НЭРТ УЯАЧ “ЧАНГА” РЭНЦЭН, ЗАРТ ХҮЛЭГ ХҮРЭН АЗАРГАНЫ ТҮҮХ ОРШВОЙ

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 03 -нд

Асгатын нэртэй сайн уяач гэвэл чанга хэмээх Рэнцэн, зартай хурдан хүлэг гэвэл түүний хүрэн азаргыг дурсахгүйгээр тус сумын хурдны талаар ярих аргагүй юм. Хэдийгээр эзэн, хүлэг хоёр өнөөдөр нартад үгүй ч «чанга» Рэнцэнгийн хүрэнгийн угшилтай хурдууд газар газрын наадмын айраг, түрүүг авч алдрыг нь дуурсгаж явна. Н.Рэнцэнгийн хүү, сумын Алдарт уяач Р.Мөнхсүх аавынхаа талаар ийн хуучилсныг хүргэж байна. 

Миний аав Намжимын Рэнцэн 1925 онд төрж, хуучнаар Бөөрийн төвд аав ээжийнхээ гар дээр хүмүүжсэн юм билээ. Айлын том хүү доороо гурван эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэйгээс Дуламжав, Бадамханд хоёр нь эрэгтэй, эмэгтэй ихэр. 


Нас биед хүрч Баяндэлгэрийн Байшинтын дивизэд алба хаахдаа цэргийн агт малладаг байж. Энэ үедээ чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин байгаа юм. Цэргээс ирээд манай ээж Цэрмаатай гэр бүл болж, эцгийн гэрээс өрх тусгаарлан дөрвөн хүү, дөрвөн охинтой болсон. Насаараа нэгдлийн хонь маллаж, гурван ч удаа “Энх сүрэгтэн” болж улаан хаалгатай гэрээр шагнуулж байсан юм. Бүр тэтгэвэрт гарсан хойноо хүртэл нэгдлийн бранк хонь гэдгийг хариулж байсан ясны малчин хүн. 

Цэргээс ирээд Бөөрийн төвд аавынхаа гэрт байхдаа хоёр бага адуу уяж айрагдуулаад наадмын өм нээсэн гэдэг. Хамгийн алдартай хурдан адуу нь мэдээж хүрэн азарга нь. Түүнээс өмнө Гэдэсгүй хүрэн нэртэй хүрэн морь уяж хурдлуулж байсан гэсэн. 
Сүх-Очир гэж нутгийн сайхан буурлаас хүрэн азарганых нь төлийг дааганд нь авч өсгөж хурдлуулан, үр төлийг нь авч сайхан наадсан даа. Одоо ч энэ хүрэн азарганы үндэс угсаа, хурд нь тасраагүй улс даяар хурдалж байна. Миний санаж байгаагаар хүрэн азарга 1981 онд Ж.Гүррагчаа сансарт нисэх тэр үеэр 25 настай байсан гэхээр 1960-аад оны унага байх. 
Хүрэн азаргаа анх авч байсан талаар нь манай нутгийн Дугарсүрэн гэж өвгөн надад хуучилж байсан юм. Дугарсүрэнг цэргээс дөнгөж ирчихээд байхад нь аав маань дагуулаад Сүх-Очир гуайнд очиж л дээ. Сүх-Очир гуай гурван даага заагаад аль дуртайгаа ав гэж.  Хүрэн даагыг нь сонгоод уургалтал уурганы тагнай нь тас татагдаад хуйвийг нь цээжиндээ аваад адуунаасаа цойлоод давхисан гэж байгаа юм. Тэгж хурдан гэдгийг нь мэдэж. Тэр өдрөө барьж чадалгүй гурав хоногийн дараа Дэрсхэн бор хошуунд Сүх-Очир гуайнд буцаж ирж авсан гэдэг. Манайх тэр үед Дошнуудын бааз гэдэг газар нутагладаг байсан. Тухайн үед Сүх-Очир гуай нэг их үнэрхэлгүй хүрэн даагаа өгөлцөж авалцсан бололтой байдаг. Хамгийн сонирхолтой нь Сүх-Очир гуайн морьд аймагт бол айраг, түрүү алдаж үзээгүй хэрнээ манай суманд ирэхээрээ нэг ч айраг авч үзээгүй гэж байгаа. Нөгөө дов нь таарахгүй гэдэг юм болов уу даа.  
 Тэгээд аав хүрэн азаргаа дааганд нь уяад том эгчээр унуулж аман хүзүүдүүлсэн. Манай том эгч чинь 1955 оны хүн гэхээр 1960-аад оноос хурдалсан гэж миний тооцоолж байгаа нь зөв юм байна. Тэгээд шүдлэнгээсээ хойш хурдалсан гэдгээс өөрөөр мэдэхгүй юм. Сум орон нутгийн номонд амжилт нь байдаг байх. Ямартаа ч 10 хэдэн удаа орсон адуу. Их ааштай, омголон адуу байсан гэдэг юм. Тэр зан нь үр төлүүдэд нь ч алдраагүй, морьгүй, уургагүй хүн очвол тонгойж хазаж хөөгөөд байдаг. Мотоцикльтой хүн очсон ч тангарна. Миний одоо уяж байгаа хязаалан ч уяа сойлго нь гүйцэж хурд ороод ирэхээрээ хусуур сойз хүргүүлэхгүй, хүн амьтныг хазаж хөөгөөд байдаг. 
Хүрэн азарганы төл айрагдаж, түрүүлсэн олон адуу бий. Даваахүүгээр дамжин хойшоо манай аавын дүүдээ өгсөн Дуламжавын хар гэж хоёр түрүүлж, 2-3 айрагдсан морь байна. Түүний дүү хүрэн морийг аавыгаа байхад нь би цуг уялцаж сумандаа бас хоёр түрүүлгэсэн. 1996 он юм уу даа, хүрэнгийн төл хязаалан, шүдлэн хоёр уяад намайг хоолыг нь өгөөд өглөөний дөрвөн цагийн үед бариарай гэсэн юм. Тэгсэн би унтаад 7-8 цагийн үед бариад ирсэн чинь хүмүүс харчихаад “Ээ, миний хүү морь уях болоогүй байна. Аавынх нь адуу гэдсээ даахгүй байна шүү дээ. Уг нь хол түрүүлэх адуу байсан юм. Өнөөдөр харин айргаас гарахгүй нь” гэсэн. Үнэхээр ч хоёулаа л гурвын пайз авсан юм даг. 
Аавын найз зүүн бригадын нягтлан байсан Жингээ гэж хүн том хүрэн азарганд нь зурвасхан буурал сортой зээрд халзан гүү тавиад гурван эр төл авсан гэдэг юм. Тэр зээрд халзан гүүнээс  гарсан адуу нь Ням-Осор хүрэн гэж энэ суманд хоёр түрүүлж, гурав айрагдсан азарга бий. Дараагийн төл нь Улаан Мажигийн хүрэн гэж Жингээ гуайн хүргэн Бат-Өлзийн аав болох хүнд хурдалсан. Наранд очиж их олон айрагдаж түрүүлсэн адуу. Гурав дахь нь Жингээ хүрэн гэж өөрт нь олон айрагдаж түрүүлсэн адуу байсан.  
Бас Раднаасанжжав гэж өвгөн манай том хүрэнд гүү тавьж долоон охин, хоёр эр төл авсан гэдэг. Хоёр эр нь бас  их хурдалсан гэдэг байх аа. Азарганд чинь гүү тавья гэсэн болгоныг нь л цааргалалгүй хураалгасан. Нэг удаа аав надад “Энэ суманд аавынх нь адууны угшилтай азарга олон болчихлоо, бараг гуч гаруй азарга байна аа. Төлийн төл гэвэл бүр олон болно” гэж хэлж байсан. Хүрэн азарганы талаар миний мэдэх юм энэ л байна 


Хүрэн азарганы 25 настай үеийн хамгийн сүүлийн биет төл Ажнай хүрэн гэж алдаршсан сумандаа гурав түрүүлж, хоёр аман хүзүүдсэн хүрэн азарга байлаа. Эх нь Хишигээгийн Чойжилсүрэн гэж хүнээс аавын авсан бөөн сүүлтэй хүрэн гүү. Ажнай хүрэн даагандаа уягдсан ч тамир муутай байгаад давхиагүй, шүдлэн, хязаалан, соёолондоо түрүүлсэн. Хавчигт нь би сургуулиа хаяж ирээд уяж байгаад хөлийг нь авч, аав Аюуш гэдэг хүнээр хатгуулаад өнжсөн юм. Наймтай азарга сумандаа уралдаж түрүүлж байснаа гуравласан юм. Түүнээс хойш хөл нь сэдрээд ахиж уралдаж чадаагүй. Тээвэрчдийн 50 жилийн ойн баяраар аав аймагт аваачиж уралдуулахад гавиагүй юм гэнэ билээ. Ажнай хүрэн биеэр том биш, одоо энэ Цэрэнжигмэдийн Зандан хүрэн хэлбэр галбирын хувьд хамгийн төстэй төл нь. Ер нь манай адуунууд хар хүрэн зүстэй, биеэр том биш. Жижгэвтэр мөртлөө давхихаараа их сүрлэг том болж харагддаг тийм л адуу. Ажнай хүрэнгийн төлүүд гэж сайн морьд хурдалж байсан.
“Чанга” Рэнцэнгийн хүрэн гэж аавын минь нэрээр алдаршсан хүрэн азарганы удам бэсрэг угшил болтлоо тарж, газар газар хурдалж байгаа. 2004 онд би Тод манлай Сандуйжавт Ажнай  хүрэн азарганы төл хүрэн адуу өгсөн нь Аварга зээрд. Сандуйжав цаашаагаа М.Энхболдыг хотын дарга байхад нь бэлэглэсэн юм билээ. Манай сумын зүүн бригадын Баярсайхан ахаас надад хувьчлалаар ирсэн сартай хүрэн гүүг Ажнай хүрэнд хураалгаад дөрвөн эр төл гарсан юм. Хамгийн анхны төл нь надад хурдалсан хүрэн азарга. Дараагийнх нь Сандуйжавт бэлгэнд өгдөг хүрэн азарга. Удаах төл нь Дуламжав гэж дүүд маань очсон. Дөрөв дэх нь Дагвадоржийн Шөвгөр хүрэнгийн эцгийн эцэг байгаа юм. Энэ дөрвөөс ганцхан Дуламжавт очсон нь л хурдлаагүй. Харин төлүүд нь хурдалж байгаа. «Алтай констракшн»-ы Бат-Эрдэнийн бага хүрэн морь бол Ажнай хүрэнгийн төл миний мойног хөлтэй хүрэн азарганы төл байгаа юм. Хязааланд нь би ам гарч уралдуулаад ягнигаар нь мулталж суулгаад мойног хөлтэй болгочихсон. Максын Цэрэнжигмэдийн Зандан хүрэнгийн эх нь бас манай Ажнай хүрэнгийн бие төл байгаа юм. Өөрсдөө олигтой уяж хурдлуулж чадахгүй байгаа юм чинь хүн амьтанд өгөөд аавын нэр, адууныхаа удам угшлыг гаргаж байя гэж боддог. Манай хүрэн азарганы ихэнх төл хүрэн гардаг, зүс нь барагтай бол солигддоггүй. 
Манай аав их аманцар, яг хэлснээр нь л морь нь ордог, Сүрэнхор гуай шиг араншинтай хүн байж дээ.  Их нээлттэй, нууж хаахгүйгээр хэлчихдэг цагаахан хүн. Байгаа байдлаар нь хүмүүс хүлээж авч хүндэтгэдэг. Намайг хүмүүс царай төрхөөрөө аавтайгаа адилхан гэдэг юм.  Хүнийг залуу хөгшин гэхгүй хамаагүй ярьж хөөрдөг, явуулж дамшигладаг. Нэг удаа манай нутгийн тэмээчин Чулуунбаатар азаргаа сунгаанд түрүүлгэчихээд сумын наадамд хөтлөөд ирж л дээ.  Ажнай хүрэн ч бас хойд сунгалтанд түрүүлчихсэн байж. Аав наадмын урд өдөр нь Чулуунбаатарын азаргыг харчихаад “За, ахынхаа хүрэн азарганы урд дэлэнд хоёр шил архи уячихвал айргаас мултрахгүй л юм байна. Тэгэхгүй бол 12, 13-ын улаан мод барих юм байна” гээд хэлчихжээ. Дараа нь наадам тараад нөгөө Гансүх манайд ирээд “Та хараалч хүн юм. Яг 13-аар орлоо” гээд аавд агсам тавьж байж билээ. 
Наянтай гээд ах миний аавтай хуурай ах дүү явсан хүн. Манай адууг ч их сайн мэднэ. Наянтай ах аавын тухай нэг сайхан түүхийг надад ярьж өгч билээ. Наянтай ахын хар шүдлэн урд бригадын хоёр сунгалтанд түрүүлээд хурдан байж. Манай аавын хүрэн шүдлэн хойд хоёр сунгалтанд хол түрүүлчихсэн өрсөлдөгч болж таарав. Тэгтэл аав уяан дээр нь шогшуулж ирээд “За миний дүү өнөөдөр ямар ажил хийх гэж байна, тарлах уу” гээд асуугаад байна гэнэ. Оройхон ирээд дахиад л асуухаар нь “Тарлахгүй ээ” гээд явуулж. Маргааш өглөө нь ирээд уяаг нь тойроод “Ахаасаа нуугаад юу хийчих вэ? Миний дүү тавд хараад хэрэггүй, 20 дотор л харж бай” гээд хөхрөөд байж. Үнэхээр ч хар шүдлэн 20-иос хойш орсон гэнэ.Үнэндээ Наянтай ах ааваас нуугаад өглөө үүрээр тарлачихсан байсан гэсэн. Морины уяа орсныг андахгүй мэддэг байсан юм чинь уяандаа ч сайн байсан байх гэж аавыгаа үнэлдэг. Би бол аавынхаа дайны уяж чадахгүй.  
Манай нутгийн банкны хар Цэнд, зүүн бригадын агент Батмөнх, Өндөр Лхасүрэн гээд сайхан буурал уяачид байлаа. Аав маань морь уялгүй завсарлаад дөрөв таван жил болсон юм. Тэгээд хүнээс битүү соёолон саарал морь хоёр адуугаар авсан чинь хонинд унасан ч явдаггүй, тар хийсэн ч сүүлд, морь сунгасан ч сүүл бариад явдаггүй адуу болж таарав. Наадам ч боллоо. Наадмын талбайд модон асрын сүүдэрт хэдэн хөгшчүүл суугаад зоос хаяж байна. Хүүхэд зангаар би үгэнд дурлаад дөхвөл Цэрэншарав гуай “Цэндийн хүрэн морь түрүүлж чадахгүй нь ээ” гэнэ. Аавдаа очоод буурайнууд зоос хаяж байна гэсэн чинь “Миний хүү морио зоосдуулчих уу” гэж байна. Тэгээд давхиж ороод л аав зоос хаяад өгөөч гэж байна гэвэл зоосоо ганцхан удаа татсанаа “Юугаа хийж байгаа юм бэ, аавыгаа явуул. Цаана чинь морь чинь түрүүлчихээд байна” гэсэн.  Тэгтэл үнэхээр явахгүй байсан саарал морь түрүүлээд нэг хүн хөтлөөд талбай тойруулж байсан. Өвгөний зоосонд бууснаар Цэндийн хүрэн морь аман хүзүүдэж байсан юм даа. 
Аавынхаа талаар ийм л зүйлийг би дурсан санаж байна. Ирээд буцдаг хорвоогийн жамаар 1998 онд 73 настайдаа бурхны оронд заларсан даа, аав минь. Хэдий тийм боловч өөрийнх нь тарьсан хурдны угшил газар газрын наадмын айраг, түрүүнд хурдалж, аавын минь нэр мөнхөд дуурсагдаж байгаад сэтгэл өег байдаг юм. 



Д.Энхтуяа

6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 150.129.140.46

    Ymar saihan yum be? Munkhsuh ahiinhaa aawiigaa, hurdan huren azragniihan talaar dursan yarihiig unshaad unheer setgel maani ih hudulj, hurdan har moriooroo aldartai /Dulamjaw/ uwuuteiguu dahin neg udaa uulzsan yumshig l bolloo. Bayrlalaa. Tanii mini uysan huleg bolgon hurdan baih boltugai. Hurai, hurai, hurai

    Reply
  • 192.82.67.247

    aduu gj saihan shu munhsuh ah ulsad neree gargah tsag oirhon bh boltgugai

    Reply
  • 202.126.89.57

    сайхан дурсамж байна ах алдартай хурдан адуутай хүндээ сайн сайхныг хүсie

    Reply
  • 112.72.11.110

    Saihan yariltslaga

    Reply
  • 103.57.95.158

    Сайхан хууч болж

    Reply
  • 202.21.114.98

    сайхан ярилцлага болжээ. Сүхбаатар нутгаар явахад энэ хүний талаар мэдэхгүй хүн гэжж байхгүй юм билээ. мөнхсүх ахтай ч нэг удаа яриа өрнүүлж л байлаа Аавтайгаа их адилхан хүн юм байна.

    Reply