Тод манлай уяач Г.Доржпүрэв: Хөвсгөлийг хурдтай болгоё гэж зорьсон, зорилгодоо ч хүрсэн

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 14 -нд

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, Тариалан сумын суугуул Монгол Улсын Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэвийг шинэ дугаарынхаа хойморт урин заллаа. Тэрбээр “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр улс, бүсийн чанартай уралдаанаас 28 айраг, түрүү хүртсэн  амжилтаараа Тод манлай уяач цолны болзол хангасан юм. Шавилхан биетэй, эгэл боргил төрхтэй, даруухан нь дэндсэн түүнтэй ярилцан суухдаа “Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн” хэмээх хэлцийн жинхэнэ утгыг ухаж ойлгов. Боловсролын салбарт 25 жил ажиллахдаа ч, 20-иод жил удирдах ажил эрхлэхдээ ч, газар тариалан, мал аж ахуйн салбар руу хөрвөж, эцэг өвгөдийнхөө малч уламжлалыг сэргээн дархлахдаа ч цаг ямагт хариуцсан ажилдаа эзэн болсоор иржээ. Тиймдээ ч “Доржпүрэвийн хариуцсан ажил муу байна” гэсэн үг ганц ч удаа сонсож байгаагүй ээ” гэж омог бардам өгүүлээ биз ээ. 

МАЛЧ УДМАА МАРТАХГҮЙН ТУЛД “УРАГ ХАС” ГЭДЭГ ТАМГА ХИЙСЭН
-Монголчууд бид хурдан хүлгийнхээ тоосонд сэргэж, хийморьт нь сүсэглэдэг ард түмэн. Энэ утгаараа уяачдын дийлэнхи нь удам дамжсан байдаг. Та ч мөн тэдний адил адуучин өвөг дээдсийн үргэлжлэл. Тиймээс таны нутаг ус, уг гарвалын талаар ярилцлагаа эхэлье?

-Би 1944 оны бичин жил Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тэсийн голын хөвөөнд мэндэлсэн юм. Өвөг дээдэс маань ч бас энэ нутгийн хүмүүс. Би наймдугаар анги төгстөлөө сумандаа амьдарч, хурдан морь унаж байлаа. Харин 1990 оноос хойш Тариалан суманд шилжин суурьшсан. Учир нь хүүхдүүд маань “Алтан дуулга” тариалангийн компанийг хувьчилж аваад аж ахуй болгон өргөжүүлсэн учир тус нэмэр болох санаатай ирсэн юм. Тэр цагаас хойш арваад жил амьдарч, малаа маллаж, эндхийн ард түмэнтэйгээ нэгэнт ижил дасал болжээ. Тиймдээ уралдаан тэмцээнд орохдоо энэ нутгаараа овоглож, цоллуулдаг юм. 
-Хөвсгөл аймгийн баруун талын сумд зундаа сэрүүн салхитай, мал маллахад тохиромжтой цаг агаартай байдаг. Цагаан-Уул сум газар зүй, цаг агаарын хувьд ямар онцлогтой нутаг вэ?
-Хөвсгөл аймагтаа хамгийн өндөрлөг газарт оршдог сумд тооцогддог юм. Газар нутгийн хувьд уудам болохоор жилийн дөрвөн улирлын турш бэлчээр сэлгэж, отор нүүдэл хийхэд тун тохиромжтой. Өвс ургамал, ус хужир гээд өгөөж баян нутаг даа. 
Би сумандаа Засаг дарга, намын даргаар ажиллаж байлаа. Тэр үед Монголын хамгийн олон малтай сум гэгддэг байсан. Дундговийн Эрдэнэдалай, Хөвсгөлийн Цагаан-Уул хоёр л малынхаа тоогоор өрсөлддөг байлаа шүү дээ. Манай сум 200-гаад мянган толгой малтай байсан. Голлох мал аж ахуй нь хонь. Адуу, үхэр ч олонтой. Мал сүргээ таван төрлөөр нь өсгөж үржүүлдэг. Ард түмэн нь ажилч хичээнгүй, малч ажиллагаатай. Манай суманд 30-аад жил удирдах ажил хийж, Хөдөлмөрийн баатар цолны болзол хангасан Аварзэд гэдэг хүн байсан. Зарим хүн Хөдөлмөрийн баатар Аварзэдийн нутаг л гэлцдэг
Нутгийн маань өвөл нь хатуу л даа, цас их орно, шуурна. Цагаандуухан газар шүү дээ. 
-Та эцэг, эхээс олуулаа юу?
-Тийм ээ. Төрсөн нь найм, өргөмөл нэг ахтай. Аав ээж хоёр маань биднийг сургаж хүмүүжүүлэхэд ихэд анхаарсан. Зүтгэсээр байгаад л бүгдийг нь дээд боловсролтой болгосон. 
-Арваад жил хурдан морь унасан гэхээр бие жижигтэй хүүхэд байжээ дээ, та?
-Тийм ээ, би их багаасаа морь унасан. Анх морь унаж байгаад бороонд цохиулаад осгоход уяач маань намайг өвөртөлчихөж. Тэгсэн аав маань “Миний хүү хаана байна вэ, Түдэв ээ” гэж асууж байсан гэдэг. Зургаан настай жаахан хүү өвөрт нь наалдаад нам унтаад өгөхгүй юу. 
-Түдэв гэж уяачийн морийг унадаг байжээ?
-Түдэв гэдэг нь Тэсийн голын хурдан хүлэгтнүүдийн нэг. Их  том биетэй хүн байж билээ. Би эхлээд өөрийнхөө морьдыг унаж байгаад улмаар Түдэв гуайн морийг арваад жил унасан. 
-Ямар, ямар алдартай хүлгийг нь унаж байв?
-Тэсийн голын хурд Түдэв, Ойл, Өндөр Сандаг, Чулуун гэхчилэн айлуудад байсан. Чулуун гуай хурдан хүрэн азаргатай. Тэр хавьдаа л гүйцэгддэггүй. Аймгийн наадамд хол тасархай түрүүлж байсан түүхтэй. Хар азарга ч байлаа. Тэдний адууны угшил тэндээ сайн тархсан. 
Миний хувьд Тэсийн голын хоёр хурдан адууг олон жил унасан. Мөн Ойлын саарал гэж Хотгойддоо хурдан морь байлаа. 
-Цагаан-Уулынхан тэр хавиараа л наадах уу, эсхүл хол явж уралдах уу?
-Эргэн тойрны сумд болон аймагтаа очиж уралдана. Тэсийн голоос аймгийн төв орохын тулд гурав хонож ирдэг байлаа. Би Мөрөнд хоёр удаа ирж уралдаад унасан нас болгоноо түрүүлгэсэн удаатай. Тэр үед Түдэв гуайн уясан морьд их   ч хурдан байсан гэж боддог.
-Анх өөрийн морьдоо унаж эхэлсэн гэсэн. Аав тань морь уядаг байв уу?
-Манай аав ганцхан жил л морь уясан. Мал маллах нарийн арга ухаантайгаас биш морь мал уяхдаа айхтар байгаагүй. Аав маань насаараа нэгдлийн хонь хариулж, улсын Сайн малчин цол хүртсэн хүн. Ах нь тэмээ маллаж, дүү Товуу нь адуу маллаж тус тус Улсын сайн малчин болцгоосон. Гэжээн Товуу, Гэжээн Гордоо, Гэжээн Цэгмид гээд ах дүү гурав Монгол Улсын Сайн малчин цол хүртсэн гэдэг баримт одоо Цагаан-Уул сумын музейд хадгалагдаж байгаа. 
-Гэжээ гэдэг нь ямар утгатай нэр юм бэ?
-Миний өвөөгийн нэр юм. 
-Таныг шинэ тамга гаргасан гэж сонссон?
-Тийм ээ, Гордоо болон Гэжээн гэдэг нэрсийн “г” үсгийг оруулаад “Ураг хас” гэдэг тамга болон уяа гаргасан юм. Өөрөөр хэлбэл, малч удмаа хамгаалан дурсах гэж битүү хас тамгыг өөрөө хийсэн. Гэр бүлийнхээ малч удмыг үргэлжлүүлэх гэж их хувьчлалын үеэр малтай болж өсгөөд, хоёр дахь жилдээ Мянгат малчин, гурав дахь жилдээ Монгол Улсын Сайн малчин цол хүртсэн. 
-Тухайн үед ямар шалгуураар “Сайн малчин” цол олгодог байсан бэ?
-Малаа таван төрлөөр нь өсгөж үржүүлэн, ашиг шимийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Миний хувьд нутгийн шилмэл омгийн адуугаар цус сэлбэж, хурдыг нь нэмэгдүүллээ. Үхрээ Сэлэнгийн махны чиглэлийн цагаан толгойтоор үржүүлж сайжрууллаа. Ноолуурын чиглэлийн ямаа үржүүллээ. Ер нь тэмээнээс бусдыг нь аль болох өндөр ашиг шимтэй мал аж ахуй болгон өсгөж үржүүлсэн.
-Мал тань одоо Тариалан сумандаа байна уу?
-Тийм ээ, Тариаланд байна. Газар тариалан, мал аж ахуйг хослуулан эрхэлж байна. Цаашдаа газар тариалангаа голлон эрхлэх бодолтой. Нутгийнхан маань ч намайг Тариалангийн Доржпүрэв гэдэг болсон шүү дээ. Манай адуу одоо 300 хүрч байна. Хурдны чиглэлийн ганц халиун гүүтэй. Түүнээс дандаа хурдан төл гарч байгаа. 
Сая “Дүнжингаравын хурд”-д уралдуулах гээд цөөн хэдийг нь аваад ирлээ. 
-Уралдаанч хүү явахдаа сумын баяр наадамд хоёр ч даага уяж айрагдуулсан гэж сонссон. Энэ түүхийг эргэн дурсвал?
-Би 1958 онд зургадугаар ангид байсан юм. Түдэв гуайнд морь унаж байхдаа хоёр даагаа уяад, нэгийг нь өөрөө, нөгөөг нь өөр хүүхэд гуйж унуулаад уралдуулж байлаа. Даанч нөгөө хүүхэд маань гарахад нь үсрээд, тэр даага сул айрагдсан. Харин миний унасан хүрэн халзан даага аман хүзүүдсэн. Тэр даагыг том болсон хойно аав маань “Хурдан юм аа, аав нь даанч уяж чадахгүй байна” гэж ярьж байж билээ. Тэгэхэд би оюутан болчихсон, зуны ажил гээд морь уях боломжгүй байсан үе л дээ. 
-Багаасаа л адуу малд эрэмгий байжээ?
-Жижигхэн биетэй болохоор бяр чадал ч гэж юу байх вэ дээ. Гэхдээ ямар ч морь булгихад унахгүй л болчихсон. Бас унага уургалах, номхон морио хээр солих зэрэг асуудалд хүн гуйгаад байхааргүй л болчихсон юм. Манай ахынх олон ч адуутай. Гүүгээ барих, адуугаа хураах, айраг исгэх зэрэг бүхий л ажилд нь би тусалдаг байсан. 
-Хожмоо 2009 оны “Очирваанийн хурд”-д бас гурван даага айрагдуулсан, тийм ээ?
-Багаасаа даага унаж, харьцаж байсан болохоор надад ээлтэй юм шиг санагддаг. Бүсийн наадмаас дааган насанд нэг түрүү, найман айраг бий.
Надад нэг эрлийз хурдан хонгор даага байсан юм. Дааганаасаа л алтан медалиас мултарч үзээгүй. Нас нийлснээс нь хойш эрлийз гээд уралдуулахаа больчихсон. Би ч уралдуулаагүй. Одоо сайхан хонгор азарга бий. Ер нь даагыг эвтэйхэн уяад цагаашруулчихвал дорхноо хурд ордог. Тэгээд хүүхэд даагандаа, даага нь ч хүүхдэдээ  дасаад дуртай болчихдог юм. 
-Таныг Тэсийн голын адуу хурдан гэдгийг батлахад чухал үүрэг гүйцэтгэдэг уяачдын нэг гэдэг юм билээ?
-Архангайн “Тамирын хурд”-д хүүхдүүдтэйгээ хамт очиж оролцоод “Хөвсгөлийн хурдан адуу гэж яригдах хүртэл хурдтай болох хэрэгтэй юм байна” гэж бодсон юм. Өөрөөр хэлбэл, шинэ цагийн хурд бий болгох хэрэгтэй гэсэн бодол төрсөн. Тиймээс нэлээд хөрөнгө зарж, морь руу орсон. Даваахүү гуайн хонгор азарга, Хэнтий аймгийн Дархан сумаас цавьдар азарга авлаа. Дархан цавьдар гэдэг. Үнэхээр хурдан хүлэг байсан. Мөн Галшарын хурд гэдэг нэрээр олон ч азарга авсан. Сайхан хул халзан азарга аваачлаа. Бас сайхан хүрэн халзан, бор үрээ хоёр аваачсан. Хүрэн халзан нь үнэхээр хурдан байсан. Насанд ганц заяах хурдан хүлэг байсан гэж боддог.
-Хэний адуу юм бэ?
-Бүлтэн халзан маань Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Энхсүхийн адуу. Тэдний адуунаас олон ч үрээ авснаас хүрэн халзан  маань онцгой хурдалсан юм. Хязааландаа гэхэд л гурван наадам дамжуулж байж хурдтайг мэдсэн. Рашаант сумын 70 жилийн ойд хол түрүүлгэж, санаа амарч байлаа. 
-Гурван наадам дамжуулж байжээ... Уяа нь ханахгүй байсан гэсэн үг үү?
-Тийм. Сумын баяр наадамд наймаар ирээд, Архангайн 70 жилийн ойн баярын уралдаанд усаар гарахгүй зогсож байгаад 12-т орсон. Дараа нь Хөвсгөл аймгийн Төмөрбулагт аваачиж уралдуулахад жинхэнэ хурд тодорч, бариа руу 60 миллийн хурдтай ганцаараа тасарч орж ирсэн. 
-Соёолондоо яаж давхисан юм бол?
-Соёолондоо аймгийн наадамд хол түрүүлсэн. 
-Улс, бүсийн чанартай уралдаануудад уралдуулаагүй юм уу?
-“Дүнжингаравын хурд”-д мордоод зургаалж, хавчиг азарга улсын наадамд 12-оор давхисан. Дараа нь Эрдэнэмандалын наадамд айргийн тавд давхисан. Нас нийлсэн жил нь Архангайн Тоглохын талд “Тамирын хурд-3” уралдаан болсон. Тэнд Цандэлэгийн Соёмбо хүрэн азарга руу хоёр удаа дайраад гүйцэлгүй аман хүзүүдсэн. “Хотгойдын хурд”-д айргийн гурваар хурдалсан. Гарахдаа хамгийн сүүлд гараад, жаахан хоцорчихсон юм. Уг нь түрүүлэх байх гэж бодож байсан шүү. Түүний хойтон жил Заамарт аваачиж уралдуулсан ч уяаг нь буруудуулсан юм байлгүй, өвчин тусчихсан юм. 
-Юун дээр алдчихсан юм бол оо?
-Их олон юм нөлөөлсөөн. Том наадмаас айраг, түрүү хүртчих санаатай хэтэрхий их тэжээж таргадуулчихсан юм шиг байна лээ. Сүү, тэжээл их хэмжээгээр өгөөд байсан хэрнээ ажлыг нь багадуулчихсан л даа. Их ч халуун байсныг хэлэх үү, хол газар ачиж яваад гэдсэндээ хийтэй байхад нь хийг нь гаргалгүй уралдуулаад буруудсан гэж боддог.
-Хүрэн халзан азарганы төлүүд үлдсэн биз дээ. Төлүүд нь хэр давхиж байна?
-Уядаг азарганы төл гэж байдаггүй юм байна. Ганцхан эр төлтэй л үлдсэн. Түүгээрээ азарга тавьсан. Хөлийг нь эвгүйтүүлээд ерөөсөө уяхгүй байгаа. Их хурдан адуу л даа. Даанч дааганд нь хөлийг нь гэмтээчихсэн юм. Түүний төл нэг үрээ бий. Одоо хязаалан уяад л байна. 
Хүрэн азарганы угшлын бас нэг үрээ ноднингийн “Хангарьд”-д 12-оор давхисан. 
-Энхсүх ах халзан үрээгээ танд өгөхдөө удам угшлыг нь нарийн тайлбарласан л байлгүй? 
-Тэднийх улаан, хонгор хоёр унаган азаргатай. Халзан үрээг би хоёр дахь “Их хурд”-д аман хүзүүдсэн хонгор азарганых нь угшил юм болов уу л гэж бодсон. Учир нь, хонгор азарганы төл юм уу гэлтэй хул байдас бас өгсөн юм. Түүнээс хурдан төлүүд гараад байгаа. 
-Хонгор азарганыхаа амжилтаас сонирхуулаач?
-Монгол Улсын наадамд хоёр удаа 10-аас урагш давхисан шүү.
-Даваахүү гуайн хүрэн азарганы төл хонгор азаргыг авсан гэж ярилаа. Тэр хонгор азарга яаж давхисан бэ?
-Данзанням гуайн хүрэн азарганы төл Зул хонгор хэмээх азаргыг хавчигт нь авсан юм. Энэ хонгор азарга хоёр ч бүсийн уралдаан болон аймгийн баяр наадамд нийтдээ есөн удаа түрүүлсэн. Мөн Төвийн бүсийн наадам Тариалан суманд анх болоход арваад аймгийн хурдан хурц азаргануудтай уралдаж түрүүлж байлаа. 
-Хонгор азарганы төлүүд бас хурдан хурц төрж байна уу?
-Тэгэлгүй яах вэ, ер нь хонгор, цавьдар, халзан азарганы угшил л манай адуунд зонхилж байна.  Надад бас Тэсийн голын хүрэн халзан азарга байсан. Түүний угшил ч бас байна. 
-Та ер нь азарга сайн цуглуулсан хүн юм аа даа?
-Би азарга ч цуглуулсан, гүү ч цуглуулсан. Гэхдээ гүүг яг баталгаатай хурдан угшилтай гэж хэлж чаддаггүй юм. Яах вэ, ганц, хоёр гүүг бол сайн гэдгийг нь мэдрээд л авсан.
БИ ХУДАЛДАА АРИЛЖАА ХИЙХДЭЭ МАРУУХАН ХҮН
-“Тэсийн голын унага  нь
Тэнцүү  дөрвөн  мөчиндөө 
Тэлмэн  жороо  явдалтай
Тэнэгэр  сайхан  биендээ
Тэгш  дүүрэн тэнхээтэй
Түмэн үедээ удамшсан
Төрмөл  унаган  хурдтай” гэж шүлэг найрагт хүртэл өгүүлдэг. Ер нь Тэсийн голын адуу хэлбэр хийцийн хувьд ямар онцлогтой байдаг вэ?

-Дээхнэ үед бол том биетэй адуунууд байсан. Гэвч нэг их том биетэй адуу хурдалж байгаагүй ээ. 
Намайг ид морь уяж байхад ёстой л зассан шагай шиг дөв дөрвөлжин хүлгүүд уяан дээр дүүхэлздэг байлаа. Батчулууны хэлдгээр бол “Хайрцаг нь тэнцчихсэн”. Жишээлбэл, Ойлын саарал гэж уралдсан газар бүртээ түрүүлдэг сайхан хүлэг байлаа. Намхан, жижигхэн биетэй адуу байсан юм. Гэвч гарахдаа үүдэн хоймрын хэртэй хол харайна. Харайгаад түүний өмнө гарах морь байхгүй дээ.
Мөн миний унадаг буурал морь байлаа. Саарал морийг гарахад би заавал үлдэж гардаг. Тэр ухасхийгээд л тээр тэнд гараад явчихдаг байсан юм. 
-Та Тэсийн голоосоо гүү олныг цуглуулсан уу?
-Би Тэсийн голын угшилтай халиун гүүтэй байсан юм. Халиун гүүнээс халиун унага гарсан нь их хурдан байсан. Эцгийг нь даанч мэдэхгүй. Ер нь тэр халиун гүүнээс гарсан эр бүхэн нь хурдалсан даа. Ноднин гэхэд л Баянчандманьд халиун азарга түрүүлгэлээ. Хонгор халзан үрээ Хотгойдын наадамд их хол ирсэн ч би өмнөх өдөр нь хөлслөхгүй, зооны барианд оруулаад суулгачихсан. Бүсийн наадамд уралдахад зарлуулахгүй байна гэж байдаггүй ч арай л дутаад байдаг юм. 
-Би таныг нутгийн унаган гүү олонтой байх гэж боддог байлаа?
-Бий, бий. Тэсийн голоос авсан хэд хэдэн гүү бий. Тэдний төлүүд үнэхээр хурдан. Надад олон ч айраг, түрүү авчирсан. Миний хувьд 28  айраг,  түрүүгээр Тод манлай уяач цол хүртлээ. Тэрэн дотор Тэсийн голын угшилтай хоёр ч морины амжилт багтсан. Нэг нь Завхан аймгийн Тэлмэн сумын наадамд айрагдсан Зул хонгор даага. Шүдлэндээ мөн Хотгойдод түрүүлж, хязааландаа Архангайд түрүүлсэн. Түүний дараачийн төлийг Хэнтий рүү гаргасан. Тэнд бас түрүүлээд л байгаа. Дараачийнх нь ноднин “Хангарьдын хурд”-д дөрвөөр давхисан хүрэн азарга бий. 
Тэсийн голын гүүнээс гарсан эр унага бүхэн л хурдалдаг. Тэдний дундаас дархлагдсан нь халиун гүү юм. Би түүнийг аав ээж, ах дүүсийн минь буян гэж боддог доо.
-Хөвсгөл аймгийн адууны хурдлах чадварыг дээшлүүлэх, чанаржуулах ажилд орон нутгаас идэвхи зүтгэл гаргасан анхдагчдын нэг нь та. Зорилгодоо хүрэх анхны алхмаа хэзээ, хэрхэн тавьж байв?
-Даваахүү гуайн хонгор, Хэнтийн Галшарын цавьдар азарга тэргүүтэй Монголын шилмэл омгийн адуу аваачиж үржүүлээд уралдуулсан. Уяа сойлгын хувьд алдаа дутагдал байсан л байх. Эхэндээ хэцүү байсан шүү. Азарга сайн уявал улсын наадамд 10-ын дотор хурдлах л юм билээ. Төлүүдийг нь уяхад улсын наадамд 20 дотор л хурдалж байсан. Ингээд бид өөр арга зам бодож эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, араб азарга авч ирсэн. Аз болоход миний араб хээр азарга төл сайтай. Өөрөө жижиг биетэй болоод ч тэр үү, төлүүд нь ч жижиг гарцгаасан. Тодруулбал, холын уралдаанд их зохицдог юм. Хүмүүс “Таны уясан эрлийзүүд суухгүй давхиад байх юм. Миний арабын төл суугаад байх юм. Ямар учир байна” гэж асуудаг. Би нарийн ширийн учрыг нь даанч мэдэхгүй. Ямартаа  ч хоёр, гурав дахь үеийн төлүүд нь гарч ирээд сайхан хурдлаад л байна. 
-Та хоёр, гурав дахь үеэс нь монгол тал руу нь татаад байгаа юм аа даа?
-Тийм ээ. 
-Хурдлах чадвар нь хадгалагдаж чадаж байна уу?
-Чадаж байна. 25 хувийн цустай хөөрхөн үрээ, азарганууд надад бий. Сайн хурдалж байна. Хошуу нь шөмбөгөр, чих нь соотгор болохоор 25-тайг эрлийз гээд хасаад байгаа. Уг нь буруу л санагддаг юм. Магадгүй “Доржпүрэв ахад арабын эрлийзүүд бий” гээд л автоматаар хасчихаад байх шиг санагддаг юм. 
-Унаган тамгыг нь харж байгаад хасчихдаг ч гэдэг?
-Яг тийм, “Ураг хас” тамгыг нь хараад л хасчихдаг тал бий. Нөгөөтэйгүүр хүүхдийг нь хараад л хасчихна. Миний уралдаанч хүүхдүүд тэмээнээс тэмдэгтэй хөөрхөн жижигхэн биетэй нөхөд байдаг юм.
-Улсын наадамд аман хүзүүдсэн Таван цагаан араб азарганы чинь төл үү?
-Тийм.  
-Эх нь ямар гүү вэ?
-Оросоос орж ирсэн гүүг хүнээс авсан юм.
-Тэгвэл бараг цэвэр адуу биш үү?
-Цэвэр болж чадахгүй. Эцэг нь монголжуу. Гэхдээ би түүнийг хойноос орж ирсэн адуу гэж ойлгосон. Том биетэй. Эх нь бол оросын л эрлийз адуу. 
-Оросоос ирсэн гээд байгаа эрлийз гүүнээс гарсан төлүүдээс Таван цагаанаас өөр ямар адуунууд сайн давхиж байна вэ?
-Нэг эр бий, хөл нь муудсан. Уг нь хурдан хүлэг. 
-Толбот хүрэний эцэг нь бас эрлийз азарга уу?
-Эх нь Энхсүхээс авсан хул гүү. Эрлийздүү маягийн хул гүү байдаг юм. Сүүл нь тоожин. Гэхдээ эрлийз биш. Харин эцэг нь монгол азарга. 
-Толбот хүрэн эрлийз гэгдээд  хэд хэдэн удаа хасагдсан. Хожим та ч эрлийзэд уралдуулаад байсан санагдах юм?
-Уг нь монголд л уралдуулдаг юм. Даанч хасаад байдаг болохоор нь уралдуулахаа больсон. 
-Эрдэнэтийн хаврын бүсийн уралдаанд эрлийзэд уралдуулсан санагдаж байна?
-Улсын наадамд хасаад байхаар нь аргагүйдээд буцах замдаа Эрдэнэтийн бүсийн уралдаанд эрлийзэд уралдуулсан юм. Хүмүүс  “Энэ адуу эрлийз байхдаа яадаг юм бэ?” гэлцээд л байсан. Тэгэхэд арван хэдээр л давхисан. Гэхдээ л би эрлийз гэж боддоггүй юм. Сүүл нь жаахан шингэн. Чих, толгой нь ч арабын гэх хэлбэр хийц огт байхгүй. Их л гоё ганган адуу л даа. Хязааландаа улсын наадамд түрүүлээд, дараа нь “Дүнжингаравын хурд”-д  түрүүлэхэд эрлийз гээд хасчихсан юм. 
-2012 онд хязааландаа аймгийн баяр наадмаас хасагдчихсан гэсэн үг үү?
-2011 оны наадамд шүдлэнд нь хасчихсан юм. Түүнээс болоод “Доржпүрэв гуайн хязаалан үрээнүүд бүгд эрлийз” гэсэн яриа хүртэл гарсан. “Дүнжингаравын хурд”-д ч бас тэр ярианаас улбаалж л хассан байх. Хойтон жил нь соёолонд нь хурдан морины комиссынхон монгол үрээ гэж хүлээн зөвшөөрөөд уралдуулсан. 
-Одоо төлүүд нь хурдалж байна уу?
-Төл нь шүдлэн үрээ, даага байна. Уях л байх.
-2009 оны “Очирваанийн хурд” уралдаанд хоёр даага айрагдуулж, Засгийн газрын тогтоолтой наадмын анхны айргаа хүртсэн. 2012 онд төрийн наадмын анхны түрүү хүртсэн. Энэ хоёр наадам статусын хувьд ижил ч уяачийн сэтгэл зүйд төрөх мэдрэмжийн хувьд огт өөр байдаг болов уу?
-Төрийн наадмын хишиг хүртээд баярлаад гүйгээд орох гэсэн цагдаа нарт зандруулаад, нохойд ч хазуулангаа алдаад, хачин л юм болж байлаа шүү дээ. Урдаас нохой тавиад оруулдаггүй юм билээ. Цагдаа нар нь намайг танихгүй болохоор арга ч үгүй биз дээ. Би ч түрүүлнэ чинээ санаагүй явсан болохоор бөөн баяр болсон. Их сонин мэдрэмж  төрдөг юм билээ. Даанч цагдаа, нохой хоёртой нь ноцолдоод, арайхийж мориндоо хүрсэн. Яах вэ, наадмын дараа цагдаа нар надаас уучлалт гуйсан л даа. Гэвч “Төрийн наадамд нохойгоор яадаг байна аа”  л гэж бодогдсон шүү.
-Тэр жил Толбот хүрэн түрүүлж, Таван цагаан айрагдсан. Юм гэдэг бас их сонин шүү. Сүүлийн жилүүдэд Хөвсгөлөөс нэг л адуу айрагдвал заавал хоёр дахь нь айрагддаг.  Хурдан хүлэг бүр нь л булган сүүлтэй нутаг юм даа?
-Би Хөвсгөлийнхөнд “Та нар мөн сайхан явж байна аа. Морь чинь хурдан байна даа” гэхээр “Та яваад байхад бид явна шүү дээ” гэдэг юм. Цэрэнбат энэ жил Улсын Алдарт уяач боллоо. Түүнд “Чи минь их үзэж, их ч хөрөнгө зарж байна даа. Үр дүн нь гарах байх даа” гэхээр “Та ингээд яваад байгаа юм чинь би явахаас өөр арга алга” л гэдэг байсан юм.
-Таны хувьд Тод манлай уяач цолыг өөрийн бий болгосон адуугаар авсан гэж ойлгоод байгаа, зөв үү?
-Зөв зөв. Би өөрийнхөө унаган адуугаар наадаж яваа хүн. Миний халзан азарга “Тамирын хурд”-д аман хүзүүдэж, “Хотгойдын хурд”-д гуравласан. Мөн Даваахүү гуайгаас авсан хонгор азарганы төл даага, шүдлэн, хязаалан байна. Их насанд хараахан хүрээгүй байна. Их насны ганцхан морь л гарсан. Тэр нь манай бүсээс 500 морь уралдахад түрүүлж байлаа.
-Гиннесийн уралдаанд таны морь зургаалсан биз дээ?
-Цог л “Танай хул морь түрүүлсэн шүү дээ, 30 хэдээр ирлээ. Танай тэндээс хул морь л ирлээ” гэж ярьсан. 
-Та бол Хөвсгөл нутгаас төрсөн анхны Тод манлай . Цолны зарлигаа унших үед юу бодогдож байв?
-Үүнээс өмнө Засгийн газрын ордонд Ерөнхийлөгчийн зарлигийг хэд хэдэн удаа уншуулж байлаа. Бараг таван удаа уншуулсан. Харин Тод манлай болохоосоо олон хоногийн өмнө хүнд байдалд орсон. 
-Юу таныг  хүнд байдалд оруулаа вэ?
-Баярласнаасаа болоод шоконд орчихгүй юу. /инээв/Гэртээ байж байтал гэнэтхэн “Сүлд” телевизийнхэн гээд баахан хүмүүс ороод ирсэн. Тэд “Та Тод манлай уяач болж байгаа юм байна. Бидэнд ярилцлага өгөөч” гэнэ. Тэр үгийг сонсоод баярлаад л, ёстой толгой өөд татах завгүй ажлууд эхэлсэн дээ. П.Сэргэлэн надад “Ах дүү нартаа дуулгаж, малгай, хувцсаа бэлдээрэй” гэж утасдаж хэлсэн юм. Гэхдээ наана нь хоёр, гурван ч даваа байлаа. Тухайлбал, баяр наадмын комисс улсын баярын амжилтыг хараад хасчихдаг. Олон ч хүн тэгж хасагдаж байлаа. Гэхдээ надад хасагдах шалтгаан бараг л байхгүй болохоор тайвшраад урилгаа тараасан. Би ер нь цагаан сараар нэгдсэн шинэлгээ хийдэг юм. Манай талын 200-гаад хүн цуглана. Тэгээд нэлээн өргөн хүрээтэй цуглуулах ажил хийчихээд байдаг. Хүн бүр л баяр хөөр болоод “Очно” гэж яриад болдоггүй. Гэвч шийд нь гарч өгдөггүй. Тэгээд цагаан сар дөхүүлээд бараг битүүний өмнөх өдөр л шийдвэр нь гарсан. 
Ерөнхийлөгчийн зарлигийг сонсох сайхан л даа. Гэхдээ Тод манлай гэхээр “Би юу болчихов оо” гэж бодогдож байсан. Хамгийн түрүүнд нутгийн уул ус, аав ээж бодогддог юм билээ. “Миний аав, ээж амьд сэрүүн байсан бол ингэж л хэлэх байсан даа” гэсэн бодол төрж байсан даа.
-Ээж, аав нь юу гэж хэлэх байсан бол?
-Ээж биднийг нэг их магтдаггүй хүн л дээ. Тэгээд ч тэр үү, “Миний хүү янзын юм аа, үнэн байгаа даа” гэж хэлэх байсан байх. Харин аав “Би чамайг улсын Алдарт уяач цол хүртээд л болчихлоо гэж бодсон юм. Сонин юм аа” гэх байсан болов уу. Учир нь, би Монгол Улсын сайн малчин, Улсын Алдарт уяач цолыг хүртээд “За, би ч одоо болсон доо” гэж бодож байлаа. Магадгүй тэр л аавын бодох бодол байсан байх. 
Өмнөхөн нь шинэ жилээр Хөвсгөлийн уяачид надад хүндэтгэл үзүүлсэн юм. Сэлэнгэ голын “Баатар ван” амралтын газарт цугларсан. Сайд ч очсон. Тэр үеэр залуус маань “Та Хөвсгөлийн анхны Манлай уяач цолтон болсон. Хөвсгөлийн адууны хурдыг тараасан. Биднийг урагшлахад та л жигүүр болж байна” гэцгээж байлаа. Тэндээс үүссэн баяр баясгалан Тод манлай цол руу айхтар түлхчихсэн шүү. Өөрөөр хэлбэл, хөөрүү сэтгэлтэй олон хоносон. Даралтны эм уугаад л яваад байлаа. Тэгтэл бас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, баяр дээр баяр нэмсэн. Тэгээд л саарал ордонд орж алхах шив дээ. 
-“Зорь, зүтгэ, хөдөлмөрлө” гэдэг зарчмын бодит биелэл нь та юм. Өөрөөр хэлбэл, хүн зорилготой болоод түүнийхээ төлөө тууштай зүтгэвэл заавал үр дүн гардагийг өөрийн биеэр үлгэрлэн харуулжээ?
-Би ч бас үүнтэй санал нийлж байна. Хөвсгөлийг хурдтай болгоё, улс, бүсийн уралдаанд айрагдаж, түрүүлдэг морьдтой болгоё гэж бодоод л зүтгэсэн. Их ч хөрөнгө мөнгө зарлаа. Түүний үр дүн ч гарлаа. Би ч нэг зоривол тууштай зүтгэдэг хүн. Аав нь тууштай зүтгээд байхаар хүүхдүүд ч их дэмжих юм. Ингээд л хамтын хүчээр амжилтанд хүрлээ дээ. Бие гайгүй байвал надад өөр хийх ажил байгаа биш морь уядгаараа л уяна, адуугаа сайжруулдагаараа л сайжруулна. Үнэндээ төрийн цол надад амрах зав өгөөгүй. Учир нь, улам их амжилт гаргаарай л гэж төр хишгээ хүртээж байгаа юм шүү дээ. Надад төрийнхөө хайр хүндэтгэлийг дааж ажиллах нөөц хүч бий гэж бодож байна.
Гэхдээ айхтар үнэтэй биш ээ.
-Худалдаж авсан адуунаас тань хамгийн үнэтэй нь хэдэн төгрөг хүрч байв?
-25 сая. Гэхдээ айхтар үнэтэй биш ээ. Дээр үед  арабыг л үнэтэй авч байлаа. Хожим Сүхбаатар аймгаас нэг халиун азарга авсан. Түүнийг бараг 30-аад сая төгрөгөөр авсан байх шүү. Хүүхдүүд маань авч өгсөн юм. Халиун азаргыг улсын баяр наадамд уралдуулахад 10-т баригдсан.
-Таны хувьд өөрийн адуунуудаар амжилттай сайхан наадаад зогсохгүй, хурдныхаа буянгаар олон уяачийг баярлуулсан. Хүнд очсон адуу торгон жолоо өргүүлэхэд өөрийн адуу айрагдсанаас дутахааргүй л огшдог байх даа?
-Тэгэлгүй яах вэ, ганцхан жишээ дурдахад 2011 онд Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд манай адууны угшилтай дөрвөн азарга торгон жолоо өргүүлж байлаа. Ерөнхийдөө Хөвсгөл, Булган аймагт миний адууны хурд нэлээд тархсан. Тэдгээрээс Булганы Ганболдын хул үрээ, Тариалан сумын малчин Найдансүрэн, Чогдов нарын хээр азарганууд сайхан хурдлав. 
-Одоо ч таны адууны угшлаар цус сэлбэх сэн гэсэн хүмүүс нэлээд өндөр ханш хэлдэг болоо биз?
-Би заръя гэж боддоггүй юм аа. Хоёр ч хүүтэй болохоор хайрлаад байдаг юм. Хөвгүүд маань ч заръя гэдэггүй юм. Нөгөөтэйгүүр, би худалдаа арилжаа хийхдээ маруухан хүн..
ЗӨВ ҮГ ХҮНИЙГ САЙН САЙХАН РУУ Л ХӨТӨЛДӨГ
-Төрж өссөн нутаг төдийгүй амьдран суугаа газартаа амжилттай сайхан наадаж, түмэн олноо баясгана гэдэг уяач хүний нэгэн насны бахархал биз ээ. Та Тариалан сумынхаа нэрийг орон даяар дуурсгасан хүн. Ингэхэд Тариалан сумандаа наадсан он жилүүдээс хамгийн их баяр бахдал төрүүлсэн нь хэдэн оны ямар наадам байв?

-Хээр азарга маань Тариалан сумын баяр наадмаар түрүүлсэн тэр наадам сайхан санагддаг. Өмнөх жил нь есөн ч удаа түрүү хүртчихсэн хүлэг шүү дээ. 
-Таны нэр дээр уралдсан юм уу?
-Үгүй ээ, би Дархан цавьдрынхаа төл болох хээр үрээг нэг залууд өгсөн юм. Тэр маань азаргандаа нэг жил есөн түрүү хүртсэн. Би ч түүнийг их урамшуулж, дэмждэг юм. Тиймээс ч “Азаргыг уяхдаа чам шиг уяж байгаа хүн Монголд бараг байхгүй байх аа” гэж хүртэл магтаж байлаа.
-Хүнийг чадаж байгаа зүйл дээр нь магтаж, урамшуулж л баймаар санагддаг юм?
-Би боловсролын салбарт насаараа ажилласан. Тийм болохоор “Энэ хүнд ямар сайн чанар байна вэ, түүнийг нь онцолж ярих ёстой. Тэгж байж л тэр хүнийг хөгжүүлдэг” гэдгийг сайн мэднэ. Нөгөөтэйгүүр, ганц алдаа гаргахаар нь л загнаж зандраад байвал урам нь хугарчихдаг. Тэр дундаа залуу хүнд муу үг их хатуу тусдаг. Харин зөв үг хүнийг сайн зам руу л хөтөлдөг. Урмын үг сонссон хүн чадахаасаа чадахгүй хүртлээ л зүтгэдэг. Энэ бүхнийг сайн ойлгосны дүнд уяачид, адуучид болон уралдаанч хүүхдүүдтэйгээ ажиллах арга барилаа ч олж авсан гэж боддог. 
Би өөрөө зорилготой, түүнийхээ төлөө тууштай зүтгэж байна. Хажуудаа байгаа хүмүүсийнхээ арга эвийг олоод ажиллуулж чадаж байгаа учраас тэд маань намайг дэмждэг. Ингэж л бид хамтдаа амжилтыг бүтээж явна шүү дээ.
-Хөдөөгүүр явж байхад “Тэжээлийн учир ухааныг олохгүй юм” гэсэн олон хүнтэй таардаг. Харин таны хувьд нэлээд эрт тэжээж эхэлсэн болов уу?
-Тийм ээ, тэжээлийн хувьд ямар ч асуудалгүй.Гэхдээ бас их учиртай. Тэжээж эхлэх цаг хугацаа, тэжээлийн төрөл, хэмжээ адуу болгонд ялгаатай. 
Миний хувьд байгалийн өвсийг нь идүүлэхийн зэрэгцээ хивэг, овъёосоор тэжээдэг. Малчид уг нь аравдугаар сард л өтөгтөө буудаг даа. Тэр үеэсээ тэжээх хэрэгтэй. Ингээд гурван сар тэжээчихээр адуу их омголон болчихдог юм. 
-Өвөлдөө адуун дээрээ очдог уу?
-Очилгүй яах вэ. Очихгүй бол буруудна. Өөрөө Улаанбаатарт дулаан байранд хэвтчихээд “Тэнд адуу тэжээх ажил сайхан явагдаж байгаа” гэж бодох хэцүү шүү дээ. Гэхдээ одоо ч техник технологи хөгжөөд сайхан болжээ. Байнга л утсаар ярина. Адуучид маань зургийг нь аваад л явуулчихаж байна. 
-Та ер нь морь уяхдаа юуг онцолдог вэ?
-Нас болгон өөр. Даагыг маш сайхан таргалуулах хэрэгтэй. Хавар уяад зугуухан зөөлөн ажил хийж эхэлбэл сайн давхина. Шүдлэн, хязаалан ч ялгаагүй. Сайхан тарган байхад нь хавар сайн ажил хийгээд зун уявал сайн хурдална. Хоёроос гурван наадам дамжаад ч явчихаж байгаа юм. 
