АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ГҮНД: МИНИЙ ААВ МОРЬ УЯХ ОНЦГОЙ АВЬЯАС, ЭРДЭМТЭЙ ХҮН БАЙЛАА

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 20 -нд

Говь-Алтай аймгийн хийморилог уяачдын нэг Дэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гүржавын Гүндийг танилцуулж байна. ХАА-н Тэргүүний ажилтан, сум, аймгийн Аварга малчин тэрээр 1947 оны намар Цагаан гарам хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. 

-Таны өвөг, дээдэст морь уядаг хүн байсан уу. Та удам дамжсан уяач уу? 
-Миний аав Д.Гүржав бол энэ нутагт төрж өссөн хүн. Аймгийн захиргаанд түшмэлийн ажилтай байснаас гадна сайн малчин, уяач явлаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, аймгийн Алдарт уяач хүн юм. Би аав, ээжтэйгээ хөдөө мал, маллаж өссөн. Аав минь олон сайхан хурдан хүлэгтэй байсан. Дашрамд хэлэхэд, манай аав, би, миний хүү бид аймгийн Алдарт уяачид. Гурван үеэрээ хурдан морьдоо уралдуулаад л явж байна. Аав минь морийг тусгай сайн уядаг байсан. Би ч сумаасаа гарч аймагт хааяа л очиж морьдоо уралдуулах юм.  Хүүгийн хувьд мөн энд морио уядаг. Аймаг бүсийн олон наадамд оролцсон. 
-Та аавыгаа сайн уяач байсан гэж хэллээ. Аав тань морийг яаж уядаг байв? 
-Аав уяа нь таарсан, хурдлах морьдыг андахгүй. Морины сунгаа, үсэргээн дээр ирээд чимээгүй явчихвал тэр морины уяа сойлго нь таарсан л гэсэн үг. Харин уяа нь таараагүй морьдыг “энэ морио тавиач хө. Ажил удахаас цаашгүй юм байна” гэж хэлчихдэг байсан. Тэгэхээр хурдлах морьдыг андахгүй мэддэг байсан шиг байгаа юм. Гэхдээ бидэнд энэ нарийн аргаа зааж өгөөгүй. Аав морины хөл, нуруу авч үзээгүй. Морийг онцгой эдэлдэг байсан. Биднийг хурдны бас хонины морь унасан ч зөөлөн яв гэж хэлж үзээгүй. Давхиад л бай гэдэг. Одоо бодох нь ээ морины эдэлгээ унааг нь сайн тааруулдаг байсан юм шиг байна. Би олон адуун дээр мордсон. Аавын морьдыг гүйцэх морь таараагүй л юмаа. 
-Та багадаа хурдан морь унаж байсан уу?
-Унасан. Аавынхаа унаган адуу болох бөөхий, хялаа, хар морь, хээр морийг унаж байсан.
-Хэдий үеэс бие даан морь уяж эхлэв?
-Нэгдлийн адуучин болсон үеэс буюу 1970 оноос эхэлж морь уяж эхэлсэн дээ. Нэгдлийн адууг 16,17 жил малласан. Энэ хугацаанд адуу маллаж сум, аймгийн Аварга болсон. Сааль сүүг нь гүйцээж өгөхөөс эхлээд төл сайн авдаг байлаа. 100 гүүнээс 100 төл авдаг байсан шүү дээ. Би 115 гүүнээс 115 унага авч байсан удаа ч бий. Гэхдээ үргэлж ийм байгаагүй. Заримдаа малын өвчин цас шуурга, зуданд адуугаа хорогдуулдаг л байлаа.
-Алтан унаганы эзэн болж байсан уу? 
-Үгүй ээ. Тэр шагналд хүрч чадаагүй. 
-Нэгдлийн адуучид эмнэг сургадаг байсан. Та эмнэг сургалтаар хэр байв?
-Эмнэг адуу сургаж байсан ч спортын мастер болоогүй. Уг нь болзлыг нь олон удаа хангасан. 100 гаруй гүүтэй байхдаа гүүгээ гурван ээлжээр уячихдаг. Тэгээд арваннэгдүгээр сар гартал гүүгээ уячихдаг байлаа.  Нэгдлийн адуу малладаг байхдаа морь бүрийг л уургалж, номхруулж сургасан даа. 
-Та “Манай өөрийн азаргануудыг гүйцэх адуу” таараагүй гэж ярьсан. Ер нь Дэлгэр сумын адуу ямар онцлогтой вэ?
-Манай нутгийн адуу жавар даах чадвартай.  Хадандаа байдаг уу эсвэл тал газрын онцлог юм уу ул туруу сайтай. Цагааннуур ороод буцаад ирэхэд манайхны адуу улдаж байгаагүй. 
-Гайхалтай. Аль ч нутаг усанд домог мэт яригддаг хүлгүүд байдаг. Танай нутагт монгол адууны шинж чанарыг гайхуулсан ямар хурдан хүлгүүд байсан бэ? 
-Лхасүрэнгийн халтар морь гэж гайхалтай хурдан хүлэг байсан. Мөн манай аавын хялаа хээр бол хол явах тусмаа бяр ордог, олон хоногийн уяатай адуу байсан. 14 хоног уясан ч, нэг сар уяхад ч хурд нь гардаггүй. Ер нь ухасхийхэд л бусад морьд нь хоцорчихдог. Тэгээд дандаа морины хойноос хөөж иднэ, холбосон морио бол эцээж байж л давж гардаг. Энэ хоёр, хоёулаа нутгийн унаган адуу юм. 
-Энэ сум руу хээр, хүрэн зүс голчилдог уу?
-Тийм. 
-Таны нэртэй ямар хурдан морьд байв. Яаж давхиж байсан бэ?  
-Хонгор залаа нэртэй хүрэн морь аймгийн наадамд нэг удаа аман хүзүүдсэнээс гадна гурав, дөрвөн айрагтай. Мөн нэг хар морь маань сумын наадамд олон түрүүлсэн. Аймгийн баярт ч дөрөв, наймаар давхиж л байсан. Манай энд их насны адуунд ач холбогдол өгдөг шүү. 
-Хар морь тань хэд хүртлээ уралдсан юм бэ?
-20 хүртлээ уралдсан. Хөөрхий 1999 оны зуданд тэжээж байгаад л үхүүлчихсэн дээ. Хатуухан жил болсон. 
-Та жороо мориор наадаж байв уу?
-Жороо мориор наадаагүй ээ. Цөөн хэдэн жороо морь манай адуунд төрөх нь төрсөн. Гэхдээ би жороо моринд авьяас муутай юм байна лээ. Жороо моринд суудал засахаас эхлээд ажиллагаа ихтэй. Би ч жороо морины тойрогт хэд, хэдэн удаа орсон ч даанч гавиагүй. 
-Хоёулаа таны амжилтыг тооцъё. Аймгийн баяр наадмаас хэдэн айрагтай вэ?
-Аймгийн баяр наадмаас дөрвөн айрагтай. Азарга нэг түрүү, нэг аман хүзүүтэй. Бас саяхан нэг хүрэн морь аман хүзүүдсэн. Хар морь нэг дөрвөлж байсан. Ингээд аймгийн баяр наадмаас нэг түрүү, гурван айрагтай. Сумын наадмаас 10 гаруй түрүү, мөн тооны айрагтай. 
-1996 онд Дэлгэрийн даншиг гэж том наадам танай нутагт болсон. Засгийн газрын тогтоол баруун бүсийн наадамд оролцож байсан уу?
-Миний оролцсон хамгийн том наадам даншиг байгаа юм. Их насны морь наймд ирсэн. Цоохор азарга маань доохно цулбууртай орж ирж л байсан. Гэхдээ арай тав дотор ороогүй. Тэр наадамд 200 гаруй азарга уралдаж Сонгины хар цуутай азарга түрүүлж байлаа. 
-1996 оноос хойш Говь-Алтай аймагт баруун бүсийн хэд, хэдэн уралдаан болсон. Оролцож байв уу?
-Оролцоогүй ээ. Үзэгчээр л очиж байсан. Энэ жил/2016 он/ Бат-Эрдэнийн нэрэмжит наадмыг очиж үзсэн. Морь нь будлиангүй, илүү дутуу эргэлтгүй, хэл үггүй, малын хорогдолгүй сайхан л болж өнгөрсөн. 
-Дэлгэр бол нэлээн эртнээс адуугаа сайжруулсан сумдын нэг. Та үүнд хэр ач холбодогдол өгч адуу малынхаа цусыг нь сайжруулж байгаа вэ? 
-Баруун бүсийн наадамд зүүн зүгийн морьд илүү хурдтай давхидаг. Ер нь ажиглаад байхад сүүлээс нь хөөж түрүүлдэг морьгүй болчихоод байна. Тэгээд гараанаас гарсан нь тасраад л орж ирж байна. Гэхдээ зүүн талын адуу алсуураа нимгэн хөнгөн уяатай. Урдаасаа бол арай илүү юм байна гэж хардаг. Залуус шинэ монгол адуу ч их бий болгож байна. Би шинэ монгол адууг таатай хүлээж авдаггүй. Хурдаар илүү ч зуд даах тэсвэр чадвараар сайнгүй харагддаг. Нутаг адуунаас их том биетэй ч хурдан хөдөлгөөнтэй. Тэгээд уяа нь таарахгүй бол суучихдаг л юм байна лээ. Манай нутагт морь сайхан уядаг залуу олон байна. Миний хувьд  Увсын Тэсээс нэг азарга авчирсан. Нутаг адуунаас их илүүгүй санагдсан. Өөр адуу гаднаас авч байгаагүй. Харин манай хүүхэд залуус урдаас азарга их зөөж тавьсан. Төв аймгийн Сэргэлэн сумын Ононгийн адуунаас өвгөн хонгорын угшилтай нэг азарга авчирсан.  Манайхны адууны цус бол сайн л сэлбэгдсэн гэж боддог. 
-Таны хүүхдүүдээс Хонгорзул гэдэг нь морь уядаг юм байна. Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Найман хүүхэдтэй. Бусад нь морь мал уяхгүй ээ.
-Таны ах, дүүс дунд танаас өөр морь уядаг хүн бий юу?
 -Манай ах ганц, хоёр адуу уядаг л байсан. Хотод амьдардаг Дүгэрдорж гээд дүү бас морь уядаг. Морь ч их унаж байсан хүүхэд л дээ. Манай энэ дүүгийн үед бол манайхны морьд сайн давхиж байсан. Одоо ч амьдрал хөөгөөд морь биш ном сонирхоод явчихсан. 
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн сайхан нь хэдэн оных вэ?
-Наадам болгон сайхан. Гэхдээ морь сайн уралдахгүй бол жаахан сэтгэл дундуур үлдэнэ л дээ. Наадмын нэг өдөр л уяачдын жилийн хөдөлмөр үнэлэгддэг. Морийг уяхад урт удаан хугацаа бэлтгэл хэрэгтэй. Бидний үед эртнээс бэлддэг байсан. Харин одооны залуусыг харахад малаа эдлэхгүй байна. Тэр их харамсалтай. Морио 40 гаруй хоног тэжээлээр  голдуу уяж байна. Түүнээс болж хурдтай адууны хөл нь нэлээн гэмтэж байх шиг байна. Миний үеийн уяачид бол мориныхоо хөл гарыг авч байгаагүй ээ. Морийг зогсоох, хөдөлгөхөөс эхлээд хөлд нь цус хурахаас хамгаалах хэрэгтэй л дээ. 
-Дэлгэр сумын хэмжээнд аль баг, бригад илүү хурдтай байна вэ?
-Манай Гуулин талын адуу арай дээр давхидаг. Усандаа байж магадгүй гэж боддог. Энэ голд уягдсан адуу аймагт очихоороо арай илүү байх шиг. Ламын булаг гээд шавартай ус байдаг юм. Энэ булгаас ус уусан адуу бол эрт үсээ хаядаг, таргалдаг. Бас газар нутгийн өгөөж ч байж болох юм. Гэхдээ доод руугаа бас арай илүү хурдтай байдаг шүү. 
-Завхан голыг хэлээд байна уу?
-Тийм. Манайхны өвөг дээдсийн хурдууд ихэвчлэн энэ зүгт уягдаж байсан. Баянхонгор баг талдаа.
-Энэ нутагт хамгийн сайн тарж хурдалсан хэний, ямар азарганы үр төлүүд байна вэ?
-Банзрагч гэж хүний жаахан хээр  гэж адуу байсан. Энэ морины эцэг нь хайнаг гэж хурд байлаа. Жаахан хээр азарга бол манай нутгийн хурдан хүлэг байсан гэдэг. Жүүжүү Жүгдэр гээч хүний Жаажаа Даржаа гүний ах дүүсийн хурдалж байсан адуу бий. 
-Та ХАА-н тэргүүний ажилтан болсон юм байна. Хэдэн онд энэ шагналыг авсан юм бэ?
-Одоо гурав, дөрвөн жил болж байна. 
-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Баярлалаа. 

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна