Аймгийн Алдарт уяач Г.Хаянхярваа: Хонгор халзан морь маань 20 хүртлээ уралдсан

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 22 -нд

Хоймор нутгийн хийморилог уяачдын амжилт, алдрын товчоон болсон цуврал ярилцлагын ээлжит зочноор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Хаянхярваа оролцож байна. Тэрээр 1961 оны дүн өвлөөр Бүрэн хан сумын хүн эмнэлэгт айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд авгыгаа залгамжлан 30 гаруй жил хурдан морь уяж аймгийн Алдарт уяач цол, ММСУХ-ны Уяачийн алдар одонгоор тус тус шагнагджээ. Мөн 1998 онд малаа мянга хүргэж батламжлуулсан байна. Ингээд Хөвсгөl аймгийн Тэргүүний ажилтан,  орон нутгийн дээд цолтон Гомбожавын Хаянхярвааг уншигч тантай уулзуулъя.

-Морь уях эрдмээрээ илүүрхэж байгаа эрхмүүдийн ихэнх нь удам дамжсан уяачид байдаг. Таныг тэдний нэг болов уу хэмээн таамаглаж байна. 

-Баярлалаа. Миний аав, авга ах хурдан хүлгийн эзэд, хусуур сойзны нөхөд байсан юм. Аав маань хурдан угшлын олон адуутай ч сахилтай тул дүү болон найзуудаараа уяулдаг байсан. Миний хувьд хоёрдугаар ангид байхаасаа эхлээд авга ах, аймгийн Алдарт уяач Ганбаатарынхаа уясан морьдыг унадаг байлаа. Бараг долоон жил хурдан морийг нь унасан байх шүү. Тэр хугацаанд өөрийнхөө адууны нэг үрээг унаж, сумынхаа наадамд шүдлэнд нь дөрвөөр, хязааланд нь гурваар давхиулаад Арбулагт тавлуулсан. 
1972 онд байх аа, Бүрэнхаан, Цагаан-Уул сумд нийлж Тэсийн голд том уралдаан хийсэн юм. Тэр уралдаанд миний унасан соёолон морь удаалж байсан. 
-Унасан хүлгээ айрагдуулдаг овсгоотой л уралдаанч байж.
-Тэр үед сумандаа голдуу нааддаг. Гарч уралдах бол Бүрэнтогтох, Арбулаг, Шинэ-Идэрт л очно. Айхтар мундаг уралдаанч байгаагүй ч гурван түрүү, арваад айраг авсан байх шүү. 
-Уяачийн эрдэмд шамдсан нь хэзээнээс вэ? 
-1982 онд цэргээс халагдаж ирээд, 1985 оноос хурдан морь уяж эхэлсэн. Аав маань надад хүрэн халзан гүү, хонгор халзан морь зүсэлж өгсөн байсан юм. Тэгээд би Ганбаатар ахаасаа хул халзан азарга авч тавиад хоёр хонгор халзан адуутай болсон. Тэгээд 1993 онд шүдлэндээ том хонгор халзан нь сумынхаа наадамд түрүүлж, жижиг нь гуравласан юм. 
-Нэг жилийн унага юм уу?
-Тийм. Жижиг хонгор халзанг шүдлэнгээс нь хойш уяагүй. Харин том хонгор халзан нь 20 хүртлээ уралдаж, олон айраг түрүү авч өгсөөн. 
-Амжилтуудаас нь танилцуулаач?
-1995 онд соёолондоо сумынхаа наадамд таваар давхиад, Арбулагт аман хүзүүдсэн. 1998 онд Цагаан-Уул суманд Хоршоологчдын баяр гэж болсон юм. Тэнд дөрвөөр давхиад, Бүрэнтогтох сумынхаа  наадамд аман хүзүүдсэн. Хоёр жилийн дараа 2000 онд “Хайрхан буурал” хоршооны баяр болон сумынхаа наадамд  тус тус аман хүзүүдээд, 2001 оны сумын наадамд  гуравласан. Тэр жил  манай сумын 70 жилийн ой болж, олон газрын морьд ирсэн юм. 
-1993 оны шүдлэн гэхээр 13-тай морь айрагдсан байх нь. 
-Тийм байх. Тэрний дараа хоёр жил дараалаад сумандаа аман хүзүүдсэн. 2003 онд наадмын дараахан  Я.Очирдарийн алдар тэмдэглэх баяр болоод тэнд бас аман хүзүүдсэн. Түүнээс хойш айрагт багтаагүй ээ. Аргагүй дээ. 15, 16 хүрчихсэн  юм чинь. Одоо бол арав гарсан адуу айрагдана гэдэг амаргүй шүү.
-Тэгэлгүй яах вэ. Уралдаан олон болоод адууны уралдах нас богиносоод байна.
-Наадам олон болохоор аргагүй шүү дээ. Дээр нь уяаны арга барил өөрчлөгдөөд нэмэлт тэжээл тариа их өгч байна. Энэ бас нөлөөлдөг байх. Миний хонгор халзан бол ямар ч тэжээл тариагүй үед уралддаг байсан адуу. 
-1985 оноос хурдан морь уяж, 1993 онд анхны айргаа хүртжээ дээ. 
-Яг ч тийм биш шүү. 1986 онд Ганбаатар ахынхаа бэлэглэсэн хүрэн азаргыг таваар давхиулж  анхны айргаа хүртэж байлаа. Энэ хүрэн азарга бол ахын унаган адуу. Долоо билүү, наймтай азарга суманд анх айрагдаж байсан юм. Ганбаатар ах маань адуу сайтай. Хув улаан гэдэг морь нь шүдлэнгээсээ соёолон хүртлээ сумын наадамд түрүүлж, бүдүүрсэн хойноо дахин нэг түрүүлж, хоёр шөвгөрсөн. Мөн сумын наадамд дааганаасаа соёолон хүртлээ түрүүлсэн борлог морь, олон удаа түрүүлсэн хурдан алаг азаргатай байсан. Ахын маань адууны угшил Тосон багаар нэлээд тархсан шүү. 
-Унаган адуу чанаржуу байх уяачид том давуу тал болдог. 
-Тэгэлгүй яах вэ. Азарга айрагдуулсныхаа дараа жил түүний төл хүрэн даагыг аман хүзүүнд хурдлуулсан. Энэ хүрэн үрээний эх хүрэн халзан гүүг аав маань нутгаасаа авчирч байсан юм гэнэ лээ. Хүрэн үрээ маань шүдлэндээ суманд гуравласан. Түүнээс хойш 1993 оныг хүртэл нэг хэсэг морь айрагдахгүй байснаа хонгор халзангууд маань гарч дахин өм нээсэн дээ.  
-Хонгор халзан морины амжилтыг ямар адуу залгамжилсан бэ?
-2005 онд хээр хязаалан сумын наадамд дөрөвлөсөн. Хойтон жил нь хул хязаалан маань түрүүлж, хээр соёолон аман хүзүүдсэн. Үүндээ урамшаад аймгийн баярт хөтөлж очоод хул хязаалангаа түрүүлгэж, хээр соёолонгоо наймаар давхиулсан. Түүний дараа жил хул морь маань соёолондоо аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн. 
-Аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн бэ? 
-2001 онд миний нэг соёолон аймагт үзүүрлэсэн. Тэгэхээр нийтдээ аймгийн баяр наадмаас нэг түрүү, хоёр аман хүзүү, сумын наадмаас найман түрүү, 20 айрагтай юм уу даа. Сумын наадмын 20-иод айргийн арав нь аман хүзүү буюу хоёрдугаар байр байдаг юм. 
-Олон удаа аман хүзүүдэх бас таатай бус биз. Гайгүй юу?
-Гайгүй дээ. Тэр өдрийн аз өм гэж байна. Тэгээд ч олон аавын хүү наадаж байхад миний морь дандаа түрүүлээд байж болохгүй биз дээ.
-Үүнийг л уяачийн хор гарах гээд байгаа юм. Ийм хариулт сонсох таатай байна. Алдартыг залгамжлах дараа үеийн залуус бэлтгэгдэж байна уу?
-Хүргэн маань нэлээд дориун уяж байна. Уржнан байх аа, сумын ойд шүдлэн түрүүлгэсэн. 
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг.  Хэдэн оны ямар наадам танд тийм сургамж хайрласан бэ?
-Төдөн оны тэр наадам гэж санаанд орохгүй байна. Ямартаа ч морь уясан 30 гаруй жилийн хугацаанд ойлгож мэдэрсэн зүйл бол адуу болгон өөр уяатай. Түүнийг мэдэрч тохирсон ажлыг хийж байж амжилтанд хүрдэг. Үүнийг мэдэрдэг, ойлгодог болоход бас хугацаа зарцуулагдана. Тэр болтол залуучууд минь битгий шантраарай л гэж хэлмээр байна даа. 
-Баярлалаа. Морь уях төрийн хэрэгт тань амжилт хүсье.
-Баярлалаа, та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. 

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна