УЯАЧ Ш.МӨНГӨНШАГАЙ: ЭЦЭГ ЭХ, ӨВӨГ ДЭЭДСИЙН МИНЬ САЙН ҮЙЛИЙН ҮР ГЭЖ БЭЛГЭШЭЭДЭГ

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 21 -нд

Төрийнхөө баяр наадамд уясан хүлгээ түрүүлгэж, айрагдуулсан уяачид, түүнийг нь унаж хурдлуулсан уралдаанч хүүхдүүдийн хөөрсөн сэтгэгдлийг  хөрч амжаагүй байхад нь хуваалцдаг наадмын уламжлалт дугаарын  ес дэх нь уншигч танд хүрч байна. Тэр уламжлалт дугаарын зочин хойморт тухайн жилийн баяр наадамд уясан хүлгээ урамтай сайхан давхиулж, амжилтаараа илүүрхсэн есөн эрхэм тухлан саатсан нь мэдээж.  Харин тэдгээрээс хамгийн онцлох  нь өнөө жилийн буюу энэ дугаарын зочин байлаа.
Хөөрч догдолсон сэтгэгдлээ дарж дийлэлгүй баярын нулимстай бүтэн цаг гаруйн ярилцлага төгсгөдөг зарим нэг эрхмээс тэс өөр “характер” үзүүлсэн энэ хүн бол Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, залуу уяач Шаравын Мөнгөншагай. 
Монголын чансаа өндөр гурван том уралдаанд их насны морь түрүүлгэсэн хэр нь  сумын Алдартаа ч аваагүй, авах ч бодолгүй явдаг “этгээд” нэгэн. “Төрийн наадамд их насны морь түрүүлгэсэнд баяр хүргэе” гэтэл “Ний нуугүй хэлэхэд шударга наадаж чадаагүй учраас тэгтлээ хөөрөхгүй байгаа. Харин зарим нэгэн хүнээс уучлал хүсмээр байна” гэж ирээд аашлах.
Яг үнэндээ өнөөдрийг хүртэл төрийн наадамд эрлийз адуу хэдэн арваараа түрүүлж, айрагдсаныг бид бүгд мэднэ. Тэгсэн хэр нь, уясан уяач, унаган эзэн нь “Монгол адуу” хэмээн нүд цавчихгүй баталдаг тул арга мухарддаг шүү дээ. Гэтэл харин энэ нөхөр  “Төрийнхөө наадамд эрлийз адуу түрүүлгэчихлээ, уучлаарай” хэмээн тас хийтэл хэлчих юм. Тэгээд бас болоогүй цол авах бодолгүй, бай шагналаа авдаггүй гэхчилэн хөндлөнтөх. Уншигч та түүний “тэс хөндлөн” ярилцлагыг уншихыг хүсвэл дараагийн хуудсыг эргүүлээрэй.


БИ ДҮРЭМ ЖУРМААРАА ШУДАРГА УРАЛДАНА ГЭЖ БОДОЖ БАЙСАН Ч...


-Төрийн наадамд их морь түрүүлгэх уяач болгоны чин хүслийг гүйцэлдүүлж танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээс яриагаа эхэлье.

-Баярлалаа. Энэ баяр наадмаар цаг агаар ч их сайхан байлаа. Манай гурван морь ч гурвуулаа хурдан байлаа, нэг нь замаас гарч яваагүй бол гурвуулаа бариатай давхих байх. Ийм үед Буянтоогоороо л их бахархлаа даа. Гурвын гурван морь эхний таван морин дунд явж байна гэдэг уяачийн чансааг харуулж байгаа хэрэг шүү дээ. 
-Дээгүүр давхина гэдэг тооцоо барагцаа байсан байлгүй?
-Сунгаанд илүү сайн байснаар нь ногоон морио бараг л түрүүлчих байх гэж бодож байсан. Өмнөх жилүүдээ бодвол хөлийн хурдтай, сунгаануудад дундаас тайван гарч ирээд зугтаагаад нэвт яваад байсан байхгүй юу. Харин  хүрэн морины тухайд уяа нь дутуу байна уу даа гэж бодож байсан ч тэр богинохон хугацаанд Буянтоо маань хачин сайхан болгоод засчихсан байна лээ. Залуу зээрдээ бол уралдуулахгүй гэж тооцож байсан юм. Наадам шударга болсонгүй, би ч шударга оролцох гэж үзлээ болсонгүй. Тийм л юм боллоо, өөр олон юм яриад яахав. 
-Би танаас яг энэ талаар асууя гэж бодож байлаа. Залуу зээрд ямар удам угшилтай адуу юм бэ?
-Надад бэлгэнд ирсэн адуу байгаа юмаа. Уг нь хязааландаа их хурдан байгаад улсын наадмын өмнөх сунгаан дээр хөл нь эвгүй болчихсон юм. Тэгээд Их хурдад хүрэн морь түрүүлэхэд Лхамаа миний түрүүг мялааж энэ хязаалан үрээгээ бэлгэнд өгсөн. Сүүлд нь буюу энэ хавар Дүнжингаравын өмнө би Лхамаадаа ногоон морио бэлэглэсэн.    
-Танд бэлэглэхдээ удам угшлыг нь юу гэж хэлж байсан бэ?  
-Одоо миний хэлэх үгийг хүмүүс худлаа ярилаа л гэх байх даа. Лхамаагийнх олон үржлийн адуутай болохоор яг ямар азарганы төл вэ гэдгийг өөрсдөө ч сайн мэддэггүй юм билээ. Ингэж хэлэхээр “Та нар нуулаа” гэх байх. Эзэд нь гүү үймүүлээд байсан нэгдүгээр үеийн үрээнүүдийн нэгнийх нь төл байх гэх юм билээ. Эх нь бол Сүхбаатарын Эрдэнэцагаан талын гүү. 
-Нэг, хоёрдугаар үеийн эрлийзүүдийг уралдуулахгүй гэсэн. Хэдэн хувийн хольцтой адуу юм бэ? 
-25 хувийн хольцтой адуу. 50 хувь нэгдүгээр үе, 25 хувь хоёрдугаар үе болчихно. 25 хувиас доошилж байж гуравдугаар үе буюу 12,5 хувь нь зөвшөөрөгдөнө. Гэтэл 12,5 гэдэг нь яг ямар адуу байх вэ гэсэн стандарт нь байхгүй болчихоод байна шүү дээ. 50 хувьтай нь Монголоос ялгагдахгүй жижигхэн, 25 хувьтай нь Монголоос том байх жишээтэй. 
-23 гэсэн тоон тамга, Жордан нэр нь хүмүүсийн чихийг илүү сэртийлгэж байх шиг?   
-Сэрвээн дээрээ 23 гэсэн цагаан тамгатай болохоор нь хүүхдүүд Жордан гээд нэрлэчихсэн. Ер нь голдуу хүүхдүүд л мориндоо нэр өгчихдөг шүү дээ. Гэтэл 11-ний өглөө манай дүү бүртгүүлж ирчихээд “Шагай ахаа, би гоё нэр өгсөн шүү” гэж байсан ч ямар гэж асуух сөхөөгүй номер зүүгээд л мордуулсан. Тэгсэн харин Залуу зээрд гэдэг нэр өгсөн юм билээ. Надад Залуу халтар нэртэй халтар азарга байсан тэрэнтэй л жишиж тийм нэр өгсөн байх. 


-Уралдуулах бодолгүй байсан гэлээ. Юу таныг бодлоо өөрчлөхөд хүргэсэн юм бэ?
-Би уралдуулах бодолгүй байсан. Эхний өдөр хязааланд их сайн хязаалан байсан боловч болохгүй гэж авч үлдээд, монголыг нь мордуулсан. Гэтэл хязаалангийн уралдаан юу боллоо доо. Би яг л дүрэм журмаараа шударга уралдана гэж бодсон. Тэгээд ч ер нь нүд сохорчихоогүй бол цэвэр монгол адуу мөн үү, биш үү гэдгийг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа тохиолдолд тойруулга адуу, миний унаган тийм азарганы төл гээд дэгсдүүлж ярих шаардлага байхгүй.  


-Хар морь нь зургаад  давхисан Тод манлай уяач Дагвадоржоос уучлал гуйсан гэж сонссон. Энэ үнэн үү?  
-Тэгсээн, би Дагваа ах дээр очиж уучлалт гуйсан. Айргийн гурвын морины эзэн Лхагва-Очирыг би сайн мэднэ. Лхагва-Очир болоод түүний аав Баярсайхан гуай хоёроос ч гэсэн би шударга бус юм боллоо гэж уучлал гуйсан. Дагваа ах “Чи ямар ганцаараа мордуулсан биш дээ, бүгдээрээ л мордуулсан юм чинь ахад нь чамд бодож санаад байх юм алга аа” л гэсэн.
-Нэг талаас уяачийн ёс жудагийн асуудал яригдах боловч нөгөө талаас морин уралдааны зохион байгуулалт, монгол, эрлийз адууг ялгах журам стандарт зохих хэмжээнд мөрдөгдөхгүй байгаагийн тод жишээ гэж бодож байна. Уяачийн ёсзүйн талаас та уучлал гуйж байна. Цаашид та Залуу зээрдээ аль ангилалд уралдуулах вэ?   
-Монгол их моринд уралдсан юм чинь их мориндоо л уралдуулна шүү дээ. Их моринд уралдуулахгүй гэвэл аваад л үлдчихнэ. Амьтан зовоогоод яахав. Эрлийз дээд рүү гэхээр арай цусаар багадчихна.   
-Ер нь монгол моринд эрлийз уралдаж айрагт орсон нь анхны тохиолдол биш. Харин үүнийхээ төлөө уучлал гуйсан анхны тохиолдол болж байна л даа? 
-Уг нь зөв замаар жудагтай явах гэж үзсэн боловч болохгүй л юм байна. Ийм зургаар л явах байсан юм байлгүй дээ. Хавар их хурдан, Дүнжингаравт хол түрүүлэхээр байсан ч би хэл ам, маргаан дагуулна гээд мордуулалгүй тэнэг, мангараараа дуудуулаад л авч үлдсэн. Тэр үед авч үлдээд, өнөөдөр ийм юм болж байгаа ч болов уу гээд янз бүрийн л юм бодогдож байна.  
-Дүнжингаравт нөгөө хүрэн морь чинь зургаагаар орсон байхаа. Гэхдээ эхний таван морь хасагдаад зургаагийн Мөнгөншагайгийн хүрэн морь түрүүлэх юм байна гэж байтал хасагдчихсан биз дээ?
-Тийм. Уяачдын хоорондын үл ойлголцлоос болоод хассан. Миний хүрэнг хасаад тэрийг оруулчихъя, тэр орох ёсгүй гээд л хэл ам болсон. Би тэрэн дээр ерөөсөө хэл ам хийгээгүй. 
Эцэг нь эхийг нь гишгэж байхыг би хараагүй, нөгөө улсууд ч үзээгүй. Тийм болохоор баталгаагүй юман дээр амьтантай муудалцаад яах вэ. Тэр улс хараагүй байж тэгж чичирч байгаа юм чинь намайг хэл ам гаргавал юу ч гэж ярих юм билээ. Тэгээд ч хэлтэй амтай юмаар юугаа хийх вэ гээд. Хүрэн морь уралдахынхаа өглөө нүднээсээ эхлээд их гоё болсон байсан. 
-"Их хурд"-ын түрүү хүрэнгийн уяа сойлго ямар байв. Бодож байсанчлан амжилт гаргасан уу?
-Хүрэн морио айрагдахгүй ч гэсэн 10 дотор давхичих болов уу гэж бодож байсан. Яг бодсоноор л боллоо. Сунгаанд тав дээр л ирээд байсан. Нас нь ч бүүр явсаан, хөөрхий. Саяхан шүдлэнгээс нь сургаж уясан Бандгайн дүү Ганбаагаас насыг нь асуусан чинь 15-тай гэж байна лээ. Хүрнийгээ болмооргүй байвал битгий зовоогоорой, мордуулаад яахав гэж би Буянтоод хэлсэн.Тэгтэл уралдахынхаа өглөө нүднээсээ авахуулаад их гоё болсон байсан. Тэгээд хичнээн сайн байсан ч нас нь болж өгдөггүй юм байна. 
-Их морь 15 настайдаа улсын наадамд долоогоор давхина гэдэг сайн хүлгийн шинж л дээ. Бүсийн уралдаанд мордуулах уу?
-Үгүй яах вэ, энэ жил их эвтэйхэн, сайн байна. Энэ чинь бараг хамгийн сүүлийн уралдаан нь болж байгаа юм. Бүсэд мордуулчихаад дахиж нэг их зовоохгүй дараа жил зодог тайлуулчихна гэж бодоод байгаа. Хүрнийгээ өрөвдөөд байх юм билээ. 
-Улсын наадамд хэдэн насанд, хэдэн адуу мордуулсан бэ? 
-Ногоон морь Лхамаагийн нэр дээр мордсон. Түүнээс гадна хоёр их морь, нэг соёолон, гурван хязаалан мордууллаа. Даагыг маань аваад үлдсэн байна лээ. 
-Өмнөх ярилцлагадаа Их хурд, Зүүн бүс хоёр том наадамд хэдхэн хоногийн зайтай түрүү авахад догдолсон уу гэсэн асуултанд түрүүлэх ёстой адуу түрүүллээ гэж бодсон гэж хариулж байсан. Энэ жилийн тухайд ийм бардамнал төрөх юм уу?
-Ногоон морь жаахан зантай адуу, тэр нь засагдаж өгөхгүй байгаа. Тэрнээс биш Монгол мориндоо дээд хурдыг үзүүлдэг шүү дээ. Ноднин ногоон морь улсын наадамд цанын баазын тэнд замаас гарчихсан. Тэгээд хурдан байсан болохоор нь улсад айрагдсан морьд хаашаа явна тийшээ явна гээд Өвөрхангай аваад явсан. Тэгтэл бас ойрхон ирээд замаас гарсан. Хүрэн морио зүүн тийшээ Сүхбаатар руу явуулчихаад, тэнд тэрэнтэй уралдах юм байхгүй дээ гээд итгэлтэй байсан. Угаасаа түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан болохоор хөөрч догдолж сүйд болоогүй байх. Энэ жилийн тухайд яг нуулгүй хэлэхэд хагартлаа баярлаагүй. Ингэж хэллээ гээд онгирсон болох юм болов уу. Яагаад гэвэл би өөрөө шударга уралдаж чадаагүй гэж үзэж байгаа. Хүрэн морио айрагдсан бол би их л баярлах байлаа. Хүмүүс намайг ойлгох юмуу, яах юм мэдэхгүй. 
-Харин тийм ээ. Их морь түрүүлгэсэн хүнээс анх удаа их сонин ярилцлага авч байна. Их морь түрүүлгэсэн гээд утас зогсоо зайгүй дуугарч, олон түмэн уяан дээр ирээд олон л үйл явдлууд өрнөсөн байх? 
-Тиймэрхүү юм болсоон. Утасны батерей аль эрт дуусаад таг болсон. Олон хүн ирээд л сүүлдээ төлөвлөөгүй байсан болохоор дайлж цайлах юмнууд нь дууссан. Гэхдээ яахав олны буянаар болсон л доо.

САЙН ИХ МОРЬ ОЛОН ТААРСАН БИ АЗТАЙ ХҮН


-Танайх олон сайн их морьтой. Мөнгөншагайн уяан дээр гурваас ч олон их насны морь зогсож байх ёстой юм шиг бодогдоод байна л даа?   
-Их насны зарим морьдын маань хөл гар нь муудсан юм бий. Буурал морь маань гэхэд 19 настай ноднин Дорноговийн хойд бүсэд айрагдаж л байна билээ, зайлуул. Амраая гэж бодоод адууг маань хардаг залууд аваачаад өгчихсөн чинь уяад айрагдуулчихсан байсан. Дараа жилээс төрсөн нутаг, ижил сүрэгт нь аваачиж өгвөл эзэн нь баярлах байх аа.
-Та Аварга Чулуунбаатар гэж хүнээс авсан адуугаа яриад байна уу. Хэдтэй авч байсан юм бэ?
-Тийм тийм. Би жаахан харимал болсон хойно, 11 настай авч байсан. Анх туршлагагүй болохоор насыг нь асууж, хөл гарыг нь үзэлгүй шууд авчихдаг байлаа. Хүрэн морийг ч гэсэн би 12 настай авч байсан. 
-Ижил сүрэгт нь буцааж буй анхны тохиолдол биш байх шүү?
-Тийм. Хэнтийн Манлай уяач Содном гуайгаас зүүн бүсэд айрагдсан ногоон морийг нь аваад уях гэсэн ерөөсөө болохгүй байхаар нь буцаагаад аваачаад өгсөн. Хавар болохоор л тураад нутаг руугаа гүйчих гээд ерөөсөө болохгүй байсан юм. Надад долоотой морь ирээд гурван жил үзээд бараагүй болохоор амьтан зовоогоод яах вэ гээд өвгөнд буцаагаад өгсөн дөө. Ер нь би энд уралдаад базаахгүй хэрнээ орон нутагт хэрэг болохоор юм байвал өгөөд явуулчихдаг юм. 
 -Морин уралдаан эрчимжсэн, хурдны чиглэлээр өсгөж үржүүлсэн адуу олон болсон энэ үед 10 гарсан адууг аваад уралдана гэхээр санаанд багтахгүй байна. Энэ жилийн азарганы уралдаан гэхэд дан соёолон азарга айрагдлаа шүү дээ.   
-Харин тийм ээ. Хуучин 12, 13-тай азарга уягдаад айрагддаг байлаа шүү дээ. Гэтэл одоо залуу азарганууд түрээд, 10 гарсан азаргыг л харимал гэж байна. Тэгэхээр өрсөлдөөн 
ширүүсэлгүй яах вэ. Ингэхээр л хүрэн морио зовоомооргүй санагдаад байгаа юм.   
-Бандгаан адуу, Ганбат Алдартын адуу гэлцэх юм. Аль нь зөв юм бэ?
-Тэр ийм учиртай юм билээ. Ганбат Алдарт Бандгайгаар заалгаж Төв аймгийн Баянцогт сумын Аръяадагва гэж хүнээс гүү аваад, Баян-Өнжүүлийн Чойдог гуайн хонгор азарганд аваачиж тав иад эр зээрд унага гарсан юм билээ. Тэр нь Чой зээрд гэж азарга болсон. Одоо Билэгдэмбэрэл Манлайд бий. Эх нь болохоор Эрдэнэтийн баян Хишгээ гэдэг хүний зээрд халзан гүү. Товчхондоо би Бандгаа, Ганбат хоёрын бий болгосон бэлэн адуугаар наадаж байгаа хүн.
-Та ихэвчлэн хурд нь танигдсан адуу авсан байдаг. Тийм адууны үнэ ханш өндөр. Ялангуяа зүүн талынхан амандаа орсон үнэ хэлдэг гэж уяачид ярьдаг юм билээ?
-Ер нь би эрлийз хурлийз уралдаад байгаа нь Сүхбаатарынхны өөрсдийнх нь буруу гэж боддог юм. Өөрсдөө хамаа замбараагүй юм ярьдаг. Хил гараад хамаагүй хямдхан 10 орчим сая төгрөгөөр нэг азарга авчраад, 2 сая төгрөгөөр гүү аваад гишгүүлээд гарсан төл нь тэр үнэтэй дуугараад байгаагаас  нь хамаагүй хурдан. Эрлийзжүүлэлт, энэ бүх будилаан бол Сүхбаатарынхантай дам холбоотой гэж би боддог. Гэхдээ ямар дэлгүүрийн лангуу байгаа биш бүгдийг зохицуулна гэж юу байх билээ. 
-Таны хамгийн үнэтэй авсан адуу?
-Хамаагүй ярьж болох юм уу. Ногоон морио 50 сая төгрөг дээр 35 саяар авсан эрлийз үрээгээ өгөөд авсан. Гурван жилийн өмнө соёолон байхад нь гэхээр 2015 онд авсан байх нь. Тэрнээс биш амьтан шиг айхтар үнэтэй авдаггүй. 
-Хүрэн морио 50 саяас яриад 35 саяд авсан гэдэг биз дээ?
-Тийм. Хамгийн үнэтэй авсан нь ногоон морь, тэгээд хүрэн морь. Өөр ч наймаа хийдэггүй юм дөө. Гэхдээ мөнгө ороод ирэхээр нэг юм авмаар санагдаад, наймаа хиймээр санагдаад нэг юм авчихаад тэрийгээ хараад энэ одоо ингэнэ тэгнэ гээд дотроо зураглаад байж байх чинь гоё шүү дээ. 
-Анзаараад байхад голдуу их насны сайн морьдоор уралдаж, бага насанд нэг их анхаарахгүй байх шиг санагддаг. Их морины айраг түрүү уяачийн хувьд илүү эрхэм байдаг тэр бичигдээгүй хуультай холбоотой юу?
-Анх Батцоожоор морио уяулдаг байхдаа тэдний яриаг сонсож суухад явсан ч бай, яваагүй ч бай их морь мордуулъя гэхийг олон удаа сонсож байлаа. Бүгд л сайн их насны морьтой болох юмсан гэдэг. Уяачид ч их ач холбогдол өгдөг, үзэгчид ч хамгийн ихээр үздэг энэ утгаараа спортоор бол хамгийн супер ангилал болчихож байгаа юм уу даа. Тэгээд л их насаар уралдахгүй бол болохгүй юм байна гэж ойлгоод үүнээсээ гарч чадахаа байчихсан. Тэрнээс биш их морийг барагтай хүн тоглодог тоглоом биш. Хүнд амьдралд нь нэг л хурдан адуу таардаг гэсэн утгатай хуучны үг байдаг даа. Гэтэл надад ийм олноороо таарсан, би их азтай хүн юм даа гэж боддог. Бага насны тухайд тоохгүй байгаа юм биш. Эрлийз үрээтэй байлаа гэхэд тэрийгээ би мордуулж чаддаггүй. Эсвэл хасагдана, эсвэл нэрэлхээд оруулж чаддаггүй. Их морь бол өдийг хүртэл харьцангуй шударга, маргаан багатай явлаа. Тэр хэл амгүй ангилалд л уралдъя  гэж бодсон юм. Тэрнээс биш би айхтар мундаг сайндаа дандаа их морь оролдоод байдаг юм биш.  
-Морь уяж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Цаашдаа өөрийн унаган тамгатай адууг улс бүсийн наадамд айраг түрүүнд хурдлуулах хүсэл мэдээж бий биз дээ?  
-Байлгүй яах вэ. Одоо л гарч байна ш дээ. Энэ Саран дэвсгэртэй нартай гал тамгыг би өөрөө зохиосон. Соёмбоны дээр байдаг шүү дээ. Миний унаган адуунууд дээд тал нь хавчиг болцгоож байна. Эрлийзэд уралдуулъя гэхээр өөдтэй эрлийз байдаггүй. Тэгэхээр  л зүгээр бэлэн юм авдаг юм даа. Ноднин Сүхбаатар, Дорноговиос овоо үнэтэй 20 орчим сайн гүү авсан. Бас цэвэр азарга авлаа. Гэвч зарим жил төл авч чадахгүй, авсан хэдэд нь гайгүй юм гарахгүй л байна. Оноо заяа нь таарахгүй л байх шиг. Нэг хэсэг нь хурдан адууг гаргаж байдаг, нөгөө хэсэг нь тэрийг нь худалдаж авч байх ёстой юм шиг байна. Цаанаасаа л энэ бололцоотой нөхөр энэнд түр байж байя, энэ хөөрхий морины төлөө олон жил зүтгэсэн ядарсан юм байгаа юм нэг сайн морь заяаг гээд хувиарлаад байдаг юм шиг ээ.

МАШИНАА БАРЬЦААНД ТАВИАД ХҮРЭН МОРИО АВЧ БАЙСАН


-Морь эзнээ өөрөө таньдаг амьтан гэж өмнөх ярилцлагадаа хэлж байж. Бусдаас сонссон үг юм уу, эсвэл олон морь авсан туршлагаас төрсөн бодол уу? 

-Туршлагаас олсон үг. Геннист түрүүлдэг хонгор халзан морийг би авах гээд түрүүлж очсон юм. Нэг ташаа нь буусан амьтан, тэгээд бас жаахан үнэтэй, 60 гээд байлуу даа. Тэгтэл Гэрэлээ ах хаширласан уу “Энэ удаадаа больё Шагай” гэхээр нь больсон. Тэгээд хойшоо шууд Хэнтий давхиад Содном гуайгаас ногоон морийг нь авчихгүй юу. Миний дараа Энхтайван гуай очоод авчихсан. Сүүлд бодоход ирэх юм өөрөө л ирдэг юм байна. Сая улсад түрүүлдэг халиун азаргыг бас хавар авах гэж үзсэн ч болоогүй. Түвшинбаяр, Оюунбаатар, Ганпүрэв энэ хэдтэй ярьж байгаад сайн монгол азарга гэж хайж байгаад халиун дээр тогтсон юм. Гэтэл тохироо нь таарсангүй. Надад ирээд тэгж давхиа ч уу, үгүй ч үү, эзэндээ л ийм амжилт гаргах байсан юм биш үү. Харин миний хүрэн морь бол надад ирэх оноо заяатай хүлэг. Авмаар санагдаад байдаг, гэтэл тухайн үед хямралтай, авлаганууд гүйцэд орж ирдэггүй. Тэгэхээр нь унаж яваа машинаа ББСБ-д барьцаанд тавиад 35 сая төгрөг авч Дорнод руу шилжүүлээд хүрнээ авч байлаа. Бас чиг нэлээн хэдэн хүн сонирхож байсан ч намайг хүлээгээд байж байсан. 
-Хамгийн үнэтэй авсан ногоон морио хүнд бэлэглэсэн. Гал уяаныхаа нөхрийг сайн морьтой болгоё гэж бодсон юм уу?
-Нэрийг нь хэлээд яахав, ноднин намайг ногоон морио зарчих гэж байсан хүмүүс бий. Шагай хүрэн морио зарахгүй, ногоон морио зарах нь уу хэлж үзье гэцгээж байсан. Би юу гэж зарахав. Тэгээд нэг уяачаар хоёр хүн морь уяулж байхад нэгийнх нь морь давхиад байхаар хамтдаа л сайхан уралдъя гээд өгсөн. Хүмүүс итгэхгүй, чи бүсэд хоёр айрагдсан үнэтэй морио хүнд бэлэглэх үү гээд байна лээ.  Би өгсөн нь үнэн, өгснийх нь хариу ч сайхан ирлээ. Ноднин жил Зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн морийг цаадах /Лхамаа/ чинь аваад, энэ өвөл сунгаан дээр хөлийг нь эвгүйтүүлчихсэн. Тэгээд олигтой уралдах морьгүй болчихоор нь санаа шулуудаад өгсөн дөө. Их сайн байсан болохоор энэ жил бараг түрүүлчих болов уу гэж бодсон ч хадуурчихлаа. Буцаж ороод гуч гаргаад орсон гэсэн. Одоо харин Сүхбаатарт сайн уралдах байхаа.

ХҮҮХЭД ЦАГИЙН МОРИНД ДУРТАЙ ЧИН ХҮСЛЭЭРЭЭ ЭНЭ САЛБАРТ ОРСОН


-Ингэхэд юу таныг уяач болгосон юм бэ. Морин дэл дээр төрж өссөн монгол хүний цус нөлөөлөв үү, эсвэл өвөг дээдэст нь морь уядаг хүн байв уу? 

-Манайхан морь мал уяж байгаагүй. Миний хувьд моринд их дуртай хүүхэд байсан. Нагац эмээ, өвөө аймгийн төвийн айл, зун зусландаа гарахад нь би очно. Ганц  морьтой, хоёр дэрсхэн эрэгтэй хүүхэдтэй. Наадам болоход эмээ өвөө дээр өссөн нөгөөх маань ганц морио унана. Морьгүй хоцорсон би айлаас морь гуйж унана. аз нь таараад морины хүүхэд дутвал хурдан морь унана. Гэхдээ хамгийн бүтэлгүй, явахгүй байгаа нь таарна шүү дээ. Хүүхэд насны тэр явдлууд “Том болоод морьтой болно” гэх амлалтыг бий болгож, тэр нь бага насны сэтгэлзүйд хүчтэй нөлөөлсөн шиг байгаа юм. Тас хар хүүхэд айлын уяан дээр хэний ч хамаагүй морийг хөтлөөд өдөржин явдаг, адуутай айлаас салдаггүй байсан гэдэг. Эмээ минь санаа нь зовоод араас саравчлаад зогсож байдаг байж билээ. Сүүлд яахав моринд угаасаа дуртай юм болохоороо хот тойрсон өвлийн уралдаануудыг ганцаараа очиж үзнэ. Нэг ч хүн танихгүй, нэг ч морь мэдэхгүй. Тийм номертой мордсон, тэрний морь гээд харах юм байхгүй. Тэгсэн хэр нь уйдахгүй, энэ бүхэн хожмоо намайг морь уяхад нөлөөлсөн байх.  
-Уралдаан үзэж яваад хамгийн анх ямар уяачтай танилцаж байв?  
-Манай өвөөгийн дүү Хэнтийн Галшард морь уядаг ах байсан. “Миний ажил төрөл гайгүй болчихлоо, морь уямаар байна“ гэсэн. Тэр ах маань өмнө нь Түвдэн гуайгаар морио уяулдаг байсан болохоор Батцоожийг таньдаг, “Гайгүй хүүхэд байгаа юм, түүн дээр оч” гээд зааж өгсөн юм. Тэгээд Цоожийг сурагласан чинь бид хоёр адилхан төмөр замын хүүхдүүд болж таараад амархан олсон доо. Тэр үед Цоож дээр Базаргарьд морио уяулдаг, би хоёр дахь нь болж очиж байлаа. Цоож ч  бас түр завсарлаад байсан үе.  Ахынхаа өгсөн хонгор халзан азаргатай ирээд, тэр жил  хот тойрсон жижиг уралдаануудад их сайн уралдсан юм аа. Цоожтой хоёр жил шахуу хамт явсан даа. 
-Цоожийн зөвлөгөөг дагаад, ямар адуу авсан бэ?
-Цоожийн зөвлөгөөгөөр би хонгор халзан азарган үрээ, хонгор шүдлэн үрээ хоёрыг Сүхбаатар сумаас авсан. Тэр хоёр Долоон худагийн сунгаанд их сайн байсан боловч ханиадтай жил таараад амжилт гаргаагүй. Дараа нь Тамирын хурдад очсон. Базаргарьдын хонгор халзан морь түрүүлж, миний хонгор шүдлэн дөрвөөр давхисан. Илүү дээгүүр давхих байсан байх. Миний хонгор халзан төхөөрөмж унахад гаралгүй ганцаараа хоцроод хүүхдээ унагаад. Тэгэхээр нь барьж аваад машин дотор морь тавьж өгч байсан хүүхэд байсныг тавиад явуулсан чинь арваар орж ирсэн. Сүүлд Дүнжингаравт хоёр, гурван жилийн өмнө ес бил үү, арваар ирсэн. Уг нь хурдан адуу, Даанч хөл нь эвгүй болчихсон юм.
-Цоож хонгор халзан адуунд дуртай даг шүү. 
-Хонгор халзан үхэр байсан ч авна шүү дээ, цаадах чинь. 
/инээв/ 
-Дараа нь Тод манлай уяач Одгэрэл ах дээр очсон юм уу?
-Тийм. Нэг хүн дээр олон хүн байхаар жаахан үл ойлголцох юм гараад байдаг юм билээ. Тэгээд Гэрэлээ ах дээр очсон. Манай Гэрэлээ ах ч сайхан хүн шүү дээ. Нэг уяач цөөхөн морьтой байж амжилтанд хүрэх юм байна гэж анзаараад, тэгээд Алтанбулагийн Батхүүгийн “Одоо цагийн сайн уяач гэвэл Буянтоо л байна” гэж зөвлөсний дагуу Буянтоо дээр очсон. Анх Буянтоо руу утасдаад хотод манайд ороод ирээч хоёулаа уулзъя гэсэн чинь хариу хэлэхгүй их удсан. Хүүхэн хүнийг үерхье гэхээр хариу хэлэхгүй уддаг шиг “аа заза тийм үү, заза” гээд байсан. Тэгээд “Би бай шагнал авахгүй ээ, цол зэрэг авахгүй ээ. Чамайг сайн мориор хангана, морь л сайн давхих нь чухал” гэдэг анхны санал тавьсан. Гэхдээ тэрэндээ ч болоогүй, хүн нь ямар хүн бэ гэдгийг нэлээн хэд хоног судалсан шиг байгаа юм. Олон хүнтэй харьцаж байсан болохоор хаширласан биз.  
-Саналынхаа хариуг хэзээ авч байсан бэ? 
-Ямартаа ч намаржингаа л юм болсон. 2014 оны намар Буянтоо дээр байсан хүмүүс нь ийш тийшээ яваад хүн нь цөөрч таарсан. Би амласнаа биелүүлсэн, манай хүн ч хэлсэн амандаа хүрсэн. Хичнээн бие биедээ андгай тангараг тавиад ч бүтэхгүй юм цаанаасаа бүтэхгүй. Тэгэхээр бид хоёр цаанаасаа учрах ёстой ах дүү байсан юм байлгүй. 
-Хүрэн морины байнд ирсэн машинаа Буянтоод өгсөн гэж сонссон.
-Тэр их бэлгэтэй юм болсон. Урд өдөр нь бид нар Жаргалантын аманд хоноод морины ажлаа хийх гээд явж байсан чинь Буянтоогийн машины диск нь хий эргэчихдэг юм. Тэгэхээр нь би санаандгүй “Маргааш машинаа шинэчилчихнэ ээ” гэснийг тэндхийн хүмүүс сонссон байна лээ. Тэгээд машин ачдаг хүмүүс дуудаж засвар руу явуулчихаад өөрийнхөө машиныг орхиод хот руу орсон. Өглөө хүрээд иртэл цаадах чинь хачин царайлчихсан “Таны машины жолооч талын хаалгыг цөмөлчихсөн. Даваа ах ухарч байгаад машинаараа мөргөчихсөн гэж байна” Тэгээд л бүх барцад нь арилсан байх /инээв/. Их хурд руу Буянтоо миний машиныг бариад, би хажууд нь суугаад морио ачаад явсан бол буцахдаа Буянтоо шинэ машин унаад ирсэн дээ. Би уяач гэдэг нэртэй болохоос дулаан гэрт хэвтэж байгаа хүн. Ямар байнга дэргэд нь байж, хоолтой хоолгүй тэр олон хоног морины ажил хийх биш. Хүн хөдөлмөрлөснийхөө хөлсийг хүртэх ёстой биздээ. Надад медаль өргөмжлөл нь ирчихнэ, тэрнээс илүү яахав.  
-Улсын наадамд морь түрүүлгэхэд таван сая төгрөгийн шагналтай байдаг гэсэн байх аа?
-Тийм байсан байх аа. Ямар тоолж үзэх биш, дээжээс нь аваад л өгнө. Гэхдээ би тийм айхтар баян хүн биш л дээ. Эд нарынхаа дунд байдаг болохоор зовлонг нь ойлгоно, мориныхоо буянаар амьдарч байгаа улс.  Уралдаанч хүүхдүүдээ бас зохих хэмжээгээр урамшуулна.

УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БОЛОВЧ СУМЫН Ч ЦОЛ АВААГҮЙ


-Та 2015 оноос хойш том уралдаанд амжилттай уралдаж эхэлсэн. Улсын цолны болзол хангасан юм биш үү? 

-Бүүр даваад арилсан. 2011 онд Тамирын хурдад шүдлэн үрээ айрагдаж, 2012 оны Дундговийн Их мандалын хурдад миний буурал морь түрүүлсэн юм. Аварга Чулуунбаатарын буурал гэдэг морь. Тэгээд нэг хэсэг завсарлаад хүрэн морины амжилт эхэлсэн. Эхнээс нь тоолбол хамгийн эхэнд хонгор үрээ нэг айраг, хүрэн морь гурван түрүү, хоёр айраг, ногоон морь хоёр айраг, Чулуунбаатарын буурал морины нэг айраг бий. Ноднин Хөвсгөлийн Хотгойдын хурдад хул соёолон айрагдсан. Одоо шинэ зээрдийн нэг түрүү. Тэгэхээр таван түрүү, зургаан айраг болж байна.  
-Бараг Манлайн болзол руу дөхөж байгаа юм байна шүү дээ?  
-Би нэрэлхүү хүн, чадахгүй байж том малгай өмсөөд яах вэ гэж боддог. Гэхдээ хүмүүс миний энэ бодлыг их эсэргүүцдэг. Тэртэй тэргүй үзүүлсэн амжилт нь тодорхой, худал юм байхгүй байхад төрийн өгч байгаа цолыг ав, үр хүүхдэд чинь үлдэнэ гэдэг. Надад бол өөрөө мэдэхгүй, чадахгүй байж малгай энэ тэр өмсөнө гэхээр сэтгэлд нэг л буудаггүй. Яг нуулгүй хэлэхэд зарим нэг малгайтай хүмүүсээс би өөрийгөө илүү гэж боддог шүү. Тийм байж тэдэнтэй  зэрэгцээд адилхан малгай өмсөөд яах вэ дээ. Тэгээд ч Шагай биш Буянтоо морь уяж байгааг түмэн мэдэж байхад би амьтан хуурах гэж байгаа биш.
-Цол авахаар тодорхойлолт өгч байгаагүй юу. Манайх таныг Аймгийн алдарт уяач гээд бүртгээд байгаа шүү дээ.
-Аймгийн алдарт биш шүү дээ. Сумынх нь ч байхгүй. Би чинь залуу уяач. Энэ жил Төв аймгийн уяачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн гэлүү, тэрүүгээр сонгогдсон гэсэн. Би өөрөө байгаагүй.  
-Малгай гэснээс та байнга л цагаан малгайтай явж харагддаг. Онон гуай хүрэн дээлтэйгээ явдагтай л адил. 
-Хүрэн дээл, энэ цагаан малгай хоёроос ерөөсөө салаагүй долоо найман жил болж байгаа. Би энэ цагаан малгайндаа хайртай, харин манай эхнэр дургүй. Би моринд бай шагнал авна, алдар нэр олно гэж ороогүй. Тиймээс миний ямар харагдах, цол зэрэгтэй байх надад хамаагүй. Зүгээр л дуртай зүйлээсээ кайф авч байгаа. Тэгээд ч би нэг их гангалаад байж чаддаггүй юм. Өөрсдөө уяагүй байж нэг их ганган хүмүүс явж байдаг шүү дээ. Морь л хурдан байвал миний сайхан, муухай ямар хамаа байх вэ. 
-Мэдээж танай эхнэр дээл хувцас хийлгэж өгье гэнэ биз?
-Байнга л тэгдэг юм. Би үүндээ дуртай, солих дургүй. 
-Таны аав Шарав адуу сайхан унаж эдэлдэг хүн байсан гэж сонслоо?
-Би 10 дугаар анги хүртлээ ээжийн нутаг Архангай явсан. Аавын нутаг Төв аймгийн Дэлгэрхааныг саяхныг хүртэл мэддэггүй байлаа шүү дээ. Аав маань өнчин, амьдрал тааруу байсан болохоор нэгдлийн даага сургаж өгөөд мөнгө авдаг байсан юм билээ. Түүгээр нь нутгийнхан нь дааганы бор гэдэг байж. Найман хүүхдийн доороосоо хоёр дахь нь гэдэг байх шүү. Багаасаа ажил хөдөлмөр эрхэлж өссөн болохоор манай хүн зүгээр сууж чаддаггүй. Намайг морь мал гээд явсан чинь гарааны төхөөрөмж хийгээд тэрнийгээ зараад бизнес маягийн юм хийдэг байлаа. Хөөрхий аав минь 2015 онд өнгөрсөн дөө. 
-Хүүгээ морь уяад амжилтанд хүрэх юм байна гэдгийг мэдэрч амжсан байх нь ээ?  
-Тэгсээн. Би тухайн үедээ өөрийн хэрд таарсан өндөр үнээр адуу аваад байхад намайг хориглодоггүй, харин ч их дэмждэг байсан. Зарим үед мөнгө дутахаар надад гаргаад эхэндээ эхлээд ойлгодоггүй байсан болохоор би нууж хаана шүү дээ.  Морь маань айраг, түрүүтэй сайхан давхиж байгаа нь аз хиймориос илүү эцэг, эх, өвөг дээдсийн маань сайн үйлийн үр гэж боддог.

ГАДНЫ КАЗИНОД МӨНГӨӨ АЛДАЖ БАЙСНААС ДОТООДДОО МОРИНД ЗАРЦУУЛСАН НЬ ДЭЭР


-Хурд уях, адуу өсгөх энэ их нөр ажлын алинаас нь хамгийн их сэтгэл ханамжийг авдаг вэ?

-Мэдээж түрүүлж айрагдахад нь баярладаг. Бас адууны хөлсний үнэр нь сайхан шүү дээ. Үржил хийж байгаа хүнд хавар хамгийн гол улирал. Энэ азарга, тэр гүүнээс тийм төл гарах байх гээд фантазалж төсөөлөөд бодчихно. Эцгийнхээ сайхан толгой, эхийнхээ хөлийг нь авбал тийм гоё адуу гарна гэж сэтгэлдээ зураад, төсөөлөлтэй нь адилхан унага гараад ирвэл бүр кайфтай юм болно шүү дээ. Манайх жаахан зайтай болохоор хавар адуу руугаа ойр ойрхон явж чадахгүй ээ, тэр унагаллаа гэхээр нь давхиж очоод байж чаддаггүй юм. 
-Ингэхэд ямар ажил алба эрхэлдэг вэ?  
-Манайх уул уурхайн хайгуулын чиглэлийн компани. Бас шатахууны чиглэлийн ч юм хийдэг.   
-Моринд бизнесийн салбарынхан их орж байгаа нь бизнесээ явуулахад лобби хийдэг газар нь болчихоод байна уу гэж хардагдаж байна л даа?  
-Оролцох боломж зөндөө байгаа ч би оролцож үзээгүй. Мэдээж энэ салбарт дарга даамал, компанийн захирлууд гээд Монголын нөлөө бүхий улс бий. Солонгос, Сингапур, Макаогийн казинод монголчууд очоод яаж балрав. Тэнд очиж мөнгөө өгснөөс дотооддоо ингээд мөнгөө эргэлдүүлж байвал манай улсад хэрэгтэй. Одоохондоо яах вэ, морь уях монгол арга ухааны мөн чанарыг гүйцэд ойлгохгүй, аль хурдалж байгааг нь мөнгөөр зодож аваад, уралдуулаад л, малгай, том залаа болоод явж байгаа ч яваандаа ойлгох байх аа. Ер нь хоёр удаа уралдааны морь дагахад л дуртай болчихдог шүү дээ. 
-Моринд дуртай болох гэснээс танай гэр бүлийн хүн одоо таныг ойлгодог болсон уу?  
-Одоо морь мэддэг, ойлгодог болсон. Манай хүн Завханы гаралтай боловч хотод төрж өссөн. Надтай суухдаа тарвага, адууны мах идэж үзээгүй байсан бол одоо бүгдийг нь иддэг. 
Хүйн долоо худагт гарах бэлтгэл ажлыг өөрөө мэдээд бэлддэг болсон. Ямар ямар насанд мордох билээ, тийм морь дээгүүр давхих магадлалтай гэдгээ хүртэл мэднэ. 
-Хүүхдүүдээ морь, монгол ахуйд ойр байлгаж чадаж байна уу?
-Уржнан манайх хэнз охинтой болоод, би хэрэг болгож Монгол хээрийн төл охин даага авсан. Тав зургаан настай болоход нь гүү болж, арваад настай болоход нь хэдэн адуутай болчихно. Хоёр хүү  хоорондоо нэг насны зөрүүтэй, том хүүхдүүд бий.   
-Морь ч танихгүй, хүн ч  танихгүй уралдаан үзэж байсантай харьцуулахад одоо энэ салбарт Мөнгөншагайг танихгүй хүн байхгүй. Моринд найз нөхдөө оруулж байна уу?
-Найзуудаас моринд айхтар дуртай хүн байхгүй. Харин манай бага хүү моринд их дуртай байснаа томроод ирсэн чинь эрч нь буураад сагс, волейбол гээд элдэв юм сонирхоод явчихдаг юм байна. Өлзийтөөр байнга намайг дагаж явдаг, хүн болгон Шагайгийн хүү гээд таньдаг байсан. Жаахан төлөвшөөд ирэхээрээ эргээд сонирхох байх. Дуртай юм гэдэг чинь тийм амар хөндийрчихөж болдог зүйл биш. Би өөрөө мориноос болж хоёр ч удаа үхэх шахсан. Бүрхэг өдөр морь сунгаж байтал аянга буугаад айхтар  юм болсон. Дараа нь унаж явсан байдсан гүү азарга өшиглөөдөхсөн чинь нөгөөх нь эргүүлж өшиглөөд ухаан алдаж унаад явчихаа дөхсөн. Гэхдээ л адуу малнаас холдоогүй.

ХҮРЭН МОРИО УЛСЫН НААДАМД АВЧ ҮЛДЭЭД, ДАРАА НЬ "ИХ ХУРД"-Д ТҮРҮҮЛГЭСЭН


-Хамгийн их баярлаж догдолсон наадам?

-Хүрэн түрүүлдэг Их хурд. Адуу аваад л байсан боловч нэг сайн болж өгөхгүй, нэлээн хэдэн жил завсарлачихсан байсан үе. Улсын наадмын сунгаан дээр Цогоо ахын халзан морь зэрэг олон сайн морь бие биенийгээ үрээд, хөндүүр авчихгүй юу. Тэгэхээр нь би Буянтоод “Болохгүй байгаа юмыг уралдах гээд яах вэ” гээд болиулчихлаа. Тэгсэн Цогоо ах мордуулаад, хөндүүр нь сайн гараагүй байсан морь бүтэлтэй юм болоогүй. Бид хоёр болохоор улсад мордуулалгүй авч үлдээд, Архустад аваачиж хөнгөхөн уралдуулж түрүүлгээд,  Их хурдад ирсэн. Миний хэлсэн үг шийдвэр гарахад том үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Би ер нь болмооргүй байвал аваад үлдчихье л гээд байдаг.
-Энэ чинь л уяач хүнд байх ёстой хамгийн том чанар гэдэг биз дээ.
-Тэвчиж авч үлдэнэ гэдэг хэцүү. Дотроо өөртэйгөө их зөрчилдөнө. Сүүлд нь мордуулсан бол яах байсан бол гээд мөнхийн асуултын тэмдэг болж хоцорч байгаа байхгүй юу. Зарим нэг нь мордуулсан бол түрүүлэх байсан юм, зарим нь чиний авч үлдсэн нь зөв гэцгээгээд л их төвөгтэй л дөө.  
-Та оноо заяанд итгэдэг гэж дээр ярьсан. Монгол улсад зохиогдож байгаа гурван том уралдаанд их насны морь түрүүлсэн. Энэ бас оноо заяа гэдгийг үгүйсгэхийн аргагүй. 
-Тийм ээ. Ингээд бодоход дандаа дээд насанд амжилттай наадсан байна. Гэтэл хүмүүс цол авах гэхээр дээд насны амжилт байхгүй гээд гацчихдаг шүү дээ. Гэхдээ сүүлийн үед их наснаасаа жаахан халшраад байдаг болж. Бага адуу юмуу, эсвэл эрлийз ангилалд уралдъя гэж бодож байна. Эрлийзэд хэл ам байхгүй, амьтантай муудахгүй, хэн нь хэн бэ гэдгээ үзчихнэ. Дандаа булхайтай юм яваад байхаар би нэг өдөр луйвардуулна, эсвэл би нэг өдөр луйвардана. Ингээд яваад байж болохгүй биз дээ. 
-Гурван том наадмын түрүү хүртсэндээ өөрөөрөө онгирч омойтох бодол төрдөг үү?
-Үгүй үгүй. Уг нь Тод манлай уяач Онон гуай, Алтай констракшны Бат-Эрдэнэ нарын араас Их хурд, улсын наадамд их морь түрүүлгэсэн гурав дахь хүн нь би юм билээ. Намайг гурав дахь нь гэж Дугараа хэлж байсан. Тэр хоёр том малгайтай хүнтэй зэрэгцээд сууж байна гэхээр гоё л санагдсан.
-Цагаан малгайгаа өмсөөд үү?
-Цагаан малгайгаа дараа жил солино доо. /инээв/
-Энэ хавар Баяр наадмын хуулинд өөрчлөлт оруулъя гээд шинэчлэл хөдөлгөөн хүртэл гарлаа. Та энэ тогоонд морио уралдуулж байгаа уяач хүний хувьд юу хэлэх вэ?
-Эв зүйтэй наадаад  л сурчихмаар байна. Наадмын дараа бие биетэйгээ мууддаг, ална тална даа хүрдэг. Тэгээд баталгаагүй угшил ярьж, олон түмэн тэрэнд нь итгэж ам дамжин ярьдаг. Харваас эрлийз морь байхад хаа хамаагүй худлаа ярьдгаасаа ичих хэрэгтэй. Энэ бүх маргааныг эцэслэх юм сэрвээний өндрөөр хэмжих гэж би үзэж байгаа. Сэрвээг өндөрсгөж болохгүй. Гэхдээ Эрдэнэтийн нөхдийн бие биенээсээ метрийг нь булааж авдаг шиг биш, арай боловсронгуй 3D, 4D лазераар маш хурдан хугацаанд хэмжчихдэг байх хэрэгтэй. Ингэвэл ямар ч хэрүүл уруулгүй. 
-Сая сэрвээний өндрийг гол болгох хуулийн төсөл орлоо шүү дээ?
-Сэрвээний өндрийг өндөрсгөх гээд байгаа нь буруу байхгүй юу. Том товир биетэй монгол адууг яах вэ гэж байна. Халиун азаргыг тэртэй тэргүй хүмүүс танина мордуулна, харин үүнээс хойш шинээр гарч ирэх нь журмаараа хасагдаад явах ёстой. Аливаа юманд эрсдэл байх хэрэгтэй шүү дээ. Сэрвээний өндрийг нэмбэл олонх уяачид маань уралдаж чадахаа болино. Тиймээс өөрийнхөө жижигхэн хувийн эрх ашгийг түр хойш нь тавих хэрэгтэй.  
-Сэтгүүлийн маань урилгыг хүлээн авч илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Бүсийн уралдаандаа одтой сайхан наадаарай. 
-За баярлалаа. 

А.Тэлмэн
 

6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.131.243.186

    морио уралдуулж чаддаг байх ёстой. Энэ залуу үнэнл ярьсан бнаа орчин үед үнэн үгтэй хүн тун ховор болж. чиний залуу зээрд сайхан түрүүлсээн ийм угшилтай гэдгий нь шулуухан хэлж

    Reply
  • 103.10.22.211

    Мөнгөншага уяач мундаг яарилцлага өгчээ монгол эр хүн ийм л ёс зүй, жудагтай байх ёстой . зарим хэсэг нөхдүүдэд уншуулах юм сан даа. Шагаа Буянтоо 2 амжилт хүсье ийм хүмүүсийн морь давхилгүй яах вэ Монголчууд минь. зөв явж байхад хариу нь иргээд ирнэ .

    Reply
  • 66.181.160.38

    ёстой сайхан ярилцлага болжээ.том уяачдаас энэ хүн шиг үнэн мөнөөрөө яриа өгчих хүн хэдл байгаа бол...бахархлаа шүү

    Reply
  • 66.181.182.38

    Shan yariltslaga boljee bodoh yum ih bna shuu

    Reply
  • 64.119.17.133

    Er hun shig yariltslaga uhchee

    Reply
  • 213.127.85.173

    Шагай Буянтоо 2тоо амжилт хүсье.Сайхан ярилцлага болж.Морины босоо цагаан хийморь ивээх болтугай.

    Reply