Харин их насны морин дээр янз бүрийн юм ярьж чадахгүй. Азарга бол намар усанд оруулж, хүчийг нь жаахан бууруулаад унах хэрэгтэй. Дал нь буураад, туранхайдуу маягтай унаган махандаа ойртоод ирэхээр нь тэжээвэл сайхан болно. Гэхдээ тэжээх хоорондоо маш их ажил хийх хэрэгтэй. Өвөл сайхан уяад гаргачихсан азарга зун сайхан давхина шүү дээ. 
-Та жилд хэр олон уралдуулдаг вэ?
-Адуугаа байнгын дасгал сургуулилттай байлгадаг ч олон уралдаан дамжуулдаггүй. Өөрөөр хэлбэл, зорьсон уралдаандаа л сайн бэлтгэнэ, өмнө нь сунгана. Түүнээс биш ийш тийш нь ачаад яваад байдаггүй. Тэр ч байтугай хүнтэй ч нэг их нийлдэггүй. 
Уг нь яагаа ч үгүй эрт барьж уяад, унаад, тураагаад, анхны цас орсноос хойш унаж эвтэйхэн янзалж байгаад гурван сар тэжээчихвэл хурдан азарга гүйцэгдэхгүй л дээ.
-Азаргаа тэжээхдээ адууг нь яадаг вэ?
-Намар эрт есдүгээр сарын 20-доор гүүнээс нь салгаж, тусад нь авч тэжээгээд, унаж эдэлнэ. Азарган үрээнүүд нь л жаахан асуудалтай байдаг юм. Гэхдээ адуучнаасаа их шалтгаална аа.
-Уяачид хурдан хүлгийнхээ хурд шандсаар түмэн олноо баясгахаас гадна цөөнгүй хүнийг ажлын байраар хангаж, улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулдаг. Жишээлбэл, та хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Газар тариаланд ажиллаж  байхдаа малчидтайгаа нийлээд 100 гаруй хүнийг жилийн дөрвөн улирлын турш ажлын байраар хангадаг байлаа. Тэтгэвэрт гарснаасаа хойш газар тариалангийн ажилд оролцохоо больсон. Техникийн шинэчлэл хийчихсэн болохоор хүн хүчээ цөөлсөн. Байгаль дэлхий нь ивээгээд 2-3 удаа сайхан будаа авчихдаг байлаа. Энэ амжилтаараа 2-3 ч удаа Улсын тэргүүний тариаланч цол тэмдгээр шагнууллаа. Хамгийн гол нь, аав ээж, ах дүү нарынхаа буянд муу юм хийгээгүй. Хүн гомдоосонгүй. Олон ч газар янз бүрийн л ажил эрхэлж байлаа. “Доржпүрэвийн хариуцсан ажил муу байна” гэж хэлэгдсэн удаа үгүй. 
-Энэ сайхан уйгагүй хөдөлмөрч занг хүүхдүүд тань өвлөсөн л байлгүй?
-Ах нь хоёр хүү, хоёр охинтой. Тэд завгүй, ажил ихтэй л гэж ярих юм. Ер нь дөрвүүлээ л адуунд дуртай. Охид маань морь уя гэвэл ч уях л байх шүү. 
-Уясан морь нь олон сайхан хурдан хүлгийг магнайлан ирэх мөч бүрт л уяач болсныхоо баяр бахдлыг мэдэрдэг байх. Морь уях төрийн хэрэгт шимтсэн малч удам, өөрийн бүтээж буй үүх түүхээрээ хэзээ хамгийн их омогшиж байв?
-Ерөнхийлөгчийн зарлиг унших тэр агшинд омогшил төрдөг юм билээ. Би 20-иод жил морь уялаа. Хамгийн баярламаар нь намайг таньдаг, дэмждэг хүмүүс надад байнга урмын үг хэлдэг. Мөн наадамд явахын өмнө энд тэндээс утасдаж сонин сайхан зүйлс ярина. Энэ бүхнээс сайхан сэтгэгдэл, эрч хүч авч, сайхан дурсамжийг бүтээж байдаг даа. 
Өнгөрсөн жил “Хангарьд”-д хоёр азарга айрагдлаа. Морь түрүүлээд ирэхэд барагтай л бол самсаа шархирдаггүй. Тэгтэл тэнд хүрэн азаргаа дөрвөөр ороод ирэхэд жаахан эвгүй болсон шүү. “Хэдэн хүүхдийнхээ буянд би ч арай даварч байна уу” гэх маягийн бодогдож, сурвалжлагчид ч хэлсэн. Бас Архангайд гурван даага айрагдахад баярласнаасаа болоод машинаасаа бууж чадаагүй. 
-Мөн та 2013 онд хамгийн сайн наадаж нэг түрүү, дөрвөн айраг хүртэж байжээ?
-Тийм ээ, сайхан наадсан. Адууны буян даа. 
Ер нь хүнд хоёр мэргэжил заяадаг юм байна. Тодруулбал, би их сургууль төгссөн мэргэжлээрээ 20 гаруй жил явсан. Огт мэдэхгүй ажлаа буюу удирдах ажил олон жил хийсэн. Эцэст нь, газар тариалан руу орж, гурил, тэжээл хийж Хөвсгөл түмнийхээ хүнсийг хангалаа. Түүгээр ч зогсохгүй, мал аж ахуй руу орж, малаа таван төрлөөр нь өсгөж үржүүллээ. Одоо надад хурдан адуу, махны чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн үнээ, ноолуур сайтай ямаа гээд цөм байна. Түмэн олон маань надад урам хайрлаж, тусалж дэмжсэний хүчинд л энэ бүхнийг цогцлоон бүтээж чадсан юм шүү дээ. 
-Тийм шүү. Цаашид түмнийхээ хайр хүндэтгэлийг олон жил хүртэж, сайхан сэтгэлийнх нь гэгээгээр замчлуулан, ажил амьдралдаа улам их амжилт гаргаарай.
-Ерөөл бат оршиг ээ.

А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.