Аймгийн заан Д.Пүрэвдорж: Бөхийн удамгүй ч ЗААМАРТАА ДӨРӨВ ТҮРҮҮЛЖ, ДӨРӨВ ҮЗҮҮРЛЭСЭН

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 21 -нд

Үе дамжин уяа тааруулсан удамт уяачдын нэг, Төмстий II багийн харьяат, аймгийн Заан  Дамчаагийн Пүрэвдорж нь 1950 онд Сацын ухаа хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ. Ардын боловсролын Тэргүүний ажилтан, Биеийн тамирын Тэргүүний ажилтан, Онцгой байдлын Тэргүүний ажилтан  цол тэмдэгээр тус тус шагнагдсан.

-Танайхан хэдэн үеэрээ хурдан морины уяа сойлго тааруулж байна вэ?
-Манай удамд уяач олон байлаа. Бидний өвөг эцэг Цоохор Зэвэгдорж уясан хүлгээ сумын наадамдаа түрүүлгэж, айрагдуулж байсан гэдэг юм билээ. Нагац ах Пүрэв-Очир гэж Заамар, Лүнг дамнан амьдарсан, мундаг хурдтай уяач явлаа. Би түүний уясан морийг багадаа унадаг байсан юм. Улсад олон жил морь мордуулаад улс хувьсгалын 79 жилийн ойгоор нэг соёолон дөрөвлүүлсэн. Улсад түрүүлсэн хонгор азарга, их нас худалдаж авч байсан удаатай. Манай удмын бас нэг уяач бол миний төрсөн дүү Дамчаагийн Лувсансүрэн байна. Ноднин бурхан болчихлоо л доо. Энэ дүү маань морь уяхын сацуу гаднаас адуу ч сайн цуглуулсан. Дүүгийн саарал азарга болоод үр төлүүд нь Заамарт айраг түрүүгээр л хурдалдаг. Төлүүдээс нь гэхэд Бүүвэйбаатарын азарга, Жаамаагийн хүрэн азарга, Дашийн хонгорыг нэрлэж болно. Адуунд мөнгө хайрлаж байгаагүй хүн дээ. Мөнгө хатуу байхад Цоохор Дамба гэдэг Заамарынхаа хүнээс 6000 төгрөгөөр жороо морь авч унаад зарим нэгэнд зэмлүүлж л явлаа. Дараа нь Төв аймгийн 40 жилийн ойгоор очоод өнөө хүрэн жороо дээрээ 6000 төгрөг нэмээд улсын наадамд түрүүлсэн жороо бор морь худалдаж авсан. Би тэр жороо борыг нь Заамарт барилдах бүртээ унаж, төрийн далбаа бариад уралдах морьдыг гаргаж өгдөг байлаа. Бас Довдондоржийн сартай хээрийг хавчиг соёолонд нь 12 адуугаар худалдаж авсан юм. Дүүд ирээд нэг жил Атарт очиж түрүүлээд, дараанаас нь явахаа байсан. Бодвол дүүгийн ухаан хүрээгүй юм байлгүй дээ. Тэжээл будаа иддэг адууг авчраад, бор өвсөөр “бордохоор” буруудаж  л орхисон биз. 
-Ах дүү хоёулаа наадсан сайхан наадам олон байх даа?
-1982 онд дүү маань Заамарт ирлээ. Би ч ирсэн. Хоёулаа барилдаад, мордуулсан хоёр наснаас их нас нь түрүүлж нөгөө нь аман хүзүүдсэн юм. Тэр их сайхан наадам байж билээ. Одоо ч дүүгийн маань тэр амжилтыг эвдсэн хэн нэгэн гараагүй л байна. Яах вэ, соёолон, хязаалан айрагдсан нь зөндөө л дөө. 
Манай дүү чинь Жамъянгийн саарлыг худалдаж авч,  төлүүд нь Заамараар сайн тарсан. Энэ Заамарынхан чинь Дашинчилэнгийн наадамд яваад зургаан насанд зургуулаа түрүүлнэ. Урагшаа Лүн ороод мөн л зургууланд нь түрүүлгэнэ. Заамар чинь ийм л сайхан адуутай нутаг байгаа юм. Гэхдээ энэ амжилт нэг хэсэг тасарсан л даа. Яах вэ дээ, Дашинчилэнд мориныхоо сайныг өгсөөр муудсан  гэж би боддог юм. Гэхдээ одоо бол шал өөр болсон байна. Шинэ цагийн адуугаар цус сэлбэсэн адуутай залуу уяач олноороо гарч байна. Ноднин гэхэд улсад Дашдэмбэрэл гуайн хүү Энхболдын хар шүдлэн дөрөвлөлөө шүү дээ. Сайхан байгаа биз. Тэрнээс өмнө Заамарынхан чинь Лүнгийн наадамд гурван саарал их нас дараагаар оруулж байсан түүхтэй. Манайх чинь их олон Дамбатай. Шар Дамба, майга Дамба, ээрүү Дамба гээд л явна. Тэр олон Дамбуудын саарлууд чинь бүгдээрээ манай дүүгийн саарал азарганы удам угсаа юм шүү дээ. 
-Тэр саарал нь ингэхэд хаанахын адуу юм бэ. Буруу гараар л ирсэн гэлцээд байх юм? 
-Намайг жоохон байхад улаан Палам гэж хүн байлаа. Төв аймагт нэгдлийн адуу хариулдаг тэр хүн албаа өгсөн чинь адуу дутахгүй юу. Тэгэхлээр нь урагшаа давхиад Дундговийн Эрдэнэцогтоос адуу хөөгөөд ирсэн байгаа юм. Ингээд өнөө дутсан адуугаа бүрэн болгож өгөөд саарал даага, хонгор байдас үлдэж л дээ. Тэрийг нь Дамбий гэдэг хүн худалдаж аваад, түүнээс манай дүү авсан байдаг юм. Ингэж Заамарын хурдууд төрсөн түүхтэй. 
-Адуунд гар татдаггүй л хүн байж дээ. Түүнийхээ хариуг авсан биз дээ?
-Ёстой гар татаж байгаагүй. Хуучин цагт 6000 гэдэг их мөнгө шүү дээ. Ямартаа ч зорилготой байж түүнийхээ төлөө хөрөнгө зараад буруудаагүй ээ. Адуугаа сайжруулж чадсан. Гэхдээ би бас сайн ярьж чадахгүй байна л даа. Сая Баасан  хэлсэн дээ. “Ийм амжилт хүлээсэн хүн Заамарт байхгүй шүү” гэж. Баасан, Довдон нар чинь миний эцгийн төрсөн дүү нартай суусан улс. Өөрөөр хэлбэл хоёулаа манай хүргэчүүл байгаа юм. Мэдээж морь уяад олон амжилт гаргасан ч өөр шиг нь ярина гэж юу байх вэ. Нэг сайхан соёолон Заамарт их хол түрүүлгэсэн. Тэгэхэд Баасан, Довдон нар гайхаж л байлаа. “Ямар гоё уяа вэ” гээд бүүр уулга алдсан гээч. Дараа нь Эрдэнэтийн 20 жилээр энэ соёолон нь түрүүлж яваад хойшлоод зургаагаар орсон. Тэгээд Дашинчилэн дэх хамаатандаа өгчихсөн. Түүнээс таван цаас ч авалгүй л бэлэглэсэн юм. Дашинчилэнд очоод өнөөх нь хэд түрүүлсэн гэж дуулдсан. Түүнчлэн өөрийн нэг сайн хонгор морьтой байлаа. Бас багаасаа айрагдсан нэг хар даагатай байсан. Тэр нь ойрын таван сумандаа түрүүгээр л хурдалдаг байлаа. 


-Нагац ахын тань тухайд?
-Цоохор Цэвэгдоржийн Пүрэв-Очир  гэж хүн байлаа. Дээхнэ үед чинь ганцхан газар сунгадаг байлаа. 1964 онд Яармагийн дэнж дээр сунгахад ахын уясан морьдоос дөрвөн нас нь түрүүлж байсан. Тэр жил манай ах Туул, Сонсголонгийн гүүрний хойд талд байгаад үерийн ус орж ирээд урагшаа гарч чадахгүй аралдаа үлдээд наадаж чадаагүй. Дараа жил нь Лүнд ирээд дөрвөн нас дараалан түрүүлгэсэн. 
-Өөрийнх нь адуунууд уу?
-Азарга нь авмал. Бусад нь өөрийн нь унаган адуунууд байгаа юм. Сайн азаргатай болохоор чинь төлүүд нь ч сайн гарна шүү дээ. Гэхдээ сүүлдээ бие нь жоохон муудаад, адуу малыг нь ч засаг хураагаад авчихсан. 
-Малын тоо толгой хэтрээд хураагдсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Хуучин цагт тоотой, нормтой байлаа. Ах маань гурван хонгор азаргатай адуутай. Тэгээд тэр жил Лүнд түрүүлээд ирсэн хэл ам дагуулдаг юм байгаа биз дээ. Улсууд матаад, өнөө Пүрэв-Очирынх яахаараа ийм олон адуутай байдаг юм, тооноосоо илүү байна гээд бөөн юм болсон. Амаргүй цаг үе байлаа. Муу ах маань үүнээс болоод хэцүү нэртэд сар гаруй хугацаатай суугаад бүх адууг нь хурааж нэгдэлд өгсөн. Нэг өглөө бид туугаад аваачиж өгсөн. Орой очиход ганц нь ч үлдээгүй байсан. Пүрэв-Очирын адууг нэгдэлд өгөх нь гэдгийг мэдээд дор нь солиод авчихгүй юу. Ах маань надаас юугаа ч харамладаггүй сэн. Дүү бид хоёр чинь өнчин өрөөсөн улс. Ах маань л өсгөсөн. Адуу малыг нь бүгдийг нь унана, сургана. 13 настай надад метр нь 72 төгрөгийн торгыг 18 төгрөгийн  торгоор доторлож дээл хийлгэж өгөөд, хромон гутал өмсүүлж, цул мөнгөн хазаартай морь унуулж гоёдог байсан гээд бод доо. Агуу сэтгэл шүү. Ах өөрөө есөн хүүхэдтэй. Отгон хүү нь Заамарт амьдардаг. Бусад нь хотод ажиллаж амьдарч байна. Нэгэн цагт Пүрэв-Очирын хул гэж дийлддэггүй хурдан морь байсан юм. Тэрийг би унана. Одоо нэг зурмал зураг хүүхдүүдэд нь бий. Би чинь Лүнд амьдардаг ч Заамарын л хүн шүү дээ. 
-Нагац ахын чинь улсад айрагдуулсан тэр соёолон хаанахын адуу байсан юм бол?  
-1963 онд Алтанбулагийн Алтангэрэл гэж хүнээс улсад түрүүлсэн хонгор азаргыг нь дөрвөн унагатай гүүгээ өгөөд авч байсан юм. Их хурдан байгаад Өндөр-Ширээтэд түрүүлээд, ид хурдан байхад нь үерт автаад үлдчихсэн. Тухайн үедээ хонгор азаргыг нэг цагаан гүү дагуулж өгөөд, түүнээс нь нэг хээр унага төрсөн. Энэ хээр чинь АХ-ын 79 жилийн ойгоор улсад дөрөвлөсөн соёолон байгаа юм. Эцэг хонгор азарга нь улсад түрүүлсэн нь бас хөөрхөн түүхтэй. Тэр жил азарганд Төв аймгийн Батсүмбэрийн Ломбо гэж хүний мундаг бор азарга түрүүлээд, Алтангэрэлийн хонгор азарга аман хүзүүнд орж л дээ. Гэтэл Ломбо гуай, Алтангэрэл гуай хоёр барилцчихсан зогсож байж. Учрыг нь асуувал Ломбын бор азарга нь засчихсан морь байсан байгаа юм. Ингээд малын эмч дээр очоод маргаанаа таслуулж бор азаргыг хасчихаад хонгор азаргыг түрүүлгэсэн гэдэг. Ах бас нэг сайн хээр морьтой байсан нь тэр жил наймаар давхисан юм. 1060 мориноос наймаар ирсэн гэхээр тоохоос өөр аргагүй амжилт байгаа биз. Орой тэднийд ганц нэг юм задалсан шигээ уяачид цугларчихсан сууж байтал Ломбо гуай хасагдсан бор морио ахад өгөх гэлээ. Болоогүй оронд нь “Дөрвөн унагатай гүү, дөрвөн адуу өгчих” л гэнэ. Ах ч зөвшөөрсөнгүй. Тэгсэн жаахан ундууцсан Ломбо гуай “Пүрэв-Очир оо чи амаа барина аа. Чиний хээр морь сая улсын наадамд наймлалаа. Миний энэ морь хойтон их насанд түрүүлнэ. Чи хараарай” гэж байна. Нээрээ л дараа жил нь уралдаад түрүүлж чадаагүй ч аман хүзүүдсэн л дээ. 
