттай хийж байлаа. 
-2001 онд улсын хаврын бүсийн уралдаан Заамарт болсон нь мөн таны үед хийгдсэн ажил уу?  
-Тийм. 2000 онд Иргэдийн хурлын дарга байхдаа ММСУХ-нд “Хаврын бүсийн уралдааныг манай суманд зохион байгуулах ямар боломж байна. Бид хүлээж авъя” гэдэг санал тавьсан. Тэр үед дарга нь Буяндэлгэр гуай, тэргүүлэгчид Баярмагнай, Содномцог байсан. 2000 онд тавьсан саналын зөвшөөрөл 2001 онд гарсан. Тэгээд Заамарын хурд хаврын бүсийн уралдааныг 2001 оны 3 сард зохион байгуулж азарга, их нас хоёр уралдуулж сайхан уралдаан болсон. Манай Заамарын хөндий чинь ёстой л морь уралдуулмаар хөндий л дөө. Сүүлд 2008 онд зуны бүсийн мундаг наадам болсон. Энэ олон сайхан уралдаан зохион байгуулах үндэс нь анхны Түмэн адууны баяр байсан. 
-Бүсийн уралдаан анх удаа зохион байгуулж байгаа та бүхний хувьд хэр сэтгэл хангалуун үлдсэн бэ?
-Өөлж хэлэх зүйл гэвэл цаг агаар л байсан байх. 2001 он гэдэг чинь одоогоос бараг 20 шахам жилийн өмнө шүү дээ. Дөнгөж морь ачиж байсан цаг гэхэд нас насанд 100 гаруй морьд мордсон өтгөн сайхан наадам болсон. Орон нутагт ажилладаг алт олборлодог хоёр компани ивээн тэтгэн таван сая төгрөгийн хандив өгсөн. 820 мянган төгрөгний үнэтэй Иж планет мотоциклиор түрүү морио байлж бусад айргийн морьдод зурагт том жижгээр нь өгч байлаа. Хүнтэй ажил ярихад олон хоног өнгөрч хоёр гурав уулзаад бүтдэг бол адууны ажил гэдэг нүнжигтэй нүүртэй, нэг уулзаад л бүтдэг. Энэ ажлыг хөөцөлдөж явах үеэрээ Төв аймгийн хийдийн хамба лам Сэдэд гэж Баянцагааны хөгшнийд очдог юм. Гэтэл тэдний гэрт Шийтэрийн зээрд азарганы 20-р зууны Манлай хүлэг гэдэг өргөмжлөл, зурагтайгаа байсан. Сэдэд гуай Шийтэрийн төрсөн дүү байж таарсан. Тэндээс 20 дугаар зууны манлай хүлгийг Аймгийн Алдартын тэмдэг дээр дүрсийг нь оруулах ёстой гэж бодоод Аймгийн МСУХ-ны дарга Пүрэвсүрэнд хэлтэл зөвшөөрсөн. Тэр үед Төв аймгийн Алдарт уяачийн тэмдэг Баянцагааны Банзрагч гуайн зээрд морины дүрстэй байсан. Тэгээд Сэдэд гуайнд байсан өргөмжлөл зураг, унаж байсан хүмүүсийнх нь яриа хөөрөөнд тулгуурлаж Аймгийн алдартын тэмдэг дээр Шийтэрийн зээрд азаргыг мөнхөлсөн юм. Хоёр насанд 10 медаль, ивээн тэтгэсэн байгууллагуудад Чингисийн алтан гэрэгэ шиг зэс гэрэгэг Төв аймгийн Мөнгөнморьтод байгаа Хурц гуайгаар хийлгэсэн. Ингээд 2001 оны хаврын бүсийн уралдааны үеэр орон нутагт хамгийн их амжилт гаргасан хоёр хүндээ аймгийн Алдарт уяач цолыг өгч байлаа. 
-Ямар хоёр хүн аймгийн Алдарт уяач цол гардсан бэ?
-Манай сумаас улс, аймгийн наадамд явахад нэгд газар хол, хоёрт ажил төрлийн шалтгаанаар олон хүн гарч уралдаагүй, хоёр хүн л улсад уралдаж айраг авсан байсан цаг. Нэг нь Дагвадоржийн Баасан гээд хонгор хязаалан улсад аман хүзүүдүүлсэн, хурдан хүрэн азарганы эзэн. Нөгөө нь 1993 оны аймгийн ой болон улсын наадамд саарал халзан морь улсад түрүүлгэсэн Довдондорж. Дараа нь улсад ахин даага айрагдуулж улсын баяр наадмаас хоёр ч айраг авсан хүн. Энэ хоёрыг түр үлдээгээд, Дагвадорж, Чимэдийн Лхагваа хоёрт аймгийн Алдарт уяач цол олгосон. Орон нутагт хамгийн олон айраг түрүү авсан, морь уях эрдмээ залуучуудад өвлүүлж, залуучуудын морь унах сонирхлыг татахад хувь нэмрээ оруулсан гэдгээр нь тэдэнд түрүүлж цол өгсөн. Дараа жил нь улсад айрагтай хоёр хүндээ аймгийн Алдарт уяач цол олгож байлаа. Лувсанбалдангийн Дашзэвэг гэж хүний 1968 онд морин хязаалангаа улсын баяр наадамд айрагдуулсан үнэмлэх бичиг баримт нь олдохгүй байсаар сүүлд 2003 оны үед аймгийн Алдарт уяач болсон. Сүүлд “Хурдан морь 60 жилд” гэсэн цуваатай ном олж, тэрийг үндэслэн хүндэтгэх шалтгаанаар олгож байлаа. Тэр үед таван сайхан аймгийн Алдарт уяач төрсөн. Одоо найм боллоо гэж дуулдсан.  
-1998 онд юун морины хөшөө манатай эдийн засаг хэцүү цаг үе байсан. Хөшөөг  юугаар бүтээсэн юм бэ? 20 жилийн дараа гэхэд дажгүй сайхан харагдаж байна билээ.  
-Урлаг нь ямар байсныг мэдэхгүй. Тухайн үед хөдөө суманд, тэр тусмаа морины хөшөөнд хүрэл  хөөмөл ашиглах нь санаанд байхгүй цаг үе. Зүгээр нэг адуу хийгээгүй, тэр чинь урлагийн бүтээл байсан. Сая орчим төгрөгөөр бүтсэн хөшөө.  Одоо хоёр жилд нэг удаа будгийг нь сэргээдэг юм. 
-Хаврын уралдаан хийсэн, уяачдаа үнэлдэг болсон, уяачдадаа алдар цол олгосон, анхны алтан медаль өгсөн гээд олон ажил хийгджээ. Уяачдаа улсад уралдуулах тал дээр анхаарч байв уу?  
-Манай сум нарийн ноосны чиглэлийн хонь, казакийн цагаан толгойт гэж махны чиглэлийн үхэртэй,  газар тариалантай, улсын нэгдүгээр зэргийн хоршоожсон сангийн аж ахуйтай. Гадаад дотоодынхонд үзүүлдэг жишиг аж ахуй байсан л даа. 1968 онд 17 мянган га эргэлтийн талбайтай газар тариалан, 60 гаруй мянган малтай Зөвлөлтийн хөрөнгөөр боссон тосгон шүү дээ. Тийм болохоор тэр бүр гадагшаа гарч уралдаж чаддаггүй байлаа. Тэгээд САА тарснаас хойш л манай уяачид улсын наадамд явж, амжилттай сайхан уралдсан байдаг. Би ч тэгээд 2000-аад онд Энхтайванд ажлаа өгсөн. Одоо цаг үе нь сайхан  болж, наадам найранд явахад эдийн засгийн боломж ч их болсон байна.  
-Баян сум эртнээсээ удамт уяач, хурдан хурц хүлэгтэй. Таны өвөг дээдэс морь уяж байсан уу? МСУХ-г толгойлж уяачид, морин уралдааны хөгжлийн төлөө сэтгэл зүрх гарган ажиллахад танд юу нөлөөлсөн юм бэ?
-Удамд маань Ёндонгийн Дорж гэж уяач байлаа. Тухайн үед морь уяж улсын наадамд явна гэдэг их ярвигтай асуудал байсан. Авга ах Дорж гэж өвгөн зургаан сарын эхээр хоёр морь хөтлөөд л Сэргэлэнгээс явдаг. Хүүхэд шуухадгүй, хэн ч морийг нь унаж байсан юм хөөрхий. Тэр хүн олон жил улсын наадамд яваад хамгийн дээд амжилт нь 1968,9 онд хязаалан зургаа, дараа нь даага аравт давхиулж байсан. Орон нутагтаа бол сайхан наадаж байсан хүн. 
Би бол айлын ууган хүү. Лам энэ тэр үзээд болохгүй гэдэг байсан юмуу, уяан дээр морь хөтөлдөг л хүн байсан. Бүр 10 хүрч байж хоёр жил морь унасан. Лагс биетэй байсан уу, хоёр жил л морь унаад уяачийн туслах болсон доо. Уяачийн туслахдаа дуртай ч гэж жигтэйхэн. Зун нь хэдэн гүүгээ барина. Улсын наадмаас өөр олон уралдаан байхгүй. Хааяа Майн нэгний баяраар, эсвэл Цагаан сараар унасан мориороо нэг ухасхийгээд уралдчихдаг. Миний мэдэх наадам ийм л байсан. Хүүхдийн үс авч, найр хийж морь урлдуулна гэсэн ойлголт тэр үед байгаагүй.  
-Та ер нь морь уяж байсан уу?
-За, нэг их шалиагүй ээ. Ажил төрлөөс шалтгаалаад сүйдтэй уяагүй. Ганц нэг морь хүнээр уяулж наана цаана гэж л байсан. Манай хүүхдүүд ч ялгаагүй ажил төрөл гээд тал тал тийшээ зам мөрөө хөөцгөөсөн улс байна.  
-Заамар сумын уяачдын ихэнх нь залуу уяачид байна билээ. Уул уурхайгаа дагаад амжиргаа нь дээшилсэн залуучууд энд тэндээс адуу авч уралдуулж байгаа нь ажиглагдаж байсан л даа? 
-Өнөө цагт морь уяна гэдэг эдийн засагтай их холбоотой юм байна. Эдийн засгийн боломж муу хүн одоо морь уяхад хүнд. Миний мэдэх өвгөд хөгшид орон нутагтаа ганц давхиулаад баярладаг тэр цаг үе өнгөрсөн юм байна. Одоо чинь эдийн засгийн боломжтой, унаа машинтай, тэжээлийн материаллаг баазтай, уях морьдыг удам судрыг харж газар газраас авчирч уралдуулдаг болсон байна. Тэрний үр дүн нь орон нутагт гарч байна. Нэгдүгээрт эдийн засгийн боломж, хоёрдугаарт морь уях дур сонирхол нөлөөлж байна гэж харагдаж байна.  
-Бидний урилгыг  хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа.  

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Заамар сумын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна