УЯАЧ А.ТӨМӨРСҮХ: ААВЫНХАА ҮЙЛСИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ЭРДЭНЭ СУМЫНХАА НЭРГИЙГ ГАРГАСАН ОЛОН САЙХАН ХУРДТАЙ БОЛОХ ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 01 -нд

-Уяачдын дийлэнх нь хурдан удмын адуун сүрэг, уяачийн эрдэм чадварыг өвөг дээдсээсээ өвлөн авсан байдаг. Таныг ч гэсэн тэдний нэг болов уу хэмээн таамаглаж байна?
Тийм ээ, миний аав Лувсандугарын Александр Төв аймгийн Эрдэнэ сумын унаган хүү. Нэгдэл нийгмийн үед адуу маллахын зэрэгцээ хурдан морь уядаг байсан. 1988 оноос уясан адуунууд нь хурдалж эхэлсэн гэдэг юм. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын угшилтай хурдан хүрэн морь нь 1988 оны улсын баяр наадамд таваар давхисан ч зургаад баригдсан юм билээ. Баяр наадмын цуваанд Төв аймгийн Эрдэнэсант сумын Чойжамцын хар халзан морь таваар давхисан хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
-Яагаад?
Тухайн үед хурдан морины комиссийн гаргасан шийдвэр л тэр. Телевизийн бичлэг үзэхэд хүрэн морь зөв талдаа тэгээд толгой илүү гараад орсон байдаг.Тэр үеийн уяачид айраг, түрүүний төлөө тэгтлээ улайрдаггүй. Төрийнхөө наадамд оролцох нь чухал байж дээ. Ёстой нөгөө тоог нь олшруулж, тоосыг нь өтгөрүүлээд хүүхэд, морь нь мэнд наадахад сэтгэл нь ханачихдаг байсан бололтой. Тэр үед аавтай хамт явсан Эрдэнэ сумын уяачид ч нэг их хөөцөлдөөгүй. Тэгээд ч хөдөөгийн жирийн нэгэн уяач хүчрээгүй л юм шиг байна лээ. 
-Тэр жил их нас хэд хүрсэн гэдэг вэ?
400 гаруй их насны морьд мордсон гэдэг байх шүү. Түүний дараа хоёр жил дараалаад улсын баяр наадамд оролцож, хүрэн морь долоо, наймаар давхисан байдаг. Мөн 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн уралдаанд оролцож, нэгэнд нь түрүүлсэн боловч бас л будилсан гээд тооцоогүй юм билээ. Тэгээд хүрэн морио тэнд нь аймгийн Алдарт уяач, Эрдэнэ сумын харьяат, адуучин Гочоогийн Хийл гэдэг хүнд зарчихсан. Гэвч түүнд очсоноосоо хойш нэг их уягдаагүй, сүрхий амжилт ч гаргаагүй. 
-Хурдан морь байжээ. Танай өөрийн унаган адуу юу?
Налайхын голоор нутагладаг Шүүдэн, Гялаан гэдэг ах дүү хоёроор дамжиж идшинд ирээд байхад нь  манай аав худалдаж авсан юм билээ. Манайд ирсэн жилээ тарган байсан учир олигтой давхиагүй. Тэгээд аав маань “Тарган ирэн дээрээ уралдах адуу биш байна. Туранхай л давхих юм байна” гэж шинжсэн гэж байгаа юм. Хойтон жил нь туранхай ирэн дээр нь уралдуулж, сумын баяр наадамд хол тасархай түрүүлгэсэн. Ганц сумын наадам ч гэлтгүй тэр жил  болсон ойр хавийн уралдаануудад бүгдэд нь түрүүлсэн гэсэн. 
-Хүрэн морь улсын баяр наадамд тав, долоо, наймаар давхисан юм байна. Аймаг болон сумын наадамд ямар амжилт үзүүлж байсан бэ?
Тэр үед сумын наадам ихэвчлэн улсын наадмын дараа болдог байсан юм болов уу. Улсад уралдаагүй жилээ л сумын баяр наадамд нэг удаа уралдаж, саахалтын хэртэй хол түрүүлсэн байдаг. Бусдад нь дандаа улсын баяр наадамд уралдсан. 
-Аав тань хүрэн морио хэдэн жил уясан юм?
Манайд ирээд дөрвөн жил гаруй л болсон. 
-Өөр ямар хурдан шандаст хүлгүүд аавын тань нэрийг гаргаж байсан бэ?
Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, Манлай уяач Гэсэрваань гуайн адуучин Гүнчин  гэдэг хүний хүрэн азарганы төл хүрэн халзан даага Эрдэнэ сумын баяр наадам болон Шохойн заводын 60 жилийн ойд хоёуланд нь аман хүзүүдсэн. 
Мөн хурдан хонгор адуутай Их хүлэгч Даваасүрэн гэдэг хүнээс авсан хүрэн соёолон үрээ байлаа. Харамсалтай нь, “Монголын нууц товчоо”-ны ойн жил алдчихсан юм. Тэр жил манайх хүрэн мориноос бусад уядаг зургаан насны морьдоо бүгдийг нь алдчихсан. Тэдний дотор халзан даага, Даваасүрэн гуайн Том хонгорын төл хонгор соёолон үрээ байсан. Аавын өм нь харьсан юм уу, урам нь хугарсан уу түүнээс хойш морь мал бараг уяагүй дээ. Ёс болгож сумынхаа баяр наадамд л ганц хоёр адуу мордуулдаг байсан байх. 
-Та аавынхаа урам зоригийг сэргээж байгаа байлгүй. Ингэхэд эцэг, эхээс хэдүүлээ билээ?
Манайх зургаан хүүтэй айл. Би сэтгүүлч мэргэжилтэй. Гэхдээ өвөл зунгүй морио уяна. Аав маань  бурхан болоод хоёр жил болж байна. Ааваасаа хойш хурдны удмаа хадгалж, сайжруулан чанаржуулах үүргийг би л хүлээж байна даа. Ах нар маань арын алба даадаг. 
-Адуугаа хэрхэн сайжруулж байгаа талаар яриач?
Миний хувьд бусдын жишгээр энд тэндээс сайн угшлын адуу авч, цус холдуулан, адууныхаа үүлдэр угсааг сайжруулж байна. Эрдэнэ сумын гурван хүрний угшилтай адуунуудаас гадна Эрдэнэцагаанаас адуу авсан. Аав маань Төв аймгийн Баян-Өнжүүлээс Монгол Улсын Манлай уяач Чойдог агсны хүү Батбадрахаас нэг сайхан гүү авсан юм. Угшлыг нь хөөвөл Чойдог гуайн “Их хурд”-д наймласан хонгор азарганы төл юм билээ. “Тэр гүүнээс гарсан хонгор унагаар азарга тавих юм шүү” гэж аав маань бидэнд захиж үлдээсэн юм. Тэр дагуу нь хонгор гүүнээс гарсан эр хонгор унагаар азарга тавьсан. Одоо Дөлгөөн хонгор гээд сайхан азарга болсон байна. 
-Дөлгөөн хонгор уралдаж байсан уу?
Би сургууль соёл гээд багад нь уяж чадаагүй ээ. Харин хавчиг наснаас нь уяж, тэр жилээ Эрдэнэ сумын 90 жилийн ойд 30 хэдээр, Эрдэнэ сумынхаа баяр наадамд 11, Төв аймгийн Цэцээ гүний уралдаанд 14-өөр давхиулсан. 
Бид нутгийн ах нартайгаа хамтарч нутгийн шилдэг уяачид, залуучуудаас бүрдсэн “Харзтайн унага” галыг байгуулсан. Ийнхүү гал уяаны системд орсноос хойш сумын баяр наадмаас айраг, түрүү алдалгүй сайхан наадаж байгаа. 
-Таныг сумынхаа МСУХ-ны сүлд дууг зохиосон гэж сонслоо?
Тийм ээ. Эрдэнэ сумын “Гурван хүрэн” уяачдын холбоо байгуулагдаад 20 гаруй жилийг ардаа үдэж байна. 
Би багаасаа л моринд хорхойтой хүүхэд байсан. Насанд хүрсэнээсээ хойш “Би морины төлөө яг юу хийж чадах вэ?” гэж боддог болсон. Аавын минь хурдан сайхан хүлгүүдийн талаар одоо уулзсан хүн бүр л ярьж байна. Энэ утгаараа би морины төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой гэсэн бодол тээж явдаг болсон. Тэгээд би оюутан байхдаа нэг шүлэг бичсэн юм. Үнэнийг хэлэхэд дуу болгоно ч гэж бодоогүй. Нутгийнхаа сайхан хүлгүүдийн талаар “Гурван хүрэн” гэдэг шүлэг биччихээд, цүнхэнд яваад л байсан. Тэгсэн 2014 оны эхээр манай уяачдын холбооны Удирдах зөвлөлд ажилладаг Батсайханы Цэдэнбал ахтай хамт “Хос шарга”-ыг зохиосон Баасандорж ах дээр яваад очсон юм. Баасандорж ах шүлгийг маань уншиж үзээд, “Долоо хоногийн дараа хүрээд ирээрэй. Би ая зохиогоод өгнө өө” гэсэн. Хэлсэн өдөр нь очтол дуу ч бэлэн болчихсон байсан. Гэтэл бид хоёр хэнээр дуулуулахаа мэддэггүй ээ. Тэгсэн Баасандорж ах “Энэ дууг морины Д.Батбаяр Гавьяат л дуулна даа. Өөр хүн дуулж чадахгүй” гэдэг юм байна. 
Би Д.Батбаяр гавьяатыг танихгүй, уулзаж ч байгаагүй болохоор “Дуулах болов уу” гэсэн эмээлттэй л байлаа. Гэтэл урлагийнхан биeсээ сайн мэддэг, таньдаг болохоор амар юм билээ. Баасандорж ахыг хэлэхэд гавьяат шууд зөвшөөрсөн. Ингээд би Эрдэнэ сумынхаа 90 жилийн ойгоор “Гурван хүрэн” гэдэг дуугаараа бэлэг барьсан юм. Тэр үеэр маань Эрдэнэ сумын гурван хүрний эздийн хүүхдүүд болох Гэсэрваань гуайн хүүхдүүд, Багаагийн Алekсандр, шар Найдан нарын тэргүүтэй хүмүүс гэр бүлээрээ дэмжиж “Гурван хүрэн” дууг маань дүрсжүүлэн, олонд хүргэсэн. 
Мөн тэр ондоо “Гурван хүрэн” уяачдын холбооноос санаачлан “Хийморь” сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан Ганпүрэв болон “Эх орон” телевизтэй хамтран “Эрдэнийн гурван хүрэн” гэдэг нэвтрүүлэг бэлтгэсэн. Тэр нэвтрүүлэгт Эрдэнэ сумын бүх уяач, алдар цуутай хүлгүүд болон гурван хүрэн азаргыг унаж хурдлуулж байсан ах нарыг оролцуулсан. Түүнээс хойш дорвитой ажил хийж амжаагүй л явна. Одоо нутгийнхаа уяачдаар нэг сайхан ном бүтээe гэсэн бодол тээгээд л явж байна.
-Та “Гурван хүрэн” МСУХ-ны тэргүүлэгчээр ажилладаг. Энэ албыг хүлээн аваад хэр удаж байна вэ?
Би 2014 оноос сумынхаа уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Мөн Эрдэнэ сумын залуучуудын холбооны даргаар ажилладаг. 
Манай холбоо жил бүр хаврын уралдаан болон баяр наадмын ар талын зохион байгуулалтыг хариуцан ажилладаг. 
-Тэргүүлэгчээр ажилласнаас хойш сүлд дуу зохиох, “Эрдэнийн гурван хүрэн” нэртэй нэвтрүүлэг бэлтгэх гэсэн хоёр том ажил санаачилгаараа бүтээ-жээ. Цаашид ямар зорилго тавьж байгаа вэ?
Цаашид их олон ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, холбооныхоо гишүүдтэй хамтраад уяачдын холбоогоо байртай болгох, сумын уяачдаа нэгдсэн журмаар бүртгэлжүүлэх, адууны үржил селекцийг эрчимжүүлэх зорилгоор сумандаа мал эмнэлэгтэй болох зорилт тавин ажиллаж байна. Хувь хүнийхээ зүгээс ч мөн тодорхой ажлуудыг төлөвлөснийхөө дагуу хэрэгжүүлээд явж байна. Нас залуу байна, хийж бүтээх ажлууд ч их байна.
-Та удам дамжсан уяачаас гадна сэтгүүлч. Нутгийнхаа уяачдын тухай ном бүтээхээр зорьж байгаа гэж ярилаа. Энэ  ч утгаараа дээхнэ үeд Эрдэнэ сумын нэрийг улс орон даяар цуурайтуулж байсан шандаст сайн хүлгүүд хийгээд эрдэмт мэргэн уяачдын талаар багагүй судалсан болов уу?
Манай сум бол хурдан морины өлгий нутаг. Улсынхаа төв хэсэгт оршдог болоод ч тэр үү, газар газрын сайн угшилт хүлгүүдийн удамт сайхан төлүүдийг нэгэн дор төвлөрүүлж чадсан. Eр нь Эрдэнэ сумын адууны угшил гэхээр гурван хүрнийг л голдуу ярьдаг даа. Гэвч миний бодлоор Эрдэнэ сумын адууны угшлын тухай ярих гэж байгаа бол нэрт уяач Даваасүрэнгийн хонгор адуунуудыг ярихгүй орхиж боломгүй санагддаг. Энэ хүний адуугаар олон жил сайхан наадсан хүмүүс олон бий. Даанч энэ сайхан уяачийн нэрийг тэр бүр дурддаггүй юм. Ид сайхан давхиж байгаа Од хонгор, Сарт хонгор, Дөнөн хонгор, Жигүүр хул, Өнгөгүй хул морь, Буяннямын хул морь зэрэг адуу бүгд тэр л хонгор адууны угшилтай. Хамгийн сүүлд л гэхэд Бичээрэйн Далай гуайд очсон хонгор соёолон айрагдаж байх жишээтэй. 
Уяачдын хувьд ч манай сум дээхнэ үeэсээ мундаг уламжлалтай. Балбарын Лхагвасүрэн, Гонгоржавын Ганбаатар, Нэргүйн Нэргүй, Пянгаа Мягмар, Даваадаш, Цолмон нарын уяачид хурдан морины уяаны сайхан уламжлалаа өвлөн авч явна. 
-Номыг тань шимтэн уншина аа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Зорьсон хэрэг нь сэтгэлчлэн бүтэх болтугай.
Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан морины төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа Батсайханы Цэдэнбал найздаа болон “Гурван хүрэн” МСУХ-ны гишүүддээ баярлаж талархаж явдагаа илэрхийлмээр байна. 
Морины төлөө гэх сэтгэлээ надад өвлүүлж, хурдан моринд орох замыг минь засаж өгөөд тэнгэрийн орондоо морилсон ааваараа алхам тутамдаа бахархаж явдаг. Энэ ч утгаараа аавынхаа үйлсийг үргэлжлүүлж, явсан газар бүртээ Эрдэнэ сумынхаа нэрийг гаргасан олон сайхан адуутай болох зорилт тавин, хурдан морины төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явна даа.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна