Г.Төмөрхадуур: Сэрвээний өндрөөр ялгалт хийх хууль журам батлуулж болохгүй

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 12 -нд

Үндэсний их баяр наадмын тухай хуульд дөрөв дэх удаагийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар дөрөвдүгээр сарын 18-нд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт оролцсон уяачид, морины зүтгэлтнүүд эрлийз, монгол адууны ялгалтын талаар хамгийн их хөндсөн бөгөөд “Ялгалтын асуудал монгол наадмын үнэ цэнийг алдагдуулж  байна. Иймээс нэгдсэн шийдэлд хүрэх хэрэгтэй” гэдэгт санал нэгдсэн  аж. Тэр дундаа, сэрвээний өндрийг харгалзан, ялгалт хийж байя гэсэн санал дэмжлэг авч байгаа сурагтай. Учир нь, генетикийн буюу цусны шинжилгээгээр тогтоох боломжгүй гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан доктор Гомбосүрэнгийн Төмөрхадууртай уулзаж, зарим зүйлийг тодруулахад, “Адууны өндөр, намаар үүлдрийг нь тодорхойлдог  арга дэлхий дээр хаана ч байхгүй. Англи, цаашилбал үржлийн ажил нь заводын хэлбэрт шилжсэн араб адуунд үржүүлгийг тодорхой стандартчилсан аргачлалаар явуулж, шаардлага хангаагүй малыг заазалж, цаашид үржлийн ажилд оруулдаггүй журмыг  олон зуун жил баримталж  ирснээс гадна өнөөгийн англи хурдан адуу гэхэд гарвал  нь 4-5 азарганы үр төл болчихсон тул эдгээр үүлдрийн адууны өндөр, нам нь бараг нэгэн жигд байдаг. Энэ ч утгаараа монгол адуу, монгол малыг тодорхой журмаар үржүүлээд, стандарт шаардлага хангаагүйг нь заазлаад, зөвхөн тухайн шаардлагыг хангасан адуу, малыг үлдээх боломж Монголд байхгүй. Өөрөөр хэлбэл, монгол малыг  малчин хүн л өөрийнхөө ойлголтоор  үржлийн ажилд оруулдаг. Гэвч эцсийн эцэст монгол мал нь малын бодлоготой үржүүлэг болон малчнаасаа ч  үл хамааран  байгалийн эрс тэс уур амьсгалд, тэжээлийн хомсдолтой  нөхцөлд дасан зохицож амьдрахаас өөр аргагүй болдог. Нэг үгээр хэлбэл, Монгол орны байгалийн шалгарал нь эрс тэрс уур амьсгалд дасан зохицож, тэсэж үлдэх тэсвэр тэвчээртэй малыг л авч үлддэг. Байгаль-экологийн ялгаатай хэд хэдэн бүсэд хуваагддаг тул монгол адуунд олон хэвшил, шинжтэй  байдаг. Жишээ нь, Монгол орны илүү хүйтэн сэрүүн бүсэд  нутгийн үхэр, адуу нь  бие жижигтэй, арай урин дулаан уур амьсгалтай бүсэд нутгийн бод мал арай товируун  байдаг. Энэ бүхнийг дундажлахаар монгол үхэр, адууны ерөнхий өндрийн хэмжээ гарна. Уг хэмжээ ч бас биднээс хамааралгүйгээр байгалийн шалгарлын тэнцвэржүүлэлтийн хуулиар зохицуулагддаг”  юм. Социализмын үеийн судалгаагаар монгол адууны сэрвээний өндрийн хэмжээ  1.24-1.45м-т хэлбэлздэг боловч дундаж 1.28-1,34 хооронд зонхилдог. Данзанням гуайн аварга хээр морины сэрвээний өндөр 1.49м байсан гэдэг. Тэгэхээр монгол адуунд хүртэл өндрийн хэмжээг тогтоож болохгүй гэв. Түүний цааш ярьснаар тэрхүү хэмжээнээс илүү байвал бод мал нь биеийнхээ гадаргуугаар  секунд тутамд илүү дулаанаа алдаж эхэлдэг. Энэхүү дулааны алдагдал нь тэжээлийн хангамжтай холбоотой байдаг учраас монгол адууг ердийнхөөс нь өндөр болговол Монголын байгаль цаг уурт дасан зохицох чадвар нь сульдаж эхэлдэг аж. Нөгөөтэйгүүр, цагаан зүсмийн адуу урин дулаан цагт нарны энергийг биедээ бага шингээдэг  учраас биологийнхоо дотоод нөөцөө бага хуримтлуулдаг. Иймээс өвөл, хаврын хүйтэн улиралд бусад зүсмийн адуунаас тэсвэр чанараар сул байдаг аж. Шуудхан хэлэхэд, тэрбээр “Монгол адууг өндөр, намаар нь ялгаж болохгүй. Зөвхөн үүлдэрлэг байдлаар ялгаж болно” хэмээгээд үүлдэрлэг байдлаар ялгах аргачлалыг хэлж өглөө.  Үүнд:
Үүлдэрлэг байдлыг цусаар тогтоох боломжгүй. Бүлээн цуст амьтдын цус  нь дөрвөн л бүлэгтэй буюу адуу нь хөхтөн амьтан учир цусны хувьд хүнтэй яг адилхан бүлэгтэй байна. Мэргэжлийн бус нэршлээр бол цус гэдэг нь генийн код юм. Генийн кодоор монгол адуу  нь бусад үүлдрийн адуунаас ялгаатай. Тэгэхээр нэн тэргүүнд монгол адууны генийн кодыг судалж, улмаар жинхэнэ монгол адууны генийн кодыг бүрэн уншиж тогтоох учиртай.Энэ бол маш нүсэр ажил бөгөөд ойрын 15-20 жил хэрэгжих зүйл биш аж. Цаашилбал, монгол адуу чухам яагаад жижиг биетэй, хүндэвтэр ястай, зузаан арьстай, байгалийн эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байдаг генийн кодыг  бүрэн уншлаа ч тодорхойлох боломжгүй. Бие махбодийг бүрдүүлж байгаа ген тус бүрийн үүргийг тогтоосноор тайлбарлаж болно. Тэгэхээр адууг үүлдэрлэг байдлаар нь л тодорхойлохоос өөр арга үгүй гэсэн үг. Энэхүү аргаар тодорхойлохын тулд “Нэгдүгээрт, толгойн яс болоод бүтэц, хоёрдугаарт, сэрвээнээс гарч байгаа хүзүүний тавилт, гуравдугаарт, дэл сүүл, сагаг, дөрөвдүгээрт, арьсны зузаан нимгэн, биеийн ерөнхий хийцээр монгол адуу нь бусдаас эрс ялгаатай шүү” гэж  доктор Г.Төмөрхадуур онцолсон юм. Бүр тодруулбал, араб адуу яс хөнгөн учраас толгой нь жижигхэн, нарийхан байхад зүтгэх хүчний буюу ачаа чирэх зорилгоор “бүтээгдсэн” үүлдрийн адуу болхи хийцтэй байдаг тул толгойн яс хүнд, мах  ихтэй байх жишээтэй. Түүнчлэн цэвэр цусны англи, араб адууны үржлийн ажил маш хатуу үржлийн стандарт,  шаардлагаар үржүүлээд удаж байгаа тул, цаашилбал, эдгээр үүлдрийн адуу нь 4-5 азарганы угшлын адуу болж хувирсан тул толгойн ясны бүтэц нь  бараг 90 хувь нь нэгэн хэвийн. Харин монгол адууны үүлдэрлэг чанар дотор маш олон хэв шинжтэй толгой байдаг. Үүнийг бид одоохондоо өөрчилж чадахгүй шүү дээ.. 
Харин уяачдын ярьдгаар 75, 50, 25, 13, 12 хувийн цустай адууны талаар тэрбээр “Адууны үүлдрийг тодорхойлоход цус ямар ч хамаагүй” гэж шууд хариулсан юм. Учир нь, адуу яг л хүн шиг эцгийнхээ эсхүл эхийнхээ цусны бүлгийг өвлөдөг аж. Гэвч генийн хувьд жишээлбэл, 64 хромсомтой байя гэхэд эр, эм бэлгийн эс тус бүр 23 хромсом агуулдаг. Үр хөврөл тогтоход 46 болсноор нэг бүхэл бүтэн бодгаль болж хувирдаг. Тэгэхээр 75, 50, 25 хувь гэдэг бол тухайн амьтанд байгаа эх, эцгийн генийн сангийн оролцооны хувийг ойлгоод байгаа юм. Гэхдээ генийн хууль гэж ухаант хүнээс ул хамаарах биологийн хууль байна. Эхний үедээ нэг талын ген давамгайлах нь  нэмүү байдаг тул нэг талаа барьж гардаг ч, цаашид бидэнд хамаарахгүй генийн хууль үйлчилж, нөгөө талаа барих зүй тогтол үйлчилнэ. Хамгийн гол нь генийн доминант буюу давамгайлах чадвараас болж дараа үе  нь аль ч  тал руугаа хэвийж болно. Үүнийг зөвхөн бурхан мэдэх байх. Өөрөөр хэлбэл, тухайн малд үр хөврөл тогтоход ямар ген давамгайлж байна, тэр чиглэлээрээ л гадаад төрх нь өөрчлөгддөг. Хэрэв энэ байдлаар нь ялгая гэж үзвэл монгол адуу биологийн хөгжлийн хувьд байгалийнхаа шалгарлын үр дүнд  удаан хөгжилтэй байдгаас үүлдэржсэн адууны генийн давамгайлал нэг, хоёрдугаар үед ноёлох хандлага зонхилсоор байна. Улмаар гурав, дөрөв дэх үедээ нууцлагдмал байсан монгол адууны генийн давамгайлал бол заавал  гарч ирнэ. Тиймээс хоёр өөр, ялангуяа алслагдсан генүүдийг хооронд нь холихоор маш  хурдтай өөрчлөлт явагддаг бөгөөд үүнээс хамаараад нэг үе нь дараагийн үеэсээ шал өөр бие цогцостой гардаг. Үүнийгээ дагаад тэдгээр эрлийз малын булчин-махны ачаалал даах чадвар нь маш хувьсамтгай. Чухам ийм учир эрлийз малыг адуу гэж нэрлэдэггүй. Яагаад гэвэл түүний биологийн чанар, бие цогцос нь тогтворжоогүй тул “саармаг амьтан” гэдэг утгаар нь “эрлийз мал” гэж мэргэжлийн хүрээнд ярьдаг. 
Эрлийз мал нь нэгдүгээр үедээ тодорхой бие цогцос, өндөртэй байснаа хоёрдугаар үедээ өмнөх үеийнхээ бие цогцос, өндрийг давтдаггүй, хувьсан өөрчлөгддөг . Улмаар гурав, дөрөвдүгээр үеэс үндсэн үүлдэр нь давамгайлж эхэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг үеэсээ нөгөө үед шилжих явцад бие цогцсоосоо эхлээд биологийн чанар нь хүртэл өөрчлөгддөг. Энэ бие цогцсыг тогтворжуулахын төлөө үржлийн ажил хийх шаардлагатай бөгөөд наад зах нь 60-100 жил болж бие цогцос тогтвортой болно. Ийм ажлыг төрийн бодлогын хүрээнд зохион байгуулж, ажил хэрэг болгож болох ч 100-200  жилийг зарцуулна. Түүнээс биш өнөөдөр цэвэр цусны араб ч юм уу, англи адуу авч ирээд гарсан  эрлийз төлүүдийг  “Шинэ цагийн монгол адуу гаргалаа” гэж ярьж байгаа хүмүүс Монголоос өөр хаана ч байхгүй гэдгийг олон ч удаа сануулсан гэв. Гаднынхны туршлагыг харахад ч энэ бүхэн батлагдаж байна. Тухайлбал, Ирландад л гэхэд монголчууд шиг адууны цусыг дураараа хольж, түүнийгээ “Цус сэлбэж, сайжрууллаа” гэж ярьдаг тохиолдол огт байдаггүйг миний бие хэдэн жилийн өмнө А.Наранбаатар нарын морины зүтгэлтнүүдтэй томилолтоор очихдоо судалж мэдсэн билээ. Ирландчуудын хувьд дор бүрнээ үржүүлэг хийгээд, түүгээрээ уралдааны стандарт гаргаж уралдуулна гэж үгүй, зөвхөн цэвэр цусны адууны шинж чанар нь муудлаа гэж үзвэл л засах маягаар үржүүлэг хийдэг юм билээ. Үүгээр бид юу хэлэх гээд байна вэ гэвэл эрлийз, монгол адууны талаарх энэхүү маргаан зөрчилдөөн хэдхэн хүний ашиг сонирхол хийгээд нэр төрийн асуудал огтхон ч биш. Нэг талаараа “Үндэсний морин уралдаан бол монгол түмний их өв соёл” гэж ярьж байгаа ч, энэ чигээрээ эрлийз адууг дэмжих бодлого явуулж, үндэсний их баяр наадамдаа эрлийз адуу уралдуулаад байвал монгол адууны генд өөрчлөлт орох аюул тулгарч байгаа юм. Тиймээс доктор Г.Төмөрхадуур ч “Бид биологийг бүтээгээгүй учраас хүслээрээ өөрчилж болохгүй ээ. Тиймээс үүлдэрлэг байдлыг ялгахдаа хариуцлагатай байх ёстой. Би малын эмч, зоотехникч гэх мэтийн хүмүүсийг цуглуулаад үүлдэрлэг байдлаар мэргэжлийн түвшинд ялгах зааварчилгааг нь хэлж, зааж өгч болно.  Үзүүлэн сургуулилт хийсэн ч болно. Харин уралдаан зохион байгуулж буй хүмүүс ялгалт хийхдээ бидний тогтоосон үүлдэрлэг байдлын зааврыг  ягштал мөрдөхөд л болно” гэж шуудхан хэлсэн юм. Учир нь, тэрбээр сэрвээний өндрөөр ялгалт хийхийг бүрэн эсэргүүцэж байгаа бөгөөд “Баяр наадмын комисс болон улс, бүсийн уралдаануудын ялгах комисст багтаж байгаа хүмүүс үүлдвэрлэг байдлаар ялгаж чадахгүй байна гэхээс илүү сэтгэлгүй байгаа, шууд хэлэхэд тэднийг том дарга нар, Их хурлын гишүүдээс утсаар дарамталдаг бусармаг байдал л  маргааны гол шалтгаан нь болж байна. Хэрэв мал амьтны, тэр тусмаа, үүлдрийн стандартыг Улсын их хурал батална гэдэг бол дэлхийд хаа ч байхгүй, тэгээд ч өөрсдийн нь эрх мэдлээс хальсан, хийх юм олж ядсан, маш бүдүүлэг алхам болно гэдгийг сануулмаар байна. Харин тэд Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Монгол төрийн наадамд зөвхөн монгол адуу уралдана” гэсэн ганцхан заалт оруулах эрхтэй. “Сэрвээний өндрөөр ялгалт хийх заалт Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмж оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй, би шинжлэх ухааны үндэслэлийг нь мэдэж байгаа учраас ийм нэмэлт өөрчлөлт оруулсан хууль батлуулахгүй. Хэрэв батлагдахдаа хүрвэл залуустайгаа нэгдэж, жагсахад ч бэлэн байна” гэдгээ ч хэлээд авна лээ. 
Түүний хэлснээр морин уралдаан бол  үржил селекцийн цорын ганцхан шалгуур арга байдаг аж. Гэхдээ үүлдэр тус бүр өөр өөрийн гэсэн биологийн онцлог, үржлийн түүхэн намтартай тул тухай үүлдрийн адуунд зориулсан өөр өөр уралдаан байдаг бөгөөд  гол нь уралдааныхаа  зайгаар ялгаатай байдаг аж. Манай орон Төвдийн дараах өндөрлөг газарт оршдог. Өндөрлөг болохоор агаарын даралт сийрэгждэг. Агаарын даралт сийрэгжихээр тэр дотор байгаа хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг. Иймээс бүлээн цуст амьтад бол хүчилтөрөгчийн өлсгөлөнгийн дарамтанд амьдардаг. Монгол эмэгтэйчүүдийн 85 хувь нь цус багадалттай байдаг нь тохиолдлын бус. Хүчилтөрөгчийн дутагдалд булчин-мах хамгийн түрүүнд нэрвэгддэг. Иймд монгол адууны биеийг томсгох, булчин-махыг нэмэгдүүлэх үржлийн ажил явуулах нь нөгөө холын зайн тэсвэр чанартай нь урвуу хамааралтай болж хувирдаг. Монгол адуу 30 км-т уралдах ёстой. Энэ бол Монгол орны өргөн уудам нутаг, ахуй соёлоос урган гарсан шинжлэх ухааны үндэстэй стандарт юм. Чухамдаа  25 юм уу, 30 км-т дээгүүр давхисан юм уу, түрүүлсэн засаатай үрээгээр азарга тавьсаар ирсэн. Тэгснээр сонголт зөв болж, адуугаа  сайжруулдаг. Тэр ч бүү хэл, монгол хурдан азарганууд ихэвчлэн биеэр жижиг байдаг. Учир нь азарга нь морио бодвол булчин-мах ихтэй тул хүчилтөрөгчийн дутагдалд илүү нэрвэгддэг. Тиймээс монгол хурдан азарга нь зай хэдий холын байх тусам биеэр багатай  нь илүү хурдан байдаг. Малын өндөр намаар үүлдрийг тогтоох аргачлалыг Африк тивийн буурай оронд ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Харин зөвхөн Монголд хэрэгжүүлэх гээд байгаа нь, тэгээд бас Их хурлынхаа түвшинд баталгаажуулах гээд байгаа нь  дэндүү өрөвдөлтэй байна.
Үүлдэр тус бүрийн морин уралдаан адууны шилэлт сонголтод ямар ач холбогдолтойг цэвэр цусны англи адуун дээр харж болно. Сонгомол уралдааны зай нь  1.8-4.2 км–т уралддаг бөгөөд энэ зай нь маш богинохон тул хурдан адууны мэдрэлийн системийн сэрэл саатал нь булчингийн агшилтаас чухал үүрэгтэй байдаг. Нөгөө талаас булчин-махны цуцалт ирэхээс өмнөх хурдыг илэрхийлдэг. Иймд морин тойруулгын  англи адууны уралдаанд гарааны төхөөрөмжид морьдыг  оруулна гэдэг  маш хүнд асуудал байдаг. Бүгд  морь маш их хөөрсөн байдаг. Энэ хөөрөл бол зүрх нь үхээгүй, харин маш сэрэмтгий  мэдрэлийн системтэй адуу л энэхүү богино зайд хамгийн дээд зэргийн хурдыг гаргаж чаддаг тул сэрэмтгий  мэдрэлийн системтэй буюу хөөрөмтгий адууг шилэн сонгож, үржлийн ажилд оруулахаас өөр аргагүйтэй шууд холбоотой. Харин монгол адууг ийм шинж  чанараар сонгох юм бол гараан дээрээ очихоос өмнө гэдсээ гөвчихөөд буцаж давхих энерги барчихна гэсэн үг шүү дээ.
Үндэсний морин уралдаан зөвхөн монгол адуу уралдах нь дэлхийн нийтийн, цаашилбал адууны үржлийн ажлын алтан дүрэмд нийцэлтэй бөгөөд хурдалсан азарганы төл болгон хурдан байдаггүй ч унаж эдлэхэд хүртэл бусад монгол адуунаас давуу байдаг. Энэ нь өргөн уудам нутагтай, бэлчээрийн мал аж ахуйтай, түүнийг  цаашид эрхлэх шаардлагатай тул бэлчээрийн мал аж ахуйн цаашдын хөгжилд ч  үнэлж баршгүй ач холбогдолтой бол муу. Гэтэл монгол адуутай эрлийз малын нэг, хоёрдугаар үеийн бага насыг уралдуулчихаад дээгүүр давхихаар нь үржлийн ажил сайн явуулж байна гэж бодож байгаа бол мэдлэг, боловсрол  огт байхгүйн нэг том илрэл мөн. 
Монгол адууг гадны адуугаар хэзээ ч сайжруулж болдоггүй юм гэж би маш олон жил ярьж байна. Орчин үед эрлийзжүүлэх, шинэ үүлдрийн мал , ялангуяа адуу  гаргаж авах гэсэн зорилтыг аль ч улсад тавьдаггүй. Харин эрлийз малыг тэр дор нь устгах л чиглэлийг баримталдаг. Нөгөө талаас монгол адууны хурдны чиглэлээр бодлоготой үржлийн ажлыг өнөөг хүртэл явагдаагүй байсан. Хурдны чиглэлээр үржлийн ажил явуулах уур амьсгал, бусад бүх боломж бүрдэж байгаа өнөө үед мөнгөтэй болсон, Монголынхоо түүх, соёлоо мэддэггүй, мэдлэг, боловсролоор дулимханаа зөвтгөх хүмүүс ингэж үймүүлээд, төрийн наадмыг шившигтэй болгосоор байна. Манай өнөөгийн нөхцөлд ММСУХ-ноос эрлийз адууны холбоо гэдгийг тусад байгуулаад гаргах хэрэгтэй. Тэд ямар адуу гаргах гэж байгаа зорилгоо тодорхойлоод, түүндээ зохицсон уралдааныг бий болгоод өөрсдөө аваад явна л биз.  Ер нь адууг эрлийзжүүлж, морин уралдааныг будилаантуулж байгаа хүмүүс гарын арван хуруунаас нэг их олон биш, 20 орчим хүн байгаа бөгөөд тэд л үндэсний морин уралдааныг сүүлийн 10 гаруй жил үймүүлээд байна. Тэд уяачийн хамгийн дээд зэргийн цол хэргэмийг авсан хүмүүс. Гэхдээ   ханаж цадаж өгөхгүй байна. Цаашилбал, тэд эрлийз малаа хөдөө орон нутгаар бодлоготой тараагаад, одоо болохоор улс даяар санал асуух ажлыг өрнүүлж явна. Монголчууд эрлийз, монгол хоёроо ялгаж чадахаа больсон гэсэн яриаг тарааж, төрийн наадмыг үймүүлсээр байна. Монгол адууг ялгах сэтгэл байвал хэн ч ялгаж чадна. У.Хүрэлсүх сайд “Намайг сайд байхад монгол төрийн наадамд зөвхөн монгол адуу уралдуулна” гэж ноднингийн наадмыг хийлгээд уяачдын талархлыг дээд зэргээр хүлээсэн. Тэгэхээр энэ жилээс эхлээд монгол төрийн наадамд эрлийз мал  уралдуулахын тулд өндрийн хэмжээ гэдэг асуудлын ахин гаргаж ирэн, Ерөнхий сайдын дээгүүр Их хурлаар батлуулах гээд Монгол орныг  донсолгож байна шүү дээ.  Хэрэв Улаанбаатарт монгол адуугаа ялгаж чадахгүй байна гэж тэд үзэж байгаа бол Өвөрхангай, Сухбаатар, Хэнтий аймгуудын  морины комиссыг авчирч, төрийн наадмын морин уралдааныг зохион байгуулах хэрэгтэй. Учир нь эдгээр аймагт сүүлийн 20 жил эрлийз адууг зөв ялгаж, ямар ч маргаангүй уралдаан зохион байгуулж чаддагийг хүн бүхэн мэдэж байгаа. Уржнан жил Хэнтий аймагт бас будилаан гарсан. Холбооны даргаас нь “Хурдан морины уралдааны цөм болсон аймагт ийм хандлага гарсанд  үнэхээр харамсаж байгаагаа” илэрхийлэхэд Их хурлын нэг гишүүн “Өөрийнхөө эрлийз адуугаа гарга” гэсэн тушаал өгөөд л түүнээс хойшхи насанд эрлийз адуунууд уралдахаас өөр аргагүй болсон гэж учирлаж байна билээ. Иймд “Их хурлын  гишүүд ээ, та нар Монголын төрт ёсыг үнэхээр уландаа гишгэж, бузарлаж  ханаагүй байна уу гэж асуумаар байна гэдгээ хатуухан хэлмээр байна” гэж хөөрөв.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.