АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ДАМБИЙ АГСНЫ ОХИН Д.НОРЖИНСҮРЭН: ААВЫН ЖОРОО ХАЛИУНЫГ «ЦОГТЫН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ МОРЬ» ГЭЖ ХҮМҮҮС ЯРЬДАГ

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 07 -нд

Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул, Баян-Улаан багийн харьяат, аймгийн Алдарт уяач Цэрэнгийн Дамбий агсны тухай түүний охин Д.Норжинсүрэн хуучилсныг уншигчдадаа хүргэж байна.

-Таны аав Ц.Дамбий жороо мориор олон жил сайхан наадсан гэсэн. Аавын тань нэр усыг дуурсгасан ямар морьд байсан бол. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Миний аав Ц.Дамбий багаасаа эцэг, эхийнхээ хамтаар мал маллаж байгаад сургуульд сурч чадаагүй юм гэдэг. Гэхдээ өөрөө бие даан бичиг, үсэг сураад хожим бригадын дарга, тоо бүртгэгчээр олон жил ажилласан. Хариуцлагатай ажил хийж байгаад л тэтгэвэртээ суусан даа. Аавын нэрийг дуурсгасан морь гэвэл жороо халиун байна. Ер нь жороо, хатирч морины уралдаанд хоёуланд нь уралдчихдаг морь байсан гэсэн. Хүмүүс “Цогтын түүхэнд ийм морь байгаагүй” гэж ярьдаг. Бие томтой, уяа сойлгоо өөрөө тааруулчихдаг морь байсан гэсэн. Манай аав баг, бригадын ажилтай учраас тэр бүр морио уяж чадахгүй. Тийм болохоор жороо халиун өөрөө идэш, уяагаа тааруулчихдаг байсан гэдэг. Манай аав энэ мориороо л олон жил наадсан даа. Ер нь морь уядаггүй байж байгаад ахыгаа өнгөрөнгүүт жороо халиуныг уяж эхэлсэн юм. 
-Дамбий гэж хүний нэрийг гаргасан өөр ямар морьд байсан бэ?
-Улсын Начин Нэмэхбаяр гуайгаас авсан жороо хээр морь нь байна. Тухайн үедээ энэ морио нэлээн үнэтэй, бараг 500 мянган төгрөгөөр худалдаж авсан байх шүү. 1984 оны үед шүү дээ. Авсныхаа дараа сумандаа завсаргүй тав түрүүлгэсэн. 


-Аав тань жороо, хатиртай мориор их нааджээ?
- Эхэндээ жороо, хатиртай мориор наадсан. Сүүлдээ хурдан морь уясан л даа. Том хүүгийнхээ нэр дээр буурал азарга авч уралдуулж байсан. Бага насны нэлээн олон л морь уяж байсан санагддаг юм. 
-Том хүүгийнхээ нэр дээр авсан буурал азарга нь аль нутгийнх вэ?
-Хэнтийн Бор-Өндөрөөс авчраад зарж байхад нь манай аав авсан юм. Энэ азарганы үр төл нь сайн давхиж байгаа. Хурдан зээрд унага нь сумын наадамд гурван удаа айрагдаж байсан. Бас хоёр, гурван аман хүзүүтэй. Энэ жороо мориныхоо хажуугаар нэг сартай цавьдар жороо морьтой байсан. Мөн ач хүүгийнх нэртэй Нацагаа зээрд гэж жороо морь сайн уралдаж дөрөв, таван айраг, түрүү авсан. 
-Алдарт жороо халиун морь нь 29 нас хүртлээ уралдсан юм уу?
-29 нас хүртлээ уралдсан. Айхтар бяр чадалтай морь байсан. Хүмүүс анддаггүй юм. Их ч номхон морь байсан даа. 
-Бусад сумдаас халиунтай уралдуулахаар зорьж морьдоо авчирсан тохиолдлууд бий юу. Эсвэл аав тань гадагшаа явж халиун мориныхоо эд хавийг гайхуулъя гэж ярьж байв уу? 
-Халиун сумын ойд халиун морь дөрөвт давхисан. Бусдыг нь би сайн санахгүй байна. Ямартаа  ч зэргэлдээх сумдад айрагдсан түүхүүд бий. 
-Сайн морийг сайхан эдлэл, хэрэгсэл чимнэ гэдэг. Ямар эдлэл, хэрэгсэл хэрэглэж байсан бол оо?
-Аавын дэнзэн ташуур, хазаар дүүгийн гэрт байдаг. Эдлэл, хэрэгслийг нь өөрсдөө бэлддэг байсан. Тухайн үед аав халиун мориндоо цэрэг эмээл их тохдог байсан. Том биетэй морь учраас биедээ эвтэйхэн байлгах гэж  тэгдэг байсан байх. 
-Яг энэ нутгийн адуу юу. Эхийг нь Поли гэж дууддаг байсан гэсэн?
-Поли гэж манай өвөөгийн гүү байсан юм. Яг өөрийнх нь унаган адуу л даа. Их унаа сайтай гүү байсан гэдэг. Тэгэхээр манай унаган адуу гэсэн үг.  
-Тэгээд энэ морь яаж өнгөрсөн бэ?
-Чононд идүүлчихсэн юм. Манай аав “Сайн морийг чоно иддэг” гээд нэг их харамсаагүй. 
-Тэр үеийн жороо морь одооны жийп машин биз дээ? Сумын наадмын жинхэнэ гангараа. Танайхан олон сайхан жороо морь унаад наадамд явж байсан уу?
-Тийм түүх бий. Манай аав наадмын өмнөх өдөр морио арц хүжээр сайхан ариутгачихаад хоёр хүүдээ унуулаад явуулдаг байсан. Тэгээд өөрөө мотоциклиор явдаг байсан. Бодвол морины комисс, баг, бригадын ажил гээд л мотоциклиор явдаг байсан байх. Тэгээд хоёр хүү нь майхан, саваа бэлдээд замаараа хоноглоно гээд л наадмын өмнө гардаг байлаа. 
-Тухайн үед жороо морь түрүүлэхэд ямар бай шагналтай байв?
-30, 40, 50 төгрөг л өгдөг байсан байлгүй дээ. Сүүлдээ медаль өгч эхэлсэн. Жороо халиун 20 гаруй медальтай. Медалиуд нь ээжийнд байдаг юм. 
-Халиун морины хэмжээнд яригддаг өөр ямар морьд байсан бэ?
-Хоёр, гурван хээр морь байсан. 
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ? 
-Эцэг эхээс зургуулаа. Хоёр хүү, дөрвөн охин. Манай ах Жамц сумын Алдарт уяач, сумын Сайн малчин байсан. Бурхан болчихсон юм. 


-Та хурдан мориор наадах уу эсвэл аавыгаа дагаад жороо мориор нааддаг уу?
-Арай олон жилийн өмнө хатиртай жороо морийг хурдан мориноос илүүд үздэг байсан. Сүүлийн үед хатирч, жороогоос илүү хурдан морийг сонирхдог болоод байгаа. Тэгэхээр унаган морь бас алга аа.  
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. 

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна