Б.Батсуурь: ОНОН АХЫН БЭЛЭГЛЭСЭН ХЭЭР ДААГА ТөРИЙН НААДМЫН АЙРАГ АВЧИРЛАА

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 14 -нд

-АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз бага насны уралдаанд хээр даагаа айргийн дөрөвт хурдлуулсан танд баяр хүргэе. 
-Баярлалаа. Энэ жилийн хувьд шороо тоосгүй, хур бороо элбэг сайхан наадам боллоо.
-Монголчууд аливаа сайхан тохиолыг нутгийн уул ус, өвөг дээдсийн буян заяа түшлээ хэмээн бэлгэшээдэг. Таны хувьд? 
-Төрийнхөө баяр наадмаас анхны айргаа хүртэхэд үнэхээр сайхан байлаа. Манай өвөөгийн төрсөн ах Төв аймгийн Борнуур сумын уугуул Цэдэвийн Жамбал гэж Монгол Улсын анхны 10 Манлай уяачийн нэг. Тэр хүн 1998 онд  ухаа хязаалан улсад түрүүлгэснээс хойш удмаас нь 20 жилийн дараа би анхны төрийн наадмын хишгээ хүртсэндээ маш их баяртай байна. Хүүхэд ахуйдаа зундаа нагац өвөөгийн ах энэ буурлынд очиж морь малыг нь унадаг, жаахан том болоод уяаны ажилд нь тусалсаар уяач болох гараагаа эхлүүлсэн дээ.   
-Төрийн наадмын анхны хишгийг авчирсан хээр дааганыхаа удам угшлыг танилцуулахгүй юу?
-Тод манлай Онон ах энэ хавар бэлгэнд өгсөн юм. Эцэг нь Онон ахын араб том бор азарга. Эх нь мөн тэдний адууны хээр гүү. Эхийнх нь дээд гарал нь Их хурдад аман хүзүүдсэн Энхсүхийн хонгор халзан азарга. Хээр даага надад ирээд хавар Сүхбаатар аймгийн Түмэнцогтод болсон 1000 долларын бооцоот уралдаанд долоолж, зургадугаар сарын 20 хэднээр Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн дааганы уралдаанд түрүүлсэн. Улсын наадам гурав дахь уралдаан нь байгаа юм. Уяа сойлгыг нь Ононгийн Батболд Манлай тааруулсан. 
-Бага адуу гэхэд олон уралдсан юм байна. Улс, бүсийн айрагтай хээртээ нэр хайрласан болов уу?
-Томорсон хойно нь юу юм гэхээс одоохондоо нэр өгөөгүй байгаа. 
-Баяр наадамд хөтөлж ирсэн адуунаас нь дааганаас бусад нь яаж давхисан бэ?
-Азарга, хязаалан, шүдлэн, эрлийз даага гэсэн дөрвөн насны морьтой ирээд дааганаас бусад нь 30-60-ын хооронд давхисан. Хонгор халзан азарга 30-40, шүдлэн 50-60-аадаар давхисан байх. Хязааланг дагаж яваад сайн анзаарсангүй.  
-Та улсын наадамд хэд дэх жилдээ зорин ирж наадаж байгаа юм бэ?
-Бие даан морь уяснаас хойш буюу 2003 оноос ирж уралдаж байна. Дунд нь гадаад руу сургууль соёл гэж хоёр жил завсардсан тал бий. Үндсэндээ 2008 оноос хойш улсын наадамд морь мордуулж байна. 
-Аймаг, сум орон нутагтаа ямар амжилттайгаар уралддаг вэ?
-Өөрийнхөө морьдыг нэр дээрээ явуулдаггүй. Ах дүү нар, найз нөхдийнхөө нэр дээр уралдуулдаг байсан. 2012 онд Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой буюу Хүйн долоон худагт болсон төвийн бүсийн уралдааны эрлийз дунд ангилалд хул үрээгээ таваар давхиулж байсан. Гэхдээ Хоохорын Бадамсүрэнгийн нэр дээр давхисан л даа. Бадамсүрэн бид хоёр хуурай ах дүүс. Бидний адуу мал цуг байдаг, би уяач нь гэж явдаг юм. Сум орон нутгийн жижиг наадамд бол олон айраг бий. 
-Улсын наадмын дараа хаана очиж уралдсан бэ?
-Эрдэнэтэд очиж төвийн бүсэд монгол даага түрүүлж, эрлийз хээр даага маань гуравласан. Мөн их морь зургаа, хязаалан долоо, азарга 10 хэдээр давхисан.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна