СУМЫН АЛДАРТ УЯАЧ Б.АЛТАНГЭРЭЛ: АЖААГИЙН ХЭЭРҮҮД 1960-ААД ОНЫ ҮЕД ИД ХУРДАЛЖ БАЙСАН

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 21 -нд

Төв аймгийн одоогийн Баян, хуучнаар Авдарбаян сумын харьяат, сумын Алдарт уяач Батаагийн Алтангэрэл гуай 1935 оны зун Зуунмод хотод төржээ. Цагтаа нэгдлийн "Энх сүрэгтэн", сайн малчин болж явсан энэ буурайтай хуучилсанаа хүргэж байна.

-Та хуучнаар бол Авдарбаян сумын хүн. Авдарбаян Баян сум болсон түүхийг бидэнд ярьж өгөөч?
-Хуучнаар Гэлэгт Цагаан хамар, Авдарбаян, Баянчулуут, Баянсан, Авдархангай зэрэг газар Авдарбаян сумын нутаг дэвсгэрт багтдаг байсан юм. Тэгээд Авдарбаян сум гурав хуваагдаж, Сэргэлэн, Баян, Баянцагаан сумдад нийлсэн. 
-Одоо та бид хоёрын ярилцаж байгаа энэ газар хуучнаар Авдарбаян сумын нутаг уу, эсхүл...?
-Энэ бол Баянзүрхийн нутаг. 
-Ингэхэд та хаанахын уугуул вэ?
-Би Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Манайх Сэргэлэн суманд амьдарч байгаад Авдарбаян руу нүүж ирсэн юм. Түүнээс хойш Баянчулуутад л голдуу амьдарч байна.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би Ёнхор Лувсаншарав гэдэг хүний өргөмөл хүү. Бид гурвуулаа, хоёр нь өргөмөл. Миний төрсөн эцэг Батаа гэж хүн бий. Би төрсөн эцгээрээ овоглодог юм.
-Төв аймаг дээр үеэсээ их хурдтай газар. Магадгүй таны өвөг дээдэс морь мал уядаг байсан болов уу?
-Манайх Авдарбаянд байхад ажаа маань морь уядаг байсан. Би өргөсөн аавыгаа ажаа гэдэг юм. Лувсаншаравын хээр азарга гэж хоёр хурдан азарга байлаа. Улсын баяр наадамд ч морь уралдуулж байсан. 
-Ажаагийн тань хоёр хээр азарга хаана, хаана ямар амжилт үзүүлж байв?
-1960 хэдэн оны үед ид давхиж байлаа. Сумын баяр наадмаас их олон удаа айраг, түрүү авсан. Улсын баяр наадамд долоо, наймаар ч давхиж байсан. Монхорын хээрийг маань энэ Лхагваа гэдэг дүү хүүгийн ах таван настайдаа унаж, Баян сумын баяр наадамд түрүүлгэж байлаа.
-Хаанахын угшилтай адуунууд вэ?
-Манай ажаагийн унаган адуунууд. Бид даага байхаас нь л унаж өссөн. Сунгаанд дандаа түрүүлнэ. Улсын наадамд арван хэдээр орно. Тэр үед одоогийнхтой адил тэжээдэггүй, дан ногоон өвсөөр л уядаг байлаа шүү дээ. 
Хоёр хээр азарганы нэг Гоё хээр Баян сумын баяр наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн. Ганцаараа гараад л түрүүлчихдэг байсан. Улсын баяр наадмуудын сунгаануудад байнга л дээгүүр давхидаг байлаа. Нөгөө хээр нь жаахан хадуурах гээд байдаг байсан юм.
-Та аавынхаа уясан хурдан морьдыг унаж байсан уу?
-Уналгүй яах вэ. Бие жижиг хүүхэд байсан болохоор том болтлоо л унасан. Тэр үед наадмын үеэр машинаар дагадаггүй, морио хөтлөөд л явдаг байлаа шүү дээ. Шөнө болтол гийнгоолно. Түргэний голд очиж буучихаад, бага сунгаагаа Түргэнд очиж хийдэг байлаа. 
Манай хамаатны нэг хүн Баянцагаанд хурдан азаргатай байсан. Түүний хүрэн азаргыг унаад улсын баяр наадамд арван хэдээр ирж байлаа. Сүүлдээ хурдан моринд томдоод, морио барьж тавиад улсын баяр наадамд бишгүй л оролцсон. 
-Ажаатай тань хамт ямар, ямар уяачид морь уядаг байв?
-Сүүлд Дашдэндэв гэж их хурдтай айл манайхтай ойр байдаг байсан. Манай Баян сумын Лувсанбалдан гэж уяач байлаа. Тухайн үед машин ховор, сайндаа л мотоцикль унадаг. Улсын баяр наадам руу ихэнхдээ  тэмээ болон морин тэрэгтэй л явна. Улсын наадмаар ч нойтон бургас барьсан цэргүүд л морийг гаргаж, тавьдаг байлаа. Нойтон бургасаараа ороолгоод л хөөгөөд явдаг байж билээ.
-Та хэдий үеэс бие даан морь уяж эхэлсэн бэ?
-Ажаагаа залуухан байхад би хурдан моринд томдчихоод, дагаад морь уядаг байсан. Нэгдэл байгуулагдсанаас хойш ажаагийн хараа муудаад, нас ч өндөр болсон. Тэр үед Лувсанбалдан бид хоёр л морь уядаг байлаа. Би 27, 28 хүртлээ ажаатайгаа хамт морь уяж байгаад. 30 хүрч, айл гэр болсныхоо дараа бие даан уяж эхэлсэн.  
Анх их насны морь, азарга уядаг байсан юм. Сайхан хурдан хул морь, хээр азарга хоёр байлаа.
-Ажаагийн тань хурдан хээр азарга уу?
-Тийм. Тэр хээр азарганы төл олон сайхан, сайхан хээр азарга гарсан. Нэгдэлд өгөөд бас цөөрсөн. Сүүлд Хэнтийгээс нэг сайхан азарга авсныг Гочоо надтай хамт уядаг байлаа. 
-Та ажаагийнхаа удмын морьдыг уяад анх яаж давхиулсан юм?
-Сайхан давхиулсаан.
-Айрагдаж байв уу?
-Сумандаа бол олон айрагдсан. Морь уямаар санагдвал өвөл хүртэл уяхсан гэж бодогддог юм. Баян-Улаанд нүүдэл хийгээд явж байхдаа морь уямаар санагдаад болдоггүй. Адуугаа энд орхичихсон байсан юм. Тэгээд Баян-Улаанаас хүрч ирж морь аваад тэндээ очиж өвөл уралдуулж байлаа. Тэгэхэд бас дээгүүр л давхисан. 
-Тэр үед өвөл морь уралддаг байсан юм уу?
-1970 хэдэн он шүү дээ. Баян-Улаанд Хэрлэнгийн хөвөөнд Цагаан сараар морь уралддаг байлаа. Олон сайхан их насны морь уралдана. Хурдан хул маань тэр наадамд айргийн гурваар давхиж байлаа. 
-Ажаагийн тань унаган адууны удмын морьд л дээгүүр давхиж байв уу?
-Хээр азарганы удмын сайхан хээр адуу байлаа. Ажаа маань надад тэр адууны угсааны сайхан хонгор халзан гүү өгсөн юм. Удам нь одоо хүртэл тасраагүй, сайхан давхиж байна. Бас би ажаагаа амьд сэрүүн байхад адууныхаа цусыг сэлбэх хэрэгтэй гээд Индэрээгийн хээр азаргыг авч байлаа. Үр удмыг нь олон хүнд тараасан. Одоо ажаагийн минь адууны удмын зээрд халзан, хонгор халзан, хүрэн халзан адуунууд гарч ирж байна. 
-Таны уясан морьдоос ямар нь хамгийн өндөр амжилт үзүүлж байв?
-Индэрээгийн хээр азаргыг авснаар манай адууны цус солигдоод их сайн болсон. 
Би тэр азаргыг хавчиг долоон настайд нь авсан юм. Ажаа маань “За яах вэ, авбал ав. Цус сайтай юм байна” гэж билээ. Надад ирснийхээ хойтон жил сумын баяр наадамд айрагдсан. Түүний дараа жил жаахан хадуураад болоогүй. Тэгэхээр нь би Чагнаа нягтланд зарчихсан. 
Төлүүд нь бас их аятайхан адуунууд гарсан. Түүний салбар угсааны ганц, хоёр адуу надад одоо ч бий. 
Ажаа маань энд тэндээс адуу их цуглуулдаг, моринд их дуртай хүн байсан юм. Урдаас Нялгын буурал азарганы угсааны адуу манайд байсан. Мөн “шулга” Дамдины буурал азарганы удмын адуу авч байлаа. Түүнчлэн Баянжаргалан, Хэнтий, Баянцагаанаас сайн сайн адуунууд олныг авсан.
-Таны уяж байсан морьд дандаа хээр юм байна. Индэрээгийн хээр л гэхэд хоёр айрагдсан. Та ингэхэд нийт хэдэн айраг, түрүүтэй юм бэ?
-Сайхан хонгор адуунууд олон байлаа. Бүгд л сайн давхиж байсан. Зарим жилийн баяр наадамд хоёр, гурваараа л айрагддаг байлаа. Бундуут хээр гэж их хурдан хээр морь байв. Мөн сайхан хар морь ч байсан. 
Бид ах дүү дөрөв, тавуулаа. Балдорж маань одоо хүртэл морь уяж байна.  
Ёнхорын хээр гэж суманд хоёр ч удаа түрүүлчихсэн, оюутны анхны фестивальд түрүүлж байсан сайхан хурдтай адуу ажаад минь байлаа. 
-Ёнхорын хээрийн төлүүд одоо хэн хэнд, хаана байна?
-Одоо их ховордсон. Чагнаа нягтлангийн хүүхдүүдэд ганц хоёр охин төл нь бий.
-Тэгэхээр Чагнаа гэдэг хүнд танай хоёр хээр азарганы удам хоёулаа байдаг юм уу?
-Бага хээрийнх нь удам ер нь байхгүй. 
-Ямар морьд яаж давхиж байсан юм бол?
-Наран ухаа гэж Баянцагаанд нэлээн хурдалж байсан морь байсан. Баянцагаан руу хүнд бэлэглэчихсэн юм. Хурдан зээрд гэж Баян суманд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж байлаа. Хар морь нь улсын баяр наадамд зургаалж байсан. Би унасан юм. 
Бор үрээ суманд гурав түрүүлсэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнө 2000-2005 онд манай ажаагийн адууны удмын бор гүү үлдсэн байсан юм. Түүнээс гарсан бор гүүнээс сайхан бор үрээ гарсан. Тэр хязаалан хүртлээ сумын наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдээд, дараа нь машинд дайруулчихсан юм. Хоёр сайхан хар морь, нэг зээрд морь бий. Нэг их түрүүлээд байхгүй ч дандаа дээгүүр гараатай морьд байсан. 
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Гурван охин, нэг хүүтэй. Хүү морь уяж байна. Балдорж Алдарт уяач Оюунбилэгийн морийг уяж байгаад одоо бие даан Одгэрэл Манлай, Хэнгэрэгийн Цогтсайханы морьдыг уяж байна. Хэнгэрэгийн Цогтсайханы хүрэн азаргыг уяж, хоёр гурван жилийн өмнө түрүүлгэсэн. Оюунбилэгийн морийг бол олон жил уясан. 


-Хүүд тань өвөөгийнх нь хээр адууны удам бий юу?
-Нэг шүдлэн үрээ байгаа.
-Морь уясан он жилүүдийнхээ хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Би өвөл цагийн наадамд явах их дуртай байлаа. Баян-Улаанд хурдан хул морио өвөл эндээс аваачиж уяад цагаан сарын шинийн гурванд зургаагаар давхиулж байлаа. Манай энд байгаа охин маань нэгдүгээр ангид байсан юм. Тэр маань унаж байсан. Хавар дулааны улирал дөхөхөөр өөрийн эрхгүй л морь уяхсан гэж бодогдоно. 
-Та нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байв?
-Дандаа хонь маллаж байсан.
-“Энх сүрэгтэн” болж байж. Бас Хөдөлмөрийн аварга болоод гадаадад аялж байсан гэл үү?
-Нэг настай малыг таван жил дараалан хорогдолгүй маллалаа гэж гадаадад аялах эрхээр шагнуулж байлаа. Аймаг бүрээс хоёр хүн явсан юм. Баяндэлгэрээс нэг саальчин, Баян сумаас би нэг хүнтэй хамт ЗХУ, Польш, Германаар аялаад ирсэн дээ.
-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна