“МОНГОЛ АДУУ” НИЙГЭМЛЭГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ж.ГОМБОЖАВ: МОНГОЛЫН АДУУН СҮРГИЙН НЭЛЭЭД ХЭСЭГ НЬ ЗҮҮН ГУРВАН АЙМАГТ БАЙГАА НЬ ХОЛЫН ИХ УРШИГТАЙ

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 16 -нд

Манай улсын хамгийн олон гишүүнтэй хамгийн том төрийн бус байгууллага болох ММСУХ үүсэн байгуулагдах үндэс суурийг тавьж өгсөн байгууллага бол “Монгол адуу” нийгэмлэг. Тус нийгэмлэгийн монгол адууны хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар үүсгэн байгуулагчийн нэг, УИХ-ын дэд дарга, гишүүн асан Ж.Гомбожавтай ярилцлаа.

АДУУ НЭГ БҮС НУТАГТ ОЛНООРОО БАЙХ НЬ ӨВЧИН ГАРАХ, БЭЛЧЭЭР ТАЛХЛАГДАХ АЮУЛТАЙ
“Монгол адуу” нийгэмлэг хэзээ, ямар хүмүүсийн санал санаачлагаар үүсэн байгуулагдсан байдаг юм бэ?
-”Монгол адуу” нийгэмлэг 1989 оны хоёрдугаар сарын 01-нд байгуулагдсан. Байгуулагдах болсон түүхэн нөхцөл нь дараах шалтгаантай. Нэгдүгээрт, 1965-1990 он хүртэл 25 жил Монголын адуун сүргийн тоо жил дарааллан хорогдсон статистик үзүүлэлт гарч, энэ тал дээр ард түмний, төр засгийн анхаарлыг хандуулах нь зүйтэй юм байна. Хоёрдугаарт, тэр үед хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй гээд мал ихэнх нь нийгэмд байсан. Адуучдыг үнэлэх үнэлэмж сайн биш. Бэлчээр сүйтгэдэг гэдгээр адууг хамгийн хол нүүдэллэж оторлодог. Адуучид жижигхэн отрын гэртэй, махан голдуухан хоолтой олон хоног, сараар гэрээсээ хол хөндий явдаг. Ер нь адуучны хөдөлмөрийн нөхцөл хамгийн хүнд байсан. Тиймээс адуучдын хөдөлмөрийг төр засгаас үнэлүүлье. Гуравдугаарт, морин уралдаан хөгжөөгүй, орон нутагтаа л морио уралдуулахаас биш, улсын болон аймгийн хэмжээний уралдаан бараг явагддаггүй байлаа. Нийслэл Улаанбаатар хотод хамгийн ойр аймгуудын морь уралдаад тэр дотроос улсын хурдан морьдоо шалгаруулдаг байсан. Ийм гурван зүйл дээр үндэслэж бидний 15 хүн “Монгол адуу” нийгэмлэгийг байгуулсан.  
Энд ямар, ямар хүмүүс байсан бэ?
-Голдуу уяачид, адуу сонирхогчид байсан. 


“Монгол адуу” нийгэмлэг нэрний тухайд өнөөгийн гаднаас олон адуу авчирч эрлийзжүүлж байгаа үед утга учиртай нэр юм шиг. Харин тухайн үед ямар бэлгэдлээр ийн нэрийдэж байсан бэ?
-”Монгол адуу” гэж 30 жилийн өмнө нэрлэсэн нь өнөөгийн энэ их эрлийзжүүлэлтийн  үед харин ч алсын хараатай нэрлэжээ гэж бодогддог юм. Тухайн үед буюу 1989 онд нийгэм нээлттэй болоогүй, социалист орон байсан үе. Би тэгэхэд Төв аймгийн дарга байсан. Төв аймаг адуун сүргийн тоо толгойгоор ч эхэнд ордог, улсын алдар цолтой уяачдаараа ч дээгүүрт бичигддэг учраас нийгэмлэгээ Төв аймагт байгуулъя гэж тохиролцсон. Тэгээд юу гэж нэрлэх вэ гэдэг дээр янз бүрийн санал гарч “Монгол адуу” гэж нэрлэе гэдэг дээр тогтсон. Ингэж нэрлэх маш олон шалтгаан, бэлгэдэл байсан л даа. Нэгдүгээрт, монгол хүн, морь хоёрыг салгаж Монголын түүхийг ярих, бичих боломжгүй. Монгол Улсын тэмцэл, ялалтын нэг гол хэрэгсэл нь адуу. Хүннүгийн үеэс Чингис хааны байлдан дагуулал, Ардын хувьсгал гээд түүхийн бүхий л цаг үед монголчууд морио унаж газар нутаг, эх орноо хамгаалж ирсэн. Хоёрдугаарт, дэлхийн хөгжил ойртож яваа юм чинь монгол адууны генд нөлөөлөх үйл явц гарч болох юм. Монгол адуу бусад адуунаас өвөрмөц онцлогтой. Төлөрхөг, эзэндээ үнэнч, бэлчээрт дасан зохицох чадвар сайтай, амархан таргалдаг, уяа сойлгод амархан дасдаг олон давуу чанартай. Ер нь хөдөө хээр эзнээ явгалж байсан морь түүхэнд бараг байдаггүй. Тэр үед адуутай холбоотой Вьетнамд очсон адуу, дайны үед Орост бэлэглэсэн морьдын талаарх түүх гээд бодит сонин, сонин үйл явдлууд гарч байсан. Ийм учраас бид монгол адуу гэдэг бие даасан ген, бие даасан адуу юм байна. Үүнийг монгол нутагт цэврээр нь өсгөж үржүүлэх ёстой юм байна. Хэрвээ эрлийзжүүлэх бол төрийн хяналтан дор тодорхой хязгаарлагдмал нутаг дэвсгэрт үржүүлэх ёстой юм байна гэж бид ярьж, нийгэмлэгийнхээ нэрийг “Монгол адуу” гэж нэрлэсэн юм.   
Вьетнамд очсон адуу нутагтаа гүйж ирсэн тэр сэтгэл догдлуулам түүх мөн үү?
-Тийм ээ. Монгол Улсаас Вьетнамд 10 хэдэн агт үрээ циркийн зориулалтаар бэлэглэж, адууны нэрт эрдэмтэн Цэвэгмид, циркийн тэр үеийн дарга Зориг хоёр авч очсон юм. Явахдаа Туул голоос 40-ийн бидон ус, нэлээд хэмжээний чулуу аваад явж. Тэнд 10 хэд хоног монгол адууг яаж маллах тухай Вьетнамын зоо техникч, малын эмч нарт зааж өгөөд, буцах оройноо бетонтой ус, чулуугаа аваад очсон чинь бүх адуу үүрссэн гэдэг. Нутгийн ус, чулуу, монгол хүн гэдгийг мэдэж байсан байгаа юм. Тийм мэдрэмжтэй адуу. Түүнээс гадна манайх чинь жилдээ 60-70 мянган адуу Орос, Хятад руу амьдаар нь гаргадаг байлаа. Нэг удаа Алтанбулагаар хил давахын өмнө бүх адуу Монголын нутаг руу хараад үүрссэн гэдэг. Хил давлаа гэдгийг мэдэхгүй ч Монголын нутгаас гарч байна гэдгийг мэдэрсэн. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монголоос очсон бэлгийн морьдыг орос цэргүүд голоод европын том адуунуудыг сонгодог байж. Эхлээд нэг европ адууг хоёр монгол адуугаар сольж авдаг байснаа монгол адууны өвс тэжээлээ өөрөө олж иддэг, тэсвэр тэвчээр, унаар даадаг, холч явдлыг мэдээд нэг монгол адуугаар дөрвөн европ адуу сольж авдаг болсон гэдэг. Дайны ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн учраас саяхан ОХУ монгол адуунд зориулж хөшөө босгосон шүү дээ.  
Та хэдий үеэс тус нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бэ?
-Би 1989-1993 онд “Монгол адуу”  нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан. 1993 онд УИХ-ын дэд дарга өөр ажил хийж болохгүй гэсэн Үндсэн хуулийн зүйл заалтыг мөрдлөг болгож энэ ажлаа өөр хүнд өгч байлаа. Тэр үед хууль биелүүлдэг, дээдэлдэг хүмүүжилтэй байж дээ. Гэтэл өнөөдөр УИХ-ын 76 гишүүний ихэнх нь ямар нэгэн төрийн бус байгууллагуудыг толгойлдог, тэнд оролцдог, гадагшаа дотогшоо явж хууль тогтоох үүргээ биелүүлдэггүй ийм тохиолдлыг бид харж байна. Тэгээд би ажлаа өгөхдөө нийгэмлэгийг бүх аймагт салбартай болгочихсон, 400 гаруй шилмэл адуутай, хоёр сая төгрөг, 20 мянга гаруй доллартай, хамтын ажиллагааны сургууль гээд нэлээн баазтай болгоод үлдээсэн юм. 
Ерөнхийлөгчийн алба хашсан энэ дөрвөн жилийн хугацаанд нийгэмлэг ямар бодлого төлөвлөгөөтэйгөөр ажилласан бэ? 
-Олон талын ажлууд хийгдсэн байдаг юм. Тэр тусмаа эрдэмтдийнхээ судалгаа шинжилгээнд тулгуурлаж монголын адуун сүргийн дөрвөн улирлын маллагаа, эмчилгээ, хурдны шинж төлөвийн талаар маш олон ном бүтээл хэвлүүлсэн. Би энэ тухай “Монгол адуу нийгэмлэг” гэсэн ном хүртэл хэвлүүлсэн. Хамгийн чухал ажил гэвэл нэрт сэтгүүлч Сумъяагийн Жамбалдоржтой гэрээ хийж “Морин эрдэнэ” гэдэг толь бичиг гаргуулсан. Тэр бол оюуны том бүтээл. Түүнээс гадна адууны тухай хэд хэдэн кино хийсэн. Би Төв аймагт “Монгол адуу” нийгэмлэгийн музей байгуулж, олон тооны сайхан үзмэрүүдтэй болгосон. Гэвч нэг хаврын салхитай өдөр санаатай юм уу, санамсаргүй нөхөр шатаагаад тэр музейг устгасан. “Монгол адуу” нийгэмлэг олон улсын гишүүнчлэлтэй, олон орны эрдэмтэд, адуу сонирхогчид гишүүнээр элссэн. Гадаад дотоодын 60 мянга орчим гишүүнтэй байгууллага. Япон Монголын нөхөрлөл, хамтын ажиллагааны сургууль гэж байгуулж, 55 залууд япон хэл зааж, адууны тухай сургаад, тэгээд Японд дадлагажигч нэрээр ажилтан гаргаж байсан. Тэр бол Монголоос гадаадад ажиллах хүчин гаргасан анхны зам жим байж магадгүй. Тэдний 30 гаруй нь Японд очиж янз бүрийн хугацаагаар ажилласан. Яваад одоо хүртэл ирээгүй нь ч бий. Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Даваахүүг хүртэл өөрийнхөө хамтран ажилладаг компаниудын хүсэлтээр хоёр дахиж томилолтоор явуулж байсан. Тэнд манай адуучид, хүмүүсийн очсон жүчээ амжилт гаргаж, манай нөхдийн зөвлөгөөгөөр уяснаар морьд нь их хурдалж байсан жишээ бий. Би өөрөө ч 1992 оны өвөл хэдэн нөхөдтэй хамт очиж, яриа хэлэлцээр хийж, үзэж сонирхож явсан.
Таны дараа хэн ажлыг тань авсан бэ?
-Дундговь аймгийн дарга байсан Дамдинсүрэн, дараа нь Хурц авсан. Сүүлд ажил нь унтарчихсан. Би гэрчилгээ, тамгыг нь аваад яваандаа нийгэмлэгээ сэргээдэг юм уу гэсэн бодолтой байгаа. Тэр үед бид цагаан азарга, 10 цагаан гүү, нэлээн хэдэн ямаатай сувиллын газар байгуулж, элэгний өвчтэй хүмүүсийг сувилж эмчилдэг байсан. Нийгэмлэгийн дэргэд “Морин эрдэнэ” гэдэг нэртэй чуулга хүртэл байгуулсан. Манай нийгэмлэг байгуулагдсанаас хойш Монголд тэмээ, сарлаг, ямаа гээд мал дагасан нийгэмлэгүүд байгуулагдсан. Тэр үед үйлдвэрчин, залуучууд, эмэгтэйчүүд, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг гэсэн 4-5-хан төрийн бус байгууллага байлаа. Ер нь ардчилал руу шилжсэнээс хойш тиймэрхүү маягийн холбоо, нийгэмлэг асар олон болсны жишээ гэвэл Морин хуурын чуулга, Бөхийн холбоо. 1989 он гэдэг чинь Монголдоо анхны төрийн бус байгууллага байх аа.
Тэр үед төрийн бус байгууллагын хууль, эрх зүйн орчин бүрдсэн байсан уу?
-Хэдийгээр тэр үед төрийн хууль байгаагүй ч бид өөрсдөө дүрмээ баталж, түүнийхээ дагуу ажилладаг байсан. Төрийн бус байгууллагын хууль сүүлд 1990 хэдэн онд намайг УИХ-ын дэд дарга байхад гарсан. 
Та бүхний анх нийгэмлэг байгуулахдаа зорьж байсан зорилтууд биелсэн үү?
-“Монгол адуу” нийгэмлэг Монголын эр хүн бүрт нэг адуу оногдохоор адуутай болъё гэж зорилт тавьж байсан. Одоо тэр зорилт хэрэгжсэн. 1990-ээд оноос Монголын адуун сүргийн тоо жил дарааллан өссөн. Харин 2010 оны зуднаас хойш нэлээн хорогдсон байх. Ер нь манай улсын адуу гурван сая дотор л эргэлддэг. Монголын адуучид, уяачдын хөдөлмөрийг төр засгаас үнэлэх үнэлэмж хамаагүй нэмэгдсэн. Адууны салбараас Хөдөлмөрийн баатар, Гавьяат, Тод манлай, Манлай, Алдарт гээд алдар цол хүртэл бий болсон. Энэ бол манай нийгэмлэгээс угшилтай. Бид тэр цол хэргэмийг бий болгоогүй ч бидний дараачийн нөхөд үргэлжлүүлж хийсэн юм аа. 
“Монгол адуу” нийгэмлэгийн суурин дээр ММСУХ байгуулагдсан гэж ойлгож болох уу? 
-Манай нийгэмлэг дөрвөн зөвлөлтэйн нэг нь уяачдын ажлыг хариуцсан зөвлөл байсан. 1991 онд байхаа Пунцагбалжир надтай уулзаад “Гомбожав аа, ММСУХ байгуулж ажиллуулъя” гэхэд нь би “Манай “Монгол адуу” нийгэмлэгийн дөрвөн зорилтын нэг байна. Тэрийг та нар аваад явбал сайн байна” гэж байсан. Тэгээд ММСУХ-ны анхны их хурал дээр нь би “Монгол адуу” нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувьд үг хэлж, баяр талархал хүргэж байлаа. ММСУХ сүүлийн 20-иод жил сайн ажиллалаа, Гиннесийн номонд бичигдлээ, бүсийн их хурдуудыг зохион байгууллаа, дэмждэг байгууллага, хүн олон боллоо, хурдан адууны үнэлэмж нэмэгдлээ. Энэ бол манай малчид, адуучдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Ялангуяа манай Сүхбаатар аймгийн адуу гайгүй үнэд хүрч, нэлээд өрх айлын амьжиргаа дээшилж байна. 
Таны яриаг сонсож байхад “Монгол адуу” нийгэмлэг байгуулагдсанаас хойш монгол адуу, түүнийг дагасан соёлын талаар  нэлээд зүйл хийжээ гэж би ойлгож байна.
-Ер нь эрдэмтдийнхээ судалгаанд үндэслэж олон ном гаргасан нь өндөр ач холбогдолтой ажил болсон. Дээр нь шинжлэх ухааны үндэслэл судалгаатайгаар аж ахуйгаа эрхлэх тал руу “Монгол” адуу нийгэмлэг үйл ажиллагаа явуулсан юм. Даяарчлалын гэдэг юм уу, дэлхийн улс орнууд ойртон нягтарч буй ийм үед Монгол Монголоороо байх юм бол бусад улс үндэстэн, бусад ард түмэнд илүү хүндлэгдэнэ, дээдлэгдэнэ. Өнөөдөр ирж байгаа жуулчид Улаанбаатар хотын байшин барилга, үйлчилгээг үзэх гэж ирж байгаа юм биш. Түүхэн дурсгалт газар, нүүдэлчдийн соёлыг үзэх гэж ирж байгаа. Хүн төрөлхтний түүхэнд монголчуудын оруулсан хамгийн том хувь нэмэр бол нүүдэлчдийн соёл. Нүүдэлчдийн соёлд адуу томоохон байр суурьтай. Тэгэхээр нүүдэлчдийн соёл иргэншлийг санаатай юм уу, санамсаргүйгээр устгая гэвэл морийг монгол хүнээс салгах ёстой. Би бол том гүрний зориудын гэж хэлэхэд хаашаа юм, тийм бодлогоор сүүлийн жилүүдэд монгол хүн морио унаж эдлэхээ байсан. Морь унаж эдлэх нь багасахаар чөдөр, тушаа, хазаар, ногт, эмээл, гэр тэрэг, элдэв хангай юмнуудаа хийхээ байсан. Монгол хүн мориноосоо салснаар биеийн хөгжил ч суларч байгаа. Жижиг сажиг янз бүрийн наадмыг мотоцикль унадаггүй болъё, машин тэрэг оролцохгүй болъё гэдэг их зөв. Жилийн дөрвөн улиралд мотоцикль унаад байхаар нүүдэлчдийн соёл иргэншлийн гол гол зүйлүүд байхгүй болох ийм зам руу орж байна. Тэгэхээр нүүдэлчдийн соёл иргэншил хагас байдал руу орж байна гэж би үзэж байгаа. 


Сүүлийн үед адууны хурдлах чадварыг дээшлүүлэхийн тулд эрлийзжүүлэг, үржүүлэг хийж байгаа. Та энэ байдлын талаар юу гэж боддог вэ?  
-Энэ эрлийзжүүлгийн талаар манай эрдэмтэн мэргэд судалгаа шинжилгээ хийж хаана нь цэвэр үүлдрийн адуу үржүүлэх үү, хаана нь эрлийзжүүлэх үү, хэдэн тооны адуу байхав, аль бүс нутагт вэ гэдгийг тогтоосон байдаг. Эрлийзжүүлэг бол шинжлэх ухааны үндсэн дээр явагдах ёстой. Гэтэл өнөөдөр адууг эрлийзжүүлэх ажлыг хэдхэн тооны манай алдартай уяачид үймүүлээд, замбараагүй байдалд оруулсан. Их үнэ хүргэж зарсан. Түүгээрээ тэр хэд баяжсан болохоос биш, Монголд их хохирол авчирсан. Одоо эд нар нуугаад байгаа болохоос биш, мэдэх мэдэхгүй адууны өвчин их болж, түүнийг нь эмчилж чадахаа байсан. Уг нь адуу чинь бараг өвчилдөггүй, ям, сэдрэг гэсэн хэдхэн өвчин тусдаг байлаа. Өвлийн хүйтэн болохоор отор нүүдэлд байгаа эрлийз, цэвэр үүлдрийн адуунуудын нэлээд нь үхчихэж байгааг эд нар нууж байна. Статистикийн тооллого бидний үе шиг толгой дарааллан мал тоолохоо байж, амаар тоо авдаг болсон. Ам тоо нь дандаа өсгөсөн тоо байдаг. Яагаад гэвэл мал олонтой бол банкны зээл авах боломж нэмэгддэг. Айл бүр хүүхдээ сургахын тулд малынхаа тоог хий нэмж банкнаас зээл аваад, адуу малын ихэнх нь ХААН банкны мэдэлд очсон. Энэ бол эмгэнэлтэй хувь заяа.
Судалгаа тооцоогүй хийж байгаа замбараагүй эрлийзжүүлгээс болж Монгол адуу үлдэж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй санагдаж байгаа?
-Би бол Монголын адуун сүргийн хувь заяа сүүлийн үед баргар байна аа гэж бодож байгаа. Ирээдүй муу харагдаж байна. Зөвхөн эрлийзжүүлгийн асуудал биш бэлчээрийн асуудал тулгамдаж байна. Бэлчээр байнга хорогдох хувь тавилантай. Хот суурин тэлж, уул уурхай ашиглаж, зам харилцаа нэмэгдэхийн хэрээр бэлчээр хорогдоод байна гэсэн үг. Бэлчээр хорогдоход хамгийн эхлээд өртөгдөх мал нь адуу. 1990-ээд оноос хойш Монголын сая 565 мянган км2 нутгийн эзэмшил их муудсан. Миний үед байсан өрөмдмөл худаг, богино яндант худаг, энгийн уурхайн худгууд ихэнх нь байхгүй болсон. Усгүй газар мал очихоо байснаар бэлчээр хумигдаж байгаа. Дээр нь Монголын хил хязгаарууд эзгүйрч, малчид төв суурин газрыг бараадаж байна. Энд төрийн бодлого дутагдаад байгаа юм. Хичнээн сумаасаа, аймгаасаа холдох тусам бензин шатахууны үнэ нэмэгдэнэ. Уг нь Улаанбаатараас, аймгаас, сумын төвөөс холдох тутам бензин түлшний үнэ хямдардаг, нутгийнхаа зах руу амьдарч байгаа малчдын урамшууллыг нэмэгдүүлдэг, отор нүүдэл сайн хийж байгаа хүмүүст урамшуулал төрөөс өгдөг, тэдний гаргаж байгаа бүтээгдэхүүнийг ядаж 5-15 хувиар үнийг нь нэмж авдаг ийм төрийн бодлого үгүйлэгдэж байгаа юм. Өнөөдөр Монголын нийт бэлчээрийн төдөн хувь нь цөлжсөн байна, төдөн хувь нь талхлагдсан байна гээд манай эрдэмтэд, судлаачид тоо гаргаад байгаа боловч ажил хийгдэхгүй байна. Бэлчээр хаана хамгийн их талхлагдсан гэхээр устай газар. Төв суурин газрын ойр орчмоор жилийн дөрвөн улиралд нүүхгүй суудаг болчихсон. Бидний үед малчид наад зах нь дөрөв нүүдэг байсан бол одоо хоёроос илүү нүүхгүй, өвөлжөө, зуслан нь үндсэндээ нэг болчихлоо. 
Зүүн тал руу адуу нэлээд бөөгнөрөөд байгаа. Тэгэхээр тэндэхийн бэлчээр талхлагдах аюул тулгарч байгаа юм байна даа?
-Өнөөдөр Монголын адуун сүргийн нэлээд хэсэг нь гуравхан аймаг руу чихэлдэж байна. Бараг хөрөнгө мөнгөтэй бүх хүний адуу Хэнтий, Дорнод, Сүхбаатарт байна. Энэ бол буруу. Холын их уршигтай. Адууны өвчин ч нэмэгдэнэ, үхэл хорогдол ч нэмэгдэнэ, бэлчээр ч байхгүй болно. Нэг бүс нутаг дээр нэг төрлийн мал их удаан байх бэлчээрт онц аюул учруулдаг. Тэрийг би амьдралаасаа мэднэ. Намайг Сүхбаатар аймгийн даргаар очиход өмнө байсан дарга нар говь талын бүсийн адуунуудаа хойш нь Түмэнцогт руу гаргасан байсан. Гэтэл тэнд олон адуу нэг дороо бөөгнөрөөд өвчин эмгэг гараад, бэлчээр нь талхлагдаад, зарим төрлийн ургамал байхгүй болсон. Сүүлд нь бид тараасан. Хубилай хааны үед Адууны яам гэж байсан. Тэд яагаад нэг дор адуу цуглуулчихаагүй юм бэ. Энэ бол манай өвөг дээдсүүдийн ухаан байхгүй юу. 
Морин уралдаан бол монгол соёлын салшгүй хэсэг. Гэтэл хүүхдээр морь унуулахгүй гэдэг асуудал мэр сэр яригдах болсон. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Манай зарим залуучууд гадны хүмүүсийн ятгалга, шахалтаар байдаг юм уу “Хүүхэд морь унаж байна, хүүхдийн эрх зөрчиж байна” гэж ярьдаг боллоо. Тэр бол бэлтгэл сургуулилттай шууд холбоотой. Ер нь аль ч улс оронд ийм эрсдэлтэй зүйлүүд байдаг. Жишээлбэл, Скандинавын орнууд гэхэд цана,  тэшүүрээр гулгахгүй хүүхэд гэж байхгүй. 5-6 настай хүүхдийг уулын оройгоос цана, чаргаар уруудуулаад тавьчихна. Модонд тээглээд үхэх эрсдэл 100 хувь бий. Гэтэл сургасан учраас тэгдэггүй.  Би гэхэд 4-5 наснаасаа эхлээд морь унасан. Намайг бага байхад эхлээд хонь малдаа явна, багийн, хэдэн өрхийн дундах уралдаанд морь унасны дараа сумын наадамд ордог. Гэтэл одоо багаасаа унаж сураагүй, морьтой харьцаж сураагүй хүүхдүүдийг олон морин дотор оруулчихаар унах, бэртэх, эндэх асуудал гардаг. Харин адуугаа унаж эдэлдэг уяачийн өөрийнх нь хүүхдүүд гэмтэж бэртэхгүй байгаа шүү дээ. Тиймээс морь унах хүүхдэд дадлага сургалтыг олгох ёстой юм.  
Асгат сумын тусгай дугаарт таны ярилцлага орох юм. Ингэхэд танайхан хэдэн үеэрээ Сүхбаатар аймгийн Асгат суманд нутаглаж байсан бэ?
-Манай суманд морь уядаггүй айл гэж 1956, 1957 оныг хүртэл бараг байгаагүй. Цөөн үү, зургаан нас уу гэхээс морь уядаггүй айл гэж байхгүй. Сүхбаатар аймгийнхан гүү барьдаггүй гэж зарим хүн буруу ойлголттой байдаг юм. 1956, 1957 оныг хүртэл айлууд бүгд намартаа гүү барьдаг, гэхдээ айраг нэг их уухгүй, шимийн архи голдуу гаргаж авдаг заншилтай байлаа. Дарьгангын нэрмэл сайн гээд зартай. Хол гарч уралдах боломжгүй учраас дор дороо уралддаг, хурдтай гэсэн айлаас азарга, гүү авах маягаар ардын селекцийн аргаар адуугаа сайжруулж байсан. 
Таны өвөг дээдэс уяа сойлго тааруулж, хурд ирлэж байсан юм болов уу?
-Миний аавын эгчийн хүүхдүүд болох Уртын Гонгор, Уртын Дамдинжав нар Хэнтий аймгийн Баянхутаг суманд амьдардаг байлаа. Батхүүгийн Толин хул 1993 онд Хэнтий аймгийн наадамд гуравт орж байхад би Дамдинжав ахын уяан дээр нь байсан юм. Толин хул азарга Батхүүгийн сүргийн цөм бүрдүүлсэн. Толин хулын дараа шарга даага, хонгор үрээ гээд 7-8 адуу манай авга ах нараас авсан юм аа. Говь-Алтайн Пүрэвдоржийн зээрд халзан азарга бол бас авга ах нарын адуу. Мөн манай сумын Бор-Ухнай гэж малчин бол миний зээ дүү байгаа юм. Тэдний энд тэнд зарсан адуунууд бас л хурдалж байгаа. Ер нь хурдны угшил одоо ч тасраагүй. Пүрэвийн Цэрэндоржийн даага, шүдлэн Цэрэнжигмэд эд нарт ирээд хурдалсан.  


Уртын Дамдинжав гуай таны авга ах байх нь ээ. Тэгэхээр та энэ хүний талаар хамгийн сайн мэддэг хүн болж таарах нь ээ? 
-Мэдэлгүй яах вэ. 1993 онд намайг Толин хулыг гуравт ордог жил тэднийд ирээд буцахад Дамдинжав ах “Миний дүү хуралд суугаад завгүй байж махны оочерт зогсож дийлэхгүй, би ах дүү нараасаа хэдэн мал бөөгнүүлээд өгье. Чи аваад яв” гээд 100-гаад мал цуглуулж надад өгсөн. Тэр дотор 10 гаруй адуу ирсэн нь өсөж үржээд одоо хүртэл бий. Энэ намар Хэнтийн Баянхутаг руу тэднийхээ хүүхдүүд рүү хүргүүллээ. Би өөрөө хоёр, гурван адуу уядаг юм уу гээд мал үржүүлгийн газарт тэжээж байна.  
Олон хүүхэдтэй айл Асгатаас нүүж очоод нэг хүүгээ өргүүлсэн айл нь донир адуутай байж. Тэр өргүүлсэн хүүхэд Дамдинжавын дүү байсан, донир адуу ингэж тарсан гэдэг яриа байдаг. Энэ үнэн үү?  
-Тэр үнэн. Урт буюу Уртнасан гэдэг хүн олон хүүхэдтэй, хил хязгаар нутагт зах зээлээс хол, амьдрахад төвөгтэй байж л дээ. Тэгээд ээж, эхнэр хүүхдүүдтэйгээ Хэнтийн Баянхутагт ирж суурьшсан байгаа юм. Өөрсдөө ажил сайтай улс болохоор дороо малжаад сайхан амьдарсан. Аав бид хоёр тэднийд очдог байсан л даа. Ээж нь 1980-аад оны эхээр нас барсан. Баянхутагийн донир адуутай Лувсандорж гэж хүүхэдгүй айлд бага хүү Агваандоржоо өргүүлсэн юм билээ. Нэгдэлжих хөдөлгөөний үеэр нэгдлийн дарга нь “Энэ адууг ерөөсөө нийгэмчлэхгүй, та өөртөө байлгаж бай” гээд тараагаагүй байгаа юм. Нэгдэлжих хөдөлгөөнөөр тал хээрийн бүсэд нэг айлд 50 толгой, говийн бүсэд 75 толгой мал үлдээж бусдыг нь нийгэмчилснээр адууны угшил мэдэгдэхгүй болсон шүү дээ. Харин донир адуу тэр ухаантай нэгдлийн даргын ачаар таралгүй эзэндээ үлдсэн. Тэгээд бага дүүгээс нь Уртын Гонгор, Уртын Дамдинжав нарт донир адуу ирсэн байдаг. Гонгор ахынх хүүхэдгүй болохоор адуу нь нэлээд тарсан.  
Донир адууны гол суурийг Дамдинжав гэдэг хүн авсан юм болов уу гэж харагддаг? 
-Үгүй. Адууны гол суурь нь Гонгор гэдэг хүнд байсан. Яг нарийн үзвэл хоёр адуу нь ялгамжтай. Гэхдээ аль аль нь их сайхан адуунууд. Одоо удам угшил нь надад ч байгаа.  
Гонгорын адуу ямар зүстэй, ямархуу хэлбэр хийц, онцлогтой адуунууд байсан бол оо?
-Ер нь хүрэн халзан, хонгор, халиун голдуу адуу байсан. Надад ч нэг халиун үрээ бэлэглэснийг  Даваахүүгээр уяулаад харамсалтай нь эндсэн юм. Уг нь их хурдан адуу байсан. 2009 онд далан байгуулаад уралддаг жил их гантай ч байсныг хэлэх үү, хоол нь багадаад 12-т орж ирээд эндсэн. Дундуур нь 3-4 азарга орсон гэхээр есөд орсон байгаа юм.  
Авга нар тань хурдтай морь уядаг улс байсан байна. Аав тань морь уядаг байв уу?
-Манай аав бол нэг их морь уядаггүй. 22 жил улсын бэлтгэлийн мал туусан хүн. Зун Асгатаасаа гараад Дорнодын Эрээнцав хүртэл мал туугаад өвөл болж байхад ирдэг. 1951 оны Солонгосын дайны үед Монголын ард түмний бэлэглэсэн малыг миний ахтай хамт Манжуур хүртэл тууж байсан юм. Зун болохоор би ээжтэйгээ үлдэнэ. Манай ах цэрэгт, нэг ах аавыг дагаад мал туугаад явчихаар ээжтэйгээ хоёулхнаа үлддэг. Багадаа 4-5 жил морь унаад том биетэй хүүхэд дороо хасагдсан. 
Нутгийнхаа ямар айлын морийг унаж байсан юм бэ?  
-Морь унаж өгөөч гэж гуйсан айлын морь унадаг байлаа. 1954 онд билүү дээ, Цэцийн дарга, гишүүн байсан Жанцангийн аав Наваанпэрэнлэй гуайн морийг унасан юм даг. Жанцан морь унах хэмжээгүй, жаахан шар хүү байсан. Тэгээд мориноос хасагдангуутаа морь уяж байгаа хүмүүстэй нийлж ганц хоёр адуу уяад 10 хэдээр оруулж байсан. Гэхдээ сургууль соёлын мөр хөөгөөд нэг их уяж чадаагүй л дээ.  
Таны үр хүүхдүүдээс морь уяж байгаа хүн бий юу?
-Миний бага хүү Өлзийболд надаас илүү адуунд дуртай, адуугаар өвчилсөн нөхөр байгаа юм. Би түүний дэргэд адуу сонирхдог хүн биш. Манай хүүг гайгүй уяачид дагуулж Сүхбаатар, Хэнтий рүү их явдаг. Адуу гайгүй таньдаг шиг байгаа юм. Сүүлдээ би “Чи нутгийн хэдэн адууг гурил будаанаас өгчихлөө. Боль, үлдээ” гэж загнасан. 2012 онд Сүхбаатар аймгийн 70 жилийн ойгоор манай Асгат сумаас морь айрагдаагүй. Манай сумынхан хэдий сайн адуугаа зарж амьдрал ахуйгаа дээшлүүлж байгаа ч нутагтаа хурдлах адуу үлдээх хэрэгтэй юм билээ. Нөгөө талаар адууныхаа удам угшлыг үнэн зөв хэлж зарах ёстой. Мөнгө олохын тулд хурдлаагүй адууныхаа үр төлийг үнэ хүргэж зарсан явдал ч гарсан. Ингэж нутгийн адууны нэр баастах тийм явцтай ажил биш шүү гэж би хэлдэг юм. Хүү бид хоёр одооноос л морь уях санаатай хоёр гурван адуу авчраад тэжээж байгаа. 


