Монгол Улсын Манлай уяач Т.Энхбатын гэргий Э.Цолмон: Адуу малын тухай төсөөлөө ч үгүй явсан надад амьдрал хамгийн том сюрпризийг барьсан

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 06 -нд

Ажлын өдөр. Үд хэлбийх алдад урьсан зочинтойгоо уулзахаар болзсон газартаа очлоо. Хүннү хороолол дундах кофе шоп. Энд яриа өрнөнө. Хотын түгжрэлээс “айсандаа” эрт гарсан бид зочноосоо урьтжээ. 

Үүдээр оронгуут л шинэхэн кофены үнэр хамарт сэнгэнэж, эрхгүй уух хүслийг төрүүлнэ. Цонхон талын ширээнд “тухлаж”, карамель макиоттогоор даруулж, синоммонтой талхаар өөрсдийгөө “эрхлүүллээ”. Харин танхимд “Маднес”-ийн хуучны дуу “Хотын гудамж” эгшиглэнэ. Их танил болохоор таатай сонстохыг яана. 

... Нүдэнд дулаахан монгол бүсгүйчүүд 
Хотын гудамжаар алхална 
Бидний Монголын тайван амьдрал 
Хотын гудамжаар өрнөсөөр 
Хайрын дуу аялан чамтай зугаалах 
Миний хотын гудамж 
Зөөлөн салхиар намайг ивээн 
Дандаа аз жаргалтай алхална... Далимд сонирхуулахад сүүлд Маднесчууд Харангын Лхагваатай хамтран ахин шинэчлэн дуулсан нь бий.

   
Үүнээс үүдэхэд “ХАТАНГОО” булангийн ээлжит зочин энэ л хотын унаган охин байгаа юм. Хүүхэд нас гээд ярихаар Сансар, III, IV хороолол, 23-р дунд сургууль хавиар өрнөнө. Эндээс микрийнхнээ ярих их дуртай. Нэгэн цагтаа Сансарынхан 40,50 мянгатынхнаас дутахааргүй л “түүх өгүүлсэн” довныхон байсан болохоор арга ч үгүй биз ээ. 
Лав тэдний орцонд Миеэ багшийнх, “Өргөө”-гийн Бархас гавьяатынх гээд олны танил эрхмүүд  амьдардаг байсан гэлцдэг. Одоо шиг интернэт, гар утас гэж үгүй болохоор байрны гадаа тоглоно. Өөрийнх нь хэлсэнээр “Гараад тоглоод өгөөч гэж гуйдаггүй. Ороод өгөөч” гэдэг үеийн хүүхэд байгаа юм. Ээж нь “Тоглож, тоглож орж ирчихээд би хэзээ ч гадаа гарч үзээгүй ээ” гээд л эхэлдэг найраатай охин явсаныг нь өнөө ч үе үехэн дурсана. Болоогүй тэр охин бас микрийн 31-р байрынхантайгаа чулуугаар байлдана. “Гүйдэг матк” тоглоно. “Резиний” аварга байгаад зогсохгүй сургууль, цэцэрлэгийн хашааг төвөггүй давж орхино. Ямар сайндаа л найзууд нь “Эмэгтэй хүүхэд атлаа” гээд толгой сэгсрэх үе гарна. Харин зундаа Шарга морьт дахь Багшийн дээдийн лагерьт эмээ, өвөөгийндөө өнжинө. Түүний өвөө рашаан судлалаар олноо танигдсан Анагаахын “Хар” Цэрэн багш. Харин эмээ нь Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Цэндсүрэн. Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба гуайн төрсөн дүү гэдэг юм билээ.  Лагерийн гурван сар ямархан өнгөрдөг билээ дээ. Одоо ч эргэн дурсахад хотын нөхдөд хамгийн амттай санагддаг үе байгаа юм. Хүүхдүүд өглөө эртлэн босож, сүүний шар машин ирэхэд бидоноо бариад дэлгүүр тийш гүйлдэнэ. Болоогүй нэгэндээ дараалал захина. Харин авсан сүүгээ бидонтойгоо эргүүлж, дэггүйтэнэ. Талхны “дөрвөлжин” машин  ирээд эмх цэгцтэйгээр тавиурт өрөөтэй шинэхэн талхыг буулгах нь зуслан дахь “танил” дүр зургуудын нэг. Үнэр нь уруу татаж, нэг л мэдэхэд захаас нь мэрсээр харьдаг сан. Бас нэг хүлээдэг  тээврийн хөсөг бол усны машин. Уртаас уртаар дугаарлаж усаа авчихаад өнөө устай саваа чулуугаар таглаад орхино. Үхэр ирээд уучихна гэж сэргийлж байгаа нь тэр. Тэгээд  бас оройдоо явуулын кино үзнэ. Том цагаан даавууг аль нэг байшингийн хананд өлгөж байгаад л эхэлнэ шүү дээ. Өөр нэг жаргалтай мөч бол амралтын өдрүүдээр ирэх аав ээжийн “эргэлт”. Гэрээс холгүй харагдах автобусны буудал тийш хараа бэлчээстэй. Автобус ирлээ, мөн л уралдаад гүйлдэнэ. Ингэхэд хүний амьдралд өчигдөр байгаа учраас өнөөдөр, бас маргааш жаргалтай амьдардаг юм шиг ээ. Өнөө хашаа давж, чулуугаар байлддаг охин  чинь цэцгэнд бас дуртай. Тиймдээ тасдчих гээд байдаг гэмтэй. Нэгэн удаа эмээ нь “Миний хүү, битгий цэцэг түүж бай. Цэцэг амьтай. Ингээд тасдчихаар хурдан үхчихнэ. Хэрвээ түүхгүй бол олон хүн харж баясана шүү дээ” хэмээн тайлбарлажээ. Түүнээс хойш цэцгэнд “гар хүрээгүй” хэмээн зочин маань ярьсныг сийрүүлэхдээ эхэнд нь ийнхүү өгүүлчихлээ.

Үлдсэн хоёр амжилтаа гаргачихаад улсын цолоо авна

- Товлосон цаг ч болж тэрээр ирлээ - 
Одоогоос долоо, найман жилийн өмнөх тэр нэгэн наадмаар “Тод магнай” сэтгүүлийнхэн бид  эдний галаар зочлосноос хойш таарсангүй уджээ. Тэгэхэд тун ч одтой наадаж, Монголын хоёр дахь улсын цолтой эмэгтэй уяач болох нь хэмээн морины хорхойтнууд жиг жуг хийлцэж байсан үе. Жижигхэн биетэй, турьхан бүсгүйг уяа сойлго ярихад сонин санагдсан юм даг. Болоогүй хотод төрж өссөн түүнийг “Адуу ингэтлээ урвуулах” гэж  хэмээн дотроо толгой сэгсэрч билээ. Түүнээс хойш цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч өнөөдөр “Тод магнай”-н хамт олон 100 дахь дугаараа өлгийдөн авч байна. Энэ хугацаанд хурдан хүлгийн хийморьт сүсэлсэн эрчүүд ярилцлагын ширээнээ тухалсан нь олонтаа ч бүсгүй хүн цөөн уригджээ. 
 
      Тийм ээ, энэ бол хатагтай Э.Цолмон. Сая цаг хугацааны тухай цухас дурдсан даа. Гэхдээ тэрээр яг хэвээр шүү. Үсний засалт нь хүртэл өөрчлөгдөөгүй аж. “Сүүлийн хэдэн жил морь малаасаа хөндийрсөн тал бий. Ирэх жилээс ахиад уяаны ажлаа эхлүүлнэ дээ. Хор шар байна. Үлдсэн хоёр амжилтаа үзүүлчихээд улсын цолоо авна” гэсээр бидний яриа эхэлсэн юм. 

Манай Өөлдүүд гал тамгатай Галдан бошигтын удамтай

      “Хотын гудамж”-аас үүдсэн бага насны дурсамж төдөлгүй л хөдөөгийн өдрүүдээр солигдлоо.  Түүний аав Ховдын хүн. Аавынх нь аав Лувсанчойндон гэж байлаа. Хэдийгээр аавыг нь тавтайд өөд болсон ч  нутаг уснынхан нь гарандаа их увидастай. Толгой нь доргисон, эсвэл айгаад унтдаггүй хүүхдүүдийг нэг илээд л зүгээр болгочихдог байсан гэж өдгөө ч үе дамжин ярьсаар иржээ. Харин ээж Бүдээ нь олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн буянтай буурай явжээ. 
      Олон ястны өлгий нутаг Ховдын Хойт Сэнхэрийн агуйн зосон болон Ишгэн толгойн хадны зураг, Норжинхайрханы хад, Цамбагаравын Хар хадны зураг, Долоон нуурын хүн чулууд, Шуурхайн Хөх нуурын хүн чулуу, Байшин үзүүрийн түрэг бичээс, Долоон нуурын Улаан толгойн бичээс, Ховд хотын туурь, Сангийн хэрэм гэхчилэн түүхэн дурсгалт газрууд өнөө ч гадна дотны олныг тийш зүглэх мянга түмэн шалтгааны нэг болдог юм.  
Зочны хувьд унасан газар, угаасан ус Улаанбаатар ч аавынхаа нутаг Ховдын Эрдэнэбүрэнгээр овоглох болсоор хэдэн жилийн нүүрийг үзжээ. Үүнээс өмнө нөхөр МУ-ын Манлай уяач Т.Энхбатын нутаг Өвөрхангайн Бүрдэд “данстай” явсан ч нас ахиад өвөг дээдсийн нутгаар ийн овоглох болсон тухайгаа ярих аж. Тэр тусмаа хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад ирэхээр  уугуул нутаг, удам судрын тухай өөрийн эрхгүй яригдах юм билээ гэнэ. Тиймдээ ч сүүлийн  долоон жил Эрдэнэбүрэн тийш хүлгийн жолоо залах болжээ. Манай Эрдэнэбүрэн чинь өөлдүүдийн сум. Гал тамгатай Галдан бошигтын удам байна даа гэв. Цааш нь “Удам судраа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг шүү дээ. Хүн чинь удам судраа мэдэж, үр хойчдоо хэлж өгөх ёстой. Удмыг нь харж ханил гэдэг их учиртай үг юм билээ. Хүн ч гэлтгүй хурдан хүлгийнхээ удам судрыг хардаг ухаант өвгөдийн үр сад шүү дээ, монголчууд бид чинь” хэмээнэ. Хүний хувь тавилан гэдэг сонин юм. Ухамсарт амьдралд хүртлээ хөдөөгийн тухай төсөөлөл ч үгүй явсан бүсгүй гэр бүл болоод хадмындаа анх очсон нь түүний хувьд хөдөө. Тэр нь Баянбууралын амралт гэж байгаа юм. Залуус “Иточу” компанид хамт ажиллаж байхдаа дотносч, гэр бүл болсоноос хойш 30 гаруй жилийг ардаа орхижээ. 
Харин түүний нагац өвөө Оросын буриад. Тэртээх нэг жил энд зусаад намар буцах болтол хил хааж, Монголд үлдэцгээжээ. Нагацын талаас хоёр ч ах нь эх орны дайнд явж, амь үрэгдсэн гэнэ. Харин нагац эмээ нь Говь-Алтай уугуул нэгэн.
Э.Цолмон бол архитектор, сэтгүүлч аав, агрономич ээжийн ууган охин. Нэг эрэгтэй дүүтэй. Аав нь Болгарт, ээж нь Москвад оюутан байхдаа танилцаж гал голомтоо бадрааснаас хойш 50 гаруй жилийг үдэж, өдгөө үр ачаа тойрууланхан жаргаж сууна. Биднийг уулзсан өдөр хоёр хөгшин хүргэн Энхбатынхаараа зочилж, охиноороо хүргүүлэх гэж байхад нь саатуулж орхисон нь энэ. Харин зочин маань өнөө цагт ховорт тооцогдох мэргэжилтэй нэгэн  аж. Тэрээр багадаа загвар зохион бүтээгч болохоор мөрөөдөж, бүүр Унгарт энэ чиглэлээр суралцах эрхийн эзэн болсон ч аргагүйн эрхэнд хойш тавьжээ. Ингээд Украйны Харьковт замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер болохоор хүлгийн жолоо залсан нь 1986 он. Оюутан цаг ч бас өчигдрийн үнэтэй цаг мөчүүд  байдаг даа. Тиймээс хэрэгт дуртай зан тэртээх цагийн шинэхэн оюутны амьдрал руу өнгийж нэг үзлээ. Тэр стипендтэй цагийн оюутан аж. Очоод удалгүй 160-аад рубль авчихаад, хүүхэд л болсон хойно амттанд байдгаа өгчихөөд “хал үзэж” эхэлсэн гэх. Гэхдээ гэрээс ирсэн “жоор” байхад дараа сар хүртэл хоёр идэхгүй ч хоосон хонохгүй. Азтай зарим нь тосгоны орос охинтой нэг өрөөнд орж таарвал  хоолоор тасрахгүй. Яваандаа хашир суугаад степенд буусан өдрөөс бусдад хэмнэнэ. Харин тэр өдөр бол ёс мэт Вареникад очиж манайхнаар бол баншийг махтай, төмс гээд төрөл бүрээс нь идэж, дессэртэд нь зайрмаг амтална. Ай залуу, нас амттанд “бууж өгчихөөд”, унааны мөнгөгүй алхаж явахдаа  гунихыг ч мэдэхгүйдээ жаргалтай сан. Өнөөдөр тэрээр оюутан цагаа дурсан үе үехэн украйнчуудын гарын хоол  борщыг хийж, хайртай дотны улсаа дайлах нь бий. Харин сургуулиа төгсөж ирээд тролейбусны депод 3-4 сар ажиллаж байгаад Авто тээврийн газар, Зам тээврийн яаманд мэргэжилтнээр 2000 оныг хүртэл ажиллаж байлаа. 

"Эмэгтэй хүн морь уяхад цээр тавих нь утгагүй" гэж хэлсэн Манлайн үг их урам өгсөн

- Харин  оюутан охин ирээдүйн тухай хэрхэн төсөөлж байсныг асуувал - 

“Хэзээ ч өнөөдрийн энэ амьдралыг төсөөлж байсангүй. Гэхдээ таван хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байгаад дөрвөн сайхан хүүхдийн ээж болсон байна. Мэдээж эмэгтэй хүн болгон л сайн ханьтай учирч, сайхан амьдрахыг хүсдэг шүү дээ. Тэр бүхэн биелжээ” гээд  даруухан инээмсэглэнэ. Тэр ер нь их энгийн  атлаа чамбай нэгэн бололтой. Эмээ болоод амжсан ч жинсэн өмд, пүүз, цагаан сорочиктой өмссөн нь донжтой атлаа залуу харагдуулна. Уруулаа үл ялиг өнгөлснөөр өөрөөр гоёсонгүй. Тэгсэн атлаа хотын танхил бүсгүйчүүдээс өөр юм. “Бага залуудаа адуу малын тухай төсөөлөө ч үгүй явлаа. Энэ бол амьдрал надад барьсан хамгийн том сюрприз байсан. Мэдээж эмэгтэй хүний амьдралд ээж аав, эр нөхөр, үр хүүхэд асар үнэ цэнэтэйг үгүйсгээгүй шүү” гэнэ.  
-Адуутай холбогдсоноор таны амьдрал ямар өөрчлөлтүүд гарсан бэ? 
-Мэдээж асар их өөрчлөлт гарсан. Энд үндэсний их өв соёл, монгол ахуй гээд ярьж болох ч эх хүний хувьд өөр нэгэн хайрыг мэдэрсэн. Сэтгэлээ өгсөн хүнийг адуу бас хайрладаг болохыг биеэрээ ойлгосон. Хүмүүс амьтан сэтгэж чаддаггүй гээд л ярьдаг даа. Үгүй ээ, харин ч эсрэгээрээ хамгийн ухаантай  нь гэж хэлнэ. Уралдааны замд өмнөх 30 км-ээ яаж туулах уу гэдгээ тооцоолж байгаад давхиад ирнэ. Уяачийн хөдөлмөр, унаач хүүхдийн авхаалж самбаа энд байгаа ч адуу өөрөө бас зүтгэдэг юм. Тэгээд бодохоор энэ амьдрал уралдааны зам мэт байгаад хүн бас морьтой адилхан ч юм шиг. Миний хувьд сүүлийн хэдэн жил мориноос хөндийрсөн ч цаашид уяаны  ажлаа хаяхгүй ээ. Ингээд ярихаар хөдөөгийн амьдрал тийш өөрийн эрхгүй тэмүүлдэг юм. Хүүхдүүдээ ч тэгж өсгөхийг хүсдэг. Өнөөдөр монгол хүүхдүүд энэ ахуйгаасаа хол өсч байна. Хүнийг хэлэлтгүй би ч 30 гартлаа хөдөөгийн сайхныг мэдрээгүй явлаа. Хүн хотжиж болно, бас соёлжиж болно. Гэхдээ монгол ахуй ч соёл гэдгийг мартаж болохгүйг илүү сайн ойлгосон. Хүн хаанаас ирсэнээ мэддэг байх ёстой. Хөдөөг хотоос, хотыг хөдөөнөөс салгах аргагүй. Хоёр өөр амьдрал өрнөж байгаа ч хүний гар, хөлийг салгаж болохгүй адил хоорондоо бас холбоотой. Хөдөөгийнхөн ямар хөдөлмөрч улс гээч. Бүсгүйчүүд нь ч борви бохисхийлгүй ажиллана. Үнэхээр гайхалтай. Өглөө хамгийн эрт босож, хамгийн сүүлд амарна. Бүүр болоогүй мотоциклио унаад малдаа явчихна. Заримдаа ч “Эрчүүд юу хийнэ вэ” гэж асуумаар санагдахыг нуугаад яах вэ. Уг нь эмэгтэй хүн эмэгтэй хүнээрээ л байвал илүү гоё шүү дээ. 
-Эмэгтэй хүнээрээ байх гоё гэлээ. Үүдээд асуухад морь уях эрчүүдийн ажил мэтээр боддог хүмүүс олон байдаг? 
-Би олон сайн уяачийг мэднэ. Тэднээс Дууяа Тод манлайтай адууны тухай сайхан яриа өрнүүлэх дуртай. Манай адууг анх уяж байсан  болоод тэр үү ойр санагддаг юм. Намайг гололгүй уяаны талаар заана, бас зөвлөнө. Болоогүй ташуур өгнө. Нэгэнтээ “Хурдны морийг эмэгтэй хүүхэд унаад уралддаг. Уяач ч эхээс төрдөг. Тэгсэн атлаа эмэгтэй хүн морь уяхад цээр тавих нь утгагүй” гэж хэлсэн нь их урам өгч билээ. Нээрээ л эмэгтэй хүүхэд морь унахдаа ямар адтай гээч. Нөгөө талаас яагаад би адууг хайрлаж болохгүй юм бэ. Бас Л.Цагаандалай гавьяат “Эмэгтэй хүн морьтой ойр байх гоё” гэж хэлсэн нь олны хатуу үгнээс  эмээхээргүй болгож зоригжуулсан юм даа. Мэдээж энэ хугацаанд сайн, муу үгийг их сонссон. Хүн чинь нүдэн дээр нь муулдаггүй юм байна лээ. Гэхдээ түүнээс илүү урмын үгийг их сонсдог байсан болохоор эмзэглэж байгаагүй. 
-Таны нэртэй морьд хэдийнээс уралдаж эхэлсэн билээ?
-2004 оноос морь уяж, 2008 оноос амжилт гаргасан байдаг юм. Миний анхны адуу Төгс хүрэн  байгаа юм.  Сүхбаатар аймгийн Асгатын Ариунболдын энэ адууг нөхөр маань надад бэлэглэж билээ. Тэр жилээ Алтан овооны наадамд Төгс хүрэнгээ дөрөвлүүлчихээд, магнай хагартлаа баярласан. Тэгэхэд би томоо гэдэстэй, хөл хүнд байсан үе. Түүнээс гурван сарын дараа хүү маань төрсөн юм. Уралдааны өмнө Төгс хүрнээ дөрөвлөж байна гэж зүүдэлсэн нь төдөлгүй биелсэн нь тэр. Гэхдээ хүн муухай шүү. Зүүдэндээ ч “Яагаад дөрөв гэж. Нэгээр оруулъя л даа” гээд байгаа юм. /сур.инээв/  Гэхдээ уралдаад иртэл энэ зүүдээ хэнд ч яриагүй л дээ. Бэлгэтэй зүүднийхээ биелэхийг ингэж харсан удаатай. Сайхан түүх шүү. 
-Төгс хүрэн танд улс, бүсийн наадмын анхны айргийг авчирсан байх нь ээ?
-Тийм ээ. Төгс хүрэн бас Дундговийн Сайхан-Овоод болсон “Дүнжингарав”-т аман хүзүүдсэн. Дараа нь Босоо хүрнээрээ бас одтой наадаж, Сэлэнгэд гуравлуулсан санагдана. 

Адуу эмчилгээний газартай болохыг мөрөөддөг

Олоон жилийн өмнө гэнэ. Тэрээр хүндээр өвдөөд, өөрийгөө таньдаг улсаас холджээ. “Хүн чинь өвдсөн үедээ хүнтэй ч уулзах дургүй болдог юм билээ. Хэдийгээр өвдөхөд дотны хүмүүсийн маань хайр халамж хэрэгтэй ч нөгөө талдаа төвөгтэй санагддаг. Харин адуун дээрээ очиход эрч хүч авахын сацуу тайвширч чаддаг байлаа” гэсэн юм. Өнөөдөр адуу эмчилгээний талаар дэлхий нийтээр ярих болсон. Мэдээж энэ шинэ зүйл биш л дээ. Европ зүгийн буюу орчин үеийн анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ манай тооллын өмнөх 500 жилийн тэртээ үүнийг ажиглан мэдээд сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Өвдсөн хүн морь унадаг бол өвчин нь явган хүнээс хавьгүй хурдан эдгэрч байгааг суут Гиппократ ажиглаж мэдээд хүнд, архаг өвчнийг илааршуулахад морь унуулан эмчлэх аргыг ашиглаж болохыг заасныг хүн төрөлхтөн эргэн нэг харж байна. Адуу эмчилгээг тархины цус харвалтын дараах нөхөн сэргэлт, тархины цусан хангамжийн өөр бусад алдагдлын үеийн нөхөн сэргэлт, яс, үе мөчний өвчин эмгэг, аутизм, невроз зэрэг сэтгэцийн эмгэг, эхний шатандаа яваа даралт ихсэх өвчинд ашиглаж байна. Тэгвэл Э.Цолмон хатагтай ч аутизм, дауны синдромтой хүүхдүүдэд зориулсан адуу эмчилгээний газартай болох мөрөөдөлтэй. Мэдээж энд бас хүссэн хүүхдүүд ирж морь унаж болно гэнэ. Үргэлжлүүлээд “Сингапурт эмчлүүлж байхад гадныхан энэ тухай мэддэггүй. Хурдан морь гэхээр тойруулга адуу л гэж ойлгодог байлаа. Гэтэл би адуун  дээр очоод их өөрчлөгдсөн. Ялангуяа манай шарга азарга гоц энергитэй адуу байлаа. Сонин шүү адуу тэврэх, үхэр тэврэх хоёрт их өөр мэдрэмж төрдөг юм билээ. Уг нь адилхан мал ч адуу яах аргагүй илүү. Ёстой л босоо төрдөг нь үнэн байх аа. Яваандаа энэ нь хобби болж, удалгүй ажил болсон” гэж ярьж байна. Тэрээр тухайн үедээ хаана л адуу малтай холбоотой дэлгүүр, зах байна алгасалгүй хэсэж, өнөө хотын бүсгүй чинь сайн, мууг төвөггүй ялгадаг болжээ. Гадагшаа явсан ч сурсан зангаар хазаар, ногтоор тээшээ дүүргэчихээд өөртөө гоо сайхны биш адуундаа хөлний тос аваад ирэх жишээний. Хэдэн уралдаанч хүүхдээ өөрийн мэт л хайрлана. Цагаан сар, наадмаар ижилсүүлэн дээлээр гоёчихно. Жагсааж зогсоогоод бэлэг өгнө. Өдгөө тэр хүүхдүүд томоо залуучууд болсон ч Цолмон эгчтэйгээ байнга холбоотой байж мэддэг, чаддагаараа туслах ажээ. 

Өөрийнхөө хэмжээнд  суралцсан Бас их хичээсэн

         Ийнхүү адуунд зориулсан сэтгэлээсээ урваж үл чадах учраас тэрээр буцах аргагүй болсон мэт. “Би ч өөрийгөө мундаг болсон гэж хэлэхгүй ээ. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд  суралцсан. Бас их хичээсэн. Жилийн 365 хоногоос адууны дэргэд өнжсөн нь олон учраас зарим нэгний дэргэд уяач  шүү” гээд үргэлжлүүлсэнгүй. Одоо ч тэрээр уралдааны морьд хараад сэтгэл огшино. Тиймдээ ч уралдаан үзэхээс эмээнэ. Харин барианд орохын цагт нь санаа амарна. Гэсэн атлаа чих тавихгүй сууж чадахгүйгээ нуусангүй. Сүүлийн үед Шонхорын халиун азарга хаана уралдана чих тавьж суух болсон байна. Шүдлэндээ эднийхний уяанд байсан халиун азарга бол түүний хувьд “хуучны танил”. Ханиад хүрээд сандаргахад нь эм тариа зөөгөөд гүйж явсан болохоор цаанаа л дотно санагддаг байна. Хэдэн жилийн өмнө бол морь уяж байх үед баярын нулимс гарахгүй зовооно. Цээжин дотор бөглөрчихөөд, амар гарахгүй. Тэгсэн атлаа ганцаар үлдчихээд садартал уйлж сая нэг сэтгэл онгойно. Уралдааны өглөө бол зүгээр дуугаа хурааж орхино. Морь, хүүхэд мэнд ирээсэй хэмээн залбирахаас өөрийг хийж чадахгүй бас шанална. Нэг удаад эдний шарга азарга Өндөр гэгээн Занабазарын уралдаанаас өмнөхөн улсад уралджээ. Хөдөөний жижигхэн хүү унасан байдаг. Гэтэл уралдааны замаас харагддаггүй. Хүлээж ядаад өөдөөс нь тосоод очвол үлийд бүдэрч унаад, азарга, хүү хоёул халцарчихсан зогсож байх нь тэр. Эсэн мэнд байгаад нь баярлахын сацуу халзарсан шархыг нь хараад өр өвдсөндөө эг маггүй л уйлж орхижээ. Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч энэ түүхээ өнөөдөр ярихдаа ч нулимс цэлэлзүүлэн, бас залгих гэж хичээнэ. Тэрийгээ “Үгээр хэлэхэд хэцүү юм. Эх хүний хайр л юм болов уу” гээд уртаар амьсгаа авах ажээ. 

Ингээд цаг гаруй хугацаанд үргэлжилсэн ярилцлага өндөрлөж, бид ч кофе шоп-оос гарлаа. 

Ард:

... Баяр хөөр гомдол гуниг адил тэнцүү хослосон хорвоод 
Өөрийн гэсэн байраа олох гэж өдөр нь бодож шөнө нь зүүдлэвч 
Хүн бүхэн өөрийн хүссэн амьдралын харгуйг сонгох юм 
Учигт тэр уртхан замдаа алдаж онох нь ч их юм 
Аливаа бүхнийг үзэх юм даа...
  
гэх дуу эгшиглэсээр үлдлээ. 

П.Ундармаа

Тод магнай сэтгүүл №100, 2018 он

6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.82

    Энэ хүүхэн чинь Энхбатынхаа хамаг хөрөнгийг аваад жолоочтой нь суусан биз дээ

    Reply
  • 192.82.77.154

    Hotiin gej heleh ch bagadah huurhun bas surlagatai kuie tgd elit ailiin elit ohin ingeed uyach bolno gej sonin yumaa deedsiin l neg bsn shuude Olon olon ohiduudiin nuutshan baharhal tsagaahan ataarhal bugd shingesen ohin bsn

    Reply
  • 66.181.178.150

    Эмэгтэй хүн тэр тусмаа хотод төрсөн өссөн хотын охин морь уяна гэдэг бас л ховорхон шүү. Мэдрэмж авъяас хобби бүгд л төгс сайхан. Найздаа амжилт хүсье

    Reply
  • 112.72.11.118

    Адууны буян заяа их дэ

    Reply
  • 202.9.42.150

    Ангийн андын минь гэргийн ярилцлага адууны дэлэн дээр дэрвэж өссөн надад таалагдлаа. Морины босоо цагаан хийморь та хоёрыг мөнхөд ивээх болтугай. Төөкө төөмө

    Reply
  • 66.181.191.51

    Төгс хүрэн азаргыг Энхбатад анх Ариунболдтой цуг авчирч өгч байлаа.

    Reply