АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.ГАНБОЛД: ХОНГОР МОРИО СОЁОЛОН АЙРАГДАХАД ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАСАН

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 28 -нд

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, аймгийн Алдарт уяач Санжаагийн Ганболдын ярилцлагыг хүргэж байна. Таалан болгооно уу.

-Булгийн эх, усны ундарга гэж хоёулаа ярилцлагаа таны удам судраас эхэлье.
-Манай аав маань Ховд аймгийн Чандмань, ээж маань Завхан аймгийн Дөрвөлжин сумынх. 1966 онд их сургууль төгсөөд хоёулаа Халиун суманд томилогдон очиж аав маань 25 жил эдийн засагч, сум нэгдлийн дарга зэрэг албыг хашиж явсан юм. 
-Аавынхаа нутгаар овоглодог жишгээр бол та чинь Ховд аймгийнх болох юм байна шүү дээ? 
-Тийм. Гэхдээ Халиун сум бидний төрсөн нутаг. Бид энд өсөж, хүүхэд ахуй цагаа энэ нутагт өнгөрүүлсэн. Дунд нь гурван жил Төгрөг суманд амьдарч байсныг эс тооцвол бид энэ нутгийн улс. Тэр утгаараа би Халиун сумаа унаган нутаг гэж боддог. 
-Морь мал хурдлаад ирэхээр аавынхаа нутгийг дагасангүй гээд зэмлээгүй юу?
-Тийм асуудал зөндөө гарсаан. Анх морь айрагдсаны дараа аав руу ах дүүс нь залгаад “яагаад Халиун болоод явчихав” гэж зэмлэсэн юм билээ. Тэгсэн аав маань  “Миний хүү засуулах арга байхгүй юу”  гэхээр нь “нэгэнт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул гээд зарлагдчихсан шүү дээ. Дараа жил л өөрчилье” гэж хэлж тайвшруулж байлаа. 
-Ингэхэд та яг хаана төрсөн юм бэ?
-Улаанбаатарт төрөөд зургаан сартай Халиун суманд ирж байсан юм билээ. Тэгээд Халиун сумын найман жилийн дунд сургуулийг дүүргэж 1981 онд төгсөөд ЗХУ-д эрчим хүчний техникумд явсан .
-Халиун гэхээр Туваанжав Алдарт, Гантөмөр Тод манлай төсөөлөгддөг. Та багадаа морь маланд хэр эвтэй хүүхэд байв? 
-Хэдийгээр хожуу цөөн жил унасан ч олон хүний морь унасаан. Бие томтой учраас ааштай, агсардаг болдоггүй морьдыг л унадаг. Айхтар айраг түрүү аваагүй ч, дундуур мэнд сайхан давхиад л ирдэг байсан. Манайх Туваанжав ахынхтай айл. Миний мэдэхийн нэг халиун морь хүнээс авч сумандаа гурав, дөрөв ч түрүүлгэсэн. Их мундаг уяач байж билээ.
-Халиун сум уяач олонтой  юм билээ?
-Манай сум чинь хурдаараа эхний нэг хоёрт нь яригдана шүү. Намайг хүүхэд байхад аймгийн баяр наадам үндсэндээ Халиун, Тайширынх л болдог байсан. Манай Олонбулаг багийн борлогууд гэж цуутай морьд байлаа. Ер нь манай сум олон сайн уяачтай шүү. Саяхандаа сумынхаа хамгийн өндөр настан болчихлоо гэж байсан Зэвэг гуай морийг их сайн уяна. Мөн Гулжаан Бааран гэж сайн уяач байлаа.
-Бааран гэдэг нь нэр нь юм уу?
-Тийм. Манай сум нэлээн хэдэн Баарантай. Бүгд нэрнийхээ өмнө ямар нэгэн тодотголтой. Гулжаан Бааран гэдэг нь өртөөний адуу хариулдаг их олон хүүхэдтэй хүн байсан. Аав минь албан хаагч учраас адуу мал гэх юмгүй. Сумын төвд ойрхон болохоор нь Бааран гуайнд их очноо. Нэг жил Бааран ахын таван насны хурдан морийг нь унаж байлаа. 
-Аав тань морь уяж байгаагүй юм байна. Өвөө тань морь уяж байв уу?
-Манайхан чинь хэдэн үеэрээ номын мөр хөөчихсөн, сум орон нутагтаа удирдах алба хашиж байсан улс. Харин ээжийн аав Завханы Дөрвөлжингийн Мандал шивээ гэж олон адуутай хүн байсан. Би өвөөгөө дуурайсан юм байлгүй хар багын л  моринд дуртай хүүхэд байсан. Ямар сайндаа зургаан настай жаахан хүүхэд ааваасаа гуйсаар байгаад морь авахуулж байхав. Тэгэхэд манайх Төгрөг суманд байсан. Мориноос айхаа мэдэхгүй. Уяан дээр байгаа хэний ч ямар ч морь байсан унаад явчихдаг болохоор аав минь надад нэг халтар даага авч өгсөн. 
-Уяж уралдуулсан уу. Үгүй юу? 
-Тэр жил манайх яг наадмын өмнө буцаад Халиун руугаа нүүгээд даагаа үлдээхээс өөр аргагүй болсон. Дараа жил нь Бааран ахыгаа дагаад аавынхаа нормын морийг уясан. Сум тойроод адуу идчихээр өвс байхгүй бүр Хар азаргын нуруу орно. Оройдоо тийшээ очиж морио идүүлээд өглөө нь бууж ирнэ. Манай баруун талын уяа чинь их хатуу ш дээ. Үдээс өмнө нэг, үдээс хойш ахиад нэг үсэргэнэ. Тэгээд орой нь долоо, найман км явж байж өвсөндөө хүрнэ. Тэр үеийн морьд яс чанар, ул туруу сайтай байж дээ. Жим дагаад хатуу чулуун дундуур харанхуйгаар явна шүү дээ. Одооны адууг тэгж уявал юун уралдах биз. 
-Сонсож байгаа надад ч амаргүй санагдаж байна.
-Хөлсөнд нь том хүн ч ялгаагүй явна. 100 гаруй кг жинтэй байсан ч хамаагүй том эсгийгээр нэмнэж аваад л явна шүү дээ. Бааран ахыгаа дагаж тийм жишгээр уяж өөрөө унаад сумынхаа наадамд соёолон 12-оор давхиулж л байлаа. Бас болоогүй ахиад нэг даагатай. Аав минь авч өгсөн юм. Манай суманд нэлээд хэд түрүүлсэн Нийгмийн хонгор гэж нэгдлийн нэг хонгор азарга байлаа. Тэрний төл хонгор даага айлд тэжээгдэж байхыг харчихаад орой ажлаас нь ирэхийг нь хүлээж тэвчилгүй аавынхаа контор дээр харайгаад очсон. Тэгээд Нийгмийн хонгорын төл хонгор даага байна. Та надад аваад өг гэсэн. Аав нэг их юм хэлсэнгүй “хаана байна” гэхээр байгаа газрыг нь заагаад өгчихлөө. Буцаж ирээд нормын хүрэн үрээгээ авч ууланд хоночихоод маргааш нь билүү нөгөөдөр нь билүү, буугаад ирсэн чинь манай гэрийн гадаа нөгөө хонгор даага  уяатай байж байдаг юм. Бөөн баяр. Наадам дөхчихсөн. Бараг  долоон, наймны үед байх шүү. Эмнэг шахуу даагаа барьж аваад ажил хийх гэсэн булгиад болдоггүй ээ. Бага хүүхэд мордож чаддаггүй. Нэлээн том хүүхэд мордуулаад явуулчихсан.
-Өөрөө  унаж болохооргүй байсан юм уу?
-Даага унахааргүй том биетэй.Тэр жил манай сумын наадамд их олон 60-аад даага уралдлаа. Тэгсэн миний  хонгор 11-ээр ирдэг юм. Сайн хурдан морь болох байсан. Хөөрхий хангай хүртчихсэн дээ.Тэрнээс хойш наймдугаар анги төгстлөө Бааран ахыгаа дагаж морь уяж байгаад хойшоо сургуульд явж 2005 оныг хүртэл адуунаас хэсэг хөндийрсөн.
-2005 онд дахин морь уяхад юу нөлөөлсөн юм бэ? 
-Сэлэнгэ аймгийн Орхон суманд газар тариалангийн бизнес эрхэлдэг болсон юм. Хавар нь тариагаа тарьчихаад зун нь хийх ажилгүй. Очсоныхоо дараахан сумын удирдлагуудтай уулзсан баяр наадмын төсөв гэж багахан юм өгдөг юм байна. Тэрийг нь сонсоод тэр жилийн соёолон насны морьдын уралдааныг би хувиасаа байлсан юм. Тэгсэн наадмаас хоёр хоногийн өмнө нэг залуу ирээд “ахаа та азарга байлахгүй юмуу. Манай нэг ахын азарга хурдан юм” гэж байна. Жаахан лавшруулсан амьдрал ахуй нь тааруу, хүүхэд шуухад нь өвчтэй байгаа гэнэ. Тэгэхээр нь “ахын чинь азарга түрүүлбэл би давхар байлчихъя. Түрүүлэхгүй бол байлахгүй шүү” гэж хэлээд хот руу дахиад нэг хивс захиад авчруулчихлаа. Наадмын эхний өдөр азарга мордлоо. Нөгөө залуугийн яриад байсан азарга нь хавчиг настай жижгэвтэр биетэй хонгор адуу юм. Гэхдээ хурдан юмаа. Гараад л өнгөлсөн. Газрын тал хүртлээ өнгөлж байгаад арваад азарганд идүүлчихлээ. За энэ ч өнгөрлөө гэж бодоод эхний азарганууд руу явсан барианд орохоос тав, зургаахан километрийн наана нөгөө хонгор чинь хажуугаар шуугиад л ороод ирлээ. Тэгээд тэр эрчээрээ явсаар түрүүлчихдэг юм. 
-Барагцаатай л хэлж.
-Хэлсэн ёсоороо байллаа. Азарганы эзэн баярлаад “манайд очоорой” гээд сүйд болж байна.Гэрт  нь очлоо. Таван унагатай гүү уяачихаж. Унаганууд нь цөм эр юмаа. Тавуулаа нөгөө хонгор азарганы төл гэнэ. Ярьж байгаад халиун гүүг унагатай нь авахаар боллоо. Нэмээд Эрдэнэтээс бас нэг эр унагатай гүү авлаа. Ингэж л адууныхаа суурийг тавьсан даа.
-Дараа жил нь даагануудаа уясан байлгүй? 
-Уялгүй яахав. Дараа жил нь Орхон сумынхаа наадамд хоёр даагаа уяж хонгор азарганы маань төл саарал даага түрүүлж, хул алаг даага маань таваар давхисан юм. Маргааш нь өнжөөгөөд Хөтөлийн наадамд тавьсан саарал нь гурав, хул алаг нь зургаа дээр ирдэг юм байна. За яахав болж л байна. Нэг хоног амраагаад Дарханы наадамд явлаа. Орой нь очиж хоноод маргааш өглөө нь мордуулсан “288 дугаартай саарал даага аман хүзүүн дээр явж байна” гээд л зарлаад байна шүү. 
-Тэр нь таны даага...
-Тийм. Тэр чигээрээ явсаар байгаад Орхон сумын халзан даага түрүүлж, миний саарал аман хүзүүдлээ. Цуг явсан улсдаа “Саарлынхаа хөлсийг хусч бай. Би айргийн таван даагыг биччихээд очъё” гэлээ. Камертай бичлэг хийж байсан юм. Тэгсэн нэг их таньдаг даага. Харсан миний хул алаг дөрвөөр ороод ирдэг юм. Ингэж морь уясан жилээ аймаг, сумын наадмаас айраг түрүү хүртэн сайхан наадсан даа.  
-Барагтай аавын хүүд тохиохгүй сайхан наадаж. Хүүхэд насны хүсэл зорилго сэргээд л ирнэ биз дээ?
-Жинхэнэ хорхой гозогнуулна гэдэг нь болж байгаа юм чинь. Наадмын дараа хонгор азаргаа худалдаж авлаа. Эзэн нь зарахгүй гэж цааргалаад нэлээд үнэтэй авсан. Ганц хонгор азарга бус тухайн үед Орхон суманд хурдан гэгдэж байсан адуу болгоныг авсан шүү. Тэгж байтал манай дүү Галшар сумын Засаг дарга байсан Дрилла гуайн бага хүүтэй гэрлэж, хүргэн маань надад “манай аавынд миний нэг цагаан морь бий. Уяж уралдуулдаг хүн алга. Танд бэлэглэе” гэдэг юм. Нөгөө дүүгийнхээ өгсөн бэлэгний морио авах гээд портер унаад Галшарт очлоо. Тэгсэн хөөрхөн цоохор унагатай цагаан байдас нүдэнд тусаад болдоггүй. “Яасан хөөрхөн зүстэй юм” гэсэн “наадахаа аваад яв” гэж байна. Ингээд тэдний адуунаас гурван гүү, нэг даага авчраад хонгор азаргандаа хураалгачихлаа. Хойтон жил нь нөгөө цагаан байдаснаас улсад айрагдсан хонгор морь минь гарсан даа. 
-Хязаалан үрээ төрийн наадамд айрагдаж байсан. Дааганаас нь эхэлж уясан уу? 
-Даагандаа өөдтэй яваагүй ээ. Шүдлэндээ Хөтөлийн наадамд км гаруй зайтай түрүүлсэн. Тэр жил би Хөтөлийн наадамд хонгор үрээгээ түрүүлгэж, даага, хязаалан аман хүзүүдүүлж байлаа. Ер нь улсад ирж уралдталаа тэр хавиараа наадаад хоёр, гурван айраг түрүү авчихдаг байсан шүү. Хамгийн гол нь би тэр үед угшил сайтай гүү, азарга цуглуулж чадсан. Одоо тэднийхээ үр төл, унаган тамгатай адуугаар  наадаж байна. 
-АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд уралдах шийдвэрийг хэзээ гаргасан бэ?
-Энэ шийдвэрийг гаргуулсан хүн бол ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн. Манай адуугаар орохдоо хонгор үрээг харчихаад “Ганболд ах аа, та ер нь улсад айхгүй уралдах хэрэгтэй юм байна. Хоёулаа явъя” хэмээн намайг зоригжуулсан байхгүй юу. Тэгээд л би адуугаа туугаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Авдар уулын ард “Талын хүлэгч” галтай саахалтын зайд дүү П.Сэргэлэнтэй нэг гал болж буугаад хонгор үрээгээ айрагдуулж байлаа. Хонгор үрээ айрагдахад сэтгэл санааны болоод  олон талын тусыг П.Сэргэлэн маань өгсөн гэж хэлж болно. Алдарт долооны бүх сунгаануудад хонгор үрээ маань сайхан өнгөлж, П.Сэргэлэн “Ганболд ах аа, энэ жил айрагдах нь тодорхой. Та гэр барь. Морь айрагдахаар сум орон нутгаас чинь хүмүүс ирнэ, манай уяачдын холбооноос ч улсууд ирнэ. Тэгэхэд манайд байж байлтай нь биш. Тусдаа гэр барь” гэж зөвлөсөн. Би болохоор дотроон энд тэндээс өчнөөн хурдан буянгууд ирж  байхад ийм амархан айрагдчихна гэж ямар юм байхав” гээд итгэхгүй байсан ч Сэргэлэн шахсаар нэг асар авч бариулсан нь оносон байна лээ. Бид “Талын хүлэгч” галынхантай ойрхон буучихсан. дунд сунгааны дараа Ц.Дуламсүрэн Тод манлай “Манай энэ хавиас улсад орчихоор нь чиний үрээ байна шүү” гээд бас зөвлөгөө өгсөн. Ер нь олон хүмүүс тусалж дэмжиж байсаан.
-Уралдааныг нь хаанаас үзсэн бэ?
-Өглөө хязаалангаа мордуулчихаад Сэргэлэнгийн машинд Максын хоёр, Яндаг Болдоо бид хэд суугаад дагалаа. Максын Сүүн шарга, хамар цагаан хоёр чинь миний хонгортой чацуу шүү дээ. 
-Тийм бил үү? 
-Тийм. Шарга үрээ 20-иодоор гараад явчихлаа. Миний хонгор байдаггүй ээ. Тоосон дунд барагцаалсан 100 хавьцаа л гарч байх шиг. Сэргэлэн миний хонгорыг хүлээх маягтай Максын хоёр шарга үрээ рүүгээ явчих санаатай тэгэхээр нь би “за миний дүү явъя. Урд талын үрээн дээрээ очъё” гээд урагшилсан шарга үрээ 20-иодоор явж байна. Цагаанхөтөл өгсөж байсан хонгор үрээ шаргын хажуугаар шурхийгээд гараад явчихдаг юм. Тэгсэн Максын хоёр, Сэргэлэнгийн дуу чангараад “алив Ганболд ахаа цаана чинь нэг юм бий. Задлаад сэржим өргө” гэнэ. Машины араас архи гаргаад ирсэн Ганбаа өврөөсөө алтан аяга гаргаж ирээд “Ганболд ахаа та эхлээд мориндоо сэржим өргөөдөх” гэдэг юм. Их хөгтэй. Нөгөөхийг нь аваад өргөх гэсэн аягатай нь шидчихлээ. /инээв/ “Хүүе аягаа алдчихлаа” гэсэн Сэргэлэн бууж гүйгээд авчрахдаа “дээшээ харчихаж найдвартай айрагдана” гэж байна. Тэгээд л хойноос нь давхисан зургаа, долоогоор л яваад байнаа. Сүүлдээ харж чадахаа байсан. Тэгж байтал цагдаа ирээд замаас хөөгөөд гаргачихлаа. Таваар орчих шиг боллоо гээд айргийн хашаан дээр хүрээд ирсэн орчихсон байж байна. Сэргэлэн намайг дээл өмс гээд байдаг. Би дээл хувцас бэлтгээгүй. Сандарсандаа адуу манахдаа өмсдөг муу ногоон дээлээ өмслөө. Тэр хооронд Сэргэлэн гүйж очоод үрээг маань хөтөлчихсөн “манай ахын морь айрагдлаа” гээд ярилцлага өгч байсан. Манай Сэргэлэн чинь сэтгэлийн хөөрөлтэй, морины төлөө үнэхээр сэтгэлтэй хүн шүү. 
-Таних танихгүй хүмүүс баяр хүргээд тэр дороо “од” болж байгаа биз дээ?
-Ёстой тэгдэг юм билээ. Комиссын хуралд сууж байтал Мөнхбаясгалан залгаад  “хурдан хүрээд ир, манай галынхан хүлээж авах гэж байна” гэдэг юм. Ирсэн гадаа ширээ засчихсан. Бүгд сайхан хувцас малгайгаа өмсчихсөн. Дууяа “за манайх шинэ гишүүнтэй боллоо. “Талын хүлэгч” галын отгон гишүүний морь айрагдлаа” гээд л сүйд болцгоосон. Сэргэлэн дүүгийнхээ зөвлөснөөр ганц үрээтэй ирж уралдаад түүнийгээ айрагдуулж  Монгол даяар төрсөн нутаг ус, төрүүлсэн ижий аавынхаа нэрийг гаргах сайхан л юм билээ. 