Та одоо ямар ажил алба эрхэлж байгаа вэ?
-Мал үржүүлгийн газар мод тарьдаг Төрийн бус байгууллагын ажилтай. Манай энэ бага хүү Англид 13 жил болсон юм. Тэгээд би гуйж авчраад “Энэ модыг чи авч яв. Миний нас өндөр боллоо” гээд ХААИС-ийн агрономийн ангид оруулаад байгаа. Модны ажил хавар, зун, намар голдуу ажилтай. Гэхдээ адуу, мод хоёрын ажил зөрдөг байхгүй юу. Яг уяаны үед арай чөлөөтэй. Тэгээд бид хоёр адуу мал уях санаатай. Таньдаг малчин дүүгийнх бүл байхгүй. Бүлгүй болохоор морь уяна гэж байхгүй. Сүүлдээ хүүхдүүд нь том болоод морь унах хүүхэд олдохгүй болсон. Ийм шалтгаанаар морь уяж чадахгүй байлаа.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.

"Тод магнай" сэтгүүл. Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаар. 2018 он

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 112.72.12.4

    сайхан ярилцлага болж. зарим нь эрлийзүүд үхэх нь ээ

    Reply
  • 66.181.160.60

    Сайран хөлтүүдээс олигтой юм ярих нэг ч амьтан байхгүй.Эрлийз биш шинэ монгол адуу гэж ярих ухаан сэтгэл алга даа.улаан буд нь төрийн хулгайч

    Reply
  • 91.64.155.119

    Uuriinhuu hugjliin zvi togtloor yabj bui bol yavtsiig zahirgaadlaar zohitsuulah gedeg kommunist sefgelgee hanhalsan yum yarijee. Ene top kommunistoos argagvi l garah sanaadaa!

    Reply
  • 202.131.248.250

    Сайн байна уу. Гомбожав гуайг хаанаас олж уулзах боломжтой вэ. хэлж өгч тус болоорой.

    Reply