-Та хүүхэд цагийн дурсамжаа сайн санах юм. Нагацынхаа морьдыг унасан наадмуудын дурсамжаа санадаг уу? 
-Саналгүй яах вэ. 1963 онд Төв аймгийн 40 жилээр Лүн, Заамарынхан бүгдээрээ улсын наадамд явцгаадаг юм. Тэгэхэд би 13-тай хүүхэд морио  зайдан уначихаад явж байснаа тод санадаг юм. Төв аймагт 1063 их морь уралдаж байгаа байхгүй юу. Тэр үед чинь улс наадам хийдэггүй байлаа. Тэгээд би Заамар, Лүнгийн морьдыг бүгдийг нь авч яваад эргэх гээд зогсохоор нь аваад зугтаачихсан. Зугтаагаад ганцаараа 500 метр явтал олон морь чинь араас дор нь бүрхээд хаячихдаг юм билээ. Тэгээд Заамарын Дамбий гэдэг хүний бор морь 120-оор орж, миний унасан саарал морь 300-гаар давхисан. Тэр наадмаар Баян-Өнжүүлийн Авирмэдийн Аварга хээр гэж морь түрүүлсэн. 
-Та чинь бас “айхтар” хэрэг тарьжээ?
-Тийм ээ, үймүүлсэн үймүүлсэн. Миний анх морь унасан нь ч хөгтэй ээ. 1955 онд Орхонд наадам болоход би Сэтэвийн Лувсандоржийн хээр морийг унаад түрүүлсэн. Орхон чинь Сэлэнгийн л нутаг шүү дээ. Би жоохон хүүхэд морь унаад эргэдэг юм байх гэж бодсон үгүй байсан. Одоо бодохноо 500 метр орчим газар зүгээр явж байгаад л цаашаа чигээрээ уралдаад, уул тойрч ирдэг байсан юм билээ. Одоогоор бол газар муутай байсан шиг байгаа юм. Гараад л давхисан. Би ч түрүүлээд давхиж явсан манай Заамарын  Шинэбаярын харыг унадаг Дэнсмаа гэж бараг 16-тай эгч араас дуудлаа. Эргээд харсан “Тэр замаар яв аа” гээд хуруугаар заагаад байна. Түүгээр ороод давхитал өөрөө хойд замаар нь явчихдаг байгаа. Буруу замаар давхихыг наадам үзэж байсан хүмүүс харсан юм байгаа биз, даллаж байна. Ингээд би урдуур нь дайрч ороод түрүүлж байлаа. Тэгж би таван настай анх морь унаж түрүүлгэсэн юм.  
-Уралдаанч хүү байхдаа ямар ч саад гарсан айраг, түрүүгээр л хурдлуулчихдаг байжээ. Сонирхолтой түүх байна?
-Бас нэг сонирхолтой наадмын түүх ярья. Заамар 1954 онд байгуулагдсан юм байна билээ. Тэгээд 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн үүссэний таван жилийн ойгоор наадам хийхэд нь Лүнгээс нагац ахынхаа морийг унаад ирж байгаа юм. Улсууд Заамарын Доржсүрэн, Лүнгийн Санжаасүрэн нарын хоёр ногооны нэгийг түрүүлнэ гээд яриад байна. Бид Доржсүрэн гуайтай Лүнгээс ирсэн байгаа шүү дээ. Санжаасүрэнгийн ногоон азарга аягүй үргэмтгий адуу байна. Тэрийг нь Доржсүрэн гуай мэдчихлээ. Тэгээд уралдаанч хүү Дашдорждоо “Энэ ногоон үргэмтгий юм байна. Урдаа гаргаж болохгүй” гэж хэлжээ. Тэгээд гараад л Доржсүрэнгийн ногоон азарга зугтаадаг юм байгаа биз дээ. Араас нь Санжаасүрэнгийн ногоон азарга яваад ирлээ гэнэ шүү.  Уралдаж гарахаас нь өмнө Доржсүрэн гуай хүүхдэдээ нэг өргөн бүс бүслүүлээд, айлын ногооныг араас ирэхээр нь задлаарай гэжээ. Хүүхэд ч хэлснээр хийгээд өнөө бүс хийсдэг юм байгаа биз дээ. Ногоон азарга ч үргээд тэгээд хүрч чадахгүй аман хүзүүлсэн. Аминдаа гадны морийг түрүүлгэхгүй гэж тэр л дээ. Доржсүрэн гуай зальтай, морь уяж сойх аргатай, олон ч хурдан адуутай хүн байж билээ. 
-Тэгвэл та энэ сумын нэрийг гаргасан үе үеийн эрдэмт уяачдын талаар хэр мэдэх вэ?
-Мэднэ ээ. Намайг морь унадаг байхад Сэтэв, түүний хүү Лувсандорж, Доржсүрэн, Мятав, улаан шанаа Ойдов, Дамбий болон дүү  Дашням, Цэнд, улсад анх морь уралдуулж байсан улаан саарал морьтой Чүлтэм нарын мундаг уяач байлаа. Түүнээс хойш гэхээр Сандуйжав, Миеэсүрэн, Чоно, Чухал Дамдинсүрэн, майга Дамба, Огтор Дамба, Цоохор Дамба, Шар Дамба гээд үргэлжилнэ. 
-Тэгвэл ямар, ямар сайн азарганууд байна  даа? 
-Хурд тараасан сайн азарганууд гэвэл дүүгийн авсан саарал азарга байна. Жаамаагийн хүрэн, Таживын саарал алаг, Мөөхий, Сэврээ хээр, Далай Батсүхийн хул, Бүүвэйбаатарын хар, Баасангийн хүрэн, Алтангэрэлийн хүрэн гээд үргэлжилнэ шүү дээ. Заримыг нь үлдээчих шиг боллоо. Тулгамдаад санахгүй байна. 
-Сайн их насны морь гэвэл?
-Дээхнэ үеэс бол Дамбийгийн бор гэж 1063 мориноос 120-д орж байсан морь байна. Сандуйжавын хамар цагаан гэж байгаад хоёр, гурав түрүүлгээд сүүлд нь хулгайд алдчихсан. Золбоотын бор, Борхаагийн бор, Бүүвэйбаатарын хоёр хар, Онолтын хонгор, Шар Дамбын хүрэн алаг, Хув шар Дагвадоржийн хонгор, Мянганы зээрд гээд л олон их насны морьд байлаа. 
-Та морь уяж байгаагүй юу?
-Ах нь морь хар уяж үзээгүй ээ. Хоёр жилийн өмнө Заамартаа ирсэн. Эцгийн маань дүүгийн хүүхэд Энхтайван Заамарт уясан морь нь дийлдэг л юм. Түүнтэйгээ морь уяад, Лүн Заамар хоёроор хэд хэдэн айраг авсан. Гэхдээ ахиж ирээгүй ээ. Настай хүнд хэцүү юм билээ. Би чинь одоо 67, 68 хүрчихлээ. 
-Бөхийг бол удам дамждаг гэдэг дээ. Танай удам бөх бас олон уу?
-Надад бөхийн удам байхгүй ээ. Харин хүргэн ах маань Улсын харцага Сэрээтэр шүү дээ. Би Заамарт дөрөв түрүүлээд, дөрөв үзүүрлэсэн хүн. Ленинградад галын инженерийн дээд сургуулийг төгссөн. Амралтаараа л голдуу Заамарт ирдэг байлаа. Гэхдээ Заамарт ах дүүсийн маань 80 хувь амьдарч байгаа хойно зүглэхээс ч өөр яах билээ. Өөрөөр хэлбэл Заамарын 80 хувь нь Нямынхан байна. Ноднин манайхан ургийн баяр хийгээд, 950 хүн цугласан. Сумын төв дээр худалч хүнд хүн байхгүй болсон байна лээ. Хоёр хоног болсон ургийн баярт бөх барилдаж, 10 төрлийн төрлийн тэмцээнд хүчээ үзсэн. 
Уг нь дүү маань бяраар бол мундаг л даа. Гэхдээ яах вэ би багаасаа бөх барилдаад арга техник нь илүү байхгүй юу. Бага залуудаа морь уургалдаг байлаа. Тэр ч бас хүчний нэг ажил болоод явчихаж байгаа юм. Бүүр Заамар, Лүн хоёрт гайхагдсан морь уургалдаг хүүхэд явлаа. Ахынхаа адууны буянаар нэг, хоёр тонгочиж л байхгүй юу. Одоо бол чадахгүй ээ. Морио ч унахаа байсан байна. /инээв/
-Улсын харцага Сэрээтэр таны хүргэн ах гэв үү? Энэ хүн барилдахад тань тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу?
-Хувь тохиол гэдэг сонин шүү. Улсын харцага, Олимп, дэлхийн аваргын хүрэл медальтай, Ардын багш Данзандаржаагийн Сэрээтэр миний эгчтэй  гэр бүл болдог юм. Тэгээд 1964 онд Японд болсон олимпод оролцоод ирэхдээ надад бөхийн трико, бас бус юм өгөөд “Сайн барилдаарай миний дүү” гэдэг юм. Ховрын юм авсан хүн чинь гангарна биз дээ. Өнөөхөө өмсөөд гарахаар хүүхдүүд айгаад надтай барилдахгүй ээ. Энэ Гантөмөр бид хоёр чинь яг энэ Заамарын унаган хүүхдүүд байгаа юм. Мань хүн Заамарын анхны сэхээтний нэг. Би ч яах вэ түүнээс хойхно сургууль төгсөж ирсэн. Багадаа хоёулаа барилдана. Хоёулаа 1968 онд идэрчүүдийн улсын аваргад ороод нэг жинд хүч үзэж, би мөнгийг нь, Гантөмөр алтыг нь авч байлаа. Харин хойтон жил нь би алтыг нь, өнөөх маань мөнгийг нь авсан. Ямартаа ч Сэрээтэр ахынхаа буянаар бид чинь анх бөхийн дөртэй болж байж билээ. Дараа нь энэ маань аймгийн арслан болсон, би ч аймгийн заан болсон. Ингэж бөхөөр холбогдсон бид 60 жил найзалжээ. 
–Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээж авч ярилцсанд баярлалаа. 

Д.Энхтуяа

9 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.160.105

    Лувсандорж гэдэг хүн чинь Сэтэвийн ах нь байгаа юм.Пүрэвдорж гуай анх энэ хүний морийг унаж морь унаж сурч байсан гэсэн 5 настай жаал хүүг өргөөд салхи сөрж яваад сэрээдэг байсан гэж өвөө минь ярьдаг байж билээ. Сэтэвийн саарал гэж мундаг хурдан морь байсан сүүлд нь майга Дамба гуай авч тойргийн хэдэн сумыг айлгадаг байлаа. Лувсандорж \ омвоо \ өвөө гэдэг бол Заамарын урд талын уяачдын бараг багш нь даа.

    Reply
  • 66.181.160.109

    mundag hvn shvv bidnii bagsh. bagshdee ervvl enhiig hvsej taniaraa baharhaj yawdag shvv shawi nar n

    Reply
  • 202.9.43.229

    Пүрэв -Очир өвөөгөөрөө бахархаж байна аа өвөөгийнхөө уясан морийг улсын наадамд унадаг байлаа

    Reply
    • 66.181.161.126

      Пүрэв-Очир өвөөгөөрөө Пүрэвдорж ах 2оороо бахрахдаг шүү үр ач хүүхдүүдийнхээ бахархалууд юм байгаамаа

  • 211.36.158.212

    Та минь мундаг шүү

    Reply
  • 66.181.161.27

    Ah mine mundag shv

    Reply
  • 66.181.161.125

    Mundag bagshdaa ervvl enhiig hvsey

    Reply
  • 202.126.89.88

    ЭРХЭМ БАГШДАА аз жаргалын дээдийг хүсэн ерөөе

    Reply