-Улсын наадмын дараа хаашаа явж наадсан бэ? 
-Архангайн Тоглохын талд болсон хангайн бүсийн уралдааныг зорьсон. Тэр жил их бороотой, үер буугаад уяаны жаахан алдаа гарч хонгор үрээ маань есөөр давхисан. Тэгэхэд мөн л Сэргэлэн цуг явсан юм. Уралдаан дагаж байгаад  “яачих ваа хонгор үрээ минь ингэж явдаггүй юмсан” гээд нулимс гараад  байсан. Манай Сэргэлэн их уяхан хүн шүү. 
-Тэгж бодож байгаагүй юм байна. 2012 онд яаж наадсан билээ?
-Дараа жилийнх нь хавар хүрэн халзан морины эзэн МУ-ын Алдарт уяач Ерөөлтөөр тэжээлгээд Дүнжингаравт уралдуулсан долоолсон. Тэр үед Ерөөлтийн морийг Цэндээ ах уядаг байсан шүү дээ. Ерөөлтөөр дамжуулж Цэндээ ахтай ойртож танилцаад “хонгор үрээг маань та энэ жил уяад өгчих” гэсэн юм. Туршлагатай хүнээр уяулах өөр юм билээ. Тэр жил миний хонгор морь их сайхан хувирсан. Урд жил нь Сэргэлэнг айрагдана гэхэд яаж хараад тэгж бодоод байгаа юм гэж байсан бол 2012 онд би өөрөө хонгорыгоо хараад “энэ жил айрагдана” гэдэгт итгэлтэй байсан. Наадмын өмнөх сунгаануудад ч гойд сайн байсан. Тэгээд бодож байсанчлан айрагдсан даа. Тэр жил үнэхээр их баярласан. Тэгээд морин дээрээ очих гэтэл цагдаа нар оруулдаггүй. Морь айрагдчихлаа гэж байж арайхийн ороод тайван гэгч нь ярилцлага өгсөн шүү дээ.
-Нээрэн тийм шүү? 
-Цэндээ Манлай ярилцлага өгөхдөө “ноднин дөрвөөр давхисан адууг би ухраасан бол залуучуудын хэлдгээр шараа болох байлаа.Урагшлуулсан бол өөрийгөө уяач гэж бодох байлаа. Яг л байрандаа ирсэн болохоор юу гэж хэлэхэв дээ. Адуу нь хурдан юм” гээд ярилцлага өгч байсан шүү дээ. Хүүхэд нь алдаа гаргаагүй бол илүү урагшлах ч байсан байж мэднэ. 
-Ямар алдаа билээ?
-Цагаан хөтөл давахад 70-н хэдээр морь хөтөлчихсөн явсан гэж байгаа. Хүүхэд гуйсан юмуу, найз нөхөд нь юмуу бүү мэд. Морь хөтөлчихсөн, нэлээн чаргуулдчихсан явж байхад Цэндээ ахын хүүхэд хойноос нь ирээд “болиоч чи наадахаа тавь” гэж тавиулаад урагшилсан нь тэр юм билээ. Цагаан хөтөл дээр 70-н хэдээр гарч ирээд урагшилсаар байгаад айрагдсан гэхээр аргагүй хурдан байсан байгаа биз. Сунгаануудад хурдан байсан болохоор долооны сунгаан дээр Буд гуай худалдаж авъя гээд нэлээн өндөр үнэ хэлж байсан шүү. Хүн өгч чаддаггүй юм билээ. 
-Нууц биш бол хэлж болох уу?
-Тэр хэрэггүй байхаа. Нэлээн өндөр үнэ хэлж байсан.
-Улсын наадмын дараа хаана уралдсан билээ?
-Цэндээ ахын галынхныг дагаад Дундговь руу явсан буруудсан байна лээ. Өвс ногоо нь таарахгүй. Бороо орж наадам сунжраад авч явсан жаахан өвс маань дуусчихсан. Сүүлийн өдөр нь фондноос өвс авч өгөөд идүүлчихсэн чинь хоол нь солигдоод манайхны морьд ерөөсөө яваагүй. 
-Хэдэд ирсэн бэ?
-Есөөр. Хоёр жил давхар уяагаар уяад хоёуланд нь еслөсөн. 
-2013, 2014 онд яаж давхилаа?
-Хавчиг жил нь уралдуулаагүй. 2014 оны хавар нь Ерөөлтийн халзан морьтой Онгон руу эрт ногоо идүүлэх гээд өгөөд явуулчихсан чинь ажлын үеэр хөлөнд нь жаахан сэв суучихсан. Тэрнээс хойш уралдаж чадсангүй дээ. Өнгөрсөн жил гайгүй эмчлээд уралдуулчихъя гэж бодсон уяан дундуураа гүйлгэж алдаад 20-иод хонож байж олж авсан. Одоо ч нас нь явчихлаа. Ирэх жил 10 хүрлээ.
-Ид л уралддаг нас юм биш үү. Хонгор азарганы өөр төлүүд яаж давхиж байна вэ? 
-Хонгор морины дүү хонгор буурал хязаалан, шүдлэнтэй ноднин Дарханд очиж наадсан. Цагаан гүүний маань төлүүд дандаа хонгор буурал болчихоод байгаа. Миний хонгор морь ч  гэсэн одоо хонгор буурал болчихсон ш дээ. Төлүүд нь хурдлаад байхаар цагаан гүүнийхээ дээд удмыг судалсан Дэлгэрэхийн Дамба  Манлайн адууны гаралтай юм билээ. Галшарын Ухна гэж уяач цоохор үрээ авчирч азарга тавиад тэрний төл цоохор үрээг Дрилла гуайд бэлгэнд өгсөн юм билээ. 
-Хонгор азарганыхаа удмыг судалсан уу?
-Жаргалант хавийн адуу л гэнэ лээ. Яг сайн мэддэггүй юм.
-Даагандаа мундаг хурдлаад байсан саарал үрээ чинь бүдүүрээд яаж давхисан бэ?
-Хариуцлагагүйгээсээ болоод олон адуу эндүүлсэн хүн.
-Төрийн наадмаас хоёр айраг хүртэж орон нутагтаа амжилттай сайхан наадахыг чинь хараад уруу татагдсан хүмүүс бий биз?
-Би эцэг эхээс наймуулаа. Айлын ууган хүү. Миний доор дараалласан таван банди байдаг. Үүнээс хоёр нь морь мал сонирхохгүй. Бусад нь бас л морь мал уядаг.  
-Хүүхдүүд морь малд хэр сонирхолтой байна вэ?
-Ах нь дөрвөн охинтой. Манай отгон охин нь хөлд орсон цагаасаа л аавыгаа дагаад морины уяан дээр өссөн. 
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-Улсад хязаалан айрагдуулсаны дараа Говь-Алтай аймгийн МСУХ-ноос аймгийн Алдарт уяач цолыг олгосон.
-Ярилцлагаа хамгийн сайхан наадмын тань дурсамжаар өндөрлөе. 
-2006 онд Сэлэнгэ аймгийн Орхон суманд нэг даагаа түрүүлгэж, нөгөөг нь айрагдуулах л их сайхан байсан даа. Уяач хүний жаргалыг мэдэрсэн наадам гэвэл би түүнийг л нэрлэнэ. Тэр урам зоригоороо моринд гүн гүнзгий дурлаж, энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. 
-Морь өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан хүнийг заавал баярлуулдаг буянтай амьтан. Халиун сумаас төрөх дараагийн улсын Алдарт уяач болоорой. Ярилцсанд баярлалаа.
-Тэр ерөөл бат сайхан оршиг